Friday, September 24, 2010

Телефон утсаар анх ярьсан минь

Мэдээлэл холбооны технологийн анхдугаар чуулган гэж Монголд 1999 онд зохион байгуулах ажлын хэсэгт оролцон, чуулганы бэлтгэл ажлыг амжуулж явахдаа хүүхдүүдэд мэдээллийн технологийн мэдлэг олгох зорилгоор жаал бичиж эхэлсэн юм. Тааруухан өгүүлэл маягийн зүйлс л дээ, өмнө нэгийг нь блогдсон, одоо бас нэгийг нь толилуулья. Урьд өмнө энд тэнд нийтэлж, гаргаж байсангүй ээ. Блогчид уншаад шүүн тунгааж элдэв сэтгэгдэл үлдээнэ үү.

Телефон утсаар анх ярьсан минь

Өвлийн нэгэн хүйтэн орой өвөө ээжийг дуудаж нагац ахтай түргэн холбоо барьж дууд гэлээ. Нагац ахынх Сансар хороололд байлаа. Есөн давхарт амьдардаг тэднийд зочилж, цахилгаан шатаар өгсөж, уруудах, өндөр дээрээс алсыг харах, түннэл гээч гоё том хөндий дээгүүр алхах нь хашаанаасаа нэг их холдохгүй надад туйлын жаргалтай явдал болно. Өвөөгийн хэлэхийг хагас хугас сонсож, ээж нагац ахынх руу явах нь хэмээн ойлгосон би гадаах хүйтнийг ч умартан,

- Ээж ээ, би тантай явъя гэж гуйлаа. Ээж ч дор нь зөвшөөрөхөд би бөөн хөөр болж хувцсаа солих гэтэл ээж “За миний хүү, ээж нь яарч байна, ингээд энэ хувцастайгаа явчих” гэлээ. Ихэнх үед хувцсаа сольж, цэвэрхэн хувцас өмсүүлж авч явдаг ээжийг ийн хэлэхэд яарч баярласан би нэг их гайхсангүй, гадуур хувцсаа өмсөж, ээжийг даган гэрээс гарав.

Ээж автобусны буудал байдаг зүг бус эсрэг тал руу манийг хөтлөн салхи сөрөн алхахад багагүй гайхаж билээ. Удалгүй бид хороо хорин байрлах Чингэлтэйн клубт хүрлээ. Хорооны сахиул айлд очиж утсаар ярья хэмээн гуйхад би өөр зүгт явсан, миний хувцсыг солиулаагүй нь учрыг олж нагацынд очих бөөн баяр алга боллоо.

Нагацындаа зочлох бүр хаалганы орчим байх үе үе хөгжилтэй чанга дуугардаг, нагац аваад ганцаараа ярьдаг хар өнгөтэй, дугуйвтар хэлбэртэй зүйл үргэлж анхаарал татна. Түүнийг утас гэж нэрлэнэ. Хүүхэд биднийг барагтай бол хүргэхгүй дээ. Яг ийм зүйл хорооны сахиул айлд байна. Зөвхөн өнгө нь улаан, хэлбэр нь ялимгүй өөр хурц өнцөгтэй, дөрвөлжин маягийн. Аль аль нь дугуй хүрдтэй, хүрд дээр тоонууд бичээстэй. Нэгээс эхлээд дэс дараалсаар ес, ард нь тэгээр дуусна. Тэг нь нэгээс бага байхад яагаад есийн ард байгаад би бодоод бодоод олдоггүй байлаа.

Сахиулынх утсаар ярихыг зөвшөөрч нохой хорьж биднийг оруулаад утсаа ээжид өгөв. Ээж хуруугаараа таван дугаар эргүүлж,

- Байна уу, байна уу гэв. Тэгээд залгуулаад нагацтай ярилцаж өвөө түргэн ир гэснийг дуулгаад Та манай хүүтэй ярь даа гээд утсаа надад өглөө.

- Байна уу, миний хүү юу, утсаар ярьж үзмээр санагдаа юу? (нагац намайг миний хүү, би нагацыг Сүхээ аав гэж дуудна)

- Байна, байна, та хаана байгаа юм бэ? Та ойрхон байгаа юм уу? Би таны ярихыг яагаад сонсоод байгаа юм бэ? Та намайг сонсож байна уу?

- Гэртээ, би гэртээ байна. Чи намайг сонсож байгаатай адил би чамайг сонсож байна аа. Бид утсаар ярилцаж байна шүү дээ.

- Та нөгөө хар утсаараа ганцаараа ярьж байгаа шиг ээ ярьж байгаа юм уу?

- Ха ха, юун ганцаараа гэж би чамтай ярьж байна шүү дээ.

- Яаж ингэж ярьж болж байгаа юм бэ?

- Чиний яриаг дуу авиа гэдэг юм. Наад харилцах утасны ярьж байгаа хэсэг дуу авиаг цахилгаан болгож хувиргана. Тэгээд тэр цахилгаан хананд залгаатай утас, шонгийн модны утас, холбооны газраар дамжсаар манай гэрийн утсанд ирээд буцаад дуу авиа болж хувирахаар нь би сонсож буй юм. Эргээд миний яриа яг ингэж чамд очиж буй.

- Цахилгаан тэгээд төөрдөггүй юм болов уу?

- Буруу залгавал төөрнө өө төөрнө. Замыг нь зааж өгч, зөв явуулдаг хүмүүсийг холбоочин гэдэг юм. Тэр улсууд холбооны газар ажилладаг юм шүү дээ.

- Аа тэгвэл том болоод би холбоочин болно оо. Утас ёстой гоё юм. Холбоочин хүүхэд гэж байх уу?

- Байлгүй яахав, хурдан том болж, сургуульд сайн сурвал холбоочин болж болно. Утас холбоо яаж ажилладаг, яавал сайн холбоочин болох вэ гээд ааваасаа сайн асуугаарай, аав чинь физикийн багш хүн, чамд сайхан тайлбарлаад өгнө. За одоо ээжтэй нь ярья гэв.

Амьдралдаа ийнхүү харилцах утсаар анх удаа ярилцаж үзлээ. Нөгөө нагацынх руу явахгүй нь гэсэн гомдол алга болжээ.

Sunday, September 19, 2010

Э.Жагдагдорж: Лотус Нотус Домино Монголд хэрэгтэй байлгүй яахав

"Зуны лекц - 2010" дараахан буюу наймдугаар сарын есөнд Зууны мэдээ сонинд хэвлэгдсэн ярилцлагаа нэг блогдчихоё. Тэр өдөр миний төрсөн өдөр л дөө, төрсөн өдрийн сонин бэлэг барьчихсанаа сэтгүүлч Н.Маралмаа мэдээгүй биз ээ.

Ийн Зуны лекцийн холбоотой өдөр тутмын гурван сонинд ярилцлага өгч хэвлэлийн баатар болсоноо блогдох нь зөв ч юм уу, буруу ч юм уу ... бодсоор нилээд удав. Ингээд блогтоо оруулж л орхилоо. Эндэхийн ойлголтоор бол уул нь, цаад хэвлэсэн сонин нь зохиогчийн эрхийг хариуцдаг болохоос ярилцсан нь бичсэн нь, за ярьсан хэлсэн нэгэн бол бүр ч болохгүй ээ, хуулж тэр чигээр нь энд тэнд давтахгүй гэдэг юм билээ :-). Нэгэнт энд тэндгүй элдэв онлайн гарчихсан болохоор нь блогтоо ч мань тууж л орхив. Мөн тэр олон онлайнуудаар элдэв шүүмж, санал, сэтгэгдэл цөөнгүй харагдахаар нь магадгүй маний блог дээр сэтгэгдэл бас бичигдээд ирвэл харж ойлгоход ойр ч биз хэмээн бодогдлоо.

Үндэсний шуудан (2010.08.09)

Э.Жагдагдорж: Лотус Нотус Домино Монголд хэрэгтэй байлгүй яахав
Н.МАРАЛМАА

Э.Жагдагдорж нь "Ай Би Эм"-ийн мэргэшсэн мэргэжилтэн. Монголын хэвлэл мэдээллийн салбарын эх бэлтгэх системийг анх компьютержүүлсэн нэгэн. Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүн, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Тэрээр одоо Америк дахь Монголчуудын худалдааны танхимын тэргүүний сонгуультай. "Симко Инкорпорэйт" компанид Лотус Нотус Домино хөгжүүлэгчээр 2000 оноос ажиллаж байна. Мөн Аргамаг Инкорпорэйтэд компанийн дэд захирлаар 2004 оноос ажиллаж байна.

АМЬДРАЛЫН МЭДЛЭГЭЭР "А" Ч БАЙХГҮЙ НӨХӨР ШУУД ХӨДӨЛМӨРИЙН ТАЛБАРТ ҮЗЭЖ ТАРСАН

-Та АНУ-д удаж байна уу. Мэдээлэл технологийн салбартаа яг ямар чиглэлээр ажиллаж байна?
-Мэдээллийн технологи гэдэг их өргөн ойлголт. Би энэ салбарын нэгхэн хэсэг болох тооцуурын код бичдэг мэргэжилтэн. Новосибирскт энэ мэргэжлээрээ сурч төгссөн. Тухайн үед техник технологийн дэвшил нэвтэрсэн сайхан боломж таарч орчин үеийн шинэ нарийн технологийг багш нартайгаа зэрэгцэж сурсан. Тэр үеийн оюутнуудад тохиогоогүй алтан боломж байсан юм. Сургуулиа төгсөөд эх орондоо зургаа, долоон жил мэргэжлээрээ ажиллаад 1999 оны сүүлчээр АНУ-ыг зорьж одоо ажиллаж байгаа Симко Инкорпорэйтэд компанид ажилд орсон.

-Мэдээллийн технологийн салбар хэл мэдлэгийн өндөр чадвар шаарддаг. АНУ-д очоод ажиллахад хүндрэл их байсан уу?
-Хүндрэлтэй зүйл олон байсан. Тооцуурын кодыг англи хэл дээр бичдэг болохоор хэлний ерөнхий мэдлэг, яриа, бичгийн чадвар өндөр байхыг шаарддаг. Гэтэл миний мэдлэг хаана нь ч хүрэхгүй. Тиймээс англи хэлийг анхан шатнаас нь эхэлж сурсан. Хэлний мэдлэгийг хэн нэгэн хүн "май" гээд бэлдээд өгчихдөггүй зөвхөн өөрөөс шалтгаална. АНУ-ын компанид ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхдүүдтэй харьцуулахад би тэс өөр боловсролын системээр сурсан, амьдралын мэдлэгээр "А" ч байхгүй нөхөр шууд хөдөлмөрийн талбарт үзэж тарсан. Энэ нь үнэхээр хүнд байлаа. Ямар нэг асуудлыг төвөггүй шийдэж чадсан үедээ мэргэжлийн суурь тавьж өгсөн орос багш нартаа, биеэ даан сурах чадварт сургасан аав ээж, арван жилийн багш нар ялангуяа анги дааж "Гар ганзаганд,хөлийг минь дөрөөнд" хүргэсэн Д.Пүрэвдорж багшдаа хамгийн их баярлаж явлаа. Би уг нь элгэмсэг, очсон газартаа бусадтай амархан хэл амаа ололцоод нөхөрлөчихдөг зантай. Гэсэн ч анх америкуудтай хэл амаа ололцох, найзлах, нөхөрлөх гэдэг үнэхээр хүнд байсан. Хөршүүдтэйгээ танилцах амаргүй байж билээ. Нэг сайхан инээсэн нөхөр машиныхаа цонхоор эелдэгхэн дохичихоод шууд гараашдаа ороод хаалгаа хаачихна (инээв). Тэгээд байгаа, үгүй, амьд эсэхийг ёстой чөтгөр бүү мэд. Эхэндээ энэ бүхнийг нь сайн ойлгохг үй их ганцаарддаг байлаа.

-Америк, Монгол сэтгэлгээний ялгаа эхэндээ их гардаг байсан байх. Одоо ялгаж салгаад дасал болсон биз дээ?
-Одоо энэ хоёр сэтгэлгээний адилхан талыг нь амархан олж хардаг болсон. Анх америк сэтгэлгээг ойлгоход хэцүү байж билээ. Монголчууд удирдлагаа ихэд үнэлдэг, өгөх үүрэг даалгаврыг нь зааврыг хүлээгээд суудаг. Бүр юуг яаж хийх дарааллыг нь бичиж аваад санаанд нь тааруулахыг хичээдэг. Гэтэл америк дарга юу хэрэгтэй, хэдийд бэлэн байлгахыг л даалгана. Түүнээс ажилтан хэрхэн ажиллаж багаа нь хамаагүй. Нэг үгээр хэлбэл хүн өөрөө биеэ дааж асуудлаа шийднэ гэсэн үг. Тэдний биеэ даасан байдал нь өөртөө итгэх итгэлээр өндөр байдаг. Ингэхлээр америк хүн ямар ч хүнд байдалд орсон өөрийн хүчээр гарчихдаг, асуудлаа шийдэж сурчихдаг. Гэтэл Монголд бол хамт олноо түшиж, хамаатан садандаа найдаж, ах дүүгээрээ бүх асуудалд туслаад гүйчихдэг шүү дээ. Мөн америкчууд эрсдэл хүлээх чадвар сайтай болохоор элдэв өөрчлөлтөд амархан дасчихдаг. Аливаа зүйлийг эерэг талаас нь харж, хүлээж авдаг. Татгалзсан тохиолдолд аятайхан үг хэлээд араас нь учир шалтгаан дурддаг. Бас зүйлийг сонирхуулахад дарга ажлын байрандаа л дарга. Бусад тохиолдолд өөртэй чинь ижилхэн, тэгш эрхтэй хүн болдог. Үүнийг дагаад төрөө үнэлж, дээдэлж байгаа иргэний ойлголт өөр болдог юм шиг. Монголд бүх зүйлийг төрөөс хамааруулж, төр зохицуулна гэж үздэг. Тэгвэл АНУ-д төр зайлшгүй оролцох нийгмийн томоохон асуудал, хөгжлийн чухал зүйлээс бусдад хол байхыг хичээдэг. Ялангуяа бизнесийн салбарт төр оролцох ёсгүй гэж үздэг юм билээ. Тиймээс бизнес эрхлэгчид нь төрөөс элдэв татаас, тэтгэлэг, элдэв дэмжлэг зохицуулалт нэхээд байдаггүй. Энэ мэтчилэн сэтгэлгээний ялгаа нэлээд их. Гэхдээ нэг нь зөв, нөгөө нь буруу гэх гэсэнгүй.

-Манай хоёр улс соёлын асар их зөрүүтэй. Хүмүүс соёлын шоконд орлоо гэж ярьдаг. Танд тийм зүйл тохиолдож байв уу?
-Өмнө ярьсан бэрхшээл, бас тэр сэтгэлгээний ялгаа зэрэг чинь яах аргагүй соёлын шоконд оруулж байгаа юм. Анх очиход нэг их инээсэн улс таарна, тэр нь хуурамч, хиймэл юм шиг санагдана. Инээж хөөрөөд найрсаг мэт боловч яг тулахаар ихэмсэг, хөндий улс гэж мэдрэгдээд, муу золиг америк зан гаргаад гэж бодно. Гэтэл цаад нөхрийн нүдээр манийг харвал нэг тийм ууртай, харьцахад эвгүй, ширүүн харцтай, элдэв зүйлд инээж хөөрч дэмжлэг өгөхгүй "харийн" амьтан харагдан аа даа (инээв). Ингэхээр яаж найзлах вэ дээ. Тэгээд үргэлж гадаа хүүхдүүд гүйлдээд, хөгшид тоглоод сууж байсан орчноос ирсэн хүн гэнэт чимээгүй, амар тайван орчин угтаад гудамжаар хүн явахгүй болоод ирэхээр бас эвгүйрхэнэ. Энэ мэтээр соёлын ялгаа, соёлын шоконд туучихна даа. Харин хаа очиж үүнийг нь гадарласан, тайлбарласан зүйлс элбэг, шокноос түргэн гарах боломж өргөн газар.

БАРУУНД ХОЁРХОН И-МЭЙЛ СИСТЕМ БАЙДАГ

-Танай салбарынхан Лотус Нотус Домино гэж их ярьдаг. Үүнийг мэргэжлийн бус хүмүүс мэдэхгүй. Сонирхогч, хэрэглэгчдэд энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Хамгийн сонирхолтой, бүр сэтгэлээ зориулдаг зүйлийг нь асуухаар хүн нүд нь сэргээд, цаг хугацааг умартдаг байх. Энэ асуултад чинь би яг тэгж хандаж байна. Тооцуурын нарийн ойлголт, технологийн хэллэг, техникийн гадаад үгсийг Монголчлох тун ярвигтай. Дээр нь мэргэжлийн бус хүмүүс ойлготол нь ярих чадвараар би таг. Тэгэхээр аль болох товчхон, энгийнээр тайлбарлахыг хичээе.

Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд интернэт, и-мэйл жирийн хэрэглээ болж. Тэгвэл имэйлүүдийг түгээж байдаг систем буюу серверийн програм хангамж гэж байдаг. Лотус Нотус Домино нь энэ төрлийн цогц програмуудын нэг юм. ”Барууны орнуудын бизнесийн хүрээнд ердөө хоёрхон имэйл систем байдаг. Нэг нь АйБиЭм Лотус Нотэс (IBM Lotus Notes), нөгөө нь Майкрософт Эксчэнж (Microsoft Exchange). За яах вэ, Гоогл Мэйл (Google Mail) араас ойртож байгаа, бусад нь зүгээр л тоглоом.” хэмээн АНУ дахь мэдээллийн технологийн имэйл сүлжээний нарийн мэргэжлийнхэн “шутка” хийдэг юм. Банк санхүү, даатгал, хуулийн фирм үүд, нэгдсэн улсын болон муж улсын Засгийн газрын байгууллагууд, Майкрософтын технологиос чөлөөтэй байх сонирхолтой томоохон бизнесүүд. Мөн олон улсын байгууллагууд гээд дандаа санхүүгийн чадавхи өндөртэй газрууд ихэвчлэн хэрэглэдэг. Нууцлал хамгаалалт нь өндөр, найдвартай ажиллагаагаар баттай хангадаг, гар утасны сүүлийн үеийн технологийг дэмжихдээ үргэлж түрүүлж байдаг зэрэг олон чанар нь үүнд нөлөөлдөг.

-Та АНУ дахь Монголчуудын худалдааны танхимын тэргүүний сонгуультай юм байна. Танай танхим Монголчууддаа хандан ямар ажил хийж байна?
-Манайд сургалт, хурал, бизнесмэнүүдийг холбох, нэг нэгээсээ суралцах боломж болгох, АНУ-д мэргэжлээрээ тогтвортой ажиллаж буй нутаг нэгтнүүдээсээ суралцах, бизнес эрхлэгчдээ урамшуулах гэх зэргээр олон төрлийн ажил зохион байгуулдаг. Мөн тухайн орон нутгийнх нь бизнес дэмжих байгууллага, засаг захиргааныхантай холбох ажиллагаа явуулна. Монголыг сурталчилж, Монголд хөрөнгө оруулагч нэмэгдүүлэх талаар чармайна. Танхимын эрхэм зорилгод энэ бүхнээ тусгасан, дагаж мөрдөж ажилладаг юм. Эрхэм зорилгоо Америкт бизнес эрхлэгч Монголчуудыг дэмжих, олшруулах, тэдний бизнесийг өргөжүүлэх, хамгаалах, хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, түүнчлэн Монгол уруу орох хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж тодорхойлсон. Их л өөдрөг сэтгэлтэй нөхөд бий.

Ирээдүйд танхимаа Америкт бизнес эрхлэгч Монголчуудын эрх ашгийг хамгаалах “Дээвэр”, тэднийг хооронд нь болон Америкийн төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагуудтай харилцах “Гүүр”, Монгол Улсад гадаадын хөрөнгө орох “Гарц” болно гэж төсөөлдөг.

-Монголдоо эргэж ирсэн сэтгэгдэл. Юм үзэж нүд тайлсан хүний нүдээр харж жишвэл?
-Сэтгэгдэл их өндөр байгаа. Ээж минь эрүүл саруул, дүү нар гэр бүлээрээ амар тайван, ажил төрөл нь өндөр сайхан байна аа. Орон нутгаар явлаа. Хамаатан садангууд сайхан зуншиж байна. Тахиж шүтдэг овоондоо очлоо, Хийморь сэргээдэг хайрхандаа гарч нар мандахыг үзлээ. Хээр ч цөөнгүй хоносон. Олон сайхан найз нөхөдтэйгөө уулзаж, санаа сэтгэл нийлж ярилцлаа. Ийм байхад өөдрөг сайхан байлгүй яах вэ. Монгол сайхан хөгжиж, нийслэл хот мөн дэвжиж байна. Зайсан толгойд гараад харахад шинэ шинэ хороолол нэмж баригдаад, танигдахгүй болжээ. Энд тэнд кран зоолттой, бүтээн байгуулалт өрнөх аяс байна. Дэлхий нийтийн эдийн засгийн хямрал дагасан уу, хөгжлийн жижиг саатал тулсан уу, сүүлийн жилүүдэд ялимгүй хурд буурчээ. Гэхдээ тэгээд уул уурхайгаас авахуулаад эдийн засгийн өсөлт авчрах ирээдүй, томоохон хөрөнгө оруулалт хаяанд иржээ. Зөвхөн уул уурхай гэлтгүй хүнээ хөгжүүлнэ, эдийн засгийн чадавх, өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ, өндөр технологи хөгжүүлнэ гээд магнай тэнийлгэх олон мэдээ дууллаа.

Гадна байгаа Монголчууддаа анхаарал хандуулаад тэднийгээ овоо тоох болжээ. Дуудаж даллаад, буцаад ирэх арга чарга юу байна, юуг хэрхэн хэрэгжүүлж, хөгжилд хамтдаа хүрэх вэ гээд төр засаг, бизнес гээд шат шатандаа анхаарч хэлэлцэж байгаа нь үнэхээр баярлуулж байна.

-Илиной мужид бүртгэлтэй Аргамаг Инкорпорэйтэд компанийн дэд захирлаар ажилладаг юм байна. Ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
-Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Найз П.Амгаабаатарын хамтаар 2001 онд байгуулж, АНУ-н Илиной мужид бүртгүүлэн корпорэйт үүсгэсэн. Анхлан хоббигоороо, чөлөөт цаг, заваараа хийж байсан зүйлсээ базаж мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэхүү америкийн зах зээлд бизнес хийх гэдэг утгаар хөл тавьж үзсэн нь энэ. Америкийн мэдээлэл холбооны технологийн зах зээлд хөл дүүжилж туршлага хуримтлуулж буйдаа дулдуйдан энэхүү алхмыг хийсэн билээ. Хэн хэн нь мэргэжлээрээ үндсэн ажилтай байсан тул Аргамаг багагүй хугацаанд хавсарга, хобби хэвээр байсан. АНУ-д байгаа Монголчууд Аргамагийг Монгол руу ярьдаг утасны картаар сайн мэддэг. Энэ бол бидний анхны бизнес. Бүх хэрэгцээт програм хангамжуудаа үндсэн ажлынхаа хажуугаар бид өөрсдөө зохиосон. Аргамагийн хэрэглэдэг програмууд бүгд манай өөрсдийн бүтээл, Монгол хүний оюунаар бүтсэн. Эндээс цөөнгүй бүтээгдэхүүнийг америк компаниуд одоо хэрэглэдэг. Аргамагийн холбооны технологийн үйл ажиллагаа утасны картаар хязгаарлагдаагүй, өнөөдөр Америк болон бусад улсыг хамарсан утсан холбооны сүлжээг бий болгож байна. Өдгөө Америкийн цөөнгүй байгууллагуудад Амгаа энэ чиглэлийн үйлчилгээг үзүүлж байна. Мань хүний хувьд бүтэн цагийн ажлуудынх нь нэг болсон.

