"Зуны лекц - 2010" дараахан буюу наймдугаар сарын 4-нд Өнөөдөр сонинд ярилцлага өгсөнөө нэг блогдчихоё. Гарчигийг нь Ж.Солонго сэтгүүлч "Амьдрал бол тоолж баршгүй олон боломж, бололцоо" гэж өгсөн хэмээн мэссэждэж байсан ч сонин хэвлэгдэхэд солигдсон байлаа, бодвол уншигчдын анхаарлыг олох гэсэн олон аргын нэг байх. Мөн хэвлэгдэхдээ Монгол Ньюстэй холбогдож асан үеийг минь дурссан өгүүлбэр нэмсэнд мань лав хувьдаа ихэд талархсан.
Өнөөдөр (2010.08.04 178(4041), ЭХ ОРНЫ ЭЗЭД ХААНА ЯВНА ВЭ)
Э.Жагдагдорж: Би даяаршиж буй дэлхийд Монгол гэсэн нэрийг гаргалцаж яваа жирийн нэг “хорхой”
Ж.СОЛОНГО
Мэдлэг боловсролоороо дэлхийн энд хүрч, эх орныхоо нэрийг гарган эзэмшсэн мэргэжлээрээ гадаадад ажилладаг монголчууд олон бий. Тэдний зарим нь нэгдэж өнгөрсөн сард эх орондоо “Зуны лекц 2010”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулсныг уншигч та санаж буй биз ээ. Тэдний нэг нь Эрхэмбаярын Жагдагдорж. Түүнийг АНУ-руу буцаад удаагүй байхад нь цахим шуудангаар холбогдож ярилцлаа. Тэрбээр “Монгол ньюс” группийн анхдагчдын нэг юм.
-Та одоо АНУ-д ямар ажил хийж байгаа вэ, үндсэн мэргэжлээсээ гадна өөр олон талын ажил алба эрхэлдэг гэж сонслоо?
-Би их олон ажил хийдэг хүн. Энд хүнийг эзэмшсэн мэргэжил, эрхэлдэг ажлаар нь дүгнэдэг. Энэ талаас нь харвал надад их олон янзын “ачаа” бий. Мэдээллийн технологийн мэргэжилтэй боловч бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ АНУ дахь монголчууд болон оршин суугаа газрынхаа жижиг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг. Эдгээр нь Америк дахь Монголчуудын худалдааны танхим, АНУ-ын жижиг дунд бизнесийг дэмжих “Скорэ” байгууллага болон “Аргамаг Инкорпорайтэд” компанитай холбогддог. Үүний зэрэгцээ сайн аав болох гээд хүүхдийн сургуулийн элдэв ажлуудад оролцож, оршин суугаа хотынхоо захиргааны дэргэдэх зөвлөх байгууллагуудад ажилладаг. Энэ бүгд сайн дурын ажил учраас цалин авдаггүй. Товчдоо, би амьдралаас суралцаж байгаа “оюутан”. Үндсэн ажил маань “Симко Инкорпорайт” компанийн АйБиЭм Лотус Нотус Домино хөгжүүлэгч. Их сүртэй, урт нэртэй боловч, товчоор бол тооцоолуурын код “нухдаг” гэсэн үг.
-АНУ-д хэчнээн жил ажиллаж байна вэ?
-АНУ-д 1999 оны сүүлчээр ирж, 2000 онд “Симко Инкорпорайт”-д ажилд орсон.
-Энэ байгууллагад ямар шалгуураар ажилд орсон бэ, гадаадад мэргэжлээрээ ажиллана гэдэг амаргүй санагдах юм.
-АНУ-д ажилд ордог жишгээр ажлын зар үзээд, хүсэлт гаргасан. Тухайн үед ажилд хэрхэн орох болон хүсэлт гаргах талаар сайн мэддэггүй байсан учраас бүгдийг нь өөрийн биеэр туулж, туршлага суусан.
Энд ямар ч ажилд орохын тулд хүсэлт гаргахдаа хувийн тодорхойлолт болох CV-гээ тун сайн бэлтгэх хэрэгтэй. Хүмүүс нэг л CV бэлтгэчихээд төрөл бүрийн салбарын байгууллагад ажилд орохдоо өгч алддаг. Уг нь тухайн ажлын онцлогт тохируулаад хэд, хэдэн өөр CV бэлтгэх шаардлагатай. Тухайлбал, системийн програм зохиогч, онлайн веб програм зохиогчийн ажилд орохын тулд аль алинд нь програмчлалын талаар чадварлаг гэдгээ ойлгуулахаас гадна эхнийхэд нь тооцоолуурын систем талаас болон сүлжээний мэдлэг ихтэйгээ тодруулж, нөгөөд нь веб дизайн, веб юзабилити мэдлэг туршлагатайгаа мэдрүүлэх хэрэгтэй. Мөн тэр байгууллага нь ямар технологи ашигладаг болон цаашид юуг хэрэглэх төлөвлөгөөтэй зэрэгт тохируулах нь чухал. Энэ захидал, CV ажил олгогчдын анхаарлыг татаж, хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй бол ярилцлагад орох боломжгүй.
Намайг ажилд авахдаа ажлын туршлага, ялангуяа ccMail-н админ хийсэн, их сургуульд багшилсан зэрэг үзүүлэлт CV -нээс ихээхэн анхаарал татсныг нь хожим хувийн хэрэгтэйгээ танилцаж байхдаа мэдсэн.
Ямар ч байгууллага ярилцлагад оруулахын өмнө хүсэлт гаргагчийг судалдаг. Үүний зэрэгцээ хэр их өртөгтэй амьдардаг, үнэнч эсэх, хүсэл, сонирхол, мөрөөдөл гээд миний тухай бүгдийг мэдчихсэн байх нь бий. Мөн өөрийг тань сайн мэдэх гурван хүнээр тодорхойлолт гаргуулдаг. Би тэр үед АНУ-д цоо шинэ хүн байсан учраас энэ шатыг алгассан байх. Харин хожим нь гэрээгээ сунгахдаа ийм шалгуурт өртсөн. Өмнөх удирдлага болох Ц.Балдорж эрхлэгчийн захидлыг захирал маань надад үзүүлээд “Энэ захиа чамайг ажилтай болгосон, чиний дарга хүнээ таньдаг, мэддэг, итгэдэг, тодорхойлж чаддаг жинхэнэ менежер хүн юм байна” гэж билээ.
Энэ бүх шалгуурыг давсны дараа “ажилд авлаа” гэж хэлдэггүй. Харин “Танд ийм цалин өгч, тийм нөхцөлд ийм хангамж олгоно оо, та манайд ажиллана уу” гэсэн урилга илгээдэг юм билээ. Энэ нь ажлын байрны санал гэсэн үг л дээ. Ингээд эцсийн шийдийг хувь хүн өөрөө гаргана. Хүмүүс хэд хэдэн газраас ийм санал авч байж сонголтоо хийдэг.
-Та хаана ямар, ямар сургууль дүүргэсэн бэ?
-Нийслэлийн нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч, төгссөн. Бидэнд наймдугаар ангид байхаас тухайн үеийн их дээд сургуулийн багш нар нэмэлт хичээл заадаг байлаа. Д.Ламжав, Чулуундорж, Ц.Дашдорж, А.Мекей, Р.Гончигдорж, А.Ганбаатар, В.Адьяасүрэн, С.Баясгалан гээд МУИС, УБДС-ийн багш нарын “гараар орж” аравдугаар ангиа төгссөн. Ингэснээр оюутан болж суралцах арга барил, сэтгэлгээ, суурь мэдлэг, логиктой болдог юм билээ. Дараа нь Эрхүүд нэг жил хэлний бэлтгэл хийгээд Новосибирскийн Цахилгаан техникийн дээд сургуульд орсон. Намайг төгсөх үед сургууль маань Новосибирскийн техникийн улсын их сургууль нэртэй болсон юм. Систем-техникийн инженер мэргэжлээр төгсөж, АНУ-н жишгээр бол компьютерын шинжлэх ухааны мастер болж, мэдээллийн технологийн салбарт зүтгээд “хоолонд хүрээд” байна. АНУ-д ажиллаж байхдаа байгууллагынхаа боловсролын дэмжлэгийн хөтөлбөр буюу нэг төрлийн хангамжийн хүрээнд Бизнесийн удирдлагын мастер зэргийг Колумбиа коллежээс авсан.
-Өдийг хүртэл “хоолоо олж идэхийн” тулд багагүй бэрхшээлтэй тулгарч байсан байх...
-Бэрхшээл бол зөндөө зөндөө, тоолж барахгүй олон асуудал гарна. Тэр бүгдийг туулаад өнгөрөөнө. Тэгэхгүй бол “ирсэн газар руугаа буцах” болно. Энэ өгүүлбэрийг дунд сургуульд байхад Люба багш маань хэлдэг байсан юм. Бид “Өө монголоор зөв ярихгүй байж загнаад” гэж ярьдаг байсан ч эргээд бодоход анх хаанаас ирсэн тэр газартаа гэсэн логик гараад ирдэг юм байна. Энэ нь орос, монгол сэтгэлгээ, хоёр хэлний бүтцийн ялгааны асуудал л даа. АНУ-д ажиллахад яг энэ бэрхшээлийг эхлээд туулсан. Товчдоо, англи хэл хамгийн том бэрхшээл байлаа. Хэлээ дагаад санаагаа илэрхийлэхэд элдэв өөр утга гарчихна. Одоо хамт лекц уншиж байгаа доктор М.Саруул-Эрдэнэ “Хар хүзүүний ороолт гэдгийг хар өнгөтэй хүзүү гэж ойлгох уу, хар ороолт гэж бодох уу” гэсэн жишээ авч ярьдаг. Мөн мань хүн “Улсын их дэлгүүр гэхийг тэр чигээр нь үгчилж орчуулаад дээр нь хадчихсан байгааг Америкчууд лав төрийн яамны агуулах гэж ойлгоно доо” гэдэг юм. Энэ мэтийн бэрхшээлийг давахад байгууллагын зүгээс хэлний хичээлд явуулж тусална. Тэгээд цаг хугацааны явцад сураад гайгүй бололгүй яах вэ.
Харин америк монгол сэтгэлгээний онцлог, ялангуяа хүмүүсийн харилцааны соёл, нэлээд амаргүй байдал үүсгэдэг. Монголчууд элэгсэг, хамт олонч үзэлтэй. Бидэнд гэр бүл, хамаатан садан, аав ээж, ах дүү маш чухал. Харин америкчуудын хувьд хувь хүний үзэл санаанд л тулгуурладаг. Өөрийн үзэл санаа, өөртөө итгэх итгэл, өөрийн чадварт найдах нь давуу байдаг. Үүнээс болоод эхний үед америкчуудтай найзлахад тун бэрх байсан. Монгол хүний хувьд тэр орчинд их ганцаарддаг юм билээ. Бүх зүйлд зөвхөн өөрийн байр сууринаас хандаж, шийдвэр гаргана гэхээр хөл алдмаар үе олон тохиодог.
Мөн удирдлага дарга, ахмад хүмүүсийг үнэлэх үнэлэмж тун өөр. Монголд бол даргын нөлөө хаана ч өндөр байдаг. Айлд зочлоход “Дарга дээшээ, хойморт суу“ гэнэ. Ахмад хүнийг ч адилхан. Автобусанд суудал тавьж өгдөг хүмүүжилтэй хүн тэнд очоод айлд сууж байгаад ахмад хүн ороод ирэхэд нь “Та энд суу” гээд ухасхийвэл “Чи хүнийг насаар нь ялгаварлаад байна уу” гээд хөмсөг зангидан аягүйцнэ. “Дарга хамаагүй ээ, тэр ажил дээр, оффист дарга болохоос биш бусад газарт бид ижил, тэгш шүү” гэнэ.
-Монгол залууст таных шиг ирээдүй нээлттэй бий юү?
-Байлгүй яах вэ, энэ чинь ер нь ирээдүй биш, өнөөгийн бодит боломж шүү дээ. АНУ бол зөвхөн Монголоос гэлтгүй дэлхийн хаанаас ч ирсэн хүн бүрт, тухайн боломжийг зөв, үр бүтээлтэй ажил болгож чадвал нээлттэй байдаг хаалга гэсэн үг. Босго нь жаахан өндөр. Даваад орчихсон ч өөр олон шалгуураар шүүгдэж, мөнхийн өрсөлдөөн дунд ажиллах орчин үүсгэж чадаж байгаа нь хөгжингүй байгаагийн нэг түлхүүр байх. Надтай адилхан мэргэжлээр АНУ-д миний сайн мэдэх, байнгын холбоотой байдаг 20 гаруй монгол залуу бий.
-Яагаад “Зуны лекц 2010”-ыг зохион байгуулах болсон бэ?
-Барууны хөгжингүй орнуудад ажлаа яаж хийдэг, сэтгэлгээ, арга барилын зөрүү, тогтвор суурьшилтай ажлын байраар хангахын тулд хэрхэн хөдөлмөрлөдөг болон хүний нөөцөө хадгалж байхын тулд юу хэрэгжүүлдэг зэргийг товч ярьж сонирхуулахын тулд зохион байгуулсан. Нэг цагийн хугацаанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бүх сэдвийг хамарч чадахгүй. Тэнд байдал ямар байдгийг бодитоор өгүүлснээс биш үүнийг дага, хуулбарла, байгаагаа өөрчил гэж зааж сургаагүй. Мөн тэг ингэ гэсэн бэлэн шийдэл хэлэхгүй. Аливаа шийдлээ өөрсдөө олох хэрэгтэй. Монголд бэлэнчлэх сэтгэлгээ газар авч “Заагаад өг, стандартыг шууд хуулбарлая” зэргээр ярих болсныг шүүмжилмээр санагддаг.
-Та АНУ-д гэр бүлийнхэнтэйгээ хамт байдаг гэсэн.
-Би гурван охин, эхнэрийнхээ хамт амьдардаг. Гэр бүл хамт энд байна гэдэг нь тухайн хүний чадвар, боломжоос хамаарахын зэрэгцээ амжилт гаргах нэг үндэс нь болдог. Саяхан Индианагийн их сургуулийн зочин судлаач доктор П.Увш багш гадаадад байгаа Монголчуудын гэр бүлийн байдлын талаар судалгаа хийсэн. Багш судалгаагаа “Гадаадад амьдарч байгаа монгол хэв шинжийн гэр бүлийн гишүүн бүр Монгол Улсынхаа иргэний эрх, үүргээ хамгаалуулах эрхзүйн баталгаатай гэдгээ мэдэрч, зориг бардам ажиллаж амьдрахад нь төрөөс бага ч болов дэмжлэг үзүүлэх, ямар бодлого барих нь дээр бол гэдгийг харьд суугаа монголчуудынхаа санаанд тулгуурлан тойм төдий боловч гаргаж, болбол одоо ид яригдаад байгаа гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, улс орныхоо хөгжилд тэдний мэдлэг, боловсролыг дайчлах хоймсон үүрэг бүхий “Зөгийн үүр” хөтөлбөртэй холбож, хилийн чанадад суугаа монгол гэр бүлийн талаар бага ч болов хүч, анхаарал хандуулаасай гэдгийг дамжуулах гэсэн юм” хэмээн дүгнэсэн байна лээ.
-Хүүхдүүдийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Ирээдүй нь “Ийм байгаасай, тэгээсэй” гэж нэг их боддоггүй. Ирээдүйгээ тэд өөрсдөө л бий болгоно. “Хүнд хоол өгөх биш, хоолоо олох аргыг нь заа” гэсэн үг байдаг шүү дээ. Миний хувьд охидоо ялимгүй газарчилж, чиглүүлж л чадна, цааш нь өөрсдөө амьдралаа босгоно гэж итгэдэг.
Гэртээ монголоор ярихыг охидоосоо шаарддаг. Эхнэр маань энэ тал дээр маш их цаг зарцуулж, хичээл хийлгэж, ном уншуулдаг. Заримдаа монгол маягаар алганы амт үзүүлэх үе бий. АНУ-д монголчууд олонтой газар монгол сургууль байдаг. Өөрсдийн боломжоор, сайн дураараа, үнэ төлбөргүй үндэсний соёл, бүжиг, хэл гээд олон талаар зааж сургаж ажилладаг юм. Энэ нь сайхан санагддаг. Мөн “Мэдлэг чадвар бол та нарын өөрсдийн бүтээгдэхүүн. Өөрийн чинь бүтээгдэхүүнийг хэн нэгэн булааж авч, хуулбарлаж чадахгүй. Иймд бүтээлч бай, өөрсдөө учрыг нь олоод олон зүйлийг сур” гэж захидаг. Захихаас илүүтэй шаарддаг гэхэд болно.
-Өндөр хөгжилтэй улс оронд амьдардгийн хувьд Монгол Улсынхаа талаар санаа зовних зүйл гардаг байх. Энэ талаарх санал бодлоо хэлбэл?
-Дээр хэлсэнчлэн бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж буйд их эмзэглэдэг. Мөн аливааг эерэг талаас нь хүлээж авахаас илүүтэй үгүйсгэх, шүүмжлэх хандлага байдаг нь жаахан дутагдалтай. Өөрөөсөө хамаарах зүйлийг хийчихгүй заавал гаднаас бусдаас тус дэм, шийдэл хайх байдал газар авсан нь амаргүй санагддаг. Хамгийн гол нь монгол хүн гэж хэн бэ, онцлог нь юу юм бэ гэсэн тодорхой ойлголт байхгүй, монгол хүний бахархал, онцлох шинж нь алдагдчихсан юм шиг ээ.
Хүн бүр өвөрмөц, хоорондоо давтагдахгүй ялгаатай ч нэгдмэл үзүүлэлт бий. Ингэвэл засаг төр хүмүүсээ мэддэг болно, бизнесменүүд нь ажилчдаа хэрхэн сайн ажиллуулж, юугаар яаж урамшуулахаа тогтоож чадна. Ингэж хүн нь хөгжөөд хүчтэй болбол бизнес, эдийн засаг, иргэний төр сайжирч, амьдрал улам сонирхолтой болно гэж боддог. Гэтэл ийм ойлголт бага, энэ талаар авч буй арга хэмжээ дээд, доод аливаа төвшинд дурсагдахгүй байгаад эмзэглэх юм.
-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Телевиз харах, кино үзэх, тооцоолуур дээр тоглох гэх мэтээр электрониктой нэлээд зууралддаг. Үүнийг гэр бүлийнхэн маань их шүүмжилдэг. Анх энд ирээд нэг хэсэг шатар овоо тоглодог байсан. Хааяа гольф цохино, мөн үе, үе покердохоос буцахгүй. Алхах нэлээд дуртай болохоор гэрэл зураг авах хообийтой болчихдог юм байна. Элдэв ном энд тэнд үргэлж дэлгээтэй байдаг. Уншихаа дагаад бас бичмээр санагдаж, өөрийн блогтой болсон. Чөлөөт цагийнхаа ихэнхийг гал тогоондоо өнгөрүүлдэг. Амьдралдаа хоол хийж үзээгүй, гурил ганц хоёр удаа зуурч үзсэн хүүхэд орос руу сургуульд явж байснаа бодвол одоо хэр баргийн тогоочоос дутахааргүй болсон. Үүнийг дагаад хоолны элдэв ном, гал тогооны хэрэгсэл зөндөө цуглараад хообий маягтай болжээ.
