Monday, February 1, 2010

Өнөөдөр сонин Нью-Йорк Таймсийг араасаа дагуулчихлаа, хөөрхий

Монгол Ньюсийнхэн сонингуудынхаа онлайн уншигчдаас төлбөр нэхдэг болоод нэлээд удаж байгааг гадаадад байгаа олон монголчууд сайн мэддэг. Өнөөдөр сонины анхны дугаараас эхлэн тэнд холбогдож асан нэгний хувьд, мөн уг сониныг 1996 – 97 онд анхлан онлайн хэлбэрт оруулж интернэтээр төлбөргүй гаргах ажлыг амжуулж явсны хувьд, өдгөө ч тэндээ хүчин зүтгэж буй найз нөхөдтэйгөө үе үе онлайн “уулздагийн” хувьд, эх орныхоо үйл явдал, мэдээ сэлтийг үнэн мөнөөр нь илэрхийлчих мэдээлэл цагт нь алс холоос шуурхай авч байхыг хичээдгийн хувьд ийнхүү төлбөртэй загварыг нь жаал буруутгадаг. Гэхдээ шийдвэр гаргагч нарын үйл ажиллагааг дэмжиж, онлайн захиалагч нэмж олоход нь хэрээрээ тусална аа, тусална.

Англиар халтар хултар мань ч Нью-Йорк Таймсийг мөн л амтархан гарчиглачих санаатай. Ялангуяа тэр мэдээллийн технологийн ( Circuit) булангаас салахгүй шүү. Мэргэжлийн бус хүмүүст зориулж нарийн технологи, мэргэжлийн ойлголтуудыг тун энгийнээр тайлбарлан бичиж чаддагт нь үнэхээр “атаархана” гээч. Маний мэргэжил байтугай ер нь бүх сэдвээр нийтлэгдсэн бичлэгүүд нь хэл сурч байгаа хүнд маш их өгөөжтэй шүү, өөр нэг ч сонин энэ хэмжээнд нийтлэл гаргахгүй, жинхэнэ сонгодог сэтгүүл зүйн хэлбэр хэмээн Мизурийн сэтгүүл зүйн сургуулийн профессор хэлж байхыг дуулсан нь мөн илүүтэй нөлөөлсөн байх аа. Цаасан хэлбэрээр төлбөртэй авч уншихаас гадна онлайнаар түрүүлээд үнэгүй харчихдаг нь элбэг.

Өнгөрсөн долоо хоногт дээрх хоёр сонины хувьд нэгэн ижил зүйл бий болсон нь Нью-Йорк Таймс сонины онлайн хэлбэр нь төлбөртэй болчихлоо, хөөрхий. Монгол Ньюсийн Өнөөдөр сониноос халдвар авчихаж дээ. 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн төлбөр авна гэдгээ зарлачихлаа. Энд нөгөө “бандан тас” гэдэг чинь жинхэнэ биелдэг газар ч энэхүү шийдвэр буцахгүй дээ. Энэхүү мэдэгдлийн эхний үр дүн Нью-Йорк Таймс компанийн хувьцаа 39 цэнтээр унах шив дээ.

Ийнхүү онлайн хувилбар нь төлбөртэй сонингууд үе үе гарч ирж байсан бөгөөд амжилттай хэрэгжиж хэвшсэн нь өдгөө алга л байна. Жишээ нь, Их Британийн алдарт Таймс сонин нэгэнтээ онлайн хэлбэрээ төлбөртэй болгосны дараа дэлхий даяар алдартай нийтлэлчдийн хамрагдах хүрээ, үнэлгээ эрс буурч буй шалтгаанаар төлбөргүй болсон нь саяхан санагдах ч аль дээр 2005-2007 оны үе. Ташрамд дурдахад, 2002 онд Мизурийн сэтгүүл зүйн сургуулийн нэгэн Монгол оюутан мастерын судалгааны ажлаа онлайн бизнес моделиор хийх хүсэлт гаргахад дэмжих профессор олдоогүй л юм. Удирдагч багш нарын нэг нь модель олчихвол Билл Гэйтс, нийтэд зарлуулсан цаас бичүүлэлгүй шууд маш өндөр үнээр худалдаж авна даа, чи ч баяжих нь ээ хэмээн тоглож байв. Энэ нь нөгөө алдарт нэгдэл гээд байдаг Америка Онлайн СиЭнЭнийг худалдаж авч байхтай ойролцоо үе юм. Өдгөө түүх л болж өнгөрчээ, хөөрхий. Нээрээ, мэдээллийн онлайн хэрэгслийн бизнес моделийн тухай нэлээд олон оронтой тоотой санхүүжилт бүхий судалгааны сураг Мизурийн сэтгүүл зүйн сургууль хавиас сайхан гарч байсан шүү. Нэг ойрмогхон тэр хавиар эргэлдвэл өмнө өгүүлсэн сонирхолгүй судалгааны санал найман жилд хэрхэн хэрэгтэй эд болж хувирсан талаар лавлая байз.

Friday, December 4, 2009

Миний үзсэн анхны цахим тоолуур

"Мөнхбаатарын сэтгэгдэлд хариулах нь" бичлэгтээ тааруухан өгүүлэл маягийн зүйл бичиж байснаа блогтоо тавих юм байна гэж билээ. Мэдээлэл холбооны технологийн анхдугаар чуулган гэж Монголд 1999 онд зохион байгуулах ажлын хэсэгт оролцсон юм. Чуулганы бэлтгэл ажлыг амжуулж явахдаа хүүхдүүдэд мэдээллийн технологийн мэдлэг олгох зорилгоор бичиж эхэлсэн эд л дээ. Урьд өмнө энд тэнд нийтлэж, гаргаж байсангүй ээ. Блогчид уншаад шүүн тунгааж элдэв сэтгэгдэл үлдээнэ үү.
Миний үзсэн анхны цахим тоолуур

Би аавыгаа дууриаж тооны хүн болохыг мөрөөддөг байв. Аав дунд сургуулийн физик математикийн багш тул янз бүрийн гоё бодлого бодно. Би ч дутахгүй элдэв томъёо энээ тэрд шамдана. Сургуульд орохоос өмнө, тавтай байсан юм уу даа, гудамжны хүүхдүүдээ тойруулж суугаад арван мянгын дотор нэмэх хасах үйлдэлийг цээжээр хийж гайхуулна. Ёстой тооны мастер, энэ хүүхдээс түргэн, алдаагүй боддог хүн манай энэ хавьд үгүй гэж ойр хавийн эгч ах нар шагшина. Тэд шороон дээр хэдэн баганаар тоо бичиж байгаад чиний хариу зөв, буруу, аа үгүй ээ бид алдсан байна гэж ирээд шавж өгнө дөө. Аав ч үүнийг хөгжүүлэн дэмжиж үе үе уралдаж тоо цээжээр бодно.

Аав нэг өдөр зузаавтар номын хэмжээтэй, нэгэн сонирхолтой хайрцаг цүнхнээсээ гаргаж ирлээ. Гадуурх ширэн уутыг задалж үзтэл тоонууд бичсэн олон товчлууртай юм. Бас дээд хэсэгтээ нэг мөр бүхий дэлгэцтэй. Аав хайрцагийг цахилгаанд залгаж асаатал нөгөө дэлгэц гэрэлтээд тод ногоон болов.

Аав хуруугаар товчлуур дээр ээлжлэн дарахад чиг чиг хэмээн дуу гарч, дэлгэц гэрэлтэн ногооноор тоонууд урсан гарна. Тоо бичигдсэн товчлуур дээр хуруу дармагц дэлгэц дээр тэр тоо гэрэлтэн нэмэх тэмдэг бүхий товлуурийг дарж дахин тоонууд дээр дараад тэнцүү тэмдэг дээрээс хуруу салмагц нийлбэр дэлгэц дээр гарна. Тоог гайхамшигтай хурдан нэмдэг ийм ид шидийн хайрцаг би үзэж байсангүй. Дуулж, сонсоо ч үгүй байж.

- Аав аа, энэ чинь одоо юу юм бэ? хэмээн тэсвэр алдан асуулаа.

- Тооны машин гэдэг юм. Арифметикийн дөрөв болон бусад олон үйлдэл хийдэг электрон төхөөрөмж гэж аав хариулав. Сургуульд орох нас хүрээгүй ч үе үе аавыг дагаж хичээлд нь суух би электрон гэдэг үгтэй хэдийнээ танил болсон байлаа. Гэхдээ электрон багаж төхөөрөмж байдаг, тэгээд түүгээр тоо алдаагүй боддог гэж миний бяцхан ухаанд орж буусангүй.

- Аав аа, тэгээд энэ чины хэдэн электроноос бүтсэн юм бэ? Электрон нь цахилгаанаас урсаж орж ирж байгаа юу? Электронууд яаж тоо бодож байгаа юм бэ? Электрон тэгээд ухаантай юм байна, тийм ээ? гэж бараг нэг амьсгаагаар угсруулан асууж аавыг удтал инээлгэж билээ.

Энэ миний нүдээр үзэж гараар барьсан хамгийн анхны цахим тоолуур байлаа. Аавын ярианаас тэр тооны машин бол бас их мундаг чадалтай нь бус, үүнээс олон оронтой тоог бүр түргэн хугацаанд тооцож чаддаг машин байдаг. Тооцоолон бодох электрон машин гээд бүр их хүчтэй гоё эд байдаг. Түүгээр богино хугацаанд асар том тооцоог хийдэг. Миний үзсэн тооны машин бол маш жижиг хувилбар нь болно гэх мэт олон зүйл мэдэж авлаа.

Тэр цагаас хойш тоонд улам дуртай болж, физикч болох мөрөөдөл улам аслаа. Цахим тоолуур бүтээдэг хүн болох далд сонирхол анх удаа төрсөн ч тэгэс гээд мартагдсан байлаа. Бүр хожим арван хоёр жилийн дараа энэ хүсэл дахин ундарч билээ.

Улаанбаатар хот, 1998 он

Wednesday, November 25, 2009

Улс тунхагласаны баярын мэнд хүргэе!

Блог уншигчиддаа, Аргамагийн харилцагчиддаа, утасны Омега картын хэрэглэгчиддээ Монгол Улс тунхагласаны болон АНУ-н талархалын баярын мэндийг хүргэе!

Цаг хугацаа ч нээрээ нисэж байна аа. Дээрх мэндчилгээг блогтоо гурвантаа биччихлээ. Эхний удаа оюутан цагийн "халхын баяраа" дурсаж, дэлгүүрийн үүд сахиж гадаа хонох талаар болон Аргамагийн хэрэглэгчидийн сюрпризийг тэмдэглэн бичсэн байна. Удаагаар нь бизнесийн соёлын нэг хэсэг болох ажлын хувцаслалтын талаар товч өгүүлж мөн л Аргамагийн хэрэглэгчидийн сюрпризийн мэдээлэл дагуулжээ.

Энэ удаа "turkey"-д тань дагалдах нэгэн саладны рэсэпи нийтлэе! АНУ-н компаниуд жил бүр ажилтнуудаа "Thanksgiving Luncheon" гэж хийдэг бөгөөд энэ жил ихэд таалагдаад, хүний нөөцийн газрын даргаар заалгасан эд юм. Орчуулга хийхдээ тааруухан тул англи хувилбарыг нь хавсаргав.
    Орох материал ( Ingredients) :
  • зүссэн хэсэг брокли ( 1 bunch broccoli, cut up)
  • хагас аяга улаан сонгино (1/2 cup finely chopped red onions)
  • хагас паунд болгож жижиглэн хэрчсэн гахайн өөх (1/2 lb. bacon cooked, crumbled)
  • нэг аяга үзэм (1 cup raisins)
  • хагас аяга жижиглэсэн сэлэри (1/2 cup diced celery)
  • хагас аяга наран цэцгийн үр (1/2 cup sunflower seeds)

  • Амтлагч ( Dressing) :
  • нэг аяга салад амтлагч (1 cup Miracle Whip salad dressing) - Би WalMart-s өөр брандийг аваад хэрэглэсэн, болж байна лээ.
  • хоёр цайны халбагаар элсэн чихэр (2 teaspoons sugar) - Би бор сахар (brown sugar - багад бурам гээд эмээ минь жаахан долоолгодог байж билээ :-) ) орлуулаад хийсэн чинь бүр гоё болж байна лээ. Зөгийн балтай юм шиг амтагдаад л.
  • нэг цайны халбагаар уксус буюу орос цагаан цуу (1 teaspoon vinegar)

  • Найруулах :
    Бүгдийг нь холиод хутгачих шиг амархан юу байх билээ :-). Хөргөгчид бас 30-д минут тавьсан юм байна. Брокли нь зөөлрөөд гоёо болж байна лээ.
За одоо Аргамагийн талаар ...

Жил бүр Улс тунхагласны баяраар хөнгөлөлт үзүүлдэг Аргамаг энэ удаа шагналын оноогоо долоо хоногийн хугацаатайгаар 250% нэмэгдүүлж байна. Ингэснээр 2/5/10 карт тутам үнэгүй карт авах оноо цуглуулдаг байсан бол нэг удаагийн худалдан авалтаар 2.5 дахин их шагналын оноо цуглуулах буюу $20 Карт авахад $5 картын оноо шагналд авна гэсэн үг.

Талархалын баяраар худалдааны элдэв хөнгөлөлт үзүүлж, хэсэгтээ алдагдалтай наймаа эрхэлж, гадаа хээр хонуулан байж худалдан авагчидаа хөгжөөн жилийн гол борлуулалт хийх үеийг нээдэг АНУ-н бизнесүүдийн ижлээр Аргамаг Инкорпоратед ч хэрэглэгчиддээ зохих бэлэгээ энэ удаа барьж байна.

Хар баасан гаригт эхний 10 яриа хийсэн хэрэглэгч бүрийг, мөн өдрийн тэг цагаас эхлэн манай онлайн худалдаагаар карт худалдаж авсан эхний 10 худалдан авагч бүрт тусгай "сюрприз" хүлээж байна. Ямар бэлэг байгаа болон хэн хэн азтан болсныг арваг нэгдүгээр сарын 30-ны даваа гариг буюу "cyber monday"-д танилцуулна аа.

Сайхан баярлаж, сайхан шоппиндож, хамгийн гол нь "хээр" сайхан хоноорой :-)! Дэлгүүрйин гадаа цаг явж өгөхгүй, дээр нь хүйтэн байхад нутгаадаа утсаар ярьсан шиг ээ байх ч бас зүгээр шүү!

Friday, November 20, 2009

Linux vs. Windows

http://groups.google.com/group/limnux/topics гээд нэг сүрхий хэлэлцүүлэг байх. Linux хэрэглэгчдийн Монголын группийн 298 гишүүд үүгээр хэлэлцүүлэг өрнүүлж элдэвийг асууж лавлаж, чаддаг мэддэгээ бусдад дамжуулж, биеэ биеэсээ суралцаж, мэтгэлцэж байдаг онлайн талбар л даа. Хамгийн олон мессэж бичдэг нь мэдээж Дөлөө, араас нь Алмас, Хасаа, Гоби, Цэцболд айрагдаж байна лээ. Маний хувьд далайд дусал гээчээр үе үе ганц нэг имэйл чулуудчих хэмжээнд.

Группийн гишүүд дийлэнх нь дэврүүн сэтгэлтэй, юм сурья, хийж үзье гэсэн сайхан залуус. Товч ярилцсанаараа таамаглахад бараг манай дүүгийн дүү нар юм билээ. Гэхдээ ажлын салбарт нас намба ч ямар хамаа байлаа, ялангуяа мэдээллийн технологийн салбарт. Маниас тав жилээр оймс илүү элээсэн Баатар ах тугаа бариад "дэлхийн хэмжээний шийдэл" хийсээр давхиж л байна, олоон ах Энхбат захирал УИХ Эрхэм гишүүн болсон ч АйТигаараа сэтгэсэн, ярилцсан хэвээр л байна лээ. Бүр олон ах Сүхдорж гуай "код нухуулсан хэвээрээ, ах нь" гээд мэнд хүргүүлсэн л байна.

Группийн сайхан залуус бүгд тэр "лайникс" гээчдээ мөн их үнэнч юм даа. Мань ч тэднээс дутахгүй л Лайникс ахын бүтээлээр "занималдана", гэхдээ энд нэг л том ялгаа байгаа нь манийг үе үе хэдэн өгүүлбэр хэлхэхэд хүргэнэ. Биднийг фан болгоод байгаа лайникст байдаг нэг томоохон өрсөлдөгчийг Виндовс гэнэ. Манай залуус энэ нөхөрт үгүй мөн их дургүй юм аа. Үг дуугүй л өөдөөс нь галлачихна. Ерөөсөө л Виндовс огт хэрэггүй, энэ чинь хорхой, цагийн гарз, нэрвийн үрлэг гэнэ шүү дээ.

Маний хувьд Билл ахын бүтээлийг Лайникс ахынхаас дутахгүй хэрэглэдэг, дийлэнхдээ бүр илүүтэй ашигладаг тул "биш ээ, тэгэж туйлширч болохгүй" гээд зүтгэчих нь дээр өгүүлсэн нэг ялгаа. Энэ нь өрсөлдөгчөө муулж байж өөрийгөө сайн гэж харуулах аргыг огт тоож үздэггүйтэй минь холбоотой.

Жишээлэхэд, хэдэн жилийн тэртээ манай муу Лхагва Лас Вегаст дэлхийн аваргын төлөө үзлээ дээ. Энэ нь цагтаа ихээ том эд байсан бөгөөд хэзээ л Монгол хүн дэлхийн аваргын төлөө зодолддог байлаа гэх үе шүү дээ. Одоо бол ч бид дэлхийн аваргатай, олимпийн аваргатай болжээ. За сэдэвтээ эргэж оръё, хадуурахгүй шүү :-). Лхагвагаа үзэж байхдаа ухаангүй дэмжиж, өмнөөс нь давхиж очоод үзэлцэж, нэмэрлэчих гээд хажуугаас Мексико-д балиашиглаад буй хэдэн нөхдийг "хусачих" гээд л ... Цуг үзэж байсан Мөнхөөгөөрөө манай найзын "ах" нь байгаа юм аа гэж хэлүүлж байж хэдэн балиашиг урвуулж бас ч үгүй ганц нэг үнэгүй beer-тэй юм биш үү. Хэдийгээр ингэж нэгэн Монголоо дэмжиж байсан ч өрсөлдөж ялсан Мексикийн чадвар, залуу нас, техник, олон зүйлд биширч, яах аргагүй сайн тамирчин юм гэж хүлээн зөвшөөрч л явлаа.

За бас нэг жишээ нэмэхэд, манай Гомбо (дээхэн нэг бичлэгтээ дурдаж байсан даа, НЭТИ-г маний дараахан төгссөн гээд) FreeBSD, Linux-н жинхэнэ "улаан" фэн хүн, юун манай группийн залуус :-). Энэ талаараа хэдийнээс ажилласан, хийсэн ч юмтай хүн. Гэхдээ хэзээ ч маньд Windows огт хэрэггүй, наадахаа хая гэж хэлдэггүй л хүн дээ. "Нэгийг нь тантагт нь тултал муулж, нөгөөг нь дээш татдаггүй юм аа" гэдэгтэй минь эвлэрсэн нэгэн болоод тэр байх. Эсвэл эртнээс биеэ биеэ мэдэх, найз улс бас өөрөөр ойлголцдог ч юм болов уу :-).

Thursday, October 22, 2009

Америк дахь Монголчуудын бизнесийн хөгжил

Чингэс хааны үзэсгэлэн Дэнвэр хотноо арван сарын 16 буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нээлтээ хийсэн сайхан үйл явдал боллоо. Маргааш нь буюу 17-ны бямба гаригт хойд америкийн Монголчууд хуралдай хийхээр Хойд америкийн Монголчуудын нийгэмлэг зар тараасан нь дөрвөн чиглэлээр амжилттай хуралдаж Америк дахь Монголчуудын холбогдолтой олон асуудал хэлэлцлээ.

Бизнесийн хэсэгт хэлэлцүүлсэн илтгэлийн товчлолыг блогтоо тавья.