Аргамаг Инкорпоратэдийн хэрэглэгч, Аргамаг блогийн уншигч Та бүхэн амар сайн байна уу? Даага далантай, бяруу булчинтай, тавлаг сайхан хаваржиж байна уу? Хэсэл их, морь хурдан уу?
Эх нутаг элгэн саднаасаа алс хол амьдарч, ажиллаж, сурч, аялаж байгаа та бүхнийг эх орон, ээж аав, үр хүүхэд, ах дүүс, анд нөхөдтэй тань холбоо харилцаатай байлгах үйлсэд мэргэжил нэгт бусад нөхдийнхөө хамтаар цаг нартай уралдан зүтгэдэг Аргамагийнхан сар шинийн мэнд хүргэж байна.
Та бүхэндээ ирж байгаа "хотлыг баригч" шороон хулгана жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн, бизнес уран бүтээлдээ өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе!
Америкт байгаа хэрэглэгчдийнхээ амьдрал, жаргал зовлон, хүсэл мөрөөдөл, бодол санааг эх нутагтай нь холбох гүүр болох үүргээ бид амжилттай гүйцэтгэж байна. Зөвхөн эх оронтойгоо ч бус дэлхий даяар ертөнцийн булан бүрт буй элэг нэгт ахан дүүсийнхээ гүүр болох эхлэлээ тавьж хэд хэдэн улсад холболтын эрх авсан нь мөн л манайханы амжилт.
Иракт байгаа цэргүүд битүүлж буй мэдээг хүргэж хошууч Амарбаясгалан Флоридагаас өчигдөр утас цохиж байна. Цэргүүдэд утасны карт авна гэнэ. Бид ч уламжлал ёсоор цэргүүдээ дэмжиж үнэгүй карт дагалдуулж илгээлээ. Амараа энхийг сахиулагчдын тухай сайхан сэтгүүл хариуд нь имэйлдэв. Удахгүй сэтгүүлийг вэбдээ залж нийтэд хүртээл болгоно оо.
Утасны картны талаар олон хэрэглэгч өчигдөр утасдлаа, чадлынхаа хэрээр асуудлыг шийдэж өгч байлаа. Зарим нэгт нь эргээд залгана гэсэн ч амжаагүй тохиолдол бий, уучлаарай, амь хувьсгалын ажил ихээр давхацаж байлаа. Оройн зургаан цагийн үед карт авах гэсэн чинь вэб чинь болохгүй байна гэнэ. Амгаа битүүлгээ хойш тавин байж вэбээ босгосон. За тэгээд оройхон тийшээ битүүлээд бид утсаа ч аваагүй байх, хэд хэдэн миссэд колл байна лээ, уучлаарай! Мөн олон удаа залгуулж байна хэмээж байлаа. Нутагт шинийн нэгэн болж буй тул ачаалал ихэссэнээс тэр л дээ. Бэрхшээлийг ойлгон хүлээж авч байсан хэрэглэгчиддээ их баярлалаа.
Гахай жилийн төгсгөлд зарласан ярианы хөнгөлөлт үргэлжилж байна. Жирийн үеийнхээс 20 хувь илүүтэй ярих боломжтой гэсэн үг. Хөнгөлттөй үед улам ихээр нутагтаа залгаж, ахмадуудынхаа мэндийг мэдэж, сургааль ерөөлийг нь аваарай! Аргамагаар үйлчлүүлж буйд их баярлалаа.
Friday, February 8, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment