“Мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн эх сурвалжаа хамгаалах талаар таны бодол юу вэ, алийг нь илүүд үзэх вэ, яагаад?” гэсэн асуулт өмнө тавьсан билээ. Жиргээчид сүрхий олон хариу ирүүлээгүй, цахим өртөөчид мөн эргэцүүлж байх шиг. Хүлээж тэсэлгүй юутай ч өөрийн бодол саналаа илэрхийлж байхаар шийдэв.
Мэдээллийн аюулгүй байдал сэдэвтэй онол практикийн бага хурал Төрийн ордонд болж, УИХ-н веб хуудсанд илтгэлүүдийн товчлол нийтлэгдсэнийг хараад энэ талаар бодож эхэлсэн талтай. Сэтгүүлч Д.Цэрэнжав ахын ажиглагч блогтоо дурдсанаар бага хурлыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд мэдээллийн хадгалалт, хамгаