Хэдхэн хоногийн өмнө АНУ-н нийслэл Вашингтон хотноо Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах наймдугаар тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Чикагогийн баг гуравдахиа түрүүлж аваргын цомыг мөнхөд хадгалан авч үлдэхээр болжээ. Олон жил ширэн бөмбөгөөр нөхөрлөсөн андууд минь өнөөхөө хөөж, тэмцэн уралдаж, хөгжилдөн баясаж явахад бибээр хойшлуулашгүй хувийн чухал асуудлаар оршин суугаа хотдоо хэд хоног догдлон суув. Ингээд хөлбөмбөгчин найзууддаа болон блог уишигчиддаа ноднин бичилцсэн номын хэсгээс хуваальцья...
Зохиогчдын тухай
Аливаа номын зохиогчийн тухай товч өгүүлэх нь тухайн бүтээлийн утга санаа, чанар чансаа, сэдэв сонирхол гээд олон зүйлийн бодрол уншигчид төрөх боломжийг бүрдүүлдэг талтай. Энэ удаа бичгийн талын боловсрол, туршлага, мэдлэг хамгийн нимгэн нэгэнд энэ чухал үүрэг таарчихжээ. Тэгээд яах вэ дээ, ямар энд тэндээс хуулаад жагсаачихсан техникийн тодорхойлолт эсвэл ажлын намтар зохиомолтой биш, өөрийн санаанд төсөөлөгдөж буйгаар энгийн нэгэн бичлэг гэхдээ жаахан нөхөрсөг хошин шогийн аястай өгүүлэхээр шийдэв.
Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж нэгэнтээ “Зуны халуунд бөмбөг өшиглөн тоос шороо манаргаж, өвлийн хүйтэнд хоккей тоглож цас мөсөн дээр өнжөөд үдшийн бүрийгээр гэрийн бараа харж явсан дал наяд оны Улаанбаатарын халтар жаалууд бид бүгдээрээ спортын хэнээтнүүд” хэмээн ихэд оновчтой хэлсэн байдаг. Тийм ээ, номын зохиогч бид гурав яг энэ үеийнхэн. Ялгаатай нь манай хоёр циркийн хажуугийн байранд амьдарч өсөх наснаасаа Зико, Зофф, Бэкэнбаурын найзууд, Бразил, Герман, Итали, Францаар тэнэсэн шиг хотын төвд шороо, цемент дээр ширэн бөмбөг ширүүхэн хөөсөн шиг байсан бол би бээр хотын захад хашаанд өсөнгөө Ногоон нуурын намаг дээр хальтарч, хий өшиглөж, заримдаа дэгээ ороолгуулж, за ер нь яаж унасан зөөлхөн газардаж ширэн, резинэн, заримдаа бүр даавуун бөмбөг элдэж, Пелегээс өөр танилгүй Америкийн сармагчин, Английн хорио мэтийн домгоос хэтрэлгүйгээр хөлбөмбөг хэмээх агуу ертөнцөд хөл тавьсан шигээ байжээ.
Зохиогчдоо нэг нэгээр нь танилцуулахгүй өдий хүртэл бид гээд байгаа нь бас учиртай. Оюутан болж алсыг зорин “Хээрийн галуу нисэн үл хүрэх Сибирийн хүйтнээс эрдэм өвөртөлж ирэхээр” одтолоо аав ээжтэйгээ нэг гудамжинд, хашаанд, нэг гэрт, нэг байшинд, нэг өрөөнд цуг байх аз тохиосон надад давхар од гийсэн нь эмээ өвөөгийнхөө өврөөс гаралгүй эгэл амьдралын их сургуулийн алтан босгыг анхлан алхсан бөлгөө. Эмээ өвөө минь нэг зүйлд санал нэгдэж, нэг зүйлд ихэд маргадаг байж билээ. Санал нэгддэг нь, хүнтэй сайн танилц, зүгээр танилцаад зогсохгүй өөртэйгөө хамт яваа нэгнийг өрөөл бусдад танилцуул гэх. Харин зөрдөг нь, өөрийгөө эхэлж танилцуулах уу эсвэл эхлээд цуг яваа нөхдөө танилцуулах уу гэх асуудал юм. Өөрийгөө эхэлж танилцуулаад цуг яваа андуудаа танилцуулах нь эхлээд өөрөө танил болж байж өрөөлийг танилцуулах эрхтэй болно хэмээн тайлбарлагдана. Маргаж буй нь юун сагсуу, ойворгон юм өөрөөсөө эхлээд, олигтойхон хүн өрөөл бусдыг эхэлж боддог юм гэх. Энэ удаадаа уншигч авхайн өмнө өөдгүй царайлаад өөрөөсөө эхэлчихье дээ. Нэрсийн цагаан толгойн дарааллаар бас ингэж таарах ч юм байна.
Эрхэмбаярын Жагдагдорж
Спортын Таван цагариг сонины анхны дугаарыг бэлтгэж, Толя ахын зурсан сонины толгойг янзалж суух гэх мэт тээр жилийн явдал юм даа, Олимпийн хорооны Ото-той анх танилцаж байх үед нээг их олон хүн хөлбөмбөг ярьж билээ. Бид нэг тэмцээн сонингууд дотроо хиймээр ч болсон бил үү, ямар төрлөөр үзэлцэх үү гээд эхэлсэн яриа хөлбөмбөг уруу халтирахад Ото гэнэт “За, Жагдаг аль багийг дэмждэг вэ?” гэж асуухад торолгүй “Швейцар” гэтэл “Хм, тэгж л таараа, за чиний хөлбөмбөгийн мэдлэгийн төвшинг тогтоочихлоо. Чи нэг “тийм” хөлбөмбөгчин юм байна, мэдлээ” гээд инээж билээ. Хөлбөмбөг огт мэдэхгүй юм байна гэж тодорхойлж буй хэрэг, 90-д оны дунд гэхээр аргагүй дээ, дэлхийн аваргын “отборочный” даваад шигшээ тоглолтод явдаггүй багийн фэн байх даа яах вэ дээ. Хөлбөмбөгт хоккейн оноогоор хожигддог баг байж шүү дээ тэр үед, юун өнөөгийн дэлхийд 18д эрэмбэлэгдэж, дэлхийн шилдэг 32т удаа дараа шалгаран дэлхийн цол хүч үзгээ группээсээ шалгарчихдаг, нутаг дээрээ Европын аварга зохион байгуулдаг гэх мэт амжилттай баг билээ. Тэр үед зүүд мөрөөдөлд хүртэл ийм зураг харагдаагүй байсан үе.Арван жилд байхад бид цаасан дээр хөлбөмбөг бас тоглоно оо. Дөрвөлжин шугамтай цаасан дээр гурав гурван нүдээр нүүнэ, өрсөлдөгчөө нүүдэлгүй мад болговол зургаан нүдээр цохилт хийнэ. Ингээд хүүхэд бүр нэг баг авна, тэрийгээ өмчилчхөөд бас хуваалцахгүй ээ. Гайгүй сайн нэр хүндтэй багууд мэдээж эхлээд дуусна, тэр бүр аливаад би би гээд эхэнд нь гүйхгүй бас булаацалдаж маргаад байхгүй, юманд жаахан хойрго хандаж сүүл мушгих надад яаж сайн баг үлдэх билээ, улаан дэвсгэртэй цагаан нэмэх тэмдэг надад хуваарилагдсан нь тэр. Болоогүй ээ бас хөлбөмбөгийн боссууд манайд амьдардаг болохоор хэрэндээ би их догь. ФИФА-г мэдэх үү, Ньонд УЕФА байдаг ш дээ, Цюрих хотоос зохицуулна аа гэх мэт болно.
1986 оны дэлхийн аваргаас эхлээд цэнхэр дэлгэцээс салахаа байж, гарсан тоглолт бүрийг үзэж, тоглогчдыг нэрээр нь таньж, цэц булаалдан таамаг дэвшүүлж мэтээр хөлбөмбөгийн амьдралаар бүрэн амьсгалж эхэлсэн юм. Сонинд хэвлэгдсэн мэдээллийн хөтөлбөрт тусгагдаагүй ч, шөнө дөлөөр Оросын ямар сувгаар хэзээ хэн тоглохыг тагнаж мэднэ. Сансар хорооллын орос мэргэжилтнүүд, цэргийн ангийн ТВ сувгаас барих гэж байшин дээрээ их өндөр антен босгож билээ. Төв шуудангаар өдөр бүр эргэлдэнэ. Футбол и хоккей, Советский спорт сонингийн бүх дугаарыг худалдаж аваад, элэгдтэл нь эргүүлнэ, дамжуулж уншина. Эндээс Оросын телевизээр хэдэн цагт аль сувгаар юу гарах хуваарийг Москвагийн цагаар мэдээд авна. Тэгээд шөнө дөлөөр нөгөө муу гар аргаар хийсэн антенаа эргүүлж өгнө дөө. Хүүхдүүд их асууна аа, хуваарь юу билээ, за урд шөнө юу гарав, барьж үзэв үү, яав ийв, юу болов ... заримдаа зохиож залаад долоо хоногийн дараа хэвлэл ирэхээр баригдаж баларна. ТВ, антен гээд техник сэтгэлгээ задарч байна гээд муу аав минь бүр баяртайгаар дэмжинэ, хэрэгтэй хэрэггүй сэлбэг деталь, Юный Техника сэтгүүл элдэв зүйл авчирч өгдөгсөн.
Кэпш, Стадиум, Панорама зэрэг хэвлэлүүд Улаанбаатарт цөөн ирдгээс олж авах гэж өрсөлдөнө. Шилдэг баг, тамирчдын зураг хөрөг гарахаар нь үнэ хүргэж зарах гэж байгаа нь тэр. Хөлбөмбөгийн багууд, тамирчдын зураг хамгийн их үнэд орох дээр нь зүгээр зураг зарна гээд зогсож байх биш тэр багийн, тамирчны, ер нь улсууд бага мэдэх үзэж хараагүй тоглолтын талаар мэдлэг ихтэй байвал найраа түргэн бас илүү үнэд хүрнэ. Өнөөгийн бизнесийн ойлголтоор бол нэмэгдүүлсэн өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн болж буй юм уу даа. Капиталист арга ухаанд өөрсдөө мэдэлгүй, чимээгүйхэн суралцаад байсан байгаа юм, хөлбөмбөгийн хүчээр.
Орос хэвлэл их уншиж, орос мэдээлэл түлхүү авсных юм уу, тэр үеийн ЗХУ-ын багийг их дэмждэг байлаа. Дасаев, Чивадзе, Сулаквелидзе, Блохин, Хидятулин гээд хуучин ЗХУ шүтээн олонтой. Клубүүдээс бол Динамо Тбилисийн фэн байсан ч баг маань тэгс гээд жаал унтарчихсан, харин оюутан болоод Спартакийг чамгүй дэмжиж билээ, гэхдээ үе үе эсрэг багийг балиашиглана аа. Улсын шигшээ Лобановскийн хүүхдүүдээр дүүрээд Динамо Киев, улсын шигшээ хооронд ялгаагүй юм шиг болоод ирэхээр эсэргүүцэж буй нь тэр. Москва орохоороо Олимпийский стадионд тоглолт үзэх үнэхээр сайхан. Нэг удаа найзуудынхаа хамтаар Спартак Румыны Стяуагийн тоглолтыг үзэж байхдаа Спартакийн үе үеийн тоглогчид, Оросын шигшээгийн талаар ярьсаар хажууд суугаа оросуудтай сайхан танилцаж, гялгар уутлаад бариад ороод ирсэн гоожуурын пивоор дайлуулж билээ. Гэхдээ Спартакийгаа биш Румынуудыг дэмжин орилж суухдаа тэр хавьдаа бараг ганцаар бархирч сууж билээ. Тоглолт 2:0 болж “манайхан” илт давуу болтол оросууд нөгөө гоожуураа хуваалцахаа байгаад бүр илт уурлаад ирэв. Тэгтэл гэнэт хоёр туйпуу нисэж ирэхийг үл мэдэн хөөрч суутал шинэ орос найзууд цуг явсан нөхдүүдэд “Наадахыгаа одоо жаахан дагуу чимээгүй болгоо, бид сайхан танилцсан улс, энэ залууг сайн ойлгож байна, гэхдээ хаана юу үзэж байгаа билээ, бодож биеэ авч яв гээд зүгээр зөвлөж байна. Адаглаад энэ тоосго энээ тэр нь байндаа бус бидэн дээр буучихвал...” гэж билээ. Одоо санахад хөлбөмбөгт санаа сэтгэлээ өгөөд юун амь нас болох үе бас таардаг ажээ.
Бичээд санаад байвал олон сайхан дурдатхал буух, гэхдээ эхлэл нь нэг иймэрхүү. Жаал Оросуудыг жишээлж дээ, бусдаас ялгарах өөрийн бодлоо илэрхийлсэн нь энэ. Ер нь бол бусдын ижлээр Марадонад биширч, Платиниг шүтэж, Гранчигийн тухай номыг тэврэн унтаж, Соратесийг финалтаас алдаж Бразил Францад хожигдоход доголон нулимстай ТВ ширтэж, Зикогийн бэртлийг эдгэрэхийг сэтгэл догдлон хүлээж, Францын Фернандэс бараг голын шугамаас маш хүчтэй цохиж гоол хийхэд хашхиран босож, Ван Бастэн Гүллит нарын уран тоглолтыг ам мэдэн бурж, ангийнхандаа болон оюутан цагийн андууддаа “манай Шумайхар” хэмээн нэрлүүлж явжээ.
Мягмарын Саруул-Эрдэнэ
Энд тэнд Германы баг тоглож байхыг хараад, хар улаан шар алаг туг үзээд, хар захтай улаан эгэмтэй шар ташаатай цагаан фудволка бүхий тамирчид хараад хамгийн түрүүнд М.Саруул-Эрдэнийн төрх буудаг юм. Даяар Монгол онлайнд хамтран зүтгэдэг андыгаа ийн Германы үнэнч фэнээр төсөөлж суухад үнэхээр Германаас өөр үг амнаас нь унадаггүй, хожигдож байсан ч Герман гэх анд минь Саруул бөлгөө. Саяхан хүртэл Америк дахь Монголчуудын хөлбөмбөгийн удирдах зөвлөлд Германы фракц байгуулая хэмээн уриалж суусан хүн нь Саруул юм.Саруултай анх оюутан байхдаа танилцсан юм, гэхдээ эчнээ танилцсан гэж болно. Саруулын хоёр ахтай танилцан нөхөрлөж, алаг бөмбөг эргүүлэн хөөлцөж, олонтаа цугтаа “поезд тосож”, зах гарч байжээ. Советский спорт, Футбол/Хоккей, Спорт экспрессийн олон ч дугаар дамжуулж уншсан, цөөнгүй Жегуловский хуваан хүртсэн юм. Оюутан цагийн дотны анд агсан Соёлоо маань уншсан сонин хэвлэлийг эвтэйхэн эвхээд хураадаг сан. Нутаг илгээж орчуулагчид явуулахаар хадгалж буй нь тэр. Спортын улаан орчуулагч нь манай Саруул юм. Эчнээ танил бид хоёр хожим Америкт ирж нүүр тулж уулзан нөхөрлөж, гэр орноор орж гардаг андууд болжээ.
Нийслэл Вашингтон хот орчмоо ажиллаж амьдардаг, тэр орчмын Монголчуудын хөлбөмбөгийн лигийн идэвхтэй тоглогчдын нэг, олон ч удаа хамгийн олон бөмбөг оруулсан шилдэг мэргэн буучаар шалгарсан манай Саруулыг ДиСигийн багт тоглодоггүй гэхээр олон хүн гайхдаг байх. Муж дундын гэх, хааяа тоглоом шоглоомоор гологдогсодын гэх, гоёор бол “Нэгдсэн Монгол” буюу МонЮнайтэд багийг анхлан байгуулалцаж Америкийн Монголчуудын тэмцээнд хүч үздэг нэгэн билээ. Мужийнхаа багт багтаагүй ч биш, тэр үед ДиСид биш Индиана мужийн Блүүмингтон хотноо суралцаж байсан тул яах аргагүй Мон-Юнайтэд баг мөн юм. Товчдоо, яах вэ өмнө өгүүлсэн Германы урваагүй фэн Зико лугаа Нэгдсэн Монгол багийн ДиСи дэх “тагнуул” гэх юм уу даа. Америкийн аваргаар ийм болохоос бусад энгийн үед ДиСигийнхээ лигэд хүч үзэж бүр өөрийн Соёмбо багийг зохион байгуулж, спонсорлож, тамирчин рэкрүүт
амжуулж, хамаг гоолыг нь хүртэл хийдэг гэж байгаа. Хүүдээ бас гайгүй багш шиг билээ, энд тэнд дагуулж авчраад их тоглоно оо. Ноднин Чикагод болсон зургадугаар аваргаар хүүгээ дагуулаад ирсэн, Мон- Юнайтэд багтаа хүчин зүтгэж байсан. Саяхан хэдхэн сарын өмнө манай энд, Мизури мужийн Сэнт Лоуйс хотноо зохиогдсон америкийн Монголчуудын заалны хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнд мөн л хүүгээ дагуулаад медалийн ногт ганзагалаад ирэхээр төлөвлөсөн ч амжаагүй юм.
Нэмж тодруулахад Америкийн Монголчуудын хөлбөмбөгийг Америкийн Монгол туургатны болгож өргөтгөх гол санаачлагч, манлайлагч нь манай Саруул бөлгөө. ДиСигийн тэмцээнд халимагуудыг анх урьж тоглуулаад хариутай аваргаа алдчихаагүй ч, “Орос школоор тоглодог халимагуудад хожигдохгүй юм байна өө” гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн гэж байгаа. Тэгээд НьюЖэрсид болсон халимагуудын хоёрын зэрэг тэмцээнд баг “зодоглуулсан” эр ээ. Энд тэнд алаг бөмбөгөө хөөнгөө “өвөрлөгч нар бас гайгүй тоглож байна шүү”, “энэ буриадууд байхгүй юу”, “хөөе, энэ залууг таних уу, хазара ш дээ” гээд хээв нэг инээгээд мөрлөн зогсох нь нэг л сүртэй, улс аймгийн цолтой том бөх засуулынхаа дэргэд буй мэт. Ийн Монгол туургатны болгон хөгжүүлж дэвшүүлж чадаж буй гол хүч нь мань хүн өөрийн мэргэжил сонирхол болох монгол хэл, монгол судлал, монгол соёлоо спорттой хамт зөв сайхнаар зохицуулж амттайхан холимог хуурга хийж чадаж буйд юм. Эндээс манай хүнийг их чадварлаг “тогооч” гээд тодорхойлж болмоор...
Саруулын ухааныг тодорхойл гэвэл бас нэртэйгээ ижил гэж болно. Ялангуяа хошин өнгө гаргахдаа үнэхээр агуу. Аливаа хүнд хэцүү бэрхшээл сорил бүхий асуултыг хөнгөхөн аргалаад гараад явчихад гайхах зүйл огт үгүй. Жишээлбэл, “Чи одоо монгол бичиг, хөлбөмбөг, Нараа гурваас хамгийн чухал нэгийг нь сонго” гэхэд огтоохон торолгүй “Монгол заншлаар бол тоо чинь гурваас эхэлдэг гэж байгаа. Ертөнцийн гурав гэдэг шүү дээ, гурав гурваараа цогц тоолол үүсгэдэг байхгүй юу. Эрдэнэ гуай хэлдэг ш дээ. Эртний монголчууд нэгийг тоо гэж үздэггүй. Нэг юм гэж огт үгүй, заавал хосолж байж биеэ биеэ нөхнө. Хос гээд хоёр ч бас тооллын эх биш, гурав болж байж нэг цул болж тооллын эх болно. Тэгэхлээр наад гурваа салгалгүй цогцоор нь миний хамгийн гээд бодчих” гэх маягийн хариу барьчих хүн дээ.
Цэрэнсодномын Энхтүвшин
Бидний нэрлэж заншсанаар ФРГ буюу Холбооны Германы шигшээ багийг даган баясаж, Европын аваргыг авч өгснөө гэнэт санаа буцаж, дахин хувиршгүйгээр, эргэж буцалтгүйгээр Бразил гэх болж үүрдийн үнэнч фэнээр тодорч бүтэн 13 жил дэлхийн аварга цол зүүдэлсэн спортын “өвчтөн” бол манай Түвшээ билээ. “Замбуулингийн наран дор зах хязгааргүй тархсан, хамгийн түгээмэл өвчтөн бол спортын хорхойтон бөлгөө. Би тэдний нэг ээ” хэмээн омог бардам зарлан тунхагласан, хэдийд халдвар туссанаа хэлж бол мэдэхгүй гэж өөрөө өөрийгөө оношилсон гэж байгаа. Тэгэхээр бас гайгүй онош тавьчихдаг эмч ч юм шиг байгаа юм.Тээр жил, Ардын эрх сонинд ажиллаж байхдаа Түвшээтэй танилцаж билээ. Нэг их олон сонингуудын эх бэлтгэдэг байх үед нэг оюутан залуу спортын сонин гаргаж байна гээд эхээ бэлтгүүлэхээр ирсэн юм. Тэр үед мань мэтээр эхээ бэлтгүүлэх олон алаг, адал явдалт, шар гэх сонингууд ирдэг байснаас харьцангуй хямдаар хийж өгөхийг зааварчлаад эрхэлж байгаа залуутай нь жаал ярилцлаа. Спортын тухай л бичих хүсэл сонирхолтой, түүнээс сонингоороо мөнгө олох нь юу л бол гэх. Тэр үед манай сонины бараг өглөө бүрийн ярианд спортын сэдвээр сайн бичдэг хүн олох тухай яригддаг байсан бөгөөд тэнд элдэв тайлан тавьдаг Ц.Батбаатарт гайгүй хүүхдүүд байх шиг байна, оюутан гэнэ, бэлтгүүлсэн эхээ авахаар ирэхэд нь уулзуулъя гэлээ. Мэдээж үүний өмнө сонины эхээс материалуудыг нь уншиж үзээд бас ч гайгүй бичлэгүүд байгааг анзааралгүй яахав. Ингээд ТЦ-н өрөөнд дагуулж орсон оюутан хүүтэй хожим сайн анд болох нээ сэтгүүл зүйн ангийн буюу мэргэжлийн сэтгүүлч, насаар бол маниас хоёр ах “бацаан” байсан нь сэтгүүлч, спортын мастер Ц.Энхтүвшин байлаа.
Таван цагаригт сурвалжлагчаар орсон Түвшээ маань Монголын шинэ цагийн спортын сэтгүүл зүйд эргэж харагдахуйц түүх, туршлага, мөр гаргаж хариуцлагатай нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгчээр ажиллаж, өдгөө үзэг цаас нийлүүлэн, вэб сайт эрхлэн Америкийн Монголчуудыг спортын амьдралтай, Монгол эх орноо Америкийн болон дэлхийн спортын мэдээтэй холбох эрхэм үүргийг гүйцэтгэн сурвалжилсаар, бичсээр, ном хэвлүүлсээр, спортын оргил болсон алдарт тамирчдын тухай ном орчуулсаар, уран бүтээлээ туурвисаар байна.
Түвшээ маань сэтгүүлч төдийгүй маш сайн тамирчин, хөлбөмбөгийн спортын мастер хүн. Өдгөө бол Америкийн Монголчуудын түүхэнд спортын манлайлагч болж чадаж буй нэгэн. Түвшээг анх Калифорнид нүүж очиход алаг бөмбөг хөөх эрс тун цөөхөн байж, Америкийн Монголчуудын удаа дараагийн тэмцээнд Колорадогийн Алтан бөмбөг багт зүтгэжээ. Тэгээд нарлаг Калифорнид Монголчуудын хөлбөмбөг хөгжүүлэх үйлсэд эргэж буцалтгүй зүтгэж яг л цорын ганц Бразилийн алтан балиашиг болсон шигээ сэтгэл хувиралгүй Бэй Эйриачин болжээ. Өдгөө тэр хавийн Монголчууд 6-8 баг торолгүй гаргаж, жилийн дөрвөн улирлын үйл ажиллагаатай тэмцээн уралдаан хийж, лиг маягийн зохион байгуулалтад орсон нь Түвшээгийн санаачилга, манлайлал, зүтгэлийн үр дүн юм.
“Анх хүмүүсийг тоглуулах гэж сүйд болдог байсан. Амралтын өдөр нь гадаа нь очиж сигналдаж сэрээнэ, гарч ирэхгүй бол ойр орчмынхон нь эгдүүцэж уурлах хүртэл нь чимээ шуугиан болж дуудна. Заримдаа загнаж зандарна, заримдаа гуйж, адаглаад эрүүл мэндэд чинь хэрэгтэй гэж сэхээрүүлнэ. Бүр мах зах шарж хоолоор дуудаж даллах үе зөндөө байсан. Одоо бол талбайд ирснийг нь бараг хөөгөөд явахгүй хэмжээнд хүрсэн шүү. Энэ бүгд Түвшээгийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн” хэмээн Бэй Айриагийн Монголчуудын холбооны Болдбаатарын ярихад муу найзаараа бахархах сэтгэл төрж билээ.
Номын нэг зохиогч Саруул маань андынхаа талаар “Өгөөмөр сайхан сэтгэлтэй, өөрөө мэддэг, хичээллэдэг, бас уран хошин бичлэгтэй Ц.Энхтүвшиндээ сэтгэл туйлаас хангалуун” гэж дүгнэсэн байдаг.
No comments:
Post a Comment