Friday, January 7, 2011

Интернэтийн талаар миний санах зүйлс

Монголын Интернэтийн 15 жилийн ойд

Эхлэл буюу нэгэн сүрхий маргаан

Интернэт гэх агуу үгийг Орост оюутан байхдаа энэ мэргэжлээр суралцаж буй гэдэг утгаараа дуулж, уншиж мэдсэн боловч 1994 оны зун Монголд анх сонссон нь сэтгэлд хамгийн тод үлджээ. Гэхдээ тэр үед ирээдүйн боломж бололцоо, мэдлэгийн уурхай, эрх чөлөөний мэдрэмж зэргээр өнөөгийн өргөн ойлголт шиг хүмүүний амьдралд хамгийн холбоотой гэж бол ойлгоогүй байсан юм. Энэ нь басхүү хөгжилтэй адал явдлаас эхтэй бөлгөө. Өдгөө Интернэт гэхээр уг явдал санаанд орох бөгөөд үнэндээ яг тэр үеээс хойш Интернэтийн талаар нухацтай анхаарч судлаж эхэлжээ.

1994 оны дөрөвдүгээр сарын нэгний өдөр миний хувийн амьдрал, эзэмшсэн мэргэжил, хийсэн ажилд минь сүрхий тэмдэглэлт өдөр, мэдээллийн технологи, Интернэтийн хөгжилд багаахан хувь нэмэр болчих эргэлтийн тулах цэг байсан гэж боддог. За их сүртэй тайлбарлачих шиг боллоо, үнэндээ энэ өдөр тухайн үеийнхээр төрийн төв хэвлэл Ардын эрх сонинд ажилд орох тушаал гарч Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд анх удаа өдөр тутмын хэвлэлийг мэдээ бэлтгэх, дамжуулах болон эх бэлтгэлээс аваад хэвлэх хүртэл нь бүрэн компьютержүүлэх ажилд ханцуй шамлан орсон хэрэг. Энэ нь Монголын Интернэтийн хөгжилтэй нэг их холбогдолгүй санагдавч өмнө дурдсан хөгжилтэй тохиолдолтой холбоотой бөгөөд магад сайтар бодвол миний танилцсан Интернэттэй холбогдох тодотгол болох биз ээ.

Тэр үед Монголд аймгуудыг холбосон хоёр сүлжээ байлаа. Нэг нь хөрөнгийн биржийнх, аймагт байгаа компьютерээс мэдээг төвөөс тогтсон цагт модемоор холбогдоод татаад авчихдаг. Нөгөө нь, Мэдээллийн харилцаа ББХК-н и-мэйлийн PC-Mail сүлжээ. Манай сонин орон нутгийн сурвалжлагчдын мэдээг түргэн авах үүднээс энэ хоёрыг аль алийг нь хэрэглэнэ. Гэхдээ мэдээж бүх сурвалжлагч мэдээллээ сайн илгээж чадахгүй. Мэдээгээ хамгийн сайн илгээчихдэг, мөн араас нь миний мэдээ бүрэн очсон уу гээд хамгийн их анхаарал тавьдаг нь Архангайн Г.Жамц ах, Дарханы С.Батбаатар хоёр. Батбаатар нь Дарханы PC-mail-ийн төлөөлөгч Ц.Баттогтохоор мэдээгээ дамжуулна. Математикийн олимпиад болон МУИС-ийн багш нарын ачаар арван жилийн сурагч би оюутан Баттогтохыг таньдаг, цугтаа тоо бодчихдог байсан, дээр нь Мэдээллийн харилцаа компанид ойр дотно найз элбэгтэй тул тэднийхээр байнга очдог байлаа.

Нэг удаа мэдээ гацдаг, уддаг, алга болчихдог талаар гомдол гаргаж яваад тус компанийн дэд захирлууд болох Б.Наранцэцэг агсан, Г.Алтан-Оч ах нартай компьютерийн сүлжээний талаар жаахан маргаан өрнүүлэв. Би “Монголд орон нутгийг хамарсан жинхэнэ сүлжээ байхгүй, танай PC-Mail компьютерийн гадаад сүлжээ биш. Энэ чинь үргэлж холбоотой байдаггүй, ердөө и-мэйл, ядаж юзнэт байхгүй” гэсэн байр сууринд байсан бол, нөгөө хоёр “Датаком гадаад сүлжээ мөн” гэв. Гадаад дотоод сүлжээний мэргэжлийн тодорхойлолтоос аваад ямар үйлчилгээ хамарч байж жинхэнэ сүлжээ болох вэ, юу юу дутуу болохоороо, ямар функц автомат биш гар ажиллагаа ороод байгаа учир болохгүй байгаа юм гээд бүр оюутан цагийн хичээл, заасан багш нарын нэр хүртэл гээд маш ихийг хамруулан хоёр цаг илүүтэй маргалдаж мэтгэлцэв. Төгсгөлд нь Оч ах “Сонгодог утгаараа хоёр өөр барилгад байгаа хоёр компьютер хоорондоо холбогдчихвол гадаад сүлжээ биз дээ” гээд инээгээд гарч, Нараа эгч “Чи манайхыг Интернэттэй жишээд байна. Удахгүй бид тэр үйлчилгээг оруулж ирнэ. Одоогоор туршилт хийж долоо хоногтоо нэг удаа Хонконг уруу холбогдож гадаад и-мэйлээ бөөндчихдөг” гэлээ. Новосибирскт нэг сургууль төгссөн Нараа агсны өрөөнөөс гараад оюутан цагийн нэг өрөөний анд, халбага шөл, унтах ороо хуваан мэргэжил нэгт болсон Ч.Батаагийн өрөөнд орж бараг үгийн зөрүү байхгүй ширээн дээрээс нь хоёр ном булаах нь холгүй авч гарсан нь APRANET, TELENET, CSNET болон модемуудын тухай технологи талаас нь өгүүлсэн байж билээ. Энэ хөгжилтэй явдал, бидний яриа, нөхөрлөл миний мэдэх Монгол Интернэтийн эхлэл болсон билээ.

Монголын Интернэтийн холболтын туршилтын үетэй танилцсан минь

1995 оны эхээр юмдаг, сонины өглөөний ярианы үеэр зар сурталчилгааны албаны дарга Д.Баярсайхан ах мэдээ хэлэхдээ “Датаком ХХК гээд шинэ компани бий болжээ. Дэлхийн компьютерийн сүлжээнд Монголыг холбож байгаа гэнэ. АНУ-ын элчин сайдын яамны тусламжийн хөрөнгөөс зээлсэн байна” хэмээв. Сонины коллегийнхон “Мэдээлчихмээр юм байна, шуурхай албаныхан сурвалжлах уу?” гэхэд нь “Мэдээллийн харилцаа гэдэг компани үүнийг хийж байгаа, Интернэтийн сүлжээнд Монгол холбогдох юм. Хамгийн түрүүнд ус, цаг уурын институтэд маш их хэрэгтэй. Хөрөнгө хэмнэж, бас цаг агаарын мэдээг түргэн шуурхай авах боломж бүрдэнэ. Малчдад тустай зүйл болно. Цаг уурын С.Хөдөлмөр ахаас бас тодруулбал зүгээр” гэж би нэмж хэлээд Датакомтой холбогдох Нараа агсны утсыг бас өглөө.

Техникийн хэлээр их ярьсан улс байна, ойлголцоход бэрх юм, чи мэдээ бэлтгэчих гэхэд бичиг цааснаас хол би татгалзаж билээ. Үнэхээр мэргэжлийн хэллэгүүдээ бид тайлбарлахдаа тааруу, сэтгүүлч нарын технологийн мэдлэг бас бага байжээ. Интернэт гэдэг үг нэг тийм харийн, хол хэллэг, танигдахгүй нэр томьёолол байв.

