Tuesday, November 26, 2013

Алдаа онооны торгон мөчөөс сурахуй буюу Энтрэпрэнур болон инновац шинэ хичээл


МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн магистр оюутнууд болон залуу багш нарт Энтрэпрэнур болон инновац хичээлийг онлайнаар энэ удаа заахаар боллоо. Хамгийн анх тус сургуулийн оюутнуудад заасан эхний танилцуулах хичээлдээ ярьсан, хичээл яагаад заах болсноо блогтоо бичлэг болгосон бөлгөө ( http://argamag.blogspot.com/2011/10/blog-post.html линкээр үзэж болно.)

Өмнөх хичээлүүдээс нэлээд олон зүйл өөрчиллөө. Бакалавр оюутнуудад зориулсан үндсэн суурь ойлголт болон онол, нэр томъёоны хэсгүүдээс хасах, үндсэн сурах бичгийн хувьд хуучнаа хэрэглэж дээр нь монголоор орчуулагдсан хэдэн номыг нэмэлт уншлагаар оруулах, АНУ болон Цахиурын хөндийн жишээ болгосон бизнес хэргүүдтэй дүйх монгол бизнес, эдийн засгийн агуулга нэмж харьцуулах чигийг барилаа. Түүнчлэн өмнөх хичээлүүдэд оролцоогүй шинэ зочин багш урьж видео ярилцлага авч баяжууллаа.

Хичээл практик амьдралаас илүүтэй суралцах тул бизнесийн алдаа, онооны торгон мөчөөс юуг зааж сургаж болохыг хайж олох шинэ сорилтыг өмнө минь нээсэн тул гарчигт өгүүлснээр хичээлээ нэрлэж болмоор санагдсан бөлгөө. Ингээд анх хичээл эхлэхдээ асуулт хариулт өрнүүлж байсны жишгээр дахин асуулт хариулт блогдов.

Ямар төрлийн бизнесүүдээс суралцахад хамгийн сонирхолтой байх вэ?

Үнэндээ алдаа гаргаж байгаа, сүйрч дампуурч болох бизнесүүдээс маш ихийг сурч болдог ажээ. Өмнө нь ихэнхдээ амжилттай яваа өчнөөн олон бизнесүүдээс суралцах санаа, арга боломж хайдаг байлаа. Гэтэл хүндрэлд орох үе илүү сургамж өгдөг. Яаж хэрхэн шийдэж болж байна, хүндрэлээс хэрхэн гарч байна гээд зөндөө суралцах зүйл бий болдгоос гадна юуг хэрхэн хийж болдоггүй юм байна гэдгийг олж харах боломж бий болдог. АНУ дахь ийм бизнесийн сонгодог жишээгээр Энрон (Enron), Женерал Моторс (General Motors), Детройд хот (City of Detroid) зэргийг дурдаж, Монгол бизнес жишгийг бид хичээл дээрээ ярилцах, хэлэлцэх болно. Арван хэдхэн жилийн өмнө Энрон цоо шинэ хөгжлийг авчирч буйн жишээ болж байсан бол өдгөө огт байгаагүй мэт, хөрснөөс арчигдсан мэт сураггүй болжээ. Монголын хөрөнгийн биржийн компаниудын дээгүүр жагсаж байсан, 90-д онд компьютер болон электроникийн бүтээгдэхүүн угсарч, үйлдвэрлэж байсан Монел хаачив, юу тулгарав? Энэ бүгд юунаас болов, ямар сургамж өгөв? – энд болсон үйл явдлууд ахиж давтагдахгүй, хайгаад олдохгүй биз ээ.

Өөр ямар бараан бизнесийн жишээ хичээлд орж байгаа вэ?

Энтрэпрэнурын бүтэц зохион байгуулалтын талаар үзэхдээ ЮуБиЭсийн (UBS) том скандалаар барууны хөгжингүй зах зээлийн жишээ болгож шүүхийн шийдвэр хэрхэн нөлөөлдөг талаар авч үзнэ, мөн бусад зарим банкны үйл ажиллагаанаас жишээлнэ. Монгол жишээ болгон шүүхийн шийдвэр гарахаас өмнө мөрдөн байцаах шатанд олон бизнес эрхлэгчдийг удаан хугацаагаар хорьж байгаагийн сайн муу нөлөөний талаар хэлэлцэнэ. Юу буруу болов, ямар алдаа гарав гэдгийг тайлбарлах эдийн засгийн энгийн зарчмуудтай холбоотой бодит бизнес жишээнүүдийг олноор хамруулан үзнэ. Эдгээр зарчмууд хэчнээн гайхалтай болохыг тайлбарлахыг хичээнэ.

Тэгвэл амжилттай бизнесүүдээс юу сурч болох уу?

Агуу амжилт гаргаж буй технологийн бизнесүүдийн жишээ болох Гүүгл (Google), ЛинкэдИн(LinkedIn), Твитэр(Twitter) – хэрхэн орлого олж, ашиг үйлдвэрлэж буйг үзэж судлах үнэхээр сонирхолтой. Бараг сүйрч алга болохын даваан дээрээс хэрхэн сэргэн босож болохын тод жишээ бол Эппл (Apple). 100 гаран жилийн турш салбарынхаа, зах зээлийнхээ тэргүүнд яваа АйБиЭмийн (IBM) үндсэн гурван үнэт зүйл, түүнийгээ хэрхэн өдөр тутмын үйл ажиллагаа болгож буй чадвараас сурах зүйл маш их. ЭмСиЭс, Мобиком гэх мэт Монголын амжилттай яваа бизнесийн үйл ажиллагаанаас авах сурах зүйл их бий. Гэрэгэ партнерс, Нью медиа групп, БизНэтворк гэх мэт олон бизнес Монголын зах зээлд өөрсдийн орон зайг эзлэн тодорхой амжилтад хүрснээс сурч мэдэх зүйл их.

Оюутнуудаа хэн бэ гэдгийг товч тайлбарлавал

Урам зориг дүүрэн, маш их идэвхтэй, зааж бас өөрөө суралцаж хамтран ярилцахад үнэхээр хөгжилтэй хүмүүс.

Яагаад?

Тэднийг өөдөө түлхэх тутам тэд бүр илүү их эерэг хүч үүсгэн бий болгодог. Товчдоо, физикийн энерги хадгалагдах энгийн хууль биелэгдэхийг хардаг. Хичээлдээ бэлтгэж би маш их хөдөлмөрлөдөг, энэ таван асуултыг хариулах гэж бичих гэж үнэхээр их хөдөлмөрлөсөн. Миний зүгээс байнга хөдөлж кинетик энерги ихээр зарцуулдаг, оюутнуудад үүнтэй тэнцэх потенциал энерги үргэлж байдаг. Энергийн энэ шилжилтээс их ажил бүтэж эдийн засагт, хувь хүний амьдралд эерэг нөлөө гарна гэж итгэдэг. Итгэлийг ажил туршлага болгон хувиргадаг, манай оюутнууд. Дээр нь нэг зүйл нэмэхэд оюутнууд миний [монгли] хошигнолыг яагаад ч юм ойлгоод, хүлээж аваад байдаг нь ер бус гэж болно.


* (Тодруулбал, монгли гэдэг нь монгол англи гэдгийн товчлол бөгөөд бибээр эндээ өдөр тутмын ажлын найз нөхдөдөө my [Monglish] sense of humor хэмээдэг юм. Monglish = Mongolian + English)