Showing posts with label Мэдээллийн технологи. Show all posts
Showing posts with label Мэдээллийн технологи. Show all posts

Sunday, April 10, 2016

Гурван жил

Яг гурван жил хоёр хоногийн өмнө өнөөгийн ажлынхаа үүдийг сөхсөн бөлгөө. Тиймдээ уржигдар “3 years!” хэмээн жиргэв. Өнөөдөр харин блогоо эргэнгээ ерөөсөө үүнийг тэрлэе хэмээн санав.

За уул нь сүртэй тоо, сүрхий ажил биш хэдий ч хүний амьдралд гурван жил богино бас урт юм гэдгийг эргэцүүлэн бодлоо. Энэ хугацаанд чамгүй шинийг сурч, багагүйг мөн мартаж, адал явдлаар дүүрэн, хамгийн гол нь эргээд харахад өгөөж ихтэй, өвөрмөц үйлс болон өөдрөг хүмүүсээр хүрээлүүлжээ. Салбартаа зуу гаруй жилийн түүхтэй, тодруулбал мэдээллийн технологийн өнөө цагийн цорын ганц зуу давсан настай, тэр хэмжээний туршлагатай компанид ажиллана гэдэг сонирхолтой. АйБиЭмэйр хэмээн нэрийг ердөө ийм хугацаанд үүрч яваа боловч яг үнэндээ АйБиЭм хэмээх энэ их айлтай хамаагүй өмнө холбогдож бас ч чамгүй ажил амжуулжээ.

Өнөөгөөс гурван жилийн өмнөх өдрөөс өмнөхөн бол арван гурван жилийг Семко хэмээх компанид өнгөрүүлсэн бөлгөө. 2000 оны таван сарын нэгэн, энэ өдөр Семко хэмээх айлын босгыг давж байжээ. Америк оронд анх нэг их удахгүй гэсэн бодолтой, богино төлөвлөгөөтэй ирсэн би, за ер нь ажиллаад нэг үзье, ажлын зөвшөөрөл өгч байхад мэргэжлийнхээ дагуу энэ хөгжингүй зах зээлд хөл тавих гэдэг ер нь давгүй боломж юм байна хэмээн төлөвлөгөөгөө өөрчилсөн нь өнөө хүртэл анх ирсэн хот, орчиндоо оршин сууж, ажиллаж амьдарсаар буйн эхлэл байж.

Ажлын анхны зөвшөөрөл минь найман сарын хугацаатай байлаа. Санаандгүй (англиар бол сэрэндипити гэх энэ нь рэндом буюу санамсаргүйгээс эрс ялгаатай ойлголт) танилцсан бүсгүй Семкогийн үүдийг татуулахдаа “За чи наад ярьж байгаа, удахгүй буцна гэдгээ хэлж болохгүй, би удаан ажиллана, тав гурван жил суурьшина гээрэй” хэмээн давтан давтан сануулж билээ. Чи цагт ямар цалин авмаар байна асуултад хариулсан тоог нугалсан үнэлгээ чамд санал болголоо шүү, чи одоо хичээгээрэй гэснийг мартдаггүй. Зургаан сарын дараа жинхэлнэ, одоогоор түр ажилтан, жинхлэхээр цалин чинь нэмэгдэнэ гэдгийг хагас хугас ойлгож байснаа санахад миний англи хэл үнэхээр сайн байсан байх:-). Гэтэл манийг Семко маань ихэд тоож гурван сарын дотор жинхэлж билээ. Хожим нь даргатайгаа их зузаан болж мөн компанийн хүний нөөцийн програм хангамж, цалин хөлс тооцооны алгоритм зохиох үед мэдэж авснаар миний эхний найман сарын цалингийн нэмэлтийн зөрүүг сайн хүн олж өгсөн гээд манийг анх ажилд оруулсан танилд шагнасан нь угаас хүний нөөцөд байдаг, практик болсон явдал юм билээ.

Манай ажил даваагаас пүрэвт өглөө долоо гучид эхлээд өдөр 45 мин үдийн цайны цагтай тэгээд орой тавд тарна. Харин баасанд долоо хагасаас 12:30 хүртэл цайгүй ажиллаад эрт тарна. Ажилдаа ороод элдвийг сураад, бас хамаагүй монгол зангаараа цөөнгүй зүйлийг санаачлан өөрчлөөд овоо гялалзаад найман сар нэг долоо хоног болов. Тэр нэгэн өглөө даргатай хоёр хурал дамжаад дарга за хамтдаа цайлангаа ажлаа үргэлжлүүлэн ярилцъя гэв. Харин би хүүхдийн сургуулиар орох хэрэгтэйгээ дуулгахад за тэгвэл хувийн ажлаа амжуулчхаад ир гээд бид салж билээ. Удалгүй араас залгаад захиалга өгчихлөө, ирэх замаараа дайраад үдийн хоол аваад ирээрэй хамтдаа конферэнс өрөөнд суунгаа иднэ гэж байна. Хоол даалгаж буй хүн дуртай байлгүй яах вэ, ингээд сургуулиар ороод бас банкаар дайраад өнөө хоолны захиалгыг аваад ажил дээр иртэл дарга үүдэнд хүлээгээд зогсож байв. Овоо их өлсөж дээ хэмээн санатал нэлээд баргар царайтай угтангаа шууд дагуулаад хүний нөөцийн өрөөнд орлоо. Өөдөөс хүний нөөцийн дарга уучлаарай, ажлын зөвшөөрөлгүй хүн ажиллуулж болохгүй, сүүлийн цалин бууснаас хойших тав хоногийн чек энэ байна гээд мөн энд энд гарын үсэг зураарай хэмээн хоёр баримт өглөө. За ингээд халагдчихав.

Хоёр сар гаран болж ажлын шинэ зөвшөөрөл ирлээ. Даргадаа утас цохилоо, чиний оронд хүн авсан, одоогоор орон тоо байхгүй гэв. Зиаг энэ зөвшөөрлөөрөө юу ч хамаагүй хийгээд тэгээд ирсэн замаараа дуртай дуугаа дуулаад буцах болжээ хэмээн бодож байтал хоёр гурав хоногоос утас дуугарч дарга дуудаж байна. Маргааш нь яасан юм бол гээд гайхасхийгээд очлоо, тэгсэн миний компьютерыг уулзалтын жижиг өрөөнд засаад чамд шууд өгөх өрөө алга энд түр суу, одоо ажилдаа ор гэхдээ ганц нөхцөл байна. Бид чамд өөрсдөө ажлын зөвшөөрөл авч өгнө, урт хугацааны гэх. Ингээд төслүүдээ буцааж авлаа, дээр нь АйБиЭмийн Домино гэх имэйлийн системийн хөгжүүлэлтийн гэрээт ажил нэмж авлаа. Нэг мэдэхэд эхнэрийн хичээл дуусаж бид оюутны хотхоноос нүүх хэрэг гарав. Дарга арга зааж өгч байна, байр худалдаж авна гэж дэд ерөнхийлөгчид хэл, тэгвэл чиний ажлын зөвшөөрлийг хөөцөлдөхөө эрчимжүүлнэ гээд. Зөвлөгөөг нь дор нь дагалаа, үр дүн нь гэр бүлээр 3 жилийн виз авч өгөх хуульчийн зардлыг даахаар болж мөн байр авахад тусална гээд цалин овоохон нэмж өгөв.

Америкийн компанид ажиллахад цалингаас гадна бэнэфит гээд сүрхий дэмжлэг бий. Өмнө өгүүлсэн хуулийн зардлаас эхлээд эрүүл мэндийн бүрэн даатгал, тэтгэврийн хувийн сангийн нэмэгдэл, ашиг орлогын хуваарилалтын сангийн ногдол, сургалтын тэтгэлэг, зарим зүйлсийн хэрэглээний хүүгүй зээл гэх мэт. Миний хувьд коллежийн англи хэлний бүх шатны сургалт, мөн мэргэжлийн олон сургалтууд, бизнесийн удирдлагын мастерын сургалтын төлбөр, стэнфордын их сургуулийн энтрэпрэйнюршип сургалтын хичээлүүд гэх мэтээр жил тутам гурваас таван мянгын дэмжлэг тэтгэлэг авч байснаа тун их азтайд үздэг. Эдийн засаг ч сайн байж, тэр үед.

2008 онд эдийн засаг хямрах үед барилгын салбарт дийлэнх нь зогсонги байхад өсөж байсан цөөн бизнесүүдийн нэг нь манай Семко байлаа. Гол шалтгаан нь Саудын Арабын зах зээлд тун оновчтой цагт зөв бодлого явуулж амжилттай гэрээнүүд хийв. Миний хувьд мөн хувьтай хэрэг болсон нь гурван жил зарцуулж зохиосон цогц програм хангамжаар тэнд байх хэдэн өндөр гоё шинэ барилгуудыг хянаж, төхөөрөмжүүдийг удирдах боллоо. Өнөөг хүртэл миний бүтээлүүд тэнд ажилласаар байгаа гэхээр бас сонин, бахархалтай ч юм шиг. Мөн долоо хоногийн ажлын 40 цагийн наймыг өөрийн хүссэн зүйлд зарцуулах боломж гарлаа, ингээд олон нийтийн ажилд цаг овоо зарцуулж сайн дурын дэмжлэг үзүүлдэг сэтгэхүй сайтар сууж авав. Хажуугаар нь өөрийн хувийн жижиг бизнес бий болгох боломж гарлаа. Домино чиглэлийн хөгжүүлэгчийн болон админий сертификатууд АйБиЭмээс, сүлжээний мэргэшсэн сэртификэтүүд Сискогоос авлаа.

Нэг өдөр Семког Флактвүүдс гээд европын бизнэс худалдаж авсныг зарлав. Семкогийн гол хувьцаа эзэмшигчид компаниа өссөн, үнэ хүрсэн дээр нь худалдахаар шийдэж. Бизнес эрхлэгч хүмүүсийн, хөрөнгө оруулагчдын хувьд байдаг жирийн эрүүл сэтгэлгээ юмаа, энэ бол. Дарга цэрэг, ажлын арга барил, ажлын соёл, үүрэг хуваарь гээд өчнөөн зүйлд эрс ялгаа гарч олон зүйл өөрчлөгдөв. Гэхдээ нийтдээ таван жилийг Флактвүүдс зарцуулж байж бүх зүйл тэдний бизнес соёлд шилжсэн хэдий ч Семко гэдэг брэндийг өөрчилж чадаагүй одоо ч хэвээр байлгаж буй.

2011 онд манай хотод АйБэЭм салбараа нээв. Өмнө гэрээт ажил олныг хийж өгч байсны хувьд тийшээ амархан шилжинэ гэж бодсон боловч яг цагаа тулахад байдал тийм биш аж. Хоёр жилийн турш нийтдээ зургаан удаа ажлын өргөдөл гаргаж, таван удаа ярилцлагад орсон боловч авдаггүй ээ. Энэ бүгдээ бас ажлаасаа, ажлынхнаасаа нууна. Долоон жил нэг өрөөнд суусан анд минь 2012 онд АйБиЭм-д шилжиж үйлчилгээний салбарт ажилласан юм. Нэг орой мань хүн залгаж байна, чи ажлаа солихгүй юм уу, манайх Доминогоор хүн авна гэнэ ээ гээд. Энэ нь миний зургаадах өргөдөл бөгөөд яг энэ өргөдөл, ажлын байраар хоёр ярилцлагад орж билээ. Бас л авсангүй, найздаа “за би ухаант ертөнц байгуулах ухаан хүрэхгүй хүн ажээ” хэмээн тоглоом хийгээд загнуулж билээ. Долоо хоногийн дараа найз дахиад текст бичиж байна, чи үйлчилгээнд ажиллах уу, манай дарга чамайг авч магад гэж байна гэлээ. Энэ удаагийн миний ярилцлага утсаар ердөө зургаан мин үргэлжлэв. Намайг надаас өөрөөс минь илүү мэддэг хүнтэй утсаар ярьсан сэтгэгдэл үлдсэн юмдаг. Зиа ингээд АйБиЭмийн жинхэнэ ажилтан болов. Ердөө Ай-63 гэх хурдны замын нөгөө талд нүүв.

Бичлэг минь баахан тойрч тойрч, нуршиж нуршиж, арван гурван жилийг туулан байж блогийн гарчиг гурван жилд ирлээ дээ. Тийм ээ, гурван жилийн өмнө ажлаа би сольсон юм, тэр үедээ “сэтгэлийн дуудлага гэж байдаг юм болов уу, зөрүүдлээд, эрсдэлээ үүрээд хурдны замын нөгөө талд гарав” хэмээн жиргэж суулаа.

Сэтгэлийн дуудлага гэдэг нь үнэхээр би өөрөө сонирхож дурласан хэрэг. Уул нь нэг компанийн 50 жилийн түүхийн 13-г нь цугтаа бүтээлцсэн, хийсэн юмтай хэлэх үгтэй нэгэн боловч шинэ өөрчлөлт хийхэд сэтгэл минь дуудагдаад байж. 100 жилийн түүх, гэхдээ бүр мэргэжлийн минь чиглэлийн тэр их туршлага, тэр их далай мэт мэдлэгээс шууд шанагадана хэмээн сэтгэсэн хэрэг. Түүх 110 хэмээх үед 10 нь миний хөдөлмөр гэнэ, бас манай Монголд салбар нээгдэхийг хэн байг гэхэв гээд хөөрсөн, мөрөөдсөн хэрэг.

Зөрүүдэлсэн нь бас үнэн юм. Хамаг ажил хэрэг дахиад эхнээсээ, шинэ хүмүүс, шинэ орчин, шинэ соёл, шинэ ажил...уул нь тэгж гүйдэг нас бас биш баймаар. Тогтсон ажлаа зүгээр сольсон биш цалингаа бүр арван мянгаар буулган байж нүүлээ. Өнөө бэнэфит буюу хангамж хүртэл шинэ газар арай сул байх гэрээний санал өглөө. Хагас ажлын өдөр болон баасан гариг алга болох хайран байгаатай эвлэрэлгүй зөрүүдлэв. Жилийн амралтын хоног цаг мөн 12 цагаар буурч байлаа, ахиад хоёр сар болоход зөрүү 16 цаг буюу жилдээ цалинтай бүтэн хоёр хоног алдана гэсэн үг.

Эрсдэл үүрсэн нь мөн үнэн. Өмнө өгүүлдэг зөрүүдэлсэн бүгд эргэж олдохгүй эрсдэл үүрэв. Гэхдээ эрсдэл гэдэг зөвхөн алдах бус бас олж авах боломжийг дагуулдаг. Угаасаа бизнес хүртэл өндөр ашиг өндөр эрсдэл туулдаг гэдэг. Шатар тоглоход хүртэл хожилд хүргэх хурц нүүдэл их эрсдэл дагуулдаг. Алдахаас олох нь илүү гээд эрсдэл үүрэх тэнхээтэй байжээ, овоо.

Хурдны замын хувьд бодитоор бол үнэн. Манай хотоор туулдаг улс мужийн статустай хоёр хурдны замын нэг болох Ай-63 хоёр талд бараг хоорондоо харагдчихмаар (манай хот мод ихтэй, бараг ой шиг. Тэр моднууд байхгүй бол шууд харагдана л даа) хоёр оффис. Хийсвэр утгаар ч мөн хурдны замын хоёр тал шиг ялгаатай буюу хуучин ажил бол миний мэргэжлийн акул бизнесийн жижиг хамтрагч, гайгүйхэн хэрэглэгч юм. Харин шинэ ажил бол миний мэргэжлийн үйлдвэрлэгч, бүтээгч.

За ингээд ажил эхлээд эхний гурван сар амралтын газар, диваажин мэт байлаа. Бараг юу ч хийгээгүй, сул цалин авч буй мэт. Онбоардинг буюу хэрэглэгч харилцагчийн бизнес үйл ажиллагаанд оролцох эрхээ хүлээж буй хэрэг. Удаан хүлээлгээд байхаар нь амралтаа аваад ес хоног байгалийн үзэсгэлэнт Еллоу Стоун үндэсний паркаар зугаалав. Харин дараагийн зургаан сард ёстой толгойн хамаг үс арзайх үе олон байж. Амьдралд минь хамгийн ууртай, уцаартай цаг мөч тэгэхэд л тохиосон байх. Таван сарын дотор долоон дарга сольж, дөрвөн баг дамжиж, дөрөв нүүж...ажлын хурд, арга барилын өөрчлөлт гэх мэт олон сорилт туулсан даа. Яваандаа байнгын өөрчлөлт бол тогтмол хэвийн санагдах болдог юм билээ. 24/7 буюу хорин дөрвөн цаг долоо хоног тасрахгүй үйлчилгээ үзүүлэх жижүүрийн үүрэг хүлээгээд бүтэн нойргүй долоо хонох, гурван шөнө дараалж ганц хоёр цаг унтах үе таарч байв. Цалингаа бууруулж ирдэг тэнэг толгой гэж бодовч буцахгүй шүү гээд гүрийж сууснаа одоо эргээд нэг бодоход хөгжилтэй.

Тэгсээр аргаа нэг оллоо. Долоо хоногийн үндсэн дөчин цагийнхаа наймд өөрийн хүссэн зүйлээ хийдэг болж, өөрийгөө хөгжүүлэх буюу үндсэн үүргээс гадуур, ахисан албан үүргийн нэмэлт ажилд бас найм орчим цагийг зарцуулдаг боллоо. Ажлынхаа хажуугаар олон нийтийн, сайн дурын элдэв ажилд цаг зав элбэг зохицуулах, амжуулах. Ажлаас үүнийг мөн ихээхэн өөгшүүлэн дэмжинэ.

Гурван жилд гээд бичих зүйл зөндөө, адал явдал элбэг. Хожим үргэлжлүүлнэ ээ...

Friday, May 17, 2013

ЭС-1011 миникомпьютер, Apple Machintosh болон IBM Personal System/2 компьютертэй танилцсан минь

Есдүгээр ангийн сүүлийн хагаст мэргэжлийн хичээлээр хүрээлэнд аялснаас хойш аравдугаар ангийн хоёрдугаар улирал дундаа ортол өөрөө мэдэлгүйгээр тооцоолох техникийн хойноос чамгүй гүйсэн байдаг юм. Мэргэжлийн хичээлийн, дадлагын ажлын болон Пионер компьютерийн талаар өмнө өгүүлсэн билээ. Мөн үүнтэй ойролцоо цаг хугацаанд хамаатан садны болон аав ээжийн танилуудын тус дэмээр чамгүй олон байгууллагын компьютерийг үзэж, товчдоо эх орныхоо компьютержилтийн нэгэн үеийн хөгжлийн талаар дурсах зүйл багагүй хуримтлуулжээ.

Улаан бар жилийн сар шинээр өвөөд золгохоор Чинбат ахынхан ирэх үед би гэртээ байж таарлаа. Чинбаа ахын эхнэр Хишгээ эгч Улсын төлөвлөгөөний комиссын тооцоолох техник дээр ажилладаг байсан бөгөөд тэр жил Материал техникийн улсын хангамжийн хороонд шилжсэн, одоо миникомпьютер дээр ажилладаг болсон гэж байна. Өвөө эгчээс “Хүүхдэд аргалаад барааг нь харуулчихаж болох уу, тэрийгээ” хэмээн асууж, зөвшөөрсөн хариу аваад надад “За эгчийнхээ ажил дээгүүр очиж тэр шинэ Унгар машиныг нь үз, зөвхөн орос гэлтгүй газар газрын элдвийг олон талаас нь зэрэгцүүлэн үзэж харж юу нь хаагуураа илүүг олж сураарай” гэлээ. Ингээд бага тойруу, шилэн дэлгүүрийн өмнө байрлах ажлын газрын хоёр давхрын хоолойд олон жижиг ногоон дөрвөлжөөс тогтох тусгай шалтай танхимд ЕС-1011 миникомпьютертэй танилцаж билээ. Мөн Улсын төлөвлөгөөний комиссын ЭВМ тэнд байлаа.

Сар шинээс хойш овоо хэд хоноод нагац ах Сүхээ ирлээ. Аавдаа оройхон ирж золгож байгаа нь гадаадад томилолтоор ажилласнаас тэр. Хөрөнгөтөн орнуудтай тун бага хэмжээгээр худалдаа хийж эхэлсэн, хамгийн гол нь шинэ технологийн зүйлс авч байгаа, цаанаас нь тавих хориг саадаас болоод маш өндөр өртөгтэй ирж байгаа гэх мэтээр Монгол Улсын гадаад худалдааны байдал болон бусад олон зүйлээр ярилцлаа. Миний хамгийн сонирхол татсан хэсэг нь компьютер олноор худалдаж авсан, удахгүй бүх яамдад өгнө. Яам бүр тооцоолох төвтэй болно гэлээ. Хүүхэд залуусыг олноор гадаадад сургах юм хэмээсэн нь ээжид их таалагдаж, “Ямар мэргэжлээр сурвал тэнд чинь ажилладаг юм, инженер үү?” гэж асуув. Эндээс надад АСУ - автоматизированная система управления буюу удирдлагын автоматжуулсан систем гэсэн нэр томьёо санаанд тогтож үлдсэн юм.

Хаврын нэгэн орой, гуравдугаар улирлын дүн гарах дөхөж байхад аав “Чи жаахан сагсуураад тоогоо оролдохгүй, цагаа тэр компьютер, шатар хоёрт үрээд байна гэнэ үү, гол зүйлдээ анхаарна шүү. Би сая районы багш нарын хурлаар Пүүжээ багштай тааралдаж уулзлаа” гэж яриа хатуухан эхэлсэн боловч, “Тэгээд чи тэр компьютер их сонирхоод байгаа юм уу?” гэж зөөлрөөд “Маргааш хичээл тараад УБИС дээр Данзан багшийнхаа өрөөнд хүрээд ирээрэй. Нөгөө хэдийгээ бүгдийг нь дагуулчхав аа, ганц хоёр нь байхад болно” гэлээ. Нөгөө хэд гэдэг нь манай ангийн олимпиадын гээд оровч гаравч цугтаа арав гаран хүүхдийг хэлж буй юм.

Хичээл тараад нөгөө хэдээсээ “Цуг явах уу?” гэж асуулаа. “Физикийн Данзан багш дээр очих юм бол сонирхолтой зүйл бага дөө, бид Батхишигийнд очиж шатар нүүлээ” гээд цуг явах хүн олдсонгүй. Намайг УБИС-ийн гол байрны хажуугийн нэмэлт шинэ байрны гуравдугаар давхарт очиход аав, Данзан багш, мөн Чойжооваанчиг багш нар сууж байв. Тэд УБИС-ийн нэг ангийнхан бөгөөд төгсөөд аав дунд сургуулийн багш, Данзан багш физикийн тэнхимд, Чойжоо багш математикийн тэнхимд багшаар үлдсэн, үе үе уулздаг найзууд юм. Аав намайг тэнд дууддаг нь Америкаас УБИС-д ирсэн хоёр шинэ компьютерийг үзүүлэх гэсэн ажээ. Ингэж Монголд анх ирсэн Эппл Макинтош компьютертэй танилцсан маань миний үзсэн анхны өнгөт дэлгэцтэй компьютер байлаа. Мөн хулгана хэмээх дагалдах төхөөрөмжтэй тэнд анх танилцсан билээ.

УБИС дээрээс МУИС-д бүр олон, анги дүүрэн америк компьютер ирсэн гэж дуулаад тэндээс гараад шууд гуравдугаар хороолол явлаа. ПТДС-ийн физикийн багш Хэнмэдэх ахынх уруу явж байгаа нь тэр. Мэдэхээ ахынхаар би маш их очдог байлаа. Мэдэхээ ах намайг хар багаас минь харж хандсан, дураараа өссөн миний цор ганц эмээдэг, үгийг нь авдаг байсан нагац эгчтэй минь суусан хүн дээ. Харин тун харамсалтай нь нагац эгч минь хар залуугаараа, хорин тавхан настайдаа, хоёр охин, хайрт ханиа орхиод нөгөө ертөнцөд явчихсан юм. Ахынд очтол ажлаасаа ирээгүй байсан бөгөөд нэлээд хүлээлгэж оройхон ирээд компьютерийн хөгжлийн талаар цаг хэрхэн урсахыг ч анзааралгүй ярилцаад, сүүлчийн автобусаар нэгдүгээр дэлгүүр хүртэл явж амжаад цааш гэрээдээ алхсан явдал санаанаас огт гардаггүй юм.

Тооцоолох техник, мэдээллийн технологи болон тухайн үеийн шинжлэх ухаан техникийн ололтуудын талаар тэгэхэд ёстой нүд нээсэн юм. Хөрөнгөтөн орнууд компьютерийн хөгжлөөр илүү гарсан, бүр энгийн хэрэглээнд нэвтэрсэн, социалист улсуудад КОКОМ гээд хатуу хориг тавьснаас манайд ирж буй компьютерүүд тэнгэрт хадсан үнэтэй байдаг. ЗХУ болон бусад соц орнууд америк, японы системийг хуулбарлаад нэрийг нь сольчихдог. IBM гэдэг нь компьютер хийдэг фирмийн нэр, компьютер үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том газар. Минск ЭВМ нь IBM-360 мэйнфрэм системийн хуулбар, Правец нь Эпплийн хуулбар, Эппл компьютерүүдийг Моторолла гэдэг фирмийн микропорцессороор хийдэг. МУИС-д ирсэн нь бол IBM-н Personal System хэмээх Интел фирмийн микропроцессороор хийдэг, хоорондоо огт тохирохгүй, таардаггүй компьютерүүд. Хулгана гээд байгаа төхөөрөмжийг уул нь “өнхрүүш” гэж орчуулмаар байгаа юм гэх мэтээр маш их ойлголт олж авсан билээ.

Улирлын амралтаар Мэдэхээ ах намайг дагуулж МУИС орлоо. Хаалганы өмнө том багана бүхий гол байрны хаалгаар ороод зүүн тийш эргэж нэг давхрын булан руу үүдэндээ нууцлал код бүхий электрон цоожтой, цөмийн физик, электроникийн тэнхимийг зорьж IBM PS компьютерүүдийг үзүүлсэн юм. Энэ нь яамдад ирсэн PC компьютерүүдтэй төстэй, хоорондоо таарч тохирохоор ижил Intel 8088 гэсэн микропроцессороор хийгдсэн, гэхдээ яг ижилхэн бас биш, хооронд нь элдэв төхөөрөмжийг нь сольж болдоггүй. PS гэдэг нь зөвхөн IBM таардаг, тусдаа нэг төрлийн персонал компьютер гэдгийг мэдэж авлаа.

Wednesday, May 15, 2013

Есдүгээр ангийн мэргэжлийн хичээл


Тээр жил 1985 онд буюу есдүгээр ангийн сурагч байхдаа анхны жижигхээн кодоо бичсэн юм байна. Тэр үед компьютерын програм зохиогч мэргэжилтэй болж мэдээллийн технологитой амьдралаа холбоно гэж санаж явсангүй. Мэдээллийн технологийн тэргүүлэх фронтод зүтгэж сууна гэсэн төсөөлөл бүр байгаагүй боловч амьдрал минь энэ салбартай холбогдоод чамгүй хугацааг элээж дэлхийд тэргүүлэх томоохон компанийн ажилтан болжээ. Ингээд хүүхэд наснаасаа хэрхэн компьютертой холбогдож, яагаад мэдээллийн технологийн мэргэжил сонгож, хаана хэрхэн юунд суралцаж, төгсөөд эх орондоо юуг бүтээж мэргэжлийнхээ мэдлэг чадвараа гарган ажил амьдралын туршлага хуримтлуулж улмаар орчин цагийн хамгийн хөгжингүй зах зээлд өрсөлдөх, даяарчлагдсан өнөө цагийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний хэсгээс үзүүлэх болсон талаар өөрийн чадах ядахын хэмжээнд хэдэн өгүүлбэр холбов.
Эхний бүлгээс зарим хэсгийг толилуулж уншигч таны үнэт саналыг авахаар шийдэв. Нэгдүгээр бүлгээр хүүхэд насны үеийн дурсгалтай явдлыг өгүүлэхээс гадна мэдээллийн технологи, компьютерын эргэн тойрон тухайн үед Монголд юу болж, ямар үйл явдлыг бибээр өөрийн нүдээр харж, чихээр сонсож, гараар барьж буюу бяцхан амьд гэрч болсон талаар өгүүлэхийг хичээв. Энэхүү бүлгийг редакторлаж өгсөн М.Саруул-Эрдэнэ докторт талархал илэрхийлэх хэрэгтэй.

Есдүгээр ангийн мэргэжлийн хичээл


Анх есдүгээр ангид байхад мэргэжлийн хичээлээр тооцоолон бодох электрон машин гээч зүйл үзэх болж билээ. Одоогийнхоор бол мэдээлэлзүйн хичээл юм. Тэр үед дунд сургуульд ийм хичээл ордоггүй байж. Лаборатори гэх манай сургуулийн тооны хэмээх есдүгээр ангиудын хүүхдүүдийн талд нь заадаг байсан болов уу. Тодруулбал, намайг есөд байх жил манай ангийн тэн хагасаас бусад хүүхдэд олдоогүй боломж гэх үү дээ.


Шинжлэх ухааны академийн физик математикийн хүрээлэнгээс Цэрэнбат багш ирж, бидэнд энэ хичээлийг заасан юм. Тухайн үед дөрвөн улирлаар дүн гардаг байж, харин мэргэжлийн хичээлийг хагас жилээр дүгнэнэ. Эхний хагаст бид алгоритмын тухай үзсэн. Баахан блок схем зурахаас эхэлсэн дээ. Шугам зургийн хичээл ч юм шиг, ноднин жил нь Ламжав багшийн ордог байсан логикийн хичээлтэй ч холбоотой юм шиг... нэг л сайтар ухаарахгүй, эхэндээ жаал сонирхолгүй мэт санагдана. Гэтэл тооны дээд ангийнхан болохоор тэгж байгаад гоё болно оо, үнэн сонирхолтой гэх.

Удалгүй ч хичээл нээрээ сонирхолтой болоод ирлээ. Элементар математикийн сонгодог аргуудаас их өөр сэтгэхүйгээр бодлого бодож байгаа нь бүр ч их таалагдана. Тэр үед автобусанд зургаан оронтой дугаар бүхий билет өгдөг байлаа. Тэгээд эхний гурван оронгийн нийлбэр дараагийн гурван оронгийн нийлбэртэй тэнцүү байвал азтай билет гэдэг байсан юм. Нэгэн удаа бүх боломжит азтай билетийн тоог олох блок схем зурж, алгоритм зохиосон бодлого бодсон маань санаанд хамгийн тод үлдсэн жишээ болжээ. Бид бодлогоо уралдаж боддог байсан учраас би ч тэр дор нь зургаан давхар цикл хийгээд тоолчих блок схем зурж, багшаа бэлэн гээд үзүүлэв. Багш инээгээд бодолт нь зөв л дөө, гэхдээ яг энэ алгоритмаар бодвол өчнөөн удаан юм болно, тэгээд ч машины нөөц хүрэхгүй гэлээ. Яагаад? Юун нөөц хүрэхгүй гэж, электрон тооцоолох машин чинь санаанд багтахгүй их тоо тооцоолдог гээ биз дээ гэтэл инээгээд "За, за, одоо доо бол чиний зөв. Гэхдээ хэл үзээд код бичээд ирэхээр аяндаа ойлгоно. Бодлогоо чи хамгийн түрүүнд бодсон" гэдэг юм. Манай ангийн Сайнбаяр харин хамгийн сайн шийдлийн алгоритм зохиож билээ. Дараа нь квадрат тэгшитгэл боддог алгоритм бичлээ, тэрийг харин ёстой хамгийн түрүүнд элдэв засваргүйгээр хийсэн дээ.


Цэрэнбат багш үе үе томилолтоор гадаад явна. Тэр үед нь манай өмнөх тооны ангид орж байсан Даваасүрэн багш орлоно. Даваасүрэн багш өмнөх жилүүдэд Фортран хэл заадаг байсан, гэхдээ та нарт багш чинь ирээд Бэйсик хэл заана хэмээнэ. Тухайн үед би орос хэлэндээ ёстой таг, Люба багшийн үйлийг үздэг байлаа. Мөн монгол хэлний хичээлдээ тааруухан, Пунцаг багшийн аргыг бардаг нэгэн байж. Иймд бас нэг шинэ хэл үзнэ гэхээр нэг л хулгах талдаа.

Monday, October 31, 2011

Интернэт биднээс юуг нууж байна вэ?

Интернэтийг нээлттэй, бүх төрлийн мэдээлэл олж болдог, агуу их боломжтой бөгөөд дэлхийг харах уудам цонх, дэлхийд гарах үлэмж хаалга хэмээх ойлголтоор бид тодорхойлж хардаг. Гэтэл энэ үнэнд өнөөдөр энэ хир ойрхон бэ? Чөлөөтэй сэтгэх, санамсаргүй санаа, нээлт, мэдлэг олж авах, бүтээлч уран сэтгэмжээр хандах мэтийн ойлголтуудыг боогдуулсан үйл ажиллагаа энэ цаг үеийн Интернэтийн жинхэнэ төрх болжээ гэвэл уншигч та мэдээж санал зөрөх байх. Энэхүү блог бичлэгийг уншаад та нэгийг бодох биз ээ...

Арван жилийн тэртээ цахим өртөө сүлжээгээр “www 10 нас хvрлээ” хэмээн бичихдээ 1991 оны арван хоёрдугаар сарын 12 буюу яг өнөөдрөөс арван жилийн өмнө Stanford Linear Accelerator Center (SLAC) Америкийн хамгийн анхны веб сэрвэрийг ажиллуулсан талаар өгүүлж эхэлсэн имэйл илгээжээ. Тодруулбал, Интернэт жинхэнэ утгаараа нэг байгууллагын хэрэгцээнээс буюу Европт, Женев хотод байрлах European Organization for Nuclear Research (CERN) веб сэрвэрийн хүрээнээс хальж жинхэнэ world wide нэрдээ тохирохоор "дэлхийн" хэмжээний болсон өдгөөгөөс 20 жилийн өмнө ажээ. Тодруулбал, 40 гаруй хоногийн дараа Интернэтийн 20 жилийн ой болох ажээ.

Тээр жил цахим өртөөгөөр цахим худалдаа - коммэрс (commerce) нь интернетийн агуу боломжийг алга болгож “Бараг яг л телевиз шиг идэвхгүй эд” болгож хувиргасан талаар харамсан ярилцах зөвлөгөөн, яг тэр үеийн Интернэт - эдийн засгийн уналт нь сүлжээний жинхэнэ үнэ цэнийг үзүүлэх алтан боломж олгож буй хэмээн Интернэтийн пионерууд дүгнэсэн зэргийг бичиж байжээ. Тэгвэл одоо онлайн реклам сурталчилгаа саад болж, хувь хүн бүрд зохицуулан тохируулах нь нээлттэй байдлыг үгүйсгэнэ, удирдан чиглүүлсэн мэдээллээр хангах нь бүтээлч боломжуудыг хаана хэмээн дахиад шүүмжтэй өнцгөөс харчихлаа.

2009 оны арван хоёрдугаар сарын 4-ний өдөр Гүүгл корпорацын блогт нийтлэгдсэн зүйл тун цөөхөн хүний анхааралд өртжээ. Силикон Вээлий маягийн сүртэй хүчтэй зар гараагүй, хайлтын системийн долоо хоногийн тайлан болон Гүүглийн санхүүгийн уямжийн шинэчлэлийн тухай мэдээллийн дунд хавчуулсан сэндвич лугаа байсан бөлгөө. Би лав тухайн үедээ үүнийг анзаараагүй, олон хүн тоогоогүй боловч цөөн тооны мэргэжилтнүүд “хайлтын системийн хувьд хамгийн том огцом өөрчлөлт хийгдлээ”, ”тухайн хүний онцлогт тохируулсан хайлт хүн бүрт” зэргээр тэмдэглэж байсан аж.

Энэ өдрийн өглөөнөөс Гүүгл хүн бүрийн интернэтэд холбогдон нэвтрэхээс эхлээд хайлт хийх, үзэх унших гээд бүх мэдээллийг урьд өмнө орж үзэж байсан түүх, дуртай сэдэв, сайттай холбоод гэх мэтээр боломжит бүх талаар нийт тавин долоон шинж тэмдэг хэрэглэх болжээ. Та өөрийн тодорхой нэрийн холболтоос гарч (sign-out/logged-out) нэр нь үл мэдэгдэх байдлаар холбогдож байсан ч хамгийн боломжит магадлал өндөр байхаар таныг мөн хэмээн таамаглаж хэрэгцээт мэдээллээ цуглуулж, юунд дуртай, юу сонирхдог, ямар дадал заншилтай гээд өчнөөн олон зүйлээр таныг тодорхойлж чаддаг болох эхлэл бүрэн тавигдсан бөлгөө.

Хамгийн өргөн хэрэглээний, хамгийн олон сонгогдсон материалууд түрүүлж гарч ирдэг, хүн бүрд ижил харагддаг нөгөө алдарт хуудас эрэмбэлэх алгоритм (page rank algoritm) энэ мөчөөс алга болж, үйлчлэхээ больжээ. Өөр тооцуур дээр өөр найзынхаа дэлгэц дээрх үр дүнг яг ижил хугацаанд харьцуулан харахгүй бол анзаарагдахгүй энэ үйл явдал нь хүн бүрд өөр өөр үр дүн өөр өөр жагсаалт үзүүлдэг болсныг өдгөө биднээс мэддэг нь ховор. Товчоор тодруулбал, Гүүглийн стандарт гээч байхгүй болсон.

Туршилт хийж үзэхэд яг ижил үгээр хайлт хийгээд 180 сая үр дүнгийн жагсаалт гарч байхад өөр тооцуур дээр 139 сая үр дүн өөр дарааллаар гарч ирж байв. Эндээс харахад АНУ-д буюу үргэлж шинэ технологийн хүчтэй өөрчлөлт, инновацийн дунд байгаа нэгэн, Монголд байгаа технологийн инновацийн үр дүнг харж хэрэглэдэг хүний хооронд ямар ялгаа гарч тэд биеэ биеэ шууд ойлгох хэмжээнд хэр саад бий болох бол гээд бодоод үзээрэй.

Уол стрийт жорнал (World Street Journal) сэтгүүлийн судалгаагаар CNNээс эхлээд Yahoo тэгээд MSN мэтчилэн Интернэтийн толгой тавин сайт тус бүр дунджаар 64 күүки (cookie) суулгаж хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулдаг ажээ. Dictonary.com сайтыг би их хэрэглэдэг юм, гэтэл энэ сайтаар “depression” гэх ганц үг хайхад 223 күүкий суулгаж гуниг гутралыг эмчлэх талын мэдээллээр бөмбөгдөх вэбсайтуудад манийг дамжуулчих жишээтэй. ABC News-с үе үе санаанд таарсан хоолны жор их имэйлддэг маньд мөн Teflon сав суулга дандаа сурталчилдаг юм. Эндээс Интернэтийн өнөөгийн агуу бизнесүүд Гүүгл, Фэйсбүүк, Эппл, Майкрософт, Сэйлсфорс, АйБиЭм (энэ бүх газар монгол хүмүүс ажилладаг нь бас сонин тохиолдол шүү) бүгд хувь хүнийг чиглэн өрсөлдөж, хувь хүний мэдээлэл, үүнийг уншигч та тулааны гол цэг болжээ.

Дээр гүүглээр нэлээд жишээлсэн, ер нь гүүгл хэрэглэгчийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй, зөвхөн өөрсдөө хэрэглэнэ гэсэн баталгаа гаргаж өгч байгаа, ямартаа ч өнөөдөртөө. Гэтэл kayak.com болон тэдний AddThis үйлчилгээнээс авахуулаад чөлөөтэй хуваалцана гэх чиглэл маш их газар авлаа. BlueKai, Acxiom мэтчилэн мэдээллийн бизнесүүд хэрэглэгчийн хувийн асар их мэдээлэл цуглуулчихжээ. Жишээ нь, АНУ-н хүн амын 96%-ийн төлбөр зээлийн оноо мэдээллээс авахуулаад эмнэлэг, эмчилгээ, эрүүл мэндийн түүх гэхчлэн мэдээлэл хүн тус бүрээр 1500 гаруй үзүүлэлтээр бий болжээ. Эндээс “зан байдлын зах зээл” (behavior market) дээр тоглогчдын танаас хүлээх “click” дохио отох явдлыг улам хөгжүүлж буйн зах зухаас харах биз ээ.

Худалдан авагчийн хувийн сонирхол, хүсэл, хэрэгцээтэй холбоотой мэдээлэл цуглуулаад түүгээрээ тоглолт хийж элдэв бараа, үйлчилгээ санал болгон аль болох борлуулах зорилгыг Интернэт том бизнесүүдэд бий болгож байна. Amazon.com-ын худалдан авагчид мөн энэ талын мэдээллээр бялхаж буй. Худалдаж авсан ном, бараатай, үзэж сонирхсон зүйлтэй чинь холбоотой мэдээлэл, дараагийн худалдан авалт уруу чинь чиглэсэн маш олон үйл ажиллагааг амазоноос мэдэрдэг шүү дээ. Netflix видео түрээсийн 60 хувь нь хэрэглэгчийн хувийн сонирхолд чиглэсэн таамгуудын үр дүн байдаг ажээ.

Гүүгл, Амазон зэрэг нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулж, хүсэл сонирхлыг тодорхойлохдоо өнгөрсөн сонголтууд, сонирхон уншсан, үзсэн, худалдаж авсан мэдээлэл дээр үндэслэдэг. Харин фэйсбүүк өнгөрсөн түүхийг нь биш товшлуур – click тоолж, бас эргэн хүрээлсэн холбоотой хүмүүсээр баримжаалж, хаана юуг дуртай – like хийж байгаагаар баримжаалдаг ажээ.

НьюИорк таймс сонин news.me гээд шинэхэн эхлэн (start-up) бизнесийг дэмжиж хөрөнгөжүүлэн бидний уншиж сонирхож буй мэдээ, мэдээлэл, нийтлэл, санал сэтгэгдлийг түүнчлэн youtube дээрээс үзэж буй видеонуудын агуулгаар түүвэрлэн судалж бидний сонирхол, хүсэл мөрөөдлийг тодорхойлох оролдлого хүн тус бүрээр хийж байна.

Эцсийн хэрэглэгч буюу бидний хувьд дээр өгүүлсэн судалгаа, тоо бүгд юуг харуулж байна вэ гэхээр Интернэт дэх асар их мэдээллээс танд зориулсан шүүлтүүр бий болгож буй юм. 900,000 блог бичлэг, 50 сая жиргээ, фэйсбүүкийн 60 сая гаран статус апдэйт, 210 тэрбум имэйл өдөрт сүнгэнэж буй өнөө үед шүүлтүүр байх нь аргагүй биз ээ, гэхдээ шүүлтүүрийг хэн тодорхойлж байна вэ? Юу унших, юу үзэх, юуг худалдаж авах, юуг дэмжиж тэтгэх гээд олон зүйлийн шийдвэрийг гаргахад хамгийн түрүүнд хэн юу ямар аргаар нөлөөлж байна вэ? Савангийн хөөс мэт олон энэ их мэдээллийн шүүлтүүрийг та өөрөө хийдэг гэж санаж байна уу? Энэ мэт олон асуулт гарч болно, харин хариулт нь ердөө ганц – Та биш, Интернэт шүүлтүүр тавьж, шийдэж байна.

Шүүлтүүрийн талаар тодорхой жишээ дурдахад, Fox news эсвэл The Nation унших мэдээний шүүлтүүрээ та өөрөө зохицуулдаг гэж санах хэрэггүй. Та ердөө чиглэл гаргаж байгаа бөгөөд тэр дотор чинь юу байж, юуг нь эхэнд нь харуулж, юуг олдохгүй эсвэл залхаад олж үзэхгүйгээр тээр хол байрлуулахыг тэд шийднэ, та биш. Харин Монголд өнөөдөртөө Монгол Ньюсийн өнөөдөр сонин, Ньюс МН, Гого ньюс уншихад ингэхгүй байгаа ч Интернэтийн хөгжлийг дагавал хүн бүр ижил дэлгэц харахгүй мөч ойрхон байгаа биз ээ. Энэ нь технологи хэр хурдан нэвтэрч буй асуудал болохоос монголчууд хүний хувийн мэдээлэлд сонирхолгүй байгаа хэрэг биш биз ээ.

Өөрийн нэрээр холбогдохгүйгээр нэргүй буюу anonymous байдлаар Интернэтэд хандахад хэнийг ч танихгүй гэсэн байр суурь байдаг талаар өмнө хэдэнтээ дурдсан. Үнэндээ бол өдийд том акулууд өөрийг тань холбогдсон ч, нэргүйгээр нуугдсан ч шууд таних боломжтой чадвартай болчихсон юм. Гүүгл гэхэд бүх хэрэглэгчийн бүх хандалтыг алдаатай, буруу зөрүүгээс эхлээд санамсаргүй эсвэл санаатайгаар хамааралгүйгээр бүгдийг үг үсэг зассантай нь хадгалж байдаг. Нэгэнтээ Эрик Шмидт ийн хадгалсан өгөгдөл нь 2003 онд 5 тэрбум гигабайт болж байсан бол өдгөө ердөө хоёр өдөрт энэ хэмжээнд хүрсэн хэмээжээ.

Төр засаг мөн Интернэтээр бидэнтэй харьцаж байдаг, бидний сонирхол, дуртай мэдээлэл, аюулгүй байдал гээд олон талаар анхаарал тавьж байдаг ажээ. Нэг жишээ дурдахад, Эйти энд ти-гийн Сан Франциско хотод байрлах Интернэтийн холболтын гол төвөөр дамжих мэдээллийг хуулдаг өгөгдлийн төвийг үндэсний аюулгүй байдлын агентлаг (national security agency) ажиллуулдаг бөгөөд тэдний хамгийн гол асуудал нь өдгөө цахилгааны хангамж гэжээ. Ингээд 2014 онд шинэ цахилгаан станц ажилд оруулахад энэ асуудал бүрэн шийдэгдэхээр төсвийн зарцуулалтад тусгагдаж байна.

За ингээд өнөөгийн Интернэтийн биднээс нууж, ил тод бус байгаа зүйлсээс голчлон хувь хүний мэдээлэл цуглуулах, гол нь түүнийг хэрхэн яаж мэдэж байгаа, тэгээд хамгийн чухал нь түүгээрээ бидэнд нөлөөлж чадаж буйг олон жишээгээр илэрхийллээ. Нээрээ, өөрийг нь өөрөөс нь илүү сайн таньж, ойлгож, мэдэгдэхгүйгээр өөрт нь хамгийн их нөлөөлж чадаж буйд хэн дуртай байх бол?

Үүнээс гадна ингэж цаанаас нь их чиглүүлээд, бэлтгэж өгөөд, олж үзэх мэдээлэлд нь шүүлт тавиад байхаар хувь хүний serendipity буюу санамсаргүй нээлт хийх боломжийг хаадаг ажээ. Үнэхээр бэлэн хоолон дунд буй юм чинь өөрийн бүтээлч сэтгэлгээ алга болчих гээд байдаг талтай. Одоо хийж байгаа зүйлийнхээ яг үргэлжлэл, дараагийн алхам юу вэ гэдгийг Интернэт өөрт чинь хэлж өгөөд байвал амьдрал чинь хир сонирхолтой баймаар байна?

Мөн уншиж буйг чинь залаад, мэдэхээр сурахаар хөөцөлдөж буйг чинь урд чинь бэлэн буй мэт болгоод, сонирхолгүй мэт зүйлээс холдуулаад хэрэггүй мэт мэдээллийг төөрүүлээд өөрт чинь хүргэхгүй байгаа зэрэг нь үнэхээр тийм сайн зүйл үү, магадгүй нөгөө “тархиа угаалгана” гэгч болчхож буй санагдахгүй байна уу?

Энэ мэт олон зүйлийг Интернэт биднээсээ нэг л нуугаад байх шиг … товчхондоо, хөөсөн шүүлтүүр буюу the filter bubble гээч ойлголтын талаар бичлээ.

Friday, August 26, 2011

Мэдээллийн технологи гэж оюуны өмч, боловсрол бөлгөө

Цахим өртөөгөөр найман сард нэг хэлэлцүүлэг маягаар санаа гаргаж бичсэн зүйлээ эргэж харан блогдохоор шийдэв. Блогтоо юм бичихгүй юм даа гэсэн маш олон имэйл, инстант мэссэж, мөн жиргээний ДМ ирлээ, нээрээ үнэхээр блогдох завгүй, амьдрал өрнөсөөр ...

. . .
Сайн байцгаана уу, өртөөчид

Зарим нь өртөөний наадам хийж сайхан салхилангаа барилдаж, зарим нь үгэн барилдаан, үгэн зугаалгыг толгой холбон онлайн наадаж байх шиг. Хэд хоног хөгжилтэй сайхан унших зүйлээр элбэг бас үзэх зураг хөргөөр баян байна. Ингээд өмнө өртөөгөөр уншиж байсан зүйлтэй холбоотой биччихье хэмээн бодсон мэдээллийн технологийн талаар ганц хоёр зүйл дурдсуй.

Мэдээллийн технологи (АйТи) гэхээр хүн бүрд өөр өөр дүр зураг харагддаг байх, мэдээж, Зарим маань энэ бол жаахан юм ш дээ, мэдлэгийн эдийн засгийн дэргэд; би лав тоож ганц энэ сэдвээр дуугардаггүй өргөн олон зүйл хийнэ ээ гэх. Зарим нь үүнийг холбооны салбар мэтээр харах, тэгээд монгол хөгжиж байна аа, тэдэн гар утастай тэнд тэнд өндөр хурд хүрсэн гэх. Зарим нь компьютерээр төсөөлөх, ялангуяа уямж зохиогчдоор дүрслээд, үндэсний гэж юм алга үгүй мөн баларсан салбар шүү, өрсөлдөх чадвар нь хаана байгаа юм бүү мэд хоорондоо учраа ололцмоор юм гэх нэгэн байхад засаг жаал юм хайрлахгүй гаднынхныг илүүд үзээд бяд хэдийгээ нүд үзүүрлээд гэх нь бий. Уул уурхайн салбарын хэмжээнд цалин өгөх боломжгүй гэх нэгэн байхад юу гэж дээ энэ салбарын томчууд чинь уул нь уурхайн акулаас 5-10 дахин том байж илүү олон хүний итгэлийг олж хармааг нь санхүүгийн зах зээлээр хоосолчихдог ш дээ гэх ...

Мэдээж маш олон талаас өргөн их ойлголт бий хэдийч мань өөрийн хардаг өчүүхэн жижиг хэсгүүдийн талаар өртөөчлөе. АйТи гэхээр надад миний хийж буй өдөр тутмын ажил, хоолоо олж идэх болсоор 20 арай хүрэхгүй жил болж буй мэргэжил минь гэж бодогддог. Ингээд хамгийн түрүүнд юу мэдрэгддэг гээч ... өдөржин нүддэг тооцуур лав биш ... өглөө бүр логин хийдэг сүлжээ бас биш ... өдөртөө хэдэн имэйл аваад байдаг өртөө бас арай биш ... үе үе ойрхон нууц үгээ солин хамгаалж сүйд болдог хэдэн төхөөрөмж сиско гээд үргэлж үглэж суудаг үнэ ихтэй хэдэн төмөр бас биш ... өртөөний имэйлээ гадаа гэргүй, ор дэргүй үзчих боломжийг бүрдүүлдэг бас үе үе ээждээ дуугаа хүргэх гар утас, сүлжээ бас бус зүйлсийн хамтаар бас биш ...

Тэгээд юу хамгийн түрүүнд санаанд буудаг гээч ... ОЮУНЫ ӨМЧ гээч зүйл хамгийн түрүүнд бодогддог, мэдрэгддэг юм. Энэ оюуны өмч айти салбарыг хүмүүний хөгжлийн гол хэрэгсэл, мөн мөнгөнөөс дутахгүй хэрэгтэй зүйл болгодог юм. Хүний хийснийг хүлээн зөвшөөр, хулгай зэлгий хийлгүй хүндэтгэж, хэрэглэж ашигласны credit -ээ цагт нь өгч, мөн өөрийнхийгөө хамгаалж байдаг бөлгөө. Ийн хэрэглэсний төлбөрт мөн өөрийнхийгөө бусдад өгсний гээд эдийн засаг талаас нь тоо хөөвөл юун тэр газар ухаж шороо гаргаад металл ялгах, энерги үйлдвэрлэх ... зэрэгцүүлшгүй өгөөжтэй эдийн засаг үүсгэдэг бөлгөө.

Оюуны өмч хаанаас эхэлдэг вэ? Товчхоноор, хүмүүний сэтгэхгүй, үйлдэхүйгээс эхлээд бүх насанд нь дагаж байдаг аж. Эндэх амьдралаас ажиглаж байхад 7-8 настай хүүхэд өөрийн шүлгээ зохиох юм, хүнийхийг хуулахгүй шүү ... 10 хүрээд ирэхээрээ өөрийн нийтлэл маягийн бичлэгүүд бүтээж хүнийхээс ялимгүй санаа авахдаа заавал дурдах юм ... ингээд цаашид оюутан болоод эрдэмтний өндөр босго давчхаад хүний зүйлд дандаа credit өгч өөрийнхөө бүтээлд мөн credit авах юм ... элдэв зүйл бүтээхдээ хүний патентыг төлбөр хийж хэрэглээд өөрийнхөө патентыг мөн сүрхий сайн хамгаалуулах юм ... лиценз элдэв зүйлийг нь хүндэтгэж төлбөр энээ тэрээ цагт нь өгчих, хулгайгаар аваад хэрэглэж болохгүй гэсэн хууль эрх зүйн дээр нь хамгийн гол нь нөгөө ёс зүй совест энээ тэр нь захираад байх юм … За энэ ОӨ ер нь тусдаа сүрхий сэдэв хойно хожим тодруулан нэмж өртөөчлөе.

Үүний дараа АйТи гэхээр боловсрол харагдаад байдаг бөлгөө. Ерөнхий боловсролоос авахуулаад их дээд нь хүртэл эрүүл мэнд, дэд бүтэц, хөдөө аж ахуй ... хамаг мэргэжлийн нарийссан сургалтуудын хамгийн гол хэрэглүүр нь АйТи болжээ. Хүүхдийг бүтээлч, хуулбарладаг биш өөрийн санаагаар сэтгэж өөрийн хувилбарыг бий болгож чадах болгож үндэс суурь энд байгаад буй юм ... за үг олдож үхэр яах нь дараа үргэлжлүүлнэ ээ, хөдөлмөрийн зах зээл, мэргэжилтнүүдийн талаар тэдний тэр өрсөлдөх чадвар гэх мэтээр өөрийн бодлоо бас өгүүлнэ ээ ...

Өртөөчид бас өөрсдийн харж байгаа өнцгийг тайлбарлах биз ээ.

. . .

Өртөөнд бичсэн дээрээ ганц зүйл яг одоо нэмэхэд “Монгол хэзээ хөгжилд хүрэх вэ?” гэвэл оюуны өмчийг эдийн засагжуулж, түүнийг мөнгө болгосон цагт бид хөгжжээ гэнэ дээ.

Тодруулбал,
  • монгол бизнесийн нэр хүнд өсөж хөрөнгийн зах зээлээс хэрэгцээт мөнгө босгож чадна гэдэг нь бизнэс брэндинг буюу нэгэн төрлийн ОӨ үнэлэгдэж хүмүүний итгэлийг олж хармааг нь тэмтэрнэ – яг Nasdaq дээрх Apple шиг,
  • технологийн патентуудыг монголчууд худалдан авч, бас бий болгон зарж, зээлүүлж, төлбөртэй хэрэглүүлж … яг Google батлагдчихсан 14600 ширхэг, батлуулахаар хэлэлцүүлж буй 6700 ширхэг патентийнх нь төлөө Motorola-г худалдан авч залгиж байгаа шиг,
  • айлын лицензийг төлөөд бүтээгдэхүүнийг нь хэрэглэж ашиглаад, бас өөрийнхийгөө үнэлээд бусдад худалдаад … яг Adobe 2010 онд уямжийн лицензээр 3800000000 ам долларын худалдаа хийснээс дутахгүй гүйлгээг 1995 онд байгуулагдсан Интерактив ХХК уямжийн лицензээр гүйцэтгэсэн шиг,
  • Монголын ерөнхий боловсролын систем хүүхэд багш нарыг мэдээллийн технологи хэрэглэн ач тусыг нь гаргаад дэлхийн шинэ үетэй энэ зэрэгцэн алхаад – яг ЮНЕСКО-н 21-р зууны боловсролын сангийнхан Cisco, Intel, Microsoft-той хамтарч дэмжлэг аван түншилж байгаа шиг,
  • Монголын ууган АйТи-н акул бизнесүүд Мобикомоос эхлээд их дээд сургуулийн эрдэм шинжилгээний судалгааны ажлыг жинтэйхэн дэмжиж шинжлэх ухаан, нийгмийн салбар бүрд инновац хийж – яг IBM сэтгэдэг микросхэм (SyNAPSE) зохион бүтээж нано шинжлэх ухаан, ниюро шинжлэх ухаан, супэр компьютерыг хөгжүүлэхээр 21 сая ам доллар зарцуулсан шиг,
  • Монголын АйТи нэг л бизнес Энэржи рэсурсээс 438 дахин их хэмжээний мөнгө олон улсын хөрөнгийн зах зээлээс босгохоор – яг Google 169.84 миллиардыг Rio Trinto 387.60 саяын хөрөнгө босгосон байгаа шиг
ийм л болбол бид хөгжингүй улсын эгнээнд баталгаатай орлоо гэсэн үг биз ээ.

Friday, January 7, 2011

Интернэтийн талаар миний санах зүйлс

Монголын Интернэтийн 15 жилийн ойд

Эхлэл буюу нэгэн сүрхий маргаан

Интернэт гэх агуу үгийг Орост оюутан байхдаа энэ мэргэжлээр суралцаж буй гэдэг утгаараа дуулж, уншиж мэдсэн боловч 1994 оны зун Монголд анх сонссон нь сэтгэлд хамгийн тод үлджээ. Гэхдээ тэр үед ирээдүйн боломж бололцоо, мэдлэгийн уурхай, эрх чөлөөний мэдрэмж зэргээр өнөөгийн өргөн ойлголт шиг хүмүүний амьдралд хамгийн холбоотой гэж бол ойлгоогүй байсан юм. Энэ нь басхүү хөгжилтэй адал явдлаас эхтэй бөлгөө. Өдгөө Интернэт гэхээр уг явдал санаанд орох бөгөөд үнэндээ яг тэр үеээс хойш Интернэтийн талаар нухацтай анхаарч судлаж эхэлжээ.

1994 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр миний хувийн амьдрал, эзэмшсэн мэргэжил, хийсэн ажилд минь сүрхий тэмдэглэлт өдөр, мэдээллийн технологи, Интернэтийн хөгжилд багаахан хувь нэмэр болчих эргэлтийн тулах цэг байсан гэж боддог. За их сүртэй тайлбарлачих шиг боллоо, үнэндээ энэ өдөр тухайн үеийнхээр төрийн төв хэвлэл Ардын эрх сонинд ажилд орох тушаал гарч Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд анх удаа өдөр тутмын хэвлэлийг мэдээ бэлтгэх, дамжуулах болон эх бэлтгэлээс аваад хэвлэх хүртэл нь бүрэн компьютержүүлэх ажилд ханцуй шамлан орсон хэрэг. Энэ нь Монголын Интернэтийн хөгжилтэй нэг их холбогдолгүй санагдавч өмнө дурдсан хөгжилтэй тохиолдолтой холбоотой бөгөөд магад сайтар бодвол миний танилцсан Интернэттэй холбогдох тодотгол болох биз ээ.

Тэр үед Монголд аймгуудыг холбосон хоёр сүлжээ байлаа. Нэг нь хөрөнгийн биржийнх, аймагт байгаа компьютерээс мэдээг төвөөс тогтсон цагт модемоор холбогдоод татаад авчихдаг. Нөгөө нь, Мэдээллийн харилцаа ББХК-н и-мэйлийн PC-Mail сүлжээ. Манай сонин орон нутгийн сурвалжлагчдын мэдээг түргэн авах үүднээс энэ хоёрыг аль алийг нь хэрэглэнэ. Гэхдээ мэдээж бүх сурвалжлагч мэдээллээ сайн илгээж чадахгүй. Мэдээгээ хамгийн сайн илгээчихдэг, мөн араас нь миний мэдээ бүрэн очсон уу гээд хамгийн их анхаарал тавьдаг нь Архангайн Г.Жамц ах, Дарханы С.Батбаатар хоёр. Батбаатар нь Дарханы PC-mail-ийн төлөөлөгч Ц.Баттогтохоор мэдээгээ дамжуулна. Математикийн олимпиад болон МУИС-ийн багш нарын ачаар арван жилийн сурагч би оюутан Баттогтохыг таньдаг, цугтаа тоо бодчихдог байсан, дээр нь Мэдээллийн харилцаа компанид ойр дотно найз элбэгтэй тул тэднийхээр байнга очдог байлаа.

Нэг удаа мэдээ гацдаг, уддаг, алга болчихдог талаар гомдол гаргаж яваад тус компанийн дэд захирлууд болох Б.Наранцэцэг агсан, Г.Алтан-Оч ах нартай компьютерийн сүлжээний талаар жаахан маргаан өрнүүлэв. Би “Монголд орон нутгийг хамарсан жинхэнэ сүлжээ байхгүй, танай PC-Mail компьютерийн гадаад сүлжээ биш. Энэ чинь үргэлж холбоотой байдаггүй, ердөө и-мэйл, ядаж юзнэт байхгүй” гэсэн байр сууринд байсан бол, нөгөө хоёр “Датаком гадаад сүлжээ мөн” гэв. Гадаад дотоод сүлжээний мэргэжлийн тодорхойлолтоос аваад ямар үйлчилгээ хамарч байж жинхэнэ сүлжээ болох вэ, юу юу дутуу болохоороо, ямар функц автомат биш гар ажиллагаа ороод байгаа учир болохгүй байгаа юм гээд бүр оюутан цагийн хичээл, заасан багш нарын нэр хүртэл гээд маш ихийг хамруулан хоёр цаг илүүтэй маргалдаж мэтгэлцэв. Төгсгөлд нь Оч ах “Сонгодог утгаараа хоёр өөр барилгад байгаа хоёр компьютер хоорондоо холбогдчихвол гадаад сүлжээ биз дээ” гээд инээгээд гарч, Нараа эгч “Чи манайхыг Интернэттэй жишээд байна. Удахгүй бид тэр үйлчилгээг оруулж ирнэ. Одоогоор туршилт хийж долоо хоногтоо нэг удаа Хонконг уруу холбогдож гадаад и-мэйлээ бөөндчихдөг” гэлээ. Новосибирскт нэг сургууль төгссөн Нараа агсны өрөөнөөс гараад оюутан цагийн нэг өрөөний анд, халбага шөл, унтах ороо хуваан мэргэжил нэгт болсон Ч.Батаагийн өрөөнд орж бараг үгийн зөрүү байхгүй ширээн дээрээс нь хоёр ном булаах нь холгүй авч гарсан нь APRANET, TELENET, CSNET болон модемуудын тухай технологи талаас нь өгүүлсэн байж билээ. Энэ хөгжилтэй явдал, бидний яриа, нөхөрлөл миний мэдэх Монгол Интернэтийн эхлэл болсон билээ.

Монголын Интернэтийн холболтын туршилтын үетэй танилцсан минь

1995 оны эхээр юмдаг, сонины өглөөний ярианы үеэр зар сурталчилгааны албаны дарга Д.Баярсайхан ах мэдээ хэлэхдээ “Датаком ХХК гээд шинэ компани бий болжээ. Дэлхийн компьютерийн сүлжээнд Монголыг холбож байгаа гэнэ. АНУ-ын элчин сайдын яамны тусламжийн хөрөнгөөс зээлсэн байна” хэмээв. Сонины коллегийнхон “Мэдээлчихмээр юм байна, шуурхай албаныхан сурвалжлах уу?” гэхэд нь “Мэдээллийн харилцаа гэдэг компани үүнийг хийж байгаа, Интернэтийн сүлжээнд Монгол холбогдох юм. Хамгийн түрүүнд ус, цаг уурын институтэд маш их хэрэгтэй. Хөрөнгө хэмнэж, бас цаг агаарын мэдээг түргэн шуурхай авах боломж бүрдэнэ. Малчдад тустай зүйл болно. Цаг уурын С.Хөдөлмөр ахаас бас тодруулбал зүгээр” гэж би нэмж хэлээд Датакомтой холбогдох Нараа агсны утсыг бас өглөө.

Техникийн хэлээр их ярьсан улс байна, ойлголцоход бэрх юм, чи мэдээ бэлтгэчих гэхэд бичиг цааснаас хол би татгалзаж билээ. Үнэхээр мэргэжлийн хэллэгүүдээ бид тайлбарлахдаа тааруу, сэтгүүлч нарын технологийн мэдлэг бас бага байжээ. Интернэт гэдэг үг нэг тийм харийн, хол хэллэг, танигдахгүй нэр томьёолол байв.

Хэд хоноод Нараа эгч залгалаа. “Танай сонин овоо шуурхай, сэргэлэн юм уу гэж бодсон байдаггүй ээ. Нэг хүүхэд утсаар холбогдоод мэдээ авч асууж лавлаад таг болчихлоо. Сонин дээр юм гарах нь гээд хүлээсээр чамаас тагначих гээд” гэж байна. “Таны хэллэг, яриа дэндүү технологи юм аа, жирийн хүнд ойлгогдохгүй байна” гэж хэлж зүрхлэх биш “Сурвалжлагчид сайн ойлгохгүй байнаа, та нэг арга олоод манайхыг холбочихгүй юу, тэгвэл эд нар газар дээр нь ойлгоод танилцаад бичиж эхэлнэ дээ” гээд сөргүүлээд гуйчхав. Ингээд албан бус нэг эрх авчихлаа даа. Б.Балгансүрэн ирж Mosaic Netscape миний компьютер дээр суулгаж өгч байжээ. Интернэтийн хамаг мэдээлэл нь гадаад хэлээр юм хойно сурвалжлагч нар тэр бүр ашиглах нь ховор, гэхдээ манай сонины гадаад мэдээллийн дарга Ж.Нэргүй ах хамгийн их баярлаж билээ.

Оны сүүл хавьд, өглөөний нэг шуурхайн дараа Ц.Балдорж эрхлэгч “Чи ороод ир ээ” гэв. Хурал дээр сонин цагтаа буудаггүй, сүлжээ их саатаж байна гээд нэлээд үзэлцсэн, хэдэн ч хүнтэй тулаад авсан бухимдуухан би өрөөнд нь дагаад оров. Гэтэл өөдөөс шал өөр зүйл инээмсэглэсээр асуусан нь “Интернэт гэж мэдэх үү?” гэж байна. Би ч сурсан зангаараа баахан тайлбар урсгахаар ярьж эхэлтэл “За явъя” гээд Мэдээллийн харилцаа компани дээр очиж Д.Энхбат захиралтай уулзаж билээ. Интернэтийн байнгын төвийн нээлт хийхийн өмнө цөөн хүмүүст ганцаарчилсан танилцуулга хийж байсны нэг нь тэр байсан бөгөөд “За, би орчуулагчтайгаа ирлээ” гээд инээсэн эрхлэгч маань одоо ч нүдэнд тод байдаг юм.
Ингээд удалгүй интернэт албан ёсоор нээгдээгүй байхад л “Ардын эрх” хэрэглэгч нь болж байв. Групп 10 буюу олон хэрэглэгчтэй байгууллагын ангиллаар холбогдсон нь тухайн үедээ АНУ-ын Элчин сайдын яам, Цаг уурын газар тэгээд л “АЭ”. Групп 10 эрхтэй болох гэрээ хийхээр Нараа агсан дээр ороход дөрвөн зуу гаран мянган төгрөгийн ZyXEL модем манайд өгч, үнийг нь анх суурилуулах хөлсний хамт төлбөр хийсэн төлбөрийн даалгаврын сканнэрдсэн хуулбар одоо ч надад бий. Сар бүрийн хураамжийг нь харин сонин дээр нийтлэх реклам сурталчилгаагаар бартер хийсэн. Мөн HTML-ийн нэг зузаан ном 50 ам.доллараар захиалж авхуулсан юм. Хагас жилийн дараа “АЭ” анхны вэб хуудсаа хийж билээ. Д.Бат-Эрдэнэ нүүр хуудасны зургуудыг бэлтгэж байв.

Гэрээ байгуулсны дараа Ш.Батцолмон манайд ирж суурилуулах үйлчилгээ хийнгээ “Чи одоо надаар суулгуулаад байхдаа яахав дээ. Танайхан Батаатай аквариумд бараг хоноод байдаг биз дээ. “Ажаа” чинь явуулсан болохоор ороод ирлээ, очоогүй гэвэл аймаар юм болно ... энд гарын үсгээ зурчих. Би нэг компьютер дээр чинь суулгачихъя, танайх арван эрхтэй юм байна. Үлдсэнийг нь чи өөрөө гүйцээчих ...” гэх мэтчилэн ярилцаж Netscape Communicator суулгаж өгч байж билээ.

Интернэтийн нээлтийн ажиллагаа

Монгол Улсад Интернэт нэвтэрснийг албан ёсоор зарлаж, Интернэтийн нээлтийн ажиллагаанд ерөнхийлөгч П.Очирбат болон төр засгийн томоохон төлөөлөгчид оролцсон 1996 оны нэгдүгээр сарын 17-ны үйл ажиллагаанд очих хувь бас олдож байснаа их аз хэмээн санадаг юм. Уг үйл ажиллагаанд зөвхөн урилгаар оролцож байсан бөгөөд яг үнэндээ би уригдаж бариагүй боловч басхүү боломж гарч ирсэн юм.

Өмнөхөн нь манай сонинд мэдээлж, басхүү байгуулсан гэрээний ёсоор бид нэг нүүр сурталчилгаа бэлтгэж, дээр нь хэд хэдэн цуврал нийтлэл бэлтгэх боллоо. Найруулга талдаа жаахан тааруу орчуулсан, технологийн хэллэг ихтэй хэдэн хуудас зүйл ирснийг сонины шуурхай албаны дарга Б.Галаарид “Танай компьютерийнхэн нэг ийм юм хийж, хэн үүнийг чинь уншаад ойлгох вэ дээ” гээд ширээн дээр шидчихээд яваад өглөө. Батбаатар, Галаарид, Баяраа ах нар ойлгоогүй бол нээрээ бусдад нь, тэгээд уншигчдад бүр хэцүү л дээ. Ингээд “Интернэт бол сүлжээнүүдийн сүлжээ юм” гэж эхлүүлсэн зүйлийг редактарлан засварлаж, нэмж найруулсан нь Интернэтийн талаар миний хамгийн анх удаа бичсэн зүйл болж байлаа.

Нээлтийн ажиллагаанаас хоёр хоногийн өмнө болсон сонины өглөөний шуурхай дээр энэ талаар ярилцлаа. “Ерөнхийлөгч очиж буй юм бол улс төрийн албаныхан сурвалжлах уу?” гэж байна. Эрхлэгч “Тэр бүтэхгүй, энэ ер нь их чухал, ирээдүйтэй ажил, технологи гадарлах залуучуудаас зурагчинтай явуулъя” гэж байна. Д.Энхболдбаатар, Д.Дашмөнх гээд АЭ-ийн амралтын дугаар Ням гариг сонинд компьютерийн булан хийлцдэг нэрсийг би санал болготол эрхлэгч “Том сониноос (АЭ-ийгээ бид том сонин гэдэг байлаа) хариуцлагатай хүн илгээе. Надад ирсэн урилгаар Жагдаг бас цуг яв” гэлээ. Ингээд Б.Тогтохбаяр сурвалжлах даалгавар авлаа. Тогтохоо “Ёстой мэдэхгүй зүйлээрээ том даалгавар авчихлаа, урьдчилж юу үзэж юу унших вэ?” гээд манай өрөөгөөр орж ирэв. Нөгөө Галаад гологдож байсан баахан хуудсыг бас бус хэдэн орос англиар хэвлэсэн цаастай өгөөд “Технологийн биш хэлээр тайлбарлахад хэцүү юм. Ер нь бол Интернэт гэдэг юм чинь энэ байна” гээд компьютер уруугаа заахад инээгээд толгой сэгсэрчхээд цааснууд аваад гарлаа.

Интернэтийн нээлтийн ажиллагаа Датаком компанийн байранд эхлэхээс өмнөхөн Тогтохоо өрөөнд орж ирээд “Явъя, зурагчин бэлэн. Эртхэн очиж нэмэлт мэдээлэл олж авахгүй бол ойлгоход амаргүй юм байна. Яг юундаа агуу, юугаараа ирээдүйтэй юм бэ? Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх яг юу байна?” гээд “Галаа ах бас машин өгсөн” гэх нь шуурхай албанаас их ач холбогдол өгсөн хэрэг юм. Урилгагүй оруулахгүй шүү гэхээр нь эрхлэгчийн өрөөг туслахаар нь онгойлгуулж урилгыг нь авчихлаа. Гэрэл зурагчин яг хэн байсныг би харин сайн санадаггүй юм, таахад Б.Тошка байсан болов уу. Ингээд бид Датаком компанийн байранд ирээд орох замдаа гадна нь байх том антенийн талаар Тогтохоод товч тайлбарлаж, голчлон техник үзүүлэлт хэлээд бас л инээлгэж байжээ. Үүдэнд урилгаа шалгуулаад хоёр давхарт гарч дэд бүтцийн хөгжлийн яам, зам тээврийн яамыг холбосон хоолойд байрлах Интернэт холболтын гол төхөөрөмж бүхий танхимд орлоо.

Тогтохоо тэр дороо сэтгүүлч Д.Цэрэнжав ахыг бараадаад авчээ. “2000” сэтгүүлийн эрхлэгч тэрбээр Датакомтой хамтарч “.MN” сэтгүүл гаргасан байлаа. Цэг МН гэдэг нь Монгол Улсын Интернэт дэх хаяг гэдгийг тэр үед олон хүн мэдээгүй байсан биз ээ. Нээлтийн ажиллагаанд АНУ, Солонгосын элчин сайд нар ирсэн байлаа. Хоёр цаг орчмын дараа Тогтохоо “Би явлаа, очиж сурвалжлагаа бичлээ. Үнэхээр гоё юм аа, их сонирхолтой, үнэхээр их юм мэдэж ойлгож авлаа” гээд олз омог дүүрэн явав. Миний хувьд тэнд их олон хүнтэй танилцсан бөгөөд Яахоо дахь монголын тухай вэб хийсэн С.Бадрал гуайг тэр үед мэдэж авсан юм. Тухайн үед монголын тухай бараг цорын ганц вэбсайт, онлайн мэдээлэл байсан нь энэ байх даа. Орой нь Их тэнгэрт хүлээн авалттай байсан бөгөөд өөрийн урилга биш эрхлэгчийнх тул санаа зовоод тийш явах автобусанд суулгүй үлдлээ. Хэд хоногийн дараа эрхлэгч ирээд хүлээн авалтад яваагүй шалтгааныг сонсоод “Чи хэвлэлийн хүн болох болоогүй байна даа. Боломж бүрийг алдалгүй шинэ соргог зүйл олж авдаг юм шүү” гээд инээж билээ.

Монголын Интернэт хөгжихөд багаахан нэмэр болсон болов уу

Хожим нь 1996-1999 онд “МН-Өнөөдөр”, “UB Post”, “Өдрийн сонин”-ы вэб хуудсуудыг www.mol.mn/argamag/... хаягаар нийтэлж гадаадад байгаа монголчууд болон Монголыг сонирхдог гадаадынхан уншиж, талархлын и-мэйл олноор ирдэг байсныг санаж байна. Ялангуяа спортын Таван цагариг сонины уншигчид гээд хөдөө орон нутаг, гадаадад байгаа монголчуудтай их холбоотой байж билээ. 1999 онд анхлан Монголын шар ном гээд бизнес байгууллагуудын лавлахыг html хэлбэрээр гаргасан, мөн үед байгууллагуудын анхны вэб хуудсыг хийж өгдөг байсан, интернэтийн тухай хурал зөвлөгөөнүүдэд илтгэл тавьж, судалгаа хэлэлцүүлж, зохион байгуулж, Интернэтийн олон нийтийн төв, Соросийн сангийн Интернэт хөтөлбөр, Интернэт мэдээлэл ТББ, Нээлттэй вэб төв гээд олон ч байгууллагынхантай ойрхон ажиллаж, нийлж хамтарч бүтээлчээр зүтгэх зэргээр Монголын Интернэтийн хөгжлийн агуулгын талд бяцхан ч болов хувь нэмэр болсон байх. Үүнээс хоёр явдлыг дурсвал,

Нэгд, 1999 онд Монголын мэдээллийн технологийн анхдугаар чуулганыг зохион байгуулалцаж, Мэдээлэл Холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал боловсруулахаар мэргэжил нэгтнүүдтэйгээ сайхан хамтарч ажиллаж, танилын хүрээгээ маш их өргөжүүлж билээ. Тус чуулганаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Даглас Гарднэр "Дэлхийн тавцанд Билл Гэйтс, Майкл Дэлл гээд алдартнууд байдаг бол Монголын мэдээлэл холбооны салбарт би дөрвөн хүнийг онцолж дурмаар байна” гээд Монголд Интернэтийг анхлан оруулж ирсэн Д.Энхбат захирал (өдгөө УИХ-ын гишүүн), Монголын Интернэтийн хөгжил, боловсролын салбарт үлэмж хувь нэмэр оруулж буй А.Эрдэнэбаатар (өдгөө ШУТИС-ийн КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын багийн тэргүүлэх профессор), засгийн газрын хэрэглээнд Интернэтийг нэвтрүүлж буй, Монголын засгийн газрын мэдээллийн технологийн ажлын хэсгийн ахлагч, Монголын тухай хамгийн анхны агуулгыг бий болгосон С.Бадрал (өдгөө Европт ажиллаж буй дипломатч ), иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудад Интернэтийг амжилттай хөгжүүлж буй Я.Борчулуун (өдгөө АНУ-д Мизурийн их сургуульд эрдэмтэн судлаач хийж буй) нарыг онцолж байсан нь олон улсын байгууллагууд, гадаадын доноруудаас анхлан үнэлж байсан нь биз ээ.

Хоёрт, гадаадад байгаа Монголчуудын “Эрдэм мэдлэг, эв нэгдлийн хослол, энэ монголын хөгжлийн түлхүүр” болсон, 1999 оны тавдугаар сарын нэгэнд байгуулагдсан Цахим өртөө сүлжээ Интернэтийн хөгжилд өөрийн тодорхой хувь нэмэр оруулж, агуулгын хувьд, хэрэглэгчийн хувьд маш том түлхэц болсон гэж боддог. Анх байгуулагдсан цагаас нь өдгөөг хүртэл гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч, аялж явсан мянга мянган залуус хоорондоо танилцаж, мэдлэг мэдээлэл, туршлагаа солилцож эх оронтойгоо холбоотой байж, Интернэтийн хэрэглээ, агуулга, үр ашгийн талаар үй олон тус дэмийг эх нутгийн зүг залсан билээ. Монгол агуулга бараг байхгүй үед мэдлэг, мэдээлэл тараах нэг гол суваг болж; өдгөө гадаадад байгаа цөөнгүй Монгол бизнесийн эхлэл суурь болсон орчинг бүрдүүлж; хүн бүрд танилын хүрээгээ өргөтгөх боломж гаргаж; хувийн асуудалдаа тус дэм авч, үнэнч, ёс суртахуунтай соёлтой харьцаанд суралцаж боловсрох; бусдад зөвөөр нөлөөлж, олныг манлайлж хүмүүжүүлэх боломж бололцоог онлайнаар бий болгосон нь Цахим өртөөний Монголын Интернэтэд оруулсан гол хувь нэмэр юм. Өдгөө нутагтаа буцаж очоод эх нутгийн хөгжилд гар биеэ оролцож буй монголчууд тоолж барахгүй олон бий.

Төгсгөлд буюу Монголын Интернэтийг хөгжүүлэгчийн тухай тун товч

Монголын Интернэтийн 15 жилийн ойд зориулж өөрийн мэдэх, өөрийн туулсан, өөрийн туршлагаар тохиосон үйл явдлаас эхний таван жилийг тоймлон дурсвал нэг иймэрхүү. Арван таван жилийн тэртээ соёолсон Монголын Интернэт орчинг анхлан бий болгосон, санаачилж, үүсгэсэн эрхэм үүргийг Д.Энхбат гуайд, туулсан эрсдэл, анхлан босгосон ажил нь Датаком компанид оногдох ч Г.Алтан-Оч, Л.Баатархүү, Ч.Батаа, Ш.Батцолмон, Б.Балгансүрэн, Э.Бямбаа, Б.Наранцэцэг агсан, Р.Оюунгэрэл, Р.Оюун, Я.Борчулуун, Б.Ундрахбуян, Л.Ариунаа, Б.Бурмаа, Н.Үнэнбат, С.Нацагдорж, E.Одгэрэл, А.Эрдэнэбаатар, Г.Оюунбаяр, С.Хєдєлмєр, Ц.Ганболд, Н.Баасандорж, Ш.Баатар, Д.Цэрэнбат, Д.Цэрэндорж, Д.Цэрэнжав гээд нэрийг нь дурдаж баршгүй олон мэргэжилтнүүд, АНУ-ын элчин сайдын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Канадын АйДиАрСи, Соросын сан, Дэлхийн банк гээд спонсоруудгүйгээр Интернэт хөгжих байсан хэмээн сэтгэж чадахгүй юм байна.

