Friday, January 13, 2017

Чайлд Дэвэлопмэнт Лаб

1999 онд АНУ-д анх тавтай, гуравтай хоёр охиныхоо хамт ирээд хамгийн түрүүнд тулгарсан том сорил бол хүүхдүүдийн алба байлаа. Сэтгүүл зүйн дэлхийн хамгийн анхны дээд сургууль болох Мизурийн их сургуулийн сэтгүүл зүйн сургуульд мастер оюутан байсан эхнэр тун завгүй, дээр нь бибээр мэргэжлийнхээ ажлыг олж хийгээд оюутан цагийн нэг мөрөөдлийн ард гарчихмаар. Гэтэл ирсэн газрын хууль, заншил эх орноос минь эрс өөр, насанд хүрээгүй хүүхдийг харгалзагч үгүйгээр орхиж огт болохгүй. Ингээд хүүхдийн алба олохоор шийдлээ. Азаар эхнэрийн үзэж буй нэг хичээл бол ньюс райтинг буюу мэдээ бичих бөгөөд тус хичээлийн хүрээнд Колумбиа Мизуриан сонинд дадлагаар ажиллаж мэдээ, нийтлэл бичнэ. Хэвлэлийн газар үргэлж хамаг мэдээллийн эх сурвалж дээр суудаг хойно манай хүн сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол, цэцэрлэг сургалтын олон чухал мэдээлэл дор нь олоод ирлээ. Хамгийн сайн газар бол Чайлд Дэвэлопмэнт Лаб буюу үгчлэн орчуулбал хүүхэд хөгжүүлэх лаборатори, мөн Чайлдкэйр коннэсшнс (үгчлэн орчуулбал, хүүхэд асрах газруудын хамтын ажиллагаа) ашгийн бус байгууллагад очвол хотын бүх цэцэрлэгийн бүртгэл жагсаалт, хоёр долоо хоног тутмын орон тооны байдал бүхий тайлан авч болно гэв.

Эхлээд Чайлд Дэвэлопмэнт Лаб орлоо. АНУ-д ирээд удаагүй байгаа миний Америк стандарт хэв маягийн тухай анхны сэтгэлгээ, хүлээлт тун өндөр байсан болов уу, энэ цэцэрлэг жирийн, энгийн, онцгойлох зүйлгүй мэт санагдав. Гаднаас нь хараад үнэлж буй нь тэр. Нарийн бичгийн дарга Дий Энн Снийдтэй уулзлаа “Яг одоо орон тоо байхгүй, нэрээ юутай энд бүртгүүлж болно. Нас насаар нь ангилаад хүлээлгийн жагсаалтад оруулна” гэв. “Удаан хүлээх үү” асуултад “Зарим хүмүүс хэдэн жилээр хүлээдэг” гээд урт жагсаалт үзүүлэв. “Өөр хаана очиж болох уу” гэж асуухад “Стефанс коллэж манайтай ижил судалгааны их сайн цэцэрлэгтэй, очоод үз” гээд хаягийг өгөв.

Ингээд Чайлдкэйр соннэкшнс очлоо. Хагас цаг хүлээгээд ном мэт олон хуудастай хэвлэмэл материал авлаа. Манай хотын болон ойролцоох бүх цэцэрлэг, гэрээр хүүхэд харах зөвшөөрөлтэй газруудын нэр хаяг, насны ангилал, авах хүүхдийн тоо болон сүүлийн долоо хоногийн байдлаар нээлттэй, орон тоотой газрууд гэх мэт хэрэг болох бүх мэдээлэл байх юм. “Энэ жагсаалтаас аль нь сайн бэ, ямар нэг эрэмбэ бий юу?” гэж асуухад “Ажлын дотоод хэрэгцээнд бол эрэмбэлдэг зүйл бий. Гэхдээ түүнийг нийт хүмүүст хэлж болдоггүй, бид нийтийн мэдээлэл дээр ялгаварлах асуудал үүсгэж болохгүй. Сонголт бол зөвхөн таны өөрийнх байх хэрэгтэй” хэмээн хариулав.

Жагсаалтаа харж байгаад Монтенсори сургуулиар орлоо, үнэ хямдавтар боловч орчин нь сүрхий таалагдсангүй. Газрын ойрыг сонгож хэдэн жижиг цэцэрлэг үзэв, санаанд сүрхий хүрсэнгүй. Жаахан алсхан давхиад Вондэрвоулд (гайхамшигт дэлхий) очтол орчин нь тун цэвэрхэн, ангиуд цэгцтэй, захирал багш нар сайтай тун давгүй санагдав. Дараагаар ХэйдСтар (түрүү од) хөтөлбөрийг хэрэгжүүлж буй зэрэгцээ хоёр цэцэрлэгт очив. Хүүхэд шуугилдсан, яг Монголд байгаа мэт гүйлдсэн, хашхирч зогсоосон … бас өвөрмөц орчин аж. Дарга Стэсигийн өрөөнд түүнтэй уулзаад ярилцаж суутал нарийн бичиг нь ундуутайхан “Өмнөх хүн худлаа хэлсэн байна, энэ улсад хуурамч байж огт болохгүй” хэлээд ороод ирлээ. Дарга “Энэ улсууд бас хүүхдээ өгөх газар хайж буй юм байна, нөхөр нь одоогоор ажилгүй, эхнэр нь оюутан тэгэхээр бараг болох биш юм уу. За та хэд манай нарийн бичигт ярилцлага өгөх үү” хэмээв. Бибээр “За даа, ийм цэцэрлэгт одоо” гэсэн харцаар эхнэрээ харсан боловч үгүй гэж хэлж зүрхэлсэнгүй нарийн бичгийг дагаад гарлаа. Гэтэл од гийсэн явдал болж, нарийн бичгийн дарга хэлэх нь “Та нар яг хэрэгтэй цагт, хэрэгтэй газар, хэрэгтэй үедээ байж таарлаа. Бид жил бүр хоёр хүүхэд их сургуулийн цэцэрлэгт явуулах гэрээтэй, энэ жилийн нэг хүүхдэд танай том охины нас бас танай гэр бүлийн орлого байдал яг тохирч байна”.

Том охин Ж.Номин-Эрдэнэ ийнхүү Чайлд Дэвэлопмэнт Лаб цэцэрлэгт оров. Номин ногоон ангийн хүүхэд боллоо. Ангийн багш Бэйс Гэйэр, Фрэнк Гэйэр, Пам Стори тэгээд оюутан багш нар. Ногоон анги тусгайлан тоноглогдсон ажиглах өрөөтэй. Ажиглах өрөө ангид болж буй бүх үйл явдлыг харж болох том шилээр тусгаарлагдана. Өрөөний гэрлийн унтраасан үед ангиас бол эргээд харагдахгүй. Өрөөнд тусгайлан гурван суудал бэлтгэсэн, суудал бүр чихэвчтэй. Чихэвч бүрийг сонсогч өөрийн сонголтоор ангид байрлуулсан дөрвөн микрофонд шилжүүлэн сонсож болно. Тус өрөөнд олонтаа сууж хүүхдээ хэрхэн Америк орчинд дасаж, найзтай болж, хэл сурч, тоглож бойжиж буйг харж ажигласан нь намайг өөрийг минь энэ орчинд амар нэвтрүүлэх нэг үүд байсан биз ээ. Үнэндээ таван нас хүртэл нь бибээр хүүхэдтэйгээ шөнөдөө хамт унтахаас бус өдрийн цагаар бямба ням хүртэл ялгаагүй бүх өдрөөр завгүй ажиллаж хөдөлмөрлөдөг, охидоосоо жаахан зайтай явсан юм билээ.

Чайлд Дэвэлопмэнт Лаб-аар ногоон ангиар манай гурван охин бойжин дамжиж хүн болсон, мөн улаан ангид том хоёр охид явсан бөлгөө. Номин тус цэцэрлэгт явснаас жилийн дараа дунд охин Ж.Болор-Эрдэнэ ногоон ангид шилжиж ирсэн. Харин бага охин Ж.Саруул-Эрдэнэ тус цэцэрлэгийн хүлээлгийн жагсаалтад төрөхөөсөө өмнө орсон бөгөөд гурван нас хүрч байж ногоон ангид элсэх боломж гарсан юм. Тийм ээ, тус цэцэрлэгийн цэнхэр анги бол нярайгаас алхаж явдаг хүүхдүүдийн анги, хамгийн өндөр эрэлттэй анги бөгөөд энэ ангийнхан бүгд төрөхөөсөө өмнө нэр нь хүлээлгийн жагсаалтад бичигдсэн хүүхдүүд.

Чайлд (хүүхэд) сэтгүүлийн үнэлснээр Чайлд Дэвэлопмэнт Лаб нь өсвөр насны хүүхэд хүмүүжүүлэх салбарт 1992 оноос америкийн үндэсний хамгийн шилдэг арван төвийн нэг болж чаджээ. Жил бүр зургаан долоо хоногтойгоос зургаан настай хүүхэд бүхий 75 айлын өсвөр насны хүүхдийг хөгжүүлэх үйлчилгээ үзүүлдэг, чанартай сургалт болон үйлчилгээг хамгийн чухалд үздэг газар ажээ.

Чайлд Дэвэлопмэнт Лаб нь Мизурийн их сургуулийн судалгаа, сургалт, үйлчилгээний хүрээнд үйл ажиллагаа эрхэлнэ. Хүүхэд бойжуулах өсгөхийн зэрэгцээ их сургуулийн судалгааны төв, оюутан багш нарын мэргэжилдээ өсөх суурь болдог ажээ. Улирал бүр хүүхэд бүр оюутан багштай болдог. Оюутан багш нь хүүхдүүдтэй ярилцаж тухайн хүүхдийн өсөлт, сэтгэлгээ, хөгжилтийн онцлогийг бусадтай харьцуулан академик цаас бичдэг бакалавр оюутнууд бөгөөд эцэг эхэд хүртэл тайлан бичиж өгдөг. Хүүхдийнхээ тухай ухамсар, сэтгэл хөдлөл, биеийн өсөлт хөгжил, болон бүтээлч сэтгэлгээний хөгжлүүдийн талаар бодит хөөрөлдөө, ажиглалтад тулгуурласан үнэхээр бүтээлч гоё тайлангууд авах үнэн урамтай байдаг нь эцэг эхчүүдэд нийтлэг.

Тус цэцэрлэг дөрвөн ангитай: цэнхэр, шар, улаан, ногоон. Цэнхэр анги тав, бусад ангиуд тус бүр гурван үндсэн багштай. Бүх анги хүний хөгжил болон гэр бүлийн шинжлэх ухааны мастер зэргийн багштай. Доктор болон мастер зэрэгтэй багш нар хүүхэд асрахын зэрэгцээ мастер, бакалавр оюутнуудад зөвлөж тусална. Түүнчлэн эцэг эхчүүд сайн дурын ажилтан болж маш ихээр тусална. Сайн дурын үйл ажиллагаа хүмүүсийг их дотносуулж, танилцуулдаг юм билээ, тэгэхлээр хүүхдүүдээр зогсохгүй эцэг эхчүүд хоорондоо танилцаж, мэдлэг мэдээлэл чөлөөтэй солилцох нөхцөл үүсдэг. Дээр нь цэцэрлэгээс гадуур хүүхдүүдээ цуг тоглуулах, үзвэр үйлчилгээнд хамруулах гэх мэтээр элбэг уулздаг нь нөлөөлнө.

Цэцэрлэгийн гол зориулалт хүүхдийн өсөлтийн, хүүхдийн сэтгэхүйн, гэр бүлийн, сургалтын арга барилын, хүүхэд том хүний харилцааны, мэдлэг мэдээлэл дамжих гэх мэт төрөл бүрийн судалгаа. Багш нар судалгаа хийнэ, оюутан багш нар судалгаа ярина, эцэг эхчүүдийн олонх нь их сургуулийн багш судлаачид бөгөөд хоорондоо өөрсдийн судалгааны талаар хөөрөлдөнө. Энэ бүгд хүүхдүүдийн сэтгэхүйг академик ертөнц тийш их татдаг биз ээ, хүүхдүүд цааш цаашдын сургуулиуддаа улам сайн сурдаг, хичээдэг болдог юм билээ. Зөвхөн өөрийн мэдэх он жилүүдэд тус төвөөр бойжсон хүүхдүүдийн орсон их дээд сургуулийг жагсаахад Харвард, Йэль, ЭмАйТи, Стэнфорд, Чикагогийн их сургууль, Корнэл, Аймхорст,  Карлтон, Боувдон, Сэнт Оллаф, Минносатийн их сургууль, Мизурийн их сургууль...бараг бүх топууд нэрлэгдэнэ.

Зөвхөн цахиурын хөндийгээр зогсохгүй Америк орны тэхий голд, тариалангийн талбайнуудаар хүрээлүүлсэн их сургуулийн нэгэн хотод ийн өсвөр үеийнхэн зургаан долоо хоногтойгоосоо эхлээд зургаан нас хүртлээ бүтээлч сэтгэхүйгээр өсөн бойжиж ирээдүйн инновац бүтээгчид, энтрэпренюр болж өсөн торниж байна. Энд ердөө өөрийн мэдэх ганц газраар жишээлэв. Ер нь Америкийн өнцөг булан бүрд, муж бүрд ийм нөхцөл бүрэлдэж тогтсон байдаг бөлгөө.

(үргэлжлэл бий)

Sunday, January 1, 2017

Бинг Нөрсэри сургууль

Америкийн зүүн эрэгт амжилттай ажиллаж байгаад баруун эрэгт нүүж очоод дэлхийн хамгийн нөлөө бүхий бүсгүйчүүдийн танилын хүрээний Аллэй то валлэй (нарийн зөрөг замаас хөндийд хэмээн орчуулагдах) байгууллага үүсгэн тэргүүлсээр бахдам амжилтад хүрсэн Дэбора Пискойны яриа үнэхээр анхаарал татсан юм. Тэдний гурав хагастай ихэр хөвгүүдийн нэг Доминик цэцэрлэгтээ хятад хэл үзэхээс гэнэт татгалзан бүр гэртээ зөвхөн испаниар ярь хэмээн шаардаж эсэргүүцсэн аж. Дэбора болон түүний нөхөр испаниар хатуу хөтүү, тун муухан, ярихчаа болдог америкчууд бөгөөд хоорондоо испаниар ярих гэж оролдож үзээгүй гэнэ. Ингээд хүүгээсээ яагаад хятад хэл сурахыг хүсэхгүй байгаа талаар лавлатал нүдээ заагаад “Би хятад биш, би бол испани гаралтай, би зөвхөн испаниар ярихыг хүсэж байна. Үдийн хоолоор зөвхөн будаа, буурцаг идэж байх болно, оройн хоолны хувьд зайдас (халуун нохой хэмээн үгчилж орчуулж болно) сайн сонголт. Ер нь тэгээд манайх нохойтой болох нь зөв” гэжээ. Аав ээж нь огт испани гарал үүсэлгүй бөгөөд зөвхөн хүүхдийн сэтгэлгээ, зохиомжоос урган гарсан бодол байсан тул бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс үүнийг үгүйсгэн зогсоогоогүй сэтгэлгээ бас сонин.

Удалгүй Монтенсори цэцэрлэгт (Монголд ЭмСиЭс компани оруулсан цэцэрлэгийн брэнд, тодорхой арга барил, утга санаа философийн дор сургалт хийдэг) явдаг Доминик ангидаа сэлгүүцэх нь ихсээд бусад хүүхдүүдийн тоглоом сонин биш улмаар сагсуу, уур уцаар ихтэй, бухимдуу болж эхлэхээр санаа зовсон эцэг эх нь хүүхдийн хүмүүжил, хөгжлийн зөвлөх мэргэжилтэнтэй уулзаж хүүтэйгээ ярилцлага хийлгэжээ. Мэргэжилтний хэлсэнчлэн гэртээ байгаа ном, блок, Легоноос бусад бүх тоглоомуудаа гаргажээ. Харин дагахад хэцүү байсан нэг зүйл нь Стэнфордын их сургуулийн кампуст байрладаг Бинг Нөрсэри сургуульд явуулах зөвлөгөө байсан бөгөөд Дэборагийн хамгийн эхний үйлдэл “Тэр чинь тоглоомын газар шүү дээ” гэж хариулаад “Хүүхдээ тоглуулахын төлөө их мөнгө төл гэж та зөвлөж бүр ятгаж байгаа юм уу?” хэмээн асуужээ. Хоёр ихрийн нөгөө, Дрэйк нь Монтенсори сургуулиас маш их юм сурч, дөнгөн данган хорвоотой танилцаж байхтай харьцуулж мөн боджээ.

