Яг гурван жил хоёр хоногийн өмнө өнөөгийн ажлынхаа үүдийг сөхсөн бөлгөө. Тиймдээ уржигдар “3 years!” хэмээн жиргэв. Өнөөдөр харин блогоо эргэнгээ ерөөсөө үүнийг тэрлэе хэмээн санав.
За уул нь сүртэй тоо, сүрхий ажил биш хэдий ч хүний амьдралд гурван жил богино бас урт юм гэдгийг эргэцүүлэн бодлоо. Энэ хугацаанд чамгүй шинийг сурч, багагүйг мөн мартаж, адал явдлаар дүүрэн, хамгийн гол нь эргээд харахад өгөөж ихтэй, өвөрмөц үйлс болон өөдрөг хүмүүсээр хүрээлүүлжээ. Салбартаа зуу гаруй жилийн түүхтэй, тодруулбал мэдээллийн технологийн өнөө цагийн цорын ганц зуу давсан настай, тэр хэмжээний туршлагатай компанид ажиллана гэдэг сонирхолтой. АйБиЭмэйр хэмээн нэрийг ердөө ийм хугацаанд үүрч яваа боловч яг үнэндээ АйБиЭм хэмээх энэ их айлтай хамаагүй өмнө холбогдож бас ч чамгүй ажил амжуулжээ.
Өнөөгөөс гурван жилийн өмнөх өдрөөс өмнөхөн бол арван гурван жилийг Семко хэмээх компанид өнгөрүүлсэн бөлгөө. 2000 оны таван сарын нэгэн, энэ өдөр Семко хэмээх айлын босгыг давж байжээ. Америк оронд анх нэг их удахгүй гэсэн бодолтой, богино төлөвлөгөөтэй ирсэн би, за ер нь ажиллаад нэг үзье, ажлын зөвшөөрөл өгч байхад мэргэжлийнхээ дагуу энэ хөгжингүй зах зээлд хөл тавих гэдэг ер нь давгүй боломж юм байна хэмээн төлөвлөгөөгөө өөрчилсөн нь өнөө хүртэл анх ирсэн хот, орчиндоо оршин сууж, ажиллаж амьдарсаар буйн эхлэл байж.
Ажлын анхны зөвшөөрөл минь найман сарын хугацаатай байлаа. Санаандгүй (англиар бол сэрэндипити гэх энэ нь рэндом буюу санамсаргүйгээс эрс ялгаатай ойлголт) танилцсан бүсгүй Семкогийн үүдийг татуулахдаа “За чи наад ярьж байгаа, удахгүй буцна гэдгээ хэлж болохгүй, би удаан ажиллана, тав гурван жил суурьшина гээрэй” хэмээн давтан давтан сануулж билээ. Чи цагт ямар цалин авмаар байна асуултад хариулсан тоог нугалсан үнэлгээ чамд санал болголоо шүү, чи одоо хичээгээрэй гэснийг мартдаггүй. Зургаан сарын дараа жинхэлнэ, одоогоор түр ажилтан, жинхлэхээр цалин чинь нэмэгдэнэ гэдгийг хагас хугас ойлгож байснаа санахад миний англи хэл үнэхээр сайн байсан байх:-). Гэтэл манийг Семко маань ихэд тоож гурван сарын дотор жинхэлж билээ. Хожим нь даргатайгаа их зузаан болж мөн компанийн хүний нөөцийн програм хангамж, цалин хөлс тооцооны алгоритм зохиох үед мэдэж авснаар миний эхний найман сарын цалингийн нэмэлтийн зөрүүг сайн хүн олж өгсөн гээд манийг анх ажилд оруулсан танилд шагнасан нь угаас хүний нөөцөд байдаг, практик болсон явдал юм билээ.
