Monday, March 9, 2009

Уул толгодыг даван алс холын нутагт

Нэг веекэндээрээ Монголын тухай сайхан талаас нь гаргасан баримтад кино үзээд ихэд баяссан билээ. Эх нутгийн минь талаар кино биш ч гэлээ, Монгол гэдэг төрх сайн талаасаа үзэгдсэнд, дээр нь их олон хүнд кино таалагдсанд маш их олзуурхлаа. Үнэндээ танай Монголын тухай кино, үзсэн үү, үзэх үү ... жаахан хулгаж байж үздэг юм. Чих халууцуулах нь ч элбэг шүү. Кинонд гарсан үйл явдлыг дэлгэрүүлж ном бичиж буй нь ирэх жилд хэвлэгдэх гэрээгээ хийгээд урьдчилгаа төлбөрөө авчихсан гэнэ. Шинээр хэвлэгдэх номыг уншигчдын илэрхийлсэн хүсэлт, ном хэвлэгдмэгц худалдаж авах урьдчилсан захиалгаар нь ном борлуулагч нар жагсаалт гаргаж судлаж байдаг. Ирэх оны ийм жагсаалын эхний 10-т сар бүр тогтмол явж байгаа юм байна. Ингээд тус киноны талаар Борчулууны бичсэнийг блогчидтой хуваалцая.

* * *

Хөрш айлын маань эмээ Жойс Хюлэтт энэ жилийн “Үнэн ба Худал” хэмээх баримтат киноны наадамд Монголын тухай кино гарах юм байна гэж хэлсний дагуу тэр киноны нэрийг хайгаад ололгүй хэд хонолоо. Амралтын өдрийнхөө өглөө кино наадмын хөтөлбөрийг нааш цааш эргүүлэн нэлээд хайгаад хаахын завдал дээр морь унасан хүмүүсийн зурагтай бяцхан танилцуулга нүдний үзүүрт торлоо. Ахиулан анхааралтай уншвал нөгөө кино яг мөн байлаа.

“Уул толгодыг даван алс холын нутагт” (Over the Hills and Far Away) хэмээх баримтат кинонд аутизм гэдэг аюулт өвчтэй Америк хүү Монгол нутагт очиж бөө нараар эмчлүүлсэн тухай гарна хэмээн бичжээ. Жойс надад бүтэн нэрийг нь бус “Алс холын нутагт” гэж хэлсний дагуу киног эрээд олохгүй байсныхаа учрыг оллоо. Киноны хуваарийг хартал ердөө хагас цагийн дараа Миззурийн Коламбиа хотод болж буй баримтат кино наадамд сүүлчийн удаа гарах байлаа. Яаран гараад Блу Ноүт хэмээх жижиг театрт очтол ашгүй билет нь дуусаагүй байж энэ киног үзэх боломж тохиолоо. Зургаа дахь жилдээ зохиогдож буй “Үнэн ба Худал” кино наадам жил ирэх тутам олон хүний анхаарлыг татаж газар газрын онц сонирхолтой баримтат киног үзэх гэж олон мянган хүн цугларч байгаа тухай сүүлийн хэдэн өдөр сонин хэвлэлээр гарч байсан нь Миззурийн Их сургуулийг бараадан баригдсан зуу гаруй мянган хүнтэй Коламбиа хотын төвийн хөл хөдөлгөөнөөс ил байлаа. Өмнөх орой нь Голын хүн гэдэг Слований усанд сэлэгчийн тухай сонирхолтой киног үзэх гэж цаг гаруй хүлээсний хажууд Монголынхоо тухай киног үзэх билетийг хурдан авсандаа олзуурхан орлоо. Ноднин зун Монгол яваад ирсэн эндэхийн Их Сургуулийн хэд хэдэн профессор, бас хажуу айлын маань эмээ тэр киног үзэхээр очсон харагдав. Баянхонгор аймагт Энх Тайвны Корпусын шугамаар очиж ажиллаж байсан Америк гэр бүлийнхэн биднийг хажуудаа суухыг урилаа.

Америкийн нэгэн гэр бүл, зургаан настай хүүтэйгээ хамт морь унан Монгол нутгаар аялж байгаагаар кино эхэлнэ. Америкийн Техасын нэгэн Их Сургуулийн сэтгэл зүйн профессор эмэгтэй Кристин, түүний нөхөр Англи гаралтай олон улсын сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмцэгч залуу Руперт хоёр Энэтхэгт ажлаар яваад танилцаж, удахгүй гэр бүл болно. Жаргалтай хос Техас нутагт суурьшин хөөрхөн хүүтэй болно. Гэвч тэдний жаргалтай амьдрал удалгүй хүү Рованы аюултай өвчин аутизмыг тойрсон зовлонгоор солигдох нь үнэхээр өрөвдөлтэй. Америкт үй түмэн хүүхэд, тэдний эцэг эхчүүдийг шаналгаж буй сэтгэл мэдрэлийн гаралтай энэ өвчин Руперт, Кристин хоёрын аргыг барагдуулна. Ямар ч хүүхэдтэй тоглохгүй, эцэг эхийнхээ нүүр рүү ч бараг эгцэлж харахгүй, учир нь олдохгүй уйлж хашгирах бяцхан хүү гагцхүү морь унахаараа л тайвширч байгаа нь аавынх нь анхаарлыг татна. Өмнө нь дэлхийн олон орноор аялсан Руперт бөөгийн аргаар янз бүрийн өвчин эмнэж байгааг харж байсан тул хүүгээ эмчлэх аргыг эмч нарын өгч байгаа олон эмнээс илүүгээр горьдлоготойд тооцон судална. Ингээд тэр хүүгээ эмчлүүлэхэд морь унан давхиж, бөө мөргөлөөр мөргөх нь хуулиараа хамгаалагдсан цорын ганц орон Монгол руу гэр бүлээ авч явахаар шийднэ. Монголд бөө нарын цугларалт дээр очин хүүгээ бөөлүүлсний дараа ер бусын үйл явдал тохиолдож Рован хүү, тэдний газарч орчуулагч монгол залуугийн хүүтэй тоглож эхэлнэ. Цааш тэд мориор ядарч зүдрэн аялж Хөвсгөлийн тайгын хамгийн алдартай бөө дээр очно. Ингэж уул толгодыг даван алс холын нутагт аялсны эцэст Рован хүүгийн бие эрс сайжирч, хүүхдүүдтэй тоглон, биеэ даадаг болоод буцаж ирнэ.

“Энэ кино үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө бууж өгөлгүй тэмцэж буй эцэг эхчүүдийн тухай кино. Өөрийн гэр бүлийн зовлонгийн тухай бидэнд илэн далангүй нээж, надаар зураг авахуулсан Руперт, Кристин хоёрт би их талархаж байна” хэмээн киноны найруулагч Мишел Скот киноны дараа ярилаа. “Яг үнэнийг хэлэхэд би Рованыг ингэж эдгэрч сайжирна гэж огт бодоогүй. Миний кино аутизмтай хүүгээ эмчлүүлэх гэж яваад үр дүнд хүрэлгүй ирж буй гэр бүлийн тухай кино болно гэж бодож байсан” хэмээн тэр үзэгчдийн асуултад хариулж байв. Монгол явахаас өмнө Рован хүүг эцэг эх нь 45 минутаас илүү өөр хүнтэй үлдээж чаддаггүй байсан бол сая энэ киноны Сан Данс кино фестивалийн нээлтэд орохоор 12 хоног орхиод ирсэн гэнэ. Рован хүү бүрэн эдгэрээгүй ч одоо хөрш айлынхаа хүүхдүүдтэй тоглон, сургуульд явж, уншиж сурч байгаа хэмээн найруулагч залуу хуучиллаа.

Уул толгодыг даван алс холын нутагт хэмээх энэхүү сонирхолтой кино удахгүй Америк даяар кино театруудаар гарах юм байна.

Я.Борчулуун
Коламбиа, Миззури

Wednesday, February 25, 2009

Амар байна уу?

Тарган тавтай сайхан хаваржиж байна уу? Хэсэл их, морь хурдан уу?

Аргамагийн хэрэглэгчид, блогчид, блог уншигчиддаа арван долдугаар жарны шороон үхэр жилийн сар шинийн нэгний өдрийн мэндийг хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье!

Монгол хүн гэдгээрээ бахархан, монгол уламжлал, ёс, зан заншилаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх талаар жинхэнэ бодит хичээл эх нутгаасаа алс хол өсөн бойжиж буй хүүхдүүддээ үзүүлэх боломж энэ өглөө олддог юм. Өглөө эртлэн босож гэртээ гал түлэн идээ будааны дээжээ бэлтгэж, энэ жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтнэ гэсэн итгэл, сэтгэлээр хангай дэлхийдээ хандан тэнгэр бурхандаа мөргөдөгийг өвөө эмээ, аав ээжээсээ өвлөн авсан билээ.

Орлоо дот комоос мөр гаргах заавараа уншиж дагалаа. Замдаан дот комоос битүүлэх, цагаалах ёсоо уншиж танилцсан билээ. Хүүхдүүд золгож ёслосны дараа бид аавтайгаа, ээжүүдтэйгээ (өвөөтэйгээ, эмээ нартайгаа) утсаар золгочихлоо. Эх нутагт минь, оршин суугаа оронд минь хаа хаанаа шинийн нэгэнд аав ээжийнхээ мэндийг мэдэх нь хамгийн их урам өгдөг юм. Ээжийн минь өгүүлэх нь Монголд цагаан сар өргөн дэлгэр болж байна, бүх хүмүүс нийтээрээ сэтгэл өндөр, жаргалтай сайхан байна гэнэ. Өглөө эртлэн босож гандан ороход хамба ламтай золгож, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй таарсандаа тун ихэд бэлэгшээж байна лээ. Монгол хүний төр, шашин, соёлоо хүндэтгэх агуу чанар энд буй нь энэ биз ээ.

Ажил дээрээ орж ирээд компьютерээ нээхэд их олон мэндчилгээ, ерөөл бүхий имэйлүүд хүлээж байна. Блогуудаар ч олон тооны мэндчилгээ, байр хүргэлт дүүрэн. Ингээд Амгаабаатар найз руугаа залгаж сар шинийн мэнд хүргээдэхлээ. Баттуяа руу залгав, Алтансүх утсаа авдаггүй ээ ... Эх нутгаасаа хол амьдарч ажиллаж буй монголчуудын нийтлэг төрх өнөөдөр ийм байгаа. Нүүр тулж уулзаж золгочих боломж заримд нь байхад дийлэнх нь утсаар, онлайнаар мэнд хүргэх.

Эх нутгаасаа алс хол энэ газар оронд нэг хотод амьдарч ажиллаж буй монголчууд биеэ биеэ дэмжин туслаж, харилцан ойлголцож улмаар ах дүүсийн холбоотой мэт болчих. Ахан дүүс цуглаж хамтадаа битүүрэн өнгөрөгч оноо үдэж, ажил бүтээлээ ярилцдаг монгол заншлаар манай хотын гурван айлынхан манайд цуглав. Арав төгсөөд МУИС-н ГИБ-с Герман оронд суралцаж undergraduate, master, doctor бүх л шатыг дамжиж төгссөн эрдэмтэн залуу Мизурийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан хийх. Цагтаа Болор цомоор үзүүрлэж асан яруу найрагч, сэтгүүлч залуу бас Колумбиад амьдрах. Бид бүгд нэг үеийнхэн, тоолбол нас ойр, төөлбөл бие чацуу улс. Монгол ёс заншил, монгол хүний онцлогийг Герман, Америкуудтай харьцуулж ярилцав. Монгол үндэсний бөхөөр эхлэсэн яриа сумо болж, улмаар Америкийн монголчуудын хөлбөмбөг, спортын бусад төрлийн талаар болж өргөжив. Америкт болон эх орондоо бизнес эрхлэх талаар хэлэлцэж Аргамагийн талаар үргэлжилж маш олон шинэ санаа, шинээр хийх зүйлс, хэрэгжүүлбэл зохих ажлуудын талаар санал өглөө.

Өнгөрсөн хулгана жилээ бид бүгд сайхан үдлээ. Аргамагийн яриа битүүнээр жилийн рекорд хийлээ. Жирийн үеийнхээс 12 дахин ачаалалтай ажилласан байна. Манай гэрт битүүний яриа ид өрнөж байхад Бэй Эриагаас Гиймаа гэдэг бүсгүй утасдаж карт нь асуудалтай байгаа талаар ярив. Омега10 карт худалдаж авсанаа $20-р сунгуулсан юм байна. Ингээд Омега20 кард шиг 240 минут ярина гэж боджээ. Үндсэн картынхаа ярих хугацааг дагах талаар тайлбарлаж кардыг нь Омега20 ангиллаар сольж өглөө. Мөн шагналын онооны талаар лавлаж асуусанд хариулав. Кастомер суппорт (Customer Support)-той байна, хэрэглэгчээ дэмжинэ ээ гэж ... Мөн хоёр хүн автомат утсанд мессэж үлдээсэн байлаа. Манай цагаар оройн наймаас арав дөч хүртэл систем улайтлаа зүтгэж ачаалал хэтэрсэн үед таарсан байв. Гиймаад туслах гэж компьютер дээрээ суусныг ачааллын асуудлыг анхаарч локал залгалтуудын болон Монгол дахь гарцуудын ачааллыг өөрчилж тэнцвэржүүлсэнээр улам олон хүн эх нутагтайгаа сар шинээр холбоотой байсан биз ээ.

Tuesday, January 20, 2009

Your irony is delicious

Номингийн өчигдөр өгүүлсэн, за бараг домог ч гэхээр жижиг яриагаар энэ бичлэгээ эхэлъе! Нилээд эрт цагт юм байх, олны анхаарал татсан сайхан урт гэзэгтэй хүүхэн байж. Амьдрал нь тун ядуу ч сайхан сэтгэлтэй бүсгүй гэнэ. Нэгэн өгөөмөр сэтгэлтэй залууд сэтгэлээ өгчээ. Залуу ч мөн ядуу нэгэн, ааваасаа уламжлан ирсэн, өвөртөө хармаалчихдаг, эртний сайн цагаас өөр өмчгүй байж. Цагтаа ч оосоргүй мань эр ч сайханг бүсгүйдээ сэтгэл алдсан байжээ.

Нэгэн баяраар мань хоёр хэн хэндээ мэдэгдэлгүй сюрприз барихаар шийдэж бэлэг авах гээд бүсгүй нь үсээ тайруулж зараад найзынхаа эрдэнэ болсон цаганд нь оосор худалдаж авчээ. Харин залуу мөнгө байхгүйгээс өөрийн цагаа худалдаад бүсгүйдээ үсний сайхан хавчаар авчээ. Хэн хэн нь өөрт байгаа хамаг үнэт зүйлээ зарцуулж бэлэг авсан ч уулзах үед бэлгүүд эзэддээ хэрэггүй болсон байлаа.

Эндээс irony гэж үүссэн хэмээн охин минь тайлбарласан юм.

* * *

Баатар ахын блогоос “Англи хэлийг орчинд нь сурах нэгэн арга” нийтлэлийг нь уншиж байгаад нээрээ тийм инээдтэй, сургамжтай нөхцөлд сурсан үг, хэллэг олон шүү, өөрт тохиосон хөгжилтэй явдлаас бичих юм байна хэмээн бодсон билээ. Дээр гарчигт байгаа өгүүлбэрийг өдгөө бид гэртээ инээд хөөр болгон хэрэглэдэгийг блогоороо тайлбарламой.

Энд байгаа irony гээч нь яг юу гэж орчуулагдах вэ гэсэн бодол үүсч амарчилж, бэлэнчлээд Номингоос тусламж эрээд өмнө өгүүлсэнийг дуулсан юм. Үнэндээ амарчлах ч бас биш охиноо монголоор тайлбарлан яриулж эх хэлийг нь сануулан давтуулах, за мэдэхгүй бол цугтаа толь бичиг эргүүлэх хэмээн бодсон хэрэг.

* * *

Зуны нэгэн халуун баасан гаригт бид гэр бүлээрээ хүүхдийн парк орж тоглохоод гарлаа. Аав шинэ фудболка гаргаж өмссөн нь гэргийнх нь Канадаас авчирч өгсөн бэлэг байлаа. Өвөртөө томоос том улаан навч бүхий Canada гэсэн бичлэгтэй цагаан эд. Зүгээр л ямар нэг айхтар тодорхой шалгаангүйгээр нэг талаас шинэ хувцасаар гангарчих, нөгөө талаас бэлэг таалагдсан, баярлалаа гэж илэрхийлчих, дээр нь нэмээд хүн бүр шиг улаан, цэнхэр хувцас өмсөхгүй гэсэн хэрэг. Энэ бол өнгөрсөн оны долоон сарын дөрвөн буюу Их Британаас АНУ салан тусгаарлаж, улс тунхагласан баярыг тэмдэглэдэг өдөр байсан бөгөөд гарчигт буй өгүүлбэрийг Six Flags паркийн машины зогсоолын залуу маньд хэлсэн юм.

- Та хаанаас ирсэн бэ? (хаа ч асууж л байдаг ээлжид асуулт л даа, төлбөр бодоод өөрөөсөн гараар жолоо атгаж нөгөөхөөрөө түрийвчээ ухах мань гүйцэд дуулсангүй юу лавлачих санаатай)
- Өө уучлаарай, та юу хэлсэн бэ?
- Уучлаарай, Та Канадаас ирээ юу?
- Өө үгүй, үгүй.
- Та Канад ти-шорт өмссөн болохоор тэгэж санаад.
- Зүгээр л өмсчихсөн ш дээ.
- Америкийн тусгаар тогтнолын өдрөөр үү? Your irony is delicious.

Ийм л яриа болсон юм. Эрэгцүүлэн бодох нь ээ, АНУ-г тусгаар тогтноход нь Их Британийг дагаж үлдсэн өрсөлдөгч улсыг нь бүр тусгаар тогтнолын өдрөөр нь сурталчилсан хэрэг болсон байлаа. Тодруулж хэлбэл тусгаар тогтнолыг нь эвтэйхэн эсэргүүцчихсэн мэт. Энэ л өдөр ямар олон хүний харц мань дээр тусаж байсан гээч ... Ууртай, хилэгнэсэн биш ч гэлээ жирийн үеийнх шиг инээсэн баясгалантай төрх байгаагүй ээ. Арав гаран жилд бас санаанд ороогүй, бодож үзээгүй, соёл, сэтгэлгээний ялгааг олж хараагүй асуудал юм даа.

Хийсэн ажлын үр дүн нь санаанд ороогүй, хэрэггүй, хүсэж байснаар эсрэг үр дүнтэй болох явдал нь irony үгийн нэг утга юм гэдгийг цөмөөрөө ийнхүү мэдэж авлаа.

Friday, January 16, 2009

Даяарчлалын тухай миний ойлголт

Даяарчлал, глобалчлал гэж бид ярьсаар нэлээд удаж байна. Microsoft даяарчлалын бэлэг тэмдэг болсон гэдэг утгаараа Америкаас өөр улс орнуудад өрсөлдөгч бусад бизнесүүдтэй харицуулахад илүү ихээр эсэргүүцэлтэй тулгардаг байх хэмээн хаа хол, эх орондоо буй Дөлөөтэй өчигдөр чатлаж байхдаа бичсэн юм. Ингээд өнөө өглөө ажилдаа явж байхаас аваад энэ даяарчлалын талаар бодогдоод блогынхоо тоос гөвөхөөр суув.

Солонгосын уулнаас олдворлосон төмрийн хүдэр, Малайзын ойгоос гаргасан резинээр Япон, Америкт үйлдвэрлэсэн эд ангиудтай, Америкт загварыг зохиож, Японд угсарсан машинаа асаагаад бодлоо доо. Мизури мужийн Колумбиа хотод байдаг, Британы олон улсын компанийн эзэмшил BP Service колонкоос бензин авч урд орой банкаа дүүргэсэн байх юм. Өмнөх долоо хоногтой харьцуулбал нэг галлон нь 10 цэнтээр үнэ нь нэмэгдсэн уг бензинийг Африкийн аль нэг эргээс Франц компани олзворлосон нефтээр хийж Грек эзэмшилтэй усан тээврээр Америкт зөөж авчирсан байдаг.

Ингээд Япон фирмийн Малайзад үйлдвэрлэсэн радиогоо асаатал Швед композитор ая хийж, Англид дуулж, Франц хөгжмийн компанитай гэрээ хийн бичүүлж Америкт маркетинг хийсэн, сүүлийн үед их популяр болоод буй хип хоп ая явж байна. Колумбид ургууран Перугийн шоколадаар амталж дээр үеийн Итали жороор эндэхийн орон нутгийн Lakota кофешопийн эзэн Ирланд гаралтай эрийн хуурсан кофег Голланд технологи лицензээр Хятадад үйлдвэрлэсэн Philips буцалгагчаар чанасаныг, өнгөрсөн сард Чикагогийн Assi Plaza Market-с Солонгос гаралтай цагаачаар тайлбарлуулан Филиппин гаралтай кассчинаар бичүүлж авсан Япон аяганаас ориг Монгол хоолойгоор ганц нэг балган давхина.

Итали инженерийн зохион бүтээсэн дизайнаар Тайванд үйлдвэрлэсэн эд ангийг Солонгос дизайнаар Мексикт угсарсан Samsung гар утсанд Монгол ая дуулдана. Америкт өөрсдийн суурь сүлжээтэй хэдий ч Америкийн номер нэг AT&T сүлжээг үе үе ашигладаг Германы холбооны компани T-Mobile үйлчилгээг авсан охидууд маань сургуулийнхаа автобуснаас залгаж байгаа нь энэ. Гэрийн түлхүүрээ мартсан гэнэ. Франц технологиор Хятадад үйлдвэрлэсэн цоожны түлхүүрээс бөхийг нь бодож Японд дахин боловсруулсан төмрөөр (магадгүй Монголын Дарханы төмөрлөгийн үйлдвэрээр дамжсан ч юм билүү!) хувилуулж өгсөн эд л дээ. Өндөр хөгжилтэй улс орон Америк, Англи, Германаас аваад хөгжиж буй Монгол, Кени, арай дөмөгхөн Орос, Хятад, Солонгос, Хорват гээд олон үндэстний багш нарын оюуны хөдөлмөрөөр сургалт хичээл явуулдаг Мизурийн их сургуулийн лого тэмдэгээр оосор хийсэн гэж байгаа.

Канадын иргэн, Америкт амьдардаг Ерөнхийлөгчтэй ажлынхаа өрөөндөө орж ирээд Америкт төв оффистой, Хятад эзэнтэй Lenovo компанийн бүтээгдхүүн ThinkCentre компьютерийн ард суугаад имэйлээ шалгаж эхлэв. Урд орой нь Америк мэргэжилтнүүдийн хамтаар Монгол эрийн бүтээлцсэн програмыг мань хэдийг зүүдээ манаж байхад буюу бидний цагаар шөнөжингөө, Энэтхэгийн тооллоор өдөржин сууж шалган элдэв алдаа эндэгдэлийг тестлээд сайжруулан өөрчлөх санал бичсэн захиа эхлээд нээлээ. Бас нэг имэйл байна, асууж тодруулах зүйл байгаа гэнэ. Америкийн баруун эргийн Сан Диего хотын утасны дугаарт залгах хэрэгтэй болжээ. Залгамагц “Жааг, Колумбиад сайхан өглөө болж байна уу?” гээд танил дуугаар мэндчилж буйг баруун эргээс биш Бангалор хотоос утас авч байна гэдгийг би сайн мэднэ. Босс чинь имэйл бичсэн байна гэхээр өөдөөс мань эр Женев руу төв оффист дуудагдсан. Унтахаас нь өмнө утсыг чинь дамжуулаад холбочих уу хэмээв. Босс өөдөөс олон улсын оффисуудын мэдээлэл солилцох нууцлалд өөрчлөлт орсон, Америк оффис ганцаараа үлдчихлээ. Нууцлалын код амжилттай дамжиж автоматаар солигдсон, зүгээр ажиллах ёстой ч зайлшгүй гар ажиллагаа орох шаардлага гарсан, цагийн зөрүүнээс болоод хүлээгдлээ. Одоо энд шөнө болж байна, маргааш өглөө би хэрэгтэй файлууд татаж авч чадахгүй болж магад тул Швед руу яаралтай яриад наанаа гараараа тохиргоо хий гэв. Ингээд дараагийн хүнд утас дамжлаа, сайхан хонгор дуу дуулдана, шар үстэй л байх даа гэж бодогдох. Асуудлаа тайлбарлатал хэсэг үзэж байгаад энд биш Лондонд өөрчлөлт хийх хэрэгтэй юм байна, надад тэндэхийн төхөөрөмжид хандах эрх байхгүй. Мессэж үлдээсэн, удахгүй шөнийн жижүүр нь залгах байх гэнэ. За энэ олон утсан ярианд анхны дарсан 9 цифрийг эс тооцвол өөр дахин залгах хэрэг надад гараагүй, бүгд л нэгнээсээ нөгөө рүү автоматаар урсчихсан хэрэг. Дээр нь олон улсын, алсын дуудлагын гэх үнэ гарахгүй коркорацийн интернэт дотуур утсан системээр урсаад буй нь энэ.