Ингээд юутай мэргэжилтний зөвлөгөөг даган Доминикийг Бинг цэцэрлэгт явуултал ердөө хоёр долоо хоногийн дараа эрс ялгаа гарч хүү нь жаргалтай, хөгжөөнтэй, даруу төлөв болж багш нарынхаа нэг Марк Марбитэй сүрхий дотносжээ. Хүүгээ авах бүрд нь Марк хүүгийн талаар тухайн өдрийн тайлан амаар тавьж алхам тутмын ажиглалтаа хэлдэг гэнэ. Жишээлбэл, “Том блокууд хэрэглээд ангийн үүднээс эхлээд элсэн талбай хүртэл үргэлжилсэн урт зам бүтээж эхэлсэн. Өөр бусад хүүхэд үүнийг нь сонирхоход өөрийн төлөвлөгөө хүслээ тайлбарлан өгүүлж хамтдаа ажиллаж зөндөө олон сайн дурын туслахуудтай болсон.” “Танай хүү аливааг хийхдээ эхлээд заавал төлөвлөж бодож, санаагаа хөгжүүлдэг. Үүнийг нь хүлээх тэвчээртэй хүүхдүүдтэй хэл амаа ололцоод хамтарч чаддаг тун сайн, зөв сэтгэлгээ бодолтой болж байна” гэх мэт.

Үндэсний шинжлэх ухааны сангийн тэтгэлэг болон үүнтэй тэнцүү дүнгийн хандив доктор Петр Бинг (тухайн үедээ Стэнфордын их сургуулийн бакалавр оюутан байсан) болон түүний ээж Анна Бинг Арнолд нар өгснөөр Бинг Нөрсэри сургууль 1966 онд байгуулагджээ. Сургуулийн анхны зорилго өсвөр насныханд сайн боловсрол олгох орчин үүсгэн хангах, хүүхдийг хөгжүүлэх судалгааны лаборатори болох, бакалавр болон магистр оюутнуудад хүүхдүүдийг ангид ажиглалт хийх боломж олгох зэрэг байжээ. Улмаар сурган хүмүүжүүлэгчид дэлхий даяар судалж суралцдаг өөрийн арга барил бүхий “үндэсний үнэт эрдэнэ” болж хувирсан талаар тус сургуулийн веб хуудаснаа Стэнфордын сэтгэл зүйн танхимын Элеанор Маккоби бичжээ.

Тус сургуулийн сургуулийн үндсэн зарчим нь хүүхэд чөлөөтэй тоглох, хүүхэд юу хүссэнээ хэзээ хийхээр санасан үедээ чөлөөтэй бүтээх гэхдээ элс, блок, будаг, шохой, ус гээд зөвхөн таван зүйлийн материал хэрэглэнэ. Бүх анги хэмжээ томтой бөгөөд анги бүр хагас акр буюу хоёр мянга гаран квадрат метр тоглоомын талбайтай. Хүүхэд бүр хөдөлгөөний болон сонголтын эрх чөлөөг эдэлнэ, зөвхөн зохион байгуулалттай үйл ажиллагаа нь хоол ундны болон уншлагын цаг. Тоглоомд суурилсан философи нь хүүхэд бие даан өөрийгөө зохицуулахад суралцахад тусалсан зохион байгуулалт дизайн гэнэ. Бидний тархийг сурахад дуртай болгох улмаар чадвар чадамжийг зохион байгуулалттайгаар хөгжүүлэх суурь нь тоглоом ажээ.

“Өөрсдийн оюун ухаанд төсөөлснөөр хүүхдүүд үйлдэл хийдэг нь тоглоомын шидэт ертөнцийн гайхамшиг. Тэд өөрсдийн тогтоосон нөхцөл дүрмээр, өөрсдийн олж мэдэж авснаар амьдралд хөл тавина. Тоглоомын явцад хүүхдүүд өөрсдийн дүрмээ зохионо, тэгээд дүрэм нь янз бүрийн шалтгаан нөхцөлийн улмаар өөрчлөгдөх бөгөөд үүнийг нь насанд хүрэгчид огт хэрэггүй мэт санагдаж огт ойлгогдохгүй байх нь элбэг. Ийн тоглох орчноор насан туршийн амьдралд үргэлжлэх аливаад дуртай байх хайрыг асаах түүнчлэн асрах, мөн сурахын хүсэл тэмүүллийг бий болгохыг бид хичээж байна” хэмээн Бинг сургуулийн захирал Женифэр Винтэрс хэлж буй нь ихийг бодуулж билээ.

Ийм цэцэрлэгээр үүнтэй энэ тэнцэн өрсөлдөх газруудаар бойжиж хүүхэд насаа өнгөрөөсөн бүхэл бүтэн хэдэн үеийнхэн инновац бүтээгчид, энтрэпренюр болж өсөн торниж байна гэхээр бид хаанаас юу хийж эхлэх болох гээд олон зүйл асуултад хариу нэгийг олж буй мэт.

(үргэлжлэл бий)