Манай ажил даваагаас пүрэвт өглөө долоо гучид эхлээд өдөр 45 мин үдийн цайны цагтай тэгээд орой тавд тарна. Харин баасанд долоо хагасаас 12:30 хүртэл цайгүй ажиллаад эрт тарна. Ажилдаа ороод элдвийг сураад, бас хамаагүй монгол зангаараа цөөнгүй зүйлийг санаачлан өөрчлөөд овоо гялалзаад найман сар нэг долоо хоног болов. Тэр нэгэн өглөө даргатай хоёр хурал дамжаад дарга за хамтдаа цайлангаа ажлаа үргэлжлүүлэн ярилцъя гэв. Харин би хүүхдийн сургуулиар орох хэрэгтэйгээ дуулгахад за тэгвэл хувийн ажлаа амжуулчхаад ир гээд бид салж билээ. Удалгүй араас залгаад захиалга өгчихлөө, ирэх замаараа дайраад үдийн хоол аваад ирээрэй хамтдаа конферэнс өрөөнд суунгаа иднэ гэж байна. Хоол даалгаж буй хүн дуртай байлгүй яах вэ, ингээд сургуулиар ороод бас банкаар дайраад өнөө хоолны захиалгыг аваад ажил дээр иртэл дарга үүдэнд хүлээгээд зогсож байв. Овоо их өлсөж дээ хэмээн санатал нэлээд баргар царайтай угтангаа шууд дагуулаад хүний нөөцийн өрөөнд орлоо. Өөдөөс хүний нөөцийн дарга уучлаарай, ажлын зөвшөөрөлгүй хүн ажиллуулж болохгүй, сүүлийн цалин бууснаас хойших тав хоногийн чек энэ байна гээд мөн энд энд гарын үсэг зураарай хэмээн хоёр баримт өглөө. За ингээд халагдчихав.
Хоёр сар гаран болж ажлын шинэ зөвшөөрөл ирлээ. Даргадаа утас цохилоо, чиний оронд хүн авсан, одоогоор орон тоо байхгүй гэв. Зиаг энэ зөвшөөрлөөрөө юу ч хамаагүй хийгээд тэгээд ирсэн замаараа дуртай дуугаа дуулаад буцах болжээ хэмээн бодож байтал хоёр гурав хоногоос утас дуугарч дарга дуудаж байна. Маргааш нь яасан юм бол гээд гайхасхийгээд очлоо, тэгсэн миний компьютерыг уулзалтын жижиг өрөөнд засаад чамд шууд өгөх өрөө алга энд түр суу, одоо ажилдаа ор гэхдээ ганц нөхцөл байна. Бид чамд өөрсдөө ажлын зөвшөөрөл авч өгнө, урт хугацааны гэх. Ингээд төслүүдээ буцааж авлаа, дээр нь АйБиЭмийн Домино гэх имэйлийн системийн хөгжүүлэлтийн гэрээт ажил нэмж авлаа. Нэг мэдэхэд эхнэрийн хичээл дуусаж бид оюутны хотхоноос нүүх хэрэг гарав. Дарга арга зааж өгч байна, байр худалдаж авна гэж дэд ерөнхийлөгчид хэл, тэгвэл чиний ажлын зөвшөөрлийг хөөцөлдөхөө эрчимжүүлнэ гээд. Зөвлөгөөг нь дор нь дагалаа, үр дүн нь гэр бүлээр 3 жилийн виз авч өгөх хуульчийн зардлыг даахаар болж мөн байр авахад тусална гээд цалин овоохон нэмж өгөв.
Америкийн компанид ажиллахад цалингаас гадна бэнэфит гээд сүрхий дэмжлэг бий. Өмнө өгүүлсэн хуулийн зардлаас эхлээд эрүүл мэндийн бүрэн даатгал, тэтгэврийн хувийн сангийн нэмэгдэл, ашиг орлогын хуваарилалтын сангийн ногдол, сургалтын тэтгэлэг, зарим зүйлсийн хэрэглээний хүүгүй зээл гэх мэт. Миний хувьд коллежийн англи хэлний бүх шатны сургалт, мөн мэргэжлийн олон сургалтууд, бизнесийн удирдлагын мастерын сургалтын төлбөр, стэнфордын их сургуулийн энтрэпрэйнюршип сургалтын хичээлүүд гэх мэтээр жил тутам гурваас таван мянгын дэмжлэг тэтгэлэг авч байснаа тун их азтайд үздэг. Эдийн засаг ч сайн байж, тэр үед.
2008 онд эдийн засаг хямрах үед барилгын салбарт дийлэнх нь зогсонги байхад өсөж байсан цөөн бизнесүүдийн нэг нь манай Семко байлаа. Гол шалтгаан нь Саудын Арабын зах зээлд тун оновчтой цагт зөв бодлого явуулж амжилттай гэрээнүүд хийв. Миний хувьд мөн хувьтай хэрэг болсон нь гурван жил зарцуулж зохиосон цогц програм хангамжаар тэнд байх хэдэн өндөр гоё шинэ барилгуудыг хянаж, төхөөрөмжүүдийг удирдах боллоо. Өнөөг хүртэл миний бүтээлүүд тэнд ажилласаар байгаа гэхээр бас сонин, бахархалтай ч юм шиг. Мөн долоо хоногийн ажлын 40 цагийн наймыг өөрийн хүссэн зүйлд зарцуулах боломж гарлаа, ингээд олон нийтийн ажилд цаг овоо зарцуулж сайн дурын дэмжлэг үзүүлдэг сэтгэхүй сайтар сууж авав. Хажуугаар нь өөрийн хувийн жижиг бизнес бий болгох боломж гарлаа. Домино чиглэлийн хөгжүүлэгчийн болон админий сертификатууд АйБиЭмээс, сүлжээний мэргэшсэн сэртификэтүүд Сискогоос авлаа.
