Friday, July 11, 2008

Та сайхан наадаарай!

"Нэгэн цагт аргамаг хүлгийн туурайгаар хөвчин дэлхийг тамгалж, ертөнцийн талыг захирч явсан баатарлаг түүхтэй монгол түмний тэсвэр хатуужил, хvсэл тэмүүлэл нь эрийн гурван наадамд тусгалаа олсон байдгаараа онцлог.

Зүлэг ногоон талбайд нь хүчит бөхчvvд уран мэхийг уралдуулан барилдаж, зүйдэлгүй номин талд нь иртэй хурдан хүлгүүд тоосоо өргөн эрийн хийморийг сэргээж, эрхий мэргэн харваачид хасаагаа бутлахыг 365 хоног хүлээсэн дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү эхэлж байна" хэмээн Өнөөдөр энэ өдрийн онлайн дугаартаа нийтэлжээ.

"Монгол түмний их цэнгэл эрийн гурван наадам дэнж хотолзуулан ид дундаа үргэлжилж байна. Хүчит бөхчүүд нь эд хаваа гайхуулж, шандаст хурдан хүлгүүд нь газар эвхэн хурдалж, эрхийдээ эрчтэй харваачид нь цэц мэргэнээ сорин наадамчин олон уухайн дуу хадааж байна" гэж News.mn сайт мэдээлжээ.

"Азарга очиж үзэж жаахан сэтгэл хөдлөв" гээд эрхэм найз (хуурай дүү) Балгансүрэн yahoo messengereer яг одоо бичиж байна. Эх нутагт наадам тун сайхан эхлэж, хотол олны сэтгэл өндөр байгаа ажээ.

Америкт амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж, сурч боловсорч, аялан зугаалж буй монголчуудад ч наадмын уур амьсгал хэдийнээ оржээ. Энэ долоо хоногийн төгсгөлд монголчууд олноор болон цөөнөөр сууршисан хот бүрт наадам тэмдэглэх гэж байна. Баруун эргийн Сан Франциско хот буюу Бэй Ариагийнхан 12-ны хагас сайн өдөр наадна. Вашингтон мужийн Сиаттл, Калифорния мужийн Лос Анжелос, мөн тус мужийн Сакрамэнто, Колорадогийн Дэнвэр, Мизурийн Сприйнфиелд, Илинойн Чикаго, Мизурийн Сайнт Лоуис, Индианагийн Блоумингтон, Вашингтон Ди Си орчмынхон ням гаригт наадам хийнэ.

Аргамагийнхан ч уламжлал ёсоор наадамын хямдралаа зарлалаа. Өчигдөрөөс буюу долодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн манай Омега20 кардын ярих хугацааг 20% нэмэгдүүллээ. Тодруулбал, $20.00-н тус картаар УБ хотын суурин утсанд 240 минут, монголын гар утсанд 140 минут ярина.

Манай argamag.com вэбээс тус картыг худалдаж авахад 3% хөнгөлөлт үзүүлж, шагналын 80 оноо өгдөг билээ. Наадам болж буйтай холбогдуулан энэ хөнгөлөлт, шагналын оноог ч нэмэгдүүлж байна. Баяр наадмаар Та 4% хөнгөлөлт үзэж, шагналын 120 оноо авна. Дараа сард ярих картуудаа энэ хөнгөлөлтийн үер худалдаж аваад хадгалсан ч болно. Америкийн эдийн засаг хүнд байгаа энэ үед Та үнэхээр ХЭМНЭЛТ гаргана шүү!

Аргамагийн хэрэглэчид ээ, Америкт амьдарч, бизнес эрхлэж, ажиллаж хөдөлмөрлөж, сурч боловсорч, аялан зугаалж буй монголчууд аа, Та бүхэн САЙХАН НААДААРАЙ!

Friday, May 23, 2008

Partnerships буюу нөхөрлөл

Нөхөрлөл хэмээн орчуулж болох энэхүү ангилал нэг бизнесийн хоёр буюу түүнээс дээш эзэмшигчтэй үед зохицуулдаг. Өмнө өгүүлсэн хувиараа эрхлэх аж ахуйтай төстэй тал нь тухайн бизнесийн болон эздийн өмчийн ялгааг гаргаж зохицуулах хууль байдаггүй. Бизнесийн шийдэл гаргах, ашиг хувиарлах, маргаан шийдвэрлэх, өөр хамтрагч нэмэх, эзэмшлийн хувь хувьцааг шилжүүлэх, худалдах, нөхөрлөлөө татан буулгах зэргийг тусгасан бичгэн гэрээ байгуулахыг шаарддаг. Амны билгээс ашдын билиг гэж ярьдаг монгол зангаар бол дөнгөж үйл ажиллагаа эхлэх гэж байж тарж бутрах талаар бодох нь амаргүй хэрэг. Гэвч эдийн засаг муудах үед нөхөрлөлүүд их тардаг болохыг олон жилийн статистик харуулдаг ажээ. Аливаа нэгэн жижиг асуудал бэрхшээл ч тэр шийдэхгүй л бол явцын дунд томорсоор байдаг тул бизнесийн эхэнд урьдчилж шийдэлд хүрсэн байх нь дээрийг ажил хэрэгч хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн хэдий хэрийн хөрөнгө оруулах, хэдэн цагийн хөдөлмөр зарцуулахаа ч урд өмнө нь тогтоот тохирчихсон байх нь зөвийг сануулах юун.

Давуу талууд
• Нөхөрлөл байгуулах их амархан, гол цаг хугацааг нөхөрлөлийн гэрээ байгуулахад зарцуулдаг, түүнээс бүртгэлийн хувьд тун энгийн.
• Олон эзэмшигчтэй байж болно. Энэ нь санхүүгийн хувьд нэг хүн байснаас мэдээж давуу.
• Бизнесийн ашиг эзэмшигчдийн хувийн татвар төлсөн орлогод шууд нэмэгдэнэ.
• Чадварлаг сайн ажилтанд хамргач болох өргөн боломж олдоно.
• Хамтрагчдын ажлын арга барил чадвараас бизнес шууд хамаарна.

Дутагдалтай талууд
• Бусад хамтрагчийн аливаа үйлдлийн төлөө хамтрагч бүр өөрийн хувийн болон хамтын хариуцлага хүлээдэг.
• Орлогоо бусадтай хуваалцана.
• Бүх хамтрагчдын хамтын шийдвэр гаргах явцад үл зөвшөөрөх асуудал их гардаг.
• Зарим ажилтны бэнэфит (энэхүү бэнэфитийн талаар хожим тайлбарлаж блогдоно) татвар бодох үед хөнгөлөлт үздэггүй.
• Хамтрагч тань нөхөрлөлөөс гарах, эсвэл бурхан болчихвол тэгээд бизнес тань нөхөрлөл ангилалд оршин тогтнож чадахаа байх буюу оршин тогтнох хугацаа дуусчихаж болно.

Нөхөрлөлийн төрлүүд:
1. General Partnership буюу ерөнхий нөхөрлөл
Удирдлага болон бизнесийн хариуцлага, ашиг болон алдагдал хувиарлах асуудлыг хоорондоо байгуулсан гэрээний дагуу шийднэ. Уг гэрээнд өөрөөр заагаагүй бол бүгд тэгш оролцоотой байдаг.
2. Limited Partnership and Partnership with limited liability буюу хязгаарлагдмал болон хязгаарлагдмал хариуцлага бүхий нөхөрлөл
Гишүүдийн ихэнх хязгаарлагдмал хариуцлага хүлээж, удирдлагын шийдвэрт хязгаартай оролцдог. Ихэвчлэн богино хугацааны төсөл хэрэгжүүлэх эвсэл хөрөнгө оруулалтаас хэтрэхгүй үед энэ хэлбэрийг сонгодог. Жижиглэн худалдаа болон үйлчилгээний бизнест энэ төрлийг нэг их хэрэглэдэггүй. Хязгаарлагдмал нөхөрлөл үүсгэх нь ерөнхий нөхөрлөл байгуулахаас илүү ярвигтай, ажил ихтэй ч олон давуу талтай энэ хэлбэрийн нөхөрлөл сүүлийн үед эрс ихсэж байна.
3. Joint Venture буюу хамтран хөрөнгө оруулалт
Ерөнхий нөхөрлөлтэй их ижилхэн, гэхдээ тодорхой хугацаанд эсвэл нэг төсөл дээр ажиллах үед хэрэглэдэг. Хэрэв бизнесээ давтах, цаашид үргэлжүүлэх бол өмнө дурдагдсан төрлүүдээр нөхөрлөлөө дахин бүртгүүлдэг. Мэдээж өөр төрлийн бизнес хэлбэрээр дахин бизнесээ бүртгүүлж болно.

За эргээд харсан чинь нилээд албаны заавар шиг зүйл болжээ. Анхлан хувиараа эрхлэх аж ахуй дээр авч байсан шиг жишээ оруулая. Баагий энэ удаа найз Оюунаагийн хамт хоолны бизнест хүч үзлээ. Нэгэнт хоёр тоглогч байгаа хойно ХЭАА тохирдоггүй, бүртгэлийн амраар нь нөхөрлөл байгуулжээ. Хотын төвийн өндөр оффисийн жижигхэн буланд зоогийн газар нээчихлээ, үдийн цайны цагаар цөөнгүй хүмүүс орж ирэх. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хийсэн хоол нь ихэд таалагдсан бөгөөд цөөнгүй нь өрөөндөө үдийн хоолны захиалга авахыг хүсдэг боллоо. Бизнесээ өргөжүүлээд дахин хүн ажилд авлаа.

Шинээр орсон Цээгий үнэхээр сэргэлэн ажээ. Нэг хоол хүргээд ирэхдээ хоёр захиалга нэмээд аваад ирнэ, нэг үйлчүүлэгчээр дамжуулаад хоёр шинэ захиалагч олоод ирнэ. Хамтрагчид ярилцаад Цээгийг нөхөрлөлийн гишүүн болголоо. Нэг азгүй өдөр Цээгий яарч сандаран хоолоо хүргэж яваад үнэтэй машинтай нөхрийг шүргээд гэрлийг нь хагалчихав. “Нот биг диэл” машины даатгалаа солилцоод тэр дороо учраа ололцчих шиг болжээ.

Хэд хоногийн дараа жинхэнэ хэрэг мандав. Нөгөө жижиг гэрэл их үнэтэй эд байж, Цээгийгийн машины даатгалын хязгаараас давчихсан байжээ. Даатгал зохих хувиа төлөөд үлдсэн нь мань хүний ачаа боллоо. Ажлаа хийж явсан байдаг, тодруулбал нөхөрлөлийн хариуцлага энд гарч ирнэ. Нөхөрлөлийн санхүү үүнийг даах чадваргүй бол хамтрагчдын өмч, нэр хүндэд халдана гэсэн үг.

За санаа зовж айх, нөхөрлөл л байгуулж болохгүй юм байна гэх хэрэггүй дээ, энэ хэлбэр Америкийн бизнес ертөнцөд хэдэн зуун жил ажиллаж л байгаа эд. Хамгийн гол нь ганцаараа биш хамтаараа бизнес хийнэ гэдэг илүү хүчтэй. Энд итгэл найдвар, эрсдэл, хариуцлага илүүтэй өндөрт тавигдана.

Хэрэв Танд энэ нөхөрлөл хэлбэр таалагдаагүй бол дараа үргэлжүүлэн бичих бусад хэлбэрийг уншаарай. Хамгийн гол нь бизнес хийнэ гэсэн хүсэл, сэтгэлээ орхиж болохгүй шүү.

Аргамаг Инкорпоратэдийг байгуулахын хувьд энд хувь нийлүүлэгчид байсан, дээр нь энэ ангилал хямдхан, амархан бүртгэгдэх байсан ч тус бүртээ өөр өөр ажилтай, өөр өөрийн тусдаа хөрөнгө оруулалт бүхий бусад бизнесүүд бидэнд байсан тул уг ангилал тохирохгүй гэж үзсэн юм.

Tuesday, April 22, 2008

Монгол бизнесийн уулзалт Чикагод болно



Монголын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Америк дахь Монголчуудын худалдааны танхим хамтран АНУ-д болон Чикаго орчмын бизнес эрхэлдэг монголчууд АНУ-Монголын бизнесийн гуравдугаар форумд Монголын талаас ирж оролцож буй төлөөлөгчидтэй хийх уулзалтыг Чикаго хотноо зохион байгуулах гэж байна.

Уулзалт 2008 оны 4 дүгээр сар 26-ны бямба гаригт 15.30 цагаас болно. Уулзалтын үер ГХОГХА-н орлогч дарга Г.Дугаржав Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, өнөөгийн байдал, гадаадад бизнес эрхлэгчдийн боломж, давуу тал зэрэг асуудлыг хамруулсан танилцуулга хийнэ. Мөн танхимын зүгээс танилцуулга хийж танхимаас хийсэн, хийж буй ажлуудын талаар ярилцана.

Түүнчлэн монголын бизнесийн төлөөлөгчдөөс мэдээлэл хийж, Чикаго орчимын бизнес эрхэлдэг монголчуудаас өөрсдийн бизнесийн талаар ярьж, туршлага солилцож, хамтран ажиллах боломжуудаа илэрхийлэх юм байна.

“Уулзалтын үер ГХОГХА болон манай танхимын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэнэ. Бид ноднин жил Чикагод анхлан зохиосон чуулган уулзалттай ижил хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна. Миний хувьд ч бас нэг жилийн хугацааны танхимын ажлыг бизнес эрхэлдэг монголчуудтайгаа ярилцаж хэлэлцэх, тэдний санал, хүсэлтийг биечлэн сонсож хүлээж авах боломж гарч байна. Түүнчлэн энэ үеэр танхим шалгаруулсан шилдэг бизнесээ зарлаж шагнал гардуулна. Удахгүй болох танхимын энэ жилийн ээлжит чуулганд энэ уулзалт ихээхэн хэрэг болно оо” хэмээн танхимын тэргүүн Э.Жагдагдорж ярилаа.

Чикаго орчимын бизнес эрхэлдэг болон бизнес хийхээр төлөвлөж байгаа, энэ чиглэлээр сонирходог монголчуудыг уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна. Уулзалт ямар нэг төлбөргүй.

Уулзалт болох газрын хаяг : 350 E. Dundee Rd., Wheeling , IL 60090. Хаяг болон хүрэх замын талаар (847) 229-9595 утас, (847) 229-1919 факсаар Болор, Ундрам нараас асууж лавлаж болно.

Уулзалтын талаарх бусад асуудлаар болон уулзалтад танилцуулга, яриа хийх сонирхолтой бизнесүүд contact@monamerchamber.org имэйлээр хандаж болно.


Америкийн Монголчуудын худалдааны танхимын ажлын хэсэг

Friday, April 18, 2008

Блоггүй хэд хоног

За хөө, блогоо нээлгүй бас л олон хонож дээ. Тийм л их завгүй явсан юм байлгүй дээ. Wow, хоёр сар гаран болсон байна ш дээ. Амьдрал өрнөөд блогдох зүйл зөндөө байсан ч цаг зав үнэхээр хомс байжээ.

Texas мужаар долоо хоног тэнэсэн байна. Далайн эргээр алхах богино хугацаанд ч гэлээ тун сайхан амралт болсон. Houston Rockets, Sacramento Kings-н тоглолт үзэж, хоолойгоо сөөлгөсөн. NASA ч бас агуу юм билээ. Блогдох зүйл мэдээж маш их байгаа, нөгөө л зангаараа :-) дараа тодорхой үргэлжүүлнэ ээ.

Атланта бас тэнээдэхлээ. Ази судлалын хурал гээд жилдээ аймаар юм болдог юм. Монголчууд юу гэж дутах вэ, бөөрөнд нь наалдаад Монгол судлалын Америк дахь хоёр ч байгууллага энэ үер жилийн чуулганаа хийгээд авна. Энэ жил их онцлогтой. Америкийн Монголчууд өөрсдөө өөрсдийгөө судалж чаддаг болсоноо харуулж бүтэн панел бүрдүүлж, удирдаж хийлээ. Вашингтон Ди Си-д байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг Монгол соёлын төвийнхөн М.Саруул-Эрдэнэ, Ц.Наранцэцэг энд маш их зүтгэл гаргасан. Америкийн онголчуудын худалдааны танхим хийсэн судалгаагаараа илтгэл тавьсан нь олны анхаарал маш ихээр татлаа. Мизурийн их сургуулийн доктор оюутан Я.Борчулуун, Сиатл хотоос сэтгүүлч, судлаач А.Оюунгэрэл бид уг судалгааг хийсэн. За хурлын сонин сайхан, судалгааны талаар хожим дэлгэрэнгүй блогдоё :-).

CNN төв оффисоор орохыг үнэхээр их мөрөөддөг байлаа, биелсэн шүү. Coca Cola-гаар ч ороод авсан. Тэнд ундаа гэхээсээ илүүтэй америк амьдрал, хэв маягийн түүхийг илүүтэй хараад авсан шүү. Бизнесийн, маркетингийн, зар сурталчилгааны бүрэн хичээлд суугаад авах шиг болж байна лээ.

Чикаго хотод Монгол радио үйл ажиллагаа авуулдаг, нэвтрүүлгээ цацдаг болоод удаж байна. Америкийн монголчуудын худалдааны танхимынхан ихээхэн ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаа. Манай зөвлөлийн гишүүн хуульч Г.Ганзориг ах, даатгалын Я.Өлзийболд сайхан ярилцлага өгсөн байгаа. Интернэтээр сонсож ч болно. Би ч гэсэн нэг яриад авсан, гэхдээ найз нөхдөөс санал анхааруулга их ирж байгаа. Товч тодорхой ярьж сурах хэрэгтэй гэсэн зөвлөгөө л их байгаа даа.

Гадаадаас орж ирдэг ярианы үнийн талаар ийм үйлчилгээ эрхэлдэг монголын компаниуд сүүлийн хэд хоногт нилээд хөл хөдөлгөөнтэй, идэвх санаачлагатай байна. Тэд үнэ унагадаг буруутанг олох гээд их хөл болж байгаа ажээ. Мэдээж дундаас нь хэн нэг нь эсвэл хэд нь үнээ үе үе буулгаж орхидог биз. Шалгалт хяналт нь амжилттай дуусч буруутан олдох нь чухал бус хамгийн гол нь бие биеэ ойлголцож, зөв шийдэлд хүрч, хамтын тоглолт хийж чаддаг болоосой билээ.

Вашингтон Ди Си хотноо энэ сарын 23 - 24 Америк Монголын бизнес гуравдах форум болох гээд энд хөл хөдөлгөөн, ажил төрөл ихтэй улс зөндөө. Форум ноднин жил аялал жуулчлалын чиглэлээр болж байсан бол энэ жил эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга, уул уурхай гээд хэд хэдэн салбарыг хамарч буй юм байна. Монголоос ирж оролцох бизнесийнхэнтэй Чикаго хотноо Америкийн монголчуудын худалдааны танхим уулзалт хийх гээд мөн л ажил их. Уулзалтын зар, мэдээг удахгүй блогчдод хүргэнэ ээ.

Дараагийн форумд мэдээллийн технологийнхоныг хамруулахыг санал болгоод амжсан шүү!

Wednesday, February 13, 2008

Хувиараа эрхлэх аж ахуй

Энэ удаа АНУ-д бизнес эхлэх, эрхлэх, эзэмших талаар жаал өгүүлье. Аргамаг Инкорпоратэдийн жишээн дээр түлхүү тайлбарлахыг хичээнэ ээ.

АНУ-н муж тус бүр өөрсдийн хуультай онцлог энд бизнес дээр ч түлхүү харагддаг. Аливаа бизнес нэгдсэн улсын хуулинд захирагдах тул ерөнхийдөө ижил байдаг ч, зарим муж, орон нутгийн хуулиас хамаарч өвөрмөц байх нь элбэг. Би өөрийн амьдарч буй болон жижиг бизнес эрхэлж байгаа Мизури, Иллиной мужуудын жишгээр тайлбарлая. АНУ-н бусад газруудаар ерөнхийдөө ижил байна биз ээ. Нэгэнт блогтоо бүх зүйлийг дэлгэрэнгүй багтаахгүй тул асуулт гарвал над руу имэйл бичиж болно, мөн энэхүү бичлэгт коммэнт үлдээх замаар асууж болно оо.

Хамгийн энгийн нэгж бол Sole Proprietorship буюу хувиараа эрхлэх аж ахуй. Монголын хуулиар ч гэсэн ийм ангилал байсан, компанийн шинэ хуульд заагдаагүй ч уг ангилалаар бизнес эзэмших явдал монголд байсаар байгаа. Түүнтэй ижил төстэй эд.

Иллиной мужийн хувьд "Illinois Assumed Name Act" гээч хуулиар зохицуулагдаж, бизнесийн бүртгэл хийгдэнэ. Ажил үйлчилгээ эрхлэх тухайн каунти (аймаг)-д бүргүүлэхэд хангалтай. Бусад ангилалын бизнесүүд шиг олон форм анкет бөглөж, тал тал тийш хандахгүй.

Ихэнх тохиолдолд тухайн хүн өөрийнхөө нийгмийн даатгалын дугаарыг давхар хэрэглэдэг. Нийгмийн даатгалын дугааргүй, авах боломжгүй хүний хувьд уг ангиллаар бизнес бүртгүүлээд такс айд буюу татварын дугаар авч болдог тул гадаадынхан энэ ангиллаар жижиг бизнес бүртгүүлэх нь их элбэг. Сүүлийн үед манайханы дунд такс айд авч өгнө гэсэн зар их тарж байна. Дээрх боломжийг хэрэглэж байгаа нэг жишээ л дээ.

Мөн бүртгэлийн зардал маш бага нь яах аргагүй давуу тал. Миззури мужид $5.00 төлөөд л бизнесийн нэр бүртгүүлэхэд хувиараа эрхлэх аж ахуй болчихдог. Бусад мужуудад ч энэ хавийн үнэ өртөг байгаа байх. Иймд англи хэлний анхан шатны мэдлэгтэй байхад өөрөө хийчихэж чадах ажил. Гэхдээ форм бөглөх явцдаа элдэв жижиг алдаа гаргачихаад ээрэгдэж байхаар туршлагатай нэгэнд багаахан төлбөр өгөөд туслуулчихад буруудах юу байх билээ.

Америкт хувь хүн гэрээрээ бизнес хийх, бизнес нь жижигхэн, олон ажилтангүй үед энэ хэлбэрийн ашигтай тал маш их бий ч хамтрагчтай нийлж бизнэс эзэмших үед уг ангилал зохицуулж чаддаггүй.

Бас нэг тааруухан тал нь хувиараа эрхлэх аж ахуйн удирдлагын болон хариуцлагын бүх асуудал эзэнтэй холбоотой. Үйл ажиллагаагаа хэрхэн явуулахаа эзэн өөрөө мэднэ. Хэрэглэгч, харилцагч, засаг захиргааны байгууллагууд болон шүүхийн өмнө эзэн өөрийн бизнесээ бүрэн төлөөлнө гэсэн үг. Тухайлбал, Баагий цэвэрлэгээний бизнес сонирхож Баагий Клининг Сервис компаниа байгуулаад амжилттай ажиллаж байлаа. Нилээн супер баян нөхөр гэрээ цэвэрлүүлдэг болов. Хооллодог ширээ нь хэдэн саяын үнэтэй энэ нөхрөөс авдаг төлбөр бусад хэрэглэгчдийн нийлбэрээс ч илүү. Мань Баагий ажилтан нэмж авлаа гэж төсөөлөе! Нэг азгүй өдөр шинэ ажилтан нөгөө үнэтэй ширээний булан дээр химийн бодис ганц дусал унагачихад компани дампуурч магад юм. Компаниар ч зогсохгүй эзэн бөөн өрөнд орж баларна. За битгий ай :-), ийм байдлаар сэргийлэх арга зөндөө бий. Даатгал гэж нэг сайхан юм байна. Мөн өөр төрлийн эзэмшлийн эрхтэйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулж бас болно. Ийм өөр төрлийн талаар дараа өгүүлнэ ээ.

Аргамаг Инкорпоратэдийг байгуулахын хувьд бид хувь нийлүүлэгчид байсан тул уг ангилал тохироогүй юм.