Friday, May 20, 2011

Мэдээллийн аюулгүй байдал vs. Мэдээллийн эх сурвалжаа хамгаалах

“Мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн эх сурвалжаа хамгаалах талаар таны бодол юу вэ, алийг нь илүүд үзэх вэ, яагаад?” гэсэн асуулт өмнө тавьсан билээ. Жиргээчид сүрхий олон хариу ирүүлээгүй, цахим өртөөчид мөн эргэцүүлж байх шиг. Хүлээж тэсэлгүй юутай ч өөрийн бодол саналаа илэрхийлж байхаар шийдэв.

Мэдээллийн аюулгүй байдал сэдэвтэй онол практикийн бага хурал Төрийн ордонд болж, УИХ-н веб хуудсанд илтгэлүүдийн товчлол нийтлэгдсэнийг хараад энэ талаар бодож эхэлсэн талтай. Сэтгүүлч Д.Цэрэнжав ахын ажиглагч блогтоо дурдсанаар бага хурлыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд мэдээллийн хадгалалт, хамгаалалт бол ерөнхийдөө цахим орчин болсон хэмээн эхлүүлжээ. Уг хурлын илтгэлүүд үнэхээр мэдээлэл холбооны технологийн зүйлс байв. Илтгэгчдийн дийлэнх нь төрийн байгууллагуудын төлөөлөгчид харагдсан. Эндээс Монголын мэдээллийн аюулгүй байдал төртэй их холбоотой юм гэсэн санаа төрлөө. Мөн энэ чиглэлийн хууль санаачилж, барууны орнуудын энэ чиглэлийн стандарт байгууллага CERT-г төрийн мэдэлд бий болгох санаачилга бий юм байна хэмээн ойлгов. Буруу ч юу байх вэ, тийм туршлага олон оронд бий. Мэдээллийн технологийн мэргэжлийн хүний хувьд хамгийн гол нь энэ чиглэл эх нутагт яг одоо идэвхтэй хэлэлцэгдэж анхаарлын төвд байгаад их талархалтай байна.

Мэдээллийн эх сурвалжаа хамгаалах талаар бол мэдээж энэ ойлголт ихэнхдээ сэтгүүл зүйтэй холбогддог. Ойрмогхон Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл олонтаа яригдсан. Хэвлэлийн консул байгуулах талаар нэлээд дурдсан харагдана лээ. Хуулийн энэхүү төсөлд мэдээллийн эх үүсвэрээ хамгаалах талаар зайлшгүй байгаа гэж найдаж байна. Глоб Интернэйшнл ТББ-с мэдээллийн сурвалжаа хамгаалах талаар орчуулж гаргасан сайхан гарын авлага гурван жилийн өмнө үзэж билээ. Эднийхэн дээрх хуулийн төсөлд идэвхтэй оролцогчийн хувьд, бас салбартаа мэргэжлийн мэдлэгтэй хувьд заалтыг тусгаа биз ээ. Одоо хүчин төгөлдөр байгаа хэвлэлийн эрх чөлөөний хуульд энэ заалт байхгүйгээс олон сэтгүүлчид өнөөг хүртэл хохирч ирсэн хэмээн Иргэдийн танхимын хэлэлцүүлэгт яригдаж байсан юм байна. Гэхдээ бас “Нууц эх сурвалжийг хамгаалах улс төрийн хүсэл, зориг алга” ярилцлага Зууны мэдээ сонинд харагдсан.

Уг хоёр ойлголтын талаар Монголын өнөөгийн байдал товчдоо иймэрхүү. Мэргэжлийн улсуудын хүрээнд хэлэлцэгдэж, мэтгэлцээн ид өрнөж буй энэ үед олон нийтийн ойлголт сул болох нь ажиглагдсан. Цахим өртөө холбооны сүлжээгээр лав “энэ хоёрыг харьцуулж болохгүй ш дээ. эсрэг сөргүүлэн харьцуулах боломжгүй” гэх өртөөчид байсан. Жиргээгээр “Мэдээллийн аюулгүй байдал илүү. Ямар ч нөхцөлд суурь хүчин зүйл чухал байлгүй” хэмээсэн байв.