Хэд хоноод Нараа эгч залгалаа. “Танай сонин овоо шуурхай, сэргэлэн юм уу гэж бодсон байдаггүй ээ. Нэг хүүхэд утсаар холбогдоод мэдээ авч асууж лавлаад таг болчихлоо. Сонин дээр юм гарах нь гээд хүлээсээр чамаас тагначих гээд” гэж байна. “Таны хэллэг, яриа дэндүү технологи юм аа, жирийн хүнд ойлгогдохгүй байна” гэж хэлж зүрхлэх биш “Сурвалжлагчид сайн ойлгохгүй байнаа, та нэг арга олоод манайхыг холбочихгүй юу, тэгвэл эд нар газар дээр нь ойлгоод танилцаад бичиж эхэлнэ дээ” гээд сөргүүлээд гуйчхав. Ингээд албан бус нэг эрх авчихлаа даа. Б.Балгансүрэн ирж Mosaic Netscape миний компьютер дээр суулгаж өгч байжээ. Интернэтийн хамаг мэдээлэл нь гадаад хэлээр юм хойно сурвалжлагч нар тэр бүр ашиглах нь ховор, гэхдээ манай сонины гадаад мэдээллийн дарга Ж.Нэргүй ах хамгийн их баярлаж билээ.

Оны сүүл хавьд, өглөөний нэг шуурхайн дараа Ц.Балдорж эрхлэгч “Чи ороод ир ээ” гэв. Хурал дээр сонин цагтаа буудаггүй, сүлжээ их саатаж байна гээд нэлээд үзэлцсэн, хэдэн ч хүнтэй тулаад авсан бухимдуухан би өрөөнд нь дагаад оров. Гэтэл өөдөөс шал өөр зүйл инээмсэглэсээр асуусан нь “Интернэт гэж мэдэх үү?” гэж байна. Би ч сурсан зангаараа баахан тайлбар урсгахаар ярьж эхэлтэл “За явъя” гээд Мэдээллийн харилцаа компани дээр очиж Д.Энхбат захиралтай уулзаж билээ. Интернэтийн байнгын төвийн нээлт хийхийн өмнө цөөн хүмүүст ганцаарчилсан танилцуулга хийж байсны нэг нь тэр байсан бөгөөд “За, би орчуулагчтайгаа ирлээ” гээд инээсэн эрхлэгч маань одоо ч нүдэнд тод байдаг юм.
Ингээд удалгүй интернэт албан ёсоор нээгдээгүй байхад л “Ардын эрх” хэрэглэгч нь болж байв. Групп 10 буюу олон хэрэглэгчтэй байгууллагын ангиллаар холбогдсон нь тухайн үедээ АНУ-ын Элчин сайдын яам, Цаг уурын газар тэгээд л “АЭ”. Групп 10 эрхтэй болох гэрээ хийхээр Нараа агсан дээр ороход дөрвөн зуу гаран мянган төгрөгийн ZyXEL модем манайд өгч, үнийг нь анх суурилуулах хөлсний хамт төлбөр хийсэн төлбөрийн даалгаврын сканнэрдсэн хуулбар одоо ч надад бий. Сар бүрийн хураамжийг нь харин сонин дээр нийтлэх реклам сурталчилгаагаар бартер хийсэн. Мөн HTML-ийн нэг зузаан ном 50 ам.доллараар захиалж авхуулсан юм. Хагас жилийн дараа “АЭ” анхны вэб хуудсаа хийж билээ. Д.Бат-Эрдэнэ нүүр хуудасны зургуудыг бэлтгэж байв.

Гэрээ байгуулсны дараа Ш.Батцолмон манайд ирж суурилуулах үйлчилгээ хийнгээ “Чи одоо надаар суулгуулаад байхдаа яахав дээ. Танайхан Батаатай аквариумд бараг хоноод байдаг биз дээ. “Ажаа” чинь явуулсан болохоор ороод ирлээ, очоогүй гэвэл аймаар юм болно ... энд гарын үсгээ зурчих. Би нэг компьютер дээр чинь суулгачихъя, танайх арван эрхтэй юм байна. Үлдсэнийг нь чи өөрөө гүйцээчих ...” гэх мэтчилэн ярилцаж Netscape Communicator суулгаж өгч байж билээ.

Интернэтийн нээлтийн ажиллагаа

Монгол Улсад Интернэт нэвтэрснийг албан ёсоор зарлаж, Интернэтийн нээлтийн ажиллагаанд ерөнхийлөгч П.Очирбат болон төр засгийн томоохон төлөөлөгчид оролцсон 1996 оны нэгдүгээр сарын 17-ны үйл ажиллагаанд очих хувь бас олдож байснаа их аз хэмээн санадаг юм. Уг үйл ажиллагаанд зөвхөн урилгаар оролцож байсан бөгөөд яг үнэндээ би уригдаж бариагүй боловч басхүү боломж гарч ирсэн юм.

Өмнөхөн нь манай сонинд мэдээлж, басхүү байгуулсан гэрээний ёсоор бид нэг нүүр сурталчилгаа бэлтгэж, дээр нь хэд хэдэн цуврал нийтлэл бэлтгэх боллоо. Найруулга талдаа жаахан тааруу орчуулсан, технологийн хэллэг ихтэй хэдэн хуудас зүйл ирснийг сонины шуурхай албаны дарга Б.Галаарид “Танай компьютерийнхэн нэг ийм юм хийж, хэн үүнийг чинь уншаад ойлгох вэ дээ” гээд ширээн дээр шидчихээд яваад өглөө. Батбаатар, Галаарид, Баяраа ах нар ойлгоогүй бол нээрээ бусдад нь, тэгээд уншигчдад бүр хэцүү л дээ. Ингээд “Интернэт бол сүлжээнүүдийн сүлжээ юм” гэж эхлүүлсэн зүйлийг редактарлан засварлаж, нэмж найруулсан нь Интернэтийн талаар миний хамгийн анх удаа бичсэн зүйл болж байлаа.

Нээлтийн ажиллагаанаас хоёр хоногийн өмнө болсон сонины өглөөний шуурхай дээр энэ талаар ярилцлаа. “Ерөнхийлөгч очиж буй юм бол улс төрийн албаныхан сурвалжлах уу?” гэж байна. Эрхлэгч “Тэр бүтэхгүй, энэ ер нь их чухал, ирээдүйтэй ажил, технологи гадарлах залуучуудаас зурагчинтай явуулъя” гэж байна. Д.Энхболдбаатар, Д.Дашмөнх гээд АЭ-ийн амралтын дугаар Ням гариг сонинд компьютерийн булан хийлцдэг нэрсийг би санал болготол эрхлэгч “Том сониноос (АЭ-ийгээ бид том сонин гэдэг байлаа) хариуцлагатай хүн илгээе. Надад ирсэн урилгаар Жагдаг бас цуг яв” гэлээ. Ингээд Б.Тогтохбаяр сурвалжлах даалгавар авлаа. Тогтохоо “Ёстой мэдэхгүй зүйлээрээ том даалгавар авчихлаа, урьдчилж юу үзэж юу унших вэ?” гээд манай өрөөгөөр орж ирэв. Нөгөө Галаад гологдож байсан баахан хуудсыг бас бус хэдэн орос англиар хэвлэсэн цаастай өгөөд “Технологийн биш хэлээр тайлбарлахад хэцүү юм. Ер нь бол Интернэт гэдэг юм чинь энэ байна” гээд компьютер уруугаа заахад инээгээд толгой сэгсэрчхээд цааснууд аваад гарлаа.

Интернэтийн нээлтийн ажиллагаа Датаком компанийн байранд эхлэхээс өмнөхөн Тогтохоо өрөөнд орж ирээд “Явъя, зурагчин бэлэн. Эртхэн очиж нэмэлт мэдээлэл олж авахгүй бол ойлгоход амаргүй юм байна. Яг юундаа агуу, юугаараа ирээдүйтэй юм бэ? Гарт баригдаж, нүдэнд үзэгдэх яг юу байна?” гээд “Галаа ах бас машин өгсөн” гэх нь шуурхай албанаас их ач холбогдол өгсөн хэрэг юм. Урилгагүй оруулахгүй шүү гэхээр нь эрхлэгчийн өрөөг туслахаар нь онгойлгуулж урилгыг нь авчихлаа. Гэрэл зурагчин яг хэн байсныг би харин сайн санадаггүй юм, таахад Б.Тошка байсан болов уу. Ингээд бид Датаком компанийн байранд ирээд орох замдаа гадна нь байх том антенийн талаар Тогтохоод товч тайлбарлаж, голчлон техник үзүүлэлт хэлээд бас л инээлгэж байжээ. Үүдэнд урилгаа шалгуулаад хоёр давхарт гарч дэд бүтцийн хөгжлийн яам, зам тээврийн яамыг холбосон хоолойд байрлах Интернэт холболтын гол төхөөрөмж бүхий танхимд орлоо.

Тогтохоо тэр дороо сэтгүүлч Д.Цэрэнжав ахыг бараадаад авчээ. “2000” сэтгүүлийн эрхлэгч тэрбээр Датакомтой хамтарч “.MN” сэтгүүл гаргасан байлаа. Цэг МН гэдэг нь Монгол Улсын Интернэт дэх хаяг гэдгийг тэр үед олон хүн мэдээгүй байсан биз ээ. Нээлтийн ажиллагаанд АНУ, Солонгосын элчин сайд нар ирсэн байлаа. Хоёр цаг орчмын дараа Тогтохоо “Би явлаа, очиж сурвалжлагаа бичлээ. Үнэхээр гоё юм аа, их сонирхолтой, үнэхээр их юм мэдэж ойлгож авлаа” гээд олз омог дүүрэн явав. Миний хувьд тэнд их олон хүнтэй танилцсан бөгөөд Яахоо дахь монголын тухай вэб хийсэн С.Бадрал гуайг тэр үед мэдэж авсан юм. Тухайн үед монголын тухай бараг цорын ганц вэбсайт, онлайн мэдээлэл байсан нь энэ байх даа. Орой нь Их тэнгэрт хүлээн авалттай байсан бөгөөд өөрийн урилга биш эрхлэгчийнх тул санаа зовоод тийш явах автобусанд суулгүй үлдлээ. Хэд хоногийн дараа эрхлэгч ирээд хүлээн авалтад яваагүй шалтгааныг сонсоод “Чи хэвлэлийн хүн болох болоогүй байна даа. Боломж бүрийг алдалгүй шинэ соргог зүйл олж авдаг юм шүү” гээд инээж билээ.

Монголын Интернэт хөгжихөд багаахан нэмэр болсон болов уу

Хожим нь 1996-1999 онд “МН-Өнөөдөр”, “UB Post”, “Өдрийн сонин”-ы вэб хуудсуудыг www.mol.mn/argamag/... хаягаар нийтэлж гадаадад байгаа монголчууд болон Монголыг сонирхдог гадаадынхан уншиж, талархлын и-мэйл олноор ирдэг байсныг санаж байна. Ялангуяа спортын Таван цагариг сонины уншигчид гээд хөдөө орон нутаг, гадаадад байгаа монголчуудтай их холбоотой байж билээ. 1999 онд анхлан Монголын шар ном гээд бизнес байгууллагуудын лавлахыг html хэлбэрээр гаргасан, мөн үед байгууллагуудын анхны вэб хуудсыг хийж өгдөг байсан, интернэтийн тухай хурал зөвлөгөөнүүдэд илтгэл тавьж, судалгаа хэлэлцүүлж, зохион байгуулж, Интернэтийн олон нийтийн төв, Соросийн сангийн Интернэт хөтөлбөр, Интернэт мэдээлэл ТББ, Нээлттэй вэб төв гээд олон ч байгууллагынхантай ойрхон ажиллаж, нийлж хамтарч бүтээлчээр зүтгэх зэргээр Монголын Интернэтийн хөгжлийн агуулгын талд бяцхан ч болов хувь нэмэр болсон байх. Үүнээс хоёр явдлыг дурсвал,

Нэгд, 1999 онд Монголын мэдээллийн технологийн анхдугаар чуулганыг зохион байгуулалцаж, Мэдээлэл Холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал боловсруулахаар мэргэжил нэгтнүүдтэйгээ сайхан хамтарч ажиллаж, танилын хүрээгээ маш их өргөжүүлж билээ. Тус чуулганаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Даглас Гарднэр "Дэлхийн тавцанд Билл Гэйтс, Майкл Дэлл гээд алдартнууд байдаг бол Монголын мэдээлэл холбооны салбарт би дөрвөн хүнийг онцолж дурмаар байна” гээд Монголд Интернэтийг анхлан оруулж ирсэн Д.Энхбат захирал (өдгөө УИХ-ын гишүүн), Монголын Интернэтийн хөгжил, боловсролын салбарт үлэмж хувь нэмэр оруулж буй А.Эрдэнэбаатар (өдгөө ШУТИС-ийн КТМС-ийн Програмчлалын технологийн профессорын багийн тэргүүлэх профессор), засгийн газрын хэрэглээнд Интернэтийг нэвтрүүлж буй, Монголын засгийн газрын мэдээллийн технологийн ажлын хэсгийн ахлагч, Монголын тухай хамгийн анхны агуулгыг бий болгосон С.Бадрал (өдгөө Европт ажиллаж буй дипломатч ), иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудад Интернэтийг амжилттай хөгжүүлж буй Я.Борчулуун (өдгөө АНУ-д Мизурийн их сургуульд эрдэмтэн судлаач хийж буй) нарыг онцолж байсан нь олон улсын байгууллагууд, гадаадын доноруудаас анхлан үнэлж байсан нь биз ээ.

Хоёрт, гадаадад байгаа Монголчуудын “Эрдэм мэдлэг, эв нэгдлийн хослол, энэ монголын хөгжлийн түлхүүр” болсон, 1999 оны тавдугаар сарын нэгэнд байгуулагдсан Цахим өртөө сүлжээ Интернэтийн хөгжилд өөрийн тодорхой хувь нэмэр оруулж, агуулгын хувьд, хэрэглэгчийн хувьд маш том түлхэц болсон гэж боддог. Анх байгуулагдсан цагаас нь өдгөөг хүртэл гадаадад суралцаж, ажиллаж, амьдарч, аялж явсан мянга мянган залуус хоорондоо танилцаж, мэдлэг мэдээлэл, туршлагаа солилцож эх оронтойгоо холбоотой байж, Интернэтийн хэрэглээ, агуулга, үр ашгийн талаар үй олон тус дэмийг эх нутгийн зүг залсан билээ. Монгол агуулга бараг байхгүй үед мэдлэг, мэдээлэл тараах нэг гол суваг болж; өдгөө гадаадад байгаа цөөнгүй Монгол бизнесийн эхлэл суурь болсон орчинг бүрдүүлж; хүн бүрд танилын хүрээгээ өргөтгөх боломж гаргаж; хувийн асуудалдаа тус дэм авч, үнэнч, ёс суртахуунтай соёлтой харьцаанд суралцаж боловсрох; бусдад зөвөөр нөлөөлж, олныг манлайлж хүмүүжүүлэх боломж бололцоог онлайнаар бий болгосон нь Цахим өртөөний Монголын Интернэтэд оруулсан гол хувь нэмэр юм. Өдгөө нутагтаа буцаж очоод эх нутгийн хөгжилд гар биеэ оролцож буй монголчууд тоолж барахгүй олон бий.

Төгсгөлд буюу Монголын Интернэтийг хөгжүүлэгчийн тухай тун товч

Монголын Интернэтийн 15 жилийн ойд зориулж өөрийн мэдэх, өөрийн туулсан, өөрийн туршлагаар тохиосон үйл явдлаас эхний таван жилийг тоймлон дурсвал нэг иймэрхүү. Арван таван жилийн тэртээ соёолсон Монголын Интернэт орчинг анхлан бий болгосон, санаачилж, үүсгэсэн эрхэм үүргийг Д.Энхбат гуайд, туулсан эрсдэл, анхлан босгосон ажил нь Датаком компанид оногдох ч Г.Алтан-Оч, Л.Баатархүү, Ч.Батаа, Ш.Батцолмон, Б.Балгансүрэн, Э.Бямбаа, Б.Наранцэцэг агсан, Р.Оюунгэрэл, Р.Оюун, Я.Борчулуун, Б.Ундрахбуян, Л.Ариунаа, Б.Бурмаа, Н.Үнэнбат, С.Нацагдорж, E.Одгэрэл, А.Эрдэнэбаатар, Г.Оюунбаяр, С.Хєдєлмєр, Ц.Ганболд, Н.Баасандорж, Ш.Баатар, Д.Цэрэнбат, Д.Цэрэндорж, Д.Цэрэнжав гээд нэрийг нь дурдаж баршгүй олон мэргэжилтнүүд, АНУ-ын элчин сайдын яам, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Канадын АйДиАрСи, Соросын сан, Дэлхийн банк гээд спонсоруудгүйгээр Интернэт хөгжих байсан хэмээн сэтгэж чадахгүй юм байна.

Эцэст нь нэмж өгүүлэхэд Монголын Интернэтийн хөгжилд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа, цаашид энэ үүргийг хүлээх нэгэн бол жирийн хэрэглэгч, үүнийг уншигч та билээ.