Saturday, April 24, 2010

Тавин долоо

Тавин долоо гэсэн тоо надад нилээд их дотно байдаг л даа, ингээд уг бичлэгийг жаал онцлоё! АЭ-д ажиллаж байхад сонингуудын 100 дахь дугаар гээд бид сүйд болдог байж. Харин блогчид зуу дахь, тавь дахь зуу дахь бичлэг хэмээн онцлох нь элбэг. Надад зуу нь нээрээ их хол тоо юм шиг байна. Аль хоёр жил зургаан сарын өмнө анхны бичлэгээ бичиж байсан блог гэж бодохоор бичгийн хүн бус миний хувьд урт хугацаанд үнэхээр их ажил болж байж нэг жаахан бичлэг төрдөг ажээ. Ингээд 50-г нь анзааралгүй өнгөрчих, харин өнөөдөр 57 дох бичлэгээ оруулж буй юм байна.

Нийслэлийн тавин долдугаар сургуулийн босго алхаж Д.Цэцгээ багшаар анхлан А заалгаж, дөрөвдүгээр ангиас Г.Сарангэрэл багшийн даасан ангид сурсан нь уг тоо дотно болох зөвхөн эхлэл гэлтэй. Зөвхөн надаар зогсохгүй миний дөрвөн дүү энд л анхлан цагаан толгой үзсэн юм. Түүнчлэн УБИС төгсөөд хөдөө орон нутагт хоёр жил ажилласныг эс тооцвол бүх насаараа ээж минь энд багшилж тэтгэвэртээ суусан билээ. Аав минь ч багш хүн байсан бөгөөд анхлан байгуулагдаад нэг давхар галладаг байртай байхад л тэнд багшилж эхлээд хорь орчим жилийн хөдөлмөр нь тавин долоотой холбоотой. АНУ-д тэнээд алга болсон маний хоёрдох жилд аав минь гэнэтийн ослоор өөд болж гунигт явдал тохиогоод гэртээ харихад тавин долоогийн үе үеийн төгсөгчид, ажилтнуудаар манайх дүүрэн хэд хонож билээ.

Манийг бүр багад Мижиддорж багш нэгэнтээ улсын тэргүүний бүлэг төгсгөж билээ, бодвол тэр үеэс тавин долоог зарим хүн мэдэх болсон биз. Хожим нь Төвсанаа ах дэд мастер цолтой араваа төгсөх үе, аав тэргүүтэй хэдэн багш нарын чухалчилж гүйн байж олж ирсэн цахилгаан хөгжмөөр анхлан Төмөрбаатар, Гансайхан нарын олон сурагчид тоглож байгуулагдсан Ирээдүй чуулга зэргээр бүр ч олон хүнд тавин долоо хүрсэн байх.

Гэхдээ л хотын захын сургуулийг хаана байдаг, хэн сайн эсэхийг тэр бүр мэддэггүй байсан. Манийг тав зургаад байхад район, хотын хэмжээнд сурагчдын Дөл тэмцээн болж бид хот дүүрэгтээ удаа дараа дээгүүр шалгарахад лав улсууд энэ одоо хаана байдаг сургуулийнхан бэ л гэдэг байж. Долоо төгсөх жил Дөл тоглолт анх удаа улс даяар болж тавин долоогийн баг улсын аваргаар хоёрт орж билээ. Энэ үеэс манай сургууль нилээд нэр хүндтэй болсон байх. Найрамдал зусланд болсон уг тэмцээнд аймаг бүр шилдэг сурагчдаараа баг бүрдүүлж, харин хотын дөрвөн сургууль зөвхөн өөрсдийн багаар тэмцсэн нь дандаа зургаа, долдугаар ангийнхан байв. Энд Увс аймгийн баг түрүүлсэн. Тэр үед би нэгдүгээр сургуулийн тооны ангид элсээд юун тавин долоо болж байсан үе юм. Дараагийн жилүүдэд манийг тооны олимпиадад удаа дараа гайгүйхэн оролцоход нэгдүгээр сургуулийн гэхийн зэрэгцээ, угаасаа хаанаас аль сургуулиас гарч ирсэн хүүхэд вэ, тавин долоо гэх юу билээ л хэмээдэг байж билээ.

Наймд байх жил гандболоор дүүрэгтээ өлхөн түрүүлсэн хотод баттай түрүү булаацалдана хэмээн яригдах нэгдүгээр сургуулийн баг Хүч нийгэмлэгээс гарч ирсэн тавин долоод илт дутуу хожигдож билээ. За энэ одоо хаанаас юу гараад ирэв ээ гээд биеийн тамирын багш банга хүртээж байтал манай ангийнханаас тэр чинь энэ Жагдагийн ирсэн сургууль гэв. Хм, энэ тооны ангид арай олигтой нь ирж болдоггүй юм байх даа хэмээн манийг багш явуулж байжээ, хөөрхий. Дараа нь мөн сагсаар бараг ижил зүйл болж за энэ Жагдагийнхан одоо яагаад гүйцэгдэхээ болив оо болдог байв. Сагсны хүчтэйхэн өрсөлдөөн дундаас сургуулийн аварга дандаа л туудаг манай хуучин анги, сургуулийнхаа аваргын мөн л авчихдаг манай шинэ анги (нэгийн тооны ангид спортын ийм түүх бараг байхгүй л гэдэг байв) хоорондоо мөн ч их тоглосон доо. Хөөрхий аав заал авч өгөөд л мань хоёр ангиа зохицуулаад л ...

Тавин долоо спортоор алдаршихад манай биеийн тамирын олон багш хөдөлмөрлөснөөс Давааням багш илүүтэй хөлс гаргасан байх. Монголын анхны мэргэжлийн лиг байгуулагдахад манай дүү нарын үеийн тавин долоогийнхоноор дүүрэн байж билээ. Давааням багш тэнд бараг тавин долоогийн нэг баг байгуулж лигийн аварга авч байсан байх шүү.

За нэг ийм л сургуультай холбоотой нэгэн би, тавин долоодох бичлэгээ блогтоо орууллаа. Үндсэн ажлынхаа хажуугаар амжуулах бичил бизнесийн блог бичиж эхлэсэн нь ийнхүү АНУ дахь Монголчуудын хүрээний нэгэн хэсэг болчих гээд л, барууны оронд мэргэжлээрээ ажиллах нэгний санал бодлыг эх оронтой, мэргэжил нэгт нөхөдтэй нь холбох нэгэн гүүр болчих гээд л, эргэн тойрноос нь өөр орчин, соёл, бизнесийн ойлголтуудыг тайлбарлан олонд хүргэчих гээд л ... үргэлжилсээр л ...

Тавин долоон бичлэгийг минь уншиж, блогоор зочилдог бусад блогчид, уншигчид та бүхэндээ их талархаж байгаагаа блогоо үргэлжүүлэн бичиж л илэрхийлье дээ. Баярлалаа, дахин дахин зочилж, олон сэтгэгдэл үлдээж байгаарай.

Wednesday, April 14, 2010

Дөрвөн сарын нэгний блог бичигдээгүй шалтгаан буюу Цахим Өртөө ТББ-н гишүүн болсон түүх

За одоо болох дөрвөн сарын нэгнээр ямархуу хөөрхөн зүйл блогтоо нэмчихье дээ хэмээн бодож суусан минь гуравдугаар сарын 30-ны өглөө юм байна. Яахоо мессэнжэрээр И.Цэрэн-Онолт орж ирж байгаа харагдав. Манай хүн бас хөгжилтэй санаа эвлэгхэн нийлүүлчихдэг эр. Бэлэн будаа идчих санаатай, жаал мэссэнжирдэв. Нэг л мэдэхэд цахим өртөөний талаар ярилцаж байх. Нэлээд дээхэн Д.Сайнбаяр өртөөндөө элсэж орох имэйл ирүүлж, Ш.Баатар ахынхаас утсаар залгаж цаг илүүтэй элдвийг хөөрсөн талаар сонирхуулснаар энэ сэдэв эхэлсэн болов уу. Удалгүй Онолт “Та ер нь гишүүн байх хэрэгтэй” гэх нь тэр. Хариу бичиж амжаагүй байтал “Би таныг нэмчихье. Одоо өөр хоёр хүн батлан дааж имэйлдэнэ, бас 20 доллароо бэлтгэ” гэв. OK-с өөр хариу олдоогүй ээ.
За даа сайхан бичих юмтай боллоо, энэ удаагийн дөрвөн сарын нэгний бичлэг ч ёстой “будаа”, амархан юм боллоо гэж бодтол харин эсрэгээрээ блогийн бичлэг будаа болоод олон хоножээ. Нэг л мэдэхэд хоёр долоо хоног ард үлдэж, “За би ч их олон имэйл бичиж байна шүү, өртөөнд. Чи ер нь манийг хааш нь хөтөлчихөв өө?” … “kkk, ямар хүн оруулсанаа харж бахархаж байна аа, хэхэ … би бас өртөөнд ороод эхэндээ баахан имэйл бичсэн, тэгээд идэвх буурна аа” гэх зэргээр өнөө л Онолттойгоо чатлаж суух юм. Блогтоо ганц ч бичлэг үгүй, харин өртөөнд 15 имэйл туучихаж. Имэйлийнх нь урт гэж чигтэйхэн. Хүнд хэрэгтэй зүйл бичсэн ч юм уу, хүн тоож уншаагүй ч юм уу … чанар (quality) нь нэг их мэдэгдэхгүй ч, тоо (quantity) нь бол овоо овоо.
Өртөөний имэйл, баримт бичиг, мэдээлэл элдэв зүйл гээд мэдээллийн технологийн дэд бүтцийн чанартай хэрэгслүүд одоо хийгдэж бүтээгдэж буй юм байна. Маньтай бараг зэрэг л эргээд гишүүн нь болж буй А.Отгонбаяр хариуцаад код нухаж буй юм, удахгүй шинэчлэгдээд орчин үеийн шинэлэг бүгдийг багтаасан, жийбэн хачиртай, монгол продакт гарч ирэх нь ээ. Одоогоор бол гишүүдийн жагсаалт элдэв зүйл нь yahoo group дээр байдаг юм байна. Нийт 8976 имэйлийг 84 гишүүд бичжээ. Мөн гишүүдийн утсан холбооны нэг өгөгдлийн сан байгааг үзвэл 54-х нь мэдээлэл байгаас 15 нь гадаадад бусад 39 нь Монголд ажээ. Энд ороогүй үлдсэн 30-н гадаад дотоодод байгаа гишүүдийн харьцаа ямар байдаг юм, бүү мэд. Юутай ч Цахим Өртөө ТББ-н дийлэнх нь Монголдоо ажээ. Үүнд ч буруу зүйл огт байхгүй ч гэлээ, яг гадаадад байгаа Монголчуудаа гишүүнчлэлд авах талаар ажиллах хэрэгтэйг үзүүлэх биз ээ.
Гишүүн болоход дээр дурдсанчлан дор хаяж гурван гишүүн батлан даадаг ажээ. Бүрэн гишүүн болж байж, имэйлүүд нөхөж үзэх тул хэн хэн манийг дааж авсныг сая л эргэж нөхөж үзлээ. Yahoo group-н тохиргооноос хамаарч кириллээр бичсэн имэйлүүд арзайгаад хадгалагдчихдаг аж. Нөхөж уншиж чадахгүй гэсэн үг. Yahoo руу гомдол тавьж, М.Сувдмаадаа имэйл илгээдэг ч юм уу. Аа, золиг, цаадах чинь нээрээ Microsoft-н хүн болоод сар ч болоогүй байгаа.
Гурван сарын 30-ны өглөөний 9.37-д Онолт манийг танилцуулжээ. 9.50-д будант Лондонгоос Д.Цэрэнбат анхлан манийг батлан даажээ. Аль 1999 оноос онлайн танилцсан, үе үе сүрхий имэйлэлдэх, хүүхэд зулзагын зураг солилцож үзэх гээд нүүр тулж уулзаагүй ч гэмгүй сайхан нөхөрлөсөн хүн аргагүй л “Жаг ОК” гэжээ. Манай цагаар л энд өглөө болоод байснаас эх нутагт бол шөнө дөл болж маргааш эхлэх цаг л даа. Өдөр солигдохтой уралдаад [УБ-с Б.Лутаа манийгаа даасан нь манай цагаар 10.45 ажээ. Манийг аль 1996 оноос мэдэх, таних, олон ч нүүр тулж уулзсан, beer-дсэн Лутаа - энэ хэсэг маний андуулал болсон тул хүлчил өчиж, залруулга хийсүгэй] 2000 оноос мань имэйлийг нь амтархан уншиж ирсэн, цагтаа otmo@m...t.mn хаягаар хурц хурц санаа, бичлэг бүхий зүйл имэйлдэг Б.Жамц амжуулах гэж яарсан нь энэ өдөр Цахим-Өртөө ТББ Монголын хууль зүйн яаманд бүртгүүлсэн өдөр гэнэ. Ингээд мань өртөөний таван насны ойгоор “офишалли мэмбэр” болчихов оо, хөөрхий.
[Лутаагаас] Блогт залруулга гаргахын өмнөхөн өртөөнд мөнхөрсөн нэрээ байх ёстой байранд нь сэргээсэн Жамцаас хоёрхон минутын дараа Ц.Буянцогтоо бас имэйлдсэн аж, гол нь кириллээр бичсэн тул нөхөж уншиж чадсангүй. Юутай ч бид сүүлийн жил есөн сар гаруй хугацаанд идэвхтэй харилцаж байгаа онлайн найзууд. Оройн 9.01-д Б.Билэгсайхан бас даана аа гэжээ. Мань сүүлийн хэдэн жил сураггүй бултсанаас биш 2000 оны үеэс эхлэсэн сүрхий онлайн танил шүү. Мөн ч олон удаа сумо ярьсан даа. Залгуулаад М.Саруул-Эрдэнэ даагаад авчээ. Жилдээ гэр бүлээрээ хэдэнтээ уулзчихдаг, утсаар, онлайнаар долоо хоногтоо хэдэнтээ харьцдаг, мөн гэрт нь ирээд өөрийн гэр шиг хойморт нь заларч унтдаг найзыгаа нэг даалгүй дээ :-).
Таван минутын дараа нь Байка буюу П.Баярмагнай мөн манийг дааж авсан байна. Нутаг буцсанаас нь хойш хоёртоо утсаар ярьсныг урьд өмнөхтэй нь зэрэгцүүлбэл ч бид санал зөрж үзээгүй л найзууд, Дэнвэр Колумбия хоёрыг ч ойртуулсан л хоёр доо :-). Араас нь Д.Сайнбаяр дарга өртөөнд элсүүлснийг дуулгажээ. Ингээд имэйлүүд маньд ирэх боллоо.
П.Амарбат дөрвөн мөчөө өргөөд батлан даасан байна. Амарааг МУИС-д багш байхад мань хэдэнтээ мэдээлэл зүйн олимпиадад холбогдсоныг дурссан нь маньд үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Амараадаа сайхан дурсамж, сайхан сэтгэгдэл төрүүлж урам, хийморь сэргээсэнд “баярлалаа” гээд л хэлчих ч багадна аа. Нэг амралтаараа харихдаа, Амараатай уулзах юм шүү! (хэзээ юм бол доо, хөөрхий :-) ). 1995-1999 онуудад мэдээлэл зүйн олимпиадтай зууралдсан хүн дээ, мань. Энэ олимпиад олон залуустай танилцуулсны бас нэгэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат маргааш нь дааж авснаа “ихэд айн” илэрхийлжээ :-).
За ингээд л өртөөний имэйл бичилт цуварч юун тэр блог … хм ... одоо аль алинаа, хаа хаанаа бодно байгаа :-) ...
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд төлөөлчих одоогийн цорын ганц, албан ёсны төлөөлөгч гэж болох Цахим Өртөө ТББ-д батлан даасан дээрх найзууддаа талархал илэрхийлэнгээ гадаадад оршин суугаа олон Монголчуудаа энэ дулаан, сайхан хамт олны дунд орж, гишүүн болохыг уриалж байна аа.

Thursday, April 8, 2010

Таван Цагариг сонины 15 жилийн ойд

ТЦ-гийнхэндээ бүгдэд нь баярын мэнд хүргэж, бүгдэд нь эрүүл энх, аж жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

С.Батбаатар "Хаан асар, аав ууландаа сүслэх үг" нийтлэлдээ ТЦ сонин анхлан гарснаас эхлээд нүдэнд харагдтал тодорхой сайхан бичсэн байна. Энэ 15 жилийн эхний тавд нь хувь зохиолоороо холбогдож, ил бус далд фронтод нь зүтгэж байсан мань мэтийн сэтгэлийг хөдөлгөж бас ч олон сайхан дурдатгал сэргээсэн нийтлэл болжээ. Нийтлэлийн сэтгэгдэлд үлдээсэн зурвасаа блогтоо тавьлаа.

Нийтлэлд олон хүнийг тун гарамгай дүрсэлсэн байна. Ялангуяа Ц.Энхтүвшинг үнэхээр сүрхий илэрхийлжээ :-). Олон сонингуудын эх бэлтгэдэг байх үед нэг оюутан залуу спортын сонин гаргаж байна гээд эхээ бэлтгүүлэхээр ирсэн юм. Тэр үед мань мэтээр эхээ бэлтгүүлэх олон алаг, адал явдалт, шар гэх сонингууд ирдэг байснаас харьцангуй хямдаар хийж өгөхийг зааварчлаад эрхэлж байгаа залуутай нь жаал ярилцлаа. Спортын тухай л бичих хүсэл сонирхолтой, түүнээс сонингоороо мөнгө олох нь юу л бол гэх. Тэр үед бараг өглөө бүрийн ярианд спортын сэдвээр сайн бичдэг хүн олох тухай яригддаг бөгөөд тэнд элдэв тайлан тавьдаг Ц.Батбаатарт гайгүй хүүхдүүд байх шиг байна, оюутан гэнэ, бэлтгүүлсэн эхээ авахаар ирэхээр нь уулзуулъя гэлээ. Мэдээж үүний өмнө сонины эхээс материалуудыг нь уншиж үзээд бас ч гайгүй бичлэгүүд байгааг анзааралгүй яахав. Ингээд ТЦ-н өрөөнд дагуулж орсон оюутан хүүтэй хожим сайн анд болох нээ сэтгүүл зүйн ангийн буюу мэргэжлийн, насаар бол маниас хоёр ах залуу байсан нь сэтгүүлч, спортын мастер Түвшээ байлаа.

Нээрээ манай Тунгаа ч шазруун шүү :-). 90-д онд мэдээллийн технологийн салбарт технологийн талаасаа мэргэжлийн гэж болох, бараг цорын ганц ч гэхэд буруудахгүй хувийн компани байсан нь Мэдээллийн харилцаа ХХК буюу өдгөөгийн Датаком юм. Тэднийхээс мэргэжлийн оператор нэгийг хэвлэлийн байгууллагад “урвуулж” авчраад улмаар ТЦ-тэй толгой холбуулчихсан буруутан, хэргийн эзэн хэнгэргийн цахиур нь мань, харин ТЦ-гийн “үнэнч фан” нь Д.Тунгалаг. Арван хуруугаараа дэлгэц харахгүй, гараа харахгүй бичдэг мэргэжлийн бичээч нартай уралдахад урд нь орно уу гэхээс хойно нь зогсдоггүй л хүн дээ. Тэгээд дээр нь алдаатай шивнэ гэж үгүй. Тухайн үед тооцуур ажлуулж үзээгүй арав гаран бичээчийг “чиний цэргүүд, сургаад ав, нэг ч хүн хаяж гээж болохгүй шүү, нөхөөр. За явж, цаадуултайгаа танилц” хэмээн Бал эрхлэгч маань хэлэхэд нь “за даа, тооцуураа ядаж асаачихдаг ганц хоёр оператор нэмж авья, гэхдээ хэнийг хаанаас сонгохоо би хүнээр хэлүүлмээргүй байна” хэмээн тохирч билээ. Ингээд хоёрын зэрэг бүсгүй Датакомоос сугалсандаа мэргэжил нэгтнүүддээ “хүний бэлтгэсэн боловсон хүчин хулгайлдаг залуу” хэмээн тоглоом шоглоомд холбогдоход хүрч билээ :-). Хожим нь компьютерын төвийн оператор, макетчингуудыг хэлтэс, сонингуудад хувиарлан тарааж сэтгүүлчидтэй цугт нь оффислуулахад Баагий “энэ хоёрыг манайд” гэсний нэг нь Тунгаа байж билээ.

М.Сугар-Эрдэнийг нийтлэлд мөн тун сайхан тодорхойлжээ. Мань оюутан байх үедээ л Сугарааг жаахан мэддэг байж. Олонтаа ч цугтаа “поезд тосож”, зах гарсан байх :-). Нэг л өдөр ТЦ-д ажилд орлоо, гайгүй газар биз гээд өрөөнд ороод ирж билээ. Советский спорт, Футбол/Хоккей, Спорт экспрессийн олон ч дугаар дамжуулж уншсан, цөөнгүй Жегуловский хуваан хүртсэн нэгэнтэй цугтаа ажиллана гэхэд сайхан байдаг юм билээ.

ТЦ-н далд фронтын төлөөлөгч нь А.Толя ах яах аргагүй мөн. Нөгөө намын тамга хэн сийлсэн гээд гардаг шиг сонины толгойг хийсэн хүн бол Толя ах юм. Тухайн үед тооцуурын үсэг фонтыг бид зурдаг байж. Текстэнд зохицохоос томруулаад сонины толгой хийхэд одоогийн график програмууд шиг гайхамшигтай хэрэгслүүд ч бага байж. Мөн мань хэдийн хэвлэлийн эх бэлтгэх мэдлэг чадвар ч хомс байж. Толя ах хэвлээд л, зураад л, сканнердээд л …

Макет дээр С.Батбаяр, Н.Батдэлгэр ТЦ-г яах аргагүй эхлүүлсэн. Мөн Д.Батцэнгэл, Д.Бат-Эрдэнийн хувь ч маш их бий. Энэ хэдийгээ ч “Та нарын насныхан гадаа лааз өшиглөөд, гудамж метрлээд эсвэл номынхоо араас өндийх завгүй, хичээлийн хажуугаар ажил олдохгүй, хармаа хоосон явж л байна. Гэтэл та хэд ажилтай бол ажилтай, цалинтай бол цалинтай байж өмнөхөө олигтойхон хийгээд сурчихгүй зураас үсэргээд торгуулж байх юм” мэтээр мань олонтаа “дарамталж” явсан дөө :-). Торгуулна гэдэг нь сонин алдаатай хэвлэгдэхэд ирдэг шийтгэл л дээ. Тухайн үед нэлээд ширүүн үздэг байлаа. Манайхан л хамгийн их өртөнө. Харин С.Батбаатар энэ тал дээр хамгийн нааштай, зөөлөн ханддаг дарга байлаа. Баагийг ямар нэг алдааг оператор эсвэл макетчинд оноож байхыг мань лав хамт ажилласан жилүүддээ санадаггүй. Техникийнхэн тэр бүр хүртдэггүй шагналын фонтоос Баагий л нөгөө хоёртоо хувиарладаг байлаа. Мөн мань хүн л нөгөө хоёроо сонингийнхоо дугаар бүрд нэрийг нь нийтлэж хөдөлмөрийг нь үнэлнэ, мөн хариуцлага онооно. Сонин дээр нэр нь гарна гэдэг үнэндээ нэр хүнд гэхээсээ илүүтэй маш их том хариуцлага байдаг юм. Муу сонин гарвал, алдаа байвал нэр бүхий хүнийг харна, харин дөмөгхөн үед хэн ч анзаарахгүй.

Цагтаа ТЦ-г толгойлж асан А.Баасандоржтой анх АЭ-тэй холбогдож, Шавь сургууль төгсөхөөс нь л гэмгүй сайхан нөхөрлөсөн. Манийг алсад зорих үед сэтгэлийн үгээ шүлэглэн илэрхийлж, нутгаа санахдаа уншиж яваарай хэмээн Баскагийн өгсөн хоёр номыг арав гаран жилд бишгүйдээ өвөртөлж унтсан даа, одоо ч хажууд минь байж л байна. Б.Цагаанбаатар гээд ёстой нэрэндээ таарсан цагаан залуу ТЦ-н хаалгаар орж ирэхэд “За та хоёр нас ойролцоо, сонирхол төстэй, хамт ажиллах улс байна. Биеэ биедээ тус болж, сайхан нөхөрлөөрэй” гээд дүү Цоодолыгоо танилцуулж байсан нь өдгөө тун тодорхой санагдаж байна. Мөн за чи одоо залуу хүн сурна аа, гаднаас хайхгүй, өөрийн хармаагаа ухна шүү гэж ирээд сонины макет дээр ч Цагаанааг чамгүй суулгасан санагдах.

Баагийгийн өгүүлсэн “олон хүний нэр дурдагдаж чадсангүй, тэднийг тоочно гэвэл энэ нүүр багадна” гэдэг ч үнэн юм. Нээрээ ТЦ-н ил далд фронтод энд дурдагдаагүй олон хүн холбогдоно.

Төгсгөлд нь, ТЦ-ийн халуун дулаан хамт олонтой эхнээс нь таван жил ойр дотно ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байдгаа дурсаад ТЦ-н өнөөгийн хамт олон, уран бүтээлчид болон урьд өмнө хүч хөдөлмөр, зүрх сэтгэл, оюун ухаанаараа хувь нэмэр оруулж байсан бүгдэд, дээр нь ТЦ-н үнэнч уншигчдад дахин “баярын мэнд хүргэж” эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Э.Жагдагдорж
Коумбиа хот, Мизури муж

Monday, February 1, 2010

Өнөөдөр сонин Нью-Йорк Таймсийг араасаа дагуулчихлаа, хөөрхий

Монгол Ньюсийнхэн сонингуудынхаа онлайн уншигчдаас төлбөр нэхдэг болоод нэлээд удаж байгааг гадаадад байгаа олон монголчууд сайн мэддэг. Өнөөдөр сонины анхны дугаараас эхлэн тэнд холбогдож асан нэгний хувьд, мөн уг сониныг 1996 – 97 онд анхлан онлайн хэлбэрт оруулж интернэтээр төлбөргүй гаргах ажлыг амжуулж явсны хувьд, өдгөө ч тэндээ хүчин зүтгэж буй найз нөхөдтэйгөө үе үе онлайн “уулздагийн” хувьд, эх орныхоо үйл явдал, мэдээ сэлтийг үнэн мөнөөр нь илэрхийлчих мэдээлэл цагт нь алс холоос шуурхай авч байхыг хичээдгийн хувьд ийнхүү төлбөртэй загварыг нь жаал буруутгадаг. Гэхдээ шийдвэр гаргагч нарын үйл ажиллагааг дэмжиж, онлайн захиалагч нэмж олоход нь хэрээрээ тусална аа, тусална.

Англиар халтар хултар мань ч Нью-Йорк Таймсийг мөн л амтархан гарчиглачих санаатай. Ялангуяа тэр мэдээллийн технологийн ( Circuit) булангаас салахгүй шүү. Мэргэжлийн бус хүмүүст зориулж нарийн технологи, мэргэжлийн ойлголтуудыг тун энгийнээр тайлбарлан бичиж чаддагт нь үнэхээр “атаархана” гээч. Маний мэргэжил байтугай ер нь бүх сэдвээр нийтлэгдсэн бичлэгүүд нь хэл сурч байгаа хүнд маш их өгөөжтэй шүү, өөр нэг ч сонин энэ хэмжээнд нийтлэл гаргахгүй, жинхэнэ сонгодог сэтгүүл зүйн хэлбэр хэмээн Мизурийн сэтгүүл зүйн сургуулийн профессор хэлж байхыг дуулсан нь мөн илүүтэй нөлөөлсөн байх аа. Цаасан хэлбэрээр төлбөртэй авч уншихаас гадна онлайнаар түрүүлээд үнэгүй харчихдаг нь элбэг.

Өнгөрсөн долоо хоногт дээрх хоёр сонины хувьд нэгэн ижил зүйл бий болсон нь Нью-Йорк Таймс сонины онлайн хэлбэр нь төлбөртэй болчихлоо, хөөрхий. Монгол Ньюсийн Өнөөдөр сониноос халдвар авчихаж дээ. 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн төлбөр авна гэдгээ зарлачихлаа. Энд нөгөө “бандан тас” гэдэг чинь жинхэнэ биелдэг газар ч энэхүү шийдвэр буцахгүй дээ. Энэхүү мэдэгдлийн эхний үр дүн Нью-Йорк Таймс компанийн хувьцаа 39 цэнтээр унах шив дээ.

Ийнхүү онлайн хувилбар нь төлбөртэй сонингууд үе үе гарч ирж байсан бөгөөд амжилттай хэрэгжиж хэвшсэн нь өдгөө алга л байна. Жишээ нь, Их Британийн алдарт Таймс сонин нэгэнтээ онлайн хэлбэрээ төлбөртэй болгосны дараа дэлхий даяар алдартай нийтлэлчдийн хамрагдах хүрээ, үнэлгээ эрс буурч буй шалтгаанаар төлбөргүй болсон нь саяхан санагдах ч аль дээр 2005-2007 оны үе. Дашрамд дурдахад, 2002 онд Мизурийн сэтгүүл зүйн сургуулийн нэгэн Монгол оюутан мастерын судалгааны ажлаа онлайн бизнес моделиор хийх хүсэлт гаргахад дэмжих профессор олдоогүй л юм. Удирдагч багш нарын нэг нь модель олчихвол Билл Гэйтс, нийтэд зарлуулсан цаас бичүүлэлгүй шууд маш өндөр үнээр худалдаж авна даа, чи ч баяжих нь ээ хэмээн тоглож байв. Энэ нь нөгөө алдарт нэгдэл гээд байдаг Америка Онлайн СиЭнЭнийг худалдаж авч байхтай ойролцоо үе юм. Өдгөө түүх л болж өнгөрчээ, хөөрхий. Нээрээ, мэдээллийн онлайн хэрэгслийн бизнес моделийн тухай нэлээд олон оронтой тоотой санхүүжилт бүхий судалгааны сураг Мизурийн сэтгүүл зүйн сургууль хавиас саяхан гарч байсан шүү. Нэг ойрмогхон тэр хавиар эргэлдвэл өмнө өгүүлсэн сонирхолгүй судалгааны санал найман жилд хэрхэн хэрэгтэй эд болж хувирсан талаар лавлая байз.

Friday, December 4, 2009

Миний үзсэн анхны цахим тоолуур

"Мөнхбаатарын сэтгэгдэлд хариулах нь" бичлэгтээ тааруухан өгүүлэл маягийн зүйл бичиж байснаа блогтоо тавих юм байна гэж билээ. Мэдээлэл холбооны технологийн анхдугаар чуулган гэж Монголд 1999 онд зохион байгуулах ажлын хэсэгт оролцсон юм. Чуулганы бэлтгэл ажлыг амжуулж явахдаа хүүхдүүдэд мэдээллийн технологийн мэдлэг олгох зорилгоор бичиж эхэлсэн эд л дээ. Урьд өмнө энд тэнд нийтлэж, гаргаж байсангүй ээ. Блогчид уншаад шүүн тунгааж элдэв сэтгэгдэл үлдээнэ үү.
Миний үзсэн анхны цахим тоолуур

Би аавыгаа дууриаж тооны хүн болохыг мөрөөддөг байв. Аав дунд сургуулийн физик математикийн багш тул янз бүрийн гоё бодлого бодно. Би ч дутахгүй элдэв томъёо энээ тэрд шамдана. Сургуульд орохоос өмнө, тавтай байсан юм уу даа, гудамжны хүүхдүүдээ тойруулж суугаад арван мянгын дотор нэмэх хасах үйлдэлийг цээжээр хийж гайхуулна. Ёстой тооны мастер, энэ хүүхдээс түргэн, алдаагүй боддог хүн манай энэ хавьд үгүй гэж ойр хавийн эгч ах нар шагшина. Тэд шороон дээр хэдэн баганаар тоо бичиж байгаад чиний хариу зөв, буруу, аа үгүй ээ бид алдсан байна гэж ирээд шавж өгнө дөө. Аав ч үүнийг хөгжүүлэн дэмжиж үе үе уралдаж тоо цээжээр бодно.

Аав нэг өдөр зузаавтар номын хэмжээтэй, нэгэн сонирхолтой хайрцаг цүнхнээсээ гаргаж ирлээ. Гадуурх ширэн уутыг задалж үзтэл тоонууд бичсэн олон товчлууртай юм. Бас дээд хэсэгтээ нэг мөр бүхий дэлгэцтэй. Аав хайрцагийг цахилгаанд залгаж асаатал нөгөө дэлгэц гэрэлтээд тод ногоон болов.

Аав хуруугаар товчлуур дээр ээлжлэн дарахад чиг чиг хэмээн дуу гарч, дэлгэц гэрэлтэн ногооноор тоонууд урсан гарна. Тоо бичигдсэн товчлуур дээр хуруу дармагц дэлгэц дээр тэр тоо гэрэлтэн нэмэх тэмдэг бүхий товлуурийг дарж дахин тоонууд дээр дараад тэнцүү тэмдэг дээрээс хуруу салмагц нийлбэр дэлгэц дээр гарна. Тоог гайхамшигтай хурдан нэмдэг ийм ид шидийн хайрцаг би үзэж байсангүй. Дуулж, сонсоо ч үгүй байж.

- Аав аа, энэ чинь одоо юу юм бэ? хэмээн тэсвэр алдан асуулаа.

- Тооны машин гэдэг юм. Арифметикийн дөрөв болон бусад олон үйлдэл хийдэг электрон төхөөрөмж гэж аав хариулав. Сургуульд орох нас хүрээгүй ч үе үе аавыг дагаж хичээлд нь суух би электрон гэдэг үгтэй хэдийнээ танил болсон байлаа. Гэхдээ электрон багаж төхөөрөмж байдаг, тэгээд түүгээр тоо алдаагүй боддог гэж миний бяцхан ухаанд орж буусангүй.

- Аав аа, тэгээд энэ чины хэдэн электроноос бүтсэн юм бэ? Электрон нь цахилгаанаас урсаж орж ирж байгаа юу? Электронууд яаж тоо бодож байгаа юм бэ? Электрон тэгээд ухаантай юм байна, тийм ээ? гэж бараг нэг амьсгаагаар угсруулан асууж аавыг удтал инээлгэж билээ.

Энэ миний нүдээр үзэж гараар барьсан хамгийн анхны цахим тоолуур байлаа. Аавын ярианаас тэр тооны машин бол бас их мундаг чадалтай нь бус, үүнээс олон оронтой тоог бүр түргэн хугацаанд тооцож чаддаг машин байдаг. Тооцоолон бодох электрон машин гээд бүр их хүчтэй гоё эд байдаг. Түүгээр богино хугацаанд асар том тооцоог хийдэг. Миний үзсэн тооны машин бол маш жижиг хувилбар нь болно гэх мэт олон зүйл мэдэж авлаа.

Тэр цагаас хойш тоонд улам дуртай болж, физикч болох мөрөөдөл улам аслаа. Цахим тоолуур бүтээдэг хүн болох далд сонирхол анх удаа төрсөн ч тэгэс гээд мартагдсан байлаа. Бүр хожим арван хоёр жилийн дараа энэ хүсэл дахин ундарч билээ.

Улаанбаатар хот, 1998 он