-Цаашдаа монголд ирж ажиллах бодол бий юү?
-Тэгэлгүй яах вэ. Нэлээд олон зүйлээс хамаарч гадаадад амьдарч байгаа ч нэг сайхан өдөр нутагтаа очоод сурсан мэдсэнийхээ хэргийг гаргана даа. Яг одоо хаана байх нь зөвхөн надаас хамаарахгүй бүхэл бүтэн гэр бүлийн томоохон асуудал болсон. Гэр бүлийн бүх гишүүдийн сонирхол нэгдэх гэдэг амаргүй зүйл шүү.
-Та одоо болон ирээдүйд юу хийхийг хүсэж байна вэ?
-Өмнөх ажлаа сайн хийхийг хүсэж байна. Тооцоолуурын кодоо алдаагүй зөв ажиллуулж, охидынхоо сайн аав байж, дүү нар, найз нөхөддөө тус дэмтэй байж, ханьдаа түшиг болж, эх нутагтаа бага болов ч хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Ирээдүйд ч үүнийгээ хийсээр байхыг мөрөөддөг.
-Амьдралыг та юу гэж боддог вэ?
-Амьдрал бол тоолж баршгүй олон боломж, бололцоо. Мөн хүний амьдрал бол түүний бүтээл. Амьдралаа бараанаар дүрсэлж буй хүн боломжоо олж харахгүй, амьдралаа гэгээнээр хүлээж авч байгаа хүн бололцоондоо итгэлтэй байгаа нь тэр. Хүн бүхэн бусдаас бага хамаарч, өөрийнхөө амьдралыг өөрөө цэцэглүүлж чаддаг байгаасай гэж хүсдэг. Өөрийн амьдралын түүхээ өөрөө л бичнэ шүү дээ.
-Даяаршлын тухай ямар бодолтой явдаг вэ, эсвэл үндэстний бие даасан соёлыг илүүд үздэг үү?
-Даяаршил, дангааршил аль аль нь чухал. Даяаршлаас зугтах боломж одоо байхгүй. Хэдийгээр бие маань гадаадад байгаа ч сэтгэл, ажил минь нутагтаа үргэлжилсээр байгаа нь даяаршлын нэг жижиг жишээ. Доктор Ш.Баатар ахын “Бид одоо дэлхийн хэмжээний шийдэл хийгээд дэлхийн хүн болжээ” гэдэг гоё үг бий. Би үүнтэй санал нийлдэг. Миний бичсэн код Европ, Ази, Африкт хэрэглэгдэж, тэдний ажил хөдөлмөр, бизнес, амьдралын хэв маягийг өөрчилж байгаа гэхээр бахархах сэтгэгдэл төрдөг. Хүн цагаа тулаад ирэхээр нэлээд бардам амьтан юм билээ.
Гэхдээ охидоо монголоор яриулах, уншуулах гэж хичээгээд, хаа байсан энэ Америкт монгол соёл, зан заншил гэж сурталчлаад, монгол хүн гэж хэн бэ гэдгээ бид дотроо тодорхойлъё гээд уриалаад, манай эх оронд хөрөнгө оруулаач гээд байгаа нь үндэсний талаа баримталж, дангааршлаа дэмжиж буйн жишээ. Энэ дэлхий хэдийгээр даяаршиж, хавтгай болж буй хэдий ч би Монгол гэсэн нэрийг гаргаж яваа жирийн нэг “хорхой”.
Заавал нэг талыг баримталж туйлшралгүй, аль алийг нь хослуулан тухайн үед асуудалд хаанаас нь харж хандахаа өөрөө сонгож шийдэж явдаг даа.
No comments:
Post a Comment