"Мөнхбаатарын сэтгэгдэлд хариулах нь" бичлэгтээ тааруухан өгүүлэл маягийн зүйл бичиж байснаа блогтоо тавих юм байна гэж билээ. Мэдээлэл холбооны технологийн анхдугаар чуулган гэж Монголд 1999 онд зохион байгуулах ажлын хэсэгт оролцсон юм. Чуулганы бэлтгэл ажлыг амжуулж явахдаа хүүхдүүдэд мэдээллийн технологийн мэдлэг олгох зорилгоор бичиж эхэлсэн эд л дээ. Урьд өмнө энд тэнд нийтлэж, гаргаж байсангүй ээ. Блогчид уншаад шүүн тунгааж элдэв сэтгэгдэл үлдээнэ үү.Миний үзсэн анхны цахим тоолуур
Би аавыгаа дууриаж тооны хүн болохыг мөрөөддөг байв. Аав дунд сургуулийн физик математикийн багш тул янз бүрийн гоё бодлого бодно. Би ч дутахгүй элдэв томъёо энээ тэрд шамдана. Сургуульд орохоос өмнө, тавтай байсан юм уу даа, гудамжны хүүхдүүдээ тойруулж суугаад арван мянгын дотор нэмэх хасах үйлдэлийг цээжээр хийж гайхуулна. Ёстой тооны мастер, энэ хүүхдээс түргэн, алдаагүй боддог хүн манай энэ хавьд үгүй гэж ойр хавийн эгч ах нар шагшина. Тэд шороон дээр хэдэн баганаар тоо бичиж байгаад чиний хариу зөв, буруу, аа үгүй ээ бид алдсан байна гэж ирээд шавж өгнө дөө. Аав ч үүнийг хөгжүүлэн дэмжиж үе үе уралдаж тоо цээжээр бодно.
Аав нэг өдөр зузаавтар номын хэмжээтэй, нэгэн сонирхолтой хайрцаг цүнхнээсээ гаргаж ирлээ. Гадуурх ширэн уутыг задалж үзтэл тоонууд бичсэн олон товчлууртай юм. Бас дээд хэсэгтээ нэг мөр бүхий дэлгэцтэй. Аав хайрцагийг цахилгаанд залгаж асаатал нөгөө дэлгэц гэрэлтээд тод ногоон болов.
Аав хуруугаар товчлуур дээр ээлжлэн дарахад чиг чиг хэмээн дуу гарч, дэлгэц гэрэлтэн ногооноор тоонууд урсан гарна. Тоо бичигдсэн товчлуур дээр хуруу дармагц дэлгэц дээр тэр тоо гэрэлтэн нэмэх тэмдэг бүхий товлуурийг дарж дахин тоонууд дээр дараад тэнцүү тэмдэг дээрээс хуруу салмагц нийлбэр дэлгэц дээр гарна. Тоог гайхамшигтай хурдан нэмдэг ийм ид шидийн хайрцаг би үзэж байсангүй. Дуулж, сонсоо ч үгүй байж.
- Аав аа, энэ чинь одоо юу юм бэ? хэмээн тэсвэр алдан асуулаа.
- Тооны машин гэдэг юм. Арифметикийн дөрөв болон бусад олон үйлдэл хийдэг электрон төхөөрөмж гэж аав хариулав. Сургуульд орох нас хүрээгүй ч үе үе аавыг дагаж хичээлд нь суух би электрон гэдэг үгтэй хэдийнээ танил болсон байлаа. Гэхдээ электрон багаж төхөөрөмж байдаг, тэгээд түүгээр тоо алдаагүй боддог гэж миний бяцхан ухаанд орж буусангүй.
- Аав аа, тэгээд энэ чины хэдэн электроноос бүтсэн юм бэ? Электрон нь цахилгаанаас урсаж орж ирж байгаа юу? Электронууд яаж тоо бодож байгаа юм бэ? Электрон тэгээд ухаантай юм байна, тийм ээ? гэж бараг нэг амьсгаагаар угсруулан асууж аавыг удтал инээлгэж билээ.
Энэ миний нүдээр үзэж гараар барьсан хамгийн анхны цахим тоолуур байлаа. Аавын ярианаас тэр тооны машин бол бас их мундаг чадалтай нь бус, үүнээс олон оронтой тоог бүр түргэн хугацаанд тооцож чаддаг машин байдаг. Тооцоолон бодох электрон машин гээд бүр их хүчтэй гоё эд байдаг. Түүгээр богино хугацаанд асар том тооцоог хийдэг. Миний үзсэн тооны машин бол маш жижиг хувилбар нь болно гэх мэт олон зүйл мэдэж авлаа.
Тэр цагаас хойш тоонд улам дуртай болж, физикч болох мөрөөдөл улам аслаа. Цахим тоолуур бүтээдэг хүн болох далд сонирхол анх удаа төрсөн ч тэгэс гээд мартагдсан байлаа. Бүр хожим арван хоёр жилийн дараа энэ хүсэл дахин ундарч билээ.
Улаанбаатар хот, 1998 он