Аргамагийн бас нэг хийдэг бизнес бол Америкийн зах зээлээс бага хэмжээний програмчлалын ажил олж Монголд байгаа мэргэжил нэгтүүдээрээ хийлгэдэг явдал. Энэ нь гэхдээ амаргүй л дээ. 2004 оноос эхэлсэн хэдий ч, өдгөө тодорхой бүрэн цогц үйл ажиллагаа энэ талаар эрхлээгүй. “Далайд дусал” гэгчээр энэ хугацаанд арваад жижиг төсөл гүйцэтгэсэн. Жижиг төсөл гэхээр зургаан сараас хоёр жил хүртэл үргэлжилдэг. Цогц төсөлд хүрвэл хэдэн арван жилээр хийх байх. Өнөөдөр “Аутсорсинг” гээч нэр томьёо маш эрчимтэй хөгжиж байна. Аргамаг энэ чиглэлээр Монгол Америкийн хооронд бий болгох гүүрийг босголцож байна. Алдаа оноо ихтэй ч амжилт бүтээл багагүйгээр алхаж байгаа энэ жимээ “Аргамаг”- ийнхан томоо, өргөн дардан зам болгохын төлөө хамаг хүчээ дайчлан ажилладаг.

-Та хоёр ч мэргэжлээр магистр хамгаалсан юм байна?
-Эхнийх нь өмнө дурдсан хойно Новосибирскээс систем техникийн инженер мэргэжлээр төгссөн сургалтаар магистр авсан. АНУ дахь ойлголтоор бол компьютерийн шинжлэх ухааны мастер гэх юм билээ. Энэ нь намайг ажилтай болгож хоолонд хүргэснээс гадна, би өөрөө дур сонирхолтой мэргэжил болсонд их баяртай байдаг. Нөгөөхийг нь энд Колумбиа коллеж гээд хувийн сургуулиас бизнесийн удирдлагаар мастер болсон нь манай Симкогийн ажилтнууддаа олгодог боловсролын дэмжлэгийн хөтөлбөр буюу нэгэн төрлийн хангамжийн хүрээнд суралцсан. АНУ-ын компани бүр ижил хангамжийн хөтөлбөр хэрэгжүүлж чаддаггүй. Ингэхээр би өөрийгөө их азтайд боддог. Бизнесийн чиглэлээр сурсан нь Аргамагийн болон АНУ дахь Монголчуудын худалдааны танхимын үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцох урам олгосон.

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ ХҮҮХДИЙН ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛГЭЭ, МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, ХЭЛ СОЁЛД ХАА ХААНАА АНХААРЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Гэр бүлээ танилцуулаач. Гэр бүлийн хүн тань ямар мэргэжилтэй хүн бэ?
-Өөрийнхөө хувийн амьдралыг эрхэлж буй ажлаасаа, явуулж буй олон нийтийн элдэв үйл ажиллагаануудаас ангид байлгадаг ойлголтын талд би зогсдог. Америкжаад хувийн үзэлд автаж бөөрнөөсөө жаал ягаарсан юм болов уу (инээв). Нөгөө талаас хүний хийдэг ажлыг би төлөөлөөд тодорхой ярьж мэдэхгүй. Мань хүн өөрөө түүнийгээ өгүүлбэл илүү зохилтой. Товчдоо, эхнэрийг Борчулуун гэдэг, энд их сургуульд ажилладаг.

-Хэдэн хүүхэдтэй вэ. Гадаадад төрж өссөн хүүхдүүд эх хэлээ мартах гээд байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Гурван охинтой. Охид эх хэлээрээ ойлгодог, ярьдаг, уншдаг байх талаар ер нь ихийг амжуулна шүү. Энэ нь гадаад дотоодод байгаа, эх нутгаасаа хол байгаа гэхээсээ илүүтэй яг амьдрал өрнөж буй орчин хир бүрдэж байгаагаас их хамаарна гэж санагддаг. Эцэг эхээс нь шууд шалтгаална гэсэн үг. Бид Монголчууд олноор суурьшсан газраас зайтай тул бусдаас боломжоор бас тааруу, гэхдээ тэгээд үзэж тарна. Гэртээ зөвхөн Монголоор ярина. Эмээ нар нь, бас өвөө нь ирэхээр байдал эрс сайжирна. Энэ жил нутаг яваад тасалчихлаа, түүнээс зун бүр “Монгол хэл соёл” зусланд явуулдаг. Нийслэл Вашингтоноос Монгол соёлын төвийнхөн М.Саруул-Эрдэнэ нар ажиллуулдаг. Гадаадад байгаа Монгол хүүхдийн Монголоо гэсэн сэтгэлгээ, Монгол ёс заншил, хэл соёлд хаа хаанаа анхаарч байх хэрэгтэй гэж боддог.

-Хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаарч байна. Монголд жирийн айлын хүүхдүүд улсын төлбөргүй сургууль цэцэрлэгт явдаг. Харин боломжийн айлын хүүхдүүд өртөг өндөртэй сайн сургуульд сурах нь элбэг явдаг. Харин АНУ-д ямар байдаг вэ?
-Аав минь багш байсан. Ээж мөн багш, одоо тэтгэвэртээ гарсан хэдий ч гэртээ сууж чадахгүй хүүхдүүдийн дунд бужигнадаг хүн. Хадам ээж бас багш. Энэ бүгд биднийг хар багаас боловсрол шүтүүлж, эрдэм мэдлэг хүндлэн өсгөх орчинг бий болгосон. Тэрийг нь эхнэр бид хоёр бас үргэлжлүүлэн эрдмийн “галыг нь манаж” суугаа. Охидынхоо боловсролд хамгийн их анхаардаг. За тэр боломжтой айлынхан төлбөртэй сургуульд явдаг нь энд тэнд ялгаагүй дээ. АНУ-д нийтийн суурь боловсрол үнэгүй, хүүхдийн сургууль давгүй сайн чанартай байдаг ч гэлээ төлбөр өндөр хувийн сургуулийнхан илүү гарна аа. Гэхдээ зөвхөн мөнгөөр шийдэх бус хувийн болон нийтийн сургуулиудыг харьцуулбал илүү дутуу аль аль нь байдаг юм билээ, Төлбөртэй бол заавал илүү гэсэн үг бас биш.

-Гадаадад суралцахыг олон залуус хүсч мөрөөддөг. Тэдэнд хандаж юуг зөвлөх вэ?
-Бэлэнчлэхгүй, өөрөө аливааг ойлгож сурдаг чадварт сур гэж хамгийн түрүүнд хэлнэ. Боловсрол гэдэг чинь заавал заалгаж сурдаг биш. Өөрөө хайж олоод, өөрийн болгож байж мэдлэг болно. Залуу чиний мэдлэг бол чиний өмч, чиний бүтээгдэхүүн тул өөрөө бий болгох хэрэгтэй. Биеэ дааж, бүтээлч хандаж сурч байж гадаадад амжилттай суралцана. Хүний нутагт хөл алдахгүй эрдмийн далайд сэлнэ шүү хэмээн зөвлөе.

-АНУ-д амьдардаг Монголчуудын нийгэмлэгт хэр олон хүн байдаг вэ?
-20-30 мянга бий гэж ярьдаг. Яг таг тоолсон зүйл алга. Америк газар нутгаараа өргөн том улс. Монголчууд олноор суурьшдаг хэсгүүд тус бүр өөрсдийн холбоотой. Чикагогийн, Калифорнийн Бэй Эйриагийн, Лос Анжелосын, Дэнвэрийн, Сиатлийн, Сакрамэнтогийн, Вашингтоны гээд нийт хорь гардаг. Хамгийн дөмөг нь Бэй Эйрийгийнхан. Өнгөрсөн зургаан сард нийслэлд удирдлагууд нь цуглаж нэгдсэн нэг альяанс байгуулсан. Дээвэр нэг том байгууллагатай боллоо гэсэн үг. Холбоодууд ээлжлээд удирдаад явах юм. Монгол сургуулиуд бий болсон. Мэдээллийн вэбүүд, сонин, телевизүүдтэй болсон. Баяр наадам, цагаан сарыг бусдын гар харалгүй өөрсдөө тэмдэглэж Монгол соёлоо хадгалаад, сурталчлаад буй. Урлагийн хамтлагууд, спортын тэмцээнүүд зөндөө бий болсон гэх мэтээр холбоодууд сайн дурын үндсээр бий болж, идэвхтэй, давгүй сайн ажиллацгаадаг.

-Монголдоо ирж ажиллах уу. Төлөвлөсөн зүйл байгаа юу. Олон хүмүүс ингэж асуудаг байх.
-Монголдоо ажиллалгүй яах вэ. Төлөвлөх байтугай одоо хийгээд буй ажил цөөнгүй. Яг үнэндээ биеэ гадаадад байх ч сэтгэл санаа, үйл ажиллагаа минь эх нутагтаа байдаг. Мэдээллийн технологийн ачаар Монголдоо алсаас маш ихийг амжуулчихдаг болжээ. Монголд байгаа хоёр найз маань цаадах чинь яасан бэ, сайн уу гээд хаа хол байгаа маниас лавлах үе зөндөө. Өмнө өгүүлсэн код бичүүлэхээс эхлээд Монголд хэдэн жижиг бизнес болон элдэв байгууллагуудтай гайгүй орооцолдчихсон байдаг. Тэдний яг дунд хуралдаад сууж байдаггүй болохоос миний санал, миний нэмэр тусгагдаад ажил болоод тодруулбал алсаас нутагтаа ажиллаж байгаа. Ерөнхий сайд Монголд Цахим хөндий байгуулах талаар хэлж, холбогдох ажлууд урсаж байна. АНУ анхлан цахим хөндий бий болгосон, тэнд нь мэргэжлээрээ ажиллаж амьдардаг Монголчуудаа төлөөлөөд баримт бодлого боловсруулах ажлын хэсэгт нь би орчихсон тууж яваа. “Цахим өртөө” холбоо төрийн бус байгууллагад би нэлээд идэвхтэй нэгэн, алсаас санаа оноогоо тусгачихдаг, бүр удирдах зөвлөлийнх нь гишүүн гэж байгаа. Сая төрийн ордонд болж өнгөрдөг гадаадад байгаа Монголчуудын анхдугаар чуулганы зохион байгуулалтад эхэнд нь алсаас, төгсгөлд нь нутагтаа биеэр оролцов гэх мэтээр.

-Цалин хэдийг авдаг вэ. Энэ нь тухайн нийгмийнхээ өртөгтэй харьцуулбал амьдралд хангалттай юу?
-Аан, тэр цалингийн хэмжээг хэлж болдоггүй юм аа. Зэргэлдээ суудаг нөхөртөө мэдэгдэж болохгүй, тэр бүү хэл бараг эхнэрээсээ нуух хэрэгтэй шүү (инээв). Нийгэмтэйгээ орчинтойгоо харьцуулахад амьдрал болоод байх хэмжээний хөлс авна аа. Бусдын жишгээр, мэргэжил нэгтнүүдээсээ нэг их илүү гараад байхгүй, нэг их дутахгүйг авдаг юм билээ. Ер нь тэгээд хүн юм хойно, ухаалаг үрлэгтэй байхгүй бол цалингаас цалинд, өрнөөс өрөнд туучих үе гарна.

-Ер нь та эх орныхоо талаар ямар бодолтой явдаг вэ. Ах дүүсээсээ мэдээлэл авдаг байх?
-Их өөдрөг бодолтой байдаг. Шүүмжлэх, санаа зовох зүйл байлгүй яах вэ, гэхдээ дэлхийн хөгжилтэй эн зэрэгцээд дэвшиж дээшилж байгаа гэж боддог. Тусгаар тогтносон улс гүрэн, ардчилсан төр, засагтай гэдгээрээ их бахархдаг. Мэдээллийг зөвхөн ах дүүгээр хязгаарлахгүй бүх л сувгаар авдаг. Улаанбаатарт байгаа нэгнээс нэг их хоцроод байхгүй шүү. Мэдээллийн технологийн ачаар одоо бид эндээ гэртээ Монгол телевизүүд үзэцгээж байна. Яах вэ дүрс чанар нь эндэхийн бусад тв-ээс бол ялимгүй дутмаг, үе үе жаахан гацна. Гэхдээ дуу бол саадгүй. Сонинг интернэтээр онлайн уншчихаж байна. Хэрэгтэй бол утсаар залгаад шууд ярьчихаж байна. Долоо найман жилийн өмнөхтэй харьцуулахгүй, мэдээлэл сайжирсан.

-Нутгаа санадаг уу?
-Нэгэнт биеэрээ нутагтаа байхгүй юм хойно саналгүй яах вэ. Бас соёл харилцааны ялгаатай өөр орчинд амьдарч буйн хувьд өссөн дассан нутаг орноо, орчин соёлоо санахаас өөр арга байхгүй.

-Монголдоо энэ хугацаанд хэр олон ирж, очдог байв?
-Эхэндээ нэлээд ойр ойрхон ирдэг байсан. Яваандаа хугацаа жаахан холдоод байгаа нь мөнгө санхүүтэй холбоотой. Мөн сүүлийн жилүүдэд болж буй эдийн засгийн өөрчлөлтөөс болоод ажлын ачаалал эрс ихэссэн тул тэр бүр хүссэн цагтаа хүссэн хугацаагаар амралтаа авч нисээд байхгүй болжээ. Монгол явахад бас хөөрхөн хугацаа хэрэгтэй шүү. Охидоо жилдээ нэг явуулчих санаатай, амжихгүй бол өвөө эмээ нараас нь ирүүлдэг.

-Энэ хийж байгаа ажлаа Монголд хэрэгжүүлэх үү?
-Лотус Нотус мэтийн АйБиЭмтэй холбоотой ажлаа бол хэрэгжүүлэхийг мөрөөддөг. Гэхдээ энэ нь Монголын эдийн засгийн байдал, АйБиЭм манайхыг хэр зах зээл гэж үзэх, Монголын бизнесүүд ямар төрлийн технологи сонгох вэ? гээд надаас биш удирдлагын шийдвэр гаргах улсуудаас хамаарна. За бусад ажил бол угаасаа Монголтой холбоотой, одоо эх нутагт хийгдэж буй зүйлс.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн залуус ирээд залхаж цөхөрч буцаад явлаа гэдэг. Таны хувьд юу нь анхаарал татав?
-Ирж болохгүй гэсэн ямар нэг саад байхгүй. Миний хувьд Монголд тийм зүйл алга, болохгүй байна гэсэн ойлголт байдаггүй, ямар нэг зүйл өөрчлөгдөхийг сайжрахыг хүлээж суудаггүй. Хүрч ирэхэд амьдарч байсан сууц, гэр орон минь бэлэн, ээж ах дүү нар байна, найз нөхөд олон, ажлын байр олох тийм хүнд биш. Олдохгүй бол өөрөө бий болгоод ажиллачихна гэж санадаг. Голж шилэх биш, хаана байсан байрлал орчноосоо хамаарахгүйгээр, өөрөө амьдарч чаддаг байх хэрэгтэй. Боломжоо өөрөө олж хардаг, бололцоондоо итгэдэг байх хэрэгтэй гэж санадаг.

Thursday, September 9, 2010

Э.Жагдагдорж: Би даяаршиж буй дэлхийд Монгол гэсэн нэрийг гаргалцаж яваа жирийн нэг “хорхой”

"Зуны лекц - 2010" дараахан буюу наймдугаар сарын 4-нд Өнөөдөр сонинд ярилцлага өгсөнөө нэг блогдчихоё. Гарчигийг нь Ж.Солонго сэтгүүлч "Амьдрал бол тоолж баршгүй олон боломж, бололцоо" гэж өгсөн хэмээн мэссэждэж байсан ч сонин хэвлэгдэхэд солигдсон байлаа, бодвол уншигчдын анхаарлыг олох гэсэн олон аргын нэг байх. Мөн хэвлэгдэхдээ Монгол Ньюстэй холбогдож асан үеийг минь дурссан өгүүлбэр нэмсэнд мань лав хувьдаа ихэд талархсан.

Өнөөдөр (2010.08.04 178(4041), ЭХ ОРНЫ ЭЗЭД ХААНА ЯВНА ВЭ)

Э.Жагдагдорж: Би даяаршиж буй дэлхийд Монгол гэсэн нэрийг гаргалцаж яваа жирийн нэг “хорхой”

Ж.СОЛОНГО

Мэдлэг боловсролоороо дэлхийн энд хүрч, эх орныхоо нэрийг гарган эзэмшсэн мэргэжлээрээ гадаадад ажилладаг монголчууд олон бий. Тэдний зарим нь нэгдэж өнгөрсөн сард эх орондоо “Зуны лекц 2010”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулсныг уншигч та санаж буй биз ээ. Тэдний нэг нь Эрхэмбаярын Жагдагдорж. Түүнийг АНУ-руу буцаад удаагүй байхад нь цахим шуудангаар холбогдож ярилцлаа. Тэрбээр “Монгол ньюс” группийн анхдагчдын нэг юм.

-Та одоо АНУ-д ямар ажил хийж байгаа вэ, үндсэн мэргэжлээсээ гадна өөр олон талын ажил алба эрхэлдэг гэж сонслоо?
-Би их олон ажил хийдэг хүн. Энд хүнийг эзэмшсэн мэргэжил, эрхэлдэг ажлаар нь дүгнэдэг. Энэ талаас нь харвал надад их олон янзын “ачаа” бий. Мэдээллийн технологийн мэргэжилтэй боловч бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ АНУ дахь монголчууд болон оршин суугаа газрынхаа жижиг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг. Эдгээр нь Америк дахь Монголчуудын худалдааны танхим, АНУ-ын жижиг дунд бизнесийг дэмжих “Скорэ” байгууллага болон “Аргамаг Инкорпорайтэд” компанитай холбогддог. Үүний зэрэгцээ сайн аав болох гээд хүүхдийн сургуулийн элдэв ажлуудад оролцож, оршин суугаа хотынхоо захиргааны дэргэдэх зөвлөх байгууллагуудад ажилладаг. Энэ бүгд сайн дурын ажил учраас цалин авдаггүй. Товчдоо, би амьдралаас суралцаж байгаа “оюутан”. Үндсэн ажил маань “Симко Инкорпорайт” компанийн АйБиЭм Лотус Нотус Домино хөгжүүлэгч. Их сүртэй, урт нэртэй боловч, товчоор бол тооцоолуурын код “нухдаг” гэсэн үг.

-АНУ-д хэчнээн жил ажиллаж байна вэ?
-АНУ-д 1999 оны сүүлчээр ирж, 2000 онд “Симко Инкорпорайт”-д ажилд орсон.

-Энэ байгууллагад ямар шалгуураар ажилд орсон бэ, гадаадад мэргэжлээрээ ажиллана гэдэг амаргүй санагдах юм.
-АНУ-д ажилд ордог жишгээр ажлын зар үзээд, хүсэлт гаргасан. Тухайн үед ажилд хэрхэн орох болон хүсэлт гаргах талаар сайн мэддэггүй байсан учраас бүгдийг нь өөрийн биеэр туулж, туршлага суусан.

Энд ямар ч ажилд орохын тулд хүсэлт гаргахдаа хувийн тодорхойлолт болох CV-гээ тун сайн бэлтгэх хэрэгтэй. Хүмүүс нэг л CV бэлтгэчихээд төрөл бүрийн салбарын байгууллагад ажилд орохдоо өгч алддаг. Уг нь тухайн ажлын онцлогт тохируулаад хэд, хэдэн өөр CV бэлтгэх шаардлагатай. Тухайлбал, системийн програм зохиогч, онлайн веб програм зохиогчийн ажилд орохын тулд аль алинд нь програмчлалын талаар чадварлаг гэдгээ ойлгуулахаас гадна эхнийхэд нь тооцоолуурын систем талаас болон сүлжээний мэдлэг ихтэйгээ тодруулж, нөгөөд нь веб дизайн, веб юзабилити мэдлэг туршлагатайгаа мэдрүүлэх хэрэгтэй. Мөн тэр байгууллага нь ямар технологи ашигладаг болон цаашид юуг хэрэглэх төлөвлөгөөтэй зэрэгт тохируулах нь чухал. Энэ захидал, CV ажил олгогчдын анхаарлыг татаж, хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй бол ярилцлагад орох боломжгүй.

Намайг ажилд авахдаа ажлын туршлага, ялангуяа ccMail-н админ хийсэн, их сургуульд багшилсан зэрэг үзүүлэлт CV -нээс ихээхэн анхаарал татсныг нь хожим хувийн хэрэгтэйгээ танилцаж байхдаа мэдсэн.

Ямар ч байгууллага ярилцлагад оруулахын өмнө хүсэлт гаргагчийг судалдаг. Үүний зэрэгцээ хэр их өртөгтэй амьдардаг, үнэнч эсэх, хүсэл, сонирхол, мөрөөдөл гээд миний тухай бүгдийг мэдчихсэн байх нь бий. Мөн өөрийг тань сайн мэдэх гурван хүнээр тодорхойлолт гаргуулдаг. Би тэр үед АНУ-д цоо шинэ хүн байсан учраас энэ шатыг алгассан байх. Харин хожим нь гэрээгээ сунгахдаа ийм шалгуурт өртсөн. Өмнөх удирдлага болох Ц.Балдорж эрхлэгчийн захидлыг захирал маань надад үзүүлээд “Энэ захиа чамайг ажилтай болгосон, чиний дарга хүнээ таньдаг, мэддэг, итгэдэг, тодорхойлж чаддаг жинхэнэ менежер хүн юм байна” гэж билээ.

Энэ бүх шалгуурыг давсны дараа “ажилд авлаа” гэж хэлдэггүй. Харин “Танд ийм цалин өгч, тийм нөхцөлд ийм хангамж олгоно оо, та манайд ажиллана уу” гэсэн урилга илгээдэг юм билээ. Энэ нь ажлын байрны санал гэсэн үг л дээ. Ингээд эцсийн шийдийг хувь хүн өөрөө гаргана. Хүмүүс хэд хэдэн газраас ийм санал авч байж сонголтоо хийдэг.

-Та хаана ямар, ямар сургууль дүүргэсэн бэ?
-Нийслэлийн нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч, төгссөн. Бидэнд наймдугаар ангид байхаас тухайн үеийн их дээд сургуулийн багш нар нэмэлт хичээл заадаг байлаа. Д.Ламжав, Чулуундорж, Ц.Дашдорж, А.Мекей, Р.Гончигдорж, А.Ганбаатар, В.Адьяасүрэн, С.Баясгалан гээд МУИС, УБДС-ийн багш нарын “гараар орж” аравдугаар ангиа төгссөн. Ингэснээр оюутан болж суралцах арга барил, сэтгэлгээ, суурь мэдлэг, логиктой болдог юм билээ. Дараа нь Эрхүүд нэг жил хэлний бэлтгэл хийгээд Новосибирскийн Цахилгаан техникийн дээд сургуульд орсон. Намайг төгсөх үед сургууль маань Новосибирскийн техникийн улсын их сургууль нэртэй болсон юм. Систем-техникийн инженер мэргэжлээр төгсөж, АНУ-н жишгээр бол компьютерын шинжлэх ухааны мастер болж, мэдээллийн технологийн салбарт зүтгээд “хоолонд хүрээд” байна. АНУ-д ажиллаж байхдаа байгууллагынхаа боловсролын дэмжлэгийн хөтөлбөр буюу нэг төрлийн хангамжийн хүрээнд Бизнесийн удирдлагын мастер зэргийг Колумбиа коллежээс авсан.

-Өдийг хүртэл “хоолоо олж идэхийн” тулд багагүй бэрхшээлтэй тулгарч байсан байх...
-Бэрхшээл бол зөндөө зөндөө, тоолж барахгүй олон асуудал гарна. Тэр бүгдийг туулаад өнгөрөөнө. Тэгэхгүй бол “ирсэн газар руугаа буцах” болно. Энэ өгүүлбэрийг дунд сургуульд байхад Люба багш маань хэлдэг байсан юм. Бид “Өө монголоор зөв ярихгүй байж загнаад” гэж ярьдаг байсан ч эргээд бодоход анх хаанаас ирсэн тэр газартаа гэсэн логик гараад ирдэг юм байна. Энэ нь орос, монгол сэтгэлгээ, хоёр хэлний бүтцийн ялгааны асуудал л даа. АНУ-д ажиллахад яг энэ бэрхшээлийг эхлээд туулсан. Товчдоо, англи хэл хамгийн том бэрхшээл байлаа. Хэлээ дагаад санаагаа илэрхийлэхэд элдэв өөр утга гарчихна. Одоо хамт лекц уншиж байгаа доктор М.Саруул-Эрдэнэ “Хар хүзүүний ороолт гэдгийг хар өнгөтэй хүзүү гэж ойлгох уу, хар ороолт гэж бодох уу” гэсэн жишээ авч ярьдаг. Мөн мань хүн “Улсын их дэлгүүр гэхийг тэр чигээр нь үгчилж орчуулаад дээр нь хадчихсан байгааг Америкчууд лав төрийн яамны агуулах гэж ойлгоно доо” гэдэг юм. Энэ мэтийн бэрхшээлийг давахад байгууллагын зүгээс хэлний хичээлд явуулж тусална. Тэгээд цаг хугацааны явцад сураад гайгүй бололгүй яах вэ.

Харин америк монгол сэтгэлгээний онцлог, ялангуяа хүмүүсийн харилцааны соёл, нэлээд амаргүй байдал үүсгэдэг. Монголчууд элэгсэг, хамт олонч үзэлтэй. Бидэнд гэр бүл, хамаатан садан, аав ээж, ах дүү маш чухал. Харин америкчуудын хувьд хувь хүний үзэл санаанд л тулгуурладаг. Өөрийн үзэл санаа, өөртөө итгэх итгэл, өөрийн чадварт найдах нь давуу байдаг. Үүнээс болоод эхний үед америкчуудтай найзлахад тун бэрх байсан. Монгол хүний хувьд тэр орчинд их ганцаарддаг юм билээ. Бүх зүйлд зөвхөн өөрийн байр сууринаас хандаж, шийдвэр гаргана гэхээр хөл алдмаар үе олон тохиодог.

Мөн удирдлага дарга, ахмад хүмүүсийг үнэлэх үнэлэмж тун өөр. Монголд бол даргын нөлөө хаана ч өндөр байдаг. Айлд зочлоход “Дарга дээшээ, хойморт суу“ гэнэ. Ахмад хүнийг ч адилхан. Автобусанд суудал тавьж өгдөг хүмүүжилтэй хүн тэнд очоод айлд сууж байгаад ахмад хүн ороод ирэхэд нь “Та энд суу” гээд ухасхийвэл “Чи хүнийг насаар нь ялгаварлаад байна уу” гээд хөмсөг зангидан аягүйцнэ. “Дарга хамаагүй ээ, тэр ажил дээр, оффист дарга болохоос биш бусад газарт бид ижил, тэгш шүү” гэнэ.

-Монгол залууст таных шиг ирээдүй нээлттэй бий юү?
-Байлгүй яах вэ, энэ чинь ер нь ирээдүй биш, өнөөгийн бодит боломж шүү дээ. АНУ бол зөвхөн Монголоос гэлтгүй дэлхийн хаанаас ч ирсэн хүн бүрт, тухайн боломжийг зөв, үр бүтээлтэй ажил болгож чадвал нээлттэй байдаг хаалга гэсэн үг. Босго нь жаахан өндөр. Даваад орчихсон ч өөр олон шалгуураар шүүгдэж, мөнхийн өрсөлдөөн дунд ажиллах орчин үүсгэж чадаж байгаа нь хөгжингүй байгаагийн нэг түлхүүр байх. Надтай адилхан мэргэжлээр АНУ-д миний сайн мэдэх, байнгын холбоотой байдаг 20 гаруй монгол залуу бий.

-Яагаад “Зуны лекц 2010”-ыг зохион байгуулах болсон бэ?
-Барууны хөгжингүй орнуудад ажлаа яаж хийдэг, сэтгэлгээ, арга барилын зөрүү, тогтвор суурьшилтай ажлын байраар хангахын тулд хэрхэн хөдөлмөрлөдөг болон хүний нөөцөө хадгалж байхын тулд юу хэрэгжүүлдэг зэргийг товч ярьж сонирхуулахын тулд зохион байгуулсан. Нэг цагийн хугацаанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бүх сэдвийг хамарч чадахгүй. Тэнд байдал ямар байдгийг бодитоор өгүүлснээс биш үүнийг дага, хуулбарла, байгаагаа өөрчил гэж зааж сургаагүй. Мөн тэг ингэ гэсэн бэлэн шийдэл хэлэхгүй. Аливаа шийдлээ өөрсдөө олох хэрэгтэй. Монголд бэлэнчлэх сэтгэлгээ газар авч “Заагаад өг, стандартыг шууд хуулбарлая” зэргээр ярих болсныг шүүмжилмээр санагддаг.

-Та АНУ-д гэр бүлийнхэнтэйгээ хамт байдаг гэсэн.
-Би гурван охин, эхнэрийнхээ хамт амьдардаг. Гэр бүл хамт энд байна гэдэг нь тухайн хүний чадвар, боломжоос хамаарахын зэрэгцээ амжилт гаргах нэг үндэс нь болдог. Саяхан Индианагийн их сургуулийн зочин судлаач доктор П.Увш багш гадаадад байгаа Монголчуудын гэр бүлийн байдлын талаар судалгаа хийсэн. Багш судалгаагаа “Гадаадад амьдарч байгаа монгол хэв шинжийн гэр бүлийн гишүүн бүр Монгол Улсынхаа иргэний эрх, үүргээ хамгаалуулах эрхзүйн баталгаатай гэдгээ мэдэрч, зориг бардам ажиллаж амьдрахад нь төрөөс бага ч болов дэмжлэг үзүүлэх, ямар бодлого барих нь дээр бол гэдгийг харьд суугаа монголчуудынхаа санаанд тулгуурлан тойм төдий боловч гаргаж, болбол одоо ид яригдаад байгаа гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, улс орныхоо хөгжилд тэдний мэдлэг, боловсролыг дайчлах хоймсон үүрэг бүхий “Зөгийн үүр” хөтөлбөртэй холбож, хилийн чанадад суугаа монгол гэр бүлийн талаар бага ч болов хүч, анхаарал хандуулаасай гэдгийг дамжуулах гэсэн юм” хэмээн дүгнэсэн байна лээ.

-Хүүхдүүдийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Ирээдүй нь “Ийм байгаасай, тэгээсэй” гэж нэг их боддоггүй. Ирээдүйгээ тэд өөрсдөө л бий болгоно. “Хүнд хоол өгөх биш, хоолоо олох аргыг нь заа” гэсэн үг байдаг шүү дээ. Миний хувьд охидоо ялимгүй газарчилж, чиглүүлж л чадна, цааш нь өөрсдөө амьдралаа босгоно гэж итгэдэг.

Гэртээ монголоор ярихыг охидоосоо шаарддаг. Эхнэр маань энэ тал дээр маш их цаг зарцуулж, хичээл хийлгэж, ном уншуулдаг. Заримдаа монгол маягаар алганы амт үзүүлэх үе бий. АНУ-д монголчууд олонтой газар монгол сургууль байдаг. Өөрсдийн боломжоор, сайн дураараа, үнэ төлбөргүй үндэсний соёл, бүжиг, хэл гээд олон талаар зааж сургаж ажилладаг юм. Энэ нь сайхан санагддаг. Мөн “Мэдлэг чадвар бол та нарын өөрсдийн бүтээгдэхүүн. Өөрийн чинь бүтээгдэхүүнийг хэн нэгэн булааж авч, хуулбарлаж чадахгүй. Иймд бүтээлч бай, өөрсдөө учрыг нь олоод олон зүйлийг сур” гэж захидаг. Захихаас илүүтэй шаарддаг гэхэд болно.

-Өндөр хөгжилтэй улс оронд амьдардгийн хувьд Монгол Улсынхаа талаар санаа зовних зүйл гардаг байх. Энэ талаарх санал бодлоо хэлбэл?
-Дээр хэлсэнчлэн бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж буйд их эмзэглэдэг. Мөн аливааг эерэг талаас нь хүлээж авахаас илүүтэй үгүйсгэх, шүүмжлэх хандлага байдаг нь жаахан дутагдалтай. Өөрөөсөө хамаарах зүйлийг хийчихгүй заавал гаднаас бусдаас тус дэм, шийдэл хайх байдал газар авсан нь амаргүй санагддаг. Хамгийн гол нь монгол хүн гэж хэн бэ, онцлог нь юу юм бэ гэсэн тодорхой ойлголт байхгүй, монгол хүний бахархал, онцлох шинж нь алдагдчихсан юм шиг ээ.

Хүн бүр өвөрмөц, хоорондоо давтагдахгүй ялгаатай ч нэгдмэл үзүүлэлт бий. Ингэвэл засаг төр хүмүүсээ мэддэг болно, бизнесменүүд нь ажилчдаа хэрхэн сайн ажиллуулж, юугаар яаж урамшуулахаа тогтоож чадна. Ингэж хүн нь хөгжөөд хүчтэй болбол бизнес, эдийн засаг, иргэний төр сайжирч, амьдрал улам сонирхолтой болно гэж боддог. Гэтэл ийм ойлголт бага, энэ талаар авч буй арга хэмжээ дээд, доод аливаа төвшинд дурсагдахгүй байгаад эмзэглэх юм.

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Телевиз харах, кино үзэх, тооцоолуур дээр тоглох гэх мэтээр электрониктой нэлээд зууралддаг. Үүнийг гэр бүлийнхэн маань их шүүмжилдэг. Анх энд ирээд нэг хэсэг шатар овоо тоглодог байсан. Хааяа гольф цохино, мөн үе, үе покердохоос буцахгүй. Алхах нэлээд дуртай болохоор гэрэл зураг авах хообийтой болчихдог юм байна. Элдэв ном энд тэнд үргэлж дэлгээтэй байдаг. Уншихаа дагаад бас бичмээр санагдаж, өөрийн блогтой болсон. Чөлөөт цагийнхаа ихэнхийг гал тогоондоо өнгөрүүлдэг. Амьдралдаа хоол хийж үзээгүй, гурил ганц хоёр удаа зуурч үзсэн хүүхэд орос руу сургуульд явж байснаа бодвол одоо хэр баргийн тогоочоос дутахааргүй болсон. Үүнийг дагаад хоолны элдэв ном, гал тогооны хэрэгсэл зөндөө цуглараад хообий маягтай болжээ.

-Цаашдаа монголд ирж ажиллах бодол бий юү?
-Тэгэлгүй яах вэ. Нэлээд олон зүйлээс хамаарч гадаадад амьдарч байгаа ч нэг сайхан өдөр нутагтаа очоод сурсан мэдсэнийхээ хэргийг гаргана даа. Яг одоо хаана байх нь зөвхөн надаас хамаарахгүй бүхэл бүтэн гэр бүлийн томоохон асуудал болсон. Гэр бүлийн бүх гишүүдийн сонирхол нэгдэх гэдэг амаргүй зүйл шүү.

-Та одоо болон ирээдүйд юу хийхийг хүсэж байна вэ?
-Өмнөх ажлаа сайн хийхийг хүсэж байна. Тооцоолуурын кодоо алдаагүй зөв ажиллуулж, охидынхоо сайн аав байж, дүү нар, найз нөхөддөө тус дэмтэй байж, ханьдаа түшиг болж, эх нутагтаа бага болов ч хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Ирээдүйд ч үүнийгээ хийсээр байхыг мөрөөддөг.

-Амьдралыг та юу гэж боддог вэ?
-Амьдрал бол тоолж баршгүй олон боломж, бололцоо. Мөн хүний амьдрал бол түүний бүтээл. Амьдралаа бараанаар дүрсэлж буй хүн боломжоо олж харахгүй, амьдралаа гэгээнээр хүлээж авч байгаа хүн бололцоондоо итгэлтэй байгаа нь тэр. Хүн бүхэн бусдаас бага хамаарч, өөрийнхөө амьдралыг өөрөө цэцэглүүлж чаддаг байгаасай гэж хүсдэг. Өөрийн амьдралын түүхээ өөрөө л бичнэ шүү дээ.

-Даяаршлын тухай ямар бодолтой явдаг вэ, эсвэл үндэстний бие даасан соёлыг илүүд үздэг үү?
-Даяаршил, дангааршил аль аль нь чухал. Даяаршлаас зугтах боломж одоо байхгүй. Хэдийгээр бие маань гадаадад байгаа ч сэтгэл, ажил минь нутагтаа үргэлжилсээр байгаа нь даяаршлын нэг жижиг жишээ. Доктор Ш.Баатар ахын “Бид одоо дэлхийн хэмжээний шийдэл хийгээд дэлхийн хүн болжээ” гэдэг гоё үг бий. Би үүнтэй санал нийлдэг. Миний бичсэн код Европ, Ази, Африкт хэрэглэгдэж, тэдний ажил хөдөлмөр, бизнес, амьдралын хэв маягийг өөрчилж байгаа гэхээр бахархах сэтгэгдэл төрдөг. Хүн цагаа тулаад ирэхээр нэлээд бардам амьтан юм билээ.

Гэхдээ охидоо монголоор яриулах, уншуулах гэж хичээгээд, хаа байсан энэ Америкт монгол соёл, зан заншил гэж сурталчлаад, монгол хүн гэж хэн бэ гэдгээ бид дотроо тодорхойлъё гээд уриалаад, манай эх оронд хөрөнгө оруулаач гээд байгаа нь үндэсний талаа баримталж, дангааршлаа дэмжиж буйн жишээ. Энэ дэлхий хэдийгээр даяаршиж, хавтгай болж буй хэдий ч би Монгол гэсэн нэрийг гаргаж яваа жирийн нэг “хорхой”.

Заавал нэг талыг баримталж туйлшралгүй, аль алийг нь хослуулан тухайн үед асуудалд хаанаас нь харж хандахаа өөрөө сонгож шийдэж явдаг даа.