Saturday, April 24, 2010

Тавин долоо

Тавин долоо гэсэн тоо надад нилээд их дотно байдаг л даа, ингээд уг бичлэгийг жаал онцлоё! АЭ-д ажиллаж байхад сонингуудын 100 дахь дугаар гээд бид сүйд болдог байж. Харин блогчид зуу дахь, тавь дахь зуу дахь бичлэг хэмээн онцлох нь элбэг. Надад зуу нь нээрээ их хол тоо юм шиг байна. Аль хоёр жил зургаан сарын өмнө анхны бичлэгээ бичиж байсан блог гэж бодохоор бичгийн хүн бус миний хувьд урт хугацаанд үнэхээр их ажил болж байж нэг жаахан бичлэг төрдөг ажээ. Ингээд 50-г нь анзааралгүй өнгөрчих, харин өнөөдөр 57 дох бичлэгээ оруулж буй юм байна.

Нийслэлийн тавин долдугаар сургуулийн босго алхаж Д.Цэцгээ багшаар анхлан А заалгаж, дөрөвдүгээр ангиас Г.Сарангэрэл багшийн даасан ангид сурсан нь уг тоо дотно болох зөвхөн эхлэл гэлтэй. Зөвхөн надаар зогсохгүй миний дөрвөн дүү энд л анхлан цагаан толгой үзсэн юм. Түүнчлэн УБИС төгсөөд хөдөө орон нутагт хоёр жил ажилласныг эс тооцвол бүх насаараа ээж минь энд багшилж тэтгэвэртээ суусан билээ. Аав минь ч багш хүн байсан бөгөөд анхлан байгуулагдаад нэг давхар галладаг байртай байхад л тэнд багшилж эхлээд хорь орчим жилийн хөдөлмөр нь тавин долоотой холбоотой. АНУ-д тэнээд алга болсон маний хоёрдох жилд аав минь гэнэтийн ослоор өөд болж гунигт явдал тохиогоод гэртээ харихад тавин долоогийн үе үеийн төгсөгчид, ажилтнуудаар манайх дүүрэн хэд хонож билээ.

Манийг бүр багад Мижиддорж багш нэгэнтээ улсын тэргүүний бүлэг төгсгөж билээ, бодвол тэр үеэс тавин долоог зарим хүн мэдэх болсон биз. Хожим нь Төвсанаа ах дэд мастер цолтой араваа төгсөх үе, аав тэргүүтэй хэдэн багш нарын чухалчилж гүйн байж олж ирсэн цахилгаан хөгжмөөр анхлан Төмөрбаатар, Гансайхан нарын олон сурагчид тоглож байгуулагдсан Ирээдүй чуулга зэргээр бүр ч олон хүнд тавин долоо хүрсэн байх.

Гэхдээ л хотын захын сургуулийг хаана байдаг, хэн сайн эсэхийг тэр бүр мэддэггүй байсан. Манийг тав зургаад байхад район, хотын хэмжээнд сурагчдын Дөл тэмцээн болж бид хот дүүрэгтээ удаа дараа дээгүүр шалгарахад лав улсууд энэ одоо хаана байдаг сургуулийнхан бэ л гэдэг байж. Долоо төгсөх жил Дөл тоглолт анх удаа улс даяар болж тавин долоогийн баг улсын аваргаар хоёрт орж билээ. Энэ үеэс манай сургууль нилээд нэр хүндтэй болсон байх. Найрамдал зусланд болсон уг тэмцээнд аймаг бүр шилдэг сурагчдаараа баг бүрдүүлж, харин хотын дөрвөн сургууль зөвхөн өөрсдийн багаар тэмцсэн нь дандаа зургаа, долдугаар ангийнхан байв. Энд Увс аймгийн баг түрүүлсэн. Тэр үед би нэгдүгээр сургуулийн тооны ангид элсээд юун тавин долоо болж байсан үе юм. Дараагийн жилүүдэд манийг тооны олимпиадад удаа дараа гайгүйхэн оролцоход нэгдүгээр сургуулийн гэхийн зэрэгцээ, угаасаа хаанаас аль сургуулиас гарч ирсэн хүүхэд вэ, тавин долоо гэх юу билээ л хэмээдэг байж билээ.

