Wednesday, April 28, 2010

Дэлхийд хоёр төрлийн л машин байдаг

Манайхан зах зээлд орж байх үед Монгол өвгөн Бэнз гээчтэй сайтар танилцсан. За арай өмнөхөн нь, манийг арван жилийн сургуульд байхад МАХН-н хэддүгээр ч их хурал билээ болох гээд Бал даргын гадаа гялалзсан жижиг хар, шинэ тэрэгнүүд олноор бий болж билээ. Хүүхэд л болсон хойно бид гуйж гувшаад, пиджак зангиатай жолооч ах нарын сайхан занг хөдөлгөж дөнгөвөл “За суу” болж сургууль нэг тойрдог байж билээ. Ийн Бэнзтэй танил болсон манайхан бичлэгийн гарчиг бүхий утгатай онигоо их ярьдаг сан. Тодруулбал, “Дэлхий дээр хоёрхон төрлийн машин байдаг. Бэнз болон бусад машинууд.”

Энэ удаа би авто машины тухай бичих гэсэнгүй. Дээрхтэй төстэй зүйл мэдээллийн технологийн АНУ-н корпорэйт ертөнцийн хэрэглээнд буюу имэйлийн системд олонтаа сонсогддог тул энэхүү онигоог оршил болгов. Товчдоо, бидний өдөр тутмын хэрэглээ болсон имэйлийг түгээж байдаг систем буюу сэрвэрийн програм хангамжийн талаар жаал өгүүлье.

“Барууны орнуудын бизнесийн хүрээнд ердөө хоёрхон имэйл систем байдаг. Нэг нь АйБиЭм Лотус Нотэс (IBM Lotus Notes), нөгөө нь Майкрософт Эксчэнж (Microsoft Exchange). За яах вэ, Гоогл Мэйл (Google Mail) араас ойртож байгаа, бусад нь бол зүгээр л тоглоом.” хэмээн АНУ дахь манай мэргэжлийнхэн ярьдаг юм. За ингэхээр манай Монголын АйТичид өөдөөс “нээлттэй эх” гээд галлаад унадаг тал бий :-). Оракл, Новел, Сан болон бусад компаниудын зах зээлд нийлүүлдэг нээлттэй эхийн имэйл системүүдэд маш их ирээдүй бий, гэхдээ эндэхийн бизнесийн хүрээнд ялангуяа имэйл буюу нууцлал бүхий мэдээлэл дамжуулах, солилцох тал дээр одоогоор дээрх хоёр ноёрхдог нь бол үнэн.

Технологийн талаасаа аль нь илүү, ямар боломжоор хангагдаж, хэрхэн ажилладаг талаар мэргэжлийнхэнд зориулсан мэдээлэл маш их байдаг. Адаглаад Гоогл ахаас лавлахад хэлээд өгнө. Харин мань жаахан технологи биш талаас нь мэргэжлийн бус хүмүүст ойлгогдохоор мөн өөрийн хувийн мэдлэг, туршлагад тулгуурлан блогдохыг хичээе. Аан тийм, бас би зөвхөн Домино буюу Лотус Нотэс-н талаар л өгүүлнэ. Түүнийг нь л мань илүүтэй гадарладаг юм, бусдыг нь мэдэхгүй ш дээ.

1980-аад оны төгсгөлд СиСиМэйл, Лотус123 гэж програмууд их хэрэглэдэг байлаа. Монголд ч гэсэн олон улсын байгууллагуудаар энэ програмуудын сурах шаардлагатай байна, зааж өгөөч гэх улс ч цөөнгүй байсан. Энэ үед юун Майкрософт Эксэл, юун Оффис, юун Эксчэнж байжээ. Лотус123 нь үндсэндээ эксэл гэж болно. Монголд СупэрКалк нэлээд газар авч байж, гэхдээ олон улсын болон гадаадын байгууллагуудад Лотус нь давамгайлна. Энэ л програмууд хөгжөөд, уруудаж, өгсөөд, АйБиЭм худалдаж аваад өдгөө Домино болчихоод буй юм.

Маний хувьд 1997 оноос энэ СиСиМэйл-тэй холбогдож эхэлсэн. Европийн нэгэн корпорацын Монгол дахь төлөөлөгчийн газарт үүнийг нь нухаж, Англи уруу үе үе утсаар залгаж мэргэжилтэнтэй яриад элдэв тохиргоог нь тааруулж имэйл сэрвэр ажиллуулдаг байж. Админ буюу техник талын ажил юм даа. АНУ-д ирээд үүнийгээ СиВи-ндээ бичсэн нь өдгөөгийн ажилд ороход их нөлөөлсөн гэж босс нэгэнтээ хэлж билээ.

2000 оноос харин Доминотой програмчлал талаас нь буцалтгүй холбогдсон доо. Домино гэдэг нь дээрх СиСиМэйл өөрчлөгдөөд АйБиЭм худалдаж аваад хөгжөөд байсан үе. Гэхдээ тухайн үед Лотус гэдэг биеэ даасан аж ахуйн нэгж байж. 2002 оны үед билүү дээ, нэг айхтар давлагаа болоод олон мянган айтичид ажилгүй болдог чинь. Тэр үед татан буугдаад толгой компанийхаа хэлтэс болж бид Лотус Нотес хөгжүүлэгчид биш, АйБиЭм Домино хөгжүүлэгчид болж хувирсан юм.

Анх Домино 4.5 хувилбарын сургалтаар холбогдож, Домино аР 5 хувилбараас нь ажиллаж эхлээд, өдгөө Домино 8.0.2 хувилбарын засварууд дээр тууж явна даа. Уул нь хамгийн сүүлчийн хувилбар нь 8.5.1 л дээ, гэхдээ маний хувьд шинэ 8.5.2 хувилбарыг тэстлэх, өмнөх хувилбарын FP4 засвар (IBM засвараа fix pack гэдэг бол Microsoft засвараа service pack гэнэ) дээр ажиллах үүрэг л оногдох. Уул нь энэ 8.5 нь хувьсгал хийгдсэн гэж болох цоо шинэ замаар бүтээгдсэн эд.

Домино ер нь юугаараа Эксчэнжээс давуу вэ гэж маниас асуух улсууд олон гардаг. Тоглоом болгоод би хөгжүүлдэг болохоороо хамаагүй давуу шүү гээд хариулчих үе гарна :-). За энэ тоглоом ч яах вэ, үнэндээ Эксчэнж бол зөвхөн имэйл систем юм, ямар ч өөр аппликэшион буюу програм хангамж дангаараа хийх боломжгүй. Интэрнэт веб сайт ч ажлуулж дөнгөхгүй. Заавал АйАйЭс (IIS) буюу интернэт информашион сэрвисэс гэдэг програм давхар ажиллаж байж интернэтэд бэлэн болно, дот нэт хэмээн технологиор өөр хэл дээр програм бичиж байж нэмэлт үйл ажиллагаа хийгдэнэ гэх мэт. Харин Домино бол зөвхөн имэйл бус нэлээд цогц систем юм. Өөрийн өгөгдлийн сан агуулна, өөр дээр нь програмчлах боломжтой, өөрөө интернэт сэрвис болж ажилладаг гэх мэтээр боломж бол маш өргөн. Иймд үнэндээ энэ хоёрыг харицуулна гэхээр манайханы хэллэгээр бол тэмээ ямаа шиг, америкуудын ойлголтоор бол алим жүрж шиг ялгаатай болно.

Бас хэдэн зүйл нэмэхэд, Домино нь Аутлоок буюу Эксчэнжийн клиенттэй ажиллаж чадна, харин нөгөөх нь тэгэж өрсөлдөгчийн клиэнтийг дэмжиж чадахгүй. Нууцлал хамгаалалтын талаар гэхэд Домино сэрвэр вируснээр болоод уначихлаа гэж тэр бүр дуулдахгүй, харин Микрософтийн хувьд энэ үргэлж хамгийн том асуудал байсан, байдаг, цаашид ч байх болно. Хэрэглэгчид нэгэн зэрэг хамтран ажиллах буюу коллабратион (collaboration) талд дахиад давамгайлна даа, зөвхөн имэйл солилцохоор зогсохгүй файл хуваалцах, веб конфэрэнс хийх, мэдээллийн урсгал (workflow) буюу мэдээлэл дамжуулах систем, мэдлэг удирдах систем, мэссэнжэр гээд маш олон зүйл Доминод бий.

Доминогийн хэрэглэгч ашигладаг програмыг Лотус Нотэс гэдэг (Экхчэнжийнхийг Аутлоок гэдгийг дээр дурдсан). Лотус Нотэсийн дизайны багийг сүрхий моодны, айхтар хямсгар зантай Мари Бэфф Равэн Атлантагаас удирддаг. Нэг жижиг нарийхан зураас нэмчихсэнийг агуу ажил гэж харуулж чаддаг, нэлээд гайгүй цаг хөдөлмөр зарцуулсан томоохон кодын дэргэдүүр харц ч чулуудахгүй өнгөрч мэдэх мань хүнээс ширүүн зан ч нэлээд гардаг гэсэн, гэхдээ түүнийг нь мань мэтийн даргадаа чичүүлж өссөн хүмүүжилтэй нэгэн бол тоохгүй л дээ, цагаанууд л хөөрхий нэлээд нервтдэг гэсэн шүү. Эд Брил гээд тун эелдэг нэг нөхөр бас Чикагод байх. Эцсийн хэрэглэгчид Доминог энэ л хүн хүргэдэг гэхэд болно. Дандаа хурал зөвлөгөө хэсэж, хот хот дамжин илтгэл тавих энэ нөхрийн бүхэл амьдрал нь твитэр, АйБиЭм Лотус, тэгээд гэр бүл нь гэхэд болно. За өөр бусад дарга цэргийг мань мэдэхгүй дээ, тэд ч маньтай “Hi”-с илүүтэй харьцаж хэтрэхгүй ч биз. Монгол Майкрософттой гэрээ энээ тэр байгуулж байгааг хэдэнтээ дуулсан тул АйБиЭм аваргатай бас гэх бодол мөн бий бий. Иймд дээрх хоёрын ядаж нэгтэй нь Монголдоо зэрэгцэж суугаад Доминогоор танилцуулга хийжээ байх юмсан гэсэн “мөрөөдөл” бол байдаг аа, байдаг

За энэ бичлэг блогтоо бичих болсон нь, үе үе таардаг ч сүүлийн гурав хоногт дараалан нийт найман удаа чи яг юу хийдэг юм бэ, АйБиЭм Лотус Нотэс Домино хөгжүүлэгч гэж юу юм бэ хэмээн асуулт ирснээс үүдэлтэй. Миний яг юу хийдгийг нэг бичлэгээр илэрхийлж барахгүй биз. Блогийн бүх бичлэгүүд нэгдээд нэг гайгүй ойлголтыг бол хүргэх байх. Харин тэр лотус девелопэр гэдэг нь энэхүү бичлэг жаахан суурь өгөх байх аа хэмээн бодов.

Saturday, April 24, 2010

Тавин долоо

Тавин долоо гэсэн тоо надад нилээд их дотно байдаг л даа, ингээд уг бичлэгийг жаал онцлоё! АЭ-д ажиллаж байхад сонингуудын 100 дахь дугаар гээд бид сүйд болдог байж. Харин блогчид зуу дахь, тавь дахь зуу дахь бичлэг хэмээн онцлох нь элбэг. Надад зуу нь нээрээ их хол тоо юм шиг байна. Аль хоёр жил зургаан сарын өмнө анхны бичлэгээ бичиж байсан блог гэж бодохоор бичгийн хүн бус миний хувьд урт хугацаанд үнэхээр их ажил болж байж нэг жаахан бичлэг төрдөг ажээ. Ингээд 50-г нь анзааралгүй өнгөрчих, харин өнөөдөр 57 дох бичлэгээ оруулж буй юм байна.

Нийслэлийн тавин долдугаар сургуулийн босго алхаж Д.Цэцгээ багшаар анхлан А заалгаж, дөрөвдүгээр ангиас Г.Сарангэрэл багшийн даасан ангид сурсан нь уг тоо дотно болох зөвхөн эхлэл гэлтэй. Зөвхөн надаар зогсохгүй миний дөрвөн дүү энд л анхлан цагаан толгой үзсэн юм. Түүнчлэн УБИС төгсөөд хөдөө орон нутагт хоёр жил ажилласныг эс тооцвол бүх насаараа ээж минь энд багшилж тэтгэвэртээ суусан билээ. Аав минь ч багш хүн байсан бөгөөд анхлан байгуулагдаад нэг давхар галладаг байртай байхад л тэнд багшилж эхлээд хорь орчим жилийн хөдөлмөр нь тавин долоотой холбоотой. АНУ-д тэнээд алга болсон маний хоёрдох жилд аав минь гэнэтийн ослоор өөд болж гунигт явдал тохиогоод гэртээ харихад тавин долоогийн үе үеийн төгсөгчид, ажилтнуудаар манайх дүүрэн хэд хонож билээ.

Манийг бүр багад Мижиддорж багш нэгэнтээ улсын тэргүүний бүлэг төгсгөж билээ, бодвол тэр үеэс тавин долоог зарим хүн мэдэх болсон биз. Хожим нь Төвсанаа ах дэд мастер цолтой араваа төгсөх үе, аав тэргүүтэй хэдэн багш нарын чухалчилж гүйн байж олж ирсэн цахилгаан хөгжмөөр анхлан Төмөрбаатар, Гансайхан нарын олон сурагчид тоглож байгуулагдсан Ирээдүй чуулга зэргээр бүр ч олон хүнд тавин долоо хүрсэн байх.

Гэхдээ л хотын захын сургуулийг хаана байдаг, хэн сайн эсэхийг тэр бүр мэддэггүй байсан. Манийг тав зургаад байхад район, хотын хэмжээнд сурагчдын Дөл тэмцээн болж бид хот дүүрэгтээ удаа дараа дээгүүр шалгарахад лав улсууд энэ одоо хаана байдаг сургуулийнхан бэ л гэдэг байж. Долоо төгсөх жил Дөл тоглолт анх удаа улс даяар болж тавин долоогийн баг улсын аваргаар хоёрт орж билээ. Энэ үеэс манай сургууль нилээд нэр хүндтэй болсон байх. Найрамдал зусланд болсон уг тэмцээнд аймаг бүр шилдэг сурагчдаараа баг бүрдүүлж, харин хотын дөрвөн сургууль зөвхөн өөрсдийн багаар тэмцсэн нь дандаа зургаа, долдугаар ангийнхан байв. Энд Увс аймгийн баг түрүүлсэн. Тэр үед би нэгдүгээр сургуулийн тооны ангид элсээд юун тавин долоо болж байсан үе юм. Дараагийн жилүүдэд манийг тооны олимпиадад удаа дараа гайгүйхэн оролцоход нэгдүгээр сургуулийн гэхийн зэрэгцээ, угаасаа хаанаас аль сургуулиас гарч ирсэн хүүхэд вэ, тавин долоо гэх юу билээ л хэмээдэг байж билээ.

Наймд байх жил гандболоор дүүрэгтээ өлхөн түрүүлсэн хотод баттай түрүү булаацалдана хэмээн яригдах нэгдүгээр сургуулийн баг Хүч нийгэмлэгээс гарч ирсэн тавин долоод илт дутуу хожигдож билээ. За энэ одоо хаанаас юу гараад ирэв ээ гээд биеийн тамирын багш банга хүртээж байтал манай ангийнханаас тэр чинь энэ Жагдагийн ирсэн сургууль гэв. Хм, энэ тооны ангид арай олигтой нь ирж болдоггүй юм байх даа хэмээн манийг багш явуулж байжээ, хөөрхий. Дараа нь мөн сагсаар бараг ижил зүйл болж за энэ Жагдагийнхан одоо яагаад гүйцэгдэхээ болив оо болдог байв. Сагсны хүчтэйхэн өрсөлдөөн дундаас сургуулийн аварга дандаа л туудаг манай хуучин анги, сургуулийнхаа аваргын мөн л авчихдаг манай шинэ анги (нэгийн тооны ангид спортын ийм түүх бараг байхгүй л гэдэг байв) хоорондоо мөн ч их тоглосон доо. Хөөрхий аав заал авч өгөөд л мань хоёр ангиа зохицуулаад л ...

Тавин долоо спортоор алдаршихад манай биеийн тамирын олон багш хөдөлмөрлөснөөс Давааням багш илүүтэй хөлс гаргасан байх. Монголын анхны мэргэжлийн лиг байгуулагдахад манай дүү нарын үеийн тавин долоогийнхоноор дүүрэн байж билээ. Давааням багш тэнд бараг тавин долоогийн нэг баг байгуулж лигийн аварга авч байсан байх шүү.

За нэг ийм л сургуультай холбоотой нэгэн би, тавин долоодох бичлэгээ блогтоо орууллаа. Үндсэн ажлынхаа хажуугаар амжуулах бичил бизнесийн блог бичиж эхлэсэн нь ийнхүү АНУ дахь Монголчуудын хүрээний нэгэн хэсэг болчих гээд л, барууны оронд мэргэжлээрээ ажиллах нэгний санал бодлыг эх оронтой, мэргэжил нэгт нөхөдтэй нь холбох нэгэн гүүр болчих гээд л, эргэн тойрноос нь өөр орчин, соёл, бизнесийн ойлголтуудыг тайлбарлан олонд хүргэчих гээд л ... үргэлжилсээр л ...

Тавин долоон бичлэгийг минь уншиж, блогоор зочилдог бусад блогчид, уншигчид та бүхэндээ их талархаж байгаагаа блогоо үргэлжүүлэн бичиж л илэрхийлье дээ. Баярлалаа, дахин дахин зочилж, олон сэтгэгдэл үлдээж байгаарай.

Wednesday, April 14, 2010

Дөрвөн сарын нэгний блог бичигдээгүй шалтгаан буюу Цахим Өртөө ТББ-н гишүүн болсон түүх

За одоо болох дөрвөн сарын нэгнээр ямархуу хөөрхөн зүйл блогтоо нэмчихье дээ хэмээн бодож суусан минь гуравдугаар сарын 30-ны өглөө юм байна. Яахоо мессэнжэрээр И.Цэрэн-Онолт орж ирж байгаа харагдав. Манай хүн бас хөгжилтэй санаа эвлэгхэн нийлүүлчихдэг эр. Бэлэн будаа идчих санаатай, жаал мэссэнжирдэв. Нэг л мэдэхэд цахим өртөөний талаар ярилцаж байх. Нэлээд дээхэн Д.Сайнбаяр өртөөндөө элсэж орох имэйл ирүүлж, Ш.Баатар ахынхаас утсаар залгаж цаг илүүтэй элдвийг хөөрсөн талаар сонирхуулснаар энэ сэдэв эхэлсэн болов уу. Удалгүй Онолт “Та ер нь гишүүн байх хэрэгтэй” гэх нь тэр. Хариу бичиж амжаагүй байтал “Би таныг нэмчихье. Одоо өөр хоёр хүн батлан дааж имэйлдэнэ, бас 20 доллароо бэлтгэ” гэв. OK-с өөр хариу олдоогүй ээ.
За даа сайхан бичих юмтай боллоо, энэ удаагийн дөрвөн сарын нэгний бичлэг ч ёстой “будаа”, амархан юм боллоо гэж бодтол харин эсрэгээрээ блогийн бичлэг будаа болоод олон хоножээ. Нэг л мэдэхэд хоёр долоо хоног ард үлдэж, “За би ч их олон имэйл бичиж байна шүү, өртөөнд. Чи ер нь манийг хааш нь хөтөлчихөв өө?” … “kkk, ямар хүн оруулсанаа харж бахархаж байна аа, хэхэ … би бас өртөөнд ороод эхэндээ баахан имэйл бичсэн, тэгээд идэвх буурна аагэх зэргээр өнөө л Онолттойгоо чатлаж суух юм. Блогтоо ганц ч бичлэг үгүй, харин өртөөнд 15 имэйл туучихаж. Имэйлийнх нь урт гэж чигтэйхэн. Хүнд хэрэгтэй зүйл бичсэн ч юм уу, хүн тоож уншаагүй ч юм уу … чанар (quality) нь нэг их мэдэгдэхгүй ч, тоо (quantity) нь бол овоо овоо.
Өртөөний имэйл, баримт бичиг, мэдээлэл элдэв зүйл гээд мэдээллийн технологийн дэд бүтцийн чанартай хэрэгслүүд одоо хийгдэж бүтээгдэж буй юм байна. Маньтай бараг зэрэг л эргээд гишүүн нь болж буй А.Отгонбаяр хариуцаад код нухаж буй юм, удахгүй шинэчлэгдээд орчин үеийн шинэлэг бүгдийг багтаасан, жийбэн хачиртай, монгол продакт гарч ирэх нь ээ. Одоогоор бол гишүүдийн жагсаалт элдэв зүйл нь yahoo group дээр байдаг юм байна. Нийт 8976 имэйлийг 84 гишүүд бичжээ. Мөн гишүүдийн утсан холбооны нэг өгөгдлийн сан байгааг үзвэл 54-х нь мэдээлэл байгаас 15 нь гадаадад бусад 39 нь Монголд ажээ. Энд ороогүй үлдсэн 30-н гадаад дотоодод байгаа гишүүдийн харьцаа ямар байдаг юм, бүү мэд. Юутай ч Цахим Өртөө ТББ-н дийлэнх нь Монголдоо ажээ. Үүнд ч буруу зүйл огт байхгүй ч гэлээ, яг гадаадад байгаа Монголчуудаа гишүүнчлэлд авах талаар ажиллах хэрэгтэйг үзүүлэх биз ээ.
Гишүүн болоход дээр дурдсанчлан дор хаяж гурван гишүүн батлан даадаг ажээ. Бүрэн гишүүн болж байж, имэйлүүд нөхөж үзэх тул хэн хэн манийг дааж авсныг сая л эргэж нөхөж үзлээ. Yahoo group-н тохиргооноос хамаарч кириллээр бичсэн имэйлүүд арзайгаад хадгалагдчихдаг аж. Нөхөж уншиж чадахгүй гэсэн үг. Yahoo руу гомдол тавьж, М.Сувдмаадаа имэйл илгээдэг ч юм уу. Аа, золиг, цаадах чинь нээрээ Microsoft-н хүн болоод сар ч болоогүй байгаа.