Нэг өдөр Семког Флактвүүдс гээд европын бизнэс худалдаж авсныг зарлав. Семкогийн гол хувьцаа эзэмшигчид компаниа өссөн, үнэ хүрсэн дээр нь худалдахаар шийдэж. Бизнес эрхлэгч хүмүүсийн, хөрөнгө оруулагчдын хувьд байдаг жирийн эрүүл сэтгэлгээ юмаа, энэ бол. Дарга цэрэг, ажлын арга барил, ажлын соёл, үүрэг хуваарь гээд өчнөөн зүйлд эрс ялгаа гарч олон зүйл өөрчлөгдөв. Гэхдээ нийтдээ таван жилийг Флактвүүдс зарцуулж байж бүх зүйл тэдний бизнес соёлд шилжсэн хэдий ч Семко гэдэг брэндийг өөрчилж чадаагүй одоо ч хэвээр байлгаж буй.
2011 онд манай хотод АйБэЭм салбараа нээв. Өмнө гэрээт ажил олныг хийж өгч байсны хувьд тийшээ амархан шилжинэ гэж бодсон боловч яг цагаа тулахад байдал тийм биш аж. Хоёр жилийн турш нийтдээ зургаан удаа ажлын өргөдөл гаргаж, таван удаа ярилцлагад орсон боловч авдаггүй ээ. Энэ бүгдээ бас ажлаасаа, ажлынхнаасаа нууна. Долоон жил нэг өрөөнд суусан анд минь 2012 онд АйБиЭм-д шилжиж үйлчилгээний салбарт ажилласан юм. Нэг орой мань хүн залгаж байна, чи ажлаа солихгүй юм уу, манайх Доминогоор хүн авна гэнэ ээ гээд. Энэ нь миний зургаадах өргөдөл бөгөөд яг энэ өргөдөл, ажлын байраар хоёр ярилцлагад орж билээ. Бас л авсангүй, найздаа “за би ухаант ертөнц байгуулах ухаан хүрэхгүй хүн ажээ” хэмээн тоглоом хийгээд загнуулж билээ. Долоо хоногийн дараа найз дахиад текст бичиж байна, чи үйлчилгээнд ажиллах уу, манай дарга чамайг авч магад гэж байна гэлээ. Энэ удаагийн миний ярилцлага утсаар ердөө зургаан мин үргэлжлэв. Намайг надаас өөрөөс минь илүү мэддэг хүнтэй утсаар ярьсан сэтгэгдэл үлдсэн юмдаг. Зиа ингээд АйБиЭмийн жинхэнэ ажилтан болов. Ердөө Ай-63 гэх хурдны замын нөгөө талд нүүв.
Бичлэг минь баахан тойрч тойрч, нуршиж нуршиж, арван гурван жилийг туулан байж блогийн гарчиг гурван жилд ирлээ дээ. Тийм ээ, гурван жилийн өмнө ажлаа би сольсон юм, тэр үедээ “сэтгэлийн дуудлага гэж байдаг юм болов уу, зөрүүдлээд, эрсдэлээ үүрээд хурдны замын нөгөө талд гарав” хэмээн жиргэж суулаа.
Сэтгэлийн дуудлага гэдэг нь үнэхээр би өөрөө сонирхож дурласан хэрэг. Уул нь нэг компанийн 50 жилийн түүхийн 13-г нь цугтаа бүтээлцсэн, хийсэн юмтай хэлэх үгтэй нэгэн боловч шинэ өөрчлөлт хийхэд сэтгэл минь дуудагдаад байж. 100 жилийн түүх, гэхдээ бүр мэргэжлийн минь чиглэлийн тэр их туршлага, тэр их далай мэт мэдлэгээс шууд шанагадана хэмээн сэтгэсэн хэрэг. Түүх 110 хэмээх үед 10 нь миний хөдөлмөр гэнэ, бас манай Монголд салбар нээгдэхийг хэн байг гэхэв гээд хөөрсөн, мөрөөдсөн хэрэг.