Наймд байх жил гандболоор дүүрэгтээ өлхөн түрүүлсэн хотод баттай түрүү булаацалдана хэмээн яригдах нэгдүгээр сургуулийн баг Хүч нийгэмлэгээс гарч ирсэн тавин долоод илт дутуу хожигдож билээ. За энэ одоо хаанаас юу гараад ирэв ээ гээд биеийн тамирын багш банга хүртээж байтал манай ангийнханаас тэр чинь энэ Жагдагийн ирсэн сургууль гэв. Хм, энэ тооны ангид арай олигтой нь ирж болдоггүй юм байх даа хэмээн манийг багш явуулж байжээ, хөөрхий. Дараа нь мөн сагсаар бараг ижил зүйл болж за энэ Жагдагийнхан одоо яагаад гүйцэгдэхээ болив оо болдог байв. Сагсны хүчтэйхэн өрсөлдөөн дундаас сургуулийн аварга дандаа л туудаг манай хуучин анги, сургуулийнхаа аваргын мөн л авчихдаг манай шинэ анги (нэгийн тооны ангид спортын ийм түүх бараг байхгүй л гэдэг байв) хоорондоо мөн ч их тоглосон доо. Хөөрхий аав заал авч өгөөд л мань хоёр ангиа зохицуулаад л ...

Тавин долоо спортоор алдаршихад манай биеийн тамирын олон багш хөдөлмөрлөснөөс Давааням багш илүүтэй хөлс гаргасан байх. Монголын анхны мэргэжлийн лиг байгуулагдахад манай дүү нарын үеийн тавин долоогийнхоноор дүүрэн байж билээ. Давааням багш тэнд бараг тавин долоогийн нэг баг байгуулж лигийн аварга авч байсан байх шүү.

За нэг ийм л сургуультай холбоотой нэгэн би, тавин долоодох бичлэгээ блогтоо орууллаа. Үндсэн ажлынхаа хажуугаар амжуулах бичил бизнесийн блог бичиж эхлэсэн нь ийнхүү АНУ дахь Монголчуудын хүрээний нэгэн хэсэг болчих гээд л, барууны оронд мэргэжлээрээ ажиллах нэгний санал бодлыг эх оронтой, мэргэжил нэгт нөхөдтэй нь холбох нэгэн гүүр болчих гээд л, эргэн тойрноос нь өөр орчин, соёл, бизнесийн ойлголтуудыг тайлбарлан олонд хүргэчих гээд л ... үргэлжилсээр л ...

Тавин долоон бичлэгийг минь уншиж, блогоор зочилдог бусад блогчид, уншигчид та бүхэндээ их талархаж байгаагаа блогоо үргэлжүүлэн бичиж л илэрхийлье дээ. Баярлалаа, дахин дахин зочилж, олон сэтгэгдэл үлдээж байгаарай.

7 comments:

бж said...

Sain uu, Jagdag aa. Dursamj duuren saihan bichleg oruulsan baina. Unshaad, arvan jilee dursaad tun ch saihan bailaa. !-iin toonii angiinh l gej medehees 57-d baisniig chini medehgui l dee.
Blogoor chini ue ue zochildog heveeree shuu. Olon saihan dursamj bicheerei.

H.D.NR said...

Гоё ангитай байжээ.

ganga said...

Хөөрхий аав заал авч өгөөд л мань хоёр ангиа зохицуулаад л ...Saihan aav aa gej...

Soronzon said...

"Гүүр болчих гээд" байгаа нь ч үнэн байх шүү.
Юуны төлөө Аргамаг билээ дээ.
Цуцашгүй шандастай хурдлан
хорвоог тойрохыг ерөөе.

jagdag said...

Ганаад,
блогоор зочилж, бас сэтгэгдэл үлдээж буйд их баярлаж байна. Ингэхэд чи яагаад блогоо унтараачихав даа? Уншихад уул нь өгөөжтэй, тэгээд ч бас олон уншигч манийх руу илгээчихдэг байсан сан.

Соларт,
Тийм ээ, дандаа гоё анги таарах их хувьтай хүн шүү. Бага анги, дунд анги, шинэ сургуулийн анги, бас оюутан цагийн андууд ... бүгд л үргэлж сайхан санагддаг.

Ганга эгчид,
Маний блогийн бичлэгээс уншдаг гэж бодож байсангүй шүү :-). Таниас сэтгэгдэл үлдээсэнд маш их талархаж байна. Нээрээ, аавууд бүгд oр хүүхдэдээ сайхан байдаг байх аа.

Соронзон,
Урам өгсөн сайхан сэтгэгдэл үлдээсэнд их баярлалаа. Өөрийн чинь хэл, соёл, орчуулгын бичлэгүүд маний гүүрэнд үнэхээр сайн тулгуур нь болдог шүү. Авах санаа, сурах зүйл ихтэй блогтой таньд бас сайн сайхан бүхнийг хүсье!

Hantulga said...

Тавин долоо гэдгийг 2дугаар сувгаар ойлгох шахав. Гэтэл блог маань шал өөр утга агуулгатай байж. Хамгийн порн тоо байх шүү

jagdag said...

Hantulga,

бодсон чинь тийм юм байна аа :-), гэхдээ хоёрдугаар сувгийн хамгийн сонгодог тоогоор жаран есийг л хэлнэ дээ. Орос жиптэй адал явдал, мөн Хакухо аваргын талаар блогдох гэж бодсоноо болихоор шийдэв, аюултай тоо хөндөж магад юм.