Thursday, September 17, 2009

Компьютерийг тооцуур гэвэл эвтэйхэн

Даяар Монгол дээр Японоос Ч.Чимэгбаатар "Компьютерийг Монгол vгээр хэлбэл" гээд нийтлэл бичжээ. Нөгөө загтасан газар маажлаа гэгчээр уншсан даруйдаа нэг сэтгэгдэл бичиж үлдээснээ блогтоо бичлэг болгохоор орууллаа.

***

Компьютер нь тооцоолуур мөн үү гэвэл мөн. Утга нь ч тэгэж таарах байх. Compute буюу тооцоолох гэсэн үгтэй үндэс нэгтэй ч биз. Гэхдээ ингэж урт үг хэрэглэх нь үнэндээ зохистой биш болоод л улсууд тоогоогүй байх.

Тооцоолуурт гээд үзье л дээ. Эвсэл муутай гийгүүлэгчүүд дээр гурвын гурван урт эгшиг нэмэгдэхээр эвцгүй болно гэнэ. Энэ нь байгаль, нийгэмд байх вариацын арвич зарчимтай тэрсэлдэж буй тул хэл соёлд нэврээгүй талтай ч гэнэ.

Тоолуур гэж монгол үг байдаг даа. Хэн ч үүнийг шууд ойлгоно. Оросоор орчуулбал счётчик гэх байх. Тоолуур байгаа бол тооцуур бас байна аа гэж тайлбарласан Ч.Эрдэнэ баавайн сонголт надад хамгийн их таалагддаг.

Энэ нь үг-үсэг-үзэг гээд монгол үгс бүтсэнтэй ижил зарчимтай гэнэ. Математикт байдаг инвариант буюу хадгалагдах чанар гээч ойлголт энд монгол хэлдэнд үйлчилж буй нь энэ. цас-цаас-цааз ч ийнхүү аргаар үүссэн ажээ. Их гурвалжин номны 161-162 хуудаснаас будаа идэв :-)

Үг үүсдэг, хэлний чадварыг нэмэгдүүлдэг бас нэг аргыг л жишээлэв.

Friday, September 11, 2009

Аргамагийн утасны тав, арван долларын Омега картуудын ярих хугацааг нэмлээ

Аргамаг Инкорпоратэд урьд нь маркетингийн зорилгоор 5, 10 долларын үнэтэй кардуудаар харьцангуй бага минут яриулдаг байлаа. Үүнийг өөрчилж есөн сарын 11-с эхлэн уг ангилалын картууд Омега20 карттай ижил ханштай болголоо. Одоо манай локал холболтын дугаарт залгавал Омега5 картаар монголын суурин утсанд 50 минут, гар утсанд 29 минут Омега10 картаар монголын суурин утсанд 100 минут, гар утсанд 60 минут тус тус ярина.

Худалдсан эсвэл цэнэглэсэн 3/5/10 карт тутам шагналын үнэгүй карт ирдэг манай хөнгөлөлтийг та бүхэн сайн ч мэддэг, сайн ч хэрэглэдэг. Уг програмын хүрээнд 5/10 долларн картуудыг хүмүүс шагналдаа ихэндхээ авч хэрэглэдэг юм. Ингэж олноор үнэгүй авч хэрэглэх болон Омега20 картын шагналд дагалдан гарах зардлыг нөхөхөд энэхүү бага яриулсан зөрүү зарцуулагдахаар анхлан тооцоолсон юм. Мөн элдэв зар сурталчилгаа, хандив дэмжлэгийн сангийн дийлэнх хэсэг эндээс бүрдэхээр тооцоолж бүтээгдхүүний өртөгийг тогтоосон юм. Үүнийгээ л бид маркетингийн зорилгоор гээд буй хэрэг.

Анхлан өртөг тооцоолохдоо таван жилээр тодорхойлсон бөгөөд өдгөө энэ хугацаа дууссан тул бид шинэ өртөг тооцооны систем боловсруулсаны дүнд уг ангилалын картуудын ханшийг буулгаж, ярих минутыг нь нэмлээ.

Мөн бид маркетингийн хөдөлгөөнт систем нэвтрүүлэхээр боллоо. Энэ нь тодорхой богино хугацаагаар хямдрал, сугалаа, хөнгөлөлт, шагнал гэх мэт өөр өөр төрлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болно. Тухайлбал, 9/13-9/19-нд "Buy 1 get 1 FREE" хөтөлбөр ажиллана. 9/20-9/26-ны өдрүүдэд "Double Award Points" хөтөлбөр хэрэгжүүлнэ. 9/28-9/30-нд "25% Sales" хөтөлбөр үйлчилнэ.

Thursday, September 10, 2009

Хасаагийн олон сэтгэгдэлд хариулах нь

Хасаа,

Блогт минь дахин дахин олонтаа сэтгэгдэл үлдээж, Дөлөө бид хоёрын талаар бичлэг өөрийн блогтоо оруулсанд их баярлалаа.

Нэгэн сэтгэгдэлдээ чи өөрийгөө хоёрдугаар курсдээ ч ороогүй хэмээн голонгуй бичсэн ч хөтлөж буй блог, limnux группэд илгээж байгаа зөвлөгөө имэйлүүд болон Linux InstallFest 2009 өдөрлөгийг зохион байгуулалтад хувь нэмрээ оруулж буй зэргээс ажихад хэдийнээ мэргэшсэн, мэдлэг чадвар өндөртэй нэгэн болох замдаа эргэлтгүй оржээ гэдэг нь харагдах бөлгөө.

Мөн тэр сэтгэгдэлдээ “Гэхдээ Монгол шиг төлбөрийн чадваргүй хүмүүст үүнийг яаж энгийн үгээр ойлгуулах вэ?” хэмээн асуусан байна. Өөрийн хувийн бодлоор асуултад хариулая. Хөндлөнгөөс харахад Монголд амьдрал харьцангуй сайжирч байна, орлого мөнгө ч нэмэгдэж байх шиг байна. Хүмүүсийн захиж эндээс авахуулж буй хэрэглээний зүйлс машин унаанаас авахуулаад тооцуур, гар утас хүртэл ихэнхдээ л нилээд “тансаг” талын зүйлс байдаг болжээ. Мөн зардал өндөр гарч буй ч олон сайхан сургалт, зөвлөгөөн, хуралд ирээд оролцдог болчихожээ. Иймд асуудал төлбөрийн чадвартаа бус мэдээллийн технологийн хэрэглээний ойлголт, мэргэжилтнүүд болон байгууллагуудын удирдлагын арга барил, бараа бүтээгдхүүн үйлчилгээний үнэ хөлс тодорхойлох зарчим, бизнесийн этик, оюун ухааны бүтээлийн үнэлгээ, ойлголтын талаар болж хувирна. Мөнгөөр шийдэх бус бизнес явуулах арга барил тооцоогоо өөрчлөх замаар шийдэх хэрэгтэй байх гэж бодож байна.

Windows илүү юу, Linux илүү юу гэдгийн шууд харьцуулаад хэлчих ер нь амаргүй. Би Microsoft-н бүтээгдхүүнийг өмөөрч хамгаалаад, шүтэн бишрээд суудаг нэгэн ч биш. Давтан, давтан хэлэхэд Монголд байгаа улсууд дэндүү туйлширч зөвхөн нээлттэй эх л бүгдийг аварна гээд буйд шүүмжлэлтэй ханддаг, “Мэдэхгүйгээ битгий ад үз ээ! Тэнд илүү зүйл байгаа болоод зон олон хэрэглэж буй юм. Хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ зүгээр орхиж бай, өнөөдөр чиний худлаа гэсэн чинь үнэн болж хувирах үе бий. Одоо муу нөхөр гэж бодсон нэгэн амийг чинь амарсан сайн найз байх нь элбэг” хэмээн өвөөгийнхөө хэлж ярьдаг байсныг дагаж амьдардагын хувьд мөн Microsoft, IBM-н хаалтай бүтээгдэхүүнүүд нээлттэй эхийхнээс илүүтэй тохирдог нөхцөлд амьдарч ажиллаж буйн хувьд нийтэд зөв ойлголт өгөх үүднээс маргаан мэтгэлцээн өрнүүлж байдаг юм. Нээлттэй эхийг бүрэн үгүйсгэсэн нэгэн таарвал мань нөгөө талд гарчихсан бас элдэв баримт дурдаад зогсох л байх :-).

“IBM Red Hat хоёр нийлээд дундаасаа бас дажгүй систем санал болгодог” хэмээсэнд чинь тодруулга хийхэд IBM хаалттай системийг илүүтэй хөгжүүлдэг ч нээлттэй эхэд их анхаарал хандуулдаг бөгөөд Red Hat-г худалдаад авчихсан билээ. Эх код нь нээлттэй ч гэлээ үйлчилгээ нь төлбөртэй байдаг бөгөөд Power процессортой серверүүддээ илүүтэй хэрэглэх боломжийг өгч байгаа. Гэхдээ уг серверийн үндсэн үйлдлийн систем болох хаалттай AIX үүнтэй зэрэгцүүлэшгүй илүү байдаг. Одоогоор RISK төрлийн Power процессорыг ажлуулах талаар AIX-д өрсөлдөгч байхгүй. Intel-P төрлийн процессортой сервэрүүд, тоолууруудын хувьд үнэндээ “том цэнхэр”-н зах зээл биш ч гэлээ Red Hat-н үндсэн хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс тэднийг үйлчилгээнд хамруулж улмаар нээлттэй эхээ хөгжүүлсээр байх биз ээ.

Red Hat-г IBM эгнээндээ элсүүлсний ижлээр Suse-г Novell, MySQL-г Oracle худалдаж авсаныг бид бүгд мэдэж байгаа. Microsoft-г жишээлэхэд хэдийгээр яг одоо нээлттэй эхийн бүтээгдэхүүн зах зээлд гаргахгүй байгаа ч нээлттэй эхийг хөгжүүлж, хэрэглэхээ нэмэгдүүлж буй. Хэдэн жилийн өмнө Hotmail Linux дээр ажиллаж байна гэж нилээд шуугиж Microsoft-г шүүмжилсэн нь өдгөө чимээгүй болжээ. MSN Passport системд нэгдсэнээрээ бодвол одоо бүх сервэр нь Windows болсон биз. Гэхдээ Microsoft 2007 онд 240 сая долларын хөрөнгө оруулж худалдаж авсан Facebook миний мэдэхээр лав PHP дээр бичигдсэн, одоо ч home.php гээд нүүр хуудас нь гараад ирдэг юм. Ийнхүү хаалттай эхийнхэн нээлттэй эхэд хөрөнгө зарцуулж, хөгжүүлж байгаа нь нээлттэй эхийг залгиад алга болгочихно гэвэл их том эндүүрэл. Мөн яваандаа хаалттай эх хаагдаж нээлттэй эх үлдэх хувьсгалын тохироо ч биш юм аа. Зах зээл гээч нь байгаа цагт гигантууд хаалттай эхийн системээ сайжруулсаар байх болно.

Товчдоо мэдээллийн технологид нээлттэй хаалттай системүүд зэрэгцэн оршсоор, хорвоо дэлхий дээр үнэн худал хосолсоор, Плато - Аристотлийн эсвэл Адам Смит -Карл Маркс нарын хэн нь зөвийг мэтгэлцсээр, улс төрийн баруун зүүний талынхан үзэлцсээр, АНУ-д ардчилсан нам, бүгд найрамдахчууд ээлжилж төр атгасаар, магадгүй тахиа өндөгний аль түрүүлж бий болсон эсэхийг маргасаар байх биз ээ. Хамгийн гол нь нэг талд бид туйлшралгүй зөвийг нь хослуулах нь чухал бөгөөд нээлттэй эхийг ч хөгжүүлж хаалттай системээс ч суралцаж дэвших бөлгөө.

Хасаа, найз нөхдийн хамтаар нээлттэй эхийг хөгжүүлэхийн зэрэгцээ windows-ийг зөвхөн ашгийн төлөө, мөлжлөгийн машин гэж боддог нь бурууг ойлгож, хаалттай эхийн системийн давуу талуудаас хүлээн зөвшөөрч буйд бүр их байртай байна.

Ингээд мэдээлэл холбооны технологийг Монгол хөрсөнд шингээж буй ажил үйлсэд болон Linux InstallFest 2009 өдөрлөгт оролцогчдод амжилт хүсье! Дэлхий даяар тэмдэглэх чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг (Free ad Open Source Software) сурталчлах, таниулах Software Freedom Day энэхүү өдөрлөг зохиогдож буйд тун баяртай байна.