www.dayarmongol.com сайтад бичсэн зүйлээ блог дээрээ байрлуулья. H1B төрлийн визээр АНУ-д гадаадын иргэдийг цагаачлалгүйгээр ажиллах боломж бий болгодог. Дотоодын ажилах хүчийг хамгаалах үүднээс уг зөвшөөрлийг тодорхой хязгаартайгаар өгдөг бөгөөд цалингийн доод хэмжээг тогтоосон байдаг. Монголд дээд боловсрол, мэргэжил эзэмшсэн хэнд ч уг зөвшөөрлийг авч ажиллах боломж бий.
Дөрвөн сарын нэгэн гэхээр хаврын баяр, инээмсэглэлийн баяр, уурладаггүй өдөр, биеэ биеэ гэнэхэнээр хуурч тоглоом хийдэг гэж тархинд бичигдсэн үе саяхан байлаа. Америкууд ч мөн ижил april fools’ day буюу хуурмаг өдөр гэх нь бий. Хөнгөн хуурч, онигоо хэлж ярих нь элбэг. Гэхдээ энэ удаа үүний талаар хэлэлцэх гэсэнгүй. Америкийн цагаачлал болон цагаачлалгүйгээр ажиллах хүчин гадаадаас авах талаар товч дурдах улмаар орлогын татвар, нийгмийн хамгаалалын татвар, эрүүл мэндийн даатгалын талаар хөндөх гэсэн билээ.
Сүүлийн үед Даяар Монгол сайтын нийтлэл, хэлэлцүүлэг жинтэй болж ялангуяа санал сэтгэгдэл их сайхан өрнөх боллоо. Бичлэг бүр арваас хорин сэтгэгдэл үлддэг, биеэ биеэ ойлгож хүндэтгэн дэмждэг, санал бодлоо чөлөөтэй уралдуулдаг болж байгааг сайшаан дурдаад гол сэдэвтээ эргэн орьё.
Г.Ганболд гуай “АНУ-ын Цагаачлалын бодлогын тухай” нийтлэл бичсэнийг уншаад энэ талаар бичвэл бас далайд дусал, олонд хэрэгтэй мэдээлэл хүрэх буюу бусдын мэдлэгийг хуваалцах боломж гарах байх хэмээн найдлаа. Цагаачлал, гадаадын ажиллах хүч хэрэглэх талаарх бодлого, татвар, даатгал яагаад дөрвөн сарын нэгэнтэй холбогдов гэхээр энэ өдрийг асар олон гадаадын мэргэжилтнүүд тэдний гэр бүл болон Америкийн ажил олгогч нар хүлээж байдаг юм.
Сүүлийн хоёр жилийн статистикаас харвал энэ л өдөр АНУ-н зах зээлд гадаадын мэргэжилтнүүдийг цагаачлуулалгүйгээр ажиллуулах 130000 гаран хүсэлтийг жил тус бүр ажил олгогч нар засагтаа илэрхийлсэн байна. АНУ-н цагаачлалын хуулийн дагуу H1B визээр ажиллах зөвшөөрөл жил бүр тодорхой тоогоор олгодог бөгөөд дөрвөн сарын нэгний өдрөөс дараа жилийн зөвшөөрлийг өгөх өргөдөл хүлээн авдаг бөгөөд жил бүр тодорхой хязгаартай зөвшөөрөл олгодог. 2004 оноос жил бүр 65000 зөвшөөрөл олгож байгаа бөгөөд үүний 1400 нь Чили, 5400 нь Сингапурийн иргэдэд олгогдох хуультай.