Лондонгоос утас хүлээх зуур Аргамагийн интернэт утсаар (энэ нь дээрхтэй холбоогүй, тусдаа эд л дээ) Монгол холбогдоод гэрээдээ залгаж ээжийнхээ мэндийг мэдэж амжлаа. Хүлээсэн залгалт ч ирлээ дундуураа гурван цэгээр ялгагдах 12 оронтой тоо хэлсэнийг энд нэг төхөөрөмжид оруулж засаад бүх асуудал жин тан. Ингээд блогоо нээгээд энэхүү нийтлэлээ бичиж ажилдаа оров.

Миний даяарчлалын ойлголт, амьдралын бодит жаахан жишээ нэг иймэрхүү. Та бүхнийх ямар байна хуваалцаарай, блогчид, блог уншигчид аа.

Энд дээхэн суусан International Business - 528 хичээлийн сурах бичиг, тус хичээлд бичсэн цааснаасаа санаа, баримт авч хэрэглэв.

Tuesday, December 2, 2008

Манай амьдралын супер баатарууд

За миний блог хөтлөх гэж, элдэв зүйл бичих гэж хөглөж байх хооронд хажууд минь харин жинхэнэ херо өсөж байгаа бололтой шүү.

Манай энэ амьдран суугаа хот анагаах ухаан, эмнэлэг, эмч нараараа нийт америкийн хэмжээнд алдартай. Нэг хүнд оногдох орны тоогоор нэгдсэн улсдаа хоёрт ордог энэ хот лутаа том гурван ч эмнэлгийн цогцолбортойгоос гадна өөр бусад эмнэлэг гэж тоогоо алдсан байх. Энэ бусад эмнэлгийн тоонд ахмад дайчдынх орно. Би мэргэжлийнх нь биш болохоор барилгын хэмжээ, гадаа нь зогсох машины тоо, дотор нь гүйлдэх ажилтнууд, элдэв төрлийн багаж төхөөрөмжийг нь харж үнэлэхэд манай муу нэгдсэн гурав дээр сайд нарын хоёрыг нэмээд ч бараадахгүй дэгээ. За эмнэлэг яахав, ингээд хадуураад унах. Гол топикдоо орьё. Баатар, херо ...

Жил бүр дайнд оролцож явсан ахмад дайчдын өдрөөр дээрх эмнэлэг ахлах сургуулийн сурагчдын дунд эссений уралдаан зарладаг юм байна. Манай хотын боловсролын системээр жуниор хай, хай скүүлийнхэн үзэлцэнэ. 8-9 ангийнхан жуниорууд, 10-12 ангийнхан жинхэнэ нь. Бусад хот мужид өөр байдаг юм билээ.

Энэ жил 8-д орсон охин маань нэг зар авчираад хананд наачихлаа. Удалгүй ч шуудангаар захидал ирлээ. Ахмад дайчдын эмнэлэгт урисан байх юм. За энэ хүүхдүүд нөгөө хөгжим дуугаа л үзүүлэх нь дээ гэж бодоод цайлах зуураа нөгөө зар руу хараа хаятал ямар нэг шагналын ёслол болоод явчихлаа шүү. За бас л нөгөө алаг цаасаа авах нь гээд нэг их тоосон ч үгүй. Мань багадаа элдэв эрээн диплом олныг цуглуулсан даа. Энэ Америкууд яг ижил, хүүхдүүдийг шагнал урамшууллаар дутаана гэж үгүй.

Гэхдээ маний багаас эсвэл монголоос ялгаатай нь шилдэгийг нь гэхээсээ амжилт гаргаж буйг нь дөнгөн ядан өсөж буйд нь арай олныг өгдөг юм шиг ээ. Маний багийн үнэлгээгээр инээдтэй юманд шагнал өгсөөр төгсгөлд нь шилдэгийн шилдэг, ерөөсөө шагнал авч үзээгүй (аргагүй ш дээ дандаа сульдаад нь өгөөд байхаар жинхэнэ шилдэгүүд нь хоосон үлдсэн хэрэг) супэр ч гэх шиг болоод ирэх нь нилээд хүндтэйн шинж. Гэхдээ хамгийн нэр хүндтэй нь Ерөнхийлөгчийн шагнал юм билээ. Хүүхдүүд лав өөрийнхөө өрөөний хананд хадсан харагддаг. Ёрөнхийлөгч тэргүүн хадагтайн хамт гарын үсэг зурсан нь ингэж хүндлүүлэх хэрэг болдог байх. Бусад хот мужуудыг мэдэхгүй юм, манай хотын хувьд бага, дунд, ахлах сургууль төгсөгчдөөс тодорхой амжилттай суралцсан хүүхдүүдэд өгдөг юм билээ.

За ийм л нэг уламжлалт шагнал биз гэсэн шиг бодоод нөгөө урилгатай цуг ирсэн захидлыг унштал манай хүн бичлэгийн уралдаанд түрүүлсэн, бүр $100 шагнал авсан байна шүү. Элдэв уралдаан, спорт тэмцээний хувьд дээрх тайлбар өөр л дөө. Шилдэг нь ялж шагналаа авдаг юм билээ. Аав ээж тийм зүйлд очилгүй яахав. Дараа нь сургуулийн захирлаас нь мөн баяр хүргэсэн захидал ирнэ лээ. Нилээд нэр хүндтэй эд дэг ээ.

Шагнал авсаны дараа эмнэлгийн вебээр ороод бичлэгийг нь нэг хараадахая гэсэн чинь юу вэ? Муу аавын бичлэгийг арав нугалах эд байна ш дээ. Арваад жилийн тэртээ чи англи хэл сурах хэрэгтэй гээд хазгай мурий загнаж байсан, нэг их удалгүй таны хэллэг үү гээд шоолуулаад эхэлсэнсэн ... олон зүйл нүдэнд харагддаг байна ш дээ. За ингээд Номин-Эрдэнийн эссег цугтаа уншья. Логик, бичлэг, найруулга ... нэг юм байх шиг ... блогчидтойгоо цуг үзье!


FIRST PLACE
Junior High Division (West Junior High School)

The Superheroes of Our Lives
Nomin-Erdene Jagdagdorj

The man looked at the tens of thousands of names on the wall. With mixed feelings, he ran his fingers over the names. Feeling glad that his name was not included, but sorrowful because of all the names that were, he ran his fingers over the names one last time before moving on. The man knew that he would eventually have to recall all of the memories, but he chose to block them away once more. Instead, he continued on walking around and reading more names on the monument. The man recognized a name here and there. He knew that these people had died for their country, and he honored them.

The Vietnam Veteran’s Memorial Wall was built “to acknowledge and recognize the service and sacrifice of all who served in Vietnam.” This memorial is just one of many memorials that have been built to remember and to honor the people who were willing to fight for their country. Sleeping in our warm beds, eating our fresh-cooked meals, or sitting in our comfortable cars, we will probably never know the reality of war. We will never be able to relate to the memories that veterans may share with us, but we can try to understand what they have been through.

Veterans are some of the heroes in our lives, although we may not realize it. Although they lack the powers such as flying or invisibility like the superheroes we know, veterans still “save the day.” They don’t have spider-webs coming out of their wrists, and they don’t wear masks or capes, but they do protect us. Veterans fight for places they may have never seen, for causes they may have never believed in, and for people they have never known. With selflessness and graciousness, veterans jeopardize their own lives for the lives of others.

As they were in the past and as they will be in the future, veterans are heroes. Veterans know to be thankful for the things that we complain about. They are the ones who truly know that the freedoms and rights and liberties that citizens have should not be taken for granted. Veterans are those who fought for, defended, and worked for the way of life we have now. After all of the danger, hardships, and sacrifices that veterans have experienced, we honor all those who have lost their lives and all those who have survived: all fighting under the risk of death and the hope of the future.