Миний хувьд ингэж харьцуулах шаардлага гарвал мэдээллийн эх сурвалжаа хамгаалах нь илүүтэй жин дарах ёстой гэж санадаг. Учир нь мэдээллийн аюулгүй байдал гэдэг төртэй их холбоотой, ялангуяа төрийн нууцын хэмжээнд хуулиар хамгаалсан байдаг. Энэ мэдээж зөв. Хар хайрцаггүй, нууцгүй төр гэж юу байх билээ. Хэчнээн ил тод, ардчилсан засаглал байлаа ч нууц бол тодорхой хэмжээнд заавал байсан, байдаг, байх ч ёстой. Үүнийгээ хамгаалах хэрэгтэй, хэрэв алдагдвал гоожсон нүхийг олж бөглөхийг хичээх нь ойлгомжтой. Ингэж чадахгүй бол их аюултай, нэг талаас. Манай Монголд төрийн нууц алдагдсан тохиолдол цөөнгүй гарсан. УИХ-н нэр бүхий гишүүн буцаан татагдсан үе ч бий. Нөгөө талаас энэ нууцыг мэдэх албан тушаалгүй сэтгүүлчид, дөрөвдэх засгийнхан эрэн сурвалжлага хийдэг. Тэдэнд ямар нэг замаар мэдээлэл хүрнэ, тэгээд хэвлэл гарна. Ингэхээр нууц задарсан асуудал үүснэ дээ. Хэрэв сэтгүүлч хаа нэгтэйгээс мэдээлэл аваагүй, эх сурвалжгүй байвал нууц хулгайлсан хэрэгт орно. Эх сурвалжтай гээд тэрийгээ хэлчихвэл хожим хэн ч дахин мэдээлэл өгөхгүй, дамжуулахгүй болно. Үр дагавар нь нууц улам их болно, төр улам хүчтэй болно, төр ил тод биш болно, дөрөвдэх засгийн боломж хумигдана, хэвлэн нийтлэх эрх чөлөө бага болно. Улмаар ардчилал алга болно. Ингэхээр мэдээллийн эх сурвалжийг хамгаалах нь мэдээллийн аюулгүй байдлаас илүүтэй чухал юм.

Гэхдээ амьдрал дээр, ардчиллын үлгэр жишээ болсон АНУ-д мэдээллийн эх сурвалжаа хэлээгүйн төлөө хоёр сэтгүүлч шоронд суусан, гарч ирээд тэднийг ажлаар хангах хэвлэл мэдээллийн хэрэгсэл Америкт гараагүй явдал хэдхэн жилийн өмнө болсон юм. Шат дараалан олон шүүхээр дамжсаар эцсийн шатанд асуудал дээд шүүхэд хүрч бүх насаараа сонгогддог шүүгч нар мэдээллийн аюулгүй байдлыг илүүтэй гэж үзсэн нь тэр. Мөн энэ нь улсын нууц, үндэсний аюулгүй байдалд хортой, сэтгүүлчид хууль зөрчсөн гэх шийдвэр бөлгөө. Америкийн хуулийн тогтолцоогоор жишиг шийдэл гэсэн ойлголт байдаг бөгөөд хожим ижил төрлийн хэргийг яг ингэж шийднэ гэсэн үг юм. Ийнхүү үндсэндээ үндэсний аюулгүй байдлыг ардчиллаас илүүтэй, мэдээллийн аюулгүй байдлыг эх сурвалжаа хамгаалахаас илүүтэй үзчихлээ гэж дүгнэсэн хэрэг болж билээ.

Америкийн практик жишээ нэг иймэрхүү, харин Монголд эдгээр ойлголтуудыг хэрхэн шийдэх хуулиудыг, тогтолцоог яг одоо хэлэлцэж байна. Иргэд мөн үүнд идэвхтэй, хариуцлагатай хандаж, ялгаа заагийг тодруулж, санал бодлоо хууль боловсруулагчдад хүргэж байх хэрэгтэй юм.

Thursday, May 12, 2011

Үндэсний аюулгүй байдал vs. Ардчилал

Хэд хоногийн өмнө гадаадын цөмийн хаягдал Монголд хадгалах тухай сүрхий шуугив. За одоо засгийн газрууд хэвлэл мэдээллийн хооронд тулаан гарна даа хэмээн бодож энэ талаар зарим нэг харьцуулалт хийн бодож үзэв. Гол нь Японы Mainichi, АНУ-н Wall Street Journal гээд мэдээллийн чанартайхан эх сурвалжаас асуудал цацагдсан нь басхүү сэтгүүл зүйн тодорхой зарчим барьж ажилладаг нэр төртэй холбогдоно. Мэдээж нэр холбогдсон улсуудын засгийн газрууд дор нь няцаалт өгнө лээ. Энэхүү болсон үйл явдалтай холбоотойгоор бодож санасан зүйлсээсээ хуваалцахаар шийдэв.

Ухаан нь нэг их мэдэмхийрэгч болох гээд төрийг дөрөв дэх засаглалтай харьцуулаад буй нь энэ. Гэхдээ нэг зүйлийг анхаарахад энэ хэдэн өгүүлбэрийг хэлхэгч нь сэдвийнхээ талаар мэргэжлийн нэгэн биш сонирхогч, зүгээр л энгийн иргэн юм хойно нарийн ширийн дээр нь наана цаанаа бодох нь байх биз ээ.

Ингээд хамгийн түрүүнд “Үндэсний эрх ашиг болон ардчилал - алийг нь илүү чухалчилж үзэх вэ?” хэмээн бодов. Үнэндээ эхлээд “ардчилал чухал байлгүй дээ, энэ байхгүй бол тэгээд жинхэнэ үндэсний эрх ашиг алга болчихно доо” хэмээн санагдаж байв. Гаргалгаа нь маний туулсан амьдралын эхний гучин жилийн туршлагаас харагддаг. Тэр үед одоогийн ардчилал гэсэн ойлголт байхгүй, үнэндээ энэ үг Герман, Солонгос зэрэг зарим улсын манай талынх нь нэрийн тодорхойлолт төдийгөөр ойлгож байв. Ардчилал нь манай улсад бол падгүй хэрэг ч бидэнд үндэсний эрх ашиг гэхээр ойлголт бол байлаа байлаа. Баруун болон урд зүгийн дайснуудаас хамгаалах ойлголт, үүнтэй холбогдож гудамжиндаа үе үе чулуу нүүлгэн жижиг шажиг зодоон маягийн зүйл гаргах мэт. Гэхдээ энэ нь өнөөгийн үндэсний эрх ашгийн ойлголтын дэргэд юу ч биш, “жинхэнэ” нь биш “хулхи” зүйл байж. Ингээд амьдралын ухаан суух цагтаа олж авсан “эрдэнэ” болох зүйлээ хамгаас илүүтэй үнэлээд буй хэрэг. Гэхдээ бас өөр талын бодол дотроос хатгаж мэтгэлцээд болдоггүй.

За ингээд “олноороо хэлэлцвэл буруугүй”, “нэг толгойноос хоёр толгой илүү” гэх мэтээр санаж асуултаа жиргээчдэд тавилаа, Цахим өртөө холбооны сүлжээгээр мөн асуучихлаа. Хамгийн түрүүнд МҮХАҮТ-н С.Дэмбэрэл дарга “Назарбаяв Киргизстан хоёрыг харьцуулж байгаа юм шиг дуулдаж байна. Мэдээж ардчилал чухал. Ардчилалтай байхад үндэсний эрх ашиг бий болно эсвэл биелнэ” гээд жиргэж байна шүү. Өөрийн минь сонголттой таарсан хэдийч жаахан үргэлжүүлэх санаанаас зөрлөө дөө. АНУ-д бол үндэсний эрх ашгийг илүү хамгаалууштай гэж үзээд сэтгүүлч шоронд суухаар шүүх шийдсэн үе бий гэтэл “мэдээж АНУ-д өөр, ардчилал өсөх насны газар өөр дараалалтай. Жишээ нь, Назарбаяв үндэсний аюулгүй байдалдаа гарамгай гэхдээ тэнд ардчилал байхгүй” хэмээн хариулж байна. Тэгвэл таны бодлоор Монголд гээд сөргүүлээд асуутал “Монголд үндэсний аюулгүй байдлын институт өөр, замбараагүй, заримдаа нервтэй. Концэптоо гурван сарын өмнө л баталлаа ш дээ. Ардчилал – мэдэхгүй ээ” гэжээ. Гэхдээ л аль аль нь манай үндсэн хуульд тусгагдсан эд. Тэгээд гурван сарын өмнө концэптээ шинээр баталсан бол бүр сонирхолтой хэмээтэл “үндсэн хуульд амьд явах эрхтэй, эрүүл орчинд амьдрах эрхтэй гээд олон зүйл бий. Тэгээд юу гэж?” гэжээ. Тэр олон зүйл яаж эрэмбэлэгдэхийг энэ хоёроор жишээлсэн юм аа гэж тайлбарлав, цаашаа сэдвээс хальсан болно :-).

Энэ хооронд олон сайхан жиргээ иржээ. Идэвхтэй жиргээч, нээлттэй эхийн жинхэнэ фэн Ж.Дөлмандах “Ардчилал лав биш” гэсэн нь “ий, нээлттэй эх биш гэчхээгүй нь их юм“ гэж тоглоом дотор бодогдуулсан ч жиргэж амжаагүй юм. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртөлж ирэхээр зорьсон, Японд доктор хамгаалахаар сурч буй Олонхууд Лхагвасүрэн “Ардчилал нь үндэсний эрх ашиг дотроо хамаарагдахгүй юу?” гэсэн нь үндэсний эрх ашиг алга болчихвол ардчилал цугтаа үгүй болно, иймд үндэсний эрх ашиг чухал гэсэн санаа хэмээн ойлгосон бол наран улсаас patatepata “үндэсний эрх ашгийн төлөө ардчиллыг үл тоовол фашизм болно шүү” хэмээн жиргэжээ. Лхагвасүрэн “бид өөрсдөө хүсээд ардчиллаар замнасан, тодруулбал үндэсний эрх ашгийнхаа төлөө” гээд тодруулжээ. Mglbluesky буюу Отгонбаатар “Үндэсний эрх ашиг чухал. Францад Мөнхийн анд гэж үгүй харин мөнхийн эрх ашиг гэж бий гэдэг шиг. Дараад нь ардчиллаа ярих байхдаа” гэжээ. Мэдээллийн технологийн мэргэжилтэн, ТИС-н анхны АСУч Д.Тамир “ямар ч нийгэм багаахан эрх ашиг олохын тулж жаахан эрх чөлөө зарцуулбал хоюуланг нь алдана” гэж жиргэсэн нь нэлээд оновчтой санагдавч яг аль нэгийг нь сонгох мөчид сайн гарц болж чадахгүй тайлбар юм хэмээн бодогдов. Мөн цахим өртөөч, санхүүч Б.Найдалаа “Эргэлзээгүй Үндэсний эрх ашиг” гэсэн сонголтоор жиргэжээ.

Цахим өртөө холбооны сүлжээгээр Ц.Буянцогт анд “Үндэсний эрхашигт нь гараа өргөе.” гэжээ, харин тайлбараа бичиж амжсангүй энэ удаа. Мөн “Америк чухал уу, Монгол чухал уу гэж асууж байгаа мэт асуулт байна … үндэсний эрх ашиг чухал” гэсэн имэйл анхаарал татлаа. Цахим өртөөний сүлжээгээр (энэ нь дээрх 150 гаран гишүүнтэй холбооны сүлжээнээс ялгаатай, дэлхийгээр тархсан 4000 гаран өртөөчинтэй кибэр орчин юм) “Үндэсний эрх ашиг & Ардчилал гэж ингэж сөргүүлж тавихаар хоёр өөр ойлголт юм уу? Ямар хүрээнд вэ? Үндэсний эрх ашиг & Даяарчлал 2 гэсэн утгаар байна уу? Үндэсний эрх ашиг гэдэг нь ямар утгаар юу гэсэн үг вэ?” гээд олон асуулт сөргүүлж тавьжээ. Мөн үүнийг нь өөр нэгэн өртөөчин жиргэж асуусан гэнэ. Үүний тодруулга нь энэхүү бичлэгийн эхнээс мэдрэгдэх байх аа.

За ингээд улсууд байр сууриа илэрхийлж мэтгэлцээн өрнөсөөр байна. Миний хувьд дотроо өөр өөр байр сууриар үзэж тарсаар … нөгөө нэг хүн дотор жинхэнээсээ хоёр хүн зодолдож байдаг гэсэн шүү онигоо байдаг шиг. Юутай ч энэхүү бичлэг эхлүүлсэн гол зорилгодоо хүрэх үүднээс хоёрдох асуултаа гаргаад бодож дотроо мэтгэлцэж л сууна. Жиргээнд бас өртөөнд асуултаа тавьчих байгаа.

Мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн эх сурвалжаа хамгаалах талаар таны бодол байр суурь алийг нь илүүд үзэх вэ, яагаад?” гэсэн асуулт бий. Жиргээнд лав ганц нэг хариу ирж харагдана лээ.

Monday, May 2, 2011

АНУ дахь монгол бизнесүүдийн хөгжил, хэрэгцээ

Хойд Америк Монголын бизнес зөвлөлийн жилийн ээлжит хурал Вашингтон хотноо болж Монгол Улсын гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар урилгаар оролцож үг хэллээ. Мөн Элчин сайд Хасбазарын Бэхбат, Элчин сайд Грегори Голдхок, Элчин сайд Ла Порта, АНУ-ын худалдааны яамны Зэн Гросс, Гэйж компанийн Лио, Монгол нийгэмлэгийн Алиса Кампи нарын эрхмүүд үг хэлсэнтэй зэрэгцээд АНУ дахь монгол бизнесүүдийн хөгжил, хэрэгцээний талаар 10 минут ярих боломж гарав. Товчдоо, америкийн монголчуудын бизнес юу хийдэг юм, ямар салбарууд тэргүүлдэг юм, зарим нэг жишээ татаж, тэнд суугаа америк канадын хөрөнгө оруулагчдад, засгийн газрын шийдвэр гаргагчдад бид юу санал болгож, юуг чадах юм, бас бидэнд юугаар тус хүргэвэл хэрэгтэй талаар дурдав. Ингээд хэрэглэсэн товч танилцуулгаа блогдоё.