Зөрүүдэлсэн нь бас үнэн юм. Хамаг ажил хэрэг дахиад эхнээсээ, шинэ хүмүүс, шинэ орчин, шинэ соёл, шинэ ажил...уул нь тэгж гүйдэг нас бас биш баймаар. Тогтсон ажлаа зүгээр сольсон биш цалингаа бүр арван мянгаар буулган байж нүүлээ. Өнөө бэнэфит буюу хангамж хүртэл шинэ газар арай сул байх гэрээний санал өглөө. Хагас ажлын өдөр болон баасан гариг алга болох хайран байгаатай эвлэрэлгүй зөрүүдлэв. Жилийн амралтын хоног цаг мөн 12 цагаар буурч байлаа, ахиад хоёр сар болоход зөрүү 16 цаг буюу жилдээ цалинтай бүтэн хоёр хоног алдана гэсэн үг.
Эрсдэл үүрсэн нь мөн үнэн. Өмнө өгүүлдэг зөрүүдэлсэн бүгд эргэж олдохгүй эрсдэл үүрэв. Гэхдээ эрсдэл гэдэг зөвхөн алдах бус бас олж авах боломжийг дагуулдаг. Угаасаа бизнес хүртэл өндөр ашиг өндөр эрсдэл туулдаг гэдэг. Шатар тоглоход хүртэл хожилд хүргэх хурц нүүдэл их эрсдэл дагуулдаг. Алдахаас олох нь илүү гээд эрсдэл үүрэх тэнхээтэй байжээ, овоо.
Хурдны замын хувьд бодитоор бол үнэн. Манай хотоор туулдаг улс мужийн статустай хоёр хурдны замын нэг болох Ай-63 хоёр талд бараг хоорондоо харагдчихмаар (манай хот мод ихтэй, бараг ой шиг. Тэр моднууд байхгүй бол шууд харагдана л даа) хоёр оффис. Хийсвэр утгаар ч мөн хурдны замын хоёр тал шиг ялгаатай буюу хуучин ажил бол миний мэргэжлийн акул бизнесийн жижиг хамтрагч, гайгүйхэн хэрэглэгч юм. Харин шинэ ажил бол миний мэргэжлийн үйлдвэрлэгч, бүтээгч.
За ингээд ажил эхлээд эхний гурван сар амралтын газар, диваажин мэт байлаа. Бараг юу ч хийгээгүй, сул цалин авч буй мэт. Онбоардинг буюу хэрэглэгч харилцагчийн бизнес үйл ажиллагаанд оролцох эрхээ хүлээж буй хэрэг. Удаан хүлээлгээд байхаар нь амралтаа аваад ес хоног байгалийн үзэсгэлэнт Еллоу Стоун үндэсний паркаар зугаалав. Харин дараагийн зургаан сард ёстой толгойн хамаг үс арзайх үе олон байж. Амьдралд минь хамгийн ууртай, уцаартай цаг мөч тэгэхэд л тохиосон байх. Таван сарын дотор долоон дарга сольж, дөрвөн баг дамжиж, дөрөв нүүж...ажлын хурд, арга барилын өөрчлөлт гэх мэт олон сорилт туулсан даа. Яваандаа байнгын өөрчлөлт бол тогтмол хэвийн санагдах болдог юм билээ. 24/7 буюу хорин дөрвөн цаг долоо хоног тасрахгүй үйлчилгээ үзүүлэх жижүүрийн үүрэг хүлээгээд бүтэн нойргүй долоо хонох, гурван шөнө дараалж ганц хоёр цаг унтах үе таарч байв. Цалингаа бууруулж ирдэг тэнэг толгой гэж бодовч буцахгүй шүү гээд гүрийж сууснаа одоо эргээд нэг бодоход хөгжилтэй.
Тэгсээр аргаа нэг оллоо. Долоо хоногийн үндсэн дөчин цагийнхаа наймд өөрийн хүссэн зүйлээ хийдэг болж, өөрийгөө хөгжүүлэх буюу үндсэн үүргээс гадуур, ахисан албан үүргийн нэмэлт ажилд бас найм орчим цагийг зарцуулдаг боллоо. Ажлынхаа хажуугаар олон нийтийн, сайн дурын элдэв ажилд цаг зав элбэг зохицуулах, амжуулах. Ажлаас үүнийг мөн ихээхэн өөгшүүлэн дэмжинэ.
Гурван жилд гээд бичих зүйл зөндөө, адал явдал элбэг. Хожим үргэлжлүүлнэ ээ...
Sunday, April 10, 2016
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment