Friday, January 13, 2017

Чайлд Дэвэлопмэнт Лаб

1999 онд АНУ-д анх тавтай, гуравтай хоёр охиныхоо хамт ирээд хамгийн түрүүнд тулгарсан том сорил бол хүүхдүүдийн алба байлаа. Сэтгүүл зүйн дэлхийн хамгийн анхны дээд сургууль болох Мизурийн их сургуулийн сэтгүүл зүйн сургуульд мастер оюутан байсан эхнэр тун завгүй, дээр нь бибээр мэргэжлийнхээ ажлыг олж хийгээд оюутан цагийн нэг мөрөөдлийн ард гарчихмаар. Гэтэл ирсэн газрын хууль, заншил эх орноос минь эрс өөр, насанд хүрээгүй хүүхдийг харгалзагч үгүйгээр орхиж огт болохгүй. Ингээд хүүхдийн алба олохоор шийдлээ. Азаар эхнэрийн үзэж буй нэг хичээл бол ньюс райтинг буюу мэдээ бичих бөгөөд тус хичээлийн хүрээнд Колумбиа Мизуриан сонинд дадлагаар ажиллаж мэдээ, нийтлэл бичнэ. Хэвлэлийн газар үргэлж хамаг мэдээллийн эх сурвалж дээр суудаг хойно манай хүн сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, цэцэрлэг сургалтын олон чухал мэдээлэл дор нь олоод ирлээ. Хамгийн сайн газар бол Чайлд Дэвэлопмэнт Лаб буюу үгчлэн орчуулбал хүүхэд хөгжүүлэх лаборатори, мөн Чайлдкэйр коннэсшнс (үгчлэн орчуулбал, хүүхэд асрах газруудын хамтын ажиллагаа) ашгийн бус байгууллагад очвол хотын бүх цэцэрлэгийн бүртгэл жагсаалт, хоёр долоо хоног тутмын орон тооны байдал бүхий тайлан авч болно гэв.

Эхлээд Чайлд Дэвэлопмэнт Лаб орлоо. АНУ-д ирээд удаагүй байгаа миний Америк стандарт хэв маягийн тухай анхны сэтгэлгээ, хүлээлт тун өндөр байсан болов уу, энэ цэцэрлэг жирийн, энгийн, онцгойлох зүйлгүй мэт санагдав. Гаднаас нь хараад үнэлж буй нь тэр. Нарийн бичгийн дарга Дий Энн Снийдтэй уулзлаа “Яг одоо орон тоо байхгүй, нэрээ юутай энд бүртгүүлж болно. Нас насаар нь ангилаад хүлээлгийн жагсаалтад оруулна” гэв. “Удаан хүлээх үү” асуултад “Зарим хүмүүс хэдэн жилээр хүлээдэг” гээд урт жагсаалт үзүүлэв. “Өөр хаана очиж болох уу” гэж асуухад “Стефанс коллэж манайтай ижил судалгааны их сайн цэцэрлэгтэй, очоод үз” гээд хаягийг өгөв.

Ингээд Чайлдкэйр соннэкшнс очлоо. Хагас цаг хүлээгээд ном мэт олон хуудастай хэвлэмэл материал авлаа. Манай хотын болон ойролцоох бүх цэцэрлэг, гэрээр хүүхэд харах зөвшөөрөлтэй газруудын нэр хаяг, насны ангилал, авах хүүхдийн тоо болон сүүлийн долоо хоногийн байдлаар нээлттэй, орон тоотой газрууд гэх мэт хэрэг болох бүх мэдээлэл байх юм. “Энэ жагсаалтаас аль нь сайн бэ, ямар нэг эрэмбэ бий юу?” гэж асуухад “Ажлын дотоод хэрэгцээнд бол эрэмбэлдэг зүйл бий. Гэхдээ түүнийг нийт хүмүүст хэлж болдоггүй, бид нийтийн мэдээлэл дээр ялгаварлах асуудал үүсгэж болохгүй. Сонголт бол зөвхөн таны өөрийнх байх хэрэгтэй” хэмээн хариулав.

