Showing posts with label Америкийн Монголчууд. Show all posts
Showing posts with label Америкийн Монголчууд. Show all posts

Saturday, November 12, 2016

Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе!

“Америк орны хөгжиж буйн үндсэн шалтгааныг Монголтойгоо харьцуулан бодоход ердөө хүнийг сошиал хөрөнгө болгож чадаж буйд юм байна. Өнөөдөр АНУ-д ажиллаж, амьдарч, нөхөрлөж буй Монголчууд маань өөр өөрийн чадах мэдэх зүйлээрээ Монголчуудын коммунитиг хүчтэй болгоход хувь нэмрээ оруулъя хэмээн уриалж байна.”

Анх АНУ-д ирээд америкчуудыг хувиа хичээсэн, биеэ даасан, ажлын машин болсон улсууд юм даа гэж боддог байлаа. Харин дунд нь орж олон жил цугтаа ажилласаар тэд үнэндээ хөндлөнгөөс анхлан харагддаг шигээ аминчхан бус харин нийгмийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг болохыг ойлгосон. 13 жил ажилласан Семкод байхаасаа United Way кампанит ажилд идэвхтэй оролцож, цалингаасаа хандивлаж, санхүүгийн дэмжлэг босгох элдэв ажил зохион байгуулалцаж, ганцаараа бус хамт олноороо, ажлынхантайгаа цугтаа бидний өдөр тутмын ертөнц – ажлаас гадуурх хорвоо дэлхий, эргэн тойрны коммунити болон ойр зуурын тус дэм хэрэгтэй бүлэг хүмүүсийг ойлгож дэмждэг болжээ.

Сүрхий даяаршсан, дэлхийн бараг бүх оронд салбар бүхий бизнес хийдэг том компанид шилжин ажилд ороод бусдыг дэмждэг, нийгмийн өмнө хүлээдэг хариуцлага өндөр байх чадвар бол зайлшгүй хэрэгтэй чанар бөгөөд хүнд өөрт нь урам зориг эрч хүч өгдгийг улам бүр мэдэрч байна. Манай ажилд On Demand Community гээд 2003 онд бий болсон нэг хөтөлбөр байдаг. Үүний хүрээнд одоогийн байдлаар 275 мянган ажилтнууд нийтдээ 20 сая цаг сайн дурын ажил хийж нийгэмд нөлөөлж сайнаар хувь нэмэр болжээ. Энд жишээлж баршгүй олон тооны үйл явдал байгаагаас Монголчуудтай холбоотойг дурдвал баруун эргийн Бэй Эйриагийн монгол сургууль болох Гэр төв, зүүн эрэг дэх Вашингтон хотод буй Монгол соёлын төвийн үйл ажиллагааг сайн дураар дэмжлээ. Компанийн зүгээс ажилтнуудын оролцдог дэмждэг ашгийн бус байгууллагуудад 2015 онд 205 сая долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж, сүүлийн таван жилд нэг сая гаран доллар бэлнээр хандивлажээ.

Ийн зөвхөн ажил дотроо бус ажлын гадуур хамт олонч байдлыг бүрдүүлж, сэтгэл сонирхлын дагуу хамтран нэг хүн бус бүхэл цул сошиал хөрөнгө болон хөгжиж байна. Үүний салшгүй нэгэн хэсэг болсны хувьд би бээр 2014-15 онд ашгийн бус байгууллагуудад зуу гаруй вэбсайт үнэ төлбөргүйгээр хийж өгч, жил тутам хэдэн зуун цагийг ажил хөдөлмөр, ар гэрийн хажуугаар амжуулан олон нийтийн ажилд зарцуулжээ. Хэн юунд хэдэн цаг зарцуулаад нийгэмд ямар үр дүнтэй ажил хийж байна вэ гэдгийг цаанаа хянаж, хүмүүст урам зориг өгч байдаг юм байна. Энэ хавар Ерөнхийлөгч Обамагийн гарын үсэгтэй диплом хүрэл медаль гэнэт гэрийн хаягаар ирэхэд нь их гайхсан. “Амьдарч буй орон нутагтаа сайн дурын ажилд идэвхтэй оролцож, Америк орны болон дэлхийн хөгжилд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө тавьсан зорилгыг биелүүлэхэд сайн оролцсон” хэмээн тэр захидалд бичжээ.

Нийгмийн хариуцлага болон хувь хүний хөгжлийн хэрэгт оролцож буйн хувьд АНУ-д амьдарч буй Монголчууддаа хэрхэн нэмэр болох бол хэмээн тогтмол бодож, эрэл хайгуул хийж, найз нөхөд өртөөчидтэйгээ сэтгэл санаа нийлэхээр зогсохгүй бүр гар нийлж “Building Mongolian American strong communities” буюу Америк дахь Монголчуудыг хүчтэй болгох уриа бүхий Цахим өртөөний салбар байгуулаад буй билээ.

Бидний Монголчууд өнөөдөр нийлээд олон баярыг гоё тэмдэглэж, элдэв үдэшлэг цэнгээнд сайхан оролцож, цугтаа аялж зугаалж, гэр орноороо тухтай эвтэй зочилж, нийлж тоглож наадаж чадаж байна. Одоо цааш илүү алхаж цөмөөрөө нийлээд хамтдаа утга учиртай ажил босгож, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх эргэн тойрныхоо дэд бүтэц – өөрсдийн коммунитиг хүчтэй болгоё!

Sunday, October 23, 2016

The smart get smarter – ухаантай нь улам ухаарна

Ухаантай нэгэн улам ухаалаг болдог гэсэн зүйл ТУНА веб сайтын бэта хувилбарт оруулсан байгааг энд тайлбарлах гэж оролдъё. Ер нь “The rich get richer” (баян улам баяждаг) хэмээх ойлголт байдгаас энэхүү санааг авсан бөлгөө.

Жараад оны эхээр социологич Хариэт Зукэрмэн (Harriet Zuckerman) нэгэн сонирхолтой судалгаа хийхдээ Нобелийн нэлээд хэдэн шагналтантай ярилцжээ. Эдгээр эрдэмтэн хэрхэн ажилладаг, судалгааны амжилтын нууц юунд байв гэдгийг хайж олох зорилгыг тэрбээр өмнөө тавьсан гэнэ. Социологич бүсгүй Нобелийн шагналтнуудын хариултаас нэгэн зүй тогтол олж харсан байна. Физикийн салбарын шагналтан “Дэлхий ертөнц итгэл (credit) яаж олгох гэдэгтээ өвөрмөц. Хэзээний алдартай болсон нэгэнд итгэл илүү өгдөг” хэмээн хэлжээ. Химийн салбарын шагналтан нэмж “Хүмүүс судалгааны цаасан дээрээс миний нэрийг олж хармагц цаасыг шаламгайгаар тогтоодог харин бусад нэрийг санадаггүй” гэжээ. Эрүүл мэнд болон биеэ судлалын салбарын шагналтан онцлох нь “Шинжлэх ухааны цаас уншихдаа өөртөө хамгийн мэдэх нэрийг илүү анхаардаг. Жагсаалтын төгсгөлд дурдагдсан байвч тэр нэр үлддэг. Зохиогчдын урт жагсаалтыг, олон нэрийг биш тэр ганц нэрийг  та санадаг.” Ингээд физикийн эрдэмтэн дүгнэхдээ “Хамгийн танил нэгэн илүү их кредит авна, бүр хэт их тооны крэдит ирж, нэр дурдагдана.”

Энэ зүй тогтол өөр нэгэн социологич Робэрт Мертон (Robert Merton – хожим тэрбээр Хариэтын нөхөр болсон) шинжлэх ухааны нэгэн сонирхолтой гоё хууль 1968 онд нээхэд хүргэжээ. Нийгмийн механизмыг тайлбарласан “Маттюв нөлөө” хэмээх хууль ийн шинжлэх ухааны тодорхойлолт болжээ. Мертоны тодорхойлсноор энэхүү хууль шагнал, мөнгө санхүү, нэр хүнд, олны нүдэнд ил байх зэрэг нийгмийн үйлдлийн хуваарилалтад маш их үүрэг гүйцэтгэнэ... Эрдэмтэн хүн олон тооны эсвэл чанартай бүтээлтэй байх тусам цаашид улам амархан тоо нэмэгдэнэ. Нөгөө талаас бүтээл цөөнтэй бол улам хэцүү хүнд замыг туулна, нэр дурдагдах бүтээлийн тоо ахих боломж багасна.

Шинжлэх ухаанд тоон үзүүлэлт (quantitative), чанарын арга (qualitative) хэмээн яригддаг бөгөөд өмнө өгүүлсэн нь чанарын талын ухагдахуун юм. Харин физикч, шинжлэх ухааны түүхч Дерек ди Сола Прайс (Derek de Solla Price) 1976 онд өмнөхийг тоон шинжилгээгээр баталжээ. Тэрбээр хоорондоо ишлэл татаж холбогдсон маш олон тооны академик цаасанд дүн шинжилгээ хийжээ. Тодорхой хугацаанд хангалттай тооны ишлэл авсан цаас хожим улам өсөлттэй ишлэл болж байхад тухайн үед ганц хоёр эсвэл хэд гуравхан ишлэлтэй цаасны өсөлт бараг зогсож байгааг олжээ. Прайс үүнийхээ математик моделийг зохиож цаасны ишлэлийн өсөлтийг ойролцоогоор харуулах систем бий болгожээ.

Прайсийн моделиос өмнө нээгдсэн боловч өнөө цагийн элдэв сүлжээний зангилааг тайлж буй, 1999 он хүртэл олонд хүрээгүй байсан статистикч Жорж Унди Юле (George Udny Yule), нийгмийн шинжлэх ухаанч Хэрбэрт Симон (Herbert A. Simon) нарын математик моделийн ижил хувилбар юм гэнэ. Физикч Албэрт-Лазло Барабаси (Albert-Laszlo Barabasi), Рэка Албэрт (Reka Albert) нар үүнийг цааш хөгжүүлэн аливаа сүлжээний өсөлтийг тодорхойлох математик модель зохиожээ. Цөөн тооны (заримдаа бүр хоёр гуравхан) чиг бүхий граф зуран хооронд нь санамсаргүйгээр холбох замаар сүлжээний өсөлтийг тэд олонтаа туршиж үзжээ. Тодорхой тооны холбогдох боломжтой шинэ зангилаа нэмэх тутам шинээр элсэж буй нь хуучин зангилаануудаас олон холбоостойг сонгож байгаа энгийн хууль эндээс гарч ирж батлагдсан байна.

Үүнийг математик аргаар болон компьютерын програмаар загварчлахад амархан бөгөөд эхний үед зангилаанууд жижгэвтэр холбоостой байх бөгөөд яваандаа олон холбоост цэгүүд онцгойрон ялгарч улам тодордог ажээ. Үүнийг баян нь улам баяжих механизм хэмээн нэрлэжээ.

Өмнө өгүүлсэн онол зарчмууд өнөө цагт бид бүгд шагшин гайхаж буй сошиал ертөнцийн хуулиуд юм. Монголчуудын хувьд нэн түгээмэл болоод буй нүүр ном, жиргээ зэрэг сошиал медиа нь гайхамшигтай, гэнэтийн санамсаргүй, тохиолдлын хэрэг огтоос биш бөгөөд ардаа онолтой, хөгжлийн системтэй болохыг тайлбарлах гэж ийн оролдов.

Цахим Өртөө гадаадад буй Монголчуудын нэгэн төрлийн танилын хүрээ, сошиал сүлжээ мөн тул үйл ажиллагаандаа, зохион байгуулалтдаа, хүсэн мөрөөдөж буй зорилгод хүргэх төслүүддээ, гишүүд болон хүрээлэн буй бусад хүмүүст хүрч нөлөөлж байх гэх мэт өргөн олон утгаар “Ухаалаг нь улам ухаардаг” зарчмыг олж харж хэрэгжүүлэх нь бидний бусдаас ялгарах нэг зүйл хэмээн сэтгэсэн болой.

Saturday, June 1, 2013

Манайхан Америкт: Хөлбөмбөгийнхөн (8-13хуудас)

Хэдхэн хоногийн өмнө АНУ-н нийслэл Вашингтон хотноо Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах наймдугаар тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Чикагогийн баг гуравдахиа түрүүлж аваргын цомыг мөнхөд хадгалан авч үлдэхээр болжээ. Олон жил ширэн бөмбөгөөр нөхөрлөсөн андууд минь өнөөхөө хөөж, тэмцэн уралдаж, хөгжилдөн баясаж явахад бибээр хойшлуулашгүй хувийн чухал асуудлаар оршин суугаа хотдоо хэд хоног догдлон суув. Ингээд хөлбөмбөгчин найзууддаа болон блог уишигчиддаа ноднин бичилцсэн номын хэсгээс хуваальцья...

Зохиогчдын тухай


Аливаа номын зохиогчийн тухай товч өгүүлэх нь тухайн бүтээлийн утга санаа, чанар чансаа, сэдэв сонирхол гээд олон зүйлийн бодрол уншигчид төрөх боломжийг бүрдүүлдэг талтай. Энэ удаа бичгийн талын боловсрол, туршлага, мэдлэг хамгийн нимгэн нэгэнд энэ чухал үүрэг таарчихжээ. Тэгээд яах вэ дээ, ямар энд тэндээс хуулаад жагсаачихсан техникийн тодорхойлолт эсвэл ажлын намтар зохиомолтой биш, өөрийн санаанд төсөөлөгдөж буйгаар энгийн нэгэн бичлэг гэхдээ жаахан нөхөрсөг хошин шогийн аястай өгүүлэхээр шийдэв.

Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж нэгэнтээ “Зуны халуунд бөмбөг өшиглөн тоос шороо манаргаж, өвлийн хүйтэнд хоккей тоглож цас мөсөн дээр өнжөөд үдшийн бүрийгээр гэрийн бараа харж явсан дал наяд оны Улаанбаатарын халтар жаалууд бид бүгдээрээ спортын хэнээтнүүд” хэмээн ихэд оновчтой хэлсэн байдаг. Тийм ээ, номын зохиогч бид гурав яг энэ үеийнхэн. Ялгаатай нь манай хоёр циркийн хажуугийн байранд амьдарч өсөх наснаасаа Зико, Зофф, Бэкэнбаурын найзууд, Бразил, Герман, Итали, Францаар тэнэсэн шиг хотын төвд шороо, цемент дээр ширэн бөмбөг ширүүхэн хөөсөн шиг байсан бол би бээр хотын захад хашаанд өсөнгөө Ногоон нуурын намаг дээр хальтарч, хий өшиглөж, заримдаа дэгээ ороолгуулж, за ер нь яаж унасан зөөлхөн газардаж ширэн, резинэн, заримдаа бүр даавуун бөмбөг элдэж, Пелегээс өөр танилгүй Америкийн сармагчин, Английн хорио мэтийн домгоос хэтрэлгүйгээр хөлбөмбөг хэмээх агуу ертөнцөд хөл тавьсан шигээ байжээ.

Зохиогчдоо нэг нэгээр нь танилцуулахгүй өдий хүртэл бид гээд байгаа нь бас учиртай. Оюутан болж алсыг зорин “Хээрийн галуу нисэн үл хүрэх Сибирийн хүйтнээс эрдэм өвөртөлж ирэхээр” одтолоо аав ээжтэйгээ нэг гудамжинд, хашаанд, нэг гэрт, нэг байшинд, нэг өрөөнд цуг байх аз тохиосон надад давхар од гийсэн нь эмээ өвөөгийнхөө өврөөс гаралгүй эгэл амьдралын их сургуулийн алтан босгыг анхлан алхсан бөлгөө. Эмээ өвөө минь нэг зүйлд санал нэгдэж, нэг зүйлд ихэд маргадаг байж билээ. Санал нэгддэг нь, хүнтэй сайн танилц, зүгээр танилцаад зогсохгүй өөртэйгөө хамт яваа нэгнийг өрөөл бусдад танилцуул гэх. Харин зөрдөг нь, өөрийгөө эхэлж танилцуулах уу эсвэл эхлээд цуг яваа нөхдөө танилцуулах уу гэх асуудал юм. Өөрийгөө эхэлж танилцуулаад цуг яваа андуудаа танилцуулах нь эхлээд өөрөө танил болж байж өрөөлийг танилцуулах эрхтэй болно хэмээн тайлбарлагдана. Маргаж буй нь юун сагсуу, ойворгон юм өөрөөсөө эхлээд, олигтойхон хүн өрөөл бусдыг эхэлж боддог юм гэх. Энэ удаадаа уншигч авхайн өмнө өөдгүй царайлаад өөрөөсөө эхэлчихье дээ. Нэрсийн цагаан толгойн дарааллаар бас ингэж таарах ч юм байна.


Эрхэмбаярын Жагдагдорж

Спортын Таван цагариг сонины анхны дугаарыг бэлтгэж, Толя ахын зурсан сонины толгойг янзалж суух гэх мэт тээр жилийн явдал юм даа, Олимпийн хорооны Ото-той анх танилцаж байх үед нээг их олон хүн хөлбөмбөг ярьж билээ. Бид нэг тэмцээн сонингууд дотроо хиймээр ч болсон бил үү, ямар төрлөөр үзэлцэх үү гээд эхэлсэн яриа хөлбөмбөг уруу халтирахад Ото гэнэт “За, Жагдаг аль багийг дэмждэг вэ?” гэж асуухад торолгүй “Швейцар” гэтэл “Хм, тэгж л таараа, за чиний хөлбөмбөгийн мэдлэгийн төвшинг тогтоочихлоо. Чи нэг “тийм” хөлбөмбөгчин юм байна, мэдлээ” гээд инээж билээ. Хөлбөмбөг огт мэдэхгүй юм байна гэж тодорхойлж буй хэрэг, 90-д оны дунд гэхээр аргагүй дээ, дэлхийн аваргын “отборочный” даваад шигшээ тоглолтод явдаггүй багийн фэн байх даа яах вэ дээ. Хөлбөмбөгт хоккейн оноогоор хожигддог баг байж шүү дээ тэр үед, юун өнөөгийн дэлхийд 18д эрэмбэлэгдэж, дэлхийн шилдэг 32т удаа дараа шалгаран дэлхийн цол хүч үзгээ группээсээ шалгарчихдаг, нутаг дээрээ Европын аварга зохион байгуулдаг гэх мэт амжилттай баг билээ. Тэр үед зүүд мөрөөдөлд хүртэл ийм зураг харагдаагүй байсан үе.
Арван жилд байхад бид цаасан дээр хөлбөмбөг бас тоглоно оо. Дөрвөлжин шугамтай цаасан дээр гурав гурван нүдээр нүүнэ, өрсөлдөгчөө нүүдэлгүй мад болговол зургаан нүдээр цохилт хийнэ. Ингээд хүүхэд бүр нэг баг авна, тэрийгээ өмчилчхөөд бас хуваалцахгүй ээ. Гайгүй сайн нэр хүндтэй багууд мэдээж эхлээд дуусна, тэр бүр аливаад би би гээд эхэнд нь гүйхгүй бас булаацалдаж маргаад байхгүй, юманд жаахан хойрго хандаж сүүл мушгих надад яаж сайн баг үлдэх билээ, улаан дэвсгэртэй цагаан нэмэх тэмдэг надад хуваарилагдсан нь тэр. Болоогүй ээ бас хөлбөмбөгийн боссууд манайд амьдардаг болохоор хэрэндээ би их догь. ФИФА-г мэдэх үү, Ньонд УЕФА байдаг ш дээ, Цюрих хотоос зохицуулна аа гэх мэт болно.

1986 оны дэлхийн аваргаас эхлээд цэнхэр дэлгэцээс салахаа байж, гарсан тоглолт бүрийг үзэж, тоглогчдыг нэрээр нь таньж, цэц булаалдан таамаг дэвшүүлж мэтээр хөлбөмбөгийн амьдралаар бүрэн амьсгалж эхэлсэн юм. Сонинд хэвлэгдсэн мэдээллийн хөтөлбөрт тусгагдаагүй ч, шөнө дөлөөр Оросын ямар сувгаар хэзээ хэн тоглохыг тагнаж мэднэ. Сансар хорооллын орос мэргэжилтнүүд, цэргийн ангийн ТВ сувгаас барих гэж байшин дээрээ их өндөр антен босгож билээ. Төв шуудангаар өдөр бүр эргэлдэнэ. Футбол и хоккей, Советский спорт сонингийн бүх дугаарыг худалдаж аваад, элэгдтэл нь эргүүлнэ, дамжуулж уншина. Эндээс Оросын телевизээр хэдэн цагт аль сувгаар юу гарах хуваарийг Москвагийн цагаар мэдээд авна. Тэгээд шөнө дөлөөр нөгөө муу гар аргаар хийсэн антенаа эргүүлж өгнө дөө. Хүүхдүүд их асууна аа, хуваарь юу билээ, за урд шөнө юу гарав, барьж үзэв үү, яав ийв, юу болов ... заримдаа зохиож залаад долоо хоногийн дараа хэвлэл ирэхээр баригдаж баларна. ТВ, антен гээд техник сэтгэлгээ задарч байна гээд муу аав минь бүр баяртайгаар дэмжинэ, хэрэгтэй хэрэггүй сэлбэг деталь, Юный Техника сэтгүүл элдэв зүйл авчирч өгдөгсөн.

Кэпш, Стадиум, Панорама зэрэг хэвлэлүүд Улаанбаатарт цөөн ирдгээс олж авах гэж өрсөлдөнө. Шилдэг баг, тамирчдын зураг хөрөг гарахаар нь үнэ хүргэж зарах гэж байгаа нь тэр. Хөлбөмбөгийн багууд, тамирчдын зураг хамгийн их үнэд орох дээр нь зүгээр зураг зарна гээд зогсож байх биш тэр багийн, тамирчны, ер нь улсууд бага мэдэх үзэж хараагүй тоглолтын талаар мэдлэг ихтэй байвал найраа түргэн бас илүү үнэд хүрнэ. Өнөөгийн бизнесийн ойлголтоор бол нэмэгдүүлсэн өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн болж буй юм уу даа. Капиталист арга ухаанд өөрсдөө мэдэлгүй, чимээгүйхэн суралцаад байсан байгаа юм, хөлбөмбөгийн хүчээр.

Орос хэвлэл их уншиж, орос мэдээлэл түлхүү авсных юм уу, тэр үеийн ЗХУ-ын багийг их дэмждэг байлаа. Дасаев, Чивадзе, Сулаквелидзе, Блохин, Хидятулин гээд хуучин ЗХУ шүтээн олонтой. Клубүүдээс бол Динамо Тбилисийн фэн байсан ч баг маань тэгс гээд жаал унтарчихсан, харин оюутан болоод Спартакийг чамгүй дэмжиж билээ, гэхдээ үе үе эсрэг багийг балиашиглана аа. Улсын шигшээ Лобановскийн хүүхдүүдээр дүүрээд Динамо Киев, улсын шигшээ хооронд ялгаагүй юм шиг болоод ирэхээр эсэргүүцэж буй нь тэр. Москва орохоороо Олимпийский стадионд тоглолт үзэх үнэхээр сайхан. Нэг удаа найзуудынхаа хамтаар Спартак Румыны Стяуагийн тоглолтыг үзэж байхдаа Спартакийн үе үеийн тоглогчид, Оросын шигшээгийн талаар ярьсаар хажууд суугаа оросуудтай сайхан танилцаж, гялгар уутлаад бариад ороод ирсэн гоожуурын пивоор дайлуулж билээ. Гэхдээ Спартакийгаа биш Румынуудыг дэмжин орилж суухдаа тэр хавьдаа бараг ганцаар бархирч сууж билээ. Тоглолт 2:0 болж “манайхан” илт давуу болтол оросууд нөгөө гоожуураа хуваалцахаа байгаад бүр илт уурлаад ирэв. Тэгтэл гэнэт хоёр туйпуу нисэж ирэхийг үл мэдэн хөөрч суутал шинэ орос найзууд цуг явсан нөхдүүдэд “Наадахыгаа одоо жаахан дагуу чимээгүй болгоо, бид сайхан танилцсан улс, энэ залууг сайн ойлгож байна, гэхдээ хаана юу үзэж байгаа билээ, бодож биеэ авч яв гээд зүгээр зөвлөж байна. Адаглаад энэ тоосго энээ тэр нь байндаа бус бидэн дээр буучихвал...” гэж билээ. Одоо санахад хөлбөмбөгт санаа сэтгэлээ өгөөд юун амь нас болох үе бас таардаг ажээ.

Бичээд санаад байвал олон сайхан дурдатхал буух, гэхдээ эхлэл нь нэг иймэрхүү. Жаал Оросуудыг жишээлж дээ, бусдаас ялгарах өөрийн бодлоо илэрхийлсэн нь энэ. Ер нь бол бусдын ижлээр Марадонад биширч, Платиниг шүтэж, Гранчигийн тухай номыг тэврэн унтаж, Соратесийг финалтаас алдаж Бразил Францад хожигдоход доголон нулимстай ТВ ширтэж, Зикогийн бэртлийг эдгэрэхийг сэтгэл догдлон хүлээж, Францын Фернандэс бараг голын шугамаас маш хүчтэй цохиж гоол хийхэд хашхиран босож, Ван Бастэн Гүллит нарын уран тоглолтыг ам мэдэн бурж, ангийнхандаа болон оюутан цагийн андууддаа “манай Шумайхар” хэмээн нэрлүүлж явжээ.

Мягмарын Саруул-Эрдэнэ

Энд тэнд Германы баг тоглож байхыг хараад, хар улаан шар алаг туг үзээд, хар захтай улаан эгэмтэй шар ташаатай цагаан фудволка бүхий тамирчид хараад хамгийн түрүүнд М.Саруул-Эрдэнийн төрх буудаг юм. Даяар Монгол онлайнд хамтран зүтгэдэг андыгаа ийн Германы үнэнч фэнээр төсөөлж суухад үнэхээр Германаас өөр үг амнаас нь унадаггүй, хожигдож байсан ч Герман гэх анд минь Саруул бөлгөө. Саяхан хүртэл Америк дахь Монголчуудын хөлбөмбөгийн удирдах зөвлөлд Германы фракц байгуулая хэмээн уриалж суусан хүн нь Саруул юм.

Саруултай анх оюутан байхдаа танилцсан юм, гэхдээ эчнээ танилцсан гэж болно. Саруулын хоёр ахтай танилцан нөхөрлөж, алаг бөмбөг эргүүлэн хөөлцөж, олонтаа цугтаа “поезд тосож”, зах гарч байжээ. Советский спорт, Футбол/Хоккей, Спорт экспрессийн олон ч дугаар дамжуулж уншсан, цөөнгүй Жегуловский хуваан хүртсэн юм. Оюутан цагийн дотны анд агсан Соёлоо маань уншсан сонин хэвлэлийг эвтэйхэн эвхээд хураадаг сан. Нутаг илгээж орчуулагчид явуулахаар хадгалж буй нь тэр. Спортын улаан орчуулагч нь манай Саруул юм. Эчнээ танил бид хоёр хожим Америкт ирж нүүр тулж уулзан нөхөрлөж, гэр орноор орж гардаг андууд болжээ.

Нийслэл Вашингтон хот орчмоо ажиллаж амьдардаг, тэр орчмын Монголчуудын хөлбөмбөгийн лигийн идэвхтэй тоглогчдын нэг, олон ч удаа хамгийн олон бөмбөг оруулсан шилдэг мэргэн буучаар шалгарсан манай Саруулыг ДиСигийн багт тоглодоггүй гэхээр олон хүн гайхдаг байх. Муж дундын гэх, хааяа тоглоом шоглоомоор гологдогсодын гэх, гоёор бол “Нэгдсэн Монгол” буюу МонЮнайтэд багийг анхлан байгуулалцаж Америкийн Монголчуудын тэмцээнд хүч үздэг нэгэн билээ. Мужийнхаа багт багтаагүй ч биш, тэр үед ДиСид биш Индиана мужийн Блүүмингтон хотноо суралцаж байсан тул яах аргагүй Мон-Юнайтэд баг мөн юм. Товчдоо, яах вэ өмнө өгүүлсэн Германы урваагүй фэн Зико лугаа Нэгдсэн Монгол багийн ДиСи дэх “тагнуул” гэх юм уу даа. Америкийн аваргаар ийм болохоос бусад энгийн үед ДиСигийнхээ лигэд хүч үзэж бүр өөрийн Соёмбо багийг зохион байгуулж, спонсорлож, тамирчин рэкрүүт
амжуулж, хамаг гоолыг нь хүртэл хийдэг гэж байгаа. Хүүдээ бас гайгүй багш шиг билээ, энд тэнд дагуулж авчраад их тоглоно оо. Ноднин Чикагод болсон зургадугаар аваргаар хүүгээ дагуулаад ирсэн, Мон- Юнайтэд багтаа хүчин зүтгэж байсан. Саяхан хэдхэн сарын өмнө манай энд, Мизури мужийн Сэнт Лоуйс хотноо зохиогдсон америкийн Монголчуудын заалны хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнд мөн л хүүгээ дагуулаад медалийн ногт ганзагалаад ирэхээр төлөвлөсөн ч амжаагүй юм.

Нэмж тодруулахад Америкийн Монголчуудын хөлбөмбөгийг Америкийн Монгол туургатны болгож өргөтгөх гол санаачлагч, манлайлагч нь манай Саруул бөлгөө. ДиСигийн тэмцээнд халимагуудыг анх урьж тоглуулаад хариутай аваргаа алдчихаагүй ч, “Орос школоор тоглодог халимагуудад хожигдохгүй юм байна өө” гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн гэж байгаа. Тэгээд НьюЖэрсид болсон халимагуудын хоёрын зэрэг тэмцээнд баг “зодоглуулсан” эр ээ. Энд тэнд алаг бөмбөгөө хөөнгөө “өвөрлөгч нар бас гайгүй тоглож байна шүү”, “энэ буриадууд байхгүй юу”, “хөөе, энэ залууг таних уу, хазара ш дээ” гээд хээв нэг инээгээд мөрлөн зогсох нь нэг л сүртэй, улс аймгийн цолтой том бөх засуулынхаа дэргэд буй мэт. Ийн Монгол туургатны болгон хөгжүүлж дэвшүүлж чадаж буй гол хүч нь мань хүн өөрийн мэргэжил сонирхол болох монгол хэл, монгол судлал, монгол соёлоо спорттой хамт зөв сайхнаар зохицуулж амттайхан холимог хуурга хийж чадаж буйд юм. Эндээс манай хүнийг их чадварлаг “тогооч” гээд тодорхойлж болмоор...

Саруулын ухааныг тодорхойл гэвэл бас нэртэйгээ ижил гэж болно. Ялангуяа хошин өнгө гаргахдаа үнэхээр агуу. Аливаа хүнд хэцүү бэрхшээл сорил бүхий асуултыг хөнгөхөн аргалаад гараад явчихад гайхах зүйл огт үгүй. Жишээлбэл, “Чи одоо монгол бичиг, хөлбөмбөг, Нараа гурваас хамгийн чухал нэгийг нь сонго” гэхэд огтоохон торолгүй “Монгол заншлаар бол тоо чинь гурваас эхэлдэг гэж байгаа. Ертөнцийн гурав гэдэг шүү дээ, гурав гурваараа цогц тоолол үүсгэдэг байхгүй юу. Эрдэнэ гуай хэлдэг ш дээ. Эртний монголчууд нэгийг тоо гэж үздэггүй. Нэг юм гэж огт үгүй, заавал хосолж байж биеэ биеэ нөхнө. Хос гээд хоёр ч бас тооллын эх биш, гурав болж байж нэг цул болж тооллын эх болно. Тэгэхлээр наад гурваа салгалгүй цогцоор нь миний хамгийн гээд бодчих” гэх маягийн хариу барьчих хүн дээ.

Цэрэнсодномын Энхтүвшин

Бидний нэрлэж заншсанаар ФРГ буюу Холбооны Германы шигшээ багийг даган баясаж, Европын аваргыг авч өгснөө гэнэт санаа буцаж, дахин хувиршгүйгээр, эргэж буцалтгүйгээр Бразил гэх болж үүрдийн үнэнч фэнээр тодорч бүтэн 13 жил дэлхийн аварга цол зүүдэлсэн спортын “өвчтөн” бол манай Түвшээ билээ. “Замбуулингийн наран дор зах хязгааргүй тархсан, хамгийн түгээмэл өвчтөн бол спортын хорхойтон бөлгөө. Би тэдний нэг ээ” хэмээн омог бардам зарлан тунхагласан, хэдийд халдвар туссанаа хэлж бол мэдэхгүй гэж өөрөө өөрийгөө оношилсон гэж байгаа. Тэгэхээр бас гайгүй онош тавьчихдаг эмч ч юм шиг байгаа юм.

Тээр жил, Ардын эрх сонинд ажиллаж байхдаа Түвшээтэй танилцаж билээ. Нэг их олон сонингуудын эх бэлтгэдэг байх үед нэг оюутан залуу спортын сонин гаргаж байна гээд эхээ бэлтгүүлэхээр ирсэн юм. Тэр үед мань мэтээр эхээ бэлтгүүлэх олон алаг, адал явдалт, шар гэх сонингууд ирдэг байснаас харьцангуй хямдаар хийж өгөхийг зааварчлаад эрхэлж байгаа залуутай нь жаал ярилцлаа. Спортын тухай л бичих хүсэл сонирхолтой, түүнээс сонингоороо мөнгө олох нь юу л бол гэх. Тэр үед манай сонины бараг өглөө бүрийн ярианд спортын сэдвээр сайн бичдэг хүн олох тухай яригддаг байсан бөгөөд тэнд элдэв тайлан тавьдаг Ц.Батбаатарт гайгүй хүүхдүүд байх шиг байна, оюутан гэнэ, бэлтгүүлсэн эхээ авахаар ирэхэд нь уулзуулъя гэлээ. Мэдээж үүний өмнө сонины эхээс материалуудыг нь уншиж үзээд бас ч гайгүй бичлэгүүд байгааг анзааралгүй яахав. Ингээд ТЦ-н өрөөнд дагуулж орсон оюутан хүүтэй хожим сайн анд болох нээ сэтгүүл зүйн ангийн буюу мэргэжлийн сэтгүүлч, насаар бол маниас хоёр ах “бацаан” байсан нь сэтгүүлч, спортын мастер Ц.Энхтүвшин байлаа.
Таван цагаригт сурвалжлагчаар орсон Түвшээ маань Монголын шинэ цагийн спортын сэтгүүл зүйд эргэж харагдахуйц түүх, туршлага, мөр гаргаж хариуцлагатай нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгчээр ажиллаж, өдгөө үзэг цаас нийлүүлэн, вэб сайт эрхлэн Америкийн Монголчуудыг спортын амьдралтай, Монгол эх орноо Америкийн болон дэлхийн спортын мэдээтэй холбох эрхэм үүргийг гүйцэтгэн сурвалжилсаар, бичсээр, ном хэвлүүлсээр, спортын оргил болсон алдарт тамирчдын тухай ном орчуулсаар, уран бүтээлээ туурвисаар байна.

Түвшээ маань сэтгүүлч төдийгүй маш сайн тамирчин, хөлбөмбөгийн спортын мастер хүн. Өдгөө бол Америкийн Монголчуудын түүхэнд спортын манлайлагч болж чадаж буй нэгэн. Түвшээг анх Калифорнид нүүж очиход алаг бөмбөг хөөх эрс тун цөөхөн байж, Америкийн Монголчуудын удаа дараагийн тэмцээнд Колорадогийн Алтан бөмбөг багт зүтгэжээ. Тэгээд нарлаг Калифорнид Монголчуудын хөлбөмбөг хөгжүүлэх үйлсэд эргэж буцалтгүй зүтгэж яг л цорын ганц Бразилийн алтан балиашиг болсон шигээ сэтгэл хувиралгүй Бэй Эйриачин болжээ. Өдгөө тэр хавийн Монголчууд 6-8 баг торолгүй гаргаж, жилийн дөрвөн улирлын үйл ажиллагаатай тэмцээн уралдаан хийж, лиг маягийн зохион байгуулалтад орсон нь Түвшээгийн санаачилга, манлайлал, зүтгэлийн үр дүн юм.

“Анх хүмүүсийг тоглуулах гэж сүйд болдог байсан. Амралтын өдөр нь гадаа нь очиж сигналдаж сэрээнэ, гарч ирэхгүй бол ойр орчмынхон нь эгдүүцэж уурлах хүртэл нь чимээ шуугиан болж дуудна. Заримдаа загнаж зандарна, заримдаа гуйж, адаглаад эрүүл мэндэд чинь хэрэгтэй гэж сэхээрүүлнэ. Бүр мах зах шарж хоолоор дуудаж даллах үе зөндөө байсан. Одоо бол талбайд ирснийг нь бараг хөөгөөд явахгүй хэмжээнд хүрсэн шүү. Энэ бүгд Түвшээгийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн” хэмээн Бэй Айриагийн Монголчуудын холбооны Болдбаатарын ярихад муу найзаараа бахархах сэтгэл төрж билээ.

Номын нэг зохиогч Саруул маань андынхаа талаар “Өгөөмөр сайхан сэтгэлтэй, өөрөө мэддэг, хичээллэдэг, бас уран хошин бичлэгтэй Ц.Энхтүвшиндээ сэтгэл туйлаас хангалуун” гэж дүгнэсэн байдаг.

Monday, May 20, 2013

Америк дахь Монголчуудын амьдрал, Монгол коммунитийн хөгжлийн багаахан хэсгээс өгүүлэхүй

Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн амарга шалгаруулах наймдугаар тэмцээн болоход ердөө тав хоног үлджээ. Ингээд ноднин хэвлэлээс гарсан "Манайхан Америкт: Хөлбөмбөгийнхөн" номын оршил болгон бичсэнээ блогдое...

Америкийн Монголчууд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ зохиосоор, Вашингтон Ди Си, Дэнвэр, Чикаго, Сан Франциско хотуудад ээлж дараалан, заримд нь бүр давтан болсоор, энэ жил алдарт Лас Вегас хотноо буухиалах гэж байна. Америкийн булан бүрээс тэр байтугай бүр элгэн нутаг Монголоос, будант Альбионоос, алдарт Бонноос ирж цуглах энэ тэмцээнд нутаг нэгтнүүд маань тасралтгүй тэгээд долоон удаа тэмцэлдсэн гэхээр тамирчин, баг, хөлбөмбөгийнхний гэр бүлийнхэн, үзэгч хөгжөөн дэмжигч, санхүүгийн болон үйл ажиллагаагаар ивээн тэтгэгч гээд маш олон хүний хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн үйл ажиллагаа болох нь мэдрэгдэнэ.

Америкийн хөлбөмбөгчид гэхээр ер нь жилдээ нэг удаа болдог тэмцээнээр зогсохгүй нутаг нэгтнүүд олноор суурьшдаг хот муж тус бүрээр байнгын үйл ажиллагаатай лиг маягийн зохион байгуулалтад орж ширэн бөмбөгөө тогтмол элдэж байдаг юм. Тэд хэдийнээс хэрхэн хөлбөмбөгтэй нөхөрлөсөн, хэрхэн нийлж нэгдэж ямар тэмцээн уралдаан болсон талаар Америкийн Монголчууд сонин, Даяар Монгол, Замдаан, Мэдээлэл, Орлоо гэх мэт Америкийн монголчуудын мэдээллийн хэрэгслүүдээр түүх болон бичигдэж үлдсэн байдаг бөлгөө.
Цаг хугацаа, он жил гялалзан одох цагийн эргэлтэд бөмбөгөө ч хөөж, ажил амьдралаа ч амжуулах зуураа үзэг барьж үг холбон, өндийн дээшилж, боловсрон хөгжиж явдаг, өмнө дурдсан сайтууд дахь нийтлэл, бичлэгийн эздийн хамтаар хуучран шарлаж амжаагүй байгаа шинэхэн түүхийг нэгтгэн нэгэн ном болгохоор зорив.

Нью Йоркийн Бэст Бай дэлгүүрийн алдарт цогцолбор болон мөн хотод сүндэрлэн асан Дэлхийн худалдааны төвийн дизайныг зохиосон, миний унших дуртай авторуудын нэг Эдвин Шлосбэрг нэгэнтээ “Бичлэгийн чадвар гэдэг нь бусад хүмүүс үргэлжлүүлэн бодох агуулга бий болгоход чиглэдэг” хэмээн хэлсэн байдаг. Ийм чадвар, боломж бидэнд яг одоо, өнөөдөр хэчнээн их хэрэгтэй байгаа билээ. Ялангуяа түр, бүр, учраа хараахан олоогүй янз бүрийн байдлаар эх орноосоо алс хол “ширэн бөмбөг” хөөж буй бидний монголчуудад ихэд чухал юм. Зөвхөн хөлбөмбөг гэлтгүй Монголын олон хүмүүний амьдрал, Америкийн Монголчуудын үүх түүх, дурсгал дурсамжийн чухал хэсэг үргэлжилсээр түүний өчүүхэн хэсгийг бид энд тэмдэглэн үлдээхийг зорилоо.

Хаа очиж санаснаа амжуулахад хачин их аз таарч спортын амьдрал болон уран бүтээлийн туршлагатай хоёр анд таарлаа. Хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин, хар нялхаасаа ширэн бөмбөгийн хойноос гүйж өссөн М.Саруул- Эрдэнэ гэхээр үнэндээ намайгаа дагуулахгүй спортын хүмүүс. Дээр нь тэд маань намайг хэд нугалсан бичгийн улс. Сэтгүүл зүйн салбарт Монголдоо урдаа барьдаг МУИС-г сэтгүүлч мэргэжлээр төгсөж, спортын Таван Цагариг сонинд сурвалжлагч, эрхлэгчээр ажилласан, УБИС-г хэл шинжлэлээр төгсөж, эрдэмтэн доктор цолыг нь омог бардам өвөртөлж оломгүй эрдмийн далайд багш хэмээн алдаршсан улсын тухай өгүүлж буйг ойлгож буй биз ээ. Мөн манай хоёр хоёул Ган үзэгтэн шагналтай, хэд хэдэн номын зохиогч хүмүүс бөлгөө.

Би бээр бичгийн хүн бус, дээр нь спортын ялангуяа хөлбөмбөгийн талаар чадвар маруухан энгийн нэгэн дэмжигч, алаг бөмбөг хөөсөн ч өшиглөөд араас нь гүйдэггүй эгэл жирийн залхуу хүн. Мэдээ орох үеэс ном, дэвтэр, үзэгнээс салалгүй өссөн ч өгүүлбэр холбох ид шидээс хол явжээ. Гэхдээ Монголын үндэсний сонин Ардын Эрх (тухайн үеийн ойлголт тодорхойлолтоор бол төрийн төв хэвлэл), Өнөөдөр (Монголын хамгийн анхны чөлөөт өдөр тутсын сонин) болон дагалдах сонин сэтгүүлүүдийн тогоонд нэрт сэтгүүлчид, зохиолчид, яруу найрагчидтай ажиллах хувь тохиож, алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр уран үгийн эрдэмийг бишрэх, оролдох хүсэлтэй болж бөөрнөөсөө ягаарчээ. Хар багаасаа тооны хичээлдээ шамдаж улмаар дурлан сонирхож эзэмшсэн, хоолоо олж иддэг мэргэжил минь мэдээллийн технологи. Оюутан байх үеийн мөрөөдөл болсон мэргэжлийнхээ хамгийн өндөр зах зээлд хүрэхдээ багагүй мэдлэг туршлага хуримтлуулж, чамгүй ажил амжуулж гэх мэтээр мэргэжлээрээ багагүй бардам нэгэн. Үүндээ дулдуйдаад үзсэн харсан, сурсанаараа ном бүтээх мөрөөдөлд автаад буй хүн. Оросууд “Юугаараа баян түүгээрээ дайлна” гэдэг дээ, яг түүн шиг би бээр мэдээллийн технологиор ганц хоёр өгүүлбэр холбохыг хичээдэг, блог бичдэг болжээ. Бас бизнесийн чиглэлээр эрдэм ном жаал хөөснийх энтэрпрэнуршип сэтгэлгээг дэмжиж хөгжүүлнэ гээд буйнх энэ талаараа бас ялимгүй блогдоно. Гэтэл анхны ном, анхны бүтээл минь анд нөхдийнхөө хамтаар Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн тухай бичсэн болчихлоо. Юун мэдээллийн технологи, юун програмчлал, юун бизнес, юун вэнчур ... “хөлбөмбөг” үнэхээр хүчтэй юм аа.

“Алтан Олимпийн мөнгөн дурсамж буюу Америкт тэрлэсэн мөрүүд” номдоо Түвшээ маань мутраа хайрлаад маньд дурсгах 2008 онд анх удаа Америкийн Монголчуудын амьдралын түүхээс ном болж хойч үедээ хадгалагдан үлдэх хэрэгтэй, бидний түүхийн нэг хэсэг энэ номд бий юм хэмээн бодож билээ. “Манайхан Америкт” номоо хэвлүүлэх гээд Саруул имэйл бичиж байх 2009 онд бодол мөрөөдөл минь итгэл үнэмшил болж билээ. Эдүгээ ингээд хоёр найзтайгаа хамтарч, гар нийлж ийн Америкийн Монголчуудын амьдралын хэсгээс бүр тодруулбал хөлбөмбөгийнхний сэтгэл зүтгэл, хөдөлмөр амжилтыг өгүүлэн сэтгүүлч Л.Болормаагийн өгүүлсэнчлэн “дэлхийн хэмжээнд сэтгэж, бусдын энд хүрчих бас нэгэн алхам” хийж буйг минь хүлээн авна уу?

Friday, May 20, 2011

Мэдээллийн аюулгүй байдал vs. Мэдээллийн эх сурвалжаа хамгаалах

“Мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн эх сурвалжаа хамгаалах талаар таны бодол юу вэ, алийг нь илүүд үзэх вэ, яагаад?” гэсэн асуулт өмнө тавьсан билээ. Жиргээчид сүрхий олон хариу ирүүлээгүй, цахим өртөөчид мөн эргэцүүлж байх шиг. Хүлээж тэсэлгүй юутай ч өөрийн бодол саналаа илэрхийлж байхаар шийдэв.

Мэдээллийн аюулгүй байдал сэдэвтэй онол практикийн бага хурал Төрийн ордонд болж, УИХ-н веб хуудсанд илтгэлүүдийн товчлол нийтлэгдсэнийг хараад энэ талаар бодож эхэлсэн талтай. Сэтгүүлч Д.Цэрэнжав ахын ажиглагч блогтоо дурдсанаар бага хурлыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд мэдээллийн хадгалалт, хамгаалалт бол ерөнхийдөө цахим орчин болсон хэмээн эхлүүлжээ. Уг хурлын илтгэлүүд үнэхээр мэдээлэл холбооны технологийн зүйлс байв. Илтгэгчдийн дийлэнх нь төрийн байгууллагуудын төлөөлөгчид харагдсан. Эндээс Монголын мэдээллийн аюулгүй байдал төртэй их холбоотой юм гэсэн санаа төрлөө. Мөн энэ чиглэлийн хууль санаачилж, барууны орнуудын энэ чиглэлийн стандарт байгууллага CERT-г төрийн мэдэлд бий болгох санаачилга бий юм байна хэмээн ойлгов. Буруу ч юу байх вэ, тийм туршлага олон оронд бий. Мэдээллийн технологийн мэргэжлийн хүний хувьд хамгийн гол нь энэ чиглэл эх нутагт яг одоо идэвхтэй хэлэлцэгдэж анхаарлын төвд байгаад их талархалтай байна.

Мэдээллийн эх сурвалжаа хамгаалах талаар бол мэдээж энэ ойлголт ихэнхдээ сэтгүүл зүйтэй холбогддог. Ойрмогхон Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл олонтаа яригдсан. Хэвлэлийн консул байгуулах талаар нэлээд дурдсан харагдана лээ. Хуулийн энэхүү төсөлд мэдээллийн эх үүсвэрээ хамгаалах талаар зайлшгүй байгаа гэж найдаж байна. Глоб Интернэйшнл ТББ-с мэдээллийн сурвалжаа хамгаалах талаар орчуулж гаргасан сайхан гарын авлага гурван жилийн өмнө үзэж билээ. Эднийхэн дээрх хуулийн төсөлд идэвхтэй оролцогчийн хувьд, бас салбартаа мэргэжлийн мэдлэгтэй хувьд заалтыг тусгаа биз ээ. Одоо хүчин төгөлдөр байгаа хэвлэлийн эрх чөлөөний хуульд энэ заалт байхгүйгээс олон сэтгүүлчид өнөөг хүртэл хохирч ирсэн хэмээн Иргэдийн танхимын хэлэлцүүлэгт яригдаж байсан юм байна. Гэхдээ бас “Нууц эх сурвалжийг хамгаалах улс төрийн хүсэл, зориг алга” ярилцлага Зууны мэдээ сонинд харагдсан.

Уг хоёр ойлголтын талаар Монголын өнөөгийн байдал товчдоо иймэрхүү. Мэргэжлийн улсуудын хүрээнд хэлэлцэгдэж, мэтгэлцээн ид өрнөж буй энэ үед олон нийтийн ойлголт сул болох нь ажиглагдсан. Цахим өртөө холбооны сүлжээгээр лав “энэ хоёрыг харьцуулж болохгүй ш дээ. эсрэг сөргүүлэн харьцуулах боломжгүй” гэх өртөөчид байсан. Жиргээгээр “Мэдээллийн аюулгүй байдал илүү. Ямар ч нөхцөлд суурь хүчин зүйл чухал байлгүй” хэмээсэн байв.

Миний хувьд ингэж харьцуулах шаардлага гарвал мэдээллийн эх сурвалжаа хамгаалах нь илүүтэй жин дарах ёстой гэж санадаг. Учир нь мэдээллийн аюулгүй байдал гэдэг төртэй их холбоотой, ялангуяа төрийн нууцын хэмжээнд хуулиар хамгаалсан байдаг. Энэ мэдээж зөв. Хар хайрцаггүй, нууцгүй төр гэж юу байх билээ. Хэчнээн ил тод, ардчилсан засаглал байлаа ч нууц бол тодорхой хэмжээнд заавал байсан, байдаг, байх ч ёстой. Үүнийгээ хамгаалах хэрэгтэй, хэрэв алдагдвал гоожсон нүхийг олж бөглөхийг хичээх нь ойлгомжтой. Ингэж чадахгүй бол их аюултай, нэг талаас. Манай Монголд төрийн нууц алдагдсан тохиолдол цөөнгүй гарсан. УИХ-н нэр бүхий гишүүн буцаан татагдсан үе ч бий. Нөгөө талаас энэ нууцыг мэдэх албан тушаалгүй сэтгүүлчид, дөрөвдэх засгийнхан эрэн сурвалжлага хийдэг. Тэдэнд ямар нэг замаар мэдээлэл хүрнэ, тэгээд хэвлэл гарна. Ингэхээр нууц задарсан асуудал үүснэ дээ. Хэрэв сэтгүүлч хаа нэгтэйгээс мэдээлэл аваагүй, эх сурвалжгүй байвал нууц хулгайлсан хэрэгт орно. Эх сурвалжтай гээд тэрийгээ хэлчихвэл хожим хэн ч дахин мэдээлэл өгөхгүй, дамжуулахгүй болно. Үр дагавар нь нууц улам их болно, төр улам хүчтэй болно, төр ил тод биш болно, дөрөвдэх засгийн боломж хумигдана, хэвлэн нийтлэх эрх чөлөө бага болно. Улмаар ардчилал алга болно. Ингэхээр мэдээллийн эх сурвалжийг хамгаалах нь мэдээллийн аюулгүй байдлаас илүүтэй чухал юм.

Гэхдээ амьдрал дээр, ардчиллын үлгэр жишээ болсон АНУ-д мэдээллийн эх сурвалжаа хэлээгүйн төлөө хоёр сэтгүүлч шоронд суусан, гарч ирээд тэднийг ажлаар хангах хэвлэл мэдээллийн хэрэгсэл Америкт гараагүй явдал хэдхэн жилийн өмнө болсон юм. Шат дараалан олон шүүхээр дамжсаар эцсийн шатанд асуудал дээд шүүхэд хүрч бүх насаараа сонгогддог шүүгч нар мэдээллийн аюулгүй байдлыг илүүтэй гэж үзсэн нь тэр. Мөн энэ нь улсын нууц, үндэсний аюулгүй байдалд хортой, сэтгүүлчид хууль зөрчсөн гэх шийдвэр бөлгөө. Америкийн хуулийн тогтолцоогоор жишиг шийдэл гэсэн ойлголт байдаг бөгөөд хожим ижил төрлийн хэргийг яг ингэж шийднэ гэсэн үг юм. Ийнхүү үндсэндээ үндэсний аюулгүй байдлыг ардчиллаас илүүтэй, мэдээллийн аюулгүй байдлыг эх сурвалжаа хамгаалахаас илүүтэй үзчихлээ гэж дүгнэсэн хэрэг болж билээ.

Америкийн практик жишээ нэг иймэрхүү, харин Монголд эдгээр ойлголтуудыг хэрхэн шийдэх хуулиудыг, тогтолцоог яг одоо хэлэлцэж байна. Иргэд мөн үүнд идэвхтэй, хариуцлагатай хандаж, ялгаа заагийг тодруулж, санал бодлоо хууль боловсруулагчдад хүргэж байх хэрэгтэй юм.

Monday, May 2, 2011

АНУ дахь монгол бизнесүүдийн хөгжил, хэрэгцээ

Хойд Америк Монголын бизнес зөвлөлийн жилийн ээлжит хурал Вашингтон хотноо болж Монгол Улсын гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар урилгаар оролцож үг хэллээ. Мөн Элчин сайд Хасбазарын Бэхбат, Элчин сайд Грегори Голдхок, Элчин сайд Ла Порта, АНУ-ын худалдааны яамны Зэн Гросс, Гэйж компанийн Лио, Монгол нийгэмлэгийн Алиса Кампи нарын эрхмүүд үг хэлсэнтэй зэрэгцээд АНУ дахь монгол бизнесүүдийн хөгжил, хэрэгцээний талаар 10 минут ярих боломж гарав. Товчдоо, америкийн монголчуудын бизнес юу хийдэг юм, ямар салбарууд тэргүүлдэг юм, зарим нэг жишээ татаж, тэнд суугаа америк канадын хөрөнгө оруулагчдад, засгийн газрын шийдвэр гаргагчдад бид юу санал болгож, юуг чадах юм, бас бидэнд юугаар тус хүргэвэл хэрэгтэй талаар дурдав. Ингээд хэрэглэсэн товч танилцуулгаа блогдоё.


Wednesday, March 2, 2011

Жижиг дунд бизнесийн хөгжилд гадаадад буй иргэдээ оролцуулах замаар амжилтад хүрэх зам бий

За нутагтаа долоо хоног ажлаад ирлээ. Буцаж явмааргүй, тэр чигтээ үлдчихээр сайхан байлаа. Ээждээ золгож, ах дүү, найз нөхдүүдтэй учирч, цагаан сарын бууз дуусаагүй таарч урамтай, хийморьтой байв. Монголын эдийн засгийн форум болохоос хэдхэн хоногийн өмнө дуусах томилолт таарсан тул тус форумд оролцогчдод зориулж жаахан зүйл холбосныг Өнөөдөр сонин 3/2-ны дугаартаа нийтэлжээ. Блогтоо бас байрлуулчихья.

Монголын эдийн засгийн форумд хүргэх санаа

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Монголын “жиргээчдийн” хүрээнд, Монголын телевизийн сувгуудаар энэ гуравдугаар сарын хоёрноос гурванд болох эдийн засгийн форумын талаар идэвхтэй өгүүлж байна. Хүний хөгжил, хөгжлийн бодлого, засаглал, дэд бүтэц сэдвүүдийн дор олон салбар хуралдаан болох ажээ. Хөдөлмөр эрхлэлт ба ажлын байр, мэргэжлийн боловсрол ба эдийн засгийн өсөлт, санхүүгийн зах зээл, өрсөлдөх чадварын хэмжүүр - кластер - инноваци, бизнесийн таатай орчин, иргэний оролцоо - мэргэжлийн холбоодын чадавх, санхүүжилт - төр хувийн хэвшлийн түншлэл зэрэг чиглэлүүдтэй холбоотойгоор гадаадад байгаа монголчуудын оролцооны талаар зарим санааг “жиргэж” байснаа тодруулан энэхүү нийтлэлийг бичлээ.

Гадаадад байгаа өндөр мэргэжлийн, тэндээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа монголчуудын эх орондоо чиглэсэн харилцааг эдийн засагжуулах замаар Монгол Улсын, монгол хүний хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж болно гэж үзэж байгаа минь нийтлэлийн гол санаа бөлгөө. Үндсэн санаагаа дараах таван зүйлээр тодруулъя:
- жижиг дунд бизнесийг цэцэглүүлэх;
- өрсөлдөх чадвар сайжруулах;
- экспорт нэмэгдүүлэх;
- барууны хөгжингүй орнуудад Монгол брэнд бүтээгдэхүүн бий болгох;
- засаг, төрийн хөгжлийн бодлогод зөвөөр нөлөөлж, дэмжих.

Гадаадад байгаа монголчуудын харилцааг эдийн засагжуулна гэхээр жаахан том томьёолол дуулдаж магад. Тэгээд ч тэднээс эх орондоо чиглүүлдэг мөнгөн урсгал болон шинэ санаа, шинэ үйлчилгээ, оюуны хөдөлмөр, ажлын арга барил гээд бодит зүйл байхад шинээр юу гаргаж ирэх вэ гэсэн асуулт байж болно. Тийм ээ, АНУ-д байгаа монголчуудаас гэхэд долоо хоног бүр олон тооны контейнер, агаарын ачаа нутгийн зүг явдаг. Гэхдээ тоо нь хэмжээ, эдийн засаг, санхүүгийн дүнг гаргаад хэлчих гаалийн газар, банк санхүүгийн байгууллагууд таг болохоор бас эдийн засагжаагүй, бүртгэл тооцоо тогтоогүй мэт. Үүнээс илүүтэй хэрэгтэй зүйл бол гадаадад байгаа монголчуудыг, тэдний хүрээллийн байгууллагуудыг монголын жижиг дунд үйлдвэрлэлийнхэнтэй холбож шинэ зах зээл нээхэд тодорхой дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэх явдал юм.

Жижиг дунд бизнесийг цэцэглүүлнэ гэлээ. Яагаад заавал жижиг дунд гэж?

Нэгд, нийтлэлийн эхэнд дурдсан жиргээчдийн бичсэнээр Монголын жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн дэмжлэг, бичил зээлийн бодлого, үйл ажиллагаа зөв замдаа орохгүй байгаа бөгөөд үүнээс гарах нэг арга болж чадах юм. Жишээ болгоход, сангийн дэд сайд Ч.Ганхуяг “бичил зээл ажлын байр бий болгодоггүй” гэсэн жиргээнд МҮХАҮТ-н дарга С.Дэмбэрэл “бичил зээл ажлын байр бий болгохгүй гэсэн 10 жилийн туршлагатай чинь маргаж 100% ялж чадна” гэсэн бол санхүүч Б.Найдалаа “ажлын байр бий болгосон ч тогтвортой биш, бүрэн шийдэл болж чадахгүй”, И.Цэрэн-Онолт доктор “Яагаад, зээл олгогч нь зээлдэгчээ бодох биш, зөвхөн банкны хүүлэх бодлого барьснаас уу? Ер нь сайн шийдэл, жишээ байдаггүй юм уу” гэх зэргээр жиргэв. Энэ бүгдэд миний хариу жиргээнүүдийн санаа нь бүтээгдэхүүн, түүний зах зээлийг бүрэн тооцоолж цогцоор нь дэмжихгүйгээр нэг талаас зээлээ алдахгүй найдвартай байлгаж хүүлэх, нөгөө талаас өнөө маргаашаа аргалж гал унтахаар зээл авч буйгаас тааруу байна. Гадаадад байгаа монголчуудаар дамжуулан зах зээлээ өргөтгөж, харилцан итгэлцэж, хамтран ажиллах бизнес модель бий болгох шинэ сэтгэлгээ, инноваци санаачлахад чиглэж байлаа.

Хоёрт, том бизнесүүд бүтээгдэхүүнээ гадаадад гарах өөрийн арга замаа олж чаддаг. Зорилго нь байвал тэд аргаа олчихно. Юун төлөө том бизнес гэж байгаа билээ маркетингийн, зах зээлийн судалгаа хийх боломж, томоохон бизнесүүдийн хамтын ажиллагаа өрнүүлэх зэрэгт гарах зардлаа тэд өөрсдөө даваад гарчихдаг. Харин жижиг дундчуудад ийм боломж бага.

Гуравт, жижиг дунд үйлдвэрлэлийг зөв дэмжсэний дүнд ядуурал буурч, ажлын тогтвортой байр бий болж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх билээ. Дэмбэрэл даргын нэгтээ “Хивсний том үйлдвэрийн ажилтан, гар аргаар хивс нэхдэг жижиг бизнесийн эрхлэгчийн сэтгэлгээ маш их ялгаатай. Сайн ажиллах урамшууллын арга нь бүр өөр” хэмээн жиргэсэнтэй миний хувьд санал бүрэн нэгдэж байна. Энэхүү жижиг бизнес эрхлэгчтэй ажиллаж бүтээгдэхүүнийг нь шинэ зах зээлд гаргах харилцааг санал болгож буй юм.

Өрсөлдөх чадвар сайжруулна гэлээ. Яаж, яагаад?

Өрсөлдөх чадварын талаар Монголд сүүлийн үед ид яригдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж, үндэсний төв байгуулж, гадаадын мэргэжилтэн урьж, хамтарсан судалгаа хийх болсон нь үнэхээр зөв үйлдэл. Монгол Улсын, монгол бизнесийн, монгол бүтээгдэхүүний, монгол үйлчилгээний, монгол хүний өрсөлдөх чадвар өндөр болгохгүйгээр өнөө үед бид хөгжих битгий хэл дэлхийтэй зэрэгцэн хөл нийлж алхах боломжгүй. Энэ бүх авч буй чухал арга хэмжээний хажуугаар гадаадад байгаа монголчуудыг түшиглэн дотоодын өрсөлдөх чадварыг сайжруулахад тодорхой нэмэр үзүүлж болно. Энэ талаар Монголын Өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуутай хэдэнтээ санал солилцож, хамтран ажиллах, судалгаанд оролцох талаар ярилцаж байсан билээ. Мөн өнгөрсөн зун Улаанбаатарт болсон “Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо” сэдэвт гадаадад буй монголчуудын чуулган уулзалт, гадаадад байгаа Монгол мэргэжилтнүүдийн “Зуны лекц – 2010” зэрэг үйл ажиллагаанд яригдаж, Цахим өртөөгөөр олонтаа хэлэлцэгдсэн юм. Товчдоо, өрсөлдөх чадвараар тэргүүлж буй орнуудад мэргэжлээрээ таваас арван жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж буй монголчууд цөөнгүй болжээ, өнөө үед. Тэд өрсөлдөх чадварын талаар, сайжруулж нэмэгдүүлдэг арга механизмын талаар гүн ойлголттой, амьдралын өргөн туршлагатай болсон, хувь хүнийхээ өрсөлдөх чадварын хүчээр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж ажилласаар байгаа. Иймд гадаадад байгаа монголчуудын амьд жишээ, туршлагаас суралцаж мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх нь өрсөлдөх чадвар үлэмж дээшлүүлэх нэгэн үүд болно хэмээн итгэж байна.

Экспорт нэмэгдүүлнэ гэлээ. Яаж, хэрхэн?

МҮХАҮТ-с гаргасан 2010 оны гуравдугаар улирлын гадаад худалдааы статистик мэдээллийн шинжилгээ, дүгнэлтээс үзвэл тус улиралд нийт 2025.6 сая ам. долларын бараа экспортолсон нь 2010 оны мөн үетэй харьцуулахад 56.6 хувиар өсжээ. Экспортын үнийн дүнгийн 94 хувийг зөвхөн эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлснийг дурдсан байна. Ийн өсөлт гарч байгаа нь эдийн засгийн ач холбогдол өндөртэй боловч бүрэн ажил хэрэг болгож чадаагүй өөр ямар нэмэлт боломж байна, энэ тоон үзүүлэлтэд жижиг дунд үйлдвэрлэл хир жин дарж байгаа вэ гэх мэтийн асуудлыг онцолж үзвэл нэгийг бодогдуулна.

Боломжийг хир ашигладаг талаар нэгэн жишээ дурдвал, АНУ-д Монголын нэр бүхий бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх боломж байдаг. Уг боломжийг манай ЖДБ тун тааруу ашигладаг гэж санадаг. МҮХАҮТ-с үүнд гарал үүслийн гэрчилгээ олгож Монголд бүтээсэн гэдгийг баталгаажуулдаг. Товчдоо, ЖДБ-д бичил зээлийн хүрээнд, эсвэл өөрсдийн боломжоор санхүүжүүлж гаргасан бүтээгдэхүүнтэй, түүндээ гарал үүслийн гэрчилгээтэй тэгээд цааш таг зогсчхоод буй санагддаг. Энд гадаадад буй монголчуудын хувь нэмэр, оролцоо багагүй байж болно гэж үзээд буй юм. Тэд монголын хувьд шинэ зах зээлээ мэднэ, хэрэглэгчээ мэднэ, хэрэглэгчийн сэтгэлгээ, шаардлага, маркетингийн арга барил гээд тэдний дунд тэдний амьдралын хэв маягаар амьдарч, ажиллаж буй шүү дээ. Ийнхүү экспортыг нэмэгдүүлэх арга зам байж болох юм.

Барууны хөгжингүй орнуудад Монгол брэнд бүтээгдэхүүн бий болгоно гэлээ. Яаж, хэрхэн?

Барууны хөгжингүй орнуудад хэмээн онцолж буй нь тэнд боломжтой, хармаан зузаантай худалдан авагчид буюу зах зээл бий бөгөөд манай ЖДБ-н бүтээгдэхүүний боломжит эрэлт байгаатай холбоотой юм. Өөртөө хамгийн ойр нэгэн жишээ авахад, манай амьдарч буй зуун мянга хүрэхгүй хүн амтай хотын төвд хэдэн жижиг дэлгүүр бий. Арван мянган тосгон гэдэг байгууллагатай хамтарч ажилладаг ганц дэлгүүрийг авч үзэхэд АНУ даяар шударга худалдааг дэмжлэг 3500 гаруй жижиг дэлгүүрүүдтэй нийлж бараа солилцож, том бизнесийн брэнд бүтээгдэхүүн огт худалддаггүй, харин тодорхой хүмүүсийн хүрээлэлд хүрсэн зах зээлд оролцдог юм. Ийн жижиг тодорхой сонирхолтой зах зээлийн энд нийч (niche) гэж онцолдог. Нийч зах зээлүүдэд манай ЖДБ-н бүтээгдэхүүн тохирох боломж маш их бөгөөд монголын брэнд буюу нэрийн барааны бүтээгдэхүүн бий болох нь улс эх орны гадаад нэр хүндэд басхүү ихээхэн тустай, сайхан сурталчилгаа болж чадна.

Засаг, төрийн хөгжлийн бодлогод зөвөөр нөлөөлж, дэмжинэ гэлээ. Юугаар, яаж?

Монголын төр, засгаас ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, санхүүгийн болон оюун ухааны хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр гар хумхин суухгүй байгаа. ЖДБ-г дэмжих сангууд, банк санхүүгийн болон шинжилгээ судалгааны байгууллагууд олноор бий болжээ. Бичил зээлийн хууль хэлэлцэгдэж байлаа. Гадаадад байгаа Монголчуудад анхаарал хандуулж засгийн газрын зохих бүтэц бий болгож, дэлхийгээр тархсан монголчуудаа буцаан дуудах, эх орондоо ирж биеэр хөдөлмөрлөхөөс гадна алсаас сэтгэл санаа, оюуны хөрөнгө оруулалт хийж мэдлэг, туршлагаа дамжуулах боломжуудыг бий болгохоор ажиллаж Зөгийн үүр мэт төслүүдтэй болжээ. Монгол төрийн энэ мэт бодлогод дэвшүүлэн буй санаа зөвөөр нөлөөлж, оролцох талуудын сонирхлыг хангаж, эцсийн дүнд хаа хаанаа хэн хэн нь хожих боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Төгсгөлд нь дүгнэхэд, Монголын ЖДБ-г дэмжих үйл ажиллагаанд гадаадад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа монголчуудын оролцуулсан төсөл хэрэгжүүлье. Үйлдвэрлэгчид – ЖДБ, бичил зээл болон бусад санхүүгийн дэмжигчид – ЖДҮ-н сангууд, банк санхүүгийн бус байгууллагууд, бодлого боловсруулагчид – Засгийн газар, яамд, Өрсөлдөх чадварын судалгааны төв, МҮХАҮТ, гадаадад буй монголчуудын мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагууд – Монголчуудын холбоод, Америк дахь Монголчуудын худалдааны танхим гэсэн цогц оролцон тоглогчидтой хөтөлбөр зохиоё. Гадаадад тогтвор суурьшилтай ажиллаж буй монголчууд зөвхөн мэргэжлээрээ өрсөлдөх чадвар өндрөөр зогсохгүй тэд тэндэхийн зах зээлд тэндэх амьдралын хэв маягаар, тэндэхийн өрсөлдөөн, арга барилд зохицон амьдарч буй. Тэндэх зах зээлийнхээ бүтээгдэхүүн болж, тэдний хэрэглээний сэтгэлгээ, зах зээлийн ойлголт, маркетингийн арга барил, зах зээлийн тогтолцоог бүрэн ойлгож буйн хувьд Монгол дахь өнөөгийн ЖДБ-г дэмжих үйл ажиллагаанд маш сайн нэмэлт болж чадна.

“АНУ-д мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж буй монголчууд аливаа ажлыг эндэхийн стандартаар гүйцэд хийж хэдийнээ сурчээ. Мөнгөн хөрөнгийн болон оюуны хөрөнгө оруулалт эх орондоо хийх хэмжээнд бид өсжээ. Бидэнтэй хамтарч ажиллаж, бидэнд итгэл үзүүлэн ажил даалгавал бид хийхэд бэлэн байна. Бидэнд боломж олгоно уу? Нуруун дээрх хүнд ачаанаас тань үүрэлцье! Бид бэлэн байна, хүлээж байна.” хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр Вашингтон хотноо эх орон нэгтнүүдтэйгээ 2008 оны есдүгээр сард уулзаж байх хуралд хэлсэн товч үгээрээ нийтлэлээ өндөрлөе.

Э.Жагдагдорж
Колумбиа хот, Мизури муж, АНУ

Thursday, November 11, 2010

Шинэчилсэн бүртгэл болон тооллогод хамрагдлаа, Та бүхнийг мөн тоолуулаарай гэж уриалах байна

Зун амралтаараа харих үедээ хороо хорин дээрээ хоёртоо очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдан арван хурууны хээгээ үлдээсэн юм. Энэ талаар бяцхан тэмдэглэл блогтоо бичнэ хэмээн санаж байсан ч тэгээд цаг хугацаагаа гүйцэлгүй олон ч хоножээ. Нэг мэдэх нь ээ, тооллого гээд бас нэгэн бүртгэлд хамрагдах хэрэг ч гарсан байна. Уржигдар шөнө хэрэг болгон суун байж тооллогод хамрагдав. Ингээд энэ хоёрыг хамсаргаад нэг блогдоюу.

Энэ хоёр бүртгэл тусдаа, өөр өөр байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагаа юм билээ. Гэхдээ нэг дор зангилагдаж, нэгдсэн мэдээлэл үүсгэж буй нь бол ажиглагдсан. Шинэчилсэн бүртгэл нь УИХ-с батласан, овоо ч төсөвтэй, давгүй ч техник технологи хэрэглэсэн ажил болсон. Цуглуулж буй мэдээллийн хувьд ч гэсэн сайн бодсон байна лээ. Иргэний бүртгэл мэдээллийн газар тухайн иргэн бүрээ бүртгэж, сонгууль, татвар, эх орны хишиг/эрдэнийн хувь гээд олон зүйлд баталгаатай эх үүсвэр болох ёстой. Энэ утгаараа ч асуултууд нь оновчтой байж, арван хурууны хээгээр баталгаажиж байх шиг байна лээ. Харин энд маний боловсролын төвшин, байр сууцны мэдээлэл аваад байвал сонин болоод явчих биз.

Технологийн хувьд мэргэжлийн нүдээр бяцхан ажиглахад үнэхээр нааштай, тэр зарцуулсан хөрөнгөд харуусахгүй зүйлс олон байна лээ. Мэргэжлийн гэхээр сайн аппаратаар зураг авч байсан. Бүртгэл хийж буй лаптоп нь гэхэд өнөө үед юунд ч хэрэглэхэд нүүр улайхгүй, үзүүлэлт сайтай, орчин үеийнх юм билээ. Хурууны хээ авах төхөөрөмж нь лав АНУ-д өдгөө ид хэрэглэдэг, гадаадын иргэд болон хилээр орж гарч буй улсуудыг бүртгэхэд ашигладаг зүйл мөн байна лээ. Програм хангамжийг нь хальт харахад манайхан өөрсдөө зохиосон эд байсан. Хэр алдаатай ажилладаг вэ, гацаж эд нар элдэв юм болдог уу, хэрэглэх сурахад хэр амар байв гэсэн асуултуудад бүртгэл хийж буй бүсгүй сэтгэгдэл өндөр, ам сайтай хариулж байна лээ. Ингээд одоо юутай ч миний нэр, миний регистерийн дугаараар хэн нэгэн хуурамч баримт бий болгох магадлал эрс буурсан биз гэж бодогдсон доо.

Хүн ам орон сууцны тооллого буюу сүүлийн үед онлайнаар шургуу сурталчилаад буй http://www.toollogo2010.mn тооллого нь харин Статистикийн газраас НҮБ-н хүрээнд дэлхий даяар хийгдэж буй үйл ажиллагаатай холбоотой юм байна. Тооллогын түүх, ач холбогдол, онцлог, хууль эрх зүйн үндэслэл гээд дэлгэрэнгүй мэдээлэл вэб дээр нь байна лээ. Үүний Интернэт тооллогод нь гадаадад оршин суугаа Монголчууд оролцох хэрэгтэй юм билээ.

Вэб сайтуудаар энэ талаар өргөн мэдээлж, бас ч улсууд санал бодлоо их бичиж байна. Саяхан АНУ дахь Монголчуудын гол мэдээлэл авдаг сайтуудын нэг Даяар Монгол сайтад таван ч иргэн саналаа илэрхийлж, хэд хэдэн байгууллага холбоодоос уриалга гаргасан байна лээ. Энэ талаар өөрийн бодол, санал сэтгэгдэлийн талаар бичиж нэмэрлэж буй нь энэ билээ.

Онлайн хуудас нь дөрвөн жижиг алхамтай юм билээ. Эхлээд имэйл хаягаа бүртгүүлнэ. Бүртгүүлсэн имэйлээр ирэх мэдээллээр системд нэвтэрнэ. Эдгээр нь түргэн саадгүй ажилласан. Дараагийн алхамууд болох үндсэн бүртгэл, асуулга нь ч цаг авахааргүй байсан. Үндсэн бүртгэл нь бүртгүүлэхээр оруулсан улсуудын регистерийн дугаар, нэрээр нь иргэний бүртгэл мэдээлэлд хандаж баталгаажиж байна лээ. Өмнө өгүүлсэн хурууны хээгээ үлдээдэг нь зөв болжээ гэж бодогдсон. Тооллогод нийтдээ 20 минут зарцуулсан гэхээр тун давгүй. За сайн талаас нь, хэрэгтэй гэсэн өнцгөөс олон хүн бичсэн байсан тул давталгүй орхиж, өөрт бодогдсон жаал саарал талаас нь өгүүлье.

Үндсэн бүртгэл хийгдэх гуравдугаар алхамын дараа систем нь гацаад таг болчихно лээ. Өөр төрлийн интернэт браузерээр дахин системд нэвтрэхэд харин асуулга шууд гараад ирсэн. Гэхдээ асуулгад хариулаад баталгаажуулах алхамд алдаа гарч ирж байна лээ. Миний мэдээлэл эхнэрийнх рүү эхнэрийнх арагшаагаа хүүхдүүд рүү гэх маягаар нэг нэг баганаар хойш гүйчихсэн байсан, тэгээд миний мэдээлэл байхгүй, заавал бөглөх талбар хоосон байна гэсэн алдаа өгч байна лээ. Үүнийг иймэрхүү элдэв форм бөглүүлэх код олонтаа нухсан мэргэжлийн өнцгөөс харвал их бүдүүлэг том алдаа л даа. Тэгээд ч энд тэнд зөндөө онлайн форм бөглөдөгийн хувьд анхны оролдлогоороо дутуу мэдээлэл оруулдаггүй болж сурсан нэгэнд код нь алдаатай байна даа гэж бодогдсон. Мэдээллээ засварлаад дахин хадгалах товчлуур дарахад харин болоод явчихна лээ. Гэхдээ таны оруулсан мэдээлэл ийм байлаа гэж хэлэлгүй шууд л их эелдэгээр баярлалаа гэсэн тул яг зөв орсон эсэхийг бас бүү мэд. Талархлын имэйл мөн ирж байна лээ, гэхдээ миний асуулгын хариу зөв орсон эсэхийг мэдэж чадаагүй үлдсэн дээ.

Мэдээллийн технологийн мэргэжлийн нэгэн, элдэв форм ихээхэн зохиодог, бөглөдөг тулдаа нэг их ажил бололгүй дээрх алдаануудыг давж орхисон. Хэрэв ийм мэргэжлийн нэгэн бус, ер нь компьютер дээр тэр бүр мэдээлэл оруулаад форм бөглөөд байдаггүй нэгэнд бол иймэрхүү алдаа хамаг цагийг, нервтэй нь авчихдаг юм шүү хэмээн анхааруулахад гэмгүй биз ээ.

За энэ ч яахав, жижиг зүйл. Хамгийн гол, хамгийн том гэж санагдсан болгоомжлол бол харин за энэ оруулсан мэдээлэл тэгээд олон түмэнд хэзээ ил тод болчих бол доо гэсэн бодол байлаа. Нууцлал, хамгаалалтын талаар хөндөж байна л даа. За миний овог нэр, регистерийн дугаар бол ойлгомжтой нууцлагдах асуудал. Үүнээс гадна манай ам бүлийн тоо, бидний боловсролын байдал, байгаа газар орон гээд олон зүйл нь миний хувийн мэдээлэл, олон нийтэд тэр бүр өгүүлээд байх эд биш юм. Энд бид ийм л соёл, заншил, сэтгэлгээнд хэдийнээ суралцжээ. Эндэхээр жишээлбэл, Гоогл компани айлуудын байшинг газрын зургаар хайгаад хаягаар нь харуулж буйн төлөө буруудаж 8,5 сая долларын төлбөрт орсон гэх мэт.

Манай мэргэжилтнүүд нь өндөр зэргээр хамгаалагдсан, найдвартай л гэж байна лээ. Тэдэнд итгэхгүйдээ биш, нөгөө л мэргэжлийн нүдээр харахад ийм абсалют баталгаа байдаггүй бөгөөд тухайн үүрэгт улсууд нь хэр сайн ажиллахаас л хамаарах юм. Нутагт маань энэ талаар хангалтгүй жишээ дэндүү олон. Наад захаас нь үзэхэд, хуучин иргэний мэдээллийн бүх мэдээлэлд манай энэ хавийн АйТи гайгүй гадарлах хүүхдүүд чөлөөтэй давхиж ороод тантай адилхан нэртэй хүн улсад тэд байна, энэнийх нь регистрийн дугаар эд, тэрнийх нь төрсөн өдөр тэдэн гээд хэлчихдэг. Тэгээд хуучин гэлтгүй тэр мэдээлэл нь үнэн байх юм билээ.

За ингээд дээр өгүүлсэн шүүмж, болгоомжлол байгаа ч мэргэжил нэгт нөхөддөө итгээд, улс эх орны хөгжилд бас өчүүхэн ч тус нэмэр байгаа юм болов уу гээд, бас ч хууль дүрэм элдэв зүйлийг нь дагаж мөрдөе гээд тооллогод хамарчихлаа. Та бүхнийг ч гэсэн хамраасай хэмээн уриалж байна. Юутай ч албан журмаар тоолуулчихаад, бид энд байна шүү гэж албан ёсоор бүртгүүлж улсынхаа санд баталгаажчихаад дараа нь жинхэнэ сонгуулийн эрхээ нэхэх юм шүү хэмээн бодож байна даа.

Thursday, October 22, 2009

Америк дахь Монголчуудын бизнесийн хөгжил

Чингэс хааны үзэсгэлэн Дэнвэр хотноо арван сарын 16 буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нээлтээ хийсэн сайхан үйл явдал боллоо. Маргааш нь буюу 17-ны бямба гаригт хойд америкийн Монголчууд хуралдай хийхээр Хойд америкийн Монголчуудын нийгэмлэг зар тараасан нь дөрвөн чиглэлээр амжилттай хуралдаж Америк дахь Монголчуудын холбогдолтой олон асуудал хэлэлцлээ.

Бизнесийн хэсэгт хэлэлцүүлсэн илтгэлийн товчлолыг блогтоо тавья.

Monday, April 13, 2009

Лос Анжелест бизнесийн төлбөргүй семинар болно

Хэлэлцэх сэдэв :

• АНУ-д жижиг бизнес эрхлэгчид санхүүжилт олдог арга зам, анхаарах зүйлс;
• Бизнес эрхлэгчдэд холбоотой цагаачлалын хуулийн заалт, визний ангилалууд, эдгээртэй холбоотой асуудлууд;
• Бизнес эрхлэх хууль эрх зүйн ойлголт, шүүхийн систем;
• болон бусад олон сэдвээр

ОГНОО: 2009 оны 4 сарын 23-нд 12:30 - 19:00

Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайдын Яам, АНУ дахь Монголчуудын худалдааны танхимаас Калифорнийн Монголчуудын холбоо, Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо болон орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран өмнөд Калифорнияд анх удаа зохион байгуулж байгаа бизнес эрхлэгч болон эхлэх сонирхолтой Монголчуудын уулзалт семинарт Та бүхэнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна!

Нэмэлт зар: Элчин Сайдын Яамнаас Ерөнхий Консул Г.Ганболд гуай ирж оролцох тул Монгол Улсын паспорт сунгуулах, төрсний, гэрлэсний гэрчилгээ болон бусад бичиг баримтын талаар консулын үйлчилгээ энэ арга хэмжээний үеэр болон дараах өдрүүдэд авах боломжтой.

Нэмэлт зар: Хэрэв та энэхүү арга хэмжээг дэмжиж идэвхитэй оролцох, өөрийн мэргэжил мэдлэг, бизнес амжилтынхаа талаар хуваалцах, бизнесээ сурталчилах цаашлан бусад монголчууддаа илтгэл, танилцуулга хийх хүсэлтэй бол бидэнтэй холбогдож цагийн хуваарьт нэрээ бичүүлнэ үү.

Wednesday, March 18, 2009

Дөрвөн сарын нэгэн Америкт тэмдэглэлт өдөр үү?

www.dayarmongol.com сайтад бичсэн зүйлээ блог дээрээ байрлуулья. H1B төрлийн визээр АНУ-д гадаадын иргэдийг цагаачлалгүйгээр ажиллах боломж бий болгодог. Дотоодын ажилах хүчийг хамгаалах үүднээс уг зөвшөөрлийг тодорхой хязгаартайгаар өгдөг бөгөөд цалингийн доод хэмжээг тогтоосон байдаг. Монголд дээд боловсрол, мэргэжил эзэмшсэн хэнд ч уг зөвшөөрлийг авч ажиллах боломж бий.

Дөрвөн сарын нэгэн гэхээр хаврын баяр, инээмсэглэлийн баяр, уурладаггүй өдөр, биеэ биеэ гэнэхэнээр хуурч тоглоом хийдэг гэж тархинд бичигдсэн үе саяхан байлаа. Америкууд ч мөн ижил april fools’ day буюу хуурмаг өдөр гэх нь бий. Хөнгөн хуурч, онигоо хэлж ярих нь элбэг. Гэхдээ энэ удаа үүний талаар хэлэлцэх гэсэнгүй. Америкийн цагаачлал болон цагаачлалгүйгээр ажиллах хүчин гадаадаас авах талаар товч дурдах улмаар орлогын татвар, нийгмийн хамгаалалын татвар, эрүүл мэндийн даатгалын талаар хөндөх гэсэн билээ.

Сүүлийн үед Даяар Монгол сайтын нийтлэл, хэлэлцүүлэг жинтэй болж ялангуяа санал сэтгэгдэл их сайхан өрнөх боллоо. Бичлэг бүр арваас хорин сэтгэгдэл үлддэг, биеэ биеэ ойлгож хүндэтгэн дэмждэг, санал бодлоо чөлөөтэй уралдуулдаг болж байгааг сайшаан дурдаад гол сэдэвтээ эргэн орьё.

Г.Ганболд гуай “АНУ-ын Цагаачлалын бодлогын тухай” нийтлэл бичсэнийг уншаад энэ талаар бичвэл бас далайд дусал, олонд хэрэгтэй мэдээлэл хүрэх буюу бусдын мэдлэгийг хуваалцах боломж гарах байх хэмээн найдлаа. Цагаачлал, гадаадын ажиллах хүч хэрэглэх талаарх бодлого, татвар, даатгал яагаад дөрвөн сарын нэгэнтэй холбогдов гэхээр энэ өдрийг асар олон гадаадын мэргэжилтнүүд тэдний гэр бүл болон Америкийн ажил олгогч нар хүлээж байдаг юм.

Сүүлийн хоёр жилийн статистикаас харвал энэ л өдөр АНУ-н зах зээлд гадаадын мэргэжилтнүүдийг цагаачлуулалгүйгээр ажиллуулах 130000 гаран хүсэлтийг жил тус бүр ажил олгогч нар засагтаа илэрхийлсэн байна. АНУ-н цагаачлалын хуулийн дагуу H1B визээр ажиллах зөвшөөрөл жил бүр тодорхой тоогоор олгодог бөгөөд дөрвөн сарын нэгний өдрөөс дараа жилийн зөвшөөрлийг өгөх өргөдөл хүлээн авдаг бөгөөд жил бүр тодорхой хязгаартай зөвшөөрөл олгодог. 2004 оноос жил бүр 65000 зөвшөөрөл олгож байгаа бөгөөд үүний 1400 нь Чили, 5400 нь Сингапурийн иргэдэд олгогдох хуультай.

Хэдийгээр өнөөгийн эдийн засгийн байдалтай холбоотойгоор ажлын байрны тоо буурч, ажилгүйдэл ихсэж, цомхотгол ихээр явагдаж байгаа ч өндөр боловсрол, мэдлэг чадвартай мэргэжлийн хүчин дутмаг байгааг дээрх хоёр дахин их хүсэлт илэрхийлж буй. Чили, Сингапурыг дурддаг маань энэ хоёр улс АНУ-тай байгуулсан чөлөөт худалдааны гэрээний дагуу ийнхүү тодорхой тооны хүмүүсийг найдвартай зөвшөөрлөөр хангаж чадаж буйгаас бид, Монгол Улс санаа авч, суралцах болов уу гэснийх.

Багаар бодоход жил бүр 100 лимиттэй болчихвол монголчууд хожно уу гэхээс алдахгүй. Энэ тооны ард гэр бүлийн хүн, үр хүүхэд гээд олон зүйл холбогдоно. Тэд бүгд АНУ-д хууль номын дагуу амьдарч, ажиллаж суралцана. Аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь зовлон багатайгаар айлчилж зочилж болох үүд нээгдэнэ. Энэ зуу гэдэг тоо жилийн 3.5-5 сая ам долларын орлого монгол хүмүүст бий болгоно. Үүний хэд нь бэлэн мөнгөөрөө, хичнээн нь оюуны болон бусад шилжсэн утгаар эх оронд минь шилжих бол?

Зарим хүмүүс надтай маргадаг л даа. Ийм олон боловсон хүчин Монголд байхгүй. Эсвэл Монголын хамаг гайгүй гэсэн ажиллах чадвартай улсууд гадаадад гарчихна гэдэг юм. Тэр хүмүүсийн зөв ч бий байх, би тэгтэлээ их маргадаггүй ч доорхи тайлбарыг үргэлж хийдэг.

H1B визэнд санхүү, нягтлан бодох, эмч, багш судлаач гээд их олон мэргэжлийнхэн байдаг. Үүнээс зөвхөн мэдээллийн технологийнхоныг авч үзье. Энэ нь миний мэргэжил бөгөөд би өөрөө ийм жимээр замнасан багаахан туршлага бүхий л дээ. Би энд ирэхээсээ өмнө эх орондоо долоон жил мэргэжлээрээ ажиллаж мэргэжил нэгт маш олон хүнтэй харьцаж, хамтарч, сургаж, суралцаж байсан. Тэдний хэн нь ч АНУ-н зах зээлд мэргэжлийнхээ ажлыг хийгээд явах чадвартай гэж бүрэн итгэлтэй хэлж чадна. Монголын мэдээллийн технологийнхон муу биш, дэлхийн хэмжээнд тоглох чадвартай. Жил бүр болдог олон улсын математикийн олимпиад, мэдээлэл зүйн олимпиадад оролцож амжилт гаргаж буй монгол хүүхдүүд, тэдний багш нарын мэдлэг чадвар үүнийг бас батлана. Тэдний төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийг нь эндэх шиг л ижил тооцож, үнэлж, дэмждэг. Гагцхүү тэд дэлхийн тавцанд, бодит зах зээлд шинэ арга барил, хөдөлмөрлөх чадварт нэмж суралцах хэрэгтэй юм. Туршлагаас үзэхэд 100 хүн ардаа 300-500 хүн бэлтгэх чадвартай болдог юм билээ. Иймд Монголд чадварлаг боловсон хүчин байхгүй биш, дуусчих биш харин эсрэгээрээ улам олныг бий болгон үржүүлэх хөрс бий болж байгаа юм. Түүнчлэн ингэж өндөр хөгжилтэй зах зээлд гарч ажиллах нь үүрд мөнхийн бус, гэрээт хугацаа дуусахаар буцдаг юм аа. АНУ-д боловсрол олж авсан олон монголчууд буцаад харьж байгаа шүү дээ. Түүнтэй ижил ажлын гэрээ дуусахаар харина, хариад жинхэнэ олон улсын хэмжээний мастер боловсон хүчин байх билээ.

Статистикаас үзэхэд H1B визтэй Монгол хүмүүс 2007 онд 31 удаа хилээр нэвтэрч орж ирсэн байна. Нэг хүн хэд хэдэн удаа хариад ирэхэд давхар тоологдоно л доо. АНУ-н хилээр энэ хугацаанд цагаачлалын бусаар орж ирсэн Монгол хүний нийт тоо 5870. Үүний 1079 нь бизнесийн, 2596 нь жуулчлалын аялал хийж, 1499 оюутан, 170 оюутаны гэр бүл үр хүүхэд хилээр орж иржээ. Бизнесийн, оюутаны виз олголтыг эрс нэмэгдүүлсэн, цаашид ч сайжруулна гэж АНУ-н элчин сайдын яам, консулын газрын ажилтнууд нь өдгөө ээлж дараагаар мэдэгдэж, ярилцлага өгч байна.

Дээр дурдагдсан нэмэгдүүлнэ, сайжруулна, өгнө гэсэн ангилалд H1B буюу нарийн мэргэжлийнхэнийг өргөн хамруулах боломж юу байна вэ? Юунд түлхүү анхаарч, юу хиймээр байна вэ? Үүнээс юу хожиж болох вэ? Оюутаны ширээнээс илүү ихийг сурах уу, бодит амьдрал, бодит ажил зах зээлээс илүү од шүүрэх үү? Оюуны өндөр чадвартай хичнээн олон монгол цэнхэр захтай буюу хар ажил хийхээр алсыг зорих вэ? Хууль ёсны зөвшөөрөл, хязгаараас болж өөрийн чадвар, боломж, самбаа авхаалжаараа олсон ажилдаа хичнээн хүн орж чадахгүй үлдэх вэ? Эрсдэл үүрээд зардал гаргаж буйг нь хэрхэн дэмжиж боломжийг нь нэмэгдүүлэх вэ?

Энэ мэт олон асуултыг тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байгааг минь хүлээн авч санал бодол, хүсэлт, сэтгэгдэл, мэдлэг, туршлагаа хуваалцана уу!

Дашрамд дурдахад, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Х.Батбэх :

“АНУ-д ажиллаж амьдарч байгаа манай иргэд цалингаасаа Нийгмийн халамжийн татвар төлдөг, тэрхүү төлсөн хэмжээгээрээ төрөлх нутагтаа нийгмийн халамж эдлэх боломжийг бүрдүүлэх, үгүй гэхэд уг мөнгийг эгүүлэн олгуулах нь олон айл өрхийн ахуй амьдралд тустай ажил болно хэмээн тус ЭСЯ үзэж Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт анхааруулж, холбогдох яриа хэлцэл хийж эхлэхийг санал болгож байгаа. Ойрын үед дахин албан тоот илгээхээр бэлтгэж байна.

АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, чингэхдээ иргэддээ боловсролын түвшин, мэргэжлийн дадлага чадварыг харгалзах үндсэн дээр ажлын байр олгуулах, визийн илүү ашигтай дэглэмд шилжүүлэх, цаашилбал нутагтаа эзэмшсэн боловсролын диплом, эрдмийн зэрэг цолыг нь хүлээн зөвшөөрүүлэх, АНУ-ын их дээд сургуулиудад Монголын оюутан залуучуудыг элсүүлэн суралцуулахад чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгох зүйл заалтуудыг тусгуулах зэрэг санал санаачилга бидэнд цөөнгүй бий.” хэмээн бичсэнийг хуваалцья.

Цаашид АНУ-н орлогын татвар (income tax), нийгмийн даатгал (social security, medicaid), эрүүл мэндийн даатгал (FICA, medicare), чөлөөт худалдааны гэрээнд иргэдээс оруулах санал, боловсролын түвшин, диплом, эрдмийн зэрэг цолын талаар гэх мэтчилэн үргэлжүүлэн бичиж хэлэлцүүлэг өрнүүлэх болно оо.

Tuesday, November 11, 2008

Шинэ Ерөнхийлөгчийн талаар жаахан ...

Destiny блогтоо шинэ Ерөнхийлөгчийн талаар бичжээ. Санал үлдээгээдэхсэн чинь өөрийнхөө блогт оруулчихаар урт болжээ. Ингээд блогтоо оруулчихлаа.

Destiny, сонирхолтой сайхан нийтлэл бичсэн байна, баярлалаа. Барак олон талаар тун давгүй хүн болохоо харуулж чадсан, гэхдээ сонгуульд ялахдаа хамгийн гол нь маш зөв тактик боловсруулж муж бүрт өөр өөрөөр хандаж чадсан. Энэ нь Баракийн лутынх биш ч гэлээ, ардчилсан намын сонгуулийн штаб айхтар ажилласаныг илтгэнэ байх.

Нэг жишээ авахад, Флорида бол үеийн үед асуудлыг эцэслэдэг, үргэлжийн маргаантай байдаг мужуудын нэг. 8 жилийн өмнөх явдлыг улсууд санаж байгаа байх. Флоридад дахин тооллого хийж байж бүгд найрамдахчууд ялсан. Эндээс ардчилсан намынхан маш их сургамж авч айхтар судалгаа хийж хэдэн сая ядуу хар иргэд сонгуульд оролцдоггүй, ирдэггүйг мэдэж авсан байна. Тэгээд тэдэнтэй тулж ажлаад энэ жилд сонгуульд оролцуулсанаар тэр бүү хэл өөрсдөдөө санал өгүүлсэнээр аль эрт санал хураалт дундаа явж байхад Флорида маргаангүйгээр Барак ялсан байлгаж чадсан. Флорида үргэлж наанатай цаанатай шийдэл гаргадаг байхаас гадна олон тооны санал өгдөгөөрөө бас онцлог.

Улсууд Баракыг хар болохоор харууд их дэмжлээ гээд байх юм. Миний хувийн ажиглалтаар бол үнэндээ харууд ихтэй өмнө зүгийн мужуудаар дандаа Маккэйн ах ялчихсан ш дээ. Тухайлбал, Жоржия муж. CNN-р Атлантад харууд уйлаад л, баярлаад л ... алдарт Кингийн охин сэтгэгдлээ яриад байсан. Гэтэл энэ хотод, энэ мужид нь "цагаан өвөө" ялчихдаг! Тэннеси байна, Луйзана бас байна. Очихоор дандаа л харууд байдаг газрууд даа.

Манай Мизури муж гэхэд дандаа тулаан болдог "battle" газар. Иймд хоёр тал маш их анхаарал тавьж өрсөлдөгчид хичнээн удаа ч зочлов доо. Сонгуулийн өмнөх өдөр гэхэд өчигдөр Барактай зургаа авахуулаад, гар бариад гэсэн улсын яриа эргэн тойрон хөвөрч байлаа. Эцсийн мөч хүртэл муждаа Баракийг ялна гэж хүлээсэн хүмүүсээр дүүрэн байсан ч сонгуулын маргааш нь нэг юм нэгдсэн дүн гарч "өвөө" ялчихсан. Гэхдээ ингэж ойрхон дүн гаргахад ардчилсан намын тактик маш зөв байснаас тэр л дээ, түүнээс байлдаж байгаад л цэнхэрлэчих муж бол Мизури юм.

Нэгдсэн улсын хэмжээнд ардчилсан намын төлөөлөгч ялалт байгуулж, Барак ах ирэх нэг сард тангарагаа өргөнө. Одоогоор, урьдчилсан таамгаар дандаа Билл ахыг тойрч асан улсуудын нэр л гараад байх. Ингэхээр Барак ах өөрөө бодлого хийх нь үү, найман жилийн өмнөх бодлого үргэлжлэх үү ... бас айхтар асуулт шүү!

Friday, October 31, 2008

Шүүхийн харьяалал

За эхлээд өмнө бичсэнээ товч хүснэгтээр үзүүлбэл АНУ-н шүүхийн систем ийм харагдана.


Одоо шүүхийн харьяалалын тухай үзье. Аливаа зөрчил, асуудал шүүхэд хүрч хэлэлцэгдэхийн өмнө хэдэн болзлыг хангах ёстой. Хамгийн түрүүнд шүүхийн харьяалал гэсэн ойлголтын нөхцөл болзлыг хангана.

Повер пойнт файл jurisdiction гэсэн ойлголт агуулсныг энд шүүхийн харьяалал хэмээлээ. Хуульч Ганзориг ахаас лавлаж, будаа идсэнээр ийнхүү орчуулсан нь энэ. Түүнээс эхэндээ энэ jurisdiction гээч нь шүүх өөрөө ч юм шиг, шүүх үйл ажиллагаа ч юм уу ... нэг л ойлгохгүй мэргэжлийн бус нь харагдаад цааш нь бичихээс халширсан даа.

Шүүхийн харьяалал нь тухайн хэргийг сонсох, шийдвэр гаргах үндэс болох юм байна. Хүн болон аж ахуйн нэгжтэй холбоотойгоор үүсэх шүүхийн харьяалалыг personam jurisdiction буюу хувийн харьяалал гэдэг юм байна. Хувийн хэрэг үүсгэж болохгүй үед өмчийн харьяалал буюу rem jurisdiction үүсдэг.

Ерөнхийдөө тухайн мужийн дотор газарзүйн тодорхой хязгаарт шүүх асуудлыг харьяалж шийддэг ч зарим үед тухайн мужаас гаднах оршин суугчийг хамруулдаг. Аж ахуйн нэгжийн хувьд бүртгүүлсэн муж, төв оффис байрлах муж болон үйл ажиллагаа эрхлэж буй мужуудын хүрээний шүүхэд хамрагдаж болно.

Сэдэв агуулгаас хамаарсан харьяалал гэсэн ойлголт байна. Энэ нь ямар шүүх ямар хэргийг хэлэлцэж болох зааг хязгаарыг тогтоож өгдөг. Нэгдсэн улсын болон мужийн системийн шүүхүүд ерөнхий (хязгаарлалгүй) болон хязгаарлагдмал харьяалалын шүүхээс тогтоно. Ерөнхий харьяалалын шүүх өргөн хүрээнд хэргийг авч хэлэлцэж чадна. Мужийн шүүх болон нэгдсэн улсын дүүргийн шүүх ийм ерөнхий харьяалалтай ангилалд хамрагдах жишээ болж чадна. Дампуурлын шүүх нэгдсэн улсын системийн хязгаарлагдмал харьяалалтай жишээ юм. Хуулийн дагуу дампуурах үйлдлийг зөвхөн уг шүүхэд шийдвэрлэг бөгөөд уг шүүх өөр төрлийн хэрэг авч хэлэлцэхгүй.

Monday, October 20, 2008

АНУ-н шүүхийн мужийн систем

Муж бүр өөрсдийн шүүх системтэй, тэр нь хоорондоо ялгаатай өөр өөрөөр бүрэлдсэн нь бий. Хэдэн янзын бүтэц, давхарга бүхий шүүх болон хоёр түвшний давж заалдах шүүхээс мужийн систем тогтоно.

Мужийн шүүх систем нь бүрэн бие даасан шүүх юм. Нэгдсэн улсын системээс ялгаатай нь шүүгчид томилогддог бус сонгогддог. Энэ нь биеэ даасан байдлыг бий болгож өгдөг гэнэ. Гэхдээ зарим нэг мужийн хуьд мужийн захирагч шүүгчийг томилоод дараа нь сонгогчид дахин сонгох нь бий.

За амраар нь бодоод амьдардаг Мизури мужаар жишээ авч мужийн шүүхийг ерөнхийд нь тайлбарлая.

Нэг. Мизурид жижиг гомдол шийдвэрлэдэг шүүхүүд байдаг. Ийм шүүхүүд
  • хязгаарлагдмал, бага хэмжээний төлбөртэй холбоотой иргэний хэрэг шийддэг.
  • Jury нилээд өргөн эрхтэй.
  • маш энгийн үйл ажиллагаатай (very informal).
  • амархан, энгийнээр асуудлыг шийдчих тохиолдол элбэг. Хуульч, өмгөөлөгч оролцуулахгүй байх үе ч бий.
  • давж заалдахад зориулсан тайлан бичлэг (formal record) хөтлөхгүй байх нь элбэг
зэрэг онцлогтой байдаг.

Хоёр. Туслах шүүхүүд гэж бас Мизурид байна.
  • жижиг хэргүүдээс арай ахиу хэмжээний мөнгөн дүнтэй асуудал шийдвэрлэнэ.
  • мөн л давж заалдахад зориулсан тайлан бичлэг хөтлөхгүй.
  • иргэний хэргүүд болон зарим нэг аюул багатай эрүүгийн хэрэг авч хэлэлцдэг.
Гурав. Мужийн хэрэг таслах шүүх нь гол ерөнхий шүүх болдог гэнэ.
  • "Аймгийн шүүх" (county courts), "дүүргийн шүүх", "тойргийн шүүх" гэж нэрлэгддэг.
  • Мизури мужийн хувьд төнгөн дүнгийн дээд тал нь эсвэл доод тал нь гэсэн хязгаар байдаггүй. Хэдэн ч ам долларын хэрэг хэлэлцэгдэж болно.
  • Цөөнхийг хамгаалахаас бусад төрлийн эрүүгийн хэргийн авч хэлэлцдэг.
  • Давж заалдахад зориулсан тайлан бичлэг заавал хөтлөдөг хамгийн бага шатны шүүх болно.
Одоо давж заалдах шүүхийн талаар жаал өгүүлэе!

Дөрөв. Давж заалдах шүүх
  • Өмнө өгүүлж байсан нэгдсэн улсын системтэй төстэй. Үйл ажиллагаа нь ижил.
  • Хэргийн хүлээн авч, хэхэлцэх стандарт нь ижилхэн.
  • Шийдвэр гаргах, хууль бий болгох нь мөн ижилхэн.
Тав. Мизурийн дээд шүүх
  • Нэгдсэн улсын системтэй ижилхэн зөвхөн чухал ач холбогдолтой эсвэл хууль өөрчлөх хэмжээний хэргийг л мужийн дээд шүүх авч хэлэлцэнэ.
  • Хэргийг авч хэлэлцэхийн тулд мөн л "writ of certiori" олгоно.
  • Нэгдсэн улсын системийн ижлээр маш цөөн тооны хэргийг дээд шүүх авч хэлэлцдэг.
  • Бүх төрлийн асуудлаар энэхүү хамгийн дээд шатны шүүхийн шийдвэр мужийн эцсийн хууль болж хэрэгжинэ.
Мэргэжлийн бус хүн хууль, шүүх тайлбарлана гэхээр хачин л юм болж байх шиг байна :-). Гэхдээ одоо яахав дээ, ингэс гээд мэргэжлийн сайхан тайлбар, бичлэг гарч иртэл уншиж байгаа, үзэж байгаагаа хувалцаад л байя. Надад ч хууль жаахан эргүүлэх зайлшгүй хэрэг байх, блогчид энэ тэлээр жаал жуул сонирхоод авах бас сонин биз. Тэгээд ч америк бизнесийн талаар блогдоно гэсэн юм хойно хуулийн мэдлэг, ойлголт байхгүй бизнес эрхлэнэ, сонирхоно гэж юу билээ, бүр америкт шүү! хм ...

... үргэлжүүлнэ ээ, нөгөө power point дуусах болоогүй байна ...

Friday, October 10, 2008

Хуулиар үргэлжүүлэн зориглохуй

За бурхангүй газрын бумба галзуурсаан. Өнөөх чинь ахиад нөгөө power point-тоо нээгээд унасан шүү :-). Уул нь энд Америкт хуулиар сургууль ном дүүргэсэн монгол найз олонтой хүн л дээ би чинь. Ди Сид Ганзориг ах мастер хийсэн, одоо өөрийнхөө хуулийн компани байгуулаад зүтгэж явна. Блуумингтонд Эрдэнэболд удахгүй хуулийн мастер болох нь. Сакрамэнтогийн Амараа ч бас л хуулиар ном дүүргэсэн хүн. Энүүхэн хажууд Сэйнт Лоуст Давка дүүхүү мастер гээч болчихоод одоо хуулийн компанид ажлаад л үргэлжлүүлээд ном эргүүлж хуульч болчих санаатай. Тэднээс асууж лавласангүй өөрөө л дур мэдэн бураад эхэллээ. Оршилоо өндөрлөж, хуулийнхаа мэдлэгийг дээшлүүлэхээр та нартай цугтаа жаал үзэе дээ! Аливааг сурах, ойлгож авахад хань хэрэгтэй юм аа, тэгэхгүй бол ганцаардаад сурдаггүй юм байна.

Өмнө нэгдсэн улсын хэрэг таслах шүүхийг товч тайлбарлаад зогссон юм байна. Одоо давж заалдах шүүхийн талаар жаал бүлтрэе. Нэгдсэн улсын давж заалдах шүүхийг тойргийн дамж заалдах шүүх ч гэж нэрлэдэг гэнэ. Нийт нутаг дэвсгэрээ 11 тойрогт хуваагаад дээр нь Ди Си-г нэг тойрог, Нэгдсэн Улсын тойрог гэж бас нэг тойрог нэмээд нийт 13 тойргийн шүүхүүд байдаг юм байна. Миний амьдардаг Миззури муж наймдугаар тойрогт хамрагдана. Аргамаг Инкорпоратэд бүртгэгдсэн Иллиной муж долдугаар тойрогт багтана.

Тухайн тойргийн шүүх нь өөрийн тойрогт хамаарах дүүргийн шүүхийн шийдвэрийг авч хэлэлцэнэ. Ихэнх тохоилдолд тухайн тойргийн бүх шүүгчид бус гурван шүүгчийн бүрэлдхүүнтэйгээр хэргийг хэлэлцдэг гэнэ. Чухал ач холбогдолтой хэргийг бол мэдээж бүх шүүгчид хуралдаж хэлэлцэнэ. Үүнийгээ en banc гэдэг юм байх. За нөгөө мэргэжлийн бус нь энд харагдаад уналаа, энэ үгийг орчуулж барсангүй.

Давж заалдах шүүх хэргийг хэлэлцээд гурван төрлийн шийдвэрийн нэгийг гаргана.
1. Дүүргийн шүүхийн шийдвэрийг зөвшөөрнө. Энэ нь дүүргийн шүүх асуудлыг алдаагүйгээр зөв шийдсэн гэж үзээд өмнөх шийдвэрийг хэвээр үлдээнэ.
2. Дүүргийн шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, үгүйсгэсэн шийдвэр гаргана. Энэ нь дүүргийн шүүх асуудлыг авч хэлэлцэхдээ алдаа гаргасан гэж үзээд шийдвэрийн зарим нэг заалт, заримдаа бүх шийдвэрийг хэрэгсэхгүй болгож болно.
3. Дүүргийн шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, хэргийг дүүргийн шүүхэд буцаан дахиж хэлэлцэх шийдвэр гаргана.

Нэгдсэн улсын системийн гурав дахь бөгөөд хамгийн дээд хэсэг нь АНУ-н дээд шүүх. Дээд шүүх нэг ахлах шүүгч, найман туслах шүүгчээс бүрдэнэ. Дээд шүүх нэгдсэн улсын давж заалдах шүүхийн хэргийн авч үзэхээс гадна нэгдсэн улсын хэмжээнд хэлэлцэгдэх боломжтой мужийн системээр яваа хэргийг ч хэлэлцэж болно. АНУ-н дээд шүүх нь Үндсэн Хууль болон нэгдсэн улсын хуулийн хамгийн эцсийн шийдвэр гаргагч юм. Монголоор бол нөгөө "Үндсэн хуулийн цэцийн дээр зөвхөн хөх тэнгэр л бий" гээчтэй ижил юм уу даа. АНУ-н дээд шүүхийн шийдвэрийг хэнбэгуай ч дагана, мөрдөнө. АНУ-д Ерөнхийлөгч ч АНУ-н дээд шүүхийн шийдвэрийг өөрчилж чадахгүй. Цорын ганц арга байгаа нь Конгресс Үндсэн Хуулиа өөрчлөх, гэхдээ хүрд эргүүлэх ийм боломж АНУ-н түүхэнд хэзээ ч гарч байгаагүй гэнэ. АНУ үүсэн бүрэлдэх үеийн анхдугаар Үндсэн Хууль одоо хүртэл өөрчлөлтгүйгээр мөрдөгдөж байна. Нэмэлт тайлбар, тодотгол бол хийгдсээн хийгдсэн.

Маргалдагч талууд writ of certiorari (за бас л мэдлэг дутаад орчуулж барсангүй шүү!) гээчийг олгохийг дээд шүүхээс гуйдаг юм байна. Ердөө 3-5% нь үүнийгээ авдаг гэнэ шүү. Бусад нь будаа, өмнөх шатны шүүхийн шийдвэр хэвээр үлддэг юм байх. Энэ айхтар зүйл зөвшөөрөгдвөл доод шатны шүүхэд асуудлыг дахин хэлэлцэх шийдвэр очиж буй болохоос дээд шүүх өөрсдөө асуудлын шууд эсрэгээр нь шийдэж хэргийн хувь заяг эргүүлж буй хэрэг бус юм байна.

Дээд шүүхийн шүүгчдээс ядаж дөрөв нь тухайн хэрэг Үндсэн Хуулийн чухал заалттай холбоотой гэж үзвэл л хэрэг доод шатны шүүхэд буцдаг их нарийн шалгууртай юм байна.

За дараа нь мужийн системийг тайлбарлая. Одоодоо ингээд хаваасаг. Нөгөө power point дундаа ч ороогүй байна шүү, за зүгээр ээ, цөмөөрөө үзээд дуусамз. Уул нь би чинь хоёрхон цаг л сонсоод өнгөрсөн юм. Хоолтойгоо холиод нэг л идчихвэл ингээд мөддөө сэргэхгүй, эргээд ч хуудас эргүүлээд л толгой гашлаад байх юм даа. "Цагийн юмийг цагт нь давтаад тогтоож авахгүй дээ, энэ хүүхдүүд үү. Нэг чихээр ороод нөгөөхөөр нь нэг л гарчихвал буцаад олддоггүй юм ш дээ" гэж өвөө минь их сургасан даа, уул нь. Муу л ач юм даа би, хм! Засарна аа ...

Thursday, October 9, 2008

Хуулийн талаар зориглохуй

За би бичгийн хүн биш гэж "рекламдаж" байгаад блогдож эхлэсэн санагдана. Одоо бас л энэ аргыг урдаа барина даа :-). Би хуульч хүн биш, энэ мэргэжлээс хол хөндий нэгэн, гэхдээ америк оронд хууль, эрх зүйн энгийн ойлголт мэдлэг байхгүй бизнес эрхлэх дэндүү эрсдэлтэй хэрэг болдог гэнэ. Тэгээд ч бизнес эрхлэгч хүн хэзээ нэгэн цагт заавал шүүхэд дуудагдана, тэр бүү хэл хэд хэдэн удаа ч шүүхийн хаалга татна гэсэн бичигдээгүй гэхдээ амьдралд батлагдсан зүйл байдаг ажээ. Ингээд өөрийн мэдэж ойлгож авсан, сурч байгаа зүйлүүддээ тулгуурлаад жаал зүйл блогдоё. Хувийнхаа туршлагаар олж авсан, практик талдаа юм шүү. Үүнийг элдэв зөвлөгөө гэж ойлгов доо!!!

Америкийн хуулийн систем нь Английнхад суурилсан гэнэ. Энэ талаар ч урьд өмнө цахим өртөөнөөс олонтаа уншиж байсан юм байна. Санаж байгаагаас Боннын Алтангэрэл Английн систем, Германых гэж байгаад их олон удаа тайлбарлаж цуврал имэйл, нийтлэл бичдэгсэн.

Америкт Common Law гэсэн ойлголт байх. Шүүхийн шийдвэр нь хууль болдог юм уу даа. Урьд өмнө болж байсан ижил төстэй хэргийг шүүх юу гэж шийдсэн байна тэр нь тухайн үед шүүх шийдвэр гаргах үндэс болдог.

За бас Statutory Law гэсэн ойлголт байх. Шүүхээс гадна хууль тогтоох байгууллагуудын батласныг дагаж мөрдөнө. Конгресс энд том жишээ болно. Конгресс хууль батладаг шүү дээ. Монголтой зүйрлүүлвэл УИХ хууль батлана, түүнийг бүгд сахидагтай ижил юм уу даа.

Америк өөрийгөө давхар системтэй гэдэг юм байна. Энэ нь нэгдсэн улсын болон мужийн систем юм.

Нэгдсэн улсын систем нь хэрэг таслах шүүх (trail court), дотроо хоёр түвшинтэй давж заалдах шүүх (appellate court) болон АНУ-н дээд шүүх гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдсэн улсын системийн шүүгчдийг (judge) Ерөнхийлөгч бүх насаар нь сонгодог. Энэ системийн давуу талыг жагсаавал:
- Улс орон даяар үйлчилдэг. Тодруулбал, Калифорни муж дахь нэгдсэн улсын шүүхэд хандсан хэрэг хаа хол Алабама мужид шийдэгдсэнтэй ижил байна. Энэ нь мужийн системээс ялгарах гол зүйл бөгөөд тухайн муж, орон нутгийн улс төрчдийн тоглолтоос ангид байлгадаг гэнэ.
- Хэргийг түргэн шийддэг. Хэрэг шийдэх хатуу тогтсон хугацаатай тул хэрэг сунжирдаггүй ажээ. Мужийн системийн хувьд хэргийн асар удааж болдог тул энэ нь нэгдсэн системийн томоохон давуу тал юм байна.
- Шүүгчдийн (jury) бүрэлдхүүнийг сонгох боломж их, томоохон нутаг дэвсгэрийг хамарч ялгаатай үзэл бодол бүхий өргөн сонголттой бүрэлдэхүүн бий болгох боломжтой.

За энд нэг зүйл тодруулахад, judge болон jury нь монголоор буухаар аль аль нь шүүгч гээд байгаагаас америк ойлголтоор бол шал өөр утга, үүрэг бүхий хоёр өөр ойлголт юм. Товчдоо, judge нь мэргэжлийнх бөгөөд хууль тогтоох байгууллага, шүүхийн орон тооны ажилтан, jury нь жирийн иргэдээс маргалдагч талууд сонгосон хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орсон хүн юм.

Дээр дурдсан нэгдсэн улсын хэрэг таслах шүүхийг нэгдсэн улсын дүүргийн шүүхүүд ч гэдэг. Эдгээр шүүхүүд мужийн системийн хэрэг таслах шүүхтэй ижил төстэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Дүүрэг гэдэгт муж тэр чигээрээ эсвэл мужийн тодорхой хэсэг хамрагддаг юм байна. Эдгээр шүүхээр бүхэл улс орныг хамрах хэргийг авч хэлэлцдэг. Түүнчлэн тусгай үүрэг бүхий хязгаарлагдмал эрх бүхий шүүх буюу төрийн агентлаг энэ ангилалд хамрагдана. Жишээ нь, нэгдсэн улсын татварын шүүх, нэгдсэн улсын дампуурлын шүүх, олон улсын худалдааны шүүх.

Тэртээ нэгэнтээ "Шүүх болон зөрчил шийдвэрлэх аргууд" гэсэн хоёр цагийн сургалтад сууж байсны power point гараад ирснийг эргэн харж сэргээнгээ ийнхүү блогдов. "Үг олдож, үхэр холдох нь" гэдэг билүү. Одоогоор блог нийтлэлээ үүгээр өндөрлөе! Үргэлжлэл бол бий.

Friday, May 23, 2008

Partnerships буюу нөхөрлөл

Нөхөрлөл хэмээн орчуулж болох энэхүү ангилал нэг бизнесийн хоёр буюу түүнээс дээш эзэмшигчтэй үед зохицуулдаг. Өмнө өгүүлсэн хувиараа эрхлэх аж ахуйтай төстэй тал нь тухайн бизнесийн болон эздийн өмчийн ялгааг гаргаж зохицуулах хууль байдаггүй. Бизнесийн шийдэл гаргах, ашиг хувиарлах, маргаан шийдвэрлэх, өөр хамтрагч нэмэх, эзэмшлийн хувь хувьцааг шилжүүлэх, худалдах, нөхөрлөлөө татан буулгах зэргийг тусгасан бичгэн гэрээ байгуулахыг шаарддаг. Амны билгээс ашдын билиг гэж ярьдаг монгол зангаар бол дөнгөж үйл ажиллагаа эхлэх гэж байж тарж бутрах талаар бодох нь амаргүй хэрэг. Гэвч эдийн засаг муудах үед нөхөрлөлүүд их тардаг болохыг олон жилийн статистик харуулдаг ажээ. Аливаа нэгэн жижиг асуудал бэрхшээл ч тэр шийдэхгүй л бол явцын дунд томорсоор байдаг тул бизнесийн эхэнд урьдчилж шийдэлд хүрсэн байх нь дээрийг ажил хэрэгч хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн хэдий хэрийн хөрөнгө оруулах, хэдэн цагийн хөдөлмөр зарцуулахаа ч урд өмнө нь тогтоот тохирчихсон байх нь зөвийг сануулах юун.

Давуу талууд
• Нөхөрлөл байгуулах их амархан, гол цаг хугацааг нөхөрлөлийн гэрээ байгуулахад зарцуулдаг, түүнээс бүртгэлийн хувьд тун энгийн.
• Олон эзэмшигчтэй байж болно. Энэ нь санхүүгийн хувьд нэг хүн байснаас мэдээж давуу.
• Бизнесийн ашиг эзэмшигчдийн хувийн татвар төлсөн орлогод шууд нэмэгдэнэ.
• Чадварлаг сайн ажилтанд хамргач болох өргөн боломж олдоно.
• Хамтрагчдын ажлын арга барил чадвараас бизнес шууд хамаарна.

Дутагдалтай талууд
• Бусад хамтрагчийн аливаа үйлдлийн төлөө хамтрагч бүр өөрийн хувийн болон хамтын хариуцлага хүлээдэг.
• Орлогоо бусадтай хуваалцана.
• Бүх хамтрагчдын хамтын шийдвэр гаргах явцад үл зөвшөөрөх асуудал их гардаг.
• Зарим ажилтны бэнэфит (энэхүү бэнэфитийн талаар хожим тайлбарлаж блогдоно) татвар бодох үед хөнгөлөлт үздэггүй.
• Хамтрагч тань нөхөрлөлөөс гарах, эсвэл бурхан болчихвол тэгээд бизнес тань нөхөрлөл ангилалд оршин тогтнож чадахаа байх буюу оршин тогтнох хугацаа дуусчихаж болно.

Нөхөрлөлийн төрлүүд:
1. General Partnership буюу ерөнхий нөхөрлөл
Удирдлага болон бизнесийн хариуцлага, ашиг болон алдагдал хувиарлах асуудлыг хоорондоо байгуулсан гэрээний дагуу шийднэ. Уг гэрээнд өөрөөр заагаагүй бол бүгд тэгш оролцоотой байдаг.
2. Limited Partnership and Partnership with limited liability буюу хязгаарлагдмал болон хязгаарлагдмал хариуцлага бүхий нөхөрлөл
Гишүүдийн ихэнх хязгаарлагдмал хариуцлага хүлээж, удирдлагын шийдвэрт хязгаартай оролцдог. Ихэвчлэн богино хугацааны төсөл хэрэгжүүлэх эвсэл хөрөнгө оруулалтаас хэтрэхгүй үед энэ хэлбэрийг сонгодог. Жижиглэн худалдаа болон үйлчилгээний бизнест энэ төрлийг нэг их хэрэглэдэггүй. Хязгаарлагдмал нөхөрлөл үүсгэх нь ерөнхий нөхөрлөл байгуулахаас илүү ярвигтай, ажил ихтэй ч олон давуу талтай энэ хэлбэрийн нөхөрлөл сүүлийн үед эрс ихсэж байна.
3. Joint Venture буюу хамтран хөрөнгө оруулалт
Ерөнхий нөхөрлөлтэй их ижилхэн, гэхдээ тодорхой хугацаанд эсвэл нэг төсөл дээр ажиллах үед хэрэглэдэг. Хэрэв бизнесээ давтах, цаашид үргэлжүүлэх бол өмнө дурдагдсан төрлүүдээр нөхөрлөлөө дахин бүртгүүлдэг. Мэдээж өөр төрлийн бизнес хэлбэрээр дахин бизнесээ бүртгүүлж болно.

За эргээд харсан чинь нилээд албаны заавар шиг зүйл болжээ. Анхлан хувиараа эрхлэх аж ахуй дээр авч байсан шиг жишээ оруулая. Баагий энэ удаа найз Оюунаагийн хамт хоолны бизнест хүч үзлээ. Нэгэнт хоёр тоглогч байгаа хойно ХЭАА тохирдоггүй, бүртгэлийн амраар нь нөхөрлөл байгуулжээ. Хотын төвийн өндөр оффисийн жижигхэн буланд зоогийн газар нээчихлээ, үдийн цайны цагаар цөөнгүй хүмүүс орж ирэх. Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд хийсэн хоол нь ихэд таалагдсан бөгөөд цөөнгүй нь өрөөндөө үдийн хоолны захиалга авахыг хүсдэг боллоо. Бизнесээ өргөжүүлээд дахин хүн ажилд авлаа.

Шинээр орсон Цээгий үнэхээр сэргэлэн ажээ. Нэг хоол хүргээд ирэхдээ хоёр захиалга нэмээд аваад ирнэ, нэг үйлчүүлэгчээр дамжуулаад хоёр шинэ захиалагч олоод ирнэ. Хамтрагчид ярилцаад Цээгийг нөхөрлөлийн гишүүн болголоо. Нэг азгүй өдөр Цээгий яарч сандаран хоолоо хүргэж яваад үнэтэй машинтай нөхрийг шүргээд гэрлийг нь хагалчихав. “Нот биг диэл” машины даатгалаа солилцоод тэр дороо учраа ололцчих шиг болжээ.

Хэд хоногийн дараа жинхэнэ хэрэг мандав. Нөгөө жижиг гэрэл их үнэтэй эд байж, Цээгийгийн машины даатгалын хязгаараас давчихсан байжээ. Даатгал зохих хувиа төлөөд үлдсэн нь мань хүний ачаа боллоо. Ажлаа хийж явсан байдаг, тодруулбал нөхөрлөлийн хариуцлага энд гарч ирнэ. Нөхөрлөлийн санхүү үүнийг даах чадваргүй бол хамтрагчдын өмч, нэр хүндэд халдана гэсэн үг.

За санаа зовж айх, нөхөрлөл л байгуулж болохгүй юм байна гэх хэрэггүй дээ, энэ хэлбэр Америкийн бизнес ертөнцөд хэдэн зуун жил ажиллаж л байгаа эд. Хамгийн гол нь ганцаараа биш хамтаараа бизнес хийнэ гэдэг илүү хүчтэй. Энд итгэл найдвар, эрсдэл, хариуцлага илүүтэй өндөрт тавигдана.

Хэрэв Танд энэ нөхөрлөл хэлбэр таалагдаагүй бол дараа үргэлжүүлэн бичих бусад хэлбэрийг уншаарай. Хамгийн гол нь бизнес хийнэ гэсэн хүсэл, сэтгэлээ орхиж болохгүй шүү.

Аргамаг Инкорпоратэдийг байгуулахын хувьд энд хувь нийлүүлэгчид байсан, дээр нь энэ ангилал хямдхан, амархан бүртгэгдэх байсан ч тус бүртээ өөр өөр ажилтай, өөр өөрийн тусдаа хөрөнгө оруулалт бүхий бусад бизнесүүд бидэнд байсан тул уг ангилал тохирохгүй гэж үзсэн юм.

Tuesday, April 22, 2008

Монгол бизнесийн уулзалт Чикагод болно



Монголын гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг, Америк дахь Монголчуудын худалдааны танхим хамтран АНУ-д болон Чикаго орчмын бизнес эрхэлдэг монголчууд АНУ-Монголын бизнесийн гуравдугаар форумд Монголын талаас ирж оролцож буй төлөөлөгчидтэй хийх уулзалтыг Чикаго хотноо зохион байгуулах гэж байна.

Уулзалт 2008 оны 4 дүгээр сар 26-ны бямба гаригт 15.30 цагаас болно. Уулзалтын үер ГХОГХА-н орлогч дарга Г.Дугаржав Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, өнөөгийн байдал, гадаадад бизнес эрхлэгчдийн боломж, давуу тал зэрэг асуудлыг хамруулсан танилцуулга хийнэ. Мөн танхимын зүгээс танилцуулга хийж танхимаас хийсэн, хийж буй ажлуудын талаар ярилцана.

Түүнчлэн монголын бизнесийн төлөөлөгчдөөс мэдээлэл хийж, Чикаго орчимын бизнес эрхэлдэг монголчуудаас өөрсдийн бизнесийн талаар ярьж, туршлага солилцож, хамтран ажиллах боломжуудаа илэрхийлэх юм байна.

“Уулзалтын үер ГХОГХА болон манай танхимын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэнэ. Бид ноднин жил Чикагод анхлан зохиосон чуулган уулзалттай ижил хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна. Миний хувьд ч бас нэг жилийн хугацааны танхимын ажлыг бизнес эрхэлдэг монголчуудтайгаа ярилцаж хэлэлцэх, тэдний санал, хүсэлтийг биечлэн сонсож хүлээж авах боломж гарч байна. Түүнчлэн энэ үеэр танхим шалгаруулсан шилдэг бизнесээ зарлаж шагнал гардуулна. Удахгүй болох танхимын энэ жилийн ээлжит чуулганд энэ уулзалт ихээхэн хэрэг болно оо” хэмээн танхимын тэргүүн Э.Жагдагдорж ярилаа.

Чикаго орчимын бизнес эрхэлдэг болон бизнес хийхээр төлөвлөж байгаа, энэ чиглэлээр сонирходог монголчуудыг уулзалтад өргөнөөр оролцохыг урьж байна. Уулзалт ямар нэг төлбөргүй.

Уулзалт болох газрын хаяг : 350 E. Dundee Rd., Wheeling , IL 60090. Хаяг болон хүрэх замын талаар (847) 229-9595 утас, (847) 229-1919 факсаар Болор, Ундрам нараас асууж лавлаж болно.

Уулзалтын талаарх бусад асуудлаар болон уулзалтад танилцуулга, яриа хийх сонирхолтой бизнесүүд contact@monamerchamber.org имэйлээр хандаж болно.


Америкийн Монголчуудын худалдааны танхимын ажлын хэсэг

Friday, April 18, 2008

Блоггүй хэд хоног

За хөө, блогоо нээлгүй бас л олон хонож дээ. Тийм л их завгүй явсан юм байлгүй дээ. Wow, хоёр сар гаран болсон байна ш дээ. Амьдрал өрнөөд блогдох зүйл зөндөө байсан ч цаг зав үнэхээр хомс байжээ.

Texas мужаар долоо хоног тэнэсэн байна. Далайн эргээр алхах богино хугацаанд ч гэлээ тун сайхан амралт болсон. Houston Rockets, Sacramento Kings-н тоглолт үзэж, хоолойгоо сөөлгөсөн. NASA ч бас агуу юм билээ. Блогдох зүйл мэдээж маш их байгаа, нөгөө л зангаараа :-) дараа тодорхой үргэлжүүлнэ ээ.

Атланта бас тэнээдэхлээ. Ази судлалын хурал гээд жилдээ аймаар юм болдог юм. Монголчууд юу гэж дутах вэ, бөөрөнд нь наалдаад Монгол судлалын Америк дахь хоёр ч байгууллага энэ үер жилийн чуулганаа хийгээд авна. Энэ жил их онцлогтой. Америкийн Монголчууд өөрсдөө өөрсдийгөө судалж чаддаг болсоноо харуулж бүтэн панел бүрдүүлж, удирдаж хийлээ. Вашингтон Ди Си-д байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг Монгол соёлын төвийнхөн М.Саруул-Эрдэнэ, Ц.Наранцэцэг энд маш их зүтгэл гаргасан. Америкийн онголчуудын худалдааны танхим хийсэн судалгаагаараа илтгэл тавьсан нь олны анхаарал маш ихээр татлаа. Мизурийн их сургуулийн доктор оюутан Я.Борчулуун, Сиатл хотоос сэтгүүлч, судлаач А.Оюунгэрэл бид уг судалгааг хийсэн. За хурлын сонин сайхан, судалгааны талаар хожим дэлгэрэнгүй блогдоё :-).

CNN төв оффисоор орохыг үнэхээр их мөрөөддөг байлаа, биелсэн шүү. Coca Cola-гаар ч ороод авсан. Тэнд ундаа гэхээсээ илүүтэй америк амьдрал, хэв маягийн түүхийг илүүтэй хараад авсан шүү. Бизнесийн, маркетингийн, зар сурталчилгааны бүрэн хичээлд суугаад авах шиг болж байна лээ.

Чикаго хотод Монгол радио үйл ажиллагаа авуулдаг, нэвтрүүлгээ цацдаг болоод удаж байна. Америкийн монголчуудын худалдааны танхимынхан ихээхэн ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаа. Манай зөвлөлийн гишүүн хуульч Г.Ганзориг ах, даатгалын Я.Өлзийболд сайхан ярилцлага өгсөн байгаа. Интернэтээр сонсож ч болно. Би ч гэсэн нэг яриад авсан, гэхдээ найз нөхдөөс санал анхааруулга их ирж байгаа. Товч тодорхой ярьж сурах хэрэгтэй гэсэн зөвлөгөө л их байгаа даа.

Гадаадаас орж ирдэг ярианы үнийн талаар ийм үйлчилгээ эрхэлдэг монголын компаниуд сүүлийн хэд хоногт нилээд хөл хөдөлгөөнтэй, идэвх санаачлагатай байна. Тэд үнэ унагадаг буруутанг олох гээд их хөл болж байгаа ажээ. Мэдээж дундаас нь хэн нэг нь эсвэл хэд нь үнээ үе үе буулгаж орхидог биз. Шалгалт хяналт нь амжилттай дуусч буруутан олдох нь чухал бус хамгийн гол нь бие биеэ ойлголцож, зөв шийдэлд хүрч, хамтын тоглолт хийж чаддаг болоосой билээ.

Вашингтон Ди Си хотноо энэ сарын 23 - 24 Америк Монголын бизнес гуравдах форум болох гээд энд хөл хөдөлгөөн, ажил төрөл ихтэй улс зөндөө. Форум ноднин жил аялал жуулчлалын чиглэлээр болж байсан бол энэ жил эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга, уул уурхай гээд хэд хэдэн салбарыг хамарч буй юм байна. Монголоос ирж оролцох бизнесийнхэнтэй Чикаго хотноо Америкийн монголчуудын худалдааны танхим уулзалт хийх гээд мөн л ажил их. Уулзалтын зар, мэдээг удахгүй блогчдод хүргэнэ ээ.

Дараагийн форумд мэдээллийн технологийнхоныг хамруулахыг санал болгоод амжсан шүү!

Wednesday, February 13, 2008

Хувиараа эрхлэх аж ахуй

Энэ удаа АНУ-д бизнес эхлэх, эрхлэх, эзэмших талаар жаал өгүүлье. Аргамаг Инкорпоратэдийн жишээн дээр түлхүү тайлбарлахыг хичээнэ ээ.

АНУ-н муж тус бүр өөрсдийн хуультай онцлог энд бизнес дээр ч түлхүү харагддаг. Аливаа бизнес нэгдсэн улсын хуулинд захирагдах тул ерөнхийдөө ижил байдаг ч, зарим муж, орон нутгийн хуулиас хамаарч өвөрмөц байх нь элбэг. Би өөрийн амьдарч буй болон жижиг бизнес эрхэлж байгаа Мизури, Иллиной мужуудын жишгээр тайлбарлая. АНУ-н бусад газруудаар ерөнхийдөө ижил байна биз ээ. Нэгэнт блогтоо бүх зүйлийг дэлгэрэнгүй багтаахгүй тул асуулт гарвал над руу имэйл бичиж болно, мөн энэхүү бичлэгт коммэнт үлдээх замаар асууж болно оо.

Хамгийн энгийн нэгж бол Sole Proprietorship буюу хувиараа эрхлэх аж ахуй. Монголын хуулиар ч гэсэн ийм ангилал байсан, компанийн шинэ хуульд заагдаагүй ч уг ангилалаар бизнес эзэмших явдал монголд байсаар байгаа. Түүнтэй ижил төстэй эд.

Иллиной мужийн хувьд "Illinois Assumed Name Act" гээч хуулиар зохицуулагдаж, бизнесийн бүртгэл хийгдэнэ. Ажил үйлчилгээ эрхлэх тухайн каунти (аймаг)-д бүргүүлэхэд хангалтай. Бусад ангилалын бизнесүүд шиг олон форм анкет бөглөж, тал тал тийш хандахгүй.

Ихэнх тохиолдолд тухайн хүн өөрийнхөө нийгмийн даатгалын дугаарыг давхар хэрэглэдэг. Нийгмийн даатгалын дугааргүй, авах боломжгүй хүний хувьд уг ангиллаар бизнес бүртгүүлээд такс айд буюу татварын дугаар авч болдог тул гадаадынхан энэ ангиллаар жижиг бизнес бүртгүүлэх нь их элбэг. Сүүлийн үед манайханы дунд такс айд авч өгнө гэсэн зар их тарж байна. Дээрх боломжийг хэрэглэж байгаа нэг жишээ л дээ.

Мөн бүртгэлийн зардал маш бага нь яах аргагүй давуу тал. Миззури мужид $5.00 төлөөд л бизнесийн нэр бүртгүүлэхэд хувиараа эрхлэх аж ахуй болчихдог. Бусад мужуудад ч энэ хавийн үнэ өртөг байгаа байх. Иймд англи хэлний анхан шатны мэдлэгтэй байхад өөрөө хийчихэж чадах ажил. Гэхдээ форм бөглөх явцдаа элдэв жижиг алдаа гаргачихаад ээрэгдэж байхаар туршлагатай нэгэнд багаахан төлбөр өгөөд туслуулчихад буруудах юу байх билээ.

Америкт хувь хүн гэрээрээ бизнес хийх, бизнес нь жижигхэн, олон ажилтангүй үед энэ хэлбэрийн ашигтай тал маш их бий ч хамтрагчтай нийлж бизнэс эзэмших үед уг ангилал зохицуулж чаддаггүй.

Бас нэг тааруухан тал нь хувиараа эрхлэх аж ахуйн удирдлагын болон хариуцлагын бүх асуудал эзэнтэй холбоотой. Үйл ажиллагаагаа хэрхэн явуулахаа эзэн өөрөө мэднэ. Хэрэглэгч, харилцагч, засаг захиргааны байгууллагууд болон шүүхийн өмнө эзэн өөрийн бизнесээ бүрэн төлөөлнө гэсэн үг. Тухайлбал, Баагий цэвэрлэгээний бизнес сонирхож Баагий Клининг Сервис компаниа байгуулаад амжилттай ажиллаж байлаа. Нилээн супер баян нөхөр гэрээ цэвэрлүүлдэг болов. Хооллодог ширээ нь хэдэн саяын үнэтэй энэ нөхрөөс авдаг төлбөр бусад хэрэглэгчдийн нийлбэрээс ч илүү. Мань Баагий ажилтан нэмж авлаа гэж төсөөлөе! Нэг азгүй өдөр шинэ ажилтан нөгөө үнэтэй ширээний булан дээр химийн бодис ганц дусал унагачихад компани дампуурч магад юм. Компаниар ч зогсохгүй эзэн бөөн өрөнд орж баларна. За битгий ай :-), ийм байдлаар сэргийлэх арга зөндөө бий. Даатгал гэж нэг сайхан юм байна. Мөн өөр төрлийн эзэмшлийн эрхтэйгээр бизнесийн үйл ажиллагаа явуулж бас болно. Ийм өөр төрлийн талаар дараа өгүүлнэ ээ.

Аргамаг Инкорпоратэдийг байгуулахын хувьд бид хувь нийлүүлэгчид байсан тул уг ангилал тохироогүй юм.