Friday, December 21, 2007

Зул сарын баярын мэнд хүргэе!

Christmas л гэнэ, монголоор зул сарын баяр гэдэг байх аа. Би л тэгэж ойлгоод, санаад байгаа шүү. Арван хоёрдугаар сарын 25-ны өдрийг хэлж байна. Америк даяар амарна. Өвлийн өвгөн гуай, за бид багаасаа тэгээд нэрлэж заншсан, тэгээд мань хүн - Гомбосүрэн гуай шинэ жилээр ирж бэлэг өгдөг сөн. Энэ Америкт бол зул сарын баярын өмнөх өдөр яндангаар орж ирээд зөндөө бэлэг хүн бүрт үлдээгээд явчихна.

Бизнесүүд хүртэл энэ л үер хэрэглэгчиддээ элдэв бэлэг сюрприз барих. Аргамаг ч бас яаж зүгээр байхав, ганц нэг зүйл бэлтгэлээ. Юун түрүүнд залгаж ярих улс, хот нэмээдэхлээ.

Ноднин жил шинэ оны мэндийг Монгол руугаа утасдаж хүргэхээс гадна Солонгос руу залгачих боломж байсан билээ. Энэ зун ИБУИНВУ нэмэгдсэнийг мэдэж байгаа, та бүхэн. Манай хэрэглэгчид Япон, Хятадад байгаа гэр бүл, найз нөхөд, ах дүүстэйгээ ярьсан шигээ ирж буй 2008 оноо угтаж, хуучнаа үдэж болно. Холыг холбох, хоёрыг ойртуулах ч хөгжилтэй сайхан ажил шүү.

Бас нэг бэлэг нь бид Омега 20 картны ярих хугацааг баярын үер нэмэгдүүлж байгаа. Улаанбаатарын суурин утсанд 240 минут, гар утсанд 140 минут яриулах боллоо.

Ахиад нэг бэлэг байгааг аргамагийн онлайн хэрэглэгч нартаа зориулав. Баярын өдрүүдийн үер нэмэлт шагналын оноо нэмж өгөхөөр боллоо. Ингэснээр 3/5/10 карт тутам үнэгүй карт авах боломтой байсан та бүхэн 1/2/4 карт тутам үнэгүй карт авах болно. Тодруулбал, нэг 20 долларын карт худалдаж авахад нэг таван долларын карт үнэгүй авчих шагналын оноо авна. 10 долларын карт хоёр таван долларынхаас хамаагүй илүүтэй минут ярьдаг болохоор эхнийхээ шагналыг хэрэглэлгүй ахиад нэг хорийн карт авчихад 10 доллар үнэгүй ороод ирнэ. За бүр гүрийгээд хамдралтай, шагналтай байгаа дээр нь гээд ахиж хоёр карт аваад жоорлочиход 240 минут үнэгүй олдоно. Жоорлож чаддаггүй бол найздаа аваад бэлэглэчих, цаадах чинь шаваагаа ханатал нэг нутгаадаа яриг л дээ.

За ингээд шагналын оноо ахиу аваад үнэгүй зөндөө минут олдох нь, бас дээр нь 20% хямдралтай буюу 20% илүү минут карт болгон дээрээ яриад авна. Нийт дүндээ нэг минутыг 5-10 цэнтээр чанартай сайн яриад авах нь. Нарийн математик үйлдлүүдийг хэрэглэгч, уншигч Та өөрөө хийгээд үз!

Сайхан баярлаарай!

Wednesday, December 19, 2007

Гомдол барагдуулах ...

Утасны картны минут унах эсвэл ямар нэг доголдолтой байвал хэнд хандах вэ? - энэ асуултыг надаас олон хүн асуудаг. Биднийг утасны карт эрхлэхээс өмнө ч асуудаг л байсан. За энэ талаар АНУ-н холбооны харилцаа холбоо зохицуулах хороо ( Federal Communications Commission - FCC)-ны сайт дээр байдаг материалаас дурдая.

- Эхлээд утасны карт авсан газрынхаа хэрэглэгчийн товчоо руу залга. Ихэнх карт дээр уг утасны дугаар бичигдсэн байдаг.

- Хэрэв энэ арга ажиллахгүй бол Таны байгаа орон нутгийн “Хэрэглэгчийн эрх ашиг хамгаалах хэлтэст” ( local Consumer Affairs Department) эсвэл муж улсынхаа “Ерөнхий Прокурор” ( state Attorney General) –т бичгээр гомдол гарга. Тийшээ утсаар ярьсан ч болдог. Хаяг, утасны дугаарыг орон нутгийн лавлах ( the blue pages of your telephone book)-с аваарай.

- Түүнчлэн, Та тухайн орон нутгийн бизнес сайжруулах хэлтэс ( local Better Business Bureau) -т хандаж болно. Холбооны худалдааны зохицуулах хороо (Federal Trade Commission - FTC) -д хандаж ч болно. FTC-д үнэгүй ярих 1-877-FTC-HELP (1-877-382-4357) гэсэн утас бий.

За ингээд хааш нь хэнийг хэрхэн ховлох замыг заагаад өгчихлөө. Ийм зүйлээр чи өөрийнхөө унах нүхийг бэлтгэж байна гэж тоглоом хийдэг улс олон байдаг ч үнэндээ утасны карт гээчид хэдэн цэнтээс аваад хэдэн доллар алдаад хэнд хандах, хэрхэхээ мэдэхгүй тохиолдол маш их гардагаас л тэр. Үүнээс болоод утасны карт болон энэ бизнес эрхлэгчийн нэр хүнд хүртэл унадаг талтай.

Надад хүртэл тохиолдож байсан явдалаас хуваалцахад нэг удаа бизнесийн хэрэгцээ гараад банкнаас зээл авах хэрэг гарлаа. Нилээд эртний явдал л даа. Аргамагийн банкны гүйлгээ ч нэг их байгаагүй үе. Банк зээлийн бизнесийн зориулалтыг асууж лавлаад утасны карт тун найдваргүй төрлийн бизнес ангилалд ордог, танайд өөр төрлийн бизнес бас байдаг хойно тэр талаасаа хандвал хүү багатай байж болно, эсвэл та хоёр хувиараа ийм зээл хүсвэл зээлийн түүх сайтай, зээлийн оноо хэр өндөрөөс хамаараад илүү дээр байх гэж зөвлөхөд миний адгуу зан хөдөлж заавал утасны карт гэдгээрээ апплай хиймээр санагдаад болдоггүй.

Колумбиа коллэжэд бизнэсийн удирдлагын мастерийн хэдэн хичээл үзэж ихэнх дээр нь Аргамагийн дата дээр ажиллаж цаас бичсэн, тэгээд ч яг энэ үед маркетингийн хичээл авч зээлийн маркетинг, этик гээд гурваас дөрвөн сэдэв агуулж презенташион тавих даалгавартай байлаа. Ном болон бодит банкны кэйсээ хамсгаад нэг сумаар хоёр туулай буудахаар ажиллаж гарлаа.

Хамгийн түрүүнд дээрх заавар хэрэг болсон. Хэрэглэгчээ ийм мэдээллээр хангаснаар хэрэглэгч сэтгэл дундуур үлдэх нь өөрийн бизнесийн нэр хүндийг унагахаас гадна, орон нутаг, засаг, төрийн тухайн асуудал зохицуулах байгууллагуудад асуудал үүсгэх нь тийм ч сайн хэрэг биш. Тухайн байгууллагууд бизнесийг хаах хүртэл арга хэмжээ авч бүрэн чадна.гэхдээ энэ нь бизнесийн хувьд аюултай гэхээс илүүтэй бизнесийн болон бүтээгдхүүний нэр хүндийг өсгөх, өөрийн хариуцлагыг сайжруулах, хэрэглэгч бизнес эрхлэгчийг ойртуулах, ойлголцуулахад дөхөмтэй нь ойлгомжтой.

Decision science for business хичээлд бичсэн цаас, пресентатионаасаа бас нэмчихлээ. Үүгээр Аргамагийн Омега карт эрхлээд жил болсоны дараа оптимал үнэ тогтоох судалгаа байсан юм. Үйлчилгээний математик модель зохиож, регрешион анализ гээч зүйл хэрэглэж хэрэглэгчдийн толл фрий дугаарт залгаж ярьсан сарын дундаж болон сард хэрэглэсэн минутын холбоог тогтоож, үүнийгээ моделийнхоо обжектив функцыг тодорхойлоход хэрэглэж, моделийн болон шийдвэр гаргах програмчлалын оптимал шийдэл олох солвер аргаар үр дүнд хүрэх тухай юм. Энэ нь үйлчилгээний үнэ, өртөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо, судалгаагаар тогтоодог жижиг бизнес юм гэдгийг харуулсан хэрэг гэж үзлээ. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг бүтээгдхүүнийхээ өртөгтэй холбож үнэ тогтоодог гэдэг нь бас сайн маркетинг хийх үндэс болох, мөн уг бизнэс тааруухан ангилалд хамаарах уу, үгүй юу гэсэн асуудалд ч нөлөөлөх нь ойлгомжтой байх.

За дээр нь нилээд хэдэн зүйл тодруулж нэмээд "бай"-гаа ч оносон шүү, дээр нь блог гээд бас туулай одоо нэмчихэжээ. Дараа нь дээр дутуу өгүүлснээ зүйл тус бүрээр нь задалж блогдоно оо. Одоодоо энэ дээр бичсэн хаваасаг, надад лав ахадсан урт бичлэг болжээ.

Monday, December 17, 2007

ЗАЛУУСЫН ТУЛАХ БАГАНА БАЙЖЭЭ, ТА

Хурдны замаар цасан шуурганд, тас харанхуйд давхисан айдас арилж, сайхан нойрссон би гээч хүн “бөөн план” болж суух ... Вийкэндээрээ өөр хотод яваа нь энэ ... утас дуугарч, эхнэр авлаа ... эргээд залгуулъя гэх нь дуулдав. Чикагогоос Ц.Энхтүвшин залгасан аж. Би ч дор нь эргүүлээд утас цохив ... Их таагүй мэдээ дуулчихлаа. Нэг л итгэдэггүй эргүүлээд залгалаа, чи юу хэлчих вэ гээд асуулаа. Хэлсэн дуулсан хэн хэн нь итгэхгүй л байлаа.

Монгол руу нэлээд залгалаа, утсаа авдаггүй. Нутагт шөнийн хоёр, гурав болж байгаа болохоор аргагүй. За тэгээд би ч хэд хэдэн айлаар зочилж байгаа хүн бусдын настрийг унагаж болохгүй ч нэг л дүнсгэр, эрхлэгчийнхээ талаар л найзуудтай ярилцах ... Нэг мэдсэн шөнийн хоёр дөхөж байна. Чимээгүйхэн гараад Даваажав, С.Батбаатар нар руу залгалаа. Үнэн үү, үнэн ... Ийм үед ярих ч юм олдохгүй юм билээ. За удахгүй тухтай залгая, гээд утсаа салгах. Яасан, юу болсон бэ ч гэж хэн хэнээс нь асууж чадаагүй ...

Дахиж нэг хоночихоод дөрвөн цаг давхиж гэртээ ирлээ. Интернэтээр жаал хэсүүчиллээ, сонин хэвлэл онлайн сайт бүрт мэдээ гарч эмгэнэл илэрхийлжээ. Одоо үүнийг бичих гээд сууж байхдаа би бас л итгэхгүй байна ...

Эрхлэгч маань өнгөрчихжээ ... Итгэж өгөхгүй л байна. Хүн бүр бичиж байна, дурсаж байна, түүнийг. Миний ч гэсэн хуруунууд товчлуур дээгүүр өөрийн эрхгүй гүйлээ. Би бичгийн хүн биш, Монголын сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн хойморт заларч явсан эрийг би хэрхэн дүрсэлж бичиж дөнгөх билээ дээ. Гэвч бүтэн гурван өдөр толгойд эргэлдэх бодол, дурсамж, уй гашууг хуваалцалгүй өнгөрч чадахгүй нь.

Энэ эрхэм хүний удирдлагад ажиллаж, улмаар шадарлан ойртох боломж гарч байсанд би үнэхээр сэтгэл дүүрэн явдаг. Өсөх багаасаа тооны хичээл сонирхон улмаар технологийн мэргэжлээр сургууль дүүргэсэн би хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин, хэвлэл, телевизээс хол хөндий байсан юм. 1994 оны хавар “Ардын эрх” сонинд ажилд орохоор, Бал эрхлэгчтэй хагас цаг гаруй ярилцсанаа мартдаггүй. Тэр үед Монголд огт байхгүй технологийн шинэчлэлт хийх төлөвлөгөөгөө товч танилцуулаад цааш олон зүйл ярилгүй, надаас “Чи чадах уу” хэмээн асуугаад их нухацтай харсан.

Тэр харц намайг хэчнээн ухааруулж, хариуцлага, ажил хөдөлмөр гэж юу болохыг мэдрүүлж өгсөн. Одоо ч энэ л харц өндөр хөгжил, хурдацтай технологитой мөр зэрэгцэн хөдөлмөрлөх, нэг л эхэлсэн ажлаа үргэлж гүйцээхийг сануулж явдаг билээ. Бал эрхлэгч Та залуучуудыг үнэн сэтгэлээсээ дэмждэг, сургадаг, хүмүүжүүлдэг, залуусын жинхэнэ тулах багана байсныг тань би өөрийн жишээн дээр хэлэх гэсэн санаа минь энэ.

Хүний чадахгүй гэж бодсон ажлыг ч сургаж, хийлгэж чадна. Хэлсэн ярьсан бүгдээ бичээд ир гэж намайг шахна. Миний бичих гэж юу билээ, ухнатаж ухнатаж, хэвлэсэн хэдэн хуудас сарвайна. Түүнийг нэг л харна, гэхдээ их хурдан, мэдэхгүй хүнд зэрвэс харсан мэт. Гэтэл түүнийг уншаад, бодоод, ойлгоод авсан байна. Найруулга зүй байтугай зөв бичих дүрмээ гадарлахаас хэтрэхгүй хүний сараачсан, өөрийн мэдэхгүй технологийн хуурай бичвэрийг уншаад ойлгочихож байгаа нь тэр. Арав хэлж ярьснаас нэг л бичихэд өчнөөн олон удаа бодно, тэр тутам эцсийн бүтээгдэхүүн боловсронгуй болно. Одоо бол би хүмүүсийг бичээд ирээ л гэдэг болсон байна лээ. Таны л сургууль юм даа.

Бал эрхлэгч, Та Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбараар ч зогсохгүй мэдээллийн технологийн соруудын нэг нь байлаа. Тийм ээ, Та олон хүнд энэ салбараас хол юм шиг харагдах ч таны санаачилга, шууд оролцоо, дэмжлэгээр Монголын өдөр тутмын сонины эх бэлтгэл компьютерээр анхлан хийгдэж, Монголын хэвлэл мэдээллийн байгууллага хамгийн анх удаа компьютерийн өөрийн сүлжээтэй болж, Монголын хэвлэл мэдээлэл интернэтэд өөрийн байраа эзэлж билээ. Энэ бүгд тухай бүртээ Монголын мэдээллийн технологийн дэвшил ахиц болж байлаа.

“Ардын эрх” сонины компьютерийн төвийн анхлан зохиож хэрэглэсэн програм, мэргэжлийнхэн нь тухайн үед 128-аас хойших гар хэмээн нэрлэж байсан зүйл бол үнэхээр тэр үеийн Монголын компьютерийн хэрэглээний хувьсгал байсан даа. Товчдоо бол кирилл болон латин үсгээр Windows орчинд шууд фонт солилгүй бичих боломж 1994 оны хавар гэхэд Монголд байгаагүй юм. Мэргэжлийн их сургуулиуд, тухайн үед Монголдоо мэдээллийн технологиор тэргүүлж байсан Мэдээллийн харилцаа компани, Хөрөнгийн бирж, Статистикийн газраас эхлээд олон байгууллагаар явж, судлаад ийм зүйл байхгүй байна гэхэд Та “Тэгээд хийчихээ ч дээ, “Ардын эрх” хувьсгал хийе л дээ” гэж хэлж байсан нь миний санаанд тод тусаж, өөр олон зүйлд зоригтой хандах том сургамж өгчээ.

Мөн таны оролцоо дэмжлэгээр Монголын мэдээлэл зүйн олимпиад амжилттай үргэлжилж, жил бүр түрүүлсэн, тэргүүн байруудад шалгарсан олон сурагч одоо Монголын компьютер, интернэтийг тодорхойлж байна.

1995 оны өвөл юмдаг. Нэг өглөө шуурхайн дараа “Чи ороод ирээ” гэв. Хурал дээр сонин цагтаа буудаггүй, сүлжээ их саатаж байна гээд нэлээд үзэлцсэн, хэдэн ч хүнтэй тулаад авсан бухимдуухан би өрөөнд нь дагаад оров. Гэтэл өөдөөс шал өөр зүйл инээмсэглэсээр асуусан нь “Интернэт гэж мэдэх үү?” гэж байна. Би ч сурсан зангаараа баахан тайлбар урсгахаар ярьж эхэлтэл “За явъя” гээд Мэдээллийн харилцаа компани дээр очиж Д.Энхбат захиралтай уулзаж билээ. Интернэтийн байнгын төвийн нээлт хийхийн өмнө цөөн хүмүүст ганцаарчилсан танилцуулга хийсэн нь тэр бөгөөд “За, би орчуулагчтайгаа ирлээ” гээд инээж байж билээ.

Ингээд удалгүй интернэт албан ёсоор нээгдээгүй байхад л “Ардын эрх” хэрэглэгч нь болж байв. Групп 10 буюу олон хэрэглэгчтэй байгууллагын ангиллаар холбогдсон нь тухайн үедээ АНУ-ын Элчин сайдын яам, Цаг уурын газар тэгээд л “АЭ”. Хагас жилийн дараа “АЭ” анхны вэб хуудсаа хийж билээ. Хожим нь “Өнөөдөр”, “UB Post”, “Өдрийн сонин”-ы вэб хуудсууд www.mol.mn/argamag/... хаягаар гадаадад байгаа монголчууд болон Монголыг сонирхдог гадаадынхан уншиж, талархлын и-мэйл олноор ирдэг байсныг санаж байна. Өнөөдөр ч гэсэн “Монгол ньюс”-ийнхээс өөр хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар вэбээ хийчихсэн, өдөр тутам шинэчилж байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголд алга. Үүгээр таны торгон мэдрэмж, ирээдүйг олж харах чадварыг тань дурсахыг хичээлээ.

1996 оны сонгуулийн дараа шинэ засаг төрийн шийдвэрээр та ажлаа өгсөн. Ингэхэд “Өнөөдөр” сонины эх бэлтгэх анхны хоёр компьютерийг угсарч ажиллуулж байснаа үнэхээр их аз гэж боддог. Ер нь “Ардын эрх”-ээс авахуулаад “Монгол ньюс”-ийн бүх компьютер, сүлжээ, хэвлэлийн эх бэлтгэх хэрэгсэл, программ хангамжууд үнэндээ таны ажил, таны бүтээл байсан билээ. Таны удирдлага, таны менежмэнтгүйгээр энэ бүгд бүтнэ, ажиллана гэдэг худлаа байсан.

Хэдхэн хүнд чимээгүйхэн “надтай цуг шинэ сонин гаргах уу” хэмээн санал тавьж байхад тань “Би хийж эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзмээр байна. Сониндоо үлдэе, гэхдээ танд хэрэгтэй бүх нөхцөл технологийг би бүрдүүлж өгнө өө” гэж билээ. Ингээд амралтаа аваад тантай цуг явж компьютер, сүлжээний техникийн шийдэл хийж өгөхөөр Буянт-Ухаагаас хөөрч байх агшин санаанд мөн л тод үлджээ. Харин ингэж шинэ сонины хоёр компьютерийг угсарч өгсөн, экс эрхлэгчтэйгээ цуг ниссэнийхээ дүнд нөгөө зөрж үлдсэн ажлаасаа халагдчихаж билээ.

Ингээд намайг хувийн бизнес эрхлэхээр шийдсэн үеэс та санхүүгийн болон санаа сэтгэлээр дэмжиж, чи чадна хэмээн их зоригжуулдаг байсан. Компанийн дүрмээ анх бичээд ороход бичсэнийг минь нэг л удаа гүйлгэдэг та харин нухацтайхан дахин хараад хэн бичиж өгсөн юм бэ, хүнээр зөвлүүлж туслуулсан юм уу хэмээн асуулаа. “Үгүй би өөрөө бичсэн” гэхэд таны хариу инээмсэглэлээс би анх удаа өөрийн бичсэн зүйлээрээ үеийнхээ сэтгүүлч найз нөхдийн танаас овоо доо хэмээн магтуулахдаа төрдөг баярлах сэтгэгдлийг мэдэрч билээ. Нийтлэл байтугай амьд дүрэм бичих чадварыг Та л удирдан залахдаа сургаж чадсан байлаа.

Юм хийе гэсэн залуу хүнд итгэж чадна. Итгэсэн хүнээ ажлыг нь дуустал хийлгэж, дэмжиж чадна. Урам өгнө, алдах үед тулж түшээд сургаж чадна. Жинхэнэ удирдах хүнд л ийм чанар байх ажгуу.
1999 онд АНУ-д суралцаж байгаа гэр бүлийнхээ хойноос, мөн мэргэжлийнхээ оргил өөд зүтгэхээр явснаас хойш нутагтаа очих бүртээ тантай уулзаж, хол байхдаа ч тантай утсаар хааяа ярьдаг байлаа. Хэчнээн завгүй ч цаг гарган ярилцаж, охид сайн уу, Борчулуун сайн уу, шинээр юу хийж байна хэмээн энгийн харилцдаг. Үргэлж шинийг эрэлхийлдэг зангаараа бизнес юу байна гэж асууна.

2000 онд Америкт мэргэжлийнхээ ажилд ороход минь таны өгсөн тодорхойлолт чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Гурван хүнээс тодорхойлолт авснаас таны бичсэн нь дарга Жонд хамгийн их таалагдсан гэдэг юм. Саяхан миний долоон жил ажилласан гэрээний дүгнэлтийн ярилцлага дээр Жон “Энэ захиа чамайг ажилтай болгосон, чиний дарга хүнээ таньдаг, мэддэг, итгэдэг, тодорхойлж чаддаг жинхэнэ менежер байна” хэмээж байсныг тандаа дуулгах боломж харамсалтай нь олдсонгүй.

2001 оны хавар аав минь хар залуугаараа гэнэт осолд ороод явчихаж билээ. Би нутагтаа тавь хонож, тантай хэдэнтээ уулзсан нь бидний сүүлчийн уулзалтууд байж гэж хэрхэн мэдэх билээ. Тэр үед та өөрийнхөө аавыг мөн гадаадад байхдаа ослоор алдсан тухайгаа надтай хуваалцан, мөнх бус амьдралын өмнө сөхрөхгүй хатуужилтай явах сургамж, зөвлөгөө өгсөн. Хүний зовлонг сайн ойлгодог байсан таныг хүндэтгэн дурсаж байна.

Таны бүтээл, таны бүтээгдэхүүн зөвхөн Монголд бус дэлхий даяар түгсээн. Эрхэм эрхлэгч таны “Өнөөдөр” үргэлж мөнхөд үргэлжилнэ ээ. Та Бурхны оронд тавтай нойрсоорой.

Шүр эгч, Мөнхтүшиг, Нандиа, Номин болон үр хүүхэд, ээж, ах дүү, төрөл төрөгсдийн тань уй гашууг хуваалцъя! “Монгол ньюс” группийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!