Monday, May 20, 2013

Америк дахь Монголчуудын амьдрал, Монгол коммунитийн хөгжлийн багаахан хэсгээс өгүүлэхүй

Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн амарга шалгаруулах наймдугаар тэмцээн болоход ердөө тав хоног үлджээ. Ингээд ноднин хэвлэлээс гарсан "Манайхан Америкт: Хөлбөмбөгийнхөн" номын оршил болгон бичсэнээ блогдое...

Америкийн Монголчууд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ зохиосоор, Вашингтон Ди Си, Дэнвэр, Чикаго, Сан Франциско хотуудад ээлж дараалан, заримд нь бүр давтан болсоор, энэ жил алдарт Лас Вегас хотноо буухиалах гэж байна. Америкийн булан бүрээс тэр байтугай бүр элгэн нутаг Монголоос, будант Альбионоос, алдарт Бонноос ирж цуглах энэ тэмцээнд нутаг нэгтнүүд маань тасралтгүй тэгээд долоон удаа тэмцэлдсэн гэхээр тамирчин, баг, хөлбөмбөгийнхний гэр бүлийнхэн, үзэгч хөгжөөн дэмжигч, санхүүгийн болон үйл ажиллагаагаар ивээн тэтгэгч гээд маш олон хүний хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн үйл ажиллагаа болох нь мэдрэгдэнэ.

Америкийн хөлбөмбөгчид гэхээр ер нь жилдээ нэг удаа болдог тэмцээнээр зогсохгүй нутаг нэгтнүүд олноор суурьшдаг хот муж тус бүрээр байнгын үйл ажиллагаатай лиг маягийн зохион байгуулалтад орж ширэн бөмбөгөө тогтмол элдэж байдаг юм. Тэд хэдийнээс хэрхэн хөлбөмбөгтэй нөхөрлөсөн, хэрхэн нийлж нэгдэж ямар тэмцээн уралдаан болсон талаар Америкийн Монголчууд сонин, Даяар Монгол, Замдаан, Мэдээлэл, Орлоо гэх мэт Америкийн монголчуудын мэдээллийн хэрэгслүүдээр түүх болон бичигдэж үлдсэн байдаг бөлгөө.
Цаг хугацаа, он жил гялалзан одох цагийн эргэлтэд бөмбөгөө ч хөөж, ажил амьдралаа ч амжуулах зуураа үзэг барьж үг холбон, өндийн дээшилж, боловсрон хөгжиж явдаг, өмнө дурдсан сайтууд дахь нийтлэл, бичлэгийн эздийн хамтаар хуучран шарлаж амжаагүй байгаа шинэхэн түүхийг нэгтгэн нэгэн ном болгохоор зорив.

Нью Йоркийн Бэст Бай дэлгүүрийн алдарт цогцолбор болон мөн хотод сүндэрлэн асан Дэлхийн худалдааны төвийн дизайныг зохиосон, миний унших дуртай авторуудын нэг Эдвин Шлосбэрг нэгэнтээ “Бичлэгийн чадвар гэдэг нь бусад хүмүүс үргэлжлүүлэн бодох агуулга бий болгоход чиглэдэг” хэмээн хэлсэн байдаг. Ийм чадвар, боломж бидэнд яг одоо, өнөөдөр хэчнээн их хэрэгтэй байгаа билээ. Ялангуяа түр, бүр, учраа хараахан олоогүй янз бүрийн байдлаар эх орноосоо алс хол “ширэн бөмбөг” хөөж буй бидний монголчуудад ихэд чухал юм. Зөвхөн хөлбөмбөг гэлтгүй Монголын олон хүмүүний амьдрал, Америкийн Монголчуудын үүх түүх, дурсгал дурсамжийн чухал хэсэг үргэлжилсээр түүний өчүүхэн хэсгийг бид энд тэмдэглэн үлдээхийг зорилоо.

Хаа очиж санаснаа амжуулахад хачин их аз таарч спортын амьдрал болон уран бүтээлийн туршлагатай хоёр анд таарлаа. Хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин, хар нялхаасаа ширэн бөмбөгийн хойноос гүйж өссөн М.Саруул- Эрдэнэ гэхээр үнэндээ намайгаа дагуулахгүй спортын хүмүүс. Дээр нь тэд маань намайг хэд нугалсан бичгийн улс. Сэтгүүл зүйн салбарт Монголдоо урдаа барьдаг МУИС-г сэтгүүлч мэргэжлээр төгсөж, спортын Таван Цагариг сонинд сурвалжлагч, эрхлэгчээр ажилласан, УБИС-г хэл шинжлэлээр төгсөж, эрдэмтэн доктор цолыг нь омог бардам өвөртөлж оломгүй эрдмийн далайд багш хэмээн алдаршсан улсын тухай өгүүлж буйг ойлгож буй биз ээ. Мөн манай хоёр хоёул Ган үзэгтэн шагналтай, хэд хэдэн номын зохиогч хүмүүс бөлгөө.

Би бээр бичгийн хүн бус, дээр нь спортын ялангуяа хөлбөмбөгийн талаар чадвар маруухан энгийн нэгэн дэмжигч, алаг бөмбөг хөөсөн ч өшиглөөд араас нь гүйдэггүй эгэл жирийн залхуу хүн. Мэдээ орох үеэс ном, дэвтэр, үзэгнээс салалгүй өссөн ч өгүүлбэр холбох ид шидээс хол явжээ. Гэхдээ Монголын үндэсний сонин Ардын Эрх (тухайн үеийн ойлголт тодорхойлолтоор бол төрийн төв хэвлэл), Өнөөдөр (Монголын хамгийн анхны чөлөөт өдөр тутсын сонин) болон дагалдах сонин сэтгүүлүүдийн тогоонд нэрт сэтгүүлчид, зохиолчид, яруу найрагчидтай ажиллах хувь тохиож, алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр уран үгийн эрдэмийг бишрэх, оролдох хүсэлтэй болж бөөрнөөсөө ягаарчээ. Хар багаасаа тооны хичээлдээ шамдаж улмаар дурлан сонирхож эзэмшсэн, хоолоо олж иддэг мэргэжил минь мэдээллийн технологи. Оюутан байх үеийн мөрөөдөл болсон мэргэжлийнхээ хамгийн өндөр зах зээлд хүрэхдээ багагүй мэдлэг туршлага хуримтлуулж, чамгүй ажил амжуулж гэх мэтээр мэргэжлээрээ багагүй бардам нэгэн. Үүндээ дулдуйдаад үзсэн харсан, сурсанаараа ном бүтээх мөрөөдөлд автаад буй хүн. Оросууд “Юугаараа баян түүгээрээ дайлна” гэдэг дээ, яг түүн шиг би бээр мэдээллийн технологиор ганц хоёр өгүүлбэр холбохыг хичээдэг, блог бичдэг болжээ. Бас бизнесийн чиглэлээр эрдэм ном жаал хөөснийх энтэрпрэнуршип сэтгэлгээг дэмжиж хөгжүүлнэ гээд буйнх энэ талаараа бас ялимгүй блогдоно. Гэтэл анхны ном, анхны бүтээл минь анд нөхдийнхөө хамтаар Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн тухай бичсэн болчихлоо. Юун мэдээллийн технологи, юун програмчлал, юун бизнес, юун вэнчур ... “хөлбөмбөг” үнэхээр хүчтэй юм аа.

“Алтан Олимпийн мөнгөн дурсамж буюу Америкт тэрлэсэн мөрүүд” номдоо Түвшээ маань мутраа хайрлаад маньд дурсгах 2008 онд анх удаа Америкийн Монголчуудын амьдралын түүхээс ном болж хойч үедээ хадгалагдан үлдэх хэрэгтэй, бидний түүхийн нэг хэсэг энэ номд бий юм хэмээн бодож билээ. “Манайхан Америкт” номоо хэвлүүлэх гээд Саруул имэйл бичиж байх 2009 онд бодол мөрөөдөл минь итгэл үнэмшил болж билээ. Эдүгээ ингээд хоёр найзтайгаа хамтарч, гар нийлж ийн Америкийн Монголчуудын амьдралын хэсгээс бүр тодруулбал хөлбөмбөгийнхний сэтгэл зүтгэл, хөдөлмөр амжилтыг өгүүлэн сэтгүүлч Л.Болормаагийн өгүүлсэнчлэн “дэлхийн хэмжээнд сэтгэж, бусдын энд хүрчих бас нэгэн алхам” хийж буйг минь хүлээн авна уу?

Friday, May 17, 2013

ЭС-1011 миникомпьютер, Apple Machintosh болон IBM Personal System/2 компьютертэй танилцсан минь

Есдүгээр ангийн сүүлийн хагаст мэргэжлийн хичээлээр хүрээлэнд аялснаас хойш аравдугаар ангийн хоёрдугаар улирал дундаа ортол өөрөө мэдэлгүйгээр тооцоолох техникийн хойноос чамгүй гүйсэн байдаг юм. Мэргэжлийн хичээлийн, дадлагын ажлын болон Пионер компьютерийн талаар өмнө өгүүлсэн билээ. Мөн үүнтэй ойролцоо цаг хугацаанд хамаатан садны болон аав ээжийн танилуудын тус дэмээр чамгүй олон байгууллагын компьютерийг үзэж, товчдоо эх орныхоо компьютержилтийн нэгэн үеийн хөгжлийн талаар дурсах зүйл багагүй хуримтлуулжээ.

Улаан бар жилийн сар шинээр өвөөд золгохоор Чинбат ахынхан ирэх үед би гэртээ байж таарлаа. Чинбаа ахын эхнэр Хишгээ эгч Улсын төлөвлөгөөний комиссын тооцоолох техник дээр ажилладаг байсан бөгөөд тэр жил Материал техникийн улсын хангамжийн хороонд шилжсэн, одоо миникомпьютер дээр ажилладаг болсон гэж байна. Өвөө эгчээс “Хүүхдэд аргалаад барааг нь харуулчихаж болох уу, тэрийгээ” хэмээн асууж, зөвшөөрсөн хариу аваад надад “За эгчийнхээ ажил дээгүүр очиж тэр шинэ Унгар машиныг нь үз, зөвхөн орос гэлтгүй газар газрын элдвийг олон талаас нь зэрэгцүүлэн үзэж харж юу нь хаагуураа илүүг олж сураарай” гэлээ. Ингээд бага тойруу, шилэн дэлгүүрийн өмнө байрлах ажлын газрын хоёр давхрын хоолойд олон жижиг ногоон дөрвөлжөөс тогтох тусгай шалтай танхимд ЕС-1011 миникомпьютертэй танилцаж билээ. Мөн Улсын төлөвлөгөөний комиссын ЭВМ тэнд байлаа.

Сар шинээс хойш овоо хэд хоноод нагац ах Сүхээ ирлээ. Аавдаа оройхон ирж золгож байгаа нь гадаадад томилолтоор ажилласнаас тэр. Хөрөнгөтөн орнуудтай тун бага хэмжээгээр худалдаа хийж эхэлсэн, хамгийн гол нь шинэ технологийн зүйлс авч байгаа, цаанаас нь тавих хориг саадаас болоод маш өндөр өртөгтэй ирж байгаа гэх мэтээр Монгол Улсын гадаад худалдааны байдал болон бусад олон зүйлээр ярилцлаа. Миний хамгийн сонирхол татсан хэсэг нь компьютер олноор худалдаж авсан, удахгүй бүх яамдад өгнө. Яам бүр тооцоолох төвтэй болно гэлээ. Хүүхэд залуусыг олноор гадаадад сургах юм хэмээсэн нь ээжид их таалагдаж, “Ямар мэргэжлээр сурвал тэнд чинь ажилладаг юм, инженер үү?” гэж асуув. Эндээс надад АСУ - автоматизированная система управления буюу удирдлагын автоматжуулсан систем гэсэн нэр томьёо санаанд тогтож үлдсэн юм.


Хаврын нэгэн орой, гуравдугаар улирлын дүн гарах дөхөж байхад аав “Чи жаахан сагсуураад тоогоо оролдохгүй, цагаа тэр компьютер, шатар хоёрт үрээд байна гэнэ үү, гол зүйлдээ анхаарна шүү. Би сая районы багш нарын хурлаар Пүүжээ багштай тааралдаж уулзлаа” гэж яриа хатуухан эхэлсэн боловч, “Тэгээд чи тэр компьютер их сонирхоод байгаа юм уу?” гэж зөөлрөөд “Маргааш хичээл тараад УБИС дээр Данзан багшийнхаа өрөөнд хүрээд ирээрэй. Нөгөө хэдийгээ бүгдийг нь дагуулчхав аа, ганц хоёр нь байхад болно” гэлээ. Нөгөө хэд гэдэг нь манай ангийн олимпиадын гээд оровч гаравч цугтаа арав гаран хүүхдийг хэлж буй юм.

Хичээл тараад нөгөө хэдээсээ “Цуг явах уу?” гэж асуулаа. “Физикийн Данзан багш дээр очих юм бол сонирхолтой зүйл бага дөө, бид Батхишигийнд очиж шатар нүүлээ” гээд цуг явах хүн олдсонгүй. Намайг УБИС-ийн гол байрны хажуугийн нэмэлт шинэ байрны гуравдугаар давхарт очиход аав, Данзан багш, мөн Чойжооваанчиг багш нар сууж байв. Тэд УБИС-ийн нэг ангийнхан бөгөөд төгсөөд аав дунд сургуулийн багш, Данзан багш физикийн тэнхимд, Чойжоо багш математикийн тэнхимд багшаар үлдсэн, үе үе уулздаг найзууд юм. Аав намайг тэнд дууддаг нь Америкаас УБИС-д ирсэн хоёр шинэ компьютерийг үзүүлэх гэсэн ажээ. Ингэж Монголд анх ирсэн Эппл Макинтош компьютертэй танилцсан маань миний үзсэн анхны өнгөт дэлгэцтэй компьютер байлаа. Мөн хулгана хэмээх дагалдах төхөөрөмжтэй тэнд анх танилцсан билээ.


УБИС дээрээс МУИС-д бүр олон, анги дүүрэн америк компьютер ирсэн гэж дуулаад тэндээс гараад шууд гуравдугаар хороолол явлаа. ПТДС-ийн физикийн багш Хэнмэдэх ахынх уруу явж байгаа нь тэр. Мэдэхээ ахынхаар би маш их очдог байлаа. Мэдэхээ ах намайг хар багаас минь харж хандсан, дураараа өссөн миний цор ганц эмээдэг, үгийг нь авдаг байсан нагац эгчтэй минь суусан хүн дээ. Харин тун харамсалтай нь нагац эгч минь хар залуугаараа, хорин тавхан настайдаа, хоёр охин, хайрт ханиа орхиод нөгөө ертөнцөд явчихсан юм. Ахынд очтол ажлаасаа ирээгүй байсан бөгөөд нэлээд хүлээлгэж оройхон ирээд компьютерийн хөгжлийн талаар цаг хэрхэн урсахыг ч анзааралгүй ярилцаад, сүүлчийн автобусаар нэгдүгээр дэлгүүр хүртэл явж амжаад цааш гэрээдээ алхсан явдал санаанаас огт гардаггүй юм.


Тооцоолох техник, мэдээллийн технологи болон тухайн үеийн шинжлэх ухаан техникийн ололтуудын талаар тэгэхэд ёстой нүд нээсэн юм. Хөрөнгөтөн орнууд компьютерийн хөгжлөөр илүү гарсан, бүр энгийн хэрэглээнд нэвтэрсэн, социалист улсуудад КОКОМ гээд хатуу хориг тавьснаас манайд ирж буй компьютерүүд тэнгэрт хадсан үнэтэй байдаг. ЗХУ болон бусад соц орнууд америк, японы системийг хуулбарлаад нэрийг нь сольчихдог. IBM гэдэг нь компьютер хийдэг фирмийн нэр, компьютер үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том газар. Минск ЭВМ нь IBM-360 мэйнфрэм системийн хуулбар, Правец нь Эпплийн хуулбар, Эппл компьютерүүдийг Моторолла гэдэг фирмийн микропорцессороор хийдэг. МУИС-д ирсэн нь бол IBM-н Personal System хэмээх Интел фирмийн микропроцессороор хийдэг, хоорондоо огт тохирохгүй, таардаггүй компьютерүүд. Хулгана гээд байгаа төхөөрөмжийг уул нь “өнхрүүш” гэж орчуулмаар байгаа юм гэх мэтээр маш их ойлголт олж авсан билээ.


Улирлын амралтаар Мэдэхээ ах намайг дагуулж МУИС орлоо. Хаалганы өмнө том багана бүхий гол байрны хаалгаар ороод зүүн тийш эргэж нэг давхрын булан руу үүдэндээ нууцлал код бүхий электрон цоожтой, цөмийн физик, электроникийн тэнхимийг зорьж IBM PS компьютерүүдийг үзүүлсэн юм. Энэ нь яамдад ирсэн PC компьютерүүдтэй төстэй, хоорондоо таарч тохирохоор ижил Intel 8088 гэсэн микропроцессороор хийгдсэн, гэхдээ яг ижилхэн бас биш, хооронд нь элдэв төхөөрөмжийг нь сольж болдоггүй. PS гэдэг нь зөвхөн IBM таардаг, тусдаа нэг төрлийн персонал компьютер гэдгийг мэдэж авлаа.

Wednesday, May 15, 2013

Есдүгээр ангийн мэргэжлийн хичээл


Тээр жил 1985 онд буюу есдүгээр ангийн сурагч байхдаа анхны жижигхээн кодоо бичсэн юм байна. Тэр үед компьютерын програм зохиогч мэргэжилтэй болж мэдээллийн технологитой амьдралаа холбоно гэж санаж явсангүй. Мэдээллийн технологийн тэргүүлэх фронтод зүтгэж сууна гэсэн төсөөлөл бүр байгаагүй боловч амьдрал минь энэ салбартай холбогдоод чамгүй хугацааг элээж дэлхийд тэргүүлэх томоохон компанийн ажилтан болжээ. Ингээд хүүхэд наснаасаа хэрхэн компьютертой холбогдож, яагаад мэдээллийн технологийн мэргэжил сонгож, хаана хэрхэн юунд суралцаж, төгсөөд эх орондоо юуг бүтээж мэргэжлийнхээ мэдлэг чадвараа гарган ажил амьдралын туршлага хуримтлуулж улмаар орчин цагийн хамгийн хөгжингүй зах зээлд өрсөлдөх, даяарчлагдсан өнөө цагийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний хэсгээс үзүүлэх болсон талаар өөрийн чадах ядахын хэмжээнд хэдэн өгүүлбэр холбов.
Эхний бүлгээс зарим хэсгийг толилуулж уншигч таны үнэт саналыг авахаар шийдэв. Нэгдүгээр бүлгээр хүүхэд насны үеийн дурсгалтай явдлыг өгүүлэхээс гадна мэдээллийн технологи, компьютерын эргэн тойрон тухайн үед Монголд юу болж, ямар үйл явдлыг бибээр өөрийн нүдээр харж, чихээр сонсож, гараар барьж буюу бяцхан амьд гэрч болсон талаар өгүүлэхийг хичээв. Энэхүү бүлгийг редакторлаж өгсөн М.Саруул-Эрдэнэ докторт талархал илэрхийлэх хэрэгтэй.

Есдүгээр ангийн мэргэжлийн хичээл


Анх есдүгээр ангид байхад мэргэжлийн хичээлээр тооцоолон бодох электрон машин гээч зүйл үзэх болж билээ. Одоогийнхоор бол мэдээлэлзүйн хичээл юм. Тэр үед дунд сургуульд ийм хичээл ордоггүй байж. Лаборатори гэх манай сургуулийн тооны хэмээх есдүгээр ангиудын хүүхдүүдийн талд нь заадаг байсан болов уу. Тодруулбал, намайг есөд байх жил манай ангийн тэн хагасаас бусад хүүхдэд олдоогүй боломж гэх үү дээ.


Шинжлэх ухааны академийн физик математикийн хүрээлэнгээс Цэрэнбат багш ирж, бидэнд энэ хичээлийг заасан юм. Тухайн үед дөрвөн улирлаар дүн гардаг байж, харин мэргэжлийн хичээлийг хагас жилээр дүгнэнэ. Эхний хагаст бид алгоритмын тухай үзсэн. Баахан блок схем зурахаас эхэлсэн дээ. Шугам зургийн хичээл ч юм шиг, ноднин жил нь Ламжав багшийн ордог байсан логикийн хичээлтэй ч холбоотой юм шиг... нэг л сайтар ухаарахгүй, эхэндээ жаал сонирхолгүй мэт санагдана. Гэтэл тооны дээд ангийнхан болохоор тэгж байгаад гоё болно оо, үнэн сонирхолтой гэх.

Удалгүй ч хичээл нээрээ сонирхолтой болоод ирлээ. Элементар математикийн сонгодог аргуудаас их өөр сэтгэхүйгээр бодлого бодож байгаа нь бүр ч их таалагдана. Тэр үед автобусанд зургаан оронтой дугаар бүхий билет өгдөг байлаа. Тэгээд эхний гурван оронгийн нийлбэр дараагийн гурван оронгийн нийлбэртэй тэнцүү байвал азтай билет гэдэг байсан юм. Нэгэн удаа бүх боломжит азтай билетийн тоог олох блок схем зурж, алгоритм зохиосон бодлого бодсон маань санаанд хамгийн тод үлдсэн жишээ болжээ. Бид бодлогоо уралдаж боддог байсан учраас би ч тэр дор нь зургаан давхар цикл хийгээд тоолчих блок схем зурж, багшаа бэлэн гээд үзүүлэв. Багш инээгээд бодолт нь зөв л дөө, гэхдээ яг энэ алгоритмаар бодвол өчнөөн удаан юм болно, тэгээд ч машины нөөц хүрэхгүй гэлээ. Яагаад? Юун нөөц хүрэхгүй гэж, электрон тооцоолох машин чинь санаанд багтахгүй их тоо тооцоолдог гээ биз дээ гэтэл инээгээд "За, за, одоо доо бол чиний зөв. Гэхдээ хэл үзээд код бичээд ирэхээр аяндаа ойлгоно. Бодлогоо чи хамгийн түрүүнд бодсон" гэдэг юм. Манай ангийн Сайнбаяр харин хамгийн сайн шийдлийн алгоритм зохиож билээ. Дараа нь квадрат тэгшитгэл боддог алгоритм бичлээ, тэрийг харин ёстой хамгийн түрүүнд элдэв засваргүйгээр хийсэн дээ.


Цэрэнбат багш үе үе томилолтоор гадаад явна. Тэр үед нь манай өмнөх тооны ангид орж байсан Даваасүрэн багш орлоно. Даваасүрэн багш өмнөх жилүүдэд Фортран хэл заадаг байсан, гэхдээ та нарт багш чинь ирээд Бэйсик хэл заана хэмээнэ. Тухайн үед би орос хэлэндээ ёстой таг, Люба багшийн үйлийг үздэг байлаа. Мөн монгол хэлний хичээлдээ тааруухан, Пунцаг багшийн аргыг бардаг нэгэн байж. Иймд бас нэг шинэ хэл үзнэ гэхээр нэг л хулгах талдаа.

Tuesday, August 14, 2012

Инженерийн ухаантай холбоотой зарим нэгэн сонирхолтой бодлогууд - хоёр

Оюутан байхад Анатолий Иванович Купрюхин гээд шар сахалтай, туранхай, гүн цэнхэр нүдээ түргэн түргэн эргэлдүүлсэн, хошин шогийн өргөн мэдрэмжтэй, даалгавараа хийгээгүй хэрнээ худлаа хариулж "бууддаг" оюутныг ихэд элэглэн шоолж хашраадаг, настайвтар багш бидэнд “ОНИ и УИР” гэдэг хичээл ордог байв. Орчуулбал эрдэм шинжилгээний судалгааны үндэс болон сургалтын судалгааны ажил гэх хичээл. Үздэг ярьдаг зүйл нь хэрхэн шинийг санаачлах вэ, патент яаж бий болох вэ, шинэ санаа яаж төрдөг вэ, технологи хэрхэн төрдөг вэ гэх мэт өнөөгийн ойлголтоор бол инноваци хэрхэн хийх вэ маягийн асуудал байж. Тухайн үед ШБОС (шинэ бүтээл оновчтой санал) гэж газар авсан ойлголт байв, үүнийг хэрхэн хийх, яаж хэрэгжүүлэх талаар их ярьдаг байв.

Хамгийн гол нь айхтар сүрхий бодлогууд бодуулна. Тогтсон томьёо, нэгдсэн арга барилаар бодох арга үгүй, сэтгэхүйн, бүтээлч сэтгэлгээний талын бодлогууд бодуулна. 1960 оны Пионерская правда дээр ийм бодлого байлаа гэж ирээд даалгавар өгнө. Ер нь тэр 60-аад онд Зөвлөлтийн шинжлэх ухаан сүрхий ахиж, математик, физик, сансар судлал гээд олон салбарт тэргүүлэх болсон нь тэр үеийн хүүхдийн сонинд тусгалаа олсон хэрэг биз ээ.

Wired сэтгүүлийг үүсгэн байгуулалцсан сэтгүүлч Кэвины бичсэн “Технологи юу хүсэж байна” номын хэдэн хуудас эргүүлж суугаад ЗХУ-н шинжлэх ухааны хөгжлийг АНУ-н технологийн хөгжилтэй, оросын академик боловсролын системийг америкийн бүтээлч сэтгэлгээний системтэй харьцуулсан хэсгийг амтархан уншаад цахим өртөөгөөр товч имэйл бичээдэхсэн нь овоо хэдэн хариу авсан хэлэлцүүлэг болсон бөгөөд Купрюхин багшийн хичээлийн талаар олон дурдатхал буцаан төрүүлж билээ.

Өнгөрсөн зун “ОНИ и УИР” хичээлийн лекцийн дэвтрийн хэдэн хуудсыг эргүүлж сонирхон сууж овоо хэдэн бодлого даалгаврыг эргэн харж ижил төстэй хэд хэдэн тохиолдол гарснаас үүдэн хэдэн зүйл энд өгүүлсү.

“Аюулаас хамгаалахын чекист их ухаалаг, хүнд гэмт хэрэгтнийг мөрдсөөр вокзалын тээш хадгаламжийн хайрцагт юм нуусныг олж мэдлээ. Ингээд хайрцгийн түлхүүр кодыг 1242 хэмээн тайлж уншаад нээсэнгүй, яагаад?” гэсэн бодлого даалгаварт өгч хариуг нь бид бодож олж дөнгөлгүй хэдэн долоо хонож билээ. Асуудлыг гол нь бодлогын тавил агуулга буюу хулгайчид бус өгөгдсөн тооны математик гаргалгаа зүй тогтолд бус шүү, та нар өөрөөр сэтгэ гэж нэмэлт тодруулга авч байж бодож билээ.

Гэтэл саяхан “White collar” гэх ТВ олон ангит цуврал үзэхээр суутал хамгийн эхэнд холбооны мөрдөн байцаах товчооныхон нууц сейф онгойлгохоор оролдож байтал код нь 629 гэж гараад сэйфийг нээхийн өмнө тусгай агент “битгий онгойлго” хэмээн хашгирсан ч нөгөө хэд дуулалгүй нээж бөмбөг дэлбэрдэг. 629 гэдэг чинь fbi гэсэн үг, биднийг ирнэ гэж мэдэж бэлтгэсэн байна хэмээн мань хүн тайлбарладаг нь цагаан толгойн дарааллаар F зургаа дахь, B хоёрдох, I нь ес дэх үсэг бөгөөд ОНИиУИР-н бодлогын хариутай санаа ижил юм. К нь цагаан толгойн 12, Г нь 4, Б нь 2 дох үсгүүд бөлгөө.

Лекцийн дэвтэрт байсан бидний бодож чадахгүй удсан бас нэгэн бодлого анхаарал татсан нь яг ижил санаа Поундстоны “Гүүглд ажиллах ухаан танд бий юу” номын нэгэн бодлогод гарсан байв. Багшийн даалгавар “ППП, ППК, ПКК, ПП, ... дараагийнх ямар дараалал вэ?” гэж байсан бөгөөд Гүүглийн техникийн ажилтан шалгаруулах бодлого “SSS, SCC, C, ... дараагийнх нь юу вэ?” гэж байв. 60-аад оны Оросын Пионерийн үнэн сонин хуулсан уу, 89 оны Купрюхин багш өөрчилсөн үү, тэрбумтан болж хөлжих ухаантай Стэнфордын оюутнууд сэтгэсэн үү гэдгийг үл өгүүлээд бодолтыг харвал П,К,S,C тус бүр прямой, кривой, straight, curve гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд монголчилбол шулуун, гүдгэр гэсэн утгатай бөгөөд А үсэг гурван шулуун, Б үсэг хоёр шулуун нэг гүдгэр, В үсэг шулуун, хоёр гүдгэр, Г үсэг хоёр шулуун шугамаар тус тус тэмдэглэгдэх тул дараагийн үсэг Д буюу таван зураас буюу ППППП бол багшийн бодлогын хариу, ABC гээд D буюу SC нь Гүүглийн бодлогын хариу байлаа.

Уямж зохиогч шалгаруулж авах ярилцлагуудад оролцох даалгавартай болж ярилцлагын талаар болон бодуулдаг бодлогуудтай зууралдсан тул хэдэн ном эргүүлж төрсөн санаануудаас энэхүү бичлэгийг хийв. Өмнө өгүүлсэн сүүлчийн бодлогын кирилл үсгийн дараалалтай бодлогыг англи үгийн тэмдэглэгээгээр илэрхийлж жиргээгээр бодуулсанд цөөнгүй жиргээч гоё бодолтууд хийж хариу өгсөн бөлгөө.

Wednesday, July 25, 2012

Инженерийн ухаантай холбоотой зарим нэгэн сонирхолтой бодлогууд - нэг

Арван жилийн хүүхэд байхдаа математик, логик болон шатрын бодлогуудад хамаг ухаанаа тавьдаг байж билээ, заримдаа бас энд тэндээс санаа харж байгаад өөрөө бодлого зохион оо. Анх намайг хоёрдугаар ангид байхад аав дөрөвдүгээр ангийн математикийн номын арын хуудаснаас, хүн бүрийн сайн мэдэх нэгэн бодлого бодуулсан нь санаанаас гардаггүй бөгөөд өдгөө хүүхэд багачуулд үе үе хэлж бодуулдаг юм.

“Тахиа туулай нийлээд 49, тэдний хөл яг 100. Хэдэн тахиа хэдэн туулай байсан бэ?” гэх энэ бодлогыг тухайн үед наймтай байсан би бодож чадахгүй бараг жил гаран болж билээ.

Гуравдугаар ангид орох зуны амралт яг дуусахын алдад нэг өглөө зориуд сууж байгаад 1 тахиа байж болох уу, 2 бол яах бол, 3 бол гэх мэтээр залхууралгүй алхам алхмаар тоо тавьж туршиж үзээд хариуг олоод ямар их баярлаж билээ дээ. Аав “яаж бодов” гээд “Хм, тун ядарсан арга, за гэхдээ зөв хариу гаргаж, болж байна. Стандарт бусаар сэтгэж сурна аа, хөө” гэж хэлж билээ. Уг ядарсан аргыг өдгөө бодоход муугүй компьютерчин (тэр үед юун компьютер гэж мэдэх, түүний сураг ажигч үгүй байлаа) болох сэтгэлгээ, хамгийн багаас эхлээд алхам алхмаар шалгах алгоритм талын зүйл санаанд буусан байжээ.

Энэ явдлаас хойш хэдэн жилийн дараа хоёр үл мэдэгдэгчтэй тэгшитгэл үзсэн оройдоо гэртээ ирээд нөгөө бодлогоо ямар амархан бодож болохыг, 4x+2y=100, x+y=49 гэж систем зохиогоод тэр дороо хариуг олоод аавд үзүүлтэл “дөрөвдүгээр ангид систем тэгшитгэл үздэггүй биз дээ, том арга хэрэглээд шараа юм” гээд “стандарт бусаар сэтгэж сур” даалгавраа дахин өгч, Д.Уртнасан ахынхаа өгсөн Бартеневын “Алгебрын стандарт бус бодлогууд” номоос битгий сал гэж билээ.

Хожим нэгдүгээр сургуулийн тооны сонгон ангид ороход ангийн багш Д.Пүрэвдорж хамгийн эхний хичээлээс дөрөвдүгээр ангийн хүндэвтэр бодлогууд улмаар тавдугаар ангийн сурах бичгийн хүндэвтэр гэрийн даалгаварт өгч, ангид нөгөө Бартэнэвийн номыг үзэж эхэлсэн дээ. Анхны хичээлүүдийн нэг дээр багш даалгавар шалгах болж, хүүхдүүдийг нэг нэгээр дуудаж эхлэв. Тэгээд миний нэрийг багш дуудан “За самбарт гар, дэвтрээ орхиод номоо бариад гараад ир, гэртээ хийснээ хуулах хэрэггүй, самбарт дахиад бодчих” гэж байна. Угаасаа даалгаврын бодлогуудаа бодоогүй, номоо ч сөхөж үзээгүй бибээр сандарсандаа даалгавраа хийсэн гээд худлаа хэлж орхисон тул дэвтрээ бариад ир гээгүйд баярлаад самбарт хүрэх замдаа бодох бодлогын дугаарыг амандаа үглэсээр номын хуудсаа нээтэл нөгөө алдарт, өмнө өгүүлсэн бодлого байдаг байгаа.

Багш “нөхөр минь, тэгшитгэл зохиохгүй шүү” гэж байна. Самбарт гараад би шууд хариуг нь биччихлээ, яаж бодсон юм тайлбарла гэхээр нь ямар нөгөө хар багийнхаа алхам алхмаар шалгаснаа хэлэлтэй биш, ар дагзаа илээд инээх зуур гялс нэг бодол харвасан мэт орж ирлээ. “Тавиас олон тахиа байх боломж үгүй, хөлийн тоо давчихна (51x2=102), 50 тахиа бас мэдээж байж болохгүй, нийтдээ 49 амьтан байгаа. Тэг гэдэг чинь тоо, тэгэхлээр тэг туулай буюу туулай огт байхгүйгээр 49 тахиа гэвэл нийт хөлийн тоо дутна. 48 шувуу, 1 тахиа яг таарч байгаа, үүнээс цааш тахиа цөөрөх тутам хоёр хөл хасагдана, нийт дүн тогтмол тул туулайн тоо өсөх хэрэгтэй бөгөөд туулай өсөх тутам хөлийн тоо дөрвөөр нэмэгдэнэ. Тодруулбал, хоёр хөл хасагдаж дөрвөн хөл нэмэгдэх буюу дүндээ хөлийн тоо хоёроор өснө. Ингэхээр нийт хөлийн дүн 100с дандаа өснө гэсэн үг. Өөр шийдэл байхгүй” гээд туучихлаа. Хамгийн товч бөгөөд гүйцэд сайн бодолт гэсэн үнэлгээ онц дүнтэйгээр авсан энэ бодолт өдгөө харахад хамгийн анхны болхи аргын ижлээр компьютерын програмчлал, инженерийн сэтгэлгээ, хязгаарын дээрээс нэг нэгээр бууж шалгах алгоритмын талын шийдэл санаад буусан байжээ.

Ойрын үед уямж зохиогч шалгаруулж авах ярилцлагуудад оролцох даалгавартай болж ярилцлагын талаар болон бодуулдаг бодлогуудтай зууралдсан тул хүүхэд насны явдал санаанд бууж энэхүү бичлэгийг хийв. Бид яг одоогоороо амьдарч буй хэдийч өнгөрсөн үетэйгээ үргэлж холбоотой, зарим зүйл ялимгүй өөрөөр дахин давтагдаж байдаг ажээ. Мэдээж миний бичсэн энэ явдлууд миний үеийнхэнд болон бусдад тохиолдсон биз, энд дурдсан бодлогыг олон хүн мэдэх санаж буй биз, сонин биш байж болох, гэхдээ нэг ингээд бичээд үлдээчих надад бас сонин байлаа.

Ярилцлагатай холбон бас нэгэн зүйл өгүүлэхэд ярилцагч нэгнээр дээрх бодлогыг бодуулахад шууд тэгшитгэл зохиогоод бодчихвол тэр хүнээ ухаалаг, академик талын стандарт сэтгэлгээтэй, ажлын сайн хийж чадах (intellegent, smart) хүн маягаар дүгнэнэ. Хэрэв тэгшитгэлгүйгээр бодож байвал сэтгэн бодох чадвар сайтай, бүтээлч сэтгэлгээний (creativity) тал илүүтэй хөгжсөн хүн байх гэсэн таамаг дэвшүүлдэг ажээ.