Жагсаалтаа харж байгаад Монтенсори сургуулиар орлоо, үнэ хямдавтар боловч орчин нь сүрхий таалагдсангүй. Газрын ойрыг сонгож хэдэн жижиг цэцэрлэг үзэв, санаанд сүрхий хүрсэнгүй. Жаахан алсхан давхиад Вондэрвоулд (гайхамшигт дэлхий) очтол орчин нь тун цэвэрхэн, ангиуд цэгцтэй, захирал багш нар сайтай тун давгүй санагдав. Дараагаар ХэйдСтар (түрүү од) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй зэрэгцээ хоёр цэцэрлэгт очив. Хүүхэд шуугилдсан, яг Монголд байгаа мэт гүйлдсэн, хашхирч зогсоосон … бас өвөрмөц орчин аж. Дарга Стэсигийн өрөөнд түүнтэй уулзаад ярилцаж суутал нарийн бичиг нь ундуутайхан “Өмнөх хүн худлаа хэлсэн байна, энэ улсад хуурамч байж огт болохгүй” хэлээд ороод ирлээ. Дарга “Энэ улсууд бас хүүхдээ өгөх газар хайж буй юм байна, нөхөр нь одоогоор ажилгүй, эхнэр нь оюутан тэгэхээр бараг болох биш юм уу. За та хэд манай нарийн бичигт ярилцлага өгөх үү” хэмээв. Бибээр “За даа, ийм цэцэрлэгт одоо” гэсэн харцаар эхнэрээ харсан боловч үгүй гэж хэлж зүрхэлсэнгүй нарийн бичгийг дагаад гарлаа. Гэтэл од гийсэн явдал болж, нарийн бичгийн дарга хэлэх нь “Та нар яг хэрэгтэй цагт, хэрэгтэй газар, хэрэгтэй үедээ байж таарлаа. Бид жил бүр хоёр хүүхэд их сургуулийн цэцэрлэгт явуулах гэрээтэй, энэ жилийн нэг хүүхдэд танай том охины нас бас танай гэр бүлийн орлого байдал яг тохирч байна”.

Том охин Ж.Номин-Эрдэнэ ийнхүү Чайлд Дэвэлопмэнт Лаб цэцэрлэгт оров. Номин ногоон ангийн хүүхэд боллоо. Ангийн багш Бэйс Гэйэр, Фрэнк Гэйэр, Пам Стори тэгээд оюутан багш нар. Ногоон анги тусгайлан тоноглогдсон ажиглах өрөөтэй. Ажиглах өрөө ангид болж буй бүх үйл явдлыг харж болох том шилээр тусгаарлагдана. Өрөөний гэрлийн унтраасан үед ангиас бол эргээд харагдахгүй. Өрөөнд тусгайлан гурван суудал бэлтгэсэн, суудал бүр чихэвчтэй. Чихэвч бүрийг сонсогч өөрийн сонголтоор ангид байрлуулсан дөрвөн микрофонд шилжүүлэн сонсож болно. Тус өрөөнд олонтаа сууж хүүхдээ хэрхэн Америк орчинд дасаж, найзтай болж, хэл сурч, тоглож бойжиж буйг харж ажигласан нь намайг өөрийг минь энэ орчинд амар нэвтрүүлэх нэг үүд байсан биз ээ. Үнэндээ таван нас хүртэл нь бибээр хүүхэдтэйгээ шөнөдөө хамт унтахаас бус өдрийн цагаар бямба ням хүртэл ялгаагүй бүх өдрөөр завгүй ажиллаж хөдөлмөрлөдөг, охидоосоо жаахан зайтай явсан юм билээ.

Чайлд Дэвэлопмэнт Лаб-аар ногоон ангиар манай гурван охин бойжин дамжиж хүн болсон, мөн улаан ангид том хоёр охид явсан бөлгөө. Номин тус цэцэрлэгт явснаас жилийн дараа дунд охин Ж.Болор-Эрдэнэ ногоон ангид шилжиж ирсэн. Харин бага охин Ж.Саруул-Эрдэнэ тус цэцэрлэгийн хүлээлгийн жагсаалтад төрөхөөсөө өмнө орсон бөгөөд гурван нас хүрч байж ногоон ангид элсэх боломж гарсан юм. Тийм ээ, тус цэцэрлэгийн цэнхэр анги бол нярайгаас алхаж явдаг хүүхдүүдийн анги, хамгийн өндөр эрэлттэй анги бөгөөд энэ ангийнхан бүгд төрөхөөсөө өмнө нэр нь хүлээлгийн жагсаалтад бичигдсэн хүүхдүүд.

Чайлд (хүүхэд) сэтгүүлийн үнэлснээр Чайлд Дэвэлопмэнт Лаб нь өсвөр насны хүүхэд хүмүүжүүлэх салбарт 1992 оноос америкийн үндэсний хамгийн шилдэг арван төвийн нэг болж чаджээ. Жил бүр зургаан долоо хоногтойгоос зургаан настай хүүхэд бүхий 75 айлын өсвөр насны хүүхдийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг, чанартай сургалт болон үйлчилгээг хамгийн чухалд үздэг газар ажээ.

Чайлд Дэвэлопмэнт Лаб нь Мизурийн их сургуулийн судалгаа, сургалт, үйлчилгээний хүрээнд үйл ажиллагаа эрхэлнэ. Хүүхэд бойжуулах өсгөхийн зэрэгцээ их сургуулийн судалгааны төв, оюутан багш нарын мэргэжилдээ өсөх суурь болдог ажээ. Улирал бүр хүүхэд бүр оюутан багштай болдог. Оюутан багш нь хүүхдүүдтэй ярилцаж тухайн хүүхдийн өсөлт, сэтгэлгээ, хөгжилтийн онцлогийг бусадтай харьцуулан академик цаас бичдэг бакалавр оюутнууд бөгөөд эцэг эхэд хүртэл тайлан бичиж өгдөг. Хүүхдийнхээ тухай ухамсар, сэтгэл хөдлөл, биеийн өсөлт хөгжил, болон бүтээлч сэтгэлгээний хөгжлүүдийн талаар бодит хөөрөлдөө, ажиглалтад тулгуурласан үнэхээр бүтээлч гоё тайлангууд авах үнэн урамтай байдаг нь эцэг эхчүүдэд нийтлэг.

Тус цэцэрлэг дөрвөн ангитай: цэнхэр, шар, улаан, ногоон. Цэнхэр анги тав, бусад ангиуд тус бүр гурван үндсэн багштай. Бүх анги хүний хөгжил болон гэр бүлийн шинжлэх ухааны мастер зэргийн багштай. Доктор болон мастер зэрэгтэй багш нар хүүхэд асрахын зэрэгцээ мастер, бакалавр оюутнуудад зөвлөж тусална. Түүнчлэн эцэг эхчүүд сайн дурын ажилтан болж маш ихээр тусална. Сайн дурын үйл ажиллагаа хүмүүсийг их дотносуулж, танилцуулдаг юм билээ, тэгэхлээр хүүхдүүдээр зогсохгүй эцэг эхчүүд хоорондоо танилцаж, мэдлэг мэдээлэл чөлөөтэй солилцох нөхцөл үүсдэг. Дээр нь цэцэрлэгээс гадуур хүүхдүүдээ цуг тоглуулах, үзвэр үйлчилгээнд хамруулах гэх мэтээр элбэг уулздаг нь нөлөөлнө.

Цэцэрлэгийн гол зориулалт хүүхдийн өсөлтийн, хүүхдийн сэтгэхүйн, гэр бүлийн, сургалтын арга барилын, хүүхэд том хүний харилцааны, мэдлэг мэдээлэл дамжих гэх мэт төрөл бүрийн судалгаа. Багш нар судалгаа хийнэ, оюутан багш нар судалгаа ярина, эцэг эхчүүдийн олонх нь их сургуулийн багш судлаачид бөгөөд хоорондоо өөрсдийн судалгааны талаар хөөрөлдөнө. Энэ бүгд хүүхдүүдийн сэтгэхүйг академик ертөнц тийш их татдаг биз ээ, хүүхдүүд цааш цаашдын сургуулиуддаа улам сайн сурдаг, хичээдэг болдог юм билээ. Зөвхөн өөрийн мэдэх он жилүүдэд тус төвөөр бойжсон хүүхдүүдийн орсон их дээд сургуулийг жагсаахад Харвард, Йэль, ЭмАйТи, Стэнфорд, Чикагогийн их сургууль, Корнэл, Аймхорст,  Карлтон, Боувдон, Сэнт Оллаф, Минносатийн их сургууль, Мизурийн их сургууль...бараг бүх топууд нэрлэгдэнэ.

Зөвхөн цахиурын хөндийгээр зогсохгүй Америк орны тэхий голд, тариалангийн талбайнуудаар хүрээлүүлсэн их сургуулийн нэгэн хотод ийн өсвөр үеийнхэн зургаан долоо хоногтойгоосоо эхлээд зургаан нас хүртлээ бүтээлч сэтгэхүйгээр өсөн бойжиж ирээдүйн инновац бүтээгчид, энтрэпренюр болж өсөн торниж байна. Энд ердөө өөрийн мэдэх ганц газраар жишээлэв. Ер нь Америкийн өнцөг булан бүрд, муж бүрд ийм нөхцөл бүрэлдэж тогтсон байдаг бөлгөө.

(үргэлжлэл бий)

No comments: