Sunday, July 26, 2009

Мөнхбаатарын сэтгэгдэлд хариулах нь

Мөнхбаатар аа,

Блогт сэтгэгдэл үлдээсэнд байрлалаа. Нээлттэй эхийн талаар өргөн ярилцах хэрэгтэй гэж чи зөв хэлсэн байна. Монгол мэргэжилтнүүдийн хувьд энэ нэг ч их шинэ зүйл бус хэдэн жилийн тэртээгээс энэ талаар ярилцаж, санал солилцож байгаа. Өдгөө нээлттэй талаас ч хаалттай байгаа салбарт ч аль алинд нь монгол хүний ажил гэж хэлчихээр зүйл зөндөө бий болжээ. Ялангуяа нээлттэй эхийн талд монгол гэх зүйлс элбэгшиж, элдэв программ, системийн монгол хувилбар бий болж, орчуулж хөрвүүлсэн ном, сайтууд ч олширч буй нь үнэхээр сайхан. Жишээ нь, Гомбо (Уул нэр нь Ганболд л доо, оюутан цагаас ийм нэрлээд заншчихаж. Бид нэг сургуульд Гомбо маниас хоёр курсийн ард сурч байсан, эртний найзууд) маань уржигдар мессэнжерээр холбогдлоо. 10-д жилд нээлттэй эхийн талаар маш их юм хийжээ. Ялангуяа freebsd-р үнэхээр ихийг амжуулсан байна.

Гэхдээ нээлттэй эхийнхэнээс жингийн нөгөө талыг эрс эсэргүүцэгчид маш их байна. Тэгэж туйлширч болохгүй л дээ. Та бүхний наад болохгүй, үгүй, таарахгүйд чинь хэрэгтэй авчихаар зүйл их бий туйлшрахгүйгээр хослуулж байж амжилтад хүрч байна аа гэдгийн газар дээр нь үзэж хараад, амталж амьдараад буй туршлагаасаа хуваалцаж хүмүүст хүргэх гэж байгаа нь энэ.

Урьд өмнө маний санаж харж байгаагүй сонин цэгээс харж ажиглаж бичсэн зүйлсийг чинь унших таатай байлаа. Microsoft-д дургүй талаас хэлсэн санаа чинь миний хувьд их сонин санагдлаа. АНУ-с бусад газар зүгээр л энэ нэрийг дуулаад “No” гэх нь нээрээ элбэг шүү дээ. Миний бодож байгаагаар энэ нь глобалчлал ( даяарчлал гээд байгаа байх аа)-г эсэргүүцэж буйгаас гарч байдаг биз. Ихэнх газар глобалчлал гэхээр америкчлал гэж хардаг л даа. Энэ ч үнэн талтай. Дэлхий даяар Кола ууж, Макдоналдс гээд нэг тааруухан тосонд тааруухан мах татаж шараад тааруухан талханд хавчуулчихсан идэж суух. Сая хөөрхий Жэксоныг өөд болоход хичнээн ч хүн гашуудав. Нэг хар Ерөнхийлөгчтэй болоодохсон чинь дэлхий даяар сүйд боллоо. За тэгээд кофе гэж мэдэхгүй япончуудыг, цайнаас өөрийг үл тоох асан англичуудыг, кофе уух хэдэн зуу, мянган жилийн зан заншилтай арабчуудыг хэн одоо Старбакс уудаг болгочихов оо? Юу хэлэх гээд байна вэ гэхээр McDonald's, Coca Cola, Hollywood, MTV, Starbucks дэлхийг америкчлагдаж буйд гол нөлөө үзүүлж буй. Microsoft ч яг ижил. Ажлын арга барилаа дасал болсон франц, англи, итали, испани маягаараа биз америк сэтгэлгээгээр сольчих гээд байна аа энэ европчууд.

Тэгэхээр одоо яах уу? Оюуны хөдөлмөрийг дээдлэнэ, хүний өмчийг хамгаална гэдэг улсууд Майкрософтийн коре бизнесийг хуулбарлаж болохгүй дээ. Өөр технологи, өөр санаа хайх нь аргагүй. Үүнд нь нээлттэй эх их дус дэм болж байгаа. Нээлттэй эх АНУ-с гаралтай ч гэлээ хүний гайгүй сайн боловсорсон зүйл дээр суурь хийгээд өөрсдийн бүтээгдхүүн бий болгох нь хэрэгтэй байдаг биз. Хятадууд, европийнхон бүгд л хошуураад зүтгэж буй биз. Магадгүй нэгэн цагт Майкрософт мэт гиганттай мөр зэрэгцэх бизнестэй болно ч гэж буй биз ээ.

Мөн хүмүүсийг хоёр хэсэгт хувааж байгаа чинь ч бас л өвөрмөц сэтгэлгээ болжээ. Би лав ингэж ангилж үзээгүй юм байна. Ер нь миний аливаа ангилал хоёр дээр зогсож чаддаггүй, заавал олон ангилал үүснэ эсвэл нөгөө хоёрын чинь дунд холион бантан үүсчээд байдаг юм. Тухайлбал, чиний хоёр ангилалын алинд нь мань багтахыгаа тогтоож барсангүй.

Мань одоо тооцуурыг хэрэглэдэг нэгэн. Миний ажлыг хөнгөвчлөөд, хэрэгтэй зүйлийг хийж байвал дотор нь юу байгаа, яаж ажиллаж байгааг үл тооно. За яг үл тоох ч биш ээ, ерөнхий зарчмыг нь гадарлаж буй ч тэр бүр дотогшоо ороод байх цаг зав, боломж үгүй. Тухайлбал, мань гэртээ Windows Home Server хэрэглэдэг. Хэдийгээр өмнө нь Suse, RedHat хэрэглэж байсан, одоо ч ажиллаж байгаа ч Windows нь хэрэгцээг минь илүүтэй хангаж байгаа болохоор зүгээр л аваад хэрэглэчихсэн хэрэг. Одоо гэрт минь байгаа бүх компьютер автоматаар шөнө бүр бэкап (backup) хийгдчихнэ. Аль нэг компьютер ямар нэг шалтгаанаар эвдрэхэд уг сервэрээс бүх мэдээллийг сэргээчихнэ гэсэн үг. Мөн вирус, хорхой энээ тэрээс хамгаалах програмууд мөн ижил маньгүйгээр шинэчлэгдээд ажиллаж л байна. Xbox 360 тоглоом мөн үүгээр холбогдоод элдэв шинэчлэл нь хийгдэнэ, вэб харна, дуу татаад авчихна, элдэв кино үзчихнэ. Зөвхөн тоглоом биш жинхэнэ энтэртайнмэнт гээч чинь болно. Бусдын ижил мөнгөний гачлантай амьдардаг хойно, мөн хар багаас сурсан хааяа хүний юм зөвшөөрөлгүй туучих зангаа ч бас тавиагүй тул хулгайн кино нэтээр тэнэж явахад нь олоод үзчихнэ.

За эдгээр нь манийг нэгдүгээр ангилалд хамрахыг үзүүлэх байх. Тэгээд ч чиний дүгнэснээр Windows хэрэглэхийг илүүд үзэж буй биз ээ :-).

Гэтэл хоёрт бас ормоор санагдаад байх. “Компьютерийн хөгжилд өөрийнхөө амьдралыг зориулж амьдарж байгаа хүмүүс” гэдэг дэндүү гоё, маньд илүүтэй ойр санагдаад байх. Нэгэнтээ Баатар ах (баруун эргийн, цахим өртөөний гэхээр хүн бүр андахгүй дээ. Блог нь http://shbaatar.blogspot.com/) “бид чинь одоо дэлхийн хэмжээний шийдэл хийж яваа улс шүү дээ” гэсэн нь маньд их таалагдаж үе үе хамраа сөхөхөд хүргэнэ. Америкийн хамгийн том даатгалын бизнесийн мэдээллийн технологийн асуудлыг шийдэлцэж буй Баатар ах, Майкрософтын Өлзий нарын зургаан нөхөд, Яахоогийн Сувдмаа, Илиоснэтворкийн Амгаа, Тэмпл их сургуулийн Ундрах, Мизурийн их сургуулийн Бороо гэх мэтчилэн Гүүгл, Амазон, Эдоби-д буй монголчууд нараар бахархал ч төрдөг. Би эдний дунд гэхээр зүрх ч огшоод ирнэ дээ.

90-д оны дундуур Балгаа нарын нөхдүүдтэй нийлж Микрософтод захиа бичиж “ө”, ”ү” үсэг нэмүүлчих санаатай, Боролдой, Гээеэ нарын хамтаар Микрософтийн Москва, Бээжингийн салбаруудын хаалга татаж явсан үе ч дурсагдах. Тэр үед юун юникод байлаа шүү дээ. Юникодтой болоод харин сайхан болсон доо. Хуучин монгол үсэг ч үүнд хамарсанд их баяртай байдаг. Микрософт дэлхийг амерчлахдаа бас маниусийг хамруулаад манай бичгийг мөнхөлж буй хэрэг л дээ. Энэ ажилд харин Эрдэнэчимэг (блог нь http://erdeelym.blogspot.com/) багшийн үүрэг хамгийн өндөр байсан. Дахин дахин давтахад энэхүү ажлын тань төлөө Эрдэнэчимэг багш Танд их баярлаж явдаг шүү. Хэзээ нэгэн цагт нүүр тулж гар барин танилцах үе ирнэ ээ гэж санаж байгаа.

Тооцууртай, програмчлалтай мань холбогдсон нь энэ бичээд байгаагаас өмнөх явдал л даа. Есдүгээр ангид байхад Цэрэнбат багш бэйсик хэл манай мэргэжлийн хичээлээр зааж тэр зун нь бид математик, тооцоолох мэдээллийн хүрээлэнд Мексикт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн хамтаар дадлага хийснээс эхлэх байх. Дараа жил нь Бадарч багш, Эрдэнэбаатар багш, Сүхээ ах нарын нөхөд манай сургуулийн нэг өрөөнд “Пионер” гээч тооцуур угсарсан нь яах аргагүй их дэм болсон. Гэхдээ яг үнэндээ би энэ багтай нэг их ажиллаагүй юм. Тоонд илүү татагдаж, улсын, олон улсын олимпиад, бэлтгэл гээд цаг зав таарахгүй цөөн удаа хулгана могой тоглохоос хэтрээгүй санагдана. Хожим нь НЭТИ-д суралцаж төгссөн нь амьдралыг минь яах аргагүй тооцууртай холбосон доо. Оюутан байхдаа элдэв код нухаж, оюутаны эрдэм шинжилгээний багуудад хоёрдугаар курсээсээ хамрагдаж, си хэлийг багш нартайгаа цугтаа судлаж, үе үе багшдаа зааж зааж сагсуурч явжээ. Сүүлийн жилүүдэд нь DOS, RSX, Windows 2.0-д кирил үсэг хэрэглэх талаар сүрхий ажилласан нь сургууль төгсөөд эх орондоо амжилттай хөдөлмөрлөхөд үнэхээр их тус болж билээ. Дипломын ажлаараа маань хуучин монголоор DOS-д ажилладаг програм бичсэн нь нэг чулуу болгочихоор одоо ч санааны мухарт зүүгдээстэй хэвээр явдаг. Тухайн үед Norton Commander гээд нэг цэнхэр дэлгэц хаа сайгүй хэрэглэдэг байлаа. Windows гарч ирээд энэ алга болсон доо. Мань үүнтэй ижил гэхдээ хуучин монголоор гардаг эд си дээр хийсэн нь тэр.

За ер нь тооцуур, мэдээллийн технологитой холбогдох хорхой төрсөн үе минь бүр үүнээс ч өмнө хаа тэртээ тав зургаан настайд анх удаа тооны машин үзсэнээс ч эхэлсэн байж магад. Энэ талаараа хүүхдүүддээ зориулж жижиг тааруухан өгүүллэг тэрлэсэн нь ч бий. Ер нь блогтоо нэг тавих юм байна даа.

Ингэхээр мань хоёрдугаар ангилалд мөн хамрагдаж болохоор байгаа биз, Мөнхбаатар аа?

Tuesday, July 21, 2009

Дөлөөтэй мэтгэлцэж, тэрслүү үг чулуудах нь

http://www.dulmandakh.com/ гээд мань нилээд их орж уншдаг сайхан блог байдаг. Хөтлөгч нь Дөлмандах гээд гайгүй сайн мэдлэгтэй, харилцан чатлахад урамтай, хэлж буй зүйлийн цаад санааг олоод харчихдаг сүрхий хүү бий. Хийж буй бодож буй зүйлийнх нь талаар эсрэг байр суурь илэрхийлэхэд сүрхий сайн хамгаалж, мэтгэлцэж, ухаанаа уралдуулдаг нь ажигдагдана. Товчдоо, мэдээлэл холбооны технологийн Монгол хөрсөнд нээлттэй эхийн системүүдийг суулгах үр цацаж яваа нэгэн.

Дөлөөгийн санаж сэдээд ажиллаж буй нээлттэй эх гээчийн үр ашгийг мань мэт нь чамгүй хүртдэг. Мань хүнийг болон найз нөхдийг нь бүрэн дэмждэг ч үе үе эсэргүү, тэрслүү бичлэг маниас их гардаг юм.

Ер нь манай Номингийн багшийн зааж буй өөрийн эсрэг байр сууринаас ч сайн бичиж чаддаг байх хэрэгтэй гэсэн нь (Номингийн Wii тоглоомын талаар бичсэн эссэний тухай өмнөх бичлэгт бий) маний санаж явдагтай тун таардаг. Тэртээ жилүүдэд Ардын эрх сонинд ажиллаж, Өнөөдөр сониныхонтой холбогдож, олон шар хэвлэлийнхэнийг технологиор бойжуулалцаж байх үед мөн олонтоо дуулж сонсож явсан ч биз.

Ингээд тун саяхан Дөлөөгийн нэгэн бичлэгт тавьсан асуултууддаа би өөрөө хэрхэн хариулахаа блогчидтойгоо хуваалцья. Дөлөөгийн нийтлэл, мань хүний болон бусад улсуудын хариултыг Дөлөөгийн блогоос үзээрэй! Дөлөөд тавьсан асуултуудад мань өөрөө хариулбал:

Өөрийн туршлагаас үзэхэд манай компани Windows-с болж надад зарцуулж буй зардал нь нээлттэй эхийнхээс гарч буйгаас бага байдаг. Мэдээж би Windows-н үйлдлийн системийн төвшинд өөрчлөлт хийж чадахгүй, гэхдээ Windows-н суурь функц, нэмэлтүүдийн хамтаар нээлттэй эхийн програм хангамжуудаас огт дутахааргүй систем бий болгодог. .NET гээч технологи, C# хэлнүүдийн талаар цухас дурдаад байна л даа. Энэ системүүдийг анхлан худалдаж авахад төлбөр хийдэг. Мөн сургалтад хамруулах төлбөр хийж өгдөг. Жил бүр service package буюу нэмэлт үйлчилгээний хөлс төлнө.

Зөндөө төлбөр байгаа биз? Яагаад тэгвэл манай компанийн удирдлагууд ийнхүү илүү зардал гаргадаг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүмүүс систем солих нь илүү зардалтай гэж тайлбарладагтай санал нийлэх ч өөр бас бус ил тод хэлэгдээд байдаггүй тайлбарууд байдаг.

Ганц нэгийг нь тодруулбал аливаа бизнес хувь хүнээс тэгтэлээ их хамаарч болохгүй юм. Хувь хүн ажлаа сольж болно, ажлаасаа уйдаж болно, архи уугаад зугаацах ч эрхтэй шүү дээ. Энэ үед хэн нэгэн өөр хүн ирээд л нөгөө нээлтэй эхийг эхнээс нь компайл хийгээд унах уу? Эсвэл Микрософт гэдэг компани энэ асуудлыг хариуцсан нь дээр үү? Байгууллага байгууллагатай харьцах нь маш илүү найдвартай гэсэн үг. Нэмж хэлэхэд компанийн ажилтнууд өөрийн бүтээгдхүүнд хамааралтай ажил гүйцэтгэхээс тэр бусдын хэнээс ч илүү хийгээд байгаа зүйлтэй хутгалдаад тэднээс илүүтэй юм хийчих гээд гүйгээд байхгүй л дээ.

Бас нэг зүйл нь нэмж тодруулахад аливаа бизнес технологи нь үнэтэй бус хүн нь үнэтэй гэж үздэг. Тодруулбал, миний зардал windows авч хэрэглэснээс илүү гарна. Цалингаас гадна байх элдэв бусад зардлуудыг хэлж байна л даа. Benefit гэдэг юм энд бол. Жилдээ хэдэн цагийн цалинтай амралт өгөх вэ? Нийтдээ хэдэн цаг цалинтайгаар богино хугацаатай буюу эмчийн магадлагаагүй өвдөж болох вэ, эмчийн магадлагаатайгаар хэдэн цаг цалинтай өвдөж болох вэгээс эхлээд тэтгэвэрийн санд компани хэдийг төлөх вэ, компанийн ашиг орлогоос эсвэл хувьцаанаас хэдийн хэрхэн авах вэ гэх хүртэл өргөн асуудал хамрагдана. Мөн амь даатгал, мэргэжлийн сургалт, түүнтэй холбоотой гарах замын зардал, хоол хүнс, байр сууц гээд үргэлжлэнэ.

Нээлттэй эхийн систем нь өөрсдийн дотоод боловсон хүчинд илүүтэй найдсан, тэднийг түшиглэж, тэднээс хамаарсан асуудал болдог. Бизнес модель талаас нь харвал шүү дээ. Ингээд хүн илүү үнэтэй, хувь хүнээс байгууллага илүү найдвартай, компанийн ажилтнууд үндсэн бизнэстэй зууралдаж үндсэн бүтээгдхүүний өртөгийн нэмэгдүүлэхээс гадны сайн хийж буй бүтээгдхүүнийг давтах сайжруулахад зарцуулагдах нь буруу гэдгийн нэмээд мөнгөөр илэрхийлчихвэл систем солихоос хамаагүй өөр тоо гарна. Систем солих бол ёстой жоохон зардал.

Нээлттэй систем дөнгөж хөгжиж эхлэж буй харьцангуй шинэ зүйл л дээ. Мэдээллийн технологийн бизнес хийдэг core business буюу үндсэн бүтээгдхүүн нь уг салбарынх, түүнчлэн өөрсдийн хангалттай сайн боловсон хүчинтэй томоохон газрууд нээлтэй эхийг хөгжүүлэхэд тун эрчимтэй хувь нэмэр болж байгаа. Бусад салбарын хувьд урт удаан хугацаанд зардал багатай арга зам нь яах аргагүй хөгжөөд удаж буй бусдаас илүүтэй бүтээгдхүүн нийлүүлээд зах зээлийг эзэлчихсэн, элдэв суппорт дэмжлэгээ чанартай сайн үзүүлэх тодорхой системтэй болчихсон Микрософт мэт нь болдог. Энэ талын зах зээлээ ч сайн олоод харчихсэн Микрософт, Адоби, АйБиЭм, Оракл мэт нь барьцаа улам ахиулна уу гэхээс юу гэж зайгаа зүгээр өгөх билээ. Зайгаа хадгална гэдэг нь бизнесээ улам хөгжүүлнэ, бүтээгдхүүн үйлчилгээгээ улам сайжруулна, хэрэглэгчдээ улам ойртоно гэсэн үг.

Windows-р жишээлж буйгаас эх нь нээлттэй бус бүтээгдхүүнд гардаг зардлуудын талаар хэлсэн нь энэ бөлгөө. Хариултынхаа товч хэлбэрийг давтвал:

- Windows хэрэглэхэд зөвхөн худалдаж авахаас гадна олон зардал гардаг. Гэхдээ урт удаан хугацаанд авч үзэхэд барууны ихэнх компанийн хувьд нийт зардал нь нээлттэй эхийнхээс бага байгаа. Манай байгууллагын стратегийн төлөвлөгөө 5, 15, 30 жил гэж хийгддэг бөгөөд тэнд буй тооцоо ч үүнийг батладаг юм. Гэхдээ бид нээлттэй эхээс огт татгалзаж буй биш бөгөөд харин ч чамгүй хэмжээгээр хэрэглэж, хөгжүүлж байдаг.

- Нээлттэй эхийн програмуудыг үнэгүй татаж аваад хэрэглэхээр ямар ч зардалгүй байгаа гэж үзэж болохгүй. Мэйнтэнэнс зардал харьцангуй өндөр гардаг. Ялангуяа нууцлал, хамгаалалт, гадны дэмжлэг талаасаа зардал өндөртэй.

- Системийг тохируулж өгч буй ажлын талаас нь харвал ижил төрлийн шийдэл хийхдээ надаас хамаарахгүй ажлын хувьд дундажаар нээлттэй эхийн програмуудад би илүү цаг зарцуулдаг. Microsoft болон IBM-н хувьд тэд миний надаас хамаараагүй асуудлын шийдэж өгдөг. Жишээ болгоход, манай нууцлал алдагдаж онлайн худалдаанаас алдагдал гарвал IBM төлбөрийг нь барагдуулна. Имэйл удаад бизнес алдагдал хүлээвэл мөн л IBM хариуцна. Харин миний зохиосон програмаас болж элдэв алдагдал бусдад учруулсан бол манай компани IBM-д төлбөр хийнэ, тэд цааш нь дажуулна гэх мэтээр хариуцлага тооцогдоно. Аливаа хохирол хуульчиар дамжаад шүүх энээ тэр болбол хувь хүн хариуцаж барахгүй хэмжээнд хүрдэг тул хувь хүнээс байгууллага илүүтэй хариуцлагатай гэж үзэх нь аргагүй.

- Эцсийн хэрэглэгчид аль ч системийг нь хэрэглэсэн цаг хугацаа бараг ижил зарцуулдаг.

- Өндөр мэргэжлийн нисгэгчийг илүүтэйд үзэлгүй яахав. Залуудаа заавар бариад л өөрөө нисчихийг огтхон ч эргэлзэхгүй сонгох байжээ. Одоо бол хариуцлага гээчийг илүүтэй ухамсарлах боллоо. Цуг нисэх 200 гаран хүмүүс, ард нь хань ижил, үр хүүхэд, эцэг эх гээд шууд хамаарах 500 гэр бүл байгаа гэж бодохоор миний мөрөөдлөөс давсан хариуцлага гараад ирж буй юм. Яг үүнтэй ижлээр би Microsoft, IBM-д илүүтэй итгэдэг. Тэдний дунд нь алхаж, өндөр бэлтгэгдсэн мэргэжлийн нэгэн байхыг хичээдэг.

Monday, June 1, 2009

Эх үрсийн баярын мэнд хүргэе!

Жилийн жилд эх үрсийн баярын үер Аргамагийн яриа эрс нэмэгддэг ч энэ удаа тэгтэлээ огцом их байсангүй. Жирийн векэндийн хэмжээнд байсан нь монголчууд баяраа мартсан хэрэг огт биш л дээ. Харин энэ удаа онлайн худалдаа маш их нэмэгдэж гурав хоногт жирийн үеийнхээс 75% илүү байлаа. Олон карт худалдсан мөртлөө яагаад яриа бага байгаа юм бол хэмээн гайхан суух үед Чикагогийн 847-***-**** дугаараас нэгэн хэрэглэгч утасдлаа. Өмнө нь утсаар ярилцаж үзээгүй хүн байх, гэхдээ манай онлайн системд гурван жилийн өмнө бүртгүүлсэн чамгүй олон карт худалдаж авсан хэрэглэгч юм.

Энд бичих болсон гол шалтгаан нь мань хүн Аргамагийнханд талархал илэрхийлж, эх үрсийн баярын мэнд хүргэсэн юм. Мань хүн хэлэхдээ "Танай картаас энд байгаа найз бүртээ нэг нэгийн худалдаж аваад баярын бэлэг болгож өглөө. Ноднин хэдэн эмэгтэй найзууддаа бэлэглэж байсан. Энэ жил эрэгтэй улсууд ээждээ, эхнэртээ, үр хүүхдүүдтэйгээ залгаад яриг гэж бодсон. Маш олон найзууд гоёо бэлэг болсон гээд надад талархал илэрхийллээ. Үүнийгээ Аргамагийнхантай хуваалцая. Дараа жил гэхэд сайхан шүлэг бүхий баярын мэндчилгээ шиг карт хэвлээрэй, олныг авна шүү" гэлээ. Бидэнд бас их урам өгч, сайхан санаа гаргасан Танд их баярласанаа дахин илэрхийлье!

Аргамагийн хэрэглэгчиддээ, блогчиддоо, найз нөхөддөө эх үрсийн баярын мэнд дэвшүүлж гэрийнхээ бас нэгэн баярт үйл явдлыг хуваалцья! Номин маань сургуулийнхаа хамгийн шилдэг эссэ бичсэн сурагчаар тодорч дөнгөж сая шагнууллаа.

Номингийнхоо бичсэн нэгэн эссэг толилуулья. Манай хүн уул нь энэ Wii гээч тоглоомд учиргүй дуртай нэгэн. Багшаасаа Wii-гийн талаар бичих даалгавар аваад хачин их баярласан гэж байгаа. Дуртай юм хойно хачин амархан бичнэ гэж боджээ. Гэтэл багш нь дургүй гэж бичих даалгавар өгсөнд нилээд бодож, эргэцүүлж, тоглоомд дургүй нэгний байр сууриас сэтгэж тэдний бодол санаа, сэтгэлгээг тод илэрхийлэхийг хичээсэн гэж байгаа. Гаргасан санаанууд нь эхнэр бид хоёрт маш их таалагдсан эссэг цөмөөрөө одоо уншья.

The Trouble with Wii
Nomin-Erdene Jagdagdorj

Before the Wii came along, you could see families playing tennis, golf, or other sports together. Now, when you peer into the daily life of an average family, you see them holding a white remote and pointing frantically at their television. Instead of going to a bowling alley and playing a few rounds, families are choosing to just have a competition at home.

The problem with the Wii is that it doesn’t require much experience, effort, or practice to succeed in a game. Unlike in real life, you don’t need a lot of strength to hit a home run. You don’t need very much coordination to get a tennis ball over the net. You must simply swing your arm at close to the right time and the effect will be the same as if you had practiced and perfected your hit for several years in real life. The Wii is also a substitute for exercise for many people. Instead of actually playing tennis or golf or other sports, people choose to stand in front of their televisions and say that they are getting their exercise. When you exercise in the real world, it is healthy for your body. However, when you exercise with the Wii, it is simply healthy for your appetite of fun.

What happened to going to a bowling alley for a couple rounds? What happened to choosing your perfect ball, wearing smelly shoes that don’t quite fit, and watching your ball roll slowly into the gutter? All the parts of bowling that make a true bowling experience are ruined when you go bowling on your Wii. Everything is simply rolled into a movement of your arm. You don’t have to aim except for holding your arm out straight. You don’t get the choice of putting the bumpers so that you are sure to knock down a pin. You are reduced to a small, animated character. What fun is getting a strike when you are actually bowling if your friend says that they get strikes all the time on their Wii?

The Wii is merely an undemanding way to win at something. Because of the Wii, young children will think that they are great at a sport. However, when they go out into the real world to play the actual sport, they will be shocked to find that they are not as great as they thought at the particular game. The Wii is actually undermining the self-confidence of the population. Playing excessively on the Wii will cause insecurity, embarrassment, and self-doubt. The Wii could even lead to depression, drug addiction, and maybe even some suicide attempts! If you are at all concerned with your well-being, happiness, or health, avoid playing the Wii.

Saturday, April 18, 2009

Тав дугаар чиглэлийн трамвай

Аргамагийн утасны картын холбогдох дугаарт өөрчлөлт орсныг блогоороо мэдээлэлгүй чамгүй удсан байна шүү. Миний блогоо эргэх хугацаа манай үйлчилгээний өөрчлөлт шинэчлэлийг гүйцэхгүй хурд багатай, нэг тийм аажуу уужуу тайванхан шиг ...

Новод анх очсон жил буюу нэгдүгээр курсийн эхний хэдэн долоо хоногт манай курсийнхэн математикийн хичээлд олонтаа хоцорч билээ. Заримдаа тарж байхад нь бөөн дуу чимээтэй орж ирцгээнэ. Сургуулиа мэдэхгүй төөрнө. Шинээр ашиглалтад орсон байрны шат, лифтийн зохион байгуулалтад будилна. Метро нэмж барьж байсан тул зам нил шавар, тойрч явна. Оюутанууд л юм хойно товч гарц олчихно. Түүнийг нь мэдээж хааж орхино. Зам элдэв зүйл зааж, чиглүүлдэг дээд курсын ах эгч нар ч бас ирж гүйцээгүй байж. Угаасаа ч монголчууд аажуу тайван улс ... Багш маань "трамвай номер пять - монголчууд орж ирж байна" гэдэгсэн. Тав дугаартай трамвайн чиглэл манай ойролцоо явдаг. Бас тэр нь их дуу чимээтэй, удаан явна, дээр нь цагийн хувиараасаа хоцорно. Монголчуудын мат-д авдаг дүн нь дандаа тав. Ингээд л тэгэж нэрлэсэн байх. Одоо аливаад хоцрох бүрт энэ л зүйрлэл санаанаас гарахгүй шүү. Ер нь блогоо "тавдугаар трамвайн зогсоол" гэж нэрлэдэг ч юм уу :-).

За гол бичиж эхлэсэн зүйлдээ эргэж орьё. Аргамагийн гэрээт үйлчилгээ үзүүлдэг холбооны зарим компанийн гэрээний хугацаа дуусаж сунгах эсвэл өөр хамтрагч сонгож болох үе таарсан тул боломжийг далимдуулаад нилээд өөрчлөлт хийсэн. Энэ нь өнөөгийн эдийн засгийн байдалд тохируулан өртөгөө хямдруулж зарим нэг илүү зардлыг хэмнэх үүднээс зөв арга хэмжээ л дээ. Мэдээж үүнтэй холбоотой манай хэрэглэгчдэд зарим нэг таагүй зүйл гарсан ч бидний үйл ажиллагааг дэмжиж, ойлгож хүлээн авч буйд их баярлаж байгаа.

Хуучин холболтын дугаараас гурван хотын дугаар жагсаалаас гарч шинэ дугаартай болсон нь манай вэб сайт http://www.argamag.com дээр бий. Давтан мэдээлэхэд, шинэчлэгдсэн дугаарууд:
  • Chicago North, IL - (224) 260-5662
  • Chicago, IL - (773) 303-4546
  • Denver, CO - (720) 337-3779
Хуучин дугаарт залгахад шинэ дугаарыг автоматаар хэлж байгаа нь сарын турш үйлчлэнэ. Цаашид хуучин дугаарыг бид огт ашиглахгүй. Ингэж хуучин дугаараа шууд хаячихгүй түр хэрэглэж байгаа нь хэрэглэгчдээ хүндэтгэсэн, тэдэнд учирч болох таагүй тохиолдолыг багасгасан, өөрчлөлтийн зохих мэдээллийг хүргэсэн үйлдэл юм.

Мөн Аргамагт хийгдсэн шинэчлэл нь бид өөрсдийн хост хийдэг вэбүүдээ цуглуулан нэг дор Networks Solutions компанийн интернэтийн үндсэн холболтод зөөж авчирлаа. Энэ нь argamag.com -н хэрэглэгчдээс гадна манайд вэбээ, мэдээлэл өгөгдлийн сангаа байрлуудаг харилцагчдын үйлчүүлэгч нарт хэрэгтэй болсон. Цаашид тэдэнд мэдээлэл саатах, мэдээллийн дамжих суваг дүүрэх, сэрвэр нь унах, өгөгдлийн сан холбогдохгүй болох гэх мэт технологийн саатал гарахгүй боллоо. Networks Solutions нь интэрнэтийн өгөгдөл холболтын Tier1 гэгддэг хамгийн том бизнес билээ. Networks Solutions-той Аргамаг хамтарч ажиллах болсоноороо бид үнэхээр их бахархаж байгаа. Үүнтэй холбоотой гарсан саатал, тодруулвал Аргамагийн хэрэглэгчид вебээр холбогдохгүй, нууц үг сэргээх хэсэг ажиллахгүй долоо хоносонд би хувиасаа болон Аргамагийн өмнөөс уучлал эрж байна. Энэ долоо хоногт утсаар надтай холбогдож асуудлыг гар тохиргоогоор шийдүүлсэн 32 хэрэглэгч (Амгаа, Туяатай хэдэн хэрэглэгч холбогдсоныг мэдэхгүй байна), автомат утсаар өөрсдөө аргыг нь олоод үйлчлүүлчихсэн олон хэрэглэгчддээ манай ажиллагааг ойлгож тэвчээртэй хүлээн дэмжсэнд баярлалаа. Товчдоо манай тавдугаар трамвайд тавтай зочлосонд ихээр талархаж байна аа. Мөн манай тавдугаар трамвайгаар цугтаа аялаж технологийн өөрчлөлтийг хариуцан ажилласан Илиной мужийн Илиос Нэтворкс Инк., програмчлалийн өөрчлөлтийг гүйцэтгэсэн Монголд үйл ажиллагаа эрхэлдэг МИСКО ХХК-н хамт олонд маш их талахаж байгаагаа илэрхийлье!

Аргамагийн хэрэглэгчид ээ, цаашид цөмөөрөө хамтадаа ихийг амжуулж хөгжин дэвшихийнхээ төлөө зүтгэнэ ээ. Блогчид минь бас тус нэмрээ үзүүлж, харилцан холбогдож бичлэг санал сэтгэгдлээ хуваалцаж байгаарай!

Monday, April 13, 2009

Лос Анжелест бизнесийн төлбөргүй семинар болно

Хэлэлцэх сэдэв :

• АНУ-д жижиг бизнес эрхлэгчид санхүүжилт олдог арга зам, анхаарах зүйлс;
• Бизнес эрхлэгчдэд холбоотой цагаачлалын хуулийн заалт, визний ангилалууд, эдгээртэй холбоотой асуудлууд;
• Бизнес эрхлэх хууль эрх зүйн ойлголт, шүүхийн систем;
• болон бусад олон сэдвээр

ОГНОО: 2009 оны 4 сарын 23-нд 12:30 - 19:00

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам, АНУ дахь Монголчуудын худалдааны танхимаас Калифорнийн Монголчуудын холбоо, Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо болон орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран өмнөд Калифорнияд анх удаа зохион байгуулж байгаа бизнес эрхлэгч болон эхлэх сонирхолтой Монголчуудын уулзалт семинарт Та бүхэнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна!

Нэмэлт зар: Элчин Сайдын Яамнаас Ерөнхий Консул Г.Ганболд гуай ирж оролцох тул Монгол Улсын паспорт сунгуулах, төрсний, гэрлэсний гэрчилгээ болон бусад бичиг баримтын талаар консулын үйлчилгээ энэ арга хэмжээний үеэр болон дараах өдрүүдэд авах боломжтой.

Нэмэлт зар: Хэрэв та энэхүү арга хэмжээг дэмжиж идэвхитэй оролцох, өөрийн мэргэжил мэдлэг, бизнес амжилтынхаа талаар хуваалцах, бизнесээ сурталчилах цаашлан бусад монголчууддаа илтгэл, танилцуулга хийх хүсэлтэй бол бидэнтэй холбогдож цагийн хуваарьт нэрээ бичүүлнэ үү.