Хэдийгээр өнөөгийн эдийн засгийн байдалтай холбоотойгоор ажлын байрны тоо буурч, ажилгүйдэл ихсэж, цомхотгол ихээр явагдаж байгаа ч өндөр боловсрол, мэдлэг чадвартай мэргэжлийн хүчин дутмаг байгааг дээрх хоёр дахин их хүсэлт илэрхийлж буй. Чили, Сингапурыг дурддаг маань энэ хоёр улс АНУ-тай байгуулсан чөлөөт худалдааны гэрээний дагуу ийнхүү тодорхой тооны хүмүүсийг найдвартай зөвшөөрлөөр хангаж чадаж буйгаас бид, Монгол Улс санаа авч, суралцах болов уу гэснийх.
Багаар бодоход жил бүр 100 лимиттэй болчихвол монголчууд хожно уу гэхээс алдахгүй. Энэ тооны ард гэр бүлийн хүн, үр хүүхэд гээд олон зүйл холбогдоно. Тэд бүгд АНУ-д хууль номын дагуу амьдарч, ажиллаж суралцана. Аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь зовлон багатайгаар айлчилж зочилж болох үүд нээгдэнэ. Энэ зуу гэдэг тоо жилийн 3.5-5 сая ам долларын орлого монгол хүмүүст бий болгоно. Үүний хэд нь бэлэн мөнгөөрөө, хичнээн нь оюуны болон бусад шилжсэн утгаар эх оронд минь шилжих бол?
Зарим хүмүүс надтай маргадаг л даа. Ийм олон боловсон хүчин Монголд байхгүй. Эсвэл Монголын хамаг гайгүй гэсэн ажиллах чадвартай улсууд гадаадад гарчихна гэдэг юм. Тэр хүмүүсийн зөв ч бий байх, би тэгтэлээ их маргадаггүй ч доорхи тайлбарыг үргэлж хийдэг.
H1B визэнд санхүү, нягтлан бодох, эмч, багш судлаач гээд их олон мэргэжлийнхэн байдаг. Үүнээс зөвхөн мэдээллийн технологийнхоныг авч үзье. Энэ нь миний мэргэжил бөгөөд би өөрөө ийм жимээр замнасан багаахан туршлага бүхий л дээ. Би энд ирэхээсээ өмнө эх орондоо долоон жил мэргэжлээрээ ажиллаж мэргэжил нэгт маш олон хүнтэй харьцаж, хамтарч, сургаж, суралцаж байсан. Тэдний хэн нь ч АНУ-н зах зээлд мэргэжлийнхээ ажлыг хийгээд явах чадвартай гэж бүрэн итгэлтэй хэлж чадна. Монголын мэдээллийн технологийнхон муу биш, дэлхийн хэмжээнд тоглох чадвартай. Жил бүр болдог олон улсын математикийн олимпиад, мэдээлэл зүйн олимпиадад оролцож амжилт гаргаж буй монгол хүүхдүүд, тэдний багш нарын мэдлэг чадвар үүнийг бас батлана. Тэдний төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийг нь эндэх шиг л ижил тооцож, үнэлж, дэмждэг. Гагцхүү тэд дэлхийн тавцанд, бодит зах зээлд шинэ арга барил, хөдөлмөрлөх чадварт нэмж суралцах хэрэгтэй юм. Туршлагаас үзэхэд 100 хүн ардаа 300-500 хүн бэлтгэх чадвартай болдог юм билээ. Иймд Монголд чадварлаг боловсон хүчин байхгүй биш, дуусчих биш харин эсрэгээрээ улам олныг бий болгон үржүүлэх хөрс бий болж байгаа юм. Түүнчлэн ингэж өндөр хөгжилтэй зах зээлд гарч ажиллах нь үүрд мөнхийн бус, гэрээт хугацаа дуусахаар буцдаг юм аа. АНУ-д боловсрол олж авсан олон монголчууд буцаад харьж байгаа шүү дээ. Түүнтэй ижил ажлын гэрээ дуусахаар харина, хариад жинхэнэ олон улсын хэмжээний мастер боловсон хүчин байх билээ.
Статистикаас үзэхэд H1B визтэй Монгол хүмүүс 2007 онд 31 удаа хилээр нэвтэрч орж ирсэн байна. Нэг хүн хэд хэдэн удаа хариад ирэхэд давхар тоологдоно л доо. АНУ-н хилээр энэ хугацаанд цагаачлалын бусаар орж ирсэн Монгол хүний нийт тоо 5870. Үүний 1079 нь бизнесийн, 2596 нь жуулчлалын аялал хийж, 1499 оюутан, 170 оюутаны гэр бүл үр хүүхэд хилээр орж иржээ. Бизнесийн, оюутаны виз олголтыг эрс нэмэгдүүлсэн, цаашид ч сайжруулна гэж АНУ-н элчин сайдын яам, консулын газрын ажилтнууд нь өдгөө ээлж дараагаар мэдэгдэж, ярилцлага өгч байна.
Дээр дурдагдсан нэмэгдүүлнэ, сайжруулна, өгнө гэсэн ангилалд H1B буюу нарийн мэргэжлийнхэнийг өргөн хамруулах боломж юу байна вэ? Юунд түлхүү анхаарч, юу хиймээр байна вэ? Үүнээс юу хожиж болох вэ? Оюутаны ширээнээс илүү ихийг сурах уу, бодит амьдрал, бодит ажил зах зээлээс илүү од шүүрэх үү? Оюуны өндөр чадвартай хичнээн олон монгол цэнхэр захтай буюу хар ажил хийхээр алсыг зорих вэ? Хууль ёсны зөвшөөрөл, хязгаараас болж өөрийн чадвар, боломж, самбаа авхаалжаараа олсон ажилдаа хичнээн хүн орж чадахгүй үлдэх вэ? Эрсдэл үүрээд зардал гаргаж буйг нь хэрхэн дэмжиж боломжийг нь нэмэгдүүлэх вэ?
Энэ мэт олон асуултыг тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байгааг минь хүлээн авч санал бодол, хүсэлт, сэтгэгдэл, мэдлэг, туршлагаа хуваалцана уу!
Дашрамд дурдахад, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Х.Батбэх :
“АНУ-д ажиллаж амьдарч байгаа манай иргэд цалингаасаа Нийгмийн халамжийн татвар төлдөг, тэрхүү төлсөн хэмжээгээрээ төрөлх нутагтаа нийгмийн халамж эдлэх боломжийг бүрдүүлэх, үгүй гэхэд уг мөнгийг эгүүлэн олгуулах нь олон айл өрхийн ахуй амьдралд тустай ажил болно хэмээн тус ЭСЯ үзэж Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт анхааруулж, холбогдох яриа хэлцэл хийж эхлэхийг санал болгож байгаа. Ойрын үед дахин албан тоот илгээхээр бэлтгэж байна.
АНУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, чингэхдээ иргэддээ боловсролын түвшин, мэргэжлийн дадлага чадварыг харгалзах үндсэн дээр ажлын байр олгуулах, визийн илүү ашигтай дэглэмд шилжүүлэх, цаашилбал нутагтаа эзэмшсэн боловсролын диплом, эрдмийн зэрэг цолыг нь хүлээн зөвшөөрүүлэх, АНУ-ын их дээд сургуулиудад Монголын оюутан залуучуудыг элсүүлэн суралцуулахад чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөрийг бий болгох зүйл заалтуудыг тусгуулах зэрэг санал санаачилга бидэнд цөөнгүй бий.” хэмээн бичсэнийг хуваалцья.
Цаашид АНУ-н орлогын татвар (income tax), нийгмийн даатгал (social security, medicaid), эрүүл мэндийн даатгал (FICA, medicare), чөлөөт худалдааны гэрээнд иргэдээс оруулах санал, боловсролын түвшин, диплом, эрдмийн зэрэг цолын талаар гэх мэтчилэн үргэлжүүлэн бичиж хэлэлцүүлэг өрнүүлэх болно оо.