Showing posts with label Аргамаг. Show all posts
Showing posts with label Аргамаг. Show all posts

Wednesday, November 25, 2009

Улс тунхагласаны баярын мэнд хүргэе!

Блог уншигчиддаа, Аргамагийн харилцагчиддаа, утасны Омега картын хэрэглэгчиддээ Монгол Улс тунхагласаны болон АНУ-н талархалын баярын мэндийг хүргэе!

Цаг хугацаа ч нээрээ нисэж байна аа. Дээрх мэндчилгээг блогтоо гурвантаа биччихлээ. Эхний удаа оюутан цагийн "халхын баяраа" дурсаж, дэлгүүрийн үүд сахиж гадаа хонох талаар болон Аргамагийн хэрэглэгчидийн сюрпризийг тэмдэглэн бичсэн байна. Удаагаар нь бизнесийн соёлын нэг хэсэг болох ажлын хувцаслалтын талаар товч өгүүлж мөн л Аргамагийн хэрэглэгчидийн сюрпризийн мэдээлэл дагуулжээ.

Энэ удаа "turkey"-д тань дагалдах нэгэн саладны рэсэпи нийтлэе! АНУ-н компаниуд жил бүр ажилтнуудаа "Thanksgiving Luncheon" гэж хийдэг бөгөөд энэ жил ихэд таалагдаад, хүний нөөцийн газрын даргаар заалгасан эд юм. Орчуулга хийхдээ тааруухан тул англи хувилбарыг нь хавсаргав.
    Орох материал ( Ingredients) :
  • зүссэн хэсэг брокли ( 1 bunch broccoli, cut up)
  • хагас аяга улаан сонгино (1/2 cup finely chopped red onions)
  • хагас паунд болгож жижиглэн хэрчсэн гахайн өөх (1/2 lb. bacon cooked, crumbled)
  • нэг аяга үзэм (1 cup raisins)
  • хагас аяга жижиглэсэн сэлэри (1/2 cup diced celery)
  • хагас аяга наран цэцгийн үр (1/2 cup sunflower seeds)

  • Амтлагч ( Dressing) :
  • нэг аяга салад амтлагч (1 cup Miracle Whip salad dressing) - Би WalMart-s өөр брандийг аваад хэрэглэсэн, болж байна лээ.
  • хоёр цайны халбагаар элсэн чихэр (2 teaspoons sugar) - Би бор сахар (brown sugar - багад бурам гээд эмээ минь жаахан долоолгодог байж билээ :-) ) орлуулаад хийсэн чинь бүр гоё болж байна лээ. Зөгийн балтай юм шиг амтагдаад л.
  • нэг цайны халбагаар уксус буюу орос цагаан цуу (1 teaspoon vinegar)

  • Найруулах :
    Бүгдийг нь холиод хутгачих шиг амархан юу байх билээ :-). Хөргөгчид бас 30-д минут тавьсан юм байна. Брокли нь зөөлрөөд гоёо болж байна лээ.
За одоо Аргамагийн талаар ...

Жил бүр Улс тунхагласны баяраар хөнгөлөлт үзүүлдэг Аргамаг энэ удаа шагналын оноогоо долоо хоногийн хугацаатайгаар 250% нэмэгдүүлж байна. Ингэснээр 2/5/10 карт тутам үнэгүй карт авах оноо цуглуулдаг байсан бол нэг удаагийн худалдан авалтаар 2.5 дахин их шагналын оноо цуглуулах буюу $20 Карт авахад $5 картын оноо шагналд авна гэсэн үг.

Талархалын баяраар худалдааны элдэв хөнгөлөлт үзүүлж, хэсэгтээ алдагдалтай наймаа эрхэлж, гадаа хээр хонуулан байж худалдан авагчидаа хөгжөөн жилийн гол борлуулалт хийх үеийг нээдэг АНУ-н бизнесүүдийн ижлээр Аргамаг Инкорпоратед ч хэрэглэгчиддээ зохих бэлэгээ энэ удаа барьж байна.

Хар баасан гаригт эхний 10 яриа хийсэн хэрэглэгч бүрийг, мөн өдрийн тэг цагаас эхлэн манай онлайн худалдаагаар карт худалдаж авсан эхний 10 худалдан авагч бүрт тусгай "сюрприз" хүлээж байна. Ямар бэлэг байгаа болон хэн хэн азтан болсныг арваг нэгдүгээр сарын 30-ны даваа гариг буюу "cyber monday"-д танилцуулна аа.

Сайхан баярлаж, сайхан шоппиндож, хамгийн гол нь "хээр" сайхан хоноорой :-)! Дэлгүүрйин гадаа цаг явж өгөхгүй, дээр нь хүйтэн байхад нутгаадаа утсаар ярьсан шиг ээ байх ч бас зүгээр шүү!

Friday, September 11, 2009

Аргамагийн утасны тав, арван долларын Омега картуудын ярих хугацааг нэмлээ

Аргамаг Инкорпоратэд урьд нь маркетингийн зорилгоор 5, 10 долларын үнэтэй кардуудаар харьцангуй бага минут яриулдаг байлаа. Үүнийг өөрчилж есөн сарын 11-с эхлэн уг ангилалын картууд Омега20 карттай ижил ханштай болголоо. Одоо манай локал холболтын дугаарт залгавал Омега5 картаар монголын суурин утсанд 50 минут, гар утсанд 29 минут Омега10 картаар монголын суурин утсанд 100 минут, гар утсанд 60 минут тус тус ярина.

Худалдсан эсвэл цэнэглэсэн 3/5/10 карт тутам шагналын үнэгүй карт ирдэг манай хөнгөлөлтийг та бүхэн сайн ч мэддэг, сайн ч хэрэглэдэг. Уг програмын хүрээнд 5/10 долларн картуудыг хүмүүс шагналдаа ихэндхээ авч хэрэглэдэг юм. Ингэж олноор үнэгүй авч хэрэглэх болон Омега20 картын шагналд дагалдан гарах зардлыг нөхөхөд энэхүү бага яриулсан зөрүү зарцуулагдахаар анхлан тооцоолсон юм. Мөн элдэв зар сурталчилгаа, хандив дэмжлэгийн сангийн дийлэнх хэсэг эндээс бүрдэхээр тооцоолж бүтээгдхүүний өртөгийг тогтоосон юм. Үүнийгээ л бид маркетингийн зорилгоор гээд буй хэрэг.

Анхлан өртөг тооцоолохдоо таван жилээр тодорхойлсон бөгөөд өдгөө энэ хугацаа дууссан тул бид шинэ өртөг тооцооны систем боловсруулсаны дүнд уг ангилалын картуудын ханшийг буулгаж, ярих минутыг нь нэмлээ.

Мөн бид маркетингийн хөдөлгөөнт систем нэвтрүүлэхээр боллоо. Энэ нь тодорхой богино хугацаагаар хямдрал, сугалаа, хөнгөлөлт, шагнал гэх мэт өөр өөр төрлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болно. Тухайлбал, 9/13-9/19-нд "Buy 1 get 1 FREE" хөтөлбөр ажиллана. 9/20-9/26-ны өдрүүдэд "Double Award Points" хөтөлбөр хэрэгжүүлнэ. 9/28-9/30-нд "25% Sales" хөтөлбөр үйлчилнэ.

Monday, June 1, 2009

Эх үрсийн баярын мэнд хүргэе!

Жилийн жилд эх үрсийн баярын үер Аргамагийн яриа эрс нэмэгддэг ч энэ удаа тэгтэлээ огцом их байсангүй. Жирийн векэндийн хэмжээнд байсан нь монголчууд баяраа мартсан хэрэг огт биш л дээ. Харин энэ удаа онлайн худалдаа маш их нэмэгдэж гурав хоногт жирийн үеийнхээс 75% илүү байлаа. Олон карт худалдсан мөртлөө яагаад яриа бага байгаа юм бол хэмээн гайхан суух үед Чикагогийн 847-***-**** дугаараас нэгэн хэрэглэгч утасдлаа. Өмнө нь утсаар ярилцаж үзээгүй хүн байх, гэхдээ манай онлайн системд гурван жилийн өмнө бүртгүүлсэн чамгүй олон карт худалдаж авсан хэрэглэгч юм.

Энд бичих болсон гол шалтгаан нь мань хүн Аргамагийнханд талархал илэрхийлж, эх үрсийн баярын мэнд хүргэсэн юм. Мань хүн хэлэхдээ "Танай картаас энд байгаа найз бүртээ нэг нэгийн худалдаж аваад баярын бэлэг болгож өглөө. Ноднин хэдэн эмэгтэй найзууддаа бэлэглэж байсан. Энэ жил эрэгтэй улсууд ээждээ, эхнэртээ, үр хүүхдүүдтэйгээ залгаад яриг гэж бодсон. Маш олон найзууд гоёо бэлэг болсон гээд надад талархал илэрхийллээ. Үүнийгээ Аргамагийнхантай хуваалцая. Дараа жил гэхэд сайхан шүлэг бүхий баярын мэндчилгээ шиг карт хэвлээрэй, олныг авна шүү" гэлээ. Бидэнд бас их урам өгч, сайхан санаа гаргасан Танд их баярласанаа дахин илэрхийлье!

Аргамагийн хэрэглэгчиддээ, блогчиддоо, найз нөхөддөө эх үрсийн баярын мэнд дэвшүүлж гэрийнхээ бас нэгэн баярт үйл явдлыг хуваалцья! Номин маань сургуулийнхаа хамгийн шилдэг эссэ бичсэн сурагчаар тодорч дөнгөж сая шагнууллаа.

Номингийнхоо бичсэн нэгэн эссэг толилуулья. Манай хүн уул нь энэ Wii гээч тоглоомд учиргүй дуртай нэгэн. Багшаасаа Wii-гийн талаар бичих даалгавар аваад хачин их баярласан гэж байгаа. Дуртай юм хойно хачин амархан бичнэ гэж боджээ. Гэтэл багш нь дургүй гэж бичих даалгавар өгсөнд нилээд бодож, эргэцүүлж, тоглоомд дургүй нэгний байр сууриас сэтгэж тэдний бодол санаа, сэтгэлгээг тод илэрхийлэхийг хичээсэн гэж байгаа. Гаргасан санаанууд нь эхнэр бид хоёрт маш их таалагдсан эссэг цөмөөрөө одоо уншья.

The Trouble with Wii
Nomin-Erdene Jagdagdorj

Before the Wii came along, you could see families playing tennis, golf, or other sports together. Now, when you peer into the daily life of an average family, you see them holding a white remote and pointing frantically at their television. Instead of going to a bowling alley and playing a few rounds, families are choosing to just have a competition at home.

The problem with the Wii is that it doesn’t require much experience, effort, or practice to succeed in a game. Unlike in real life, you don’t need a lot of strength to hit a home run. You don’t need very much coordination to get a tennis ball over the net. You must simply swing your arm at close to the right time and the effect will be the same as if you had practiced and perfected your hit for several years in real life. The Wii is also a substitute for exercise for many people. Instead of actually playing tennis or golf or other sports, people choose to stand in front of their televisions and say that they are getting their exercise. When you exercise in the real world, it is healthy for your body. However, when you exercise with the Wii, it is simply healthy for your appetite of fun.

What happened to going to a bowling alley for a couple rounds? What happened to choosing your perfect ball, wearing smelly shoes that don’t quite fit, and watching your ball roll slowly into the gutter? All the parts of bowling that make a true bowling experience are ruined when you go bowling on your Wii. Everything is simply rolled into a movement of your arm. You don’t have to aim except for holding your arm out straight. You don’t get the choice of putting the bumpers so that you are sure to knock down a pin. You are reduced to a small, animated character. What fun is getting a strike when you are actually bowling if your friend says that they get strikes all the time on their Wii?

The Wii is merely an undemanding way to win at something. Because of the Wii, young children will think that they are great at a sport. However, when they go out into the real world to play the actual sport, they will be shocked to find that they are not as great as they thought at the particular game. The Wii is actually undermining the self-confidence of the population. Playing excessively on the Wii will cause insecurity, embarrassment, and self-doubt. The Wii could even lead to depression, drug addiction, and maybe even some suicide attempts! If you are at all concerned with your well-being, happiness, or health, avoid playing the Wii.

Saturday, April 18, 2009

Тав дугаар чиглэлийн трамвай

Аргамагийн утасны картын холбогдох дугаарт өөрчлөлт орсныг блогоороо мэдээлэлгүй чамгүй удсан байна шүү. Миний блогоо эргэх хугацаа манай үйлчилгээний өөрчлөлт шинэчлэлийг гүйцэхгүй хурд багатай, нэг тийм аажуу уужуу тайванхан шиг ...

Новод анх очсон жил буюу нэгдүгээр курсийн эхний хэдэн долоо хоногт манай курсийнхэн математикийн хичээлд олонтаа хоцорч билээ. Заримдаа тарж байхад нь бөөн дуу чимээтэй орж ирцгээнэ. Сургуулиа мэдэхгүй төөрнө. Шинээр ашиглалтад орсон байрны шат, лифтийн зохион байгуулалтад будилна. Метро нэмж барьж байсан тул зам нил шавар, тойрч явна. Оюутанууд л юм хойно товч гарц олчихно. Түүнийг нь мэдээж хааж орхино. Зам элдэв зүйл зааж, чиглүүлдэг дээд курсын ах эгч нар ч бас ирж гүйцээгүй байж. Угаасаа ч монголчууд аажуу тайван улс ... Багш маань "трамвай номер пять - монголчууд орж ирж байна" гэдэгсэн. Тав дугаартай трамвайн чиглэл манай ойролцоо явдаг. Бас тэр нь их дуу чимээтэй, удаан явна, дээр нь цагийн хувиараасаа хоцорно. Монголчуудын мат-д авдаг дүн нь дандаа тав. Ингээд л тэгэж нэрлэсэн байх. Одоо аливаад хоцрох бүрт энэ л зүйрлэл санаанаас гарахгүй шүү. Ер нь блогоо "тавдугаар трамвайн зогсоол" гэж нэрлэдэг ч юм уу :-).

За гол бичиж эхлэсэн зүйлдээ эргэж орьё. Аргамагийн гэрээт үйлчилгээ үзүүлдэг холбооны зарим компанийн гэрээний хугацаа дуусаж сунгах эсвэл өөр хамтрагч сонгож болох үе таарсан тул боломжийг далимдуулаад нилээд өөрчлөлт хийсэн. Энэ нь өнөөгийн эдийн засгийн байдалд тохируулан өртөгөө хямдруулж зарим нэг илүү зардлыг хэмнэх үүднээс зөв арга хэмжээ л дээ. Мэдээж үүнтэй холбоотой манай хэрэглэгчдэд зарим нэг таагүй зүйл гарсан ч бидний үйл ажиллагааг дэмжиж, ойлгож хүлээн авч буйд их баярлаж байгаа.

Хуучин холболтын дугаараас гурван хотын дугаар жагсаалаас гарч шинэ дугаартай болсон нь манай вэб сайт http://www.argamag.com дээр бий. Давтан мэдээлэхэд, шинэчлэгдсэн дугаарууд:
  • Chicago North, IL - (224) 260-5662
  • Chicago, IL - (773) 303-4546
  • Denver, CO - (720) 337-3779
Хуучин дугаарт залгахад шинэ дугаарыг автоматаар хэлж байгаа нь сарын турш үйлчлэнэ. Цаашид хуучин дугаарыг бид огт ашиглахгүй. Ингэж хуучин дугаараа шууд хаячихгүй түр хэрэглэж байгаа нь хэрэглэгчдээ хүндэтгэсэн, тэдэнд учирч болох таагүй тохиолдолыг багасгасан, өөрчлөлтийн зохих мэдээллийг хүргэсэн үйлдэл юм.

Мөн Аргамагт хийгдсэн шинэчлэл нь бид өөрсдийн хост хийдэг вэбүүдээ цуглуулан нэг дор Networks Solutions компанийн интернэтийн үндсэн холболтод зөөж авчирлаа. Энэ нь argamag.com -н хэрэглэгчдээс гадна манайд вэбээ, мэдээлэл өгөгдлийн сангаа байрлуудаг харилцагчдын үйлчүүлэгч нарт хэрэгтэй болсон. Цаашид тэдэнд мэдээлэл саатах, мэдээллийн дамжих суваг дүүрэх, сэрвэр нь унах, өгөгдлийн сан холбогдохгүй болох гэх мэт технологийн саатал гарахгүй боллоо. Networks Solutions нь интэрнэтийн өгөгдөл холболтын Tier1 гэгддэг хамгийн том бизнес билээ. Networks Solutions-той Аргамаг хамтарч ажиллах болсоноороо бид үнэхээр их бахархаж байгаа. Үүнтэй холбоотой гарсан саатал, тодруулвал Аргамагийн хэрэглэгчид вебээр холбогдохгүй, нууц үг сэргээх хэсэг ажиллахгүй долоо хоносонд би хувиасаа болон Аргамагийн өмнөөс уучлал эрж байна. Энэ долоо хоногт утсаар надтай холбогдож асуудлыг гар тохиргоогоор шийдүүлсэн 32 хэрэглэгч (Амгаа, Туяатай хэдэн хэрэглэгч холбогдсоныг мэдэхгүй байна), автомат утсаар өөрсдөө аргыг нь олоод үйлчлүүлчихсэн олон хэрэглэгчддээ манай ажиллагааг ойлгож тэвчээртэй хүлээн дэмжсэнд баярлалаа. Товчдоо манай тавдугаар трамвайд тавтай зочлосонд ихээр талархаж байна аа. Мөн манай тавдугаар трамвайгаар цугтаа аялаж технологийн өөрчлөлтийг хариуцан ажилласан Илиной мужийн Илиос Нэтворкс Инк., програмчлалийн өөрчлөлтийг гүйцэтгэсэн Монголд үйл ажиллагаа эрхэлдэг МИСКО ХХК-н хамт олонд маш их талахаж байгаагаа илэрхийлье!

Аргамагийн хэрэглэгчид ээ, цаашид цөмөөрөө хамтадаа ихийг амжуулж хөгжин дэвшихийнхээ төлөө зүтгэнэ ээ. Блогчид минь бас тус нэмрээ үзүүлж, харилцан холбогдож бичлэг санал сэтгэгдлээ хуваалцаж байгаарай!

Wednesday, February 25, 2009

Амар байна уу?

Тарган тавтай сайхан хаваржиж байна уу? Хэсэл их, морь хурдан уу?

Аргамагийн хэрэглэгчид, блогчид, блог уншигчиддаа арван долдугаар жарны шороон үхэр жилийн сар шинийн нэгний өдрийн мэндийг хүргэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын ерөөл дэвшүүлье!

Монгол хүн гэдгээрээ бахархан, монгол уламжлал, ёс, зан заншилаа хүндэтгэх, эв эеийг эрхэмлэх талаар жинхэнэ бодит хичээл эх нутгаасаа алс хол өсөн бойжиж буй хүүхдүүддээ үзүүлэх боломж энэ өглөө олддог юм. Өглөө эртлэн босож гэртээ гал түлэн идээ будааны дээжээ бэлтгэж, энэ жилийнхээ ажил үйлсийг тэгш сайхан бүтнэ гэсэн итгэл, сэтгэлээр хангай дэлхийдээ хандан тэнгэр бурхандаа мөргөдөгийг өвөө эмээ, аав ээжээсээ өвлөн авсан билээ.

Орлоо дот комоос мөр гаргах заавараа уншиж дагалаа. Замдаан дот комоос битүүлэх, цагаалах ёсоо уншиж танилцсан билээ. Хүүхдүүд золгож ёслосны дараа бид аавтайгаа, ээжүүдтэйгээ (өвөөтэйгээ, эмээ нартайгаа) утсаар золгочихлоо. Эх нутагт минь, оршин суугаа оронд минь хаа хаанаа шинийн нэгэнд аав ээжийнхээ мэндийг мэдэх нь хамгийн их урам өгдөг юм. Ээжийн минь өгүүлэх нь Монголд цагаан сар өргөн дэлгэр болж байна, бүх хүмүүс нийтээрээ сэтгэл өндөр, жаргалтай сайхан байна гэнэ. Өглөө эртлэн босож гандан ороход хамба ламтай золгож, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй таарсандаа тун ихэд бэлэгшээж байна лээ. Монгол хүний төр, шашин, соёлоо хүндэтгэх агуу чанар энд буй нь энэ биз ээ.

Ажил дээрээ орж ирээд компьютерээ нээхэд их олон мэндчилгээ, ерөөл бүхий имэйлүүд хүлээж байна. Блогуудаар ч олон тооны мэндчилгээ, байр хүргэлт дүүрэн. Ингээд Амгаабаатар найз руугаа залгаж сар шинийн мэнд хүргээдэхлээ. Баттуяа руу залгав, Алтансүх утсаа авдаггүй ээ ... Эх нутгаасаа хол амьдарч ажиллаж буй монголчуудын нийтлэг төрх өнөөдөр ийм байгаа. Нүүр тулж уулзаж золгочих боломж заримд нь байхад дийлэнх нь утсаар, онлайнаар мэнд хүргэх.

Эх нутгаасаа алс хол энэ газар оронд нэг хотод амьдарч ажиллаж буй монголчууд биеэ биеэ дэмжин туслаж, харилцан ойлголцож улмаар ах дүүсийн холбоотой мэт болчих. Ахан дүүс цуглаж хамтадаа битүүрэн өнгөрөгч оноо үдэж, ажил бүтээлээ ярилцдаг монгол заншлаар манай хотын гурван айлынхан манайд цуглав. Арав төгсөөд МУИС-н ГИБ-с Герман оронд суралцаж undergraduate, master, doctor бүх л шатыг дамжиж төгссөн эрдэмтэн залуу Мизурийн их сургуульд эрдэм шинжилгээний ажилтан хийх. Цагтаа Болор цомоор үзүүрлэж асан яруу найрагч, сэтгүүлч залуу бас Колумбиад амьдрах. Бид бүгд нэг үеийнхэн, тоолбол нас ойр, төөлбөл бие чацуу улс. Монгол ёс заншил, монгол хүний онцлогийг Герман, Америкуудтай харьцуулж ярилцав. Монгол үндэсний бөхөөр эхлэсэн яриа сумо болж, улмаар Америкийн монголчуудын хөлбөмбөг, спортын бусад төрлийн талаар болж өргөжив. Америкт болон эх орондоо бизнес эрхлэх талаар хэлэлцэж Аргамагийн талаар үргэлжилж маш олон шинэ санаа, шинээр хийх зүйлс, хэрэгжүүлбэл зохих ажлуудын талаар санал өглөө.

Өнгөрсөн хулгана жилээ бид бүгд сайхан үдлээ. Аргамагийн яриа битүүнээр жилийн рекорд хийлээ. Жирийн үеийнхээс 12 дахин ачаалалтай ажилласан байна. Манай гэрт битүүний яриа ид өрнөж байхад Бэй Эриагаас Гиймаа гэдэг бүсгүй утасдаж карт нь асуудалтай байгаа талаар ярив. Омега10 карт худалдаж авсанаа $20-р сунгуулсан юм байна. Ингээд Омега20 кард шиг 240 минут ярина гэж боджээ. Үндсэн картынхаа ярих хугацааг дагах талаар тайлбарлаж кардыг нь Омега20 ангиллаар сольж өглөө. Мөн шагналын онооны талаар лавлаж асуусанд хариулав. Кастомер суппорт (Customer Support)-той байна, хэрэглэгчээ дэмжинэ ээ гэж ... Мөн хоёр хүн автомат утсанд мессэж үлдээсэн байлаа. Манай цагаар оройн наймаас арав дөч хүртэл систем улайтлаа зүтгэж ачаалал хэтэрсэн үед таарсан байв. Гиймаад туслах гэж компьютер дээрээ суусныг ачааллын асуудлыг анхаарч локал залгалтуудын болон Монгол дахь гарцуудын ачааллыг өөрчилж тэнцвэржүүлсэнээр улам олон хүн эх нутагтайгаа сар шинээр холбоотой байсан биз ээ.

Friday, July 11, 2008

Та сайхан наадаарай!

"Нэгэн цагт аргамаг хүлгийн туурайгаар хөвчин дэлхийг тамгалж, ертөнцийн талыг захирч явсан баатарлаг түүхтэй монгол түмний тэсвэр хатуужил, хvсэл тэмүүлэл нь эрийн гурван наадамд тусгалаа олсон байдгаараа онцлог.

Зүлэг ногоон талбайд нь хүчит бөхчvvд уран мэхийг уралдуулан барилдаж, зүйдэлгүй номин талд нь иртэй хурдан хүлгүүд тоосоо өргөн эрийн хийморийг сэргээж, эрхий мэргэн харваачид хасаагаа бутлахыг 365 хоног хүлээсэн дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү эхэлж байна" хэмээн Өнөөдөр энэ өдрийн онлайн дугаартаа нийтэлжээ.

"Монгол түмний их цэнгэл эрийн гурван наадам дэнж хотолзуулан ид дундаа үргэлжилж байна. Хүчит бөхчүүд нь эд хаваа гайхуулж, шандаст хурдан хүлгүүд нь газар эвхэн хурдалж, эрхийдээ эрчтэй харваачид нь цэц мэргэнээ сорин наадамчин олон уухайн дуу хадааж байна" гэж News.mn сайт мэдээлжээ.

"Азарга очиж үзэж жаахан сэтгэл хөдлөв" гээд эрхэм найз (хуурай дүү) Балгансүрэн yahoo messengereer яг одоо бичиж байна. Эх нутагт наадам тун сайхан эхлэж, хотол олны сэтгэл өндөр байгаа ажээ.

Америкт амьдарч, ажиллаж хөдөлмөрлөж, сурч боловсорч, аялан зугаалж буй монголчуудад ч наадмын уур амьсгал хэдийнээ оржээ. Энэ долоо хоногийн төгсгөлд монголчууд олноор болон цөөнөөр сууршисан хот бүрт наадам тэмдэглэх гэж байна. Баруун эргийн Сан Франциско хот буюу Бэй Ариагийнхан 12-ны хагас сайн өдөр наадна. Вашингтон мужийн Сиаттл, Калифорния мужийн Лос Анжелос, мөн тус мужийн Сакрамэнто, Колорадогийн Дэнвэр, Мизурийн Сприйнфиелд, Илинойн Чикаго, Мизурийн Сайнт Лоуис, Индианагийн Блоумингтон, Вашингтон Ди Си орчмынхон ням гаригт наадам хийнэ.

Аргамагийнхан ч уламжлал ёсоор наадамын хямдралаа зарлалаа. Өчигдөрөөс буюу долодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн манай Омега20 кардын ярих хугацааг 20% нэмэгдүүллээ. Тодруулбал, $20.00-н тус картаар УБ хотын суурин утсанд 240 минут, монголын гар утсанд 140 минут ярина.

Манай argamag.com вэбээс тус картыг худалдаж авахад 3% хөнгөлөлт үзүүлж, шагналын 80 оноо өгдөг билээ. Наадам болж буйтай холбогдуулан энэ хөнгөлөлт, шагналын оноог ч нэмэгдүүлж байна. Баяр наадмаар Та 4% хөнгөлөлт үзэж, шагналын 120 оноо авна. Дараа сард ярих картуудаа энэ хөнгөлөлтийн үер худалдаж аваад хадгалсан ч болно. Америкийн эдийн засаг хүнд байгаа энэ үед Та үнэхээр ХЭМНЭЛТ гаргана шүү!

Аргамагийн хэрэглэчид ээ, Америкт амьдарч, бизнес эрхлэж, ажиллаж хөдөлмөрлөж, сурч боловсорч, аялан зугаалж буй монголчууд аа, Та бүхэн САЙХАН НААДААРАЙ!

Monday, February 11, 2008

Валинтайны өдрийн бэлэг

Цагаан сар, сар шинийн баярт зориулан зарласан хямдралаа Валинтайн өдөрт зориулан бид үргэжлүүлж байна. $20.00-н Омега20 кардаар манай локал холболтын дугаарт залгаж УБ хотын суурин утсанд 240 минут, монголын гар утсанд 140 минут ярина гэсэн үг.

Америкт хоёрдугаар сарын 14-ны өдрийг Валинтайны өдөр хэмээж тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр мэндчилгээ карт солилцож, чихэр шоколад бэлэглэдэг. Цэцэг өгөх нь ч элбэг. Хайр дурлал, хайр хүндлэлээ илэрхийлж буй нь энэ. Зөвхөн Америкт ч бус дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэж бие биедээ бэлэг, урам, хайр бэлэгдэх болжээ. Азийн зарим оронд ялангуяа Япон, Солонгост их сүрхий тэмдэглэж бүр энэ нь маркетингийн томоохон хэрэгсэл болжээ.

Дэлхий даяар энэ өдөр нэг миллиард хүн биеэ биедээ карт бэлэглэдэг, энэ нь зул сарын баярын дараа орох хамгийн их мэндчилгээ илгээх баярын өдөр болдог талаар Америкийн мэндчилгээний картын холбоо мэдэгдсэн байна. Бид энэ улсуудын дунд л яваа. Одоо цөмөөрөө биеэ биедээ утасны карт бэлэглэж сурья! Биеэ биеэ рүүгээ утсаар залгаж мэндчилгээ хүргэе, хайраа дамжуулая! Зохиолч Дашбалбар агсны шүлэглэсэнээр "Хүмүүс ээ, бие биеэ амьдад нь хайрлаяа" хэмээн уриалж, эх орон руугаа, элгэн садандаа утасдах хайраа илэрхийлье!

Манай энэ удаагийн хөнгөлөлтөөр жирийн үеийнхээс 20 хувь хямд болж байгаа юм. Мөн Та шагналын оноогоо авсаар байх болно. Та энэ боломжийг бүү алдаарай!

Friday, February 8, 2008

Сар шинийн мэнд дэвшүүлэе!

Аргамаг Инкорпоратэдийн хэрэглэгч, Аргамаг блогийн уншигч Та бүхэн амар сайн байна уу? Даага далантай, бяруу булчинтай, тавлаг сайхан хаваржиж байна уу? Хэсэл их, морь хурдан уу?

Эх нутаг элгэн саднаасаа алс хол амьдарч, ажиллаж, сурч, аялаж байгаа та бүхнийг эх орон, ээж аав, үр хүүхэд, ах дүүс, анд нөхөдтэй тань холбоо харилцаатай байлгах үйлсэд мэргэжил нэгт бусад нөхдийнхөө хамтаар цаг нартай уралдан зүтгэдэг Аргамагийнхан сар шинийн мэнд хүргэж байна.

Та бүхэндээ ирж байгаа "хотлыг баригч" шороон хулгана жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн, бизнес уран бүтээлдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!

Америкт байгаа хэрэглэгчдийнхээ амьдрал, жаргал зовлон, хүсэл мөрөөдөл, бодол санааг эх нутагтай нь холбох гүүр болох үүргээ бид амжилттай гүйцэтгэж байна. Зөвхөн эх оронтойгоо ч бус дэлхий даяар ертөнцийн булан бүрт буй элэг нэгт ахан дүүсийнхээ гүүр болох эхлэлээ тавьж хэд хэдэн улсад холболтын эрх авсан нь мөн л манайханы амжилт.

Иракт байгаа цэргүүд битүүлж буй мэдээг хүргэж хошууч Амарбаясгалан Флоридагаас өчигдөр утас цохиж байна. Цэргүүдэд утасны карт авна гэнэ. Бид ч уламжлал ёсоор цэргүүдээ дэмжиж үнэгүй карт дагалдуулж илгээлээ. Амараа энхийг сахиулагчдын тухай сайхан сэтгүүл хариуд нь имэйлдэв. Удахгүй сэтгүүлийг вэбдээ залж нийтэд хүртээл болгоно оо.

Утасны картны талаар олон хэрэглэгч өчигдөр утасдлаа, чадлынхаа хэрээр асуудлыг шийдэж өгч байлаа. Зарим нэгт нь эргээд залгана гэсэн ч амжаагүй тохиолдол бий, уучлаарай, амь хувьсгалын ажил ихээр давхацаж байлаа. Оройн зургаан цагийн үед карт авах гэсэн чинь вэб чинь болохгүй байна гэнэ. Амгаа битүүлгээ хойш тавин байж вэбээ босгосон. За тэгээд оройхон тийшээ битүүлээд бид утсаа ч аваагүй байх, хэд хэдэн миссэд колл байна лээ, уучлаарай! Мөн олон удаа залгуулж байна хэмээж байлаа. Нутагт шинийн нэгэн болж буй тул ачаалал ихэссэнээс тэр л дээ. Бэрхшээлийг ойлгон хүлээж авч байсан хэрэглэгчиддээ их баярлалаа.

Гахай жилийн төгсгөлд зарласан ярианы хөнгөлөлт үргэлжилж байна. Жирийн үеийнхээс 20 хувь илүүтэй ярих боломжтой гэсэн үг. Хөнгөлттөй үед улам ихээр нутагтаа залгаж, ахмадуудынхаа мэндийг мэдэж, сургааль ерөөлийг нь аваарай! Аргамагаар үйлчлүүлж буйд их баярлалаа.

Saturday, January 19, 2008

Хол ойрын сонин сайхан

Нэг их завгүй л байсан юм байх даа, блогтоо хүрэлгүй ес хоночихож. Хүрэлгүй ч гэж дээ юу ч бичиж амжаагүйгээ хэлж байгаа нь энэ. Тэрнээс хаанаас юуг хэдэн удаа уншсан байна гэх зэрэг өдөр тутам гарах репорт тайлангуудаа харж байсаан. Гүүгл гээд нөгөө өндөр цагаан залуу Монцамэ шиг ах туслаад тэр тайлангууд гарч ирээд байх.

Энэ хугацаанд Аргамагийн картуудаар ярьж болдог улс Орос, Германаар нэмэгдэж амжлаа. Вэбээрээ зарлаж амжаагүй байхад л манайхан залгаад Герман ярьчихсан байх юм даа, манайхан нээрээ адтай улс шүү.

Вэб дээрээ ганц нэг мөр наана цаана болгож өөрчлөн цөөн мэдээлэл нэмлээ. Америкийн монголчуудын худалдааны танхимын лого тавьсан байгаа. Энэ байгууллагыг өнгөрсөн оны дөрвөн сард Чикаго хотноо Америкт жижиг бизнес эрхлэгч монголчууд чуулж байгуулахаар шийдсэн. За тэгээд албан ёсоор бүртгүүлэх, элдэв форм бөглөж хариу авахад нийлээд цаг зарцуулсан. Өөрсдийн вэбтэй болж, танилцуулах уулзалтууд хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг АНУ-д хийсэн айлчлалын үер түүнтэй уулзалт зохион байгуулсан, АНУ-д бизнес эрхлэгчдээс шилдэгийг нь шалгаруулах гэж байгаа, монгол бизнес эрхлэгчдийн судалгаа гэх мэтчилэн цөөнгүй ажил амжуулаад байгааг вэбээс нь орж үзээрэй! Блог дээр баруун талд линк нь байгаа.

Манай Баттуяа Чикагоос утасдаж байна. Ирэх гурван сарын найманд шалгаруулалт нь болох "Шилдэг загвар - 2008" уралдааны талаар ярьлаа. Уралдааны нөхцөл товийн зарыг http://www.medeelel.com/Fashion/Fashion_Chicago.pdf хаягаар үзэж болно. Уралдааны үер 400 гаруй хүмүүс цуглана гэсэн тооцоо байгаа юм байна. Энэ үер монгол бизнес эрхлэгчдийг хүрэлцэн ирж сурталгаа хийж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах боломж гаргах юм байна. Тодорхой зай, ширээ гаргаж засна. Төлбөр нь ч тун бага боломжийн юм байна лээ. АМХТ-хан болон бизнес эрхэлдэг танилууддаа хүрэх зарыг блогоороо бүгдэд хүргэчихэе! За дээр нь нэмэхэд уралдаанд оролцохоор бүтэн баг хүмүүс Вашингтон Ди Сигээс бэлэн болоод бараг замдаа гарах гэж байгаа гэсэн шүү, бусад муж хотынхон бэлтгэлтэй, бодолтой байгаарай! :-)

Он солигдоод АНУ-д татварын үе эхэллээ. Бизнесийнхэн гурван сар, хувь хүмүүс дөрвөн сар хүртэл татвар гээд бужигнадаг юм. Үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг энэ газар ч бас их сонин шүү! Америкийн монголчуудын яахоо группуудээр татвар боддог монголчуудын зар ч тараад эхэлсэн байна. Миний хувьд Өлзийболдоор татвараа бодуулаад олон жил болж байгаа. Жил бүр өөрчлөгддөг буцаагаад моние авч болон бүхий л хөнгөлөлтийг тухай бүр нь их сайн судалсан, ажлаа мэддэг залуу л даа. Америкийн татвар бодохоор төрөлжсөн топ байгууллагын онц татвар бодогчоор удаа дараа шалгарч байсан гэж байгаа.

Америкт байгаа блогчдод зориулж мань хүнийг л рекламдаж, Та нар тийшээ хандаарай гэх байна. Утас нь: 573/529-9624. Та нар өөрсдөө залгаад яриад л үз, тэгээд хэн болох, хэр профи болохыг нь мэдэрнэ ээ. Ярилаа гээд үнэ төлөх биш залгаад л үз! Монгол, англиас гадна испани, оросоор ярихад ч саадгүй шүү!

За бас нэг сонирхуулчихаар зүйл нь блогтоо анх удаа коммэнт авч үзсэн юм байна. Их урамтай сайхан юм билээ. http://miniibodol.blogspot.com/ -н Ганаа зул сарын болон шинэ жилийн мэнд хүргэсэн байсан. Их баярласан шүү! Мөн мань хүн блогууд жагсаалтандаа аргамаг блогийг оруулсан байна лээ. Бас л "тээнк юуууу вэри маач" даяа.

Friday, December 21, 2007

Зул сарын баярын мэнд хүргэе!

Christmas л гэнэ, монголоор зул сарын баяр гэдэг байх аа. Би л тэгэж ойлгоод, санаад байгаа шүү. Арван хоёрдугаар сарын 25-ны өдрийг хэлж байна. Америк даяар амарна. Өвлийн өвгөн гуай, за бид багаасаа тэгээд нэрлэж заншсан, тэгээд мань хүн - Гомбосүрэн гуай шинэ жилээр ирж бэлэг өгдөг сөн. Энэ Америкт бол зул сарын баярын өмнөх өдөр яндангаар орж ирээд зөндөө бэлэг хүн бүрт үлдээгээд явчихна.

Бизнесүүд хүртэл энэ л үер хэрэглэгчиддээ элдэв бэлэг сюрприз барих. Аргамаг ч бас яаж зүгээр байхав, ганц нэг зүйл бэлтгэлээ. Юун түрүүнд залгаж ярих улс, хот нэмээдэхлээ.

Ноднин жил шинэ оны мэндийг Монгол руугаа утасдаж хүргэхээс гадна Солонгос руу залгачих боломж байсан билээ. Энэ зун ИБУИНВУ нэмэгдсэнийг мэдэж байгаа, та бүхэн. Манай хэрэглэгчид Япон, Хятадад байгаа гэр бүл, найз нөхөд, ах дүүстэйгээ ярьсан шигээ ирж буй 2008 оноо угтаж, хуучнаа үдэж болно. Холыг холбох, хоёрыг ойртуулах ч хөгжилтэй сайхан ажил шүү.

Бас нэг бэлэг нь бид Омега 20 картны ярих хугацааг баярын үер нэмэгдүүлж байгаа. Улаанбаатарын суурин утсанд 240 минут, гар утсанд 140 минут яриулах боллоо.

Ахиад нэг бэлэг байгааг аргамагийн онлайн хэрэглэгч нартаа зориулав. Баярын өдрүүдийн үер нэмэлт шагналын оноо нэмж өгөхөөр боллоо. Ингэснээр 3/5/10 карт тутам үнэгүй карт авах боломтой байсан та бүхэн 1/2/4 карт тутам үнэгүй карт авах болно. Тодруулбал, нэг 20 долларын карт худалдаж авахад нэг таван долларын карт үнэгүй авчих шагналын оноо авна. 10 долларын карт хоёр таван долларынхаас хамаагүй илүүтэй минут ярьдаг болохоор эхнийхээ шагналыг хэрэглэлгүй ахиад нэг хорийн карт авчихад 10 доллар үнэгүй ороод ирнэ. За бүр гүрийгээд хамдралтай, шагналтай байгаа дээр нь гээд ахиж хоёр карт аваад жоорлочиход 240 минут үнэгүй олдоно. Жоорлож чаддаггүй бол найздаа аваад бэлэглэчих, цаадах чинь шаваагаа ханатал нэг нутгаадаа яриг л дээ.

За ингээд шагналын оноо ахиу аваад үнэгүй зөндөө минут олдох нь, бас дээр нь 20% хямдралтай буюу 20% илүү минут карт болгон дээрээ яриад авна. Нийт дүндээ нэг минутыг 5-10 цэнтээр чанартай сайн яриад авах нь. Нарийн математик үйлдлүүдийг хэрэглэгч, уншигч Та өөрөө хийгээд үз!

Сайхан баярлаарай!

Wednesday, November 28, 2007

Иракт байгаа цэргүүдээ дэмждэг

За үүнийг жаал эртний явдалаас түүх болоод хэдэн жил болчихсон хэргээс эхлэх нь зүйтэй байх. Миззури мужийн Вашингтон хотод амьдардаг манай нэгэн найзын дүү нь Ирак явсан Монгол цэргийн анхны ээлжийн багт орсон байлаа. Эхний багийн цэрэг эрсэд интэрнэт - "яахоог" эс тооцвол нутагтаа тэр бүр хэл хүргээд эцэг эх, эхнэр хүүхэд, ах дүүдээтэй холбоо барих амаргүй байлаа. Энхийн цаг бус дайн тулаанд мордсон тул ойлгомжтой хэрэг. Харин тэдэнд америк руу утсаар ярьчих боломж байсан байна. Ингээд хүргэн ахынх руугаа залгах нэгэн тохиолдолд найз Лутаа маань дүүдээ манай картаар дамжуулаад монгол залгаж өргсөн байна.

Энэ талаар хожим Лутаа надад нэг удаа хэлэхээр нь Амгаа бид хоёр ярилцаад Иракт энхийг сахиулж буй цэрэг эрсээ дэмжих санаачлага гаргаж тэдэнд үнэгүй карт өгч байхаар тогтсон юм. Зүгээр л сэтгэлийн бэлэг байлаа. Бид ямар нэг ашиг сонирхол энд өвөрлөөгүй, маркетинг болгож хэрэглээгүй юм. Цэргүүдийн хэд хэдэн ээлж солигдсон байх, тэгээд нэг өдөр Флорида мужид алба хааж байсан Ганхуяг утас цохиж байна. Бидэнд талархаж байгаагаа илэрхийлж, Аргамагийн хэрэглэгчдэд Иракт алба хайж буй цэргүүдийн мэндчилгээг дамжуулсан юм. Цэргүүдийн зураг бүхий энэхүү мэндчилгээг бид вэб дээрээ тухайн үед байрлуулж, улмаар Замдаан сэтгүүлд өгсөн ярилцлага дээр дурдаж байлаа. Ингээд дэд хурандаа Д.Ганхуягтай зөвлөж байгаад бид өөрсдийн вэб дээрээ Ирак дахь цэргүүдээ дэмждэг баннер тавьсаар гурван жилийг үджээ.

Одоо ч бид тэнд байгаа цэргүүдээ дэмжиж тодорхой минут үнэ төлбөргүй өгдөг. Цэргийн багийн ээлж ч солигдсоор энд Америкаас хариуцан холбодог офицерүүд ч өөрчлөгдсөөр Аргамагийнхан Ганхуяг, Өлзийбаяр, Ганбат, Амарбаясгалан гээд нүүр тулж уулзаж үзээгүй олон танилтай болжээ. Энэ нэр дурдсан улс бүгд цэргийнхэн бөгөөд Иракт байгаа цэргүүдтэй биднийг холбож карт дамжуулж байсан, олонх нь өөрсдөө Иракт дарийн утаа үнэрлэсэн бахархалт эрс билээ.

Муу эр дайнд хөөрнө гэдэг билүү. Бид тэгэж хөөрч буйд бус Иракт энхийн сахиулж буй цэрэг эрс эх орныхоо даалгаварыг биелүүлж байгаа, Монгол хэмээх нэрийг дэлхийн тавцанд бодитоор дуурсгаж байгаа, улс эх орондоо тодорой эдийн засгийн тус өгөх үйлсэд гар биеэ оролцож байгаа болохоор бид дэмжих, боломж байвал туслах ёстой гэж үздэг юм. Энд Монголын засгийн газар, батлан хамгаалах яам, АНУ дах элчин сайдын яамнаас ямар нэг санаачлага, оролцоо байхгүй зөвхөн цэрэг эрс болон Аргамагийнханы сайн дурын асуудал бөгөөд бидний зүгээс ямар нэг өөр давхар ашиг сонирхол байхгүй гэдгийг дахин дурдаж өнөөдрийн блогоо өндөрлөе!

Monday, November 5, 2007

Аргамаг Инкорпоратэд юунаас эхлэдэг вэ?

Аргамагийн хэрэглэгчид болон Америкийн мэдээлэл холбооны технологийн талаар бичиж байх блог нээж байгаадаа их баяртай байна.

Намайг Эрхэмбаярын Жагдагдорж гэдэг. Аргамаг Инкорпоратэдийг найз Пүрэвжалын Амгаабаатарын хамтаар 2001 онд байгуулж, АНУ-н Илиной мужид бүртгүүлэн корпорате үүсгэсэн. Бид хоёр анхлан хоббигоороо, чөлөөт цаг, заваараа хийж байсан зүйлсээ базаж мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэхүү америкийн зах зээлд бизнес хийх гэдэг утгаар хөл тавьж үзсэн нь энэ. Бид америкийн мэдээлэл холбооны технологийн зах зээлд хөл дүүжилж туршлага хуримтуулж буйдаа дулдуйдан энэхүү алхамыг хийсэн билээ. Хэн хэн нь мэргэжлээрээ үндсэн ажилтай байсан тул Аргамаг Инк. нийлээдгүй хугацаанд хавсарга, хобби хэвээр байсан. Энэ ч Америкийн хуулиар зөвшөөрөгдсөн зүйл.

Бид ч туршлага хуримтлуулсаар ... АНУ, муж улсуудын бизнесийн хууль дүрэмд танилцсаар, нягтлан бодох бүртгэл, маркетинг, хэрэглэчидтэйгээ харьцах, тэднийг дэмжих, харилцагч бүрийг сэтгэл хангалуун үлдээх, бизнес ёс суртахуун гэх мэтээр үй олон зүйлд бид суралцсаар ... Аргамаг үйл ажиллагаагаа явуулсаар ...

АНУ-д байгаа монголчууд Аргамагийг монгол руу ярьдаг утасны картаар сайн мэддэг. Энэ бол бидний анхны бизнес. Технологийн шийдэл, програм хангамж зохиох, веб сайт хийх, хэрэглэгчдээ онлайнаар бүрэн дэмжих, Монголд бизнес хамтрагчидаа зөв сонгох, гэрээгээ сайн хийх, бүх төлбөрөө цаг хугацаанд нь барагдуулах гэх мэтээр бид энд маш их цаг зарцуулсан, цаашид ч үүнд цаг заваа зориулсаар байна. Бүх хэрэгцээт програм хангамжуудаа бид өөрсдөө зохиосон. Аргамагийн утсан холбооны систем, хэрэглэгч холбогдох, хэрэглэгч онлайн дэмжлэг авах, онлайн болон автомат утсаар худалдаа хийх, санхүү нягтлан бодохийн иж бүрэн шийдэл гээд Аргамагийн хэрэглэж програмууд бүгд манай өөрсдийн бүтээл, монгол хүний оюунаар бүтсэн. Бид хэд хэдэн технологийн шийдэл хийж олон зүйл туршсаар өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн шийдлүүдэд хүрч чадсан. Үүгээрээ бид зөвхөн бизнес хийгээд зогсоогүй, мэдээлэл холбооны технологийн орчин үеийн хөгжилд хөл нийлүүлэн алхаж, өөрсдийн хувиа нэмэрлэж технологийг хөгжүүлэлцэж байгаа хэмээн бахархаж явдаг. Аргамагийн цөөнгүй бүтээгдэхүүнийг америк компаниуд хэрэглэдэг. Бид энэ чиглэлээр олон зүйл монголчууддаа болон америкийн зах зээлд түрүүлэн хэрэглэсэн. Энэ талаараа блогтоо үргэлжүүлэн бичнэ ээ.

Аргамагийн холбооны технологийн үйл ажиллагаа утасны кардаар хязгаарлагдалгүй, өнөөдөр Америк болон бусад улсуудыг хамарсан утсан холбооны сүлжээг бий болгож байна. Америкт байгаа айлууд, албан байгууллагуудад бид интернэт технологи дээр суурилсан утас туршилтаар тавьж байгаа. Америкийн холбооны улсын харилцаа холбоо зохицуулах зөвлөлөөс үйлчилгээний зөвшөөрөл ирмэгц бид албан ёсоор уг үйлчилгээг эхлэнэ. Мөн бид Солонгос, Их Британид өөрсдийн утсыг тавих туршилтыг хийж байгаа. Монголд хийсэн туршилт маш амжилттай болсон ч харамсалтай нь Монголын хуулийн дагуу ийм үйлчилгээ эрхлэх эрхийг цор ганц компанид өгөх тэндер зарлагдан ялагч нь тодорсон байгаа. Бид бүх үйл ажиллагааг тухайн улс бүрийн бизнесийн хууль дүрмийн дагуу хийж эхлэж байгаа бөгөөд цаашид ч зөвхөн хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлнэ.

Аргамагийн бас нэг хийдэг бизнес бол Америкийн зах зээлээс бага хэмжээний програмчлалын ажил олж монголд байгаа мэргэжил нэгтүүдээрээ хийлгэдэг явдал юм. Энэ нь амаргүй ажил ч гэлээ, одоо ч бид тодорхой бүрэн үйл ажиллагаа энэ талаар эрхлээгүй байгаа ч "далайд дусал" гэгчээр гурван жилийн хугацаанд зургаан жижиг төсөл гүйцэтгэж дуусгасан. Өнөөдөр "аутсорсинг" гээч нэр томьео маш эрчимтэй хөгжиж байна. Манай энэ ажил энэ л аутсорсинг монгол америкийн хооронд бий болгох гүүрийг босголцож, монголчууд эх нутгаасаа америкийн зах зээлд ажиллаж, америкт авдаг цалинг монголдоо авах үйлсийн эхлэл юм аа. Алдаа оноо ихтэй ч амжилт бүтээл багагүйгээр алхаж байгаа энэ жимээ Аргамагийнхан томоо, өргөн дардан зам болгохын төлөө хамаг хүчээ дайчлан ажиллах болно.

Аргамаг бас нэг хийдэг ажил бий нь монголчуудад хараахан хүрээгүй, монголчууд руу хараахан чиглээгүй байгаа үйлс юм. Энэ нь "вэб юзабилити" буюу вэб сайт хэрэглэгчиддээ хэр амархан ойлгогдож байна, хэрэглэгчид хэрэгтэй мэдээллээ хэр амархан олж байна, вэб сайт хэр энгийн байдлаар хэрэглэгчиддээ хүрч байна гэх зэргийн судалгаа хийх үйлчилгээ юм. Өндөр хөгжилтэй барууны орнуудад PhD хамгаалсан, Америкийн их сургуулиудад PhD суралцдаг судлаачид энд ажиллаж, хийж гүйцэтгэсэн судалгаанууд нь Америкийн бизнесийн болон олон нийтийн олон байгуулагуудад өндрөөр үнэлж байгаагаар бид бас бахархадаг.

Аргамаг Инкорпоратэд эндээс л эхлэдэг. Тодруулбал, Америкт, Солонгост, Лондонд байгаа Таны эх нутагтаа залгаж байгаа утаснаас тань эхлэдэг. Манай олон үйлчлүүлэгчийн гэр, ажил оффисийн ширээн дээрх интэрнэт утаснаас, Таны өмнө дэлгээтэй байгаа компьютер интернэтээр холбогдохоос, Улаанбаатар, Сөүлд байгаа ч Америкийн компанид код бичиж буй залуучуудын оюун ухаанаас, Миззурийн их сургууль, Тайваны их сургууль, Хонгонг, Тайланд, Хорватын их сургуулиудад түшиглэсэн судалгааны төвийн ширээн дээрээс, америкийн олон бизнес, олон нийтийн байгууллагын онлайн хэрэглэгчдээс Аргамаг Инкорпоратэд эхлэдэг билээ.