Wednesday, December 28, 2016

Бүх зүйл гэрээс эхэлнэ

Цахиурын хөндийн найз танилуудаар, за ер нь америк айлууд, хамтран ажиллагч нарынхаар зочлоход, хамтдаа энд тэнд гэр бүлээр цуглахад хамгийн түрүүнд анзаарагддаг зүйл бол аав нар хүүхдийнхээ амьдралд ямар их ойрхныг мэдэрдэг. Манай Колумбиа хот явган алхах, зөөлөн шогших олон парктайгаар тун алдартай бөгөөд аль ч паркад хүүхдээ дагуулсан, хүүхдийн тэрэг түрсэн, дүүжин даажин дээр суугаа хүүхдээ түлхсэн аавуудтай тааралдана. Дэлгүүрт хүнс цуглуулахад, сургуулийн хэрэгслийн тасагт, сургууль дээр хүүхдийн хичээлийн хэрэгсэл өгөх авах үед мөн ижил – эрчүүд элбэг. Сайн таних, үргэлж завгүй байдгийг нь сайтар мэдэх эрс энд тааралдан мэндлэх зуураа ажил хэргийн уулзалтын цагаа тодруулан товч хөөрөлдөж зогсохтой олонтаа таарчээ. Цахиурын хөндийд цөөн зочлохдоо ялангуяа Стэнфордын их сургуулийн эргэн тойрон 15 км-ын дотор энэ явдал бүр элбэг болохыг анзаарсан.

2000 оноос нэрт хуулийн фирмийн партнэр болсон Род Стрийкландийн тухайн уншиж байв. Тэрбээр өөрийн хүүхдүүд явдаг Бовман интернэшнл сургуулийн удирдах зөвлөлийн дарга бөгөөд сургуулийн бэйсбол, сагс болон хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч хийдэг. “Хүүхдүүдийнхээ эргэн тойронд байгаадаа жаргалтай, сэтгэл хангалуун. Гэхдээ хүүхдүүд эртхэн төрсөн буюу би 35 биш 25тай байсан бол өнөөгийн мэт боломж үүсэж чадахгүй” хэмээн Род хэлээд “Миний ажил үнэхээр их, цаг зав бага гэхдээ өнөө цагийн технологийн хөгжил их боломжийг бий болгож заавал оффис дээр тогтмол суух шаардлагагүй гэхдээ миний ажил хэзээ ч тасалдахгүй үргэлжилдэг” хэлжээ. Бямба гариг бүр хүүхдүүдтэйгээ өглөөний цай уугаад өдрийн үлдсэн хугацааг хамтдаа гэрээс гадуур ямар нэг ажиллагаанд оролцдогоо заншил болгожээ. Мөн Лассэний галт уулын цэцэрлэгт хүү охины хамтаар зөвхөн гурвуулаа жил бүр аялал хийж заншжээ. “Ажлынхаа хуульч, хамтрагчид болон вэнчур капиталист танил нөхдүүдтэйгээ харьцуулахад би жирийн нэгэн. Бид бүгдээрээ хүүхдүүдтэйгээ их ойрхон. Бид бүгдээрээ хүүхдүүдийнхээ ямар нэг багийг дасгалжуулдаг” гэж Род хэлжээ.

Үүнтэй тун төстэй жишээг манай эндээс олох тун амархан. Миний дарга Жон Гэрки өглөө эрт долоод оффист ирээд орой тав гучид гарч гэрээдээ цаг орчим давхих замдаа утсаараа үргэлжлүүлэн хуралдсаар харих бол түүний ажлын жирийн нэг өдөр. Хэдийгээр ийн завгүй нэгэн ч хоёр хүүгийнхээ хөлбөмбөгийн хоёр багийг дасгалжуулан хот муж дамжин өрсөлдөх энүүхэнд. Бямба ням гаригт багийнхаа багачуудыг дасгалжуулан гадаа өнжинө. Мань хүний хөгжөөнтэйгөөр дуртай хэлэх “Бүхэл бүтэн 90 минут талбайд гүйж тоглох хүүхдүүдэд хангалттай дасгал хийлгэж формд байлгах дээр нь багийн уур амьсгал бүрдүүлж бүгд хамтдаа нэг цул болж тоглох сэтгэхүй бүрдүүлэх гэдэг миний өөрийн хамгийн том сорилт, хичээл. Хүүхдүүд бидний алхам бүрийг дагаад зогсохгүй хянадаг.” өгүүлбэрүүд ихийг бодуулдаг.

Цахиурын хөндийн, ер нь АНУ-н тэргүүлэгч хот бүс нутгийн хүүхдүүд өөрсдийн эцэг эхийг харж, дагаж суралцахаас гадна найз нөхдүүдийнхээ эцэг эх юу хийж буйгаас шууд суралцаж байдаг. Вэнчур капиталист Сию Сигал хүүгийнхээ сургуулийн сурагчдын зөвлөх үйл ажиллагаанд сайн дурын ажил хийхдээ олон зүйл ажиглажээ. “Манай хүүгийн ахлах сургуулийн жуниор (төгсөхийн өмнөх ангийнхан) хүүхэд бүр вэнчур капиталист гэж хэн болохыг сайн мэдэж байв. Энтрэпренюршип энд маш гүн шингэсэн орчин бий болжээ. Хүн бүр үүний тухай ярьж байна. Хэрэв чи энд оролцохгүй бол тэгээд хаалганы гадна үлдлээ гэсэн үг” хэмээн Сию бүсгүй Нью Йорк Таймс сонинд өгүүлжээ.

Энэ мэт олон боломжууд хүүхдийн зөвхөн старт ап сэтгэхүйг хөгжүүлээд зогсохгүй боловсролын үндсэн суурь философийг инновацлах буюу цоо шинэчлэх түүнчлэн бодит амьдралаас урган гарч хорин нэгдүгээр зууны эдийн засгийг бэлтгэх практик болжээ. Энэ бүгд Стэнфордын их сургуулийн хотхонд байрлах Бинг нөрсэри эсвэл Мизурийн их сургуулийн дэргэдэх Чайлд дэвэлопмэнт лаб гэх мэт цэцэрлэгт хүүхэд очихоос өмнө эхэлчихдэг байна.

(үргэлжлэл бий)

Thursday, December 22, 2016

Вандан

~ АНУ-д өсөж, бойжсоноор бий болдог өрсөлдөх чадварын давуу тал

Өнөөдрийн үдээс хойш наддаа энэ жилийн хамгийн сүүлчийн амралтын өдөр. Америкт тухайн компанийн хүний нөөцийн бодлого, тухайн хүний ажилласан жилээс хамааран жилийн амралтын өдрийн тоо тогтоогдоно. Амралтаа өдрөөр бүр цагаар авч болдог. Ингээд энэ жилийн сүүлчийн хагас өдрийн амралтыг өөртөө, тодруулвал блогтоо зарцуулахаар суусан хэдийч хамрын ханиадтай дайтах явдал үүссэнээр хуучин бичсэн зүйлсээс ухан зарим зүйл блогдохоор шийдэв.
***

Нэг мэдэхнээ Америк оронд цөөнгүй жилийг үдэж, үзсэн харсан, сурсан туршлагажсан болгоноосоо хэнтэй ч хуваалцан зөвлөлдөөд байх хэмжээнд хүрчээ хэмээн хөөрч хэдэн зүйл хэлхэхээр ийн суув. Энэ удаа голлон ирээдүйг хэрхэн өсгөж бойжуулж, тэдний өмнө ямар боломж бий болгож, ялангуяа үеийнхнээ хөгжилд тэргүүлэн манлайлагчдыг өсвөр наснаас хэрхэн бэлтгэж буй талаар өгүүлье.

Монголоос зочилж буй Ц.Эрдэнэчимэг хэдэн жилийн өмнө хоёр цаг гаран давхин байж нэгнээрээ хэсдэг, гэр бүлээрээ нөхөрлөн ханьсаж байсан сайхан дурсамжаасаа хуваалцан суугаад “Чи ерөөсөө одоо ном бич, үзсэн харсан сурсан мэдсэнээ нэг эргэж хар, нэгтгэ, дүгнэ. Энэ олон жилд цугларсан мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцаж бодит амьдралын үнэн байдлыг нутаг нэгтнүүддээ өгүүлэх хэрэгтэй. Тэгээд цаашаа ахиад сурна, мэднэ, үзнэ, харна” хэмээн хэлсэн явдал сүрхий ташуур болов. Мөн хамт ажилладаг Н.Баасандорж хагас жилийн өмнө цугтаа алхангаа “хүүхэд өсгөж буй амьдралынхаа туршлагаар жишээлж баяжуулаад Америк боловсролын системийн талаар ном эсвэл блог бичвэл олон хүнд тус болно доо” гэж хэлсэн нь их урам оруулав.

Мэдээллийн технологийн мэргэжлийн хүний хувьд тэр чигийн зүйлсийг би илүүтэй анзаардаг болов уу. Манай салбарын тэргүүлэгч хэсгийн дийлэнхийг яах аргагүй Цахиурын хөндийнхэн эзэлдэг. Тэнд миний мэргэжил нэгт монголчууд ч элбэгшиж буй, гэхдээ хараахан энэхүү дор өгүүлэхийг минь тэд бичиж бусдад хүргээгүй байх шиг. Мөн нутагт буй мэргэжил нэгтнүүд тийш хошууран зочлох элбэг болжээ. Тэгэхлээр алдарт Цахиурын хөндийн нөхцөл байдлыг түлхүү жишээлбэл сонирхолтой бөгөөд ойлгомжтой болов уу.

Гэхдээ энд хэдэн зүйлийг онцлон дурдах хэрэгтэй. Юуны өмнө бибээр Цахиурын хөндийд түр хугацаагаар алба амины ажлаар зочилж, ойр зуурын сургалт мэтэд хамрагдсан нэгэн бөгөөд яг тэнд удаан хугацаагаар оршин сууж, амьдарч ажиллаагүйгээ дурдах нь зүйтэй. Хэдийгээр биеэ энд санаа тэнд мэт санагдах төдий ч цаг хугацаа, орон зайнаас тун бага хамааралтай ажиллах орчиндоо дасан зохицоод цагийн зөрүү, газрын холыг алгасан нөхцөл байдлыг сайтар ухааран шүүж харсан бөлгөө. Мөн тэндэх орчин оршин суугаа орон нутагтай ижил төстэй зүйл энд арвин элбэг нь нөлөөлсөн бөгөөд эндэх орчноо харьцуулан, зэрэгцүүлэн дор өгүүлэхийг хичээнэ. Заримдаа мэдээж төрж өсөн, хүн болж бойжсон эх оронтойгоо ч зүйрлэх биз ээ.


Өрсөлдөх чадварын давуу тал

Өрсөлдөх чадварын талаар АНУ-н орчин хүүхдэд юу өгдөг вэ? Энэ асуулт санаанд удаан явсан. Хариулт хайн онлайн болон биеэр уулзаж лавласан, ярилцаж хөөрөлдсөн, түүнчлэн хэлсэн бичсэнийг уншиж танилцсан хойшид өгүүлэх залууст өнөө цагийн өндөр хөгжлийн технологи, энтрэпренюршип болон вэнч хөрөнгө оруулалт, дэлхийг өөрчлөх инновацийн амтыг зөвхөн их эрт мэдүүлээд зогсохгүй ижил төстэй өөр нэг зүйл ажиглагдав. Хөгжингүй зах зээлд ажил бүтээлийн амжилт гаргах, өндөр ашиг орлого олох, хамгийн хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг төрүүлэх мэргэжлийг эзэмшиж улмаар бүтээмж сайтай ажиллаж хөдөлмөрлөх боломжийг бий болгон, мундаг хурдны зам тавьсан хүмүүсийн хамгийн ойрын үлгэр жишээ тэдний эцэг эх, ах эгч нь байжээ.

Стэнфордын их сургуулийн оюутан, залуу энтрэпренюр Аншир Самарын “Ар талын хаалга чинь Эппл болон Гүүгл зэрэг компаниуд гэхээр хамгийн шилдгээр хийж бүтээх хүсэл тэмүүллийг бий болгох халдварт байгаль, орчин бий болдог” хэмээн өгүүлсэнтэй санал бүрэн нийлж байна. Технологийн компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэгч Шэнон Хэнгкок “Өөрийн чинь эргэн тойрны юм бүхэн хамгийн шилдэг байхаар өөрт чинь үнэхээр өндөр шаардлага тавигдана” гэсэн нь найз нөхдөдөө тоглоом болгон миний хэлэх дуртай “Хүссэн ч эс хүссэн ч бөөрнөөсөө ягаарна” өгүүлбэртэй утга ижил биз ээ.

Үүнээс илүү гүнзгий факторууд бас анзаарагдсан. Сүрхий анзаарвал, АНУ-д ялангуяа Цахиурын хөндийд эцэг эх болон хүүхдүүдийн хооронд маш сүрхий холбоо хүүхдийн хар багаас бий болж байна. Ялангуяа аав нарын оролцоо их өндөр. Тэд хүүхдүүдийнхээ хичээлээс гадуурх олон үйл ажиллагааг дасгалжуулахаас эхлээд бүр яг дэргэдээ жишээ болгон дагалдуулж гараас гарт сурган бойжуулах нь элбэг.

Манай монголчуудын дунд элбэг дүгнэлт бол америкчууд маш их биеэ даасан, өөрсдөө хүмүүждэг, гэр оронтойгоо холбоо хэлхээ бага, гэр бүл салалт өндрөөс аав ээжийгээ бараг хүндэлдэггүй гэх мэт ойлголт. Гэтэл яг амьдрал дунд нь орохоор байдал харин эсрэгээрээ гэр бүлийн ялангуяа аав хүний үүрэг роль маш өндөр бөгөөд чухал. Хөлбөмбөгийн талбай, усан бассейн, балетын сургалт, сагсны заал зэргээр зогсохгүй шинжлэх ухааны зуслан, математикийн өдрийн зуслан, технологийн олимпиад тэр бүгдэд аавууд хүүхдийн хамт мөн хоорондоо элдвийг ялангуяа шинэ технологи, бизнесийн талаар ярьж суух.

Хүүхдийн сургуулийн оролцоонд мөн эцэг эхийн үүрэг маш өндөр. Сургуулийн хамгийн чухал газар бол эцэг эхийн зөвлөл. Хамаг чухал шийдвэр тэндээс гаралтай, үүсэлтэй. Жишээ нь, улсын сургуулийн захирлыг хэдийгээр орон нутгийн боловсролын хэлтэс томилдог ч эцэг эхийн зөвлөл эсэргүүцсэн хэн боловч захирал болно оо гэж ёстой үгүй. Хувийн сургуулийн хувьд захирал томилох болон бусад чухал асуудлаар сургуулийн удирдах зөвлөлийнхөн эцэг эхийн зөвлөлийн өмнө бөгтгөнөөстэй.

Мөн хүүхдийг хар багаас нь бойжуулах онцгой сургалттай цэцэрлэг, сургууль элбэг. Цахиурын хөндийгөөр жишээлбэл, Стэнфордын их сургуулийн кампуст байдаг Бинг нөрсөри скүүл дизайн сэтгэхүйн өсвөр насны хөтөлбөрөөр онцгой бол хувийн Нүэвэ болон Харкэр скүүл зэрэг нь дизайн, шинжлэх ухаан, технологид төвлөрснөөрөө хамгийн алдартай. Манай Колумбиа хотод гэхэд Мизурийн их сургуулийн кампуст байрлах тус сургуулийн боловсролын их сургуулийн лаборатори цэцэрлэг болох Чайлд дэвэлопмэнт лаб сургалтын арга барил, элдэв хөтөлбөрүүд мөн өсөж бойжсон хүүхдүүдийн өрсөлдөх чадвараар өмнөх гуравтай дүйж очно.

(үргэлжлэл бий)

Saturday, November 12, 2016

Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе!

“Америк орны хөгжиж буйн үндсэн шалтгааныг Монголтойгоо харьцуулан бодоход ердөө хүнийг сошиал хөрөнгө болгож чадаж буйд юм байна. Өнөөдөр АНУ-д ажиллаж, амьдарч, нөхөрлөж буй Монголчууд маань өөр өөрийн чадах мэдэх зүйлээрээ Монголчуудын коммунитиг хүчтэй болгоход хувь нэмрээ оруулъя хэмээн уриалж байна.”

Анх АНУ-д ирээд америкчуудыг хувиа хичээсэн, биеэ даасан, ажлын машин болсон улсууд юм даа гэж боддог байлаа. Харин дунд нь орж олон жил цугтаа ажилласаар тэд үнэндээ хөндлөнгөөс анхлан харагддаг шигээ аминчхан бус харин нийгмийнхээ төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг болохыг ойлгосон. 13 жил ажилласан Семкод байхаасаа United Way кампанит ажилд идэвхтэй оролцож, цалингаасаа хандивлаж, санхүүгийн дэмжлэг босгох элдэв ажил зохион байгуулалцаж, ганцаараа бус хамт олноороо, ажлынхантайгаа цугтаа бидний өдөр тутмын ертөнц – ажлаас гадуурх хорвоо дэлхий, эргэн тойрны коммунити болон ойр зуурын тус дэм хэрэгтэй бүлэг хүмүүсийг ойлгож дэмждэг болжээ.

Сүрхий даяаршсан, дэлхийн бараг бүх оронд салбар бүхий бизнес хийдэг том компанид шилжин ажилд ороод бусдыг дэмждэг, нийгмийн өмнө хүлээдэг хариуцлага өндөр байх чадвар бол зайлшгүй хэрэгтэй чанар бөгөөд хүнд өөрт нь урам зориг эрч хүч өгдгийг улам бүр мэдэрч байна. Манай ажилд On Demand Community гээд 2003 онд бий болсон нэг хөтөлбөр байдаг. Үүний хүрээнд одоогийн байдлаар 275 мянган ажилтнууд нийтдээ 20 сая цаг сайн дурын ажил хийж нийгэмд нөлөөлж сайнаар хувь нэмэр болжээ. Энд жишээлж баршгүй олон тооны үйл явдал байгаагаас Монголчуудтай холбоотойг дурдвал баруун эргийн Бэй Эйриагийн монгол сургууль болох Гэр төв, зүүн эрэг дэх Вашингтон хотод буй Монгол соёлын төвийн үйл ажиллагааг сайн дураар дэмжлээ. Компанийн зүгээс ажилтнуудын оролцдог дэмждэг ашгийн бус байгууллагуудад 2015 онд 205 сая долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж, сүүлийн таван жилд нэг сая гаран доллар бэлнээр хандивлажээ.

Ийн зөвхөн ажил дотроо бус ажлын гадуур хамт олонч байдлыг бүрдүүлж, сэтгэл сонирхлын дагуу хамтран нэг хүн бус бүхэл цул сошиал хөрөнгө болон хөгжиж байна. Үүний салшгүй нэгэн хэсэг болсны хувьд би бээр 2014-15 онд ашгийн бус байгууллагуудад зуу гаруй вэбсайт үнэ төлбөргүйгээр хийж өгч, жил тутам хэдэн зуун цагийг ажил хөдөлмөр, ар гэрийн хажуугаар амжуулан олон нийтийн ажилд зарцуулжээ. Хэн юунд хэдэн цаг зарцуулаад нийгэмд ямар үр дүнтэй ажил хийж байна вэ гэдгийг цаанаа хянаж, хүмүүст урам зориг өгч байдаг юм байна. Энэ хавар Ерөнхийлөгч Обамагийн гарын үсэгтэй диплом хүрэл медаль гэнэт гэрийн хаягаар ирэхэд нь их гайхсан. “Амьдарч буй орон нутагтаа сайн дурын ажилд идэвхтэй оролцож, Америк орны болон дэлхийн хөгжилд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө тавьсан зорилгыг биелүүлэхэд сайн оролцсон” хэмээн тэр захидалд бичжээ.

Нийгмийн хариуцлага болон хувь хүний хөгжлийн хэрэгт оролцож буйн хувьд АНУ-д амьдарч буй Монголчууддаа хэрхэн нэмэр болох бол хэмээн тогтмол бодож, эрэл хайгуул хийж, найз нөхөд өртөөчидтэйгээ сэтгэл санаа нийлэхээр зогсохгүй бүр гар нийлж “Building Mongolian American strong communities” буюу Америк дахь Монголчуудыг хүчтэй болгох уриа бүхий Цахим өртөөний салбар байгуулаад буй билээ.

Бидний Монголчууд өнөөдөр нийлээд олон баярыг гоё тэмдэглэж, элдэв үдэшлэг цэнгээнд сайхан оролцож, цугтаа аялж зугаалж, гэр орноороо тухтай эвтэй зочилж, нийлж тоглож наадаж чадаж байна. Одоо цааш илүү алхаж цөмөөрөө нийлээд хамтдаа утга учиртай ажил босгож, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх эргэн тойрныхоо дэд бүтэц – өөрсдийн коммунитиг хүчтэй болгоё!

Sunday, October 30, 2016

Англи хэл сурсан түүх минь

Миний англи хэл хэрхэн сурсан талаарх бодлыг минь сөхөж намайг дотроо нэгийг бодох тэгээд энэ хэдэн өгүүлбэрийг тэрлэхэд хүргэсэн гурван явдал сүүлийн хэд хоногт боллоо.

Эхнийх нь ажил дээр тохиов. Хамтдаа сайн дурын ажил хийж буй бүсгүй би долоо хоног бүр хоёр ажилтнаас “Бид чамайг тэр бүр мэдэхгүй гурван зүйлийг нэрлэ. Компанийн оффисийн дотоод ТВ сувгаар тухайн хүний зургийн хамт цацдаг, одоо чиний хариулах ээлж” гэлээ. Миний хариултын хамгийн эхний өгүүлбэр “Англи - миний гурав дахь хэл, монгол оросын дараа” байсан бөгөөд үүнийг бичихийн тулд гучаад минут бөөн бодол болсноос товч сийрүүлбэл:
  • Би хэнтэй ажиллаж байна гээд эргэн тойрноо ажиглахад Наттэн, Матт, Дерек, Жон хоёр жил хагас бид хамтдаа сууж нэг баг болж гар нийлэн амжилттай сайхан ажиллаж байгаа. Өмнө нь миний эргэн тойрон Эми, Моррис, Жүди, Хэнк, Родний сууж байлаа. Энэ хүмүүсийн бүгдийнх нь унаган хэл нь англи, эдний дийлэнх нь өөр хэл мэдэхгүй. Англи хэлнийхээ талаар дурдвал сонин бас онцлог байж магад.
  • Бусдыг хөгжөөсөн байдалд би зөндөө ордог, буруу үг сонгож хэлээд. Санаагаа зөв ойлгуулахын тулд аливааг давтан хэлэх явдал үе үе гардаг. Сүүлийн хэдэн жил бусдыг буруу ойлгосон явдал гарсангүй...манай багийнхан ер нь англиар ярих надад хэцүү байдаг гэж боддог болов уу
  • Энэ хүмүүс миний хамт ажилладаг гар нийлдэг хүмүүс гэхдээ бид бас хоорондоо хөөрхөн өрсөлдөнө. Хэн түрүүлж дараагийн шатанд хүрч цалин хөлсөө нэмүүлэх, хэн илүү аятайхан ажил төслийг түрүүлж авч төслийн багаа манлайлах, хэн түрүүлж мэргэжлийнхээ шалгалтыг өгөх вэ гэх мэтээр, ер нь бол байх ёстой шударга өрсөлдөөн.
  • Өмнө нь өөр компанид 13 жилийг үдэхдээ 100 гаруй ажилтантай офист ердөө гуравхан гадаад байсны нэг нь. Долоон жил нэг өрөөнд суусан Родний надаар бид хоёр өглөө мэндэлнэ тэгээд өдөржин огт юу ч дуугарахгүй байх бол энгийн явдал хэмээн өнөө хүртэл тоглоом хийдэг.
  • Ийн олныг бодсоор “Англи бол миний гурав дахь хэл, унаган англи хэлтэн хүмүүстэй нэг дор баг болон 16 жилийн турш шударгаар өрсөлдөж голчлон хамтарч ажиллаж байна” хэмээн бичээд охиноосоо лавлав. Арай сагсуу юм биш үү, аав хэмээн хариу ирсэн тул дээр өгүүлсэн товч өгүүлбэрээр сольсон бөлгөө.
Удаах нь хамт ажилладаг монгол залуугийн хэлж буй хэлний бэрхшээлийн талаар сонсоод “Өөртөө итгэлтэй бай. Чи энэ ажлыг хийх бүх шаардлагыг даваад ажилд орсон. Гурван жил гаран чи зөвхөн англи хэлээр ойлголцоод амжилттай ажиллаж буй. Энэ хугацаанд танай баг наяад хүнтэй болж тэлэх, эргээд арваад хүн үлдэх хүртэлх өөрчлөлтийг чи туулж байгаагаа сана, хичнээн олон унаган хэлтэн явчихав. Чи өөрийгөө муу гэж урвайгаад байвал өөрөө өөрийнхөө өсөх хүсэл мөрөөдлийг булж буй хэрэг, дээр нь өөрийнхөө өөртөө итгэлтэй төрхийг багийнхны өмнө өөрөө унагаж буй хэрэг болно. Чи намайг яаж англи хэл сурсан гэж санана. Чи миний хэл сурах гэж туулсан хурдыг хэд дахин нугалаад нисэж байна” хэмээн зөвлөх явдал гарав.

Өнөөх нь Ш.Баатар ахын фэйсбүүкээр бичсэн англиар ном уншиж буйгаар эхлээд хэрхэн англи хэл сурсан үйл явдлуудаар дүүрэн тун сонирхолтой, гоё бичлэг ихийг бодуулав. Дагаад маш олон коммэнт, хэлэлцүүлэг өрнөсөнд авууштай зүйлс өргөн байв. Сайн танил Г.Бүрэндэй, Б.Жавхлан нар ярианд оролцсон нь бүр сонирхолтой болгож би хүртэл цөөн өгүүлбэр бичсэн бөлгөө.

Бүрээ, Жавхаа нар хар багаасаа англи хэл үзжээ. Баатар ах алдартай мундаг багш нараар заалгах, их сайн сурах бичиг үзэж дагах, эрдэм номын оргил сайхан орд болсон олон их дээд сургуулийн хаалгыг татах ховор завшаан тохиожээ. Баатар ах Бүрээ нарын багш нар давхцах нь бас сонирхолтой. Хэзээ хаана хэн байсан, юу хийж байсан гээд тухайн цаг үеийн түүхэн амьд баримт болжээ, манай хоёр.

Харин би бээр англи хэлийг хэрхэн сурав? Арван долоон жилийн тэртээ америк гүрний босгыг даваад бараг огт англи хэлгүй нөхөр ирсэн гэхэд хилсдэхгүй. За бүр юу ч ойлгохгүй таг нь юу юм, номын хэдэн хуудас бол эргүүлээд ойлгочихтойгоо байсаан.

Зиаг, бага наснаасаа эхлэе, арай дараалалтай цэгцтэй болох байх. Бид насаар нэг үеийнхэн ч гэлээ Бүрээ Жавхаа нар шиг арван жилдээ англи хэл үзэх боломж миний багад байсангүй. Арван жилээсээ өмнө бол англи хэл байдаг гэж мэдээгүй гэхэд арай хэтрэх боловч миний бага насны орчин “Энэ шинэ пионерийн ордны барилга дээр ажиллаж байгаа орос ах чинь Болгар юм билээ. Билгээ ахыг ялчихдаг тэр куба чинь Танзани, африкийн улс байхгүй юу. Хажуугийн орцонд байн байн ирээд байгаа хятад чинь Лаус гэнээ” гэх мэт байжээ. Тэгээд зурагтаар үзэх хэдэн байлдаантай эсвэл тагнуултай киноноос бол ямар ч байсан герман хэл байдаг гээд ойлгочихсон. Гараа өргө, бууж өглөө, оргодол гэх мэт хэдэн герман үгтэй байж. Ингэж хүн болж бойжсон гаруудын нэг бол би.

Есдүгээр ангид байхад олимпиадынхан гээд бидний хэдэн хүүхдэд МУИС болон УБДС-ын багш нар нэмэлт хичээл заадаг байлаа. УБДС-ын Б.Чулуундорж багш Канадын математикийн олимпиадын англи номноос харж байгаад шууд бодлого орчуулж бодуулна. Манай ангийн Ц.Ганбат (бид сэгсгэр хэмээдэг байсан бөгөөд ёстой элдэвтэй эр, 90-ээд онд ардчиллыг хамгаалж талбай дээр өлсгөлөн зарлаад сууж үзсэн хүн), С.Батболд (бидний дунд хамгийн их хүндлэл хүлээсэн) нарт багш нар хүртэл барагтайд үгүй гэдэггүй байсан ч Чулуундорж багш тэр номоо өгөөгүй юм. Манай хэд төлөвлөгөө зохиогоод надад хэдэн үг зааж өгөөд явууллаа. Арай нямбай гэж санасан юм уу, эсвэл багш намайг жаахан илүүтэй дэмжсэн юм уу “За чи цаадуулдаа алдав, буцааж чамаас л авна шүү, хуудас энээ тэрийг нугалав, цай ус асгав, та хэд мэдээж булаацалдана тэгээд урж салгав...” зөндөө “даалгавар” хэлж байгаад өглөө. Ингээд бид манай ангийн Б.Сайнбаярын гэрт байн байн очно, 52-р сургуулийн Г.Сугарбат англи-орос толь бичиг авчирна, 48-р сургуулиас Б.Лхагважав ирнэ. Манай ангийн хэд бид бүгд нийлээд өнөө номоос үг үгээр нь англиас орос уруу оросоос монгол уруу хөрвүүлнэ, бас баахан тааж маргана, тэгээд бодлого орчуулж байгаа юмуу, зохиож байгаа юмуу...юутай ч бодлого болгоод уралдаж боддог байв. Тэр л миний хувьд өөрөө ч мэдэхгүйгээр англи хэлийг хамгийн анх сурч эхэлсэн үе байх.

Оюутан цагийн хувьд албан сургалтын боломж бас гараагүй гэхэд болно. Өнөө бол манай гэр бүл тэр үеийнхээр найз байсан Я.Борчулуун үргэлж англи хэл сурахыг оролдож, багш нарт шаардлага хүсэлт гаргадаг байв. Манай курсийн монголчуудыг “Та нарын гадаад хэл бол орос хэл, тэрийгээ илүү сайн сур” гээд орос оюутнуудтай цугтаа өөр хэл үзэхийг зөвшөөрдөггүй байж. Манай нөгөө байранд амьдардаг Б.Ундрахбуян нэг өдөр “Жагдагаа чи одоо англи хэл үзэх хэрэгтэй, би чамд багш зааж өгье, чи академи городок орж багшийн дээдийн энэ багштай уулзаад намайг явуулсан гэж хэл” гэв. Тийм хол багштай яах юм бол гээд заасан замаар яваад очтол Александрийн “Хамгийн чухлаас нь эхэл” гэдэг сурах бичгийг хуудас хуудсаар нь фото аппаратаар аваад монтажийн том зураг мэт угааж нийлүүлээд баринтаглан боож хажууд нь бөөн кассет дээр бичлэг дагалдуулж зарж байлаа. Багш бол өөрөө, өөрийнхөө цагаар өөрөө сонсож үзнэ гэсэн үг. Жаахан залуу хойрго зантай товариш Жагдаг эхний гурван хичээлийг дахин дахин давтаад таг, цааш өнөөхийг үзээгүй. Харин манай Борчулуун ёстой хуудас хуудсаар, кассетийг минут минутаар нааш цааш үзэж англи хэлний зах зухаас атгасан.

Хожим манай В.С.Поздняков багш манай сургууль дээр Зайн сургалтын анхны төв байгуулаад Борчулуун бид хоёрыг англи хэлний хичээлд үнэ төлбөргүйгээр суухыг зөвшөөрсөн боловч би нь хоёр гурав очоод алга болчихсон юм. Манай хүн харин биеэ дааж үзсээр багшийн төвөөр дамжаад сүрхий сурсан. Миний хувьд яах аргагүй мэргэжил минь юм хойно хэдэн англи үг өөрийн тогтоосноор цээжилж, тэр нь бүэ, сорү, түпэ (bye, copy, type) мэтээр шууд үсэгчлэн дуудсан програмчлалын хэлний хэдэн үг байжээ. Хэдийгээр ингээд албан сургалт байхгүй ч гэлээ мэргэжлийн шинэ ном, дийлэнх сэтгүүл англи дээр болохоор юутай ч гарчиглана, ойлгочихно гэхээр би гадаад хэлэнд дургүй авьяасгүй гэж бодсон хэрнээ өөрөө мэдэхгүйгээр биеэ даагаад англи хэл үзээд байсан шиг юм билээ.

Сургууль төгсөөд шууд ажлын фронтод шилжиж, эхний зургаан жил ёстой үнэхээр их, эргээд одоо харсан ч сэтгэл дүүрэн баясаж байдаг сүрхий овоо ажиллаж маш олон зүйлийг хийсэн нь эх орондоо анхдагчдын хэмжээнд тооцогдохоор аз таарсан явдал байсан бөгөөд энэ бүгдэд англи хэлний оролцоо маш их байжээ. Тэр үед өнөөгийнх шиг Интернэт хүчтэй байсангүй, бэлэн олон код элдэв зүйл байсангүй, заавар зөвлөгөө ч хайлт хийгээд тэр дороо хэдэн зуу мянгаараа гарч ирдэггүй байж. Миний мэргэжлийн болох, хийж буй ажлын бүх зүйл шинэ тэгээд англи хэл дээр. Гэхдээ л энэ найман жилийн хугацаанд англи хэлний албан сургалтад ганц явсан тохиолдол бий. Япон уруу сургалтад явна гээд бэлтгэж Орос хэлний дээд сургууль дээр (тухайн үед миний нэрлэж заншсан байсан нэр нь энэ, түүнээс гадаад хэлний их сургууль хожим нь хүмүүнлэгийн их сургууль нэртэй болсон) хичээл болгоныг нь өөр өөр багш заадаг гоё сургалтад явсан юм. Одоо санаанд үлдсэн багш нар бол Эрдэнэцэцэг, Чинбат, тэгээд нэг царай нь тод ч нэр нь таг гадаад багш. Энэ курсээ бас их тасална, хоцорно, гэрийн даалгавар хийхгүй...учир нь угаасаа миний ажлын байдал, цаг зав тийм байж билээ. Жилийн ээлжийн амралтаа огт авч үзэлгүй өдөржин шөнөжин бараг 12-15 цаг ажилладаг байсан бөгөөд хэлний курсэд очиж буй нь их юм хэмээн санах.

Хожим сургалтын арай өөр боломж гарсан нь АНУ-ын элчин сайдын яаманд ажилладаг нэгэн дипломатын гэргий манай сонин дээр долоо хоногт нэг удаа хичээл заахад суудаг боллоо. Албан хичээл гэхээс илүүтэй ярианы дадлага талдаа. Анхлан дөрвүүлээ заалгаж эхлээд дарга нарын зав зай бага болж ганцаар үлдээд манай ажил дээр ирэх биш би гэрт нь очдог болж билээ. Үүний дараа өөрийн хувийн компани байгуулж Монголд буй гадаадынхан болон гадагшаа явж бизнес түншүүдтэй англиар ярьж харьцаж ойлголцоод байх хэмжээнд хүрсэн.

Ингээд АНУ-д ирэхдээ албан сургалтад бүтэн сууж үзээгүй, өөрөө биеэ дааж ойр зуурын ярианы хэмжээнд өөрийгөө ойлгуулчихдаг, уншаад бол сүрхий ойлгодог, сонсоход чихний бөглөө ялимгүй арилсан нөхөр ажилд орж билээ. Анхны хэдэн хурал дээрээ бараг унтаж байснаа санахаар өнөөдөр их хөгжилтэй байдаг, өнөөг хүртэл нөхөрсөг харьцаатай явдаг архитектор найзууд миний нойрмоглон суудаг байснаар одоо ч гэсэн манийгаа шоглон тоглоом хийж байдаг юм. Уншаад сүрхий ойлгодог байснаа хэрхэн санаж буй гэхээр ирээд удаагүй байхад жолооны дүрэм судал гээд эхнэр өгөхөд нь долоо хоног жаахан эргүүлж урд хойдын учрыг жаал гадарлаад жолооны дүрмийн шалгалтаа шууд өгчихсөн. Ирэхээсээ өмнө унаа барьж байсан тул жолоодлого бол асуудалгүй бөгөөд шалгалт авсан цагдаагийн өөдөөс хэдэн удаа толгой дохих хэрэг л гарч билээ.

АНУ-д анх орсон ажил жил болголгүй хоёр зүйл санал болгосны нэг нь урт удаан хугацааны гэрээ дагалдаад шаардагдах албан зөвшөөрлийн эрхийг спонсорлох явдал. Нөгөө нь, англи хэлний академик сургалтад оройгоор хамрагдаж авсан дүнгээс хамаарч төлбөрийн хэмжээг даах нөхцөл байлаа. Ингээд Коламбиа коллэжийн оройн англи хэлний оюутан боллоо, хамгийн эхэнд би гайгүй мэддэг гээд хамгийн дээд төвшний ангид явлаа. Мэдээж өмнө нь шалгалт өгч төвшин тогтоосон бөгөөд дээд, дунд төвшний ангиуд зүгээр гэхдээ ажлын хажуугаар суралцах бол дунд төвшний анги санал болгов. Мөн манай энд байх Мизурийн их сургуулийн англи хэлний сургалтаар очиж уулзтал төвшин тогтоох шалгалт аваад огт ажил хийхгүй бүтэн цагаар сурч байж амжилт гаргана хэмээв. Дарга мэдээж хоёрдох хувилбарт татгалзсан хариу өгөөд эхнийхийг сонго гэсэн байлаа. Ингээд дүрмийн хамгийн дээд ангид хамгийн шаардлага өндөртэй багшаар заалгаад тэр улиралдаа С дүнтэй төгсөв. Ажил төлбөрийн талыг даагаад зөвхөн А авбал бүрэн төлбөр төлнө гэдгээ илэрхийлсэн хэсгийг тодруулж будаж өглөө, хүний нөөцийн дарга. Бүр эхнээс нь авч сурвал төлбөр хийх үү гээд дахин дахин лавласаар баталгаатай ойлгож аваад коллэжид эргэж очоод хамгийн анхан шатнаас эхлээд ёстой байж болох бүх ангийг нэг нэгээр гүйцээж бүр уран зохиол, уран илтгэлийн ангид тулж зогсоод бизнесийн мэргэжлийн хичээлүүд авч билээ.

Миний англи хэл сурсан түүх ийм болой.

Sunday, October 23, 2016

The smart get smarter – ухаантай нь улам ухаарна

Ухаантай нэгэн улам ухаалаг болдог гэсэн зүйл ТУНА веб сайтын бэта хувилбарт оруулсан байгааг энд тайлбарлах гэж оролдъё. Ер нь “The rich get richer” (баян улам баяждаг) хэмээх ойлголт байдгаас энэхүү санааг авсан бөлгөө.

Жараад оны эхээр социологич Хариэт Зукэрмэн (Harriet Zuckerman) нэгэн сонирхолтой судалгаа хийхдээ Нобелийн нэлээд хэдэн шагналтантай ярилцжээ. Эдгээр эрдэмтэн хэрхэн ажилладаг, судалгааны амжилтын нууц юунд байв гэдгийг хайж олох зорилгыг тэрбээр өмнөө тавьсан гэнэ. Социологич бүсгүй Нобелийн шагналтнуудын хариултаас нэгэн зүй тогтол олж харсан байна. Физикийн салбарын шагналтан “Дэлхий ертөнц итгэл (credit) яаж олгох гэдэгтээ өвөрмөц. Хэзээний алдартай болсон нэгэнд итгэл илүү өгдөг” хэмээн хэлжээ. Химийн салбарын шагналтан нэмж “Хүмүүс судалгааны цаасан дээрээс миний нэрийг олж хармагц цаасыг шаламгайгаар тогтоодог харин бусад нэрийг санадаггүй” гэжээ. Эрүүл мэнд болон биеэ судлалын салбарын шагналтан онцлох нь “Шинжлэх ухааны цаас уншихдаа өөртөө хамгийн мэдэх нэрийг илүү анхаардаг. Жагсаалтын төгсгөлд дурдагдсан байвч тэр нэр үлддэг. Зохиогчдын урт жагсаалтыг, олон нэрийг биш тэр ганц нэрийг  та санадаг.” Ингээд физикийн эрдэмтэн дүгнэхдээ “Хамгийн танил нэгэн илүү их кредит авна, бүр хэт их тооны крэдит ирж, нэр дурдагдана.”

Энэ зүй тогтол өөр нэгэн социологич Робэрт Мертон (Robert Merton – хожим тэрбээр Хариэтын нөхөр болсон) шинжлэх ухааны нэгэн сонирхолтой гоё хууль 1968 онд нээхэд хүргэжээ. Нийгмийн механизмыг тайлбарласан “Маттюв нөлөө” хэмээх хууль ийн шинжлэх ухааны тодорхойлолт болжээ. Мертоны тодорхойлсноор энэхүү хууль шагнал, мөнгө санхүү, нэр хүнд, олны нүдэнд ил байх зэрэг нийгмийн үйлдлийн хуваарилалтад маш их үүрэг гүйцэтгэнэ... Эрдэмтэн хүн олон тооны эсвэл чанартай бүтээлтэй байх тусам цаашид улам амархан тоо нэмэгдэнэ. Нөгөө талаас бүтээл цөөнтэй бол улам хэцүү хүнд замыг туулна, нэр дурдагдах бүтээлийн тоо ахих боломж багасна.

Шинжлэх ухаанд тоон үзүүлэлт (quantitative), чанарын арга (qualitative) хэмээн яригддаг бөгөөд өмнө өгүүлсэн нь чанарын талын ухагдахуун юм. Харин физикч, шинжлэх ухааны түүхч Дерек ди Сола Прайс (Derek de Solla Price) 1976 онд өмнөхийг тоон шинжилгээгээр баталжээ. Тэрбээр хоорондоо ишлэл татаж холбогдсон маш олон тооны академик цаасанд дүн шинжилгээ хийжээ. Тодорхой хугацаанд хангалттай тооны ишлэл авсан цаас хожим улам өсөлттэй ишлэл болж байхад тухайн үед ганц хоёр эсвэл хэд гуравхан ишлэлтэй цаасны өсөлт бараг зогсож байгааг олжээ. Прайс үүнийхээ математик моделийг зохиож цаасны ишлэлийн өсөлтийг ойролцоогоор харуулах систем бий болгожээ.

Прайсийн моделиос өмнө нээгдсэн боловч өнөө цагийн элдэв сүлжээний зангилааг тайлж буй, 1999 он хүртэл олонд хүрээгүй байсан статистикч Жорж Унди Юле (George Udny Yule), нийгмийн шинжлэх ухаанч Хэрбэрт Симон (Herbert A. Simon) нарын математик моделийн ижил хувилбар юм гэнэ. Физикч Албэрт-Лазло Барабаси (Albert-Laszlo Barabasi), Рэка Албэрт (Reka Albert) нар үүнийг цааш хөгжүүлэн аливаа сүлжээний өсөлтийг тодорхойлох математик модель зохиожээ. Цөөн тооны (заримдаа бүр хоёр гуравхан) чиг бүхий граф зуран хооронд нь санамсаргүйгээр холбох замаар сүлжээний өсөлтийг тэд олонтаа туршиж үзжээ. Тодорхой тооны холбогдох боломжтой шинэ зангилаа нэмэх тутам шинээр элсэж буй нь хуучин зангилаануудаас олон холбоостойг сонгож байгаа энгийн хууль эндээс гарч ирж батлагдсан байна.

Үүнийг математик аргаар болон компьютерын програмаар загварчлахад амархан бөгөөд эхний үед зангилаанууд жижгэвтэр холбоостой байх бөгөөд яваандаа олон холбоост цэгүүд онцгойрон ялгарч улам тодордог ажээ. Үүнийг баян нь улам баяжих механизм хэмээн нэрлэжээ.

Өмнө өгүүлсэн онол зарчмууд өнөө цагт бид бүгд шагшин гайхаж буй сошиал ертөнцийн хуулиуд юм. Монголчуудын хувьд нэн түгээмэл болоод буй нүүр ном, жиргээ зэрэг сошиал медиа нь гайхамшигтай, гэнэтийн санамсаргүй, тохиолдлын хэрэг огтоос биш бөгөөд ардаа онолтой, хөгжлийн системтэй болохыг тайлбарлах гэж ийн оролдов.

Цахим Өртөө гадаадад буй Монголчуудын нэгэн төрлийн танилын хүрээ, сошиал сүлжээ мөн тул үйл ажиллагаандаа, зохион байгуулалтдаа, хүсэн мөрөөдөж буй зорилгод хүргэх төслүүддээ, гишүүд болон хүрээлэн буй бусад хүмүүст хүрч нөлөөлж байх гэх мэт өргөн олон утгаар “Ухаалаг нь улам ухаардаг” зарчмыг олж харж хэрэгжүүлэх нь бидний бусдаас ялгарах нэг зүйл хэмээн сэтгэсэн болой.

Sunday, April 10, 2016

Гурван жил

Яг гурван жил хоёр хоногийн өмнө өнөөгийн ажлынхаа үүдийг сөхсөн бөлгөө. Тиймдээ уржигдар “3 years!” хэмээн жиргэв. Өнөөдөр харин блогоо эргэнгээ ерөөсөө үүнийг тэрлэе хэмээн санав.

За уул нь сүртэй тоо, сүрхий ажил биш хэдий ч хүний амьдралд гурван жил богино бас урт юм гэдгийг эргэцүүлэн бодлоо. Энэ хугацаанд чамгүй шинийг сурч, багагүйг мөн мартаж, адал явдлаар дүүрэн, хамгийн гол нь эргээд харахад өгөөж ихтэй, өвөрмөц үйлс болон өөдрөг хүмүүсээр хүрээлүүлжээ. Салбартаа зуу гаруй жилийн түүхтэй, тодруулбал мэдээллийн технологийн өнөө цагийн цорын ганц зуу давсан настай, тэр хэмжээний туршлагатай компанид ажиллана гэдэг сонирхолтой. АйБиЭмэйр хэмээн нэрийг ердөө ийм хугацаанд үүрч яваа боловч яг үнэндээ АйБиЭм хэмээх энэ их айлтай хамаагүй өмнө холбогдож бас ч чамгүй ажил амжуулжээ.

Өнөөгөөс гурван жилийн өмнөх өдрөөс өмнөхөн бол арван гурван жилийг Семко хэмээх компанид өнгөрүүлсэн бөлгөө. 2000 оны таван сарын нэгэн, энэ өдөр Семко хэмээх айлын босгыг давж байжээ. Америк оронд анх нэг их удахгүй гэсэн бодолтой, богино төлөвлөгөөтэй ирсэн би, за ер нь ажиллаад нэг үзье, ажлын зөвшөөрөл өгч байхад мэргэжлийнхээ дагуу энэ хөгжингүй зах зээлд хөл тавих гэдэг ер нь давгүй боломж юм байна хэмээн төлөвлөгөөгөө өөрчилсөн нь өнөө хүртэл анх ирсэн хот, орчиндоо оршин сууж, ажиллаж амьдарсаар буйн эхлэл байж.

Ажлын анхны зөвшөөрөл минь найман сарын хугацаатай байлаа. Санаандгүй (англиар бол сэрэндипити гэх энэ нь рэндом буюу санамсаргүйгээс эрс ялгаатай ойлголт) танилцсан бүсгүй Семкогийн үүдийг татуулахдаа “За чи наад ярьж байгаа, удахгүй буцна гэдгээ хэлж болохгүй, би удаан ажиллана, тав гурван жил суурьшина гээрэй” хэмээн давтан давтан сануулж билээ. Чи цагт ямар цалин авмаар байна асуултад хариулсан тоог нугалсан үнэлгээ чамд санал болголоо шүү, чи одоо хичээгээрэй гэснийг мартдаггүй. Зургаан сарын дараа жинхэлнэ, одоогоор түр ажилтан, жинхлэхээр цалин чинь нэмэгдэнэ гэдгийг хагас хугас ойлгож байснаа санахад миний англи хэл үнэхээр сайн байсан байх:-). Гэтэл манийг Семко маань ихэд тоож гурван сарын дотор жинхэлж билээ. Хожим нь даргатайгаа их зузаан болж мөн компанийн хүний нөөцийн програм хангамж, цалин хөлс тооцооны алгоритм зохиох үед мэдэж авснаар миний эхний найман сарын цалингийн нэмэлтийн зөрүүг сайн хүн олж өгсөн гээд манийг анх ажилд оруулсан танилд шагнасан нь угаас хүний нөөцөд байдаг, практик болсон явдал юм билээ.

Манай ажил даваагаас пүрэвт өглөө долоо гучид эхлээд өдөр 45 мин үдийн цайны цагтай тэгээд орой тавд тарна. Харин баасанд долоо хагасаас 12:30 хүртэл цайгүй ажиллаад эрт тарна. Ажилдаа ороод элдвийг сураад, бас хамаагүй монгол зангаараа цөөнгүй зүйлийг санаачлан өөрчлөөд овоо гялалзаад найман сар нэг долоо хоног болов. Тэр нэгэн өглөө даргатай хоёр хурал дамжаад дарга за хамтдаа цайлангаа ажлаа үргэлжлүүлэн ярилцъя гэв. Харин би хүүхдийн сургуулиар орох хэрэгтэйгээ дуулгахад за тэгвэл хувийн ажлаа амжуулчхаад ир гээд бид салж билээ. Удалгүй араас залгаад захиалга өгчихлөө, ирэх замаараа дайраад үдийн хоол аваад ирээрэй хамтдаа конферэнс өрөөнд суунгаа иднэ гэж байна. Хоол даалгаж буй хүн дуртай байлгүй яах вэ, ингээд сургуулиар ороод бас банкаар дайраад өнөө хоолны захиалгыг аваад ажил дээр иртэл дарга үүдэнд хүлээгээд зогсож байв. Овоо их өлсөж дээ хэмээн санатал нэлээд баргар царайтай угтангаа шууд дагуулаад хүний нөөцийн өрөөнд орлоо. Өөдөөс хүний нөөцийн дарга уучлаарай, ажлын зөвшөөрөлгүй хүн ажиллуулж болохгүй, сүүлийн цалин бууснаас хойших тав хоногийн чек энэ байна гээд мөн энд энд гарын үсэг зураарай хэмээн хоёр баримт өглөө. За ингээд халагдчихав.

Хоёр сар гаран болж ажлын шинэ зөвшөөрөл ирлээ. Даргадаа утас цохилоо, чиний оронд хүн авсан, одоогоор орон тоо байхгүй гэв. Зиаг энэ зөвшөөрлөөрөө юу ч хамаагүй хийгээд тэгээд ирсэн замаараа дуртай дуугаа дуулаад буцах болжээ хэмээн бодож байтал хоёр гурав хоногоос утас дуугарч дарга дуудаж байна. Маргааш нь яасан юм бол гээд гайхасхийгээд очлоо, тэгсэн миний компьютерыг уулзалтын жижиг өрөөнд засаад чамд шууд өгөх өрөө алга энд түр суу, одоо ажилдаа ор гэхдээ ганц нөхцөл байна. Бид чамд өөрсдөө ажлын зөвшөөрөл авч өгнө, урт хугацааны гэх. Ингээд төслүүдээ буцааж авлаа, дээр нь АйБиЭмийн Домино гэх имэйлийн системийн хөгжүүлэлтийн гэрээт ажил нэмж авлаа. Нэг мэдэхэд эхнэрийн хичээл дуусаж бид оюутны хотхоноос нүүх хэрэг гарав. Дарга арга зааж өгч байна, байр худалдаж авна гэж дэд ерөнхийлөгчид хэл, тэгвэл чиний ажлын зөвшөөрлийг хөөцөлдөхөө эрчимжүүлнэ гээд. Зөвлөгөөг нь дор нь дагалаа, үр дүн нь гэр бүлээр 3 жилийн виз авч өгөх хуульчийн зардлыг даахаар болж мөн байр авахад тусална гээд цалин овоохон нэмж өгөв.

Америкийн компанид ажиллахад цалингаас гадна бэнэфит гээд сүрхий дэмжлэг бий. Өмнө өгүүлсэн хуулийн зардлаас эхлээд эрүүл мэндийн бүрэн даатгал, тэтгэврийн хувийн сангийн нэмэгдэл, ашиг орлогын хуваарилалтын сангийн ногдол, сургалтын тэтгэлэг, зарим зүйлсийн хэрэглээний хүүгүй зээл гэх мэт. Миний хувьд коллежийн англи хэлний бүх шатны сургалт, мөн мэргэжлийн олон сургалтууд, бизнесийн удирдлагын мастерын сургалтын төлбөр, стэнфордын их сургуулийн энтрэпрэйнюршип сургалтын хичээлүүд гэх мэтээр жил тутам гурваас таван мянгын дэмжлэг тэтгэлэг авч байснаа тун их азтайд үздэг. Эдийн засаг ч сайн байж, тэр үед.

2008 онд эдийн засаг хямрах үед барилгын салбарт дийлэнх нь зогсонги байхад өсөж байсан цөөн бизнесүүдийн нэг нь манай Семко байлаа. Гол шалтгаан нь Саудын Арабын зах зээлд тун оновчтой цагт зөв бодлого явуулж амжилттай гэрээнүүд хийв. Миний хувьд мөн хувьтай хэрэг болсон нь гурван жил зарцуулж зохиосон цогц програм хангамжаар тэнд байх хэдэн өндөр гоё шинэ барилгуудыг хянаж, төхөөрөмжүүдийг удирдах боллоо. Өнөөг хүртэл миний бүтээлүүд тэнд ажилласаар байгаа гэхээр бас сонин, бахархалтай ч юм шиг. Мөн долоо хоногийн ажлын 40 цагийн наймыг өөрийн хүссэн зүйлд зарцуулах боломж гарлаа, ингээд олон нийтийн ажилд цаг овоо зарцуулж сайн дурын дэмжлэг үзүүлдэг сэтгэхүй сайтар сууж авав. Хажуугаар нь өөрийн хувийн жижиг бизнес бий болгох боломж гарлаа. Домино чиглэлийн хөгжүүлэгчийн болон админий сертификатууд АйБиЭмээс, сүлжээний мэргэшсэн сэртификэтүүд Сискогоос авлаа.

Нэг өдөр Семког Флактвүүдс гээд европын бизнэс худалдаж авсныг зарлав. Семкогийн гол хувьцаа эзэмшигчид компаниа өссөн, үнэ хүрсэн дээр нь худалдахаар шийдэж. Бизнес эрхлэгч хүмүүсийн, хөрөнгө оруулагчдын хувьд байдаг жирийн эрүүл сэтгэлгээ юмаа, энэ бол. Дарга цэрэг, ажлын арга барил, ажлын соёл, үүрэг хуваарь гээд өчнөөн зүйлд эрс ялгаа гарч олон зүйл өөрчлөгдөв. Гэхдээ нийтдээ таван жилийг Флактвүүдс зарцуулж байж бүх зүйл тэдний бизнес соёлд шилжсэн хэдий ч Семко гэдэг брэндийг өөрчилж чадаагүй одоо ч хэвээр байлгаж буй.

2011 онд манай хотод АйБэЭм салбараа нээв. Өмнө гэрээт ажил олныг хийж өгч байсны хувьд тийшээ амархан шилжинэ гэж бодсон боловч яг цагаа тулахад байдал тийм биш аж. Хоёр жилийн турш нийтдээ зургаан удаа ажлын өргөдөл гаргаж, таван удаа ярилцлагад орсон боловч авдаггүй ээ. Энэ бүгдээ бас ажлаасаа, ажлынхнаасаа нууна. Долоон жил нэг өрөөнд суусан анд минь 2012 онд АйБиЭм-д шилжиж үйлчилгээний салбарт ажилласан юм. Нэг орой мань хүн залгаж байна, чи ажлаа солихгүй юм уу, манайх Доминогоор хүн авна гэнэ ээ гээд. Энэ нь миний зургаадах өргөдөл бөгөөд яг энэ өргөдөл, ажлын байраар хоёр ярилцлагад орж билээ. Бас л авсангүй, найздаа “за би ухаант ертөнц байгуулах ухаан хүрэхгүй хүн ажээ” хэмээн тоглоом хийгээд загнуулж билээ. Долоо хоногийн дараа найз дахиад текст бичиж байна, чи үйлчилгээнд ажиллах уу, манай дарга чамайг авч магад гэж байна гэлээ. Энэ удаагийн миний ярилцлага утсаар ердөө зургаан мин үргэлжлэв. Намайг надаас өөрөөс минь илүү мэддэг хүнтэй утсаар ярьсан сэтгэгдэл үлдсэн юмдаг. Зиа ингээд АйБиЭмийн жинхэнэ ажилтан болов. Ердөө Ай-63 гэх хурдны замын нөгөө талд нүүв.

Бичлэг минь баахан тойрч тойрч, нуршиж нуршиж, арван гурван жилийг туулан байж блогийн гарчиг гурван жилд ирлээ дээ. Тийм ээ, гурван жилийн өмнө ажлаа би сольсон юм, тэр үедээ “сэтгэлийн дуудлага гэж байдаг юм болов уу, зөрүүдлээд, эрсдэлээ үүрээд хурдны замын нөгөө талд гарав” хэмээн жиргэж суулаа.

Сэтгэлийн дуудлага гэдэг нь үнэхээр би өөрөө сонирхож дурласан хэрэг. Уул нь нэг компанийн 50 жилийн түүхийн 13-г нь цугтаа бүтээлцсэн, хийсэн юмтай хэлэх үгтэй нэгэн боловч шинэ өөрчлөлт хийхэд сэтгэл минь дуудагдаад байж. 100 жилийн түүх, гэхдээ бүр мэргэжлийн минь чиглэлийн тэр их туршлага, тэр их далай мэт мэдлэгээс шууд шанагадана хэмээн сэтгэсэн хэрэг. Түүх 110 хэмээх үед 10 нь миний хөдөлмөр гэнэ, бас манай Монголд салбар нээгдэхийг хэн байг гэхэв гээд хөөрсөн, мөрөөдсөн хэрэг.

Зөрүүдэлсэн нь бас үнэн юм. Хамаг ажил хэрэг дахиад эхнээсээ, шинэ хүмүүс, шинэ орчин, шинэ соёл, шинэ ажил...уул нь тэгж гүйдэг нас бас биш баймаар. Тогтсон ажлаа зүгээр сольсон биш цалингаа бүр арван мянгаар буулган байж нүүлээ. Өнөө бэнэфит буюу хангамж хүртэл шинэ газар арай сул байх гэрээний санал өглөө. Хагас ажлын өдөр болон баасан гариг алга болох хайран байгаатай эвлэрэлгүй зөрүүдлэв. Жилийн амралтын хоног цаг мөн 12 цагаар буурч байлаа, ахиад хоёр сар болоход зөрүү 16 цаг буюу жилдээ цалинтай бүтэн хоёр хоног алдана гэсэн үг.

Эрсдэл үүрсэн нь мөн үнэн. Өмнө өгүүлдэг зөрүүдэлсэн бүгд эргэж олдохгүй эрсдэл үүрэв. Гэхдээ эрсдэл гэдэг зөвхөн алдах бус бас олж авах боломжийг дагуулдаг. Угаасаа бизнес хүртэл өндөр ашиг өндөр эрсдэл туулдаг гэдэг. Шатар тоглоход хүртэл хожилд хүргэх хурц нүүдэл их эрсдэл дагуулдаг. Алдахаас олох нь илүү гээд эрсдэл үүрэх тэнхээтэй байжээ, овоо.

Хурдны замын хувьд бодитоор бол үнэн. Манай хотоор туулдаг улс мужийн статустай хоёр хурдны замын нэг болох Ай-63 хоёр талд бараг хоорондоо харагдчихмаар (манай хот мод ихтэй, бараг ой шиг. Тэр моднууд байхгүй бол шууд харагдана л даа) хоёр оффис. Хийсвэр утгаар ч мөн хурдны замын хоёр тал шиг ялгаатай буюу хуучин ажил бол миний мэргэжлийн акул бизнесийн жижиг хамтрагч, гайгүйхэн хэрэглэгч юм. Харин шинэ ажил бол миний мэргэжлийн үйлдвэрлэгч, бүтээгч.

За ингээд ажил эхлээд эхний гурван сар амралтын газар, диваажин мэт байлаа. Бараг юу ч хийгээгүй, сул цалин авч буй мэт. Онбоардинг буюу хэрэглэгч харилцагчийн бизнес үйл ажиллагаанд оролцох эрхээ хүлээж буй хэрэг. Удаан хүлээлгээд байхаар нь амралтаа аваад ес хоног байгалийн үзэсгэлэнт Еллоу Стоун үндэсний паркаар зугаалав. Харин дараагийн зургаан сард ёстой толгойн хамаг үс арзайх үе олон байж. Амьдралд минь хамгийн ууртай, уцаартай цаг мөч тэгэхэд л тохиосон байх. Таван сарын дотор долоон дарга сольж, дөрвөн баг дамжиж, дөрөв нүүж...ажлын хурд, арга барилын өөрчлөлт гэх мэт олон сорилт туулсан даа. Яваандаа байнгын өөрчлөлт бол тогтмол хэвийн санагдах болдог юм билээ. 24/7 буюу хорин дөрвөн цаг долоо хоног тасрахгүй үйлчилгээ үзүүлэх жижүүрийн үүрэг хүлээгээд бүтэн нойргүй долоо хонох, гурван шөнө дараалж ганц хоёр цаг унтах үе таарч байв. Цалингаа бууруулж ирдэг тэнэг толгой гэж бодовч буцахгүй шүү гээд гүрийж сууснаа одоо эргээд нэг бодоход хөгжилтэй.

Тэгсээр аргаа нэг оллоо. Долоо хоногийн үндсэн дөчин цагийнхаа наймд өөрийн хүссэн зүйлээ хийдэг болж, өөрийгөө хөгжүүлэх буюу үндсэн үүргээс гадуур, ахисан албан үүргийн нэмэлт ажилд бас найм орчим цагийг зарцуулдаг боллоо. Ажлынхаа хажуугаар олон нийтийн, сайн дурын элдэв ажилд цаг зав элбэг зохицуулах, амжуулах. Ажлаас үүнийг мөн ихээхэн өөгшүүлэн дэмжинэ.

Гурван жилд гээд бичих зүйл зөндөө, адал явдал элбэг. Хожим үргэлжлүүлнэ ээ...