Гурван сарын 30-ны өглөөний 9.37-д Онолт манийг танилцуулжээ. 9.50-д будант Лондонгоос Д.Цэрэнбат анхлан манийг батлан даажээ. Аль 1999 оноос онлайн танилцсан, үе үе сүрхий имэйлэлдэх, хүүхэд зулзагын зураг солилцож үзэх гээд нүүр тулж уулзаагүй ч гэмгүй сайхан нөхөрлөсөн хүн аргагүй л “Жаг ОК” гэжээ. Манай цагаар л энд өглөө болоод байснаас эх нутагт бол шөнө дөл болж маргааш эхлэх цаг л даа. Өдөр солигдохтой уралдаад [УБ-с Б.Лутаа манийгаа даасан нь манай цагаар 10.45 ажээ. Манийг аль 1996 оноос мэдэх, таних, олон ч нүүр тулж уулзсан, beer-дсэн Лутаа - энэ хэсэг маний андуулал болсон тул хүлчил өчиж, залруулга хийсүгэй] 2000 оноос мань имэйлийг нь амтархан уншиж ирсэн, цагтаа otmo@m...t.mn хаягаар хурц хурц санаа, бичлэг бүхий зүйл имэйлдэг Б.Жамц амжуулах гэж яарсан нь энэ өдөр Цахим-Өртөө ТББ Монголын хууль зүйн яаманд бүртгүүлсэн өдөр гэнэ. Ингээд мань өртөөний таван насны ойгоор “офишалли мэмбэр” болчихов оо, хөөрхий.
[Лутаагаас] Блогт залруулга гаргахын өмнөхөн өртөөнд мөнхөрсөн нэрээ байх ёстой байранд нь сэргээсэн Жамцаас хоёрхон минутын дараа Ц.Буянцогтоо бас имэйлдсэн аж, гол нь кириллээр бичсэн тул нөхөж уншиж чадсангүй. Юутай ч бид сүүлийн жил есөн сар гаруй хугацаанд идэвхтэй харилцаж байгаа онлайн найзууд. Оройн 9.01-д Б.Билэгсайхан бас даана аа гэжээ. Мань сүүлийн хэдэн жил сураггүй бултсанаас биш 2000 оны үеэс эхлэсэн сүрхий онлайн танил шүү. Мөн ч олон удаа сумо ярьсан даа. Залгуулаад М.Саруул-Эрдэнэ даагаад авчээ. Жилдээ гэр бүлээрээ хэдэнтээ уулзчихдаг, утсаар, онлайнаар долоо хоногтоо хэдэнтээ харьцдаг, мөн гэрт нь ирээд өөрийн гэр шиг хойморт нь заларч унтдаг найзыгаа нэг даалгүй дээ :-).
Таван минутын дараа нь Байка буюу П.Баярмагнай мөн манийг дааж авсан байна. Нутаг буцсанаас нь хойш хоёртоо утсаар ярьсныг урьд өмнөхтэй нь зэрэгцүүлбэл ч бид санал зөрж үзээгүй л найзууд, Дэнвэр Колумбия хоёрыг ч ойртуулсан л хоёр доо :-). Араас нь Д.Сайнбаяр дарга өртөөнд элсүүлснийг дуулгажээ. Ингээд имэйлүүд маньд ирэх боллоо.
П.Амарбат дөрвөн мөчөө өргөөд батлан даасан байна. Амарааг МУИС-д багш байхад мань хэдэнтээ мэдээлэл зүйн олимпиадад холбогдсоныг дурссан нь маньд үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Амараадаа сайхан дурсамж, сайхан сэтгэгдэл төрүүлж урам, хийморь сэргээсэнд “баярлалаа” гээд л хэлчих ч багадна аа. Нэг амралтаараа харихдаа, Амараатай уулзах юм шүү! (хэзээ юм бол доо, хөөрхий :-) ). 1995-1999 онуудад мэдээлэл зүйн олимпиадтай зууралдсан хүн дээ, мань. Энэ олимпиад олон залуустай танилцуулсны бас нэгэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат маргааш нь дааж авснаа “ихэд айн” илэрхийлжээ :-).
За ингээд л өртөөний имэйл бичилт цуварч юун тэр блог … хм ... одоо аль алинаа, хаа хаанаа бодно байгаа :-) ...
Гадаадад байгаа Монголчуудаа эх оронд төлөөлчих одоогийн цорын ганц, албан ёсны төлөөлөгч гэж болох Цахим Өртөө ТББ-д батлан даасан дээрх найзууддаа талархал илэрхийлэнгээ гадаадад оршин суугаа олон Монголчуудаа энэ дулаан, сайхан хамт олны дунд орж, гишүүн болохыг уриалж байна аа.

Thursday, April 8, 2010

Таван Цагариг сонины 15 жилийн ойд

ТЦ-гийнхэндээ бүгдэд нь баярын мэнд хүргэж, бүгдэд нь эрүүл энх, аж жаргал, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!

С.Батбаатар "Хаан асар, аав ууландаа сүслэх үг" нийтлэлдээ ТЦ сонин анхлан гарснаас эхлээд нүдэнд харагдтал тодорхой сайхан бичсэн байна. Энэ 15 жилийн эхний тавд нь хувь зохиолоороо холбогдож, ил бус далд фронтод нь зүтгэж байсан мань мэтийн сэтгэлийг хөдөлгөж бас ч олон сайхан дурдатгал сэргээсэн нийтлэл болжээ. Нийтлэлийн сэтгэгдэлд үлдээсэн зурвасаа блогтоо тавьлаа.

Нийтлэлд олон хүнийг тун гарамгай дүрсэлсэн байна. Ялангуяа Ц.Энхтүвшинг үнэхээр сүрхий илэрхийлжээ :-). Олон сонингуудын эх бэлтгэдэг байх үед нэг оюутан залуу спортын сонин гаргаж байна гээд эхээ бэлтгүүлэхээр ирсэн юм. Тэр үед мань мэтээр эхээ бэлтгүүлэх олон алаг, адал явдалт, шар гэх сонингууд ирдэг байснаас харьцангуй хямдаар хийж өгөхийг зааварчлаад эрхэлж байгаа залуутай нь жаал ярилцлаа. Спортын тухай л бичих хүсэл сонирхолтой, түүнээс сонингоороо мөнгө олох нь юу л бол гэх. Тэр үед бараг өглөө бүрийн ярианд спортын сэдвээр сайн бичдэг хүн олох тухай яригддаг бөгөөд тэнд элдэв тайлан тавьдаг Ц.Батбаатарт гайгүй хүүхдүүд байх шиг байна, оюутан гэнэ, бэлтгүүлсэн эхээ авахаар ирэхээр нь уулзуулъя гэлээ. Мэдээж үүний өмнө сонины эхээс материалуудыг нь уншиж үзээд бас ч гайгүй бичлэгүүд байгааг анзааралгүй яахав. Ингээд ТЦ-н өрөөнд дагуулж орсон оюутан хүүтэй хожим сайн анд болох нээ сэтгүүл зүйн ангийн буюу мэргэжлийн, насаар бол маниас хоёр ах залуу байсан нь сэтгүүлч, спортын мастер Түвшээ байлаа.

Нээрээ манай Тунгаа ч шазруун шүү :-). 90-д онд мэдээллийн технологийн салбарт технологийн талаасаа мэргэжлийн гэж болох, бараг цорын ганц ч гэхэд буруудахгүй хувийн компани байсан нь Мэдээллийн харилцаа ХХК буюу өдгөөгийн Датаком юм. Тэднийхээс мэргэжлийн оператор нэгийг хэвлэлийн байгууллагад “урвуулж” авчраад улмаар ТЦ-тэй толгой холбуулчихсан буруутан, хэргийн эзэн хэнгэргийн цахиур нь мань, харин ТЦ-гийн “үнэнч фан” нь Д.Тунгалаг. Арван хуруугаараа дэлгэц харахгүй, гараа харахгүй бичдэг мэргэжлийн бичээч нартай уралдахад урд нь орно уу гэхээс хойно нь зогсдоггүй л хүн дээ. Тэгээд дээр нь алдаатай шивнэ гэж үгүй. Тухайн үед тооцуур ажлуулж үзээгүй арав гаран бичээчийг “чиний цэргүүд, сургаад ав, нэг ч хүн хаяж гээж болохгүй шүү, нөхөөр. За явж, цаадуултайгаа танилц” хэмээн Бал эрхлэгч маань хэлэхэд нь “за даа, тооцуураа ядаж асаачихдаг ганц хоёр оператор нэмж авья, гэхдээ хэнийг хаанаас сонгохоо би хүнээр хэлүүлмээргүй байна” хэмээн тохирч билээ. Ингээд хоёрын зэрэг бүсгүй Датакомоос сугалсандаа мэргэжил нэгтнүүддээ “хүний бэлтгэсэн боловсон хүчин хулгайлдаг залуу” хэмээн тоглоом шоглоомд холбогдоход хүрч билээ :-). Хожим нь компьютерын төвийн оператор, макетчингуудыг хэлтэс, сонингуудад хувиарлан тарааж сэтгүүлчидтэй цугт нь оффислуулахад Баагий “энэ хоёрыг манайд” гэсний нэг нь Тунгаа байж билээ.

М.Сугар-Эрдэнийг нийтлэлд мөн тун сайхан тодорхойлжээ. Мань оюутан байх үедээ л Сугарааг жаахан мэддэг байж. Олонтаа ч цугтаа “поезд тосож”, зах гарсан байх :-). Нэг л өдөр ТЦ-д ажилд орлоо, гайгүй газар биз гээд өрөөнд ороод ирж билээ. Советский спорт, Футбол/Хоккей, Спорт экспрессийн олон ч дугаар дамжуулж уншсан, цөөнгүй Жегуловский хуваан хүртсэн нэгэнтэй цугтаа ажиллана гэхэд сайхан байдаг юм билээ.

ТЦ-н далд фронтын төлөөлөгч нь А.Толя ах яах аргагүй мөн. Нөгөө намын тамга хэн сийлсэн гээд гардаг шиг сонины толгойг хийсэн хүн бол Толя ах юм. Тухайн үед тооцуурын үсэг фонтыг бид зурдаг байж. Текстэнд зохицохоос томруулаад сонины толгой хийхэд одоогийн график програмууд шиг гайхамшигтай хэрэгслүүд ч бага байж. Мөн мань хэдийн хэвлэлийн эх бэлтгэх мэдлэг чадвар ч хомс байж. Толя ах хэвлээд л, зураад л, сканнердээд л …

Макет дээр С.Батбаяр, Н.Батдэлгэр ТЦ-г яах аргагүй эхлүүлсэн. Мөн Д.Батцэнгэл, Д.Бат-Эрдэнийн хувь ч маш их бий. Энэ хэдийгээ ч “Та нарын насныхан гадаа лааз өшиглөөд, гудамж метрлээд эсвэл номынхоо араас өндийх завгүй, хичээлийн хажуугаар ажил олдохгүй, хармаа хоосон явж л байна. Гэтэл та хэд ажилтай бол ажилтай, цалинтай бол цалинтай байж өмнөхөө олигтойхон хийгээд сурчихгүй зураас үсэргээд торгуулж байх юм” мэтээр мань олонтаа “дарамталж” явсан дөө :-). Торгуулна гэдэг нь сонин алдаатай хэвлэгдэхэд ирдэг шийтгэл л дээ. Тухайн үед нэлээд ширүүн үздэг байлаа. Манайхан л хамгийн их өртөнө. Харин С.Батбаатар энэ тал дээр хамгийн нааштай, зөөлөн ханддаг дарга байлаа. Баагийг ямар нэг алдааг оператор эсвэл макетчинд оноож байхыг мань лав хамт ажилласан жилүүддээ санадаггүй. Техникийнхэн тэр бүр хүртдэггүй шагналын фонтоос Баагий л нөгөө хоёртоо хувиарладаг байлаа. Мөн мань хүн л нөгөө хоёроо сонингийнхоо дугаар бүрд нэрийг нь нийтлэж хөдөлмөрийг нь үнэлнэ, мөн хариуцлага онооно. Сонин дээр нэр нь гарна гэдэг үнэндээ нэр хүнд гэхээсээ илүүтэй маш их том хариуцлага байдаг юм. Муу сонин гарвал, алдаа байвал нэр бүхий хүнийг харна, харин дөмөгхөн үед хэн ч анзаарахгүй.

Цагтаа ТЦ-г толгойлж асан А.Баасандоржтой анх АЭ-тэй холбогдож, Шавь сургууль төгсөхөөс нь л гэмгүй сайхан нөхөрлөсөн. Манийг алсад зорих үед сэтгэлийн үгээ шүлэглэн илэрхийлж, нутгаа санахдаа уншиж яваарай хэмээн Баскагийн өгсөн хоёр номыг арав гаран жилд бишгүйдээ өвөртөлж унтсан даа, одоо ч хажууд минь байж л байна. Б.Цагаанбаатар гээд ёстой нэрэндээ таарсан цагаан залуу ТЦ-н хаалгаар орж ирэхэд “За та хоёр нас ойролцоо, сонирхол төстэй, хамт ажиллах улс байна. Биеэ биедээ тус болж, сайхан нөхөрлөөрэй” гээд дүү Цоодолыгоо танилцуулж байсан нь өдгөө тун тодорхой санагдаж байна. Мөн за чи одоо залуу хүн сурна аа, гаднаас хайхгүй, өөрийн хармаагаа ухна шүү гэж ирээд сонины макет дээр ч Цагаанааг чамгүй суулгасан санагдах.

Баагийгийн өгүүлсэн “олон хүний нэр дурдагдаж чадсангүй, тэднийг тоочно гэвэл энэ нүүр багадна” гэдэг ч үнэн юм. Нээрээ ТЦ-н ил далд фронтод энд дурдагдаагүй олон хүн холбогдоно.

Төгсгөлд нь, ТЦ-ийн халуун дулаан хамт олонтой эхнээс нь таван жил ойр дотно ажиллаж байсандаа сэтгэл хангалуун байдгаа дурсаад ТЦ-н өнөөгийн хамт олон, уран бүтээлчид болон урьд өмнө хүч хөдөлмөр, зүрх сэтгэл, оюун ухаанаараа хувь нэмэр оруулж байсан бүгдэд, дээр нь ТЦ-н үнэнч уншигчдад дахин “баярын мэнд хүргэж” эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Э.Жагдагдорж
Коумбиа хот, Мизури муж