За нутагтаа долоо хоног ажлаад ирлээ. Буцаж явмааргүй, тэр чигтээ үлдчихээр сайхан байлаа. Ээждээ золгож, ах дүү, найз нөхдүүдтэй учирч, цагаан сарын бууз дуусаагүй таарч урамтай, хийморьтой байв. Монголын эдийн засгийн форум болохоос хэдхэн хоногийн өмнө дуусах томилолт таарсан тул тус форумд оролцогчдод зориулж жаахан зүйл холбосныг Өнөөдөр сонин 3/2-ны дугаартаа нийтэлжээ. Блогтоо бас байрлуулчихья.
Монголын эдийн засгийн форумд хүргэх санаа
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Монголын “жиргээчдийн” хүрээнд, Монголын телевизийн сувгуудаар энэ гуравдугаар сарын хоёрноос гурванд болох эдийн засгийн форумын талаар идэвхтэй өгүүлж байна. Хүний хөгжил, хөгжлийн бодлого, засаглал, дэд бүтэц сэдвүүдийн дор олон салбар хуралдаан болох ажээ. Хөдөлмөр эрхлэлт ба ажлын байр, мэргэжлийн боловсрол ба эдийн засгийн өсөлт, санхүүгийн зах зээл, өрсөлдөх чадварын хэмжүүр - кластер - инноваци, бизнесийн таатай орчин, иргэний оролцоо - мэргэжлийн холбоодын чадавх, санхүүжилт - төр хувийн хэвшлийн түншлэл зэрэг чиглэлүүдтэй холбоотойгоор гадаадад байгаа монголчуудын оролцооны талаар зарим санааг “жиргэж” байснаа тодруулан энэхүү нийтлэлийг бичлээ.
Гадаадад байгаа өндөр мэргэжлийн, тэндээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа монголчуудын эх орондоо чиглэсэн харилцааг эдийн засагжуулах замаар Монгол Улсын, монгол хүний хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж болно гэж үзэж байгаа минь нийтлэлийн гол санаа бөлгөө. Үндсэн санаагаа дараах таван зүйлээр тодруулъя:
- жижиг дунд бизнесийг цэцэглүүлэх;
- өрсөлдөх чадвар сайжруулах;
- экспорт нэмэгдүүлэх;
- барууны хөгжингүй орнуудад Монгол брэнд бүтээгдэхүүн бий болгох;
- засаг, төрийн хөгжлийн бодлогод зөвөөр нөлөөлж, дэмжих.
Гадаадад байгаа монголчуудын харилцааг эдийн засагжуулна гэхээр жаахан том томьёолол дуулдаж магад. Тэгээд ч тэднээс эх орондоо чиглүүлдэг мөнгөн урсгал болон шинэ санаа, шинэ үйлчилгээ, оюуны хөдөлмөр, ажлын арга барил гээд бодит зүйл байхад шинээр юу гаргаж ирэх вэ гэсэн асуулт байж болно. Тийм ээ, АНУ-д байгаа монголчуудаас гэхэд долоо хоног бүр олон тооны контейнер, агаарын ачаа нутгийн зүг явдаг. Гэхдээ тоо нь хэмжээ, эдийн засаг, санхүүгийн дүнг гаргаад хэлчих гаалийн газар, банк санхүүгийн байгууллагууд таг болохоор бас эдийн засагжаагүй, бүртгэл тооцоо тогтоогүй мэт. Үүнээс илүүтэй хэрэгтэй зүйл бол гадаадад байгаа монголчуудыг, тэдний хүрээллийн байгууллагуудыг монголын жижиг дунд үйлдвэрлэлийнхэнтэй холбож шинэ зах зээл нээхэд тодорхой дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэх явдал юм.
Жижиг дунд бизнесийг цэцэглүүлнэ гэлээ. Яагаад заавал жижиг дунд гэж?
Нэгд, нийтлэлийн эхэнд дурдсан жиргээчдийн бичсэнээр Монголын жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн дэмжлэг, бичил зээлийн бодлого, үйл ажиллагаа зөв замдаа орохгүй байгаа бөгөөд үүнээс гарах нэг арга болж чадах юм. Жишээ болгоход, сангийн дэд сайд Ч.Ганхуяг “бичил зээл ажлын байр бий болгодоггүй” гэсэн жиргээнд МҮХАҮТ-н дарга С.Дэмбэрэл “бичил зээл ажлын байр бий болгохгүй гэсэн 10 жилийн туршлагатай чинь маргаж 100% ялж чадна” гэсэн бол санхүүч Б.Найдалаа “ажлын байр бий болгосон ч тогтвортой биш, бүрэн шийдэл болж чадахгүй”, И.Цэрэн-Онолт доктор “Яагаад, зээл олгогч нь зээлдэгчээ бодох биш, зөвхөн банкны хүүлэх бодлого барьснаас уу? Ер нь сайн шийдэл, жишээ байдаггүй юм уу” гэх зэргээр жиргэв. Энэ бүгдэд миний хариу жиргээнүүдийн санаа нь бүтээгдэхүүн, түүний зах зээлийг бүрэн тооцоолж цогцоор нь дэмжихгүйгээр нэг талаас зээлээ алдахгүй найдвартай байлгаж хүүлэх, нөгөө талаас өнөө маргаашаа аргалж гал унтахаар зээл авч буйгаас тааруу байна. Гадаадад байгаа монголчуудаар дамжуулан зах зээлээ өргөтгөж, харилцан итгэлцэж, хамтран ажиллах бизнес модель бий болгох шинэ сэтгэлгээ, инноваци санаачлахад чиглэж байлаа.
Хоёрт, том бизнесүүд бүтээгдэхүүнээ гадаадад гарах өөрийн арга замаа олж чаддаг. Зорилго нь байвал тэд аргаа олчихно. Юун төлөө том бизнес гэж байгаа билээ маркетингийн, зах зээлийн судалгаа хийх боломж, томоохон бизнесүүдийн хамтын ажиллагаа өрнүүлэх зэрэгт гарах зардлаа тэд өөрсдөө даваад гарчихдаг. Харин жижиг дундчуудад ийм боломж бага.
Гуравт, жижиг дунд үйлдвэрлэлийг зөв дэмжсэний дүнд ядуурал буурч, ажлын тогтвортой байр бий болж, эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх билээ. Дэмбэрэл даргын нэгтээ “Хивсний том үйлдвэрийн ажилтан, гар аргаар хивс нэхдэг жижиг бизнесийн эрхлэгчийн сэтгэлгээ маш их ялгаатай. Сайн ажиллах урамшууллын арга нь бүр өөр” хэмээн жиргэсэнтэй миний хувьд санал бүрэн нэгдэж байна. Энэхүү жижиг бизнес эрхлэгчтэй ажиллаж бүтээгдэхүүнийг нь шинэ зах зээлд гаргах харилцааг санал болгож буй юм.
Өрсөлдөх чадвар сайжруулна гэлээ. Яаж, яагаад?
Өрсөлдөх чадварын талаар Монголд сүүлийн үед ид яригдаж, Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргаж, үндэсний төв байгуулж, гадаадын мэргэжилтэн урьж, хамтарсан судалгаа хийх болсон нь үнэхээр зөв үйлдэл. Монгол Улсын, монгол бизнесийн, монгол бүтээгдэхүүний, монгол үйлчилгээний, монгол хүний өрсөлдөх чадвар өндөр болгохгүйгээр өнөө үед бид хөгжих битгий хэл дэлхийтэй зэрэгцэн хөл нийлж алхах боломжгүй. Энэ бүх авч буй чухал арга хэмжээний хажуугаар гадаадад байгаа монголчуудыг түшиглэн дотоодын өрсөлдөх чадварыг сайжруулахад тодорхой нэмэр үзүүлж болно. Энэ талаар Монголын Өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуутай хэдэнтээ санал солилцож, хамтран ажиллах, судалгаанд оролцох талаар ярилцаж байсан билээ. Мөн өнгөрсөн зун Улаанбаатарт болсон “Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо” сэдэвт гадаадад буй монголчуудын чуулган уулзалт, гадаадад байгаа Монгол мэргэжилтнүүдийн “Зуны лекц – 2010” зэрэг үйл ажиллагаанд яригдаж, Цахим өртөөгөөр олонтаа хэлэлцэгдсэн юм. Товчдоо, өрсөлдөх чадвараар тэргүүлж буй орнуудад мэргэжлээрээ таваас арван жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллаж буй монголчууд цөөнгүй болжээ, өнөө үед. Тэд өрсөлдөх чадварын талаар, сайжруулж нэмэгдүүлдэг арга механизмын талаар гүн ойлголттой, амьдралын өргөн туршлагатай болсон, хувь хүнийхээ өрсөлдөх чадварын хүчээр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж ажилласаар байгаа. Иймд гадаадад байгаа монголчуудын амьд жишээ, туршлагаас суралцаж мэдлэгийн хөрөнгө оруулалт хийх нь өрсөлдөх чадвар үлэмж дээшлүүлэх нэгэн үүд болно хэмээн итгэж байна.
Экспорт нэмэгдүүлнэ гэлээ. Яаж, хэрхэн?
МҮХАҮТ-с гаргасан 2010 оны гуравдугаар улирлын гадаад худалдааы статистик мэдээллийн шинжилгээ, дүгнэлтээс үзвэл тус улиралд нийт 2025.6 сая ам. долларын бараа экспортолсон нь 2010 оны мөн үетэй харьцуулахад 56.6 хувиар өсжээ. Экспортын үнийн дүнгийн 94 хувийг зөвхөн эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн эзэлснийг дурдсан байна. Ийн өсөлт гарч байгаа нь эдийн засгийн ач холбогдол өндөртэй боловч бүрэн ажил хэрэг болгож чадаагүй өөр ямар нэмэлт боломж байна, энэ тоон үзүүлэлтэд жижиг дунд үйлдвэрлэл хир жин дарж байгаа вэ гэх мэтийн асуудлыг онцолж үзвэл нэгийг бодогдуулна.
Боломжийг хир ашигладаг талаар нэгэн жишээ дурдвал, АНУ-д Монголын нэр бүхий бараа бүтээгдэхүүнд гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх боломж байдаг. Уг боломжийг манай ЖДБ тун тааруу ашигладаг гэж санадаг. МҮХАҮТ-с үүнд гарал үүслийн гэрчилгээ олгож Монголд бүтээсэн гэдгийг баталгаажуулдаг. Товчдоо, ЖДБ-д бичил зээлийн хүрээнд, эсвэл өөрсдийн боломжоор санхүүжүүлж гаргасан бүтээгдэхүүнтэй, түүндээ гарал үүслийн гэрчилгээтэй тэгээд цааш таг зогсчхоод буй санагддаг. Энд гадаадад буй монголчуудын хувь нэмэр, оролцоо багагүй байж болно гэж үзээд буй юм. Тэд монголын хувьд шинэ зах зээлээ мэднэ, хэрэглэгчээ мэднэ, хэрэглэгчийн сэтгэлгээ, шаардлага, маркетингийн арга барил гээд тэдний дунд тэдний амьдралын хэв маягаар амьдарч, ажиллаж буй шүү дээ. Ийнхүү экспортыг нэмэгдүүлэх арга зам байж болох юм.
Барууны хөгжингүй орнуудад Монгол брэнд бүтээгдэхүүн бий болгоно гэлээ. Яаж, хэрхэн?
Барууны хөгжингүй орнуудад хэмээн онцолж буй нь тэнд боломжтой, хармаан зузаантай худалдан авагчид буюу зах зээл бий бөгөөд манай ЖДБ-н бүтээгдэхүүний боломжит эрэлт байгаатай холбоотой юм. Өөртөө хамгийн ойр нэгэн жишээ авахад, манай амьдарч буй зуун мянга хүрэхгүй хүн амтай хотын төвд хэдэн жижиг дэлгүүр бий. Арван мянган тосгон гэдэг байгууллагатай хамтарч ажилладаг ганц дэлгүүрийг авч үзэхэд АНУ даяар шударга худалдааг дэмжлэг 3500 гаруй жижиг дэлгүүрүүдтэй нийлж бараа солилцож, том бизнесийн брэнд бүтээгдэхүүн огт худалддаггүй, харин тодорхой хүмүүсийн хүрээлэлд хүрсэн зах зээлд оролцдог юм. Ийн жижиг тодорхой сонирхолтой зах зээлийн энд нийч (niche) гэж онцолдог. Нийч зах зээлүүдэд манай ЖДБ-н бүтээгдэхүүн тохирох боломж маш их бөгөөд монголын брэнд буюу нэрийн барааны бүтээгдэхүүн бий болох нь улс эх орны гадаад нэр хүндэд басхүү ихээхэн тустай, сайхан сурталчилгаа болж чадна.
Засаг, төрийн хөгжлийн бодлогод зөвөөр нөлөөлж, дэмжинэ гэлээ. Юугаар, яаж?
Монголын төр, засгаас ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг хөгжүүлэх, санхүүгийн болон оюун ухааны хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр гар хумхин суухгүй байгаа. ЖДБ-г дэмжих сангууд, банк санхүүгийн болон шинжилгээ судалгааны байгууллагууд олноор бий болжээ. Бичил зээлийн хууль хэлэлцэгдэж байлаа. Гадаадад байгаа Монголчуудад анхаарал хандуулж засгийн газрын зохих бүтэц бий болгож, дэлхийгээр тархсан монголчуудаа буцаан дуудах, эх орондоо ирж биеэр хөдөлмөрлөхөөс гадна алсаас сэтгэл санаа, оюуны хөрөнгө оруулалт хийж мэдлэг, туршлагаа дамжуулах боломжуудыг бий болгохоор ажиллаж Зөгийн үүр мэт төслүүдтэй болжээ. Монгол төрийн энэ мэт бодлогод дэвшүүлэн буй санаа зөвөөр нөлөөлж, оролцох талуудын сонирхлыг хангаж, эцсийн дүнд хаа хаанаа хэн хэн нь хожих боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Төгсгөлд нь дүгнэхэд, Монголын ЖДБ-г дэмжих үйл ажиллагаанд гадаадад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа монголчуудын оролцуулсан төсөл хэрэгжүүлье. Үйлдвэрлэгчид – ЖДБ, бичил зээл болон бусад санхүүгийн дэмжигчид – ЖДҮ-н сангууд, банк санхүүгийн бус байгууллагууд, бодлого боловсруулагчид – Засгийн газар, яамд, Өрсөлдөх чадварын судалгааны төв, МҮХАҮТ, гадаадад буй монголчуудын мэргэжлийн холбоод, олон нийтийн байгууллагууд – Монголчуудын холбоод, Америк дахь Монголчуудын худалдааны танхим гэсэн цогц оролцон тоглогчидтой хөтөлбөр зохиоё. Гадаадад тогтвор суурьшилтай ажиллаж буй монголчууд зөвхөн мэргэжлээрээ өрсөлдөх чадвар өндрөөр зогсохгүй тэд тэндэхийн зах зээлд тэндэх амьдралын хэв маягаар, тэндэхийн өрсөлдөөн, арга барилд зохицон амьдарч буй. Тэндэх зах зээлийнхээ бүтээгдэхүүн болж, тэдний хэрэглээний сэтгэлгээ, зах зээлийн ойлголт, маркетингийн арга барил, зах зээлийн тогтолцоог бүрэн ойлгож буйн хувьд Монгол дахь өнөөгийн ЖДБ-г дэмжих үйл ажиллагаанд маш сайн нэмэлт болж чадна.
“АНУ-д мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж буй монголчууд аливаа ажлыг эндэхийн стандартаар гүйцэд хийж хэдийнээ сурчээ. Мөнгөн хөрөнгийн болон оюуны хөрөнгө оруулалт эх орондоо хийх хэмжээнд бид өсжээ. Бидэнтэй хамтарч ажиллаж, бидэнд итгэл үзүүлэн ажил даалгавал бид хийхэд бэлэн байна. Бидэнд боломж олгоно уу? Нуруун дээрх хүнд ачаанаас тань үүрэлцье! Бид бэлэн байна, хүлээж байна.” хэмээн Ерөнхий сайд асан С.Баяр Вашингтон хотноо эх орон нэгтнүүдтэйгээ 2008 оны есдүгээр сард уулзаж байх хуралд хэлсэн товч үгээрээ нийтлэлээ өндөрлөе.
Э.Жагдагдорж
Колумбиа хот, Мизури муж, АНУ
1 comment:
Жижиг дунд бизнест Европын Холбооны гишүүн орнуудын засгийн газраас жил бүр олгож байх буцалтгүй тусламжын хэмжээг тухайн нэг орны ерөнхийлөгч Монголд айлчилж очихдоо нэмсэн. Энд багахан бизнес эрхэлдэг эндхийн бизнес орчинг гадарладаг хүмүүс гүүр болж өгвөл ажилд хэрэгтэй баймаар. Гэтэл ямар ч тендергүй хэдэн жилийн өмнөөс ямар "бизнест" хэн хэдэн евро авах нь тодорхой болчихсон, энгийн танил талгүй ард ойртох аргагүй юм билээ. Жинхэнэ ажил эрхэлдэг хүнд мөнгө хүрдэг эсэх, тэр буцалтгүй тусламж авсан хүмүүс мөнгөө хэрхэн зарцуулж улс нийгэмд хэрэгтэй юм хийж бүтээж байгаа тухай ямар ч ил тод мэдээлэл байдаггүй
Post a Comment