Эцэст нь нэмж өгүүлэхэд Монголын Интернэтийн хөгжилд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа, цаашид энэ үүргийг хүлээх нэгэн бол жирийн хэрэглэгч, үүнийг уншигч та билээ.

Wednesday, April 28, 2010

Дэлхийд хоёр төрлийн л машин байдаг

Манайхан зах зээлд орж байх үед Монгол өвгөн Бэнз гээчтэй сайтар танилцсан. За арай өмнөхөн нь, манийг арван жилийн сургуульд байхад МАХН-н хэддүгээр ч их хурал билээ болох гээд Бал даргын гадаа гялалзсан жижиг хар, шинэ тэрэгнүүд олноор бий болж билээ. Хүүхэд л болсон хойно бид гуйж гувшаад, пиджак зангиатай жолооч ах нарын сайхан занг хөдөлгөж дөнгөвөл “За суу” болж сургууль нэг тойрдог байж билээ. Ийн Бэнзтэй танил болсон манайхан бичлэгийн гарчиг бүхий утгатай онигоо их ярьдаг сан. Тодруулбал, “Дэлхий дээр хоёрхон төрлийн машин байдаг. Бэнз болон бусад машинууд.”

Энэ удаа би авто машины тухай бичих гэсэнгүй. Дээрхтэй төстэй зүйл мэдээллийн технологийн АНУ-н корпорэйт ертөнцийн хэрэглээнд буюу имэйлийн системд олонтаа сонсогддог тул энэхүү онигоог оршил болгов. Товчдоо, бидний өдөр тутмын хэрэглээ болсон имэйлийг түгээж байдаг систем буюу сэрвэрийн програм хангамжийн талаар жаал өгүүлье.

“Барууны орнуудын бизнесийн хүрээнд ердөө хоёрхон имэйл систем байдаг. Нэг нь АйБиЭм Лотус Нотэс (IBM Lotus Notes), нөгөө нь Майкрософт Эксчэнж (Microsoft Exchange). За яах вэ, Гоогл Мэйл (Google Mail) араас ойртож байгаа, бусад нь бол зүгээр л тоглоом.” хэмээн АНУ дахь манай мэргэжлийнхэн ярьдаг юм. За ингэхээр манай Монголын АйТичид өөдөөс “нээлттэй эх” гээд галлаад унадаг тал бий :-). Оракл, Новел, Сан болон бусад компаниудын зах зээлд нийлүүлдэг нээлттэй эхийн имэйл системүүдэд маш их ирээдүй бий, гэхдээ эндэхийн бизнесийн хүрээнд ялангуяа имэйл буюу нууцлал бүхий мэдээлэл дамжуулах, солилцох тал дээр одоогоор дээрх хоёр ноёрхдог нь бол үнэн.

Технологийн талаасаа аль нь илүү, ямар боломжоор хангагдаж, хэрхэн ажилладаг талаар мэргэжлийнхэнд зориулсан мэдээлэл маш их байдаг. Адаглаад Гоогл ахаас лавлахад хэлээд өгнө. Харин мань жаахан технологи биш талаас нь мэргэжлийн бус хүмүүст ойлгогдохоор мөн өөрийн хувийн мэдлэг, туршлагад тулгуурлан блогдохыг хичээе. Аан тийм, бас би зөвхөн Домино буюу Лотус Нотэс-н талаар л өгүүлнэ. Түүнийг нь л мань илүүтэй гадарладаг юм, бусдыг нь мэдэхгүй ш дээ.

1980-аад оны төгсгөлд СиСиМэйл, Лотус123 гэж програмууд их хэрэглэдэг байлаа. Монголд ч гэсэн олон улсын байгууллагуудаар энэ програмуудын сурах шаардлагатай байна, зааж өгөөч гэх улс ч цөөнгүй байсан. Энэ үед юун Майкрософт Эксэл, юун Оффис, юун Эксчэнж байжээ. Лотус123 нь үндсэндээ эксэл гэж болно. Монголд СупэрКалк нэлээд газар авч байж, гэхдээ олон улсын болон гадаадын байгууллагуудад Лотус нь давамгайлна. Энэ л програмууд хөгжөөд, уруудаж, өгсөөд, АйБиЭм худалдаж аваад өдгөө Домино болчихоод буй юм.

Маний хувьд 1997 оноос энэ СиСиМэйл-тэй холбогдож эхэлсэн. Европийн нэгэн корпорацын Монгол дахь төлөөлөгчийн газарт үүнийг нь нухаж, Англи уруу үе үе утсаар залгаж мэргэжилтэнтэй яриад элдэв тохиргоог нь тааруулж имэйл сэрвэр ажиллуулдаг байж. Админ буюу техник талын ажил юм даа. АНУ-д ирээд үүнийгээ СиВи-ндээ бичсэн нь өдгөөгийн ажилд ороход их нөлөөлсөн гэж босс нэгэнтээ хэлж билээ.

2000 оноос харин Доминотой програмчлал талаас нь буцалтгүй холбогдсон доо. Домино гэдэг нь дээрх СиСиМэйл өөрчлөгдөөд АйБиЭм худалдаж аваад хөгжөөд байсан үе. Гэхдээ тухайн үед Лотус гэдэг биеэ даасан аж ахуйн нэгж байж. 2002 оны үед билүү дээ, нэг айхтар давлагаа болоод олон мянган айтичид ажилгүй болдог чинь. Тэр үед татан буугдаад толгой компанийхаа хэлтэс болж бид Лотус Нотес хөгжүүлэгчид биш, АйБиЭм Домино хөгжүүлэгчид болж хувирсан юм.

Анх Домино 4.5 хувилбарын сургалтаар холбогдож, Домино аР 5 хувилбараас нь ажиллаж эхлээд, өдгөө Домино 8.0.2 хувилбарын засварууд дээр тууж явна даа. Уул нь хамгийн сүүлчийн хувилбар нь 8.5.1 л дээ, гэхдээ маний хувьд шинэ 8.5.2 хувилбарыг тэстлэх, өмнөх хувилбарын FP4 засвар (IBM засвараа fix pack гэдэг бол Microsoft засвараа service pack гэнэ) дээр ажиллах үүрэг л оногдох. Уул нь энэ 8.5 нь хувьсгал хийгдсэн гэж болох цоо шинэ замаар бүтээгдсэн эд.

Домино ер нь юугаараа Эксчэнжээс давуу вэ гэж маниас асуух улсууд олон гардаг. Тоглоом болгоод би хөгжүүлдэг болохоороо хамаагүй давуу шүү гээд хариулчих үе гарна :-). За энэ тоглоом ч яах вэ, үнэндээ Эксчэнж бол зөвхөн имэйл систем юм, ямар ч өөр аппликэшион буюу програм хангамж дангаараа хийх боломжгүй. Интэрнэт веб сайт ч ажлуулж дөнгөхгүй. Заавал АйАйЭс (IIS) буюу интернэт информашион сэрвисэс гэдэг програм давхар ажиллаж байж интернэтэд бэлэн болно, дот нэт хэмээн технологиор өөр хэл дээр програм бичиж байж нэмэлт үйл ажиллагаа хийгдэнэ гэх мэт. Харин Домино бол зөвхөн имэйл бус нэлээд цогц систем юм. Өөрийн өгөгдлийн сан агуулна, өөр дээр нь програмчлах боломжтой, өөрөө интернэт сэрвис болж ажилладаг гэх мэтээр боломж бол маш өргөн. Иймд үнэндээ энэ хоёрыг харицуулна гэхээр манайханы хэллэгээр бол тэмээ ямаа шиг, америкуудын ойлголтоор бол алим жүрж шиг ялгаатай болно.

Бас хэдэн зүйл нэмэхэд, Домино нь Аутлоок буюу Эксчэнжийн клиенттэй ажиллаж чадна, харин нөгөөх нь тэгэж өрсөлдөгчийн клиэнтийг дэмжиж чадахгүй. Нууцлал хамгаалалтын талаар гэхэд Домино сэрвэр вируснээр болоод уначихлаа гэж тэр бүр дуулдахгүй, харин Микрософтийн хувьд энэ үргэлж хамгийн том асуудал байсан, байдаг, цаашид ч байх болно. Хэрэглэгчид нэгэн зэрэг хамтран ажиллах буюу коллабратион (collaboration) талд дахиад давамгайлна даа, зөвхөн имэйл солилцохоор зогсохгүй файл хуваалцах, веб конфэрэнс хийх, мэдээллийн урсгал (workflow) буюу мэдээлэл дамжуулах систем, мэдлэг удирдах систем, мэссэнжэр гээд маш олон зүйл Доминод бий.

Доминогийн хэрэглэгч ашигладаг програмыг Лотус Нотэс гэдэг (Экхчэнжийнхийг Аутлоок гэдгийг дээр дурдсан). Лотус Нотэсийн дизайны багийг сүрхий моодны, айхтар хямсгар зантай Мари Бэфф Равэн Атлантагаас удирддаг. Нэг жижиг нарийхан зураас нэмчихсэнийг агуу ажил гэж харуулж чаддаг, нэлээд гайгүй цаг хөдөлмөр зарцуулсан томоохон кодын дэргэдүүр харц ч чулуудахгүй өнгөрч мэдэх мань хүнээс ширүүн зан ч нэлээд гардаг гэсэн, гэхдээ түүнийг нь мань мэтийн даргадаа чичүүлж өссөн хүмүүжилтэй нэгэн бол тоохгүй л дээ, цагаанууд л хөөрхий нэлээд нервтдэг гэсэн шүү. Эд Брил гээд тун эелдэг нэг нөхөр бас Чикагод байх. Эцсийн хэрэглэгчид Доминог энэ л хүн хүргэдэг гэхэд болно. Дандаа хурал зөвлөгөө хэсэж, хот хот дамжин илтгэл тавих энэ нөхрийн бүхэл амьдрал нь твитэр, АйБиЭм Лотус, тэгээд гэр бүл нь гэхэд болно. За өөр бусад дарга цэргийг мань мэдэхгүй дээ, тэд ч маньтай “Hi”-с илүүтэй харьцаж хэтрэхгүй ч биз. Монгол Майкрософттой гэрээ энээ тэр байгуулж байгааг хэдэнтээ дуулсан тул АйБиЭм аваргатай бас гэх бодол мөн бий бий. Иймд дээрх хоёрын ядаж нэгтэй нь Монголдоо зэрэгцэж суугаад Доминогоор танилцуулга хийжээ байх юмсан гэсэн “мөрөөдөл” бол байдаг аа, байдаг

За энэ бичлэг блогтоо бичих болсон нь, үе үе таардаг ч сүүлийн гурав хоногт дараалан нийт найман удаа чи яг юу хийдэг юм бэ, АйБиЭм Лотус Нотэс Домино хөгжүүлэгч гэж юу юм бэ хэмээн асуулт ирснээс үүдэлтэй. Миний яг юу хийдгийг нэг бичлэгээр илэрхийлж барахгүй биз. Блогийн бүх бичлэгүүд нэгдээд нэг гайгүй ойлголтыг бол хүргэх байх. Харин тэр лотус девелопэр гэдэг нь энэхүү бичлэг жаахан суурь өгөх байх аа хэмээн бодов.

Friday, November 20, 2009

Linux vs. Windows

http://groups.google.com/group/limnux/topics гээд нэг сүрхий хэлэлцүүлэг байх. Linux хэрэглэгчдийн Монголын группийн 298 гишүүд үүгээр хэлэлцүүлэг өрнүүлж элдэвийг асууж лавлаж, чаддаг мэддэгээ бусдад дамжуулж, биеэ биеэсээ суралцаж, мэтгэлцэж байдаг онлайн талбар л даа. Хамгийн олон мессэж бичдэг нь мэдээж Дөлөө, араас нь Алмас, Хасаа, Гоби, Цэцболд айрагдаж байна лээ. Маний хувьд далайд дусал гээчээр үе үе ганц нэг имэйл чулуудчих хэмжээнд.

Группийн гишүүд дийлэнх нь дэврүүн сэтгэлтэй, юм сурья, хийж үзье гэсэн сайхан залуус. Товч ярилцсанаараа таамаглахад бараг манай дүүгийн дүү нар юм билээ. Гэхдээ ажлын салбарт нас намба ч ямар хамаа байлаа, ялангуяа мэдээллийн технологийн салбарт. Маниас тав жилээр оймс илүү элээсэн Баатар ах тугаа бариад "дэлхийн хэмжээний шийдэл" хийсээр давхиж л байна, олоон ах Энхбат захирал УИХ Эрхэм гишүүн болсон ч АйТигаараа сэтгэсэн, ярилцсан хэвээр л байна лээ. Бүр олон ах Сүхдорж гуай "код нухуулсан хэвээрээ, ах нь" гээд мэнд хүргүүлсэн л байна.

Группийн сайхан залуус бүгд тэр "лайникс" гээчдээ мөн их үнэнч юм даа. Мань ч тэднээс дутахгүй л Лайникс ахын бүтээлээр "занималдана", гэхдээ энд нэг л том ялгаа байгаа нь манийг үе үе хэдэн өгүүлбэр хэлхэхэд хүргэнэ. Биднийг фан болгоод байгаа лайникст байдаг нэг томоохон өрсөлдөгчийг Виндовс гэнэ. Манай залуус энэ нөхөрт үгүй мөн их дургүй юм аа. Үг дуугүй л өөдөөс нь галлачихна. Ерөөсөө л Виндовс огт хэрэггүй, энэ чинь хорхой, цагийн гарз, нэрвийн үрлэг гэнэ шүү дээ.

Маний хувьд Билл ахын бүтээлийг Лайникс ахынхаас дутахгүй хэрэглэдэг, дийлэнхдээ бүр илүүтэй ашигладаг тул "биш ээ, тэгэж туйлширч болохгүй" гээд зүтгэчих нь дээр өгүүлсэн нэг ялгаа. Энэ нь өрсөлдөгчөө муулж байж өөрийгөө сайн гэж харуулах аргыг огт тоож үздэггүйтэй минь холбоотой.

Жишээлэхэд, хэдэн жилийн тэртээ манай муу Лхагва Лас Вегаст дэлхийн аваргын төлөө үзлээ дээ. Энэ нь цагтаа ихээ том эд байсан бөгөөд хэзээ л Монгол хүн дэлхийн аваргын төлөө зодолддог байлаа гэх үе шүү дээ. Одоо бол ч бид дэлхийн аваргатай, олимпийн аваргатай болжээ. За сэдэвтээ эргэж оръё, хадуурахгүй шүү :-). Лхагвагаа үзэж байхдаа ухаангүй дэмжиж, өмнөөс нь давхиж очоод үзэлцэж, нэмэрлэчих гээд хажуугаас Мексико-д балиашиглаад буй хэдэн нөхдийг "хусачих" гээд л ... Цуг үзэж байсан Мөнхөөгөөрөө манай найзын "ах" нь байгаа юм аа гэж хэлүүлж байж хэдэн балиашиг урвуулж бас ч үгүй ганц нэг үнэгүй beer-тэй юм биш үү. Хэдийгээр ингэж нэгэн Монголоо дэмжиж байсан ч өрсөлдөж ялсан Мексикийн чадвар, залуу нас, техник, олон зүйлд биширч, яах аргагүй сайн тамирчин юм гэж хүлээн зөвшөөрч л явлаа.

За бас нэг жишээ нэмэхэд, манай Гомбо (дээхэн нэг бичлэгтээ дурдаж байсан даа, НЭТИ-г маний дараахан төгссөн гээд) FreeBSD, Linux-н жинхэнэ "улаан" фэн хүн, юун манай группийн залуус :-). Энэ талаараа хэдийнээс ажилласан, хийсэн ч юмтай хүн. Гэхдээ хэзээ ч маньд Windows огт хэрэггүй, наадахаа хая гэж хэлдэггүй л хүн дээ. "Нэгийг нь тантагт нь тултал муулж, нөгөөг нь дээш татдаггүй юм аа" гэдэгтэй минь эвлэрсэн нэгэн болоод тэр байх. Эсвэл эртнээс биеэ биеэ мэдэх, найз улс бас өөрөөр ойлголцдог ч юм болов уу :-).

Thursday, September 17, 2009

Компьютерийг тооцуур гэвэл эвтэйхэн

Даяар Монгол дээр Японоос Ч.Чимэгбаатар "Компьютерийг Монгол vгээр хэлбэл" гээд нийтлэл бичжээ. Нөгөө загтасан газар маажлаа гэгчээр уншсан даруйдаа нэг сэтгэгдэл бичиж үлдээснээ блогтоо бичлэг болгохоор орууллаа.

***

Компьютер нь тооцоолуур мөн үү гэвэл мөн. Утга нь ч тэгэж таарах байх. Compute буюу тооцоолох гэсэн үгтэй үндэс нэгтэй ч биз. Гэхдээ ингэж урт үг хэрэглэх нь үнэндээ зохистой биш болоод л улсууд тоогоогүй байх.

Тооцоолуурт гээд үзье л дээ. Эвсэл муутай гийгүүлэгчүүд дээр гурвын гурван урт эгшиг нэмэгдэхээр эвцгүй болно гэнэ. Энэ нь байгаль, нийгэмд байх вариацын арвич зарчимтай тэрсэлдэж буй тул хэл соёлд нэврээгүй талтай ч гэнэ.

Тоолуур гэж монгол үг байдаг даа. Хэн ч үүнийг шууд ойлгоно. Оросоор орчуулбал счётчик гэх байх. Тоолуур байгаа бол тооцуур бас байна аа гэж тайлбарласан Ч.Эрдэнэ баавайн сонголт надад хамгийн их таалагддаг.

Энэ нь үг-үсэг-үзэг гээд монгол үгс бүтсэнтэй ижил зарчимтай гэнэ. Математикт байдаг инвариант буюу хадгалагдах чанар гээч ойлголт энд монгол хэлдэнд үйлчилж буй нь энэ. цас-цаас-цааз ч ийнхүү аргаар үүссэн ажээ. Их гурвалжин номны 161-162 хуудаснаас будаа идэв :-)

Үг үүсдэг, хэлний чадварыг нэмэгдүүлдэг бас нэг аргыг л жишээлэв.

Thursday, September 10, 2009

Хасаагийн олон сэтгэгдэлд хариулах нь

Хасаа,

Блогт минь дахин дахин олонтаа сэтгэгдэл үлдээж, Дөлөө бид хоёрын талаар бичлэг өөрийн блогтоо оруулсанд их баярлалаа.

Нэгэн сэтгэгдэлдээ чи өөрийгөө хоёрдугаар курсдээ ч ороогүй хэмээн голонгуй бичсэн ч хөтлөж буй блог, limnux группэд илгээж байгаа зөвлөгөө имэйлүүд болон Linux InstallFest 2009 өдөрлөгийг зохион байгуулалтад хувь нэмрээ оруулж буй зэргээс ажихад хэдийнээ мэргэшсэн, мэдлэг чадвар өндөртэй нэгэн болох замдаа эргэлтгүй оржээ гэдэг нь харагдах бөлгөө.

Мөн тэр сэтгэгдэлдээ “Гэхдээ Монгол шиг төлбөрийн чадваргүй хүмүүст үүнийг яаж энгийн үгээр ойлгуулах вэ?” хэмээн асуусан байна. Өөрийн хувийн бодлоор асуултад хариулая. Хөндлөнгөөс харахад Монголд амьдрал харьцангуй сайжирч байна, орлого мөнгө ч нэмэгдэж байх шиг байна. Хүмүүсийн захиж эндээс авахуулж буй хэрэглээний зүйлс машин унаанаас авахуулаад тооцуур, гар утас хүртэл ихэнхдээ л нилээд “тансаг” талын зүйлс байдаг болжээ. Мөн зардал өндөр гарч буй ч олон сайхан сургалт, зөвлөгөөн, хуралд ирээд оролцдог болчихожээ. Иймд асуудал төлбөрийн чадвартаа бус мэдээллийн технологийн хэрэглээний ойлголт, мэргэжилтнүүд болон байгууллагуудын удирдлагын арга барил, бараа бүтээгдхүүн үйлчилгээний үнэ хөлс тодорхойлох зарчим, бизнесийн этик, оюун ухааны бүтээлийн үнэлгээ, ойлголтын талаар болж хувирна. Мөнгөөр шийдэх бус бизнес явуулах арга барил тооцоогоо өөрчлөх замаар шийдэх хэрэгтэй байх гэж бодож байна.

Windows илүү юу, Linux илүү юу гэдгийн шууд харьцуулаад хэлчих ер нь амаргүй. Би Microsoft-н бүтээгдхүүнийг өмөөрч хамгаалаад, шүтэн бишрээд суудаг нэгэн ч биш. Давтан, давтан хэлэхэд Монголд байгаа улсууд дэндүү туйлширч зөвхөн нээлттэй эх л бүгдийг аварна гээд буйд шүүмжлэлтэй ханддаг, “Мэдэхгүйгээ битгий ад үз ээ! Тэнд илүү зүйл байгаа болоод зон олон хэрэглэж буй юм. Хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ зүгээр орхиж бай, өнөөдөр чиний худлаа гэсэн чинь үнэн болж хувирах үе бий. Одоо муу нөхөр гэж бодсон нэгэн амийг чинь амарсан сайн найз байх нь элбэг” хэмээн өвөөгийнхөө хэлж ярьдаг байсныг дагаж амьдардагын хувьд мөн Microsoft, IBM-н хаалтай бүтээгдэхүүнүүд нээлттэй эхийхнээс илүүтэй тохирдог нөхцөлд амьдарч ажиллаж буйн хувьд нийтэд зөв ойлголт өгөх үүднээс маргаан мэтгэлцээн өрнүүлж байдаг юм. Нээлттэй эхийг бүрэн үгүйсгэсэн нэгэн таарвал мань нөгөө талд гарчихсан бас элдэв баримт дурдаад зогсох л байх :-).

“IBM Red Hat хоёр нийлээд дундаасаа бас дажгүй систем санал болгодог” хэмээсэнд чинь тодруулга хийхэд IBM хаалттай системийг илүүтэй хөгжүүлдэг ч нээлттэй эхэд их анхаарал хандуулдаг бөгөөд Red Hat-г худалдаад авчихсан билээ. Эх код нь нээлттэй ч гэлээ үйлчилгээ нь төлбөртэй байдаг бөгөөд Power процессортой серверүүддээ илүүтэй хэрэглэх боломжийг өгч байгаа. Гэхдээ уг серверийн үндсэн үйлдлийн систем болох хаалттай AIX үүнтэй зэрэгцүүлэшгүй илүү байдаг. Одоогоор RISK төрлийн Power процессорыг ажлуулах талаар AIX-д өрсөлдөгч байхгүй. Intel-P төрлийн процессортой сервэрүүд, тоолууруудын хувьд үнэндээ “том цэнхэр”-н зах зээл биш ч гэлээ Red Hat-н үндсэн хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс тэднийг үйлчилгээнд хамруулж улмаар нээлттэй эхээ хөгжүүлсээр байх биз ээ.

Red Hat-г IBM эгнээндээ элсүүлсний ижлээр Suse-г Novell, MySQL-г Oracle худалдаж авсаныг бид бүгд мэдэж байгаа. Microsoft-г жишээлэхэд хэдийгээр яг одоо нээлттэй эхийн бүтээгдэхүүн зах зээлд гаргахгүй байгаа ч нээлттэй эхийг хөгжүүлж, хэрэглэхээ нэмэгдүүлж буй. Хэдэн жилийн өмнө Hotmail Linux дээр ажиллаж байна гэж нилээд шуугиж Microsoft-г шүүмжилсэн нь өдгөө чимээгүй болжээ. MSN Passport системд нэгдсэнээрээ бодвол одоо бүх сервэр нь Windows болсон биз. Гэхдээ Microsoft 2007 онд 240 сая долларын хөрөнгө оруулж худалдаж авсан Facebook миний мэдэхээр лав PHP дээр бичигдсэн, одоо ч home.php гээд нүүр хуудас нь гараад ирдэг юм. Ийнхүү хаалттай эхийнхэн нээлттэй эхэд хөрөнгө зарцуулж, хөгжүүлж байгаа нь нээлттэй эхийг залгиад алга болгочихно гэвэл их том эндүүрэл. Мөн яваандаа хаалттай эх хаагдаж нээлттэй эх үлдэх хувьсгалын тохироо ч биш юм аа. Зах зээл гээч нь байгаа цагт гигантууд хаалттай эхийн системээ сайжруулсаар байх болно.

Товчдоо мэдээллийн технологид нээлттэй хаалттай системүүд зэрэгцэн оршсоор, хорвоо дэлхий дээр үнэн худал хосолсоор, Плато - Аристотлийн эсвэл Адам Смит -Карл Маркс нарын хэн нь зөвийг мэтгэлцсээр, улс төрийн баруун зүүний талынхан үзэлцсээр, АНУ-д ардчилсан нам, бүгд найрамдахчууд ээлжилж төр атгасаар, магадгүй тахиа өндөгний аль түрүүлж бий болсон эсэхийг маргасаар байх биз ээ. Хамгийн гол нь нэг талд бид туйлшралгүй зөвийг нь хослуулах нь чухал бөгөөд нээлттэй эхийг ч хөгжүүлж хаалттай системээс ч суралцаж дэвших бөлгөө.

Хасаа, найз нөхдийн хамтаар нээлттэй эхийг хөгжүүлэхийн зэрэгцээ windows-ийг зөвхөн ашгийн төлөө, мөлжлөгийн машин гэж боддог нь бурууг ойлгож, хаалттай эхийн системийн давуу талуудаас хүлээн зөвшөөрч буйд бүр их байртай байна.

Ингээд мэдээлэл холбооны технологийг Монгол хөрсөнд шингээж буй ажил үйлсэд болон Linux InstallFest 2009 өдөрлөгт оролцогчдод амжилт хүсье! Дэлхий даяар тэмдэглэх чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг (Free ad Open Source Software) сурталчлах, таниулах Software Freedom Day энэхүү өдөрлөг зохиогдож буйд тун баяртай байна.

Sunday, July 26, 2009

Мөнхбаатарын сэтгэгдэлд хариулах нь

Мөнхбаатар аа,

Блогт сэтгэгдэл үлдээсэнд байрлалаа. Нээлттэй эхийн талаар өргөн ярилцах хэрэгтэй гэж чи зөв хэлсэн байна. Монгол мэргэжилтнүүдийн хувьд энэ нэг ч их шинэ зүйл бус хэдэн жилийн тэртээгээс энэ талаар ярилцаж, санал солилцож байгаа. Өдгөө нээлттэй талаас ч хаалттай байгаа салбарт ч аль алинд нь монгол хүний ажил гэж хэлчихээр зүйл зөндөө бий болжээ. Ялангуяа нээлттэй эхийн талд монгол гэх зүйлс элбэгшиж, элдэв программ, системийн монгол хувилбар бий болж, орчуулж хөрвүүлсэн ном, сайтууд ч олширч буй нь үнэхээр сайхан. Жишээ нь, Гомбо (Уул нэр нь Ганболд л доо, оюутан цагаас ийм нэрлээд заншчихаж. Бид нэг сургуульд Гомбо маниас хоёр курсийн ард сурч байсан, эртний найзууд) маань уржигдар мессэнжерээр холбогдлоо. 10-д жилд нээлттэй эхийн талаар маш их юм хийжээ. Ялангуяа freebsd-р үнэхээр ихийг амжуулсан байна.

Гэхдээ нээлттэй эхийнхэнээс жингийн нөгөө талыг эрс эсэргүүцэгчид маш их байна. Тэгэж туйлширч болохгүй л дээ. Та бүхний наад болохгүй, үгүй, таарахгүйд чинь хэрэгтэй авчихаар зүйл их бий туйлшрахгүйгээр хослуулж байж амжилтад хүрч байна аа гэдгийн газар дээр нь үзэж хараад, амталж амьдараад буй туршлагаасаа хуваалцаж хүмүүст хүргэх гэж байгаа нь энэ.

Урьд өмнө маний санаж харж байгаагүй сонин цэгээс харж ажиглаж бичсэн зүйлсийг чинь унших таатай байлаа. Microsoft-д дургүй талаас хэлсэн санаа чинь миний хувьд их сонин санагдлаа. АНУ-с бусад газар зүгээр л энэ нэрийг дуулаад “No” гэх нь нээрээ элбэг шүү дээ. Миний бодож байгаагаар энэ нь глобалчлал ( даяарчлал гээд байгаа байх аа)-г эсэргүүцэж буйгаас гарч байдаг биз. Ихэнх газар глобалчлал гэхээр америкчлал гэж хардаг л даа. Энэ ч үнэн талтай. Дэлхий даяар Кола ууж, Макдоналдс гээд нэг тааруухан тосонд тааруухан мах татаж шараад тааруухан талханд хавчуулчихсан идэж суух. Сая хөөрхий Жэксоныг өөд болоход хичнээн ч хүн гашуудав. Нэг хар Ерөнхийлөгчтэй болоодохсон чинь дэлхий даяар сүйд боллоо. За тэгээд кофе гэж мэдэхгүй япончуудыг, цайнаас өөрийг үл тоох асан англичуудыг, кофе уух хэдэн зуу, мянган жилийн зан заншилтай арабчуудыг хэн одоо Старбакс уудаг болгочихов оо? Юу хэлэх гээд байна вэ гэхээр McDonald's, Coca Cola, Hollywood, MTV, Starbucks дэлхийг америкчлагдаж буйд гол нөлөө үзүүлж буй. Microsoft ч яг ижил. Ажлын арга барилаа дасал болсон франц, англи, итали, испани маягаараа биз америк сэтгэлгээгээр сольчих гээд байна аа энэ европчууд.

Тэгэхээр одоо яах уу? Оюуны хөдөлмөрийг дээдлэнэ, хүний өмчийг хамгаална гэдэг улсууд Майкрософтийн коре бизнесийг хуулбарлаж болохгүй дээ. Өөр технологи, өөр санаа хайх нь аргагүй. Үүнд нь нээлттэй эх их дус дэм болж байгаа. Нээлттэй эх АНУ-с гаралтай ч гэлээ хүний гайгүй сайн боловсорсон зүйл дээр суурь хийгээд өөрсдийн бүтээгдхүүн бий болгох нь хэрэгтэй байдаг биз. Хятадууд, европийнхон бүгд л хошуураад зүтгэж буй биз. Магадгүй нэгэн цагт Майкрософт мэт гиганттай мөр зэрэгцэх бизнестэй болно ч гэж буй биз ээ.

Мөн хүмүүсийг хоёр хэсэгт хувааж байгаа чинь ч бас л өвөрмөц сэтгэлгээ болжээ. Би лав ингэж ангилж үзээгүй юм байна. Ер нь миний аливаа ангилал хоёр дээр зогсож чаддаггүй, заавал олон ангилал үүснэ эсвэл нөгөө хоёрын чинь дунд холион бантан үүсчээд байдаг юм. Тухайлбал, чиний хоёр ангилалын алинд нь мань багтахыгаа тогтоож барсангүй.

Мань одоо тооцуурыг хэрэглэдэг нэгэн. Миний ажлыг хөнгөвчлөөд, хэрэгтэй зүйлийг хийж байвал дотор нь юу байгаа, яаж ажиллаж байгааг үл тооно. За яг үл тоох ч биш ээ, ерөнхий зарчмыг нь гадарлаж буй ч тэр бүр дотогшоо ороод байх цаг зав, боломж үгүй. Тухайлбал, мань гэртээ Windows Home Server хэрэглэдэг. Хэдийгээр өмнө нь Suse, RedHat хэрэглэж байсан, одоо ч ажиллаж байгаа ч Windows нь хэрэгцээг минь илүүтэй хангаж байгаа болохоор зүгээр л аваад хэрэглэчихсэн хэрэг. Одоо гэрт минь байгаа бүх компьютер автоматаар шөнө бүр бэкап (backup) хийгдчихнэ. Аль нэг компьютер ямар нэг шалтгаанаар эвдрэхэд уг сервэрээс бүх мэдээллийг сэргээчихнэ гэсэн үг. Мөн вирус, хорхой энээ тэрээс хамгаалах програмууд мөн ижил маньгүйгээр шинэчлэгдээд ажиллаж л байна. Xbox 360 тоглоом мөн үүгээр холбогдоод элдэв шинэчлэл нь хийгдэнэ, вэб харна, дуу татаад авчихна, элдэв кино үзчихнэ. Зөвхөн тоглоом биш жинхэнэ энтэртайнмэнт гээч чинь болно. Бусдын ижил мөнгөний гачлантай амьдардаг хойно, мөн хар багаас сурсан хааяа хүний юм зөвшөөрөлгүй туучих зангаа ч бас тавиагүй тул хулгайн кино нэтээр тэнэж явахад нь олоод үзчихнэ.

За эдгээр нь манийг нэгдүгээр ангилалд хамрахыг үзүүлэх байх. Тэгээд ч чиний дүгнэснээр Windows хэрэглэхийг илүүд үзэж буй биз ээ :-).

Гэтэл хоёрт бас ормоор санагдаад байх. “Компьютерийн хөгжилд өөрийнхөө амьдралыг зориулж амьдарж байгаа хүмүүс” гэдэг дэндүү гоё, маньд илүүтэй ойр санагдаад байх. Нэгэнтээ Баатар ах (баруун эргийн, цахим өртөөний гэхээр хүн бүр андахгүй дээ. Блог нь http://shbaatar.blogspot.com/) “бид чинь одоо дэлхийн хэмжээний шийдэл хийж яваа улс шүү дээ” гэсэн нь маньд их таалагдаж үе үе хамраа сөхөхөд хүргэнэ. Америкийн хамгийн том даатгалын бизнесийн мэдээллийн технологийн асуудлыг шийдэлцэж буй Баатар ах, Майкрософтын Өлзий нарын зургаан нөхөд, Яахоогийн Сувдмаа, Илиоснэтворкийн Амгаа, Тэмпл их сургуулийн Ундрах, Мизурийн их сургуулийн Бороо гэх мэтчилэн Гүүгл, Амазон, Эдоби-д буй монголчууд нараар бахархал ч төрдөг. Би эдний дунд гэхээр зүрх ч огшоод ирнэ дээ.

90-д оны дундуур Балгаа нарын нөхдүүдтэй нийлж Микрософтод захиа бичиж “ө”, ”ү” үсэг нэмүүлчих санаатай, Боролдой, Гээеэ нарын хамтаар Микрософтийн Москва, Бээжингийн салбаруудын хаалга татаж явсан үе ч дурсагдах. Тэр үед юун юникод байлаа шүү дээ. Юникодтой болоод харин сайхан болсон доо. Хуучин монгол үсэг ч үүнд хамарсанд их баяртай байдаг. Микрософт дэлхийг амерчлахдаа бас маниусийг хамруулаад манай бичгийг мөнхөлж буй хэрэг л дээ. Энэ ажилд харин Эрдэнэчимэг (блог нь http://erdeelym.blogspot.com/) багшийн үүрэг хамгийн өндөр байсан. Дахин дахин давтахад энэхүү ажлын тань төлөө Эрдэнэчимэг багш Танд их баярлаж явдаг шүү. Хэзээ нэгэн цагт нүүр тулж гар барин танилцах үе ирнэ ээ гэж санаж байгаа.

Тооцууртай, програмчлалтай мань холбогдсон нь энэ бичээд байгаагаас өмнөх явдал л даа. Есдүгээр ангид байхад Цэрэнбат багш бэйсик хэл манай мэргэжлийн хичээлээр зааж тэр зун нь бид математик, тооцоолох мэдээллийн хүрээлэнд Мексикт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн хамтаар дадлага хийснээс эхлэх байх. Дараа жил нь Бадарч багш, Эрдэнэбаатар багш, Сүхээ ах нарын нөхөд манай сургуулийн нэг өрөөнд “Пионер” гээч тооцуур угсарсан нь яах аргагүй их дэм болсон. Гэхдээ яг үнэндээ би энэ багтай нэг их ажиллаагүй юм. Тоонд илүү татагдаж, улсын, олон улсын олимпиад, бэлтгэл гээд цаг зав таарахгүй цөөн удаа хулгана могой тоглохоос хэтрээгүй санагдана. Хожим нь НЭТИ-д суралцаж төгссөн нь амьдралыг минь яах аргагүй тооцууртай холбосон доо. Оюутан байхдаа элдэв код нухаж, оюутаны эрдэм шинжилгээний багуудад хоёрдугаар курсээсээ хамрагдаж, си хэлийг багш нартайгаа цугтаа судлаж, үе үе багшдаа зааж зааж сагсуурч явжээ. Сүүлийн жилүүдэд нь DOS, RSX, Windows 2.0-д кирил үсэг хэрэглэх талаар сүрхий ажилласан нь сургууль төгсөөд эх орондоо амжилттай хөдөлмөрлөхөд үнэхээр их тус болж билээ. Дипломын ажлаараа маань хуучин монголоор DOS-д ажилладаг програм бичсэн нь нэг чулуу болгочихоор одоо ч санааны мухарт зүүгдээстэй хэвээр явдаг. Тухайн үед Norton Commander гээд нэг цэнхэр дэлгэц хаа сайгүй хэрэглэдэг байлаа. Windows гарч ирээд энэ алга болсон доо. Мань үүнтэй ижил гэхдээ хуучин монголоор гардаг эд си дээр хийсэн нь тэр.

За ер нь тооцуур, мэдээллийн технологитой холбогдох хорхой төрсөн үе минь бүр үүнээс ч өмнө хаа тэртээ тав зургаан настайд анх удаа тооны машин үзсэнээс ч эхэлсэн байж магад. Энэ талаараа хүүхдүүддээ зориулж жижиг тааруухан өгүүллэг тэрлэсэн нь ч бий. Ер нь блогтоо нэг тавих юм байна даа.

Ингэхээр мань хоёрдугаар ангилалд мөн хамрагдаж болохоор байгаа биз, Мөнхбаатар аа?

Tuesday, July 21, 2009

Дөлөөтэй мэтгэлцэж, тэрслүү үг чулуудах нь

http://www.dulmandakh.com/ гээд мань нилээд их орж уншдаг сайхан блог байдаг. Хөтлөгч нь Дөлмандах гээд гайгүй сайн мэдлэгтэй, харилцан чатлахад урамтай, хэлж буй зүйлийн цаад санааг олоод харчихдаг сүрхий хүү бий. Хийж буй бодож буй зүйлийнх нь талаар эсрэг байр суурь илэрхийлэхэд сүрхий сайн хамгаалж, мэтгэлцэж, ухаанаа уралдуулдаг нь ажигдагдана. Товчдоо, мэдээлэл холбооны технологийн Монгол хөрсөнд нээлттэй эхийн системүүдийг суулгах үр цацаж яваа нэгэн.

Дөлөөгийн санаж сэдээд ажиллаж буй нээлттэй эх гээчийн үр ашгийг мань мэт нь чамгүй хүртдэг. Мань хүнийг болон найз нөхдийг нь бүрэн дэмждэг ч үе үе эсэргүү, тэрслүү бичлэг маниас их гардаг юм.

Ер нь манай Номингийн багшийн зааж буй өөрийн эсрэг байр сууринаас ч сайн бичиж чаддаг байх хэрэгтэй гэсэн нь (Номингийн Wii тоглоомын талаар бичсэн эссэний тухай өмнөх бичлэгт бий) маний санаж явдагтай тун таардаг. Тэртээ жилүүдэд Ардын эрх сонинд ажиллаж, Өнөөдөр сониныхонтой холбогдож, олон шар хэвлэлийнхэнийг технологиор бойжуулалцаж байх үед мөн олонтоо дуулж сонсож явсан ч биз.

Ингээд тун саяхан Дөлөөгийн нэгэн бичлэгт тавьсан асуултууддаа би өөрөө хэрхэн хариулахаа блогчидтойгоо хуваалцья. Дөлөөгийн нийтлэл, мань хүний болон бусад улсуудын хариултыг Дөлөөгийн блогоос үзээрэй! Дөлөөд тавьсан асуултуудад мань өөрөө хариулбал:

Өөрийн туршлагаас үзэхэд манай компани Windows-с болж надад зарцуулж буй зардал нь нээлттэй эхийнхээс гарч буйгаас бага байдаг. Мэдээж би Windows-н үйлдлийн системийн төвшинд өөрчлөлт хийж чадахгүй, гэхдээ Windows-н суурь функц, нэмэлтүүдийн хамтаар нээлттэй эхийн програм хангамжуудаас огт дутахааргүй систем бий болгодог. .NET гээч технологи, C# хэлнүүдийн талаар цухас дурдаад байна л даа. Энэ системүүдийг анхлан худалдаж авахад төлбөр хийдэг. Мөн сургалтад хамруулах төлбөр хийж өгдөг. Жил бүр service package буюу нэмэлт үйлчилгээний хөлс төлнө.

Зөндөө төлбөр байгаа биз? Яагаад тэгвэл манай компанийн удирдлагууд ийнхүү илүү зардал гаргадаг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүмүүс систем солих нь илүү зардалтай гэж тайлбарладагтай санал нийлэх ч өөр бас бус ил тод хэлэгдээд байдаггүй тайлбарууд байдаг.

Ганц нэгийг нь тодруулбал аливаа бизнес хувь хүнээс тэгтэлээ их хамаарч болохгүй юм. Хувь хүн ажлаа сольж болно, ажлаасаа уйдаж болно, архи уугаад зугаацах ч эрхтэй шүү дээ. Энэ үед хэн нэгэн өөр хүн ирээд л нөгөө нээлтэй эхийг эхнээс нь компайл хийгээд унах уу? Эсвэл Микрософт гэдэг компани энэ асуудлыг хариуцсан нь дээр үү? Байгууллага байгууллагатай харьцах нь маш илүү найдвартай гэсэн үг. Нэмж хэлэхэд компанийн ажилтнууд өөрийн бүтээгдхүүнд хамааралтай ажил гүйцэтгэхээс тэр бусдын хэнээс ч илүү хийгээд байгаа зүйлтэй хутгалдаад тэднээс илүүтэй юм хийчих гээд гүйгээд байхгүй л дээ.

Бас нэг зүйл нь нэмж тодруулахад аливаа бизнес технологи нь үнэтэй бус хүн нь үнэтэй гэж үздэг. Тодруулбал, миний зардал windows авч хэрэглэснээс илүү гарна. Цалингаас гадна байх элдэв бусад зардлуудыг хэлж байна л даа. Benefit гэдэг юм энд бол. Жилдээ хэдэн цагийн цалинтай амралт өгөх вэ? Нийтдээ хэдэн цаг цалинтайгаар богино хугацаатай буюу эмчийн магадлагаагүй өвдөж болох вэ, эмчийн магадлагаатайгаар хэдэн цаг цалинтай өвдөж болох вэгээс эхлээд тэтгэвэрийн санд компани хэдийг төлөх вэ, компанийн ашиг орлогоос эсвэл хувьцаанаас хэдийн хэрхэн авах вэ гэх хүртэл өргөн асуудал хамрагдана. Мөн амь даатгал, мэргэжлийн сургалт, түүнтэй холбоотой гарах замын зардал, хоол хүнс, байр сууц гээд үргэлжлэнэ.

Нээлттэй эхийн систем нь өөрсдийн дотоод боловсон хүчинд илүүтэй найдсан, тэднийг түшиглэж, тэднээс хамаарсан асуудал болдог. Бизнес модель талаас нь харвал шүү дээ. Ингээд хүн илүү үнэтэй, хувь хүнээс байгууллага илүү найдвартай, компанийн ажилтнууд үндсэн бизнэстэй зууралдаж үндсэн бүтээгдхүүний өртөгийн нэмэгдүүлэхээс гадны сайн хийж буй бүтээгдхүүнийг давтах сайжруулахад зарцуулагдах нь буруу гэдгийн нэмээд мөнгөөр илэрхийлчихвэл систем солихоос хамаагүй өөр тоо гарна. Систем солих бол ёстой жоохон зардал.

Нээлттэй систем дөнгөж хөгжиж эхлэж буй харьцангуй шинэ зүйл л дээ. Мэдээллийн технологийн бизнес хийдэг core business буюу үндсэн бүтээгдхүүн нь уг салбарынх, түүнчлэн өөрсдийн хангалттай сайн боловсон хүчинтэй томоохон газрууд нээлтэй эхийг хөгжүүлэхэд тун эрчимтэй хувь нэмэр болж байгаа. Бусад салбарын хувьд урт удаан хугацаанд зардал багатай арга зам нь яах аргагүй хөгжөөд удаж буй бусдаас илүүтэй бүтээгдхүүн нийлүүлээд зах зээлийг эзэлчихсэн, элдэв суппорт дэмжлэгээ чанартай сайн үзүүлэх тодорхой системтэй болчихсон Микрософт мэт нь болдог. Энэ талын зах зээлээ ч сайн олоод харчихсэн Микрософт, Адоби, АйБиЭм, Оракл мэт нь барьцаа улам ахиулна уу гэхээс юу гэж зайгаа зүгээр өгөх билээ. Зайгаа хадгална гэдэг нь бизнесээ улам хөгжүүлнэ, бүтээгдхүүн үйлчилгээгээ улам сайжруулна, хэрэглэгчдээ улам ойртоно гэсэн үг.

Windows-р жишээлж буйгаас эх нь нээлттэй бус бүтээгдхүүнд гардаг зардлуудын талаар хэлсэн нь энэ бөлгөө. Хариултынхаа товч хэлбэрийг давтвал:

- Windows хэрэглэхэд зөвхөн худалдаж авахаас гадна олон зардал гардаг. Гэхдээ урт удаан хугацаанд авч үзэхэд барууны ихэнх компанийн хувьд нийт зардал нь нээлттэй эхийнхээс бага байгаа. Манай байгууллагын стратегийн төлөвлөгөө 5, 15, 30 жил гэж хийгддэг бөгөөд тэнд буй тооцоо ч үүнийг батладаг юм. Гэхдээ бид нээлттэй эхээс огт татгалзаж буй биш бөгөөд харин ч чамгүй хэмжээгээр хэрэглэж, хөгжүүлж байдаг.

- Нээлттэй эхийн програмуудыг үнэгүй татаж аваад хэрэглэхээр ямар ч зардалгүй байгаа гэж үзэж болохгүй. Мэйнтэнэнс зардал харьцангуй өндөр гардаг. Ялангуяа нууцлал, хамгаалалт, гадны дэмжлэг талаасаа зардал өндөртэй.

- Системийг тохируулж өгч буй ажлын талаас нь харвал ижил төрлийн шийдэл хийхдээ надаас хамаарахгүй ажлын хувьд дундажаар нээлттэй эхийн програмуудад би илүү цаг зарцуулдаг. Microsoft болон IBM-н хувьд тэд миний надаас хамаараагүй асуудлын шийдэж өгдөг. Жишээ болгоход, манай нууцлал алдагдаж онлайн худалдаанаас алдагдал гарвал IBM төлбөрийг нь барагдуулна. Имэйл удаад бизнес алдагдал хүлээвэл мөн л IBM хариуцна. Харин миний зохиосон програмаас болж элдэв алдагдал бусдад учруулсан бол манай компани IBM-д төлбөр хийнэ, тэд цааш нь дажуулна гэх мэтээр хариуцлага тооцогдоно. Аливаа хохирол хуульчиар дамжаад шүүх энээ тэр болбол хувь хүн хариуцаж барахгүй хэмжээнд хүрдэг тул хувь хүнээс байгууллага илүүтэй хариуцлагатай гэж үзэх нь аргагүй.

- Эцсийн хэрэглэгчид аль ч системийг нь хэрэглэсэн цаг хугацаа бараг ижил зарцуулдаг.

- Өндөр мэргэжлийн нисгэгчийг илүүтэйд үзэлгүй яахав. Залуудаа заавар бариад л өөрөө нисчихийг огтхон ч эргэлзэхгүй сонгох байжээ. Одоо бол хариуцлага гээчийг илүүтэй ухамсарлах боллоо. Цуг нисэх 200 гаран хүмүүс, ард нь хань ижил, үр хүүхэд, эцэг эх гээд шууд хамаарах 500 гэр бүл байгаа гэж бодохоор миний мөрөөдлөөс давсан хариуцлага гараад ирж буй юм. Яг үүнтэй ижлээр би Microsoft, IBM-д илүүтэй итгэдэг. Тэдний дунд нь алхаж, өндөр бэлтгэгдсэн мэргэжлийн нэгэн байхыг хичээдэг.