Thursday, November 11, 2010

Шинэчилсэн бүртгэл болон тооллогод хамрагдлаа, Та бүхнийг мөн тоолуулаарай гэж уриалах байна

Зун амралтаараа харих үедээ хороо хорин дээрээ хоёртоо очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдан арван хурууны хээгээ үлдээсэн юм. Энэ талаар бяцхан тэмдэглэл блогтоо бичнэ хэмээн санаж байсан ч тэгээд цаг хугацаагаа гүйцэлгүй олон ч хоножээ. Нэг мэдэх нь ээ, тооллого гээд бас нэгэн бүртгэлд хамрагдах хэрэг ч гарсан байна. Уржигдар шөнө хэрэг болгон суун байж тооллогод хамрагдав. Ингээд энэ хоёрыг хамсаргаад нэг блогдоюу.

Энэ хоёр бүртгэл тусдаа, өөр өөр байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагаа юм билээ. Гэхдээ нэг дор зангилагдаж, нэгдсэн мэдээлэл үүсгэж буй нь бол ажиглагдсан. Шинэчилсэн бүртгэл нь УИХ-с батласан, овоо ч төсөвтэй, давгүй ч техник технологи хэрэглэсэн ажил болсон. Цуглуулж буй мэдээллийн хувьд ч гэсэн сайн бодсон байна лээ. Иргэний бүртгэл мэдээллийн газар тухайн иргэн бүрээ бүртгэж, сонгууль, татвар, эх орны хишиг/эрдэнийн хувь гээд олон зүйлд баталгаатай эх үүсвэр болох ёстой. Энэ утгаараа ч асуултууд нь оновчтой байж, арван хурууны хээгээр баталгаажиж байх шиг байна лээ. Харин энд маний боловсролын төвшин, байр сууцны мэдээлэл аваад байвал сонин болоод явчих биз.

Технологийн хувьд мэргэжлийн нүдээр бяцхан ажиглахад үнэхээр нааштай, тэр зарцуулсан хөрөнгөд харуусахгүй зүйлс олон байна лээ. Мэргэжлийн гэхээр сайн аппаратаар зураг авч байсан. Бүртгэл хийж буй лаптоп нь гэхэд өнөө үед юунд ч хэрэглэхэд нүүр улайхгүй, үзүүлэлт сайтай, орчин үеийнх юм билээ. Хурууны хээ авах төхөөрөмж нь лав АНУ-д өдгөө ид хэрэглэдэг, гадаадын иргэд болон хилээр орж гарч буй улсуудыг бүртгэхэд ашигладаг зүйл мөн байна лээ. Програм хангамжийг нь хальт харахад манайхан өөрсдөө зохиосон эд байсан. Хэр алдаатай ажилладаг вэ, гацаж эд нар элдэв юм болдог уу, хэрэглэх сурахад хэр амар байв гэсэн асуултуудад бүртгэл хийж буй бүсгүй сэтгэгдэл өндөр, ам сайтай хариулж байна лээ. Ингээд одоо юутай ч миний нэр, миний регистерийн дугаараар хэн нэгэн хуурамч баримт бий болгох магадлал эрс буурсан биз гэж бодогдсон доо.

Хүн ам орон сууцны тооллого буюу сүүлийн үед онлайнаар шургуу сурталчилаад буй http://www.toollogo2010.mn тооллого нь харин Статистикийн газраас НҮБ-н хүрээнд дэлхий даяар хийгдэж буй үйл ажиллагаатай холбоотой юм байна. Тооллогын түүх, ач холбогдол, онцлог, хууль эрх зүйн үндэслэл гээд дэлгэрэнгүй мэдээлэл вэб дээр нь байна лээ. Үүний Интернэт тооллогод нь гадаадад оршин суугаа Монголчууд оролцох хэрэгтэй юм билээ.

Вэб сайтуудаар энэ талаар өргөн мэдээлж, бас ч улсууд санал бодлоо их бичиж байна. Саяхан АНУ дахь Монголчуудын гол мэдээлэл авдаг сайтуудын нэг Даяар Монгол сайтад таван ч иргэн саналаа илэрхийлж, хэд хэдэн байгууллага холбоодоос уриалга гаргасан байна лээ. Энэ талаар өөрийн бодол, санал сэтгэгдэлийн талаар бичиж нэмэрлэж буй нь энэ билээ.

Онлайн хуудас нь дөрвөн жижиг алхамтай юм билээ. Эхлээд имэйл хаягаа бүртгүүлнэ. Бүртгүүлсэн имэйлээр ирэх мэдээллээр системд нэвтэрнэ. Эдгээр нь түргэн саадгүй ажилласан. Дараагийн алхамууд болох үндсэн бүртгэл, асуулга нь ч цаг авахааргүй байсан. Үндсэн бүртгэл нь бүртгүүлэхээр оруулсан улсуудын регистерийн дугаар, нэрээр нь иргэний бүртгэл мэдээлэлд хандаж баталгаажиж байна лээ. Өмнө өгүүлсэн хурууны хээгээ үлдээдэг нь зөв болжээ гэж бодогдсон. Тооллогод нийтдээ 20 минут зарцуулсан гэхээр тун давгүй. За сайн талаас нь, хэрэгтэй гэсэн өнцгөөс олон хүн бичсэн байсан тул давталгүй орхиж, өөрт бодогдсон жаал саарал талаас нь өгүүлье.

Үндсэн бүртгэл хийгдэх гуравдугаар алхамын дараа систем нь гацаад таг болчихно лээ. Өөр төрлийн интернэт браузерээр дахин системд нэвтрэхэд харин асуулга шууд гараад ирсэн. Гэхдээ асуулгад хариулаад баталгаажуулах алхамд алдаа гарч ирж байна лээ. Миний мэдээлэл эхнэрийнх рүү эхнэрийнх арагшаагаа хүүхдүүд рүү гэх маягаар нэг нэг баганаар хойш гүйчихсэн байсан, тэгээд миний мэдээлэл байхгүй, заавал бөглөх талбар хоосон байна гэсэн алдаа өгч байна лээ. Үүнийг иймэрхүү элдэв форм бөглүүлэх код олонтаа нухсан мэргэжлийн өнцгөөс харвал их бүдүүлэг том алдаа л даа. Тэгээд ч энд тэнд зөндөө онлайн форм бөглөдөгийн хувьд анхны оролдлогоороо дутуу мэдээлэл оруулдаггүй болж сурсан нэгэнд код нь алдаатай байна даа гэж бодогдсон. Мэдээллээ засварлаад дахин хадгалах товчлуур дарахад харин болоод явчихна лээ. Гэхдээ таны оруулсан мэдээлэл ийм байлаа гэж хэлэлгүй шууд л их эелдэгээр баярлалаа гэсэн тул яг зөв орсон эсэхийг бас бүү мэд. Талархлын имэйл мөн ирж байна лээ, гэхдээ миний асуулгын хариу зөв орсон эсэхийг мэдэж чадаагүй үлдсэн дээ.

Мэдээллийн технологийн мэргэжлийн нэгэн, элдэв форм ихээхэн зохиодог, бөглөдөг тулдаа нэг их ажил бололгүй дээрх алдаануудыг давж орхисон. Хэрэв ийм мэргэжлийн нэгэн бус, ер нь компьютер дээр тэр бүр мэдээлэл оруулаад форм бөглөөд байдаггүй нэгэнд бол иймэрхүү алдаа хамаг цагийг, нервтэй нь авчихдаг юм шүү хэмээн анхааруулахад гэмгүй биз ээ.

За энэ ч яахав, жижиг зүйл. Хамгийн гол, хамгийн том гэж санагдсан болгоомжлол бол харин за энэ оруулсан мэдээлэл тэгээд олон түмэнд хэзээ ил тод болчих бол доо гэсэн бодол байлаа. Нууцлал, хамгаалалтын талаар хөндөж байна л даа. За миний овог нэр, регистерийн дугаар бол ойлгомжтой нууцлагдах асуудал. Үүнээс гадна манай ам бүлийн тоо, бидний боловсролын байдал, байгаа газар орон гээд олон зүйл нь миний хувийн мэдээлэл, олон нийтэд тэр бүр өгүүлээд байх эд биш юм. Энд бид ийм л соёл, заншил, сэтгэлгээнд хэдийнээ суралцжээ. Эндэхээр жишээлбэл, Гоогл компани айлуудын байшинг газрын зургаар хайгаад хаягаар нь харуулж буйн төлөө буруудаж 8,5 сая долларын төлбөрт орсон гэх мэт.

Манай мэргэжилтнүүд нь өндөр зэргээр хамгаалагдсан, найдвартай л гэж байна лээ. Тэдэнд итгэхгүйдээ биш, нөгөө л мэргэжлийн нүдээр харахад ийм абсалют баталгаа байдаггүй бөгөөд тухайн үүрэгт улсууд нь хэр сайн ажиллахаас л хамаарах юм. Нутагт маань энэ талаар хангалтгүй жишээ дэндүү олон. Наад захаас нь үзэхэд, хуучин иргэний мэдээллийн бүх мэдээлэлд манай энэ хавийн АйТи гайгүй гадарлах хүүхдүүд чөлөөтэй давхиж ороод тантай адилхан нэртэй хүн улсад тэд байна, энэнийх нь регистрийн дугаар эд, тэрнийх нь төрсөн өдөр тэдэн гээд хэлчихдэг. Тэгээд хуучин гэлтгүй тэр мэдээлэл нь үнэн байх юм билээ.

За ингээд дээр өгүүлсэн шүүмж, болгоомжлол байгаа ч мэргэжил нэгт нөхөддөө итгээд, улс эх орны хөгжилд бас өчүүхэн ч тус нэмэр байгаа юм болов уу гээд, бас ч хууль дүрэм элдэв зүйлийг нь дагаж мөрдөе гээд тооллогод хамарчихлаа. Та бүхнийг ч гэсэн хамраасай хэмээн уриалж байна. Юутай ч албан журмаар тоолуулчихаад, бид энд байна шүү гэж албан ёсоор бүртгүүлж улсынхаа санд баталгаажчихаад дараа нь жинхэнэ сонгуулийн эрхээ нэхэх юм шүү хэмээн бодож байна даа.