Friday, May 23, 2008

Partnerships буюу нөхөрлөл

Нөхөрлөл хэмээн орчуулж болох энэхүү ангилал нэг бизнесийн хоёр буюу түүнээс дээш эзэмшигчтэй үед зохицуулдаг. Өмнө өгүүлсэн хувиараа эрхлэх аж ахуйтай төстэй тал нь тухайн бизнесийн болон эздийн өмчийн ялгааг гаргаж зохицуулах хууль байдаггүй. Бизнесийн шийдэл гаргах, ашиг хувиарлах, маргаан шийдвэрлэх, өөр хамтрагч нэмэх, эзэмшлийн хувь хувьцааг шилжүүлэх, худалдах, нөхөрлөлөө татан буулгах зэргийг тусгасан бичгэн гэрээ байгуулахыг шаарддаг. Амны билгээс ашдын билиг гэж ярьдаг монгол зангаар бол дөнгөж үйл ажиллагаа эхлэх гэж байж тарж бутрах талаар бодох нь амаргүй хэрэг. Гэвч эдийн засаг муудах үед нөхөрлөлүүд их тардаг болохыг олон жилийн статистик харуулдаг ажээ. Аливаа нэгэн жижиг асуудал бэрхшээл ч тэр шийдэхгүй л бол явцын дунд томорсоор байдаг тул бизнесийн эхэнд урьдчилж шийдэлд хүрсэн байх нь дээрийг ажил хэрэгч хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн хэдий хэрийн хөрөнгө оруулах, хэдэн цагийн хөдөлмөр зарцуулахаа ч урд өмнө нь тогтоот тохирчихсон байх нь зөвийг сануулах юун.

Давуу талууд
• Нөхөрлөл байгуулах их амархан, гол цаг хугацааг нөхөрлөлийн гэрээ байгуулахад зарцуулдаг, түүнээс бүртгэлийн хувьд тун энгийн.
• Олон эзэмшигчтэй байж болно. Энэ нь санхүүгийн хувьд нэг хүн байснаас мэдээж давуу.
• Бизнесийн ашиг эзэмшигчдийн хувийн татвар төлсөн орлогод шууд нэмэгдэнэ.
• Чадварлаг сайн ажилтанд хамргач болох өргөн боломж олдоно.
• Хамтрагчдын ажлын арга барил чадвараас бизнес шууд хамаарна.

Дутагдалтай талууд
• Бусад хамтрагчийн аливаа үйлдлийн төлөө хамтрагч бүр өөрийн хувийн болон хамтын хариуцлага хүлээдэг.
• Орлогоо бусадтай хуваалцана.
• Бүх хамтрагчдын хамтын шийдвэр гаргах явцад үл зөвшөөрөх асуудал их гардаг.
• Зарим ажилтны бэнэфит (энэхүү бэнэфитийн талаар хожим тайлбарлаж блогдоно) татвар бодох үед хөнгөлөлт үздэггүй.
• Хамтрагч тань нөхөрлөлөөс гарах, эсвэл бурхан болчихвол тэгээд бизнес тань нөхөрлөл ангилалд оршин тогтнож чадахаа байх буюу оршин тогтнох хугацаа дуусчихаж болно.

Нөхөрлөлийн төрлүүд:
1. General Partnership буюу ерөнхий нөхөрлөл
Удирдлага болон бизнесийн хариуцлага, ашиг болон алдагдал хувиарлах асуудлыг хоорондоо байгуулсан гэрээний дагуу шийднэ. Уг гэрээнд өөрөөр заагаагүй бол бүгд тэгш оролцоотой байдаг.
2. Limited Partnership and Partnership with limited liability буюу хязгаарлагдмал болон хязгаарлагдмал хариуцлага бүхий нөхөрлөл
Гишүүдийн ихэнх хязгаарлагдмал хариуцлага хүлээж, удирдлагын шийдвэрт хязгаартай оролцдог. Ихэвчлэн богино хугацааны төсөл хэрэгжүүлэх эвсэл хөрөнгө оруулалтаас хэтрэхгүй үед энэ хэлбэрийг сонгодог. Жижиглэн худалдаа болон үйлчилгээний бизнест энэ төрлийг нэг их хэрэглэдэггүй. Хязгаарлагдмал нөхөрлөл үүсгэх нь ерөнхий нөхөрлөл байгуулахаас илүү ярвигтай, ажил ихтэй ч олон давуу талтай энэ хэлбэрийн нөхөрлөл сүүлийн үед эрс ихсэж байна.
3. Joint Venture буюу хамтран хөрөнгө оруулалт
Ерөнхий нөхөрлөлтэй их ижилхэн, гэхдээ тодорхой хугацаанд эсвэл нэг төсөл дээр ажиллах үед хэрэглэдэг. Хэрэв бизнесээ давтах, цаашид үргэлжүүлэх бол өмнө дурдагдсан төрлүүдээр нөхөрлөлөө дахин бүртгүүлдэг. Мэдээж өөр төрлийн бизнес хэлбэрээр дахин бизнесээ бүртгүүлж болно.

За эргээд харсан чинь нилээд албаны заавар шиг зүйл болжээ. Анхлан хувиараа эрхлэх аж ахуй дээр авч байсан шиг жишээ оруулая. Баагий энэ удаа найз Оюунаагийн хамт хоолны бизнест хүч үзлээ. Нэгэнт хоёр тоглогч байгаа хойно ХЭАА тохирдоггүй, бүртгэлийн амраар нь нөхөрлөл байгуулжээ. Хотын төвийн өндөр оффисийн жижигхэн буланд зоогийн газар нээчихлээ, үдийн цайны цагаар цөөнгүй хүмүүс орж ирэх. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хийсэн хоол нь ихэд таалагдсан бөгөөд цөөнгүй нь өрөөндөө үдийн хоолны захиалга авахыг хүсдэг боллоо. Бизнесээ өргөжүүлээд дахин хүн ажилд авлаа.

Шинээр орсон Цээгий үнэхээр сэргэлэн ажээ. Нэг хоол хүргээд ирэхдээ хоёр захиалга нэмээд аваад ирнэ, нэг үйлчүүлэгчээр дамжуулаад хоёр шинэ захиалагч олоод ирнэ. Хамтрагчид ярилцаад Цээгийг нөхөрлөлийн гишүүн болголоо. Нэг азгүй өдөр Цээгий яарч сандаран хоолоо хүргэж яваад үнэтэй машинтай нөхрийг шүргээд гэрлийг нь хагалчихав. “Нот биг диэл” машины даатгалаа солилцоод тэр дороо учраа ололцчих шиг болжээ.

Хэд хоногийн дараа жинхэнэ хэрэг мандав. Нөгөө жижиг гэрэл их үнэтэй эд байж, Цээгийгийн машины даатгалын хязгаараас давчихсан байжээ. Даатгал зохих хувиа төлөөд үлдсэн нь мань хүний ачаа боллоо. Ажлаа хийж явсан байдаг, тодруулбал нөхөрлөлийн хариуцлага энд гарч ирнэ. Нөхөрлөлийн санхүү үүнийг даах чадваргүй бол хамтрагчдын өмч, нэр хүндэд халдана гэсэн үг.

За санаа зовж айх, нөхөрлөл л байгуулж болохгүй юм байна гэх хэрэггүй дээ, энэ хэлбэр Америкийн бизнес ертөнцөд хэдэн зуун жил ажиллаж л байгаа эд. Хамгийн гол нь ганцаараа биш хамтаараа бизнес хийнэ гэдэг илүү хүчтэй. Энд итгэл найдвар, эрсдэл, хариуцлага илүүтэй өндөрт тавигдана.

Хэрэв Танд энэ нөхөрлөл хэлбэр таалагдаагүй бол дараа үргэлжүүлэн бичих бусад хэлбэрийг уншаарай. Хамгийн гол нь бизнес хийнэ гэсэн хүсэл, сэтгэлээ орхиж болохгүй шүү.

Аргамаг Инкорпоратэдийг байгуулахын хувьд энд хувь нийлүүлэгчид байсан, дээр нь энэ ангилал хямдхан, амархан бүртгэгдэх байсан ч тус бүртээ өөр өөр ажилтай, өөр өөрийн тусдаа хөрөнгө оруулалт бүхий бусад бизнесүүд бидэнд байсан тул уг ангилал тохирохгүй гэж үзсэн юм.