За хөө, блогоо нээлгүй бас л олон хонож дээ. Тийм л их завгүй явсан юм байлгүй дээ. Wow, хоёр сар гаран болсон байна ш дээ. Амьдрал өрнөөд блогдох зүйл зөндөө байсан ч цаг зав үнэхээр хомс байжээ.
Texas мужаар долоо хоног тэнэсэн байна. Далайн эргээр алхах богино хугацаанд ч гэлээ тун сайхан амралт болсон. Houston Rockets, Sacramento Kings-н тоглолт үзэж, хоолойгоо сөөлгөсөн. NASA ч бас агуу юм билээ. Блогдох зүйл мэдээж маш их байгаа, нөгөө л зангаараа :-) дараа тодорхой үргэлжүүлнэ ээ.
Атланта бас тэнээдэхлээ. Ази судлалын хурал гээд жилдээ аймаар юм болдог юм. Монголчууд юу гэж дутах вэ, бөөрөнд нь наалдаад Монгол судлалын Америк дахь хоёр ч байгууллага энэ үер жилийн чуулганаа хийгээд авна. Энэ жил их онцлогтой. Америкийн Монголчууд өөрсдөө өөрсдийгөө судалж чаддаг болсоноо харуулж бүтэн панел бүрдүүлж, удирдаж хийлээ. Вашингтон Ди Си-д байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг Монгол соёлын төвийнхөн М.Саруул-Эрдэнэ, Ц.Наранцэцэг энд маш их зүтгэл гаргасан. Америкийн онголчуудын худалдааны танхим хийсэн судалгаагаараа илтгэл тавьсан нь олны анхаарал маш ихээр татлаа. Мизурийн их сургуулийн доктор оюутан Я.Борчулуун, Сиатл хотоос сэтгүүлч, судлаач А.Оюунгэрэл бид уг судалгааг хийсэн. За хурлын сонин сайхан, судалгааны талаар хожим дэлгэрэнгүй блогдоё :-).
CNN төв оффисоор орохыг үнэхээр их мөрөөддөг байлаа, биелсэн шүү. Coca Cola-гаар ч ороод авсан. Тэнд ундаа гэхээсээ илүүтэй америк амьдрал, хэв маягийн түүхийг илүүтэй хараад авсан шүү. Бизнесийн, маркетингийн, зар сурталчилгааны бүрэн хичээлд суугаад авах шиг болж байна лээ.
Чикаго хотод Монгол радио үйл ажиллагаа авуулдаг, нэвтрүүлгээ цацдаг болоод удаж байна. Америкийн монголчуудын худалдааны танхимынхан ихээхэн ач холбогдол өгч, хамтран ажиллаж байгаа. Манай зөвлөлийн гишүүн хуульч Г.Ганзориг ах, даатгалын Я.Өлзийболд сайхан ярилцлага өгсөн байгаа. Интернэтээр сонсож ч болно. Би ч гэсэн нэг яриад авсан, гэхдээ найз нөхдөөс санал анхааруулга их ирж байгаа. Товч тодорхой ярьж сурах хэрэгтэй гэсэн зөвлөгөө л их байгаа даа.
Гадаадаас орж ирдэг ярианы үнийн талаар ийм үйлчилгээ эрхэлдэг монголын компаниуд сүүлийн хэд хоногт нилээд хөл хөдөлгөөнтэй, идэвх санаачлагатай байна. Тэд үнэ унагадаг буруутанг олох гээд их хөл болж байгаа ажээ. Мэдээж дундаас нь хэн нэг нь эсвэл хэд нь үнээ үе үе буулгаж орхидог биз. Шалгалт хяналт нь амжилттай дуусч буруутан олдох нь чухал бус хамгийн гол нь бие биеэ ойлголцож, зөв шийдэлд хүрч, хамтын тоглолт хийж чаддаг болоосой билээ.
Вашингтон Ди Си хотноо энэ сарын 23 - 24 Америк Монголын бизнес гуравдах форум болох гээд энд хөл хөдөлгөөн, ажил төрөл ихтэй улс зөндөө. Форум ноднин жил аялал жуулчлалын чиглэлээр болж байсан бол энэ жил эмнэлгийн тоног төхөөрөмж, барилга, уул уурхай гээд хэд хэдэн салбарыг хамарч буй юм байна. Монголоос ирж оролцох бизнесийнхэнтэй Чикаго хотноо Америкийн монголчуудын худалдааны танхим уулзалт хийх гээд мөн л ажил их. Уулзалтын зар, мэдээг удахгүй блогчдод хүргэнэ ээ.
Дараагийн форумд мэдээллийн технологийнхоныг хамруулахыг санал болгоод амжсан шүү!
Friday, April 18, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment