Showing posts with label Мэдээллийн технологи 2020 онд. Show all posts
Showing posts with label Мэдээллийн технологи 2020 онд. Show all posts

Monday, October 24, 2011

Дүрслэлээр хэрэглэгчтэй харилцах хэсгээс дохио зангаа руу

Бидний олонх нь гар болон хулганаар заах, товчлуур дарах, цэснээс сонгох зэргээр тооцууртай харьцаж, хэрэглэж сурсан. Тэгээд бичиг баримт шивж, боловсруулж, хүснэгтэн тооцоолол гүйцэтгэж, зарим нэг гоё ганган үзүүлэн танилцуулга хийж зэргээр цааш алхсан. Анх хамаг мэдээлэл текстээр байсан бол одоо график дүрслэл бүхий болж, хулганынхаа баруун зүүн товчлуурыг дарж, нэг хоёр товшиж, зураг хөрөг нааш цааш чирч гээд виндоус, мак ос, линукс гэх мэтийг бид андахгүй болжээ. Сүүлийн хорь гаран жил хүн-тооцуурын харилцан нөлөөлөлд давамгай хэрэглэгдсэн GUI (graghical user interface) буюу дүрслэлээр хэрэглэгчтэй харилцахыг өгүүлээд байгаа нь энэ.

iPad, Samsung Galaxy Tab, Asus Eee Pad, Amazon Kindle гэх мэтээр таблэт тооцуураар жишээлэхэд, одоо дүрслэлийн дараагийн шат эхэлж хуруу хүрэх, мэдрэх маягт хүрчээ. Хэрэглэгчид зүгээр шууд хуруугаа хөдөлгөөд ид шидийг гаргахгүй бөгөөд энд уямж зохиогчид чухал нөлөөтэй бөлгөө. iPad2-г анх зарлах шууд үйл ажиллагаа хийгдэж байх 2011 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн өглөөний 10 цаг 05 минутад хоёр тэрбум долларын чек дэлгэц дээр гарч ирсэн бөгөөд энэ нь зөвхөн Apple өөрсдийн таблэтэд зориулсан чөлөөт буюу гуравдагч уямж зохиогчдод төлсөн төлбөрийн дүн ажээ. Мөн үед Apple 100 сая дахь хуруун мэдрэмжээр ажилладаг ухаалаг гар утсаа энэ өдөр илгээснээ зарласан байв.

Тэгвэл өнөөдөр буюу 2011 оны аравдугаар сарын 24-нд дөнгөж цагийн өмнө суусан, Эпплийн боловсролын багийн олон улсын зөвлөх инженер Стив Хэйманы хичээлээр үзүүлж байгаар долоо хоногийн өмнө гарсан iOS 5-д зориулаад яг одоо дэлхийн 90 орноос 425 000 уямж гар утсанд дээр нь 100 000 нэмэлт уямж iPad-д бий болсон бөгөөд нийт 18 000 000 000 удаа ачаалагдаж, 250 000 000 төхөөрөмж ажиллаж, 3 000 000 000 ам доллар уямж зохиогчдод төлжээ.

Хуруугаар шүргэх төдийгүй бүр агаарт хөдөлгөөн хийж, дохиж занган тооцууртай харьцах нь өнөөгийн амьдралд нэвтэрч буй жишээ нь Xbox Kinect, Wii зэрэг тоглоомыг тоглогч өнөө үеийнхэн хөдөлгөөнөөр тооцууртай харьцах боллоо. Тоглоомоор зогсохгүй газар хөдлөлтийн дараа аврах багт туслах роботыг энэ технологиор удирдахаар зохион бүтээсэн байна. Шинэ Зеландын Варвик (University of Warwick) их сургуулийн оюутнууд Microsoft-ын Xbox Kinect дээр суурилсан хөдөлгөөн мэдрэх төхөөрөмж бүхий робот бүтээсэн нь Германд болсон аврах роботын европын аварга шалгаруулах 2010 оны тэмцээнд түрүүлжээ.

Барселоны Помпэу Фабран их сургуулийн Сэрги Жорда нарын нөхдүүд хөгжим тоглох, зохиох олон талт шүргэх төхөөрөмж риактавл зохион бүтээсэн нь өдгөө өргөн хэрэглэгдэж хөгжмийн ертөнцөд их өөрчлөлтийг авчирч байна. 2011 оны есдүгээр сарын 18-нд Нью Йорк хотноо болсон хөдөлгөөнт хөгжмийн фестивальд Мартин Калтэнбруннэр риактивыг танилцуулж, Петр Кирн хөгжим тоглосон нь үнэхээр гайхамшигтай сайхан тоглолт болж хоёр хоногийн дараа дахин амьд тоглолт хийлээ.

Майкрософтийн урьдчилан төсөөлөх лаборатори үзэсгэлэн дэх айлын гал тогооны өрөөг үзүүлэн танилцуулахад гэрт байгаа хүнсний бүх зүйл RFID (radio frequency identification) радио давтамжит тодорхойлогч наасан байгаа, удахгүй тун ойрын ирээдүйд дэлгүүрүүд одоогийн зураасан кодны оронд ийм тодорхойлогчтой худалддаг болно гэж байлаа. Үүний тусламжтайгаар гэрт байгаа хүнсний зүйл хаана байгаа, хир нөөцтэйг тооцуур өөрөө тодорхойлох ажээ. Тайлбарлагч маань микро долгионы ухаалаг зуухны өмнө ирээд ямар хоол бэлтгэх боломжтой байгааг лавлахад дээрх тооцоог хийсний үндсэн дээр тийм тийм хоол боломжтой гээд хоолны цэсийн санал бэлэн хэлж байна, мөн орцын материал хаана байгааг зааж, хийх үйлдлүүдийг мөн зааварлах ажээ. Ийн хэлж ярихаас гадна тайлбарлагч гарын хөдөлгөөн дохиогоор сонголтуудаа чөлөөтэй илэрхийлж болж байлаа.

Энэ өмнө жишээлсэн бүх зүйлс 2020 онд бидний өдөр тутмын амьдралд гарцаагүй нэвтрэх хэдий ч хамгийн гол нь хэрхэн монгол агуулгатай болох, монголоор чөлөөтэй ойлголцох мэтийг бид одооноос оролдох, хийж гүйцэтгэх хэрэгтэй юм.

Friday, October 21, 2011

Тооцуур өөрчлөгдөн хувьссаар ...

Өнөөг хүртэл олон хувьсгал тооцуураар овоглодог. ПС гэж товчилж персонал компьютер хэмээн нэрлэгдэх тооцуур бий болсон нь нэг жишээ. Графикт суурилсан дүрслэл, хөтөч буюу браузер бий болсон нь бас нэг жишээ. Интернэт бол мэдээж өөр бүр томоохон нэг жишээ болно. Өдгөө бид маш олон төрлийн, олон үзүүлэлтийн ялгаатай, өөр өөр нэмэлт төхөөрөмжүүдээр тоноглогдосон тооцуур хэрэглэдэг, гэхдээ голчлон янз бүрийн ПС хувилбараар тооцуурыг төсөөлдөг. Тэгвэл нэгэн үе ийм олон төрлийн биш бөгөөд хүн бүрийн тусдаа болон дундаа хуваалцан, мөн тодорхой нэгэн зүйлд зориулан тусгайлсан эсвэл олон талт үйл хэрэгт ерөнхийд нь ашиглахаас үл хамааран зөвхөн ганц төрлийн тооцуур түлхүү хэрэглэгддэг үе байсан бөлгөө. Ийн хувирч өөрчлөгдөх явцдаа тооцуур нь хүмүүний амьдрал, хөгжилд үзүүлсэн нөлөөлөл чулуу ашиглаж эхэлсэн, багс-бийр-үзэг бий болсон, цаас хийж эхэлсэн, хэвлэлийн машин үйлдвэрлэсэн зэрэг технологийн бусад хувьсгал, том өөрчлөлт, инновацаас дутахааргүй өргөн гэж хэлж болно.

Хэдхэн жилийн өмнө фото зураг нь химийн урвалд суурилсан шинэ технологид тооцогдож хэрэглээ нь тооцууртай огт холбогдолгүй зүйл байсан бол өдгөө дижитал болж хувирчээ. Гэхдээ энгийн хэрэглэгчийн хамгийн эхний хэрэглээний хувьд зогсож байгаад товч даран зураг авдаг үндсэн арга өөрчлөгдөөгүй гэж болно. Харин үр дүн буюу гарч ирсэн зургийн хувьд эрс ялгаатай болжээ. Үнэ өртөг багагүй хэрэглээ тул тэр бүр олныг хувилахгүй нэг буюу хоёр ороомог плёнк угаалгаж зургаа цаасан дээр буулгаад жаазалж, альбом хийж байсан бол дижитал зургийг хүссэн тоогоор тарааж, хүссэн өөрчлөлт засварыг тэр дор нь хийж, вэбсайтаар дамжуулан дэлхий даяар тарааж чадаж байна. Цаашид зураг авах арга, хурд, хэрэглээ, зорилго гээд зураг хөрөгтэй холбоотой олон үйл явдалд их өөрчлөлт орох нь тодорхой болжээ, одоо.

Үүнийг тэрлэж суухдаа дөнгөж сая бөөний барааны Коско дэлгүүрээс тооцуураараа холбогдон сүү, мах, гурил бас бус зүйл худалдаж авлаа, орой ажил тараад харих замаараа дайраад үүдэн дээрээс нь авчихна. Дүүгийн хичээлийн төлбөрийг Монгол дахь Хөдөө аж ахуйн банкны данснаас өчигдөр гар утаснаасаа хийсэн юм байна. Энэ мэт хүнс хоолоо худалдаж авахаас эхлээд төлбөр тооцоо хийх хүртэл өнөөгийн бидний өдөр тутмын энгийн үйл ажиллагаанд тооцуур ихээхэн нөлөөтэй, хэрэгтэй, заримдаа бүр зайлшгүй оролцоотой болсон бол КП бидний ширээн дөнгөж дээр ирж байсан тэр үед эдгээр зүйлс олон хүний санаанд байтугай мөрөөдөлд нь байгаагүй биз. Түүнчлэн тооцуурын хэрэглээ бидэнд шинэ ойлголт, шинэ мэдрэмж төрүүлж цоо шинэ ертөнц нээж өгч байна. Жишээлбэл, кибер орчин үүсгэн дэлхийн өөр өнцөг буланд байгаа хүмүүстэй яг нэг дор буй мэт шууд харьцаж чаддаг болчихлоо.

Тооцуурын өөрчлөлтийг дөрвөн эринд хуваан үзэж байна, өнөөдөө. Эхнийх нь, 1960-аад оны үеэс мэйнфрэймийн эрин эхэлсэн. Товчхондоо, нэг тооцуур олон хэрэглэгч гэсэн харьцаатай үе юм. “Эртний” гэх энэ үед бүх тооцуур майнфрэйм буюу энгийн шүүгээний хэмжээтэй төв боловсруулах систем (cpu-central processing unit) бүхий байжээ. Burroughs, Control Data, GE, Honeywell, IBM, NCR, RCA and Univac зэрэг үйлдвэрлэгчид байсан бөгөөд “IBM ба долоон одой” хэмээн нэрлэж байгаад зарим үйлдвэрлэгчид нэгдэж, зарим нь үйл ажиллагаагаа зогсоосоор “IBM ба бөөн” гэх болжээ. Дээр өгүүлсэнчлэн тэр үеийн бүх тооцуур майнфрэйм байсан болохоос майнфрэйм нь өдгөө хүртэл нэг бүр нь хэдэн зуун мянган долларын өртгөөр үйлдвэрлэгдсээр байгаа бөлгөө.

“Дундад” үе буюу ПК эрин 1980-аад оноос эхэлсэн бөгөөд нэг тооцуур - нэг хэрэглэгч гэсэн харьцаа бий болжээ. Мини тооцуур, микро тооцуур гэх мэтийн олон хувилбар бий болж тооцуурын хэмжээ багассаар ажлын нэг ширээнд багтах оролдлого хийгдсээр 1981 онд IBM-ийн анхны ПК, Apple компанийн Apple III буюу анхны Macintosh гарч иртэл зах зээлд хэмжээ бага тооцуурууд сүрхий байр суурь эзэлж чадаагүй юм. Мөн анхны IBM PC-с хойш 1985 онд Compaq ПК үйлдвэрлэтэл үнэндээ ПК хийх IBM, Apple-с бусад бүх оролдлого үндсэндээ бүтэлгүйтэж байлаа. ПК анхдагч пионер IBM 2004 онд тоглоомоос гарч бизнесийн энэ чиглэлийн үйлдвэрлэлээ Леновод худалдсан бол Compaq нь HP-д залгуулан улмаар HP мөн энэ төрлийн зах зээлээс гарах шийдвэрээ сая өнгөрдөг 2011 оны зун зарлав. Одоо АНУ-с Dell Азиас Aser, Asus, Lenovo зэрэг том тоглогчид манлайлж, Монголд Могул үндэсний брэнд бий болсон байна. 1984 онд О.Батсүх, Г.Оюунбаяр болон бусад монгол инженерүүд Оч хэмээх анхны микро тооцуур өөрсдөө угсарч Болгарт олон улсын үзэсгэлэнд оролцож, 1985-88 онд Оч-2, 1986 онд Пионер – монголын анхны ПК бүтээгдэж, 1989 оноос Монел тооцуурууд үйлдвэрлэж эхэлсэн гэхээр технологи талаасаа монголчууд нэг их хол хоцроогүй байсан хэдий ч уямж болон хэрэглээ талаасаа дэлхийн зах зээлээс дэндүү хол хоцорсон бөлгөө.

“Орчин үе” буюу хөдөлгөөнт эрин 2000-аад оноос эхэлж олон тооцуур нэг хэрэглэгч харьцаа бий боллоо. Хөдөлгөөнт гэхээр утасгүй холбооны төхөөрөмж тодруулбал үүрэн телефон буюу гар утсыг ойлгодог боловч ухаалаг утас, PDA(personal digital assiatant) – хувийн тоон туслах төхөөрөмжүүд, хөгжмийн тоон тоглуулагч, тавлэт(tablet – самбар) тооцуур, нэтбүүк болон лаптоп зэрэг нь бүгд энд хамаарагдана. Монголын зах зээлийн анхдагч Мобиком корпорац 1996 онд байгуулагдаж үүрэн телефоны үйлчилгээг нэвтрүүлж өдгөө Монгол Улсын 3 хот болон 21 аймаг, томоохон сум, төв сууринг хамарсан 332 газар, Mонгол Улсын xүн aмын 90 хувьд хүрcэн үүрэн телефон холбооны сүлжээгээ байгуулан, дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт 1 сая хэрэглэгчид үйлчилгээгээ хүргэж буй гэж үзэхээр монголчууд энэ эрин үед технологи талаасаа дэлхийтэй хөл зэрэгцэн алхжээ. Харин хэрэглээ талаасаа нэлээд хол зайтай хоцорч явна.

“Хаа сайгүй” эрин 2020 оноос эхэлж мянга мянган тооцуур нэг хэрэглэгч харьцаа бий болно. Худалдаа, тоглоом, зураг хөрөг авах хадгалах мэтийн энгийн хэрэглээ бүү хэл маш олон зүйл дэлхий дээр одоо өөрчлөгдсөөр, даяаршил ялгарал хослон хувьссаар, даяарчлалын дулаарал байгаль дэлхийн хамгаалал зэрэгцсээр буй билээ. Энэ олон өөрчлөлтүүд, хөгжлийн чиг хандлагад тооцуурын технологи хэрхэн нөлөөлөх талаар голлон, мөн монголчууд хаана нь явж болохыг, монгол хүн тооцуур - мэдээлэл холбооны технологийн харьцан нөлөөлөл юу байх вэ гэдэгт чиглэн бичнэ ээ.

Sunday, October 16, 2011

Хүн компьютерийн харилцан нөлөөллийн талаар өөрийн ойлголтоор оршил болгохуй

Хүн болон тооцуурын* харилцан нөлөө (human-computer interaction) – мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байх оюутан үеэс энэ зүйл маш их анхаарал татаж билээ. Яг ийм нэртэй хичээлийг Петр Васильевич Терещенко гээд оюутнуудад олон таван үггүй, ширүүхэн мэт санагдах хууз сахалтай, өтгөн хөмсөгтэй залуу багш ордог байлаа. Дагаж уншин суралцах сурах бичиг байхгүй, миний лекц ганц аврал чинь болно, тасалбал бусад оюутнуудаасаа нөхөж авах хэрэгтэй, өмнөх жилүүдэд үзэж байсан номын санд байгаа сурах бичиг хоцрогдсон, одоо энэ салбар дэндүү хурдтай өөрчлөгдөж байна, мэргэжлийн сэтгүүлүүдээс лекцээ бүрдүүлдэг тул эх материал нь та бүхэнд хүртээмж муутай гэнэ. Мань хүнтэй нэг өрөөнд цугтаа суудаг өөр багш нартай уулзахаар өрөөгөөр нь шагайх үед Петр Василивьевич ямар нэг сэтгүүл уншиж эсвэл нээсэн сэтгүүлээсээ хараа салгалгүйгээр бусадтай хөгжилдөн инээд хөөр болсон яриа өрнүүлж сууна. Эхэндээ багшаас жаал жийрхэж, асуулт гаргахгүй удсан, лекцийг нь хэдэнтээ тасалсан би бээр шалгалтдаа тааруухан дүн “эх орны алт” авчихсан нь оюутан болж дандаа онц сурч байсан миний эхний “бүдрээ” болж, дургүйхэн болсон хэдий ч энэ сэдвээр дахин оролдох хүсэл хожим төрсөн юм.

Манийг төгсөх дөхөж байхад үед босоо монгол бичгийг сэргээхээр барахгүй төрийн бичиг болгоно гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Тооцуурын дэлгэц монголоор гардаг, монгол уямж** олноор зохиож хэрэглээнд нэвтрүүлэх сонирхол ихтэй байсан тул дипломын ажлаа эргэцүүлж бодолгүй босоо бичгээрээ үүлэн уямж зохиох боллоо. Үүлэн гэдэг маань тухайн үед нортон гээд цэнхэр дэлгэц бүхий уямж нь хэрэглэгчид их боломж нээж хэрэглээнд нь ихэд ойртуулдаг, бас тооцуур сурахад ихэд дөхөмтэй зүйл байсантай ижил бүлэглэлийн хэрэглээний талын зүйл юм. Нортоноос гадна дос-шэлл гэж бас гайгүй өргөн хэрэглэгддэг үүл байлаа. Өнөөгийн бидний мэдэх график суурьтай хэрэгсэл виндоус, линукс төрөөгүй байсан үе. Диплом удирдагч багш Владимир Сергеевич Поздняков “Зөв санаа байна, хуучин монгол бичиг танай төрийн бичиг буцаж болж буй тул яг цаг үеэ олжээ, агуулга талаасаа. Гэхдээ зөвхөн уямж зохиож сургууль төгсөхгүй, дипломын ажил онолын хэсэгт суурилж судалгаанд үндэслэнэ. Ийм төрлийн уямжийг үүлэн бүлэгт авч үздэг бөгөөд онол нь хүн тооцуурын харилцан нөлөөг ойртуулж, сайжруулж буй асуудал юм” гэснээр өгүүлж буй сэдвээрээ жинхэнэ судалгаа өрнүүлж хичээлдээ дахин суусан шиг суралцаж билээ. Ингэж энэ сэдэвтэй анх гүнзгий танилцаж дур сонирхолтой болсон бөлгөө.

Монголын мэдээллийн технологи 2010 баримт боловсруулахаар Г.Алтан-Оч, С.Ганбаатар, Д.Энхбат нараар манлайлуулан мэргэжил нэгт олон хүмүүсийн хамтаар ажиллах завшаан 1998-99 онд гарч билээ. Өнгөрсөн жил нутагт ажлаар хэдэнтээ явж байгаад энэхүү “ICT Vision 2010” баримтад тулгуурлан гүйцэтгэсэн олон ажлаа дүгнэх хуралд сууж улмаар салбарын 2020 он хүртэлх бодлогын талаарх баримтын саналтай танилцах боломж гарлаа. Сайхан ном болгон хэвлэснийг тухтай уншиж танилцаад ерөнхийлөн заасан тэр салбарт тэгнэ, ингэнэ гэсэн төсөөллийг нь задлан яг хэрэглээнд, яг технологи нь, мэдээлэл холбооны технологийн хэрэглээ болон хүмүүний харьцаа харилцаа нь ямар зүйл байх вэ хэмээн товч задлан хэдэн жишээ дурдаж бид арав хүрэхгүй жилийн хожим ийм ийм зүйлсийг амьдралдаа бүрэн хэрэгжүүлсэн байна биз ээ хэмээн багаахан цуврал бичихийг зорилоо.

Өнгөрсөн хавар МШХХТГ-ын Ж.Бат-Эрдэнэ, Үндэсний дата төвийн О.Золбаяр, Майкрософтийн Л.Бат-Өлзий нарын хамтаар Майкрософтийн төв оффисоор зочилж, удирдах төвшний уулзалтад оролцож байхдаа тэдний урьдчилан төсөөлөх лаборатори үзэсгэлэн буюу Microsoft Home & Envisioning Lab үзэх завшаан гарч жирийн айлын гэрт ойрын ирээдүйд мэдээллийн технологийг хэрхэн хэрэглэж байх төсөөлөлтэй танилцаж билээ. Үүний талаар бичнэ гэж бодож байснаа мөн энд нийлүүлэн баяжуулахаар шийдлээ.


---
* тооцуур – компьютер буюу англиар computer гэсэн үгийг Ч.Эрдэнэ гуайн орчуулах саналыг дагав. Дэлгэрэнгүйг http://argamag.blogspot.com/2009/09/blog-post_17.html үзээрэй.

** уямж – компьютерийн програм хангамж гэж бид орчуулж хэрэглэдэг англиар software гэсэн үгийг А.Отгонбаярын орчуулах саналыг дагав. Бүрэн мэдээллийг http://gobigobi.blogspot.com/2007/06/software-hardware-adware-spyware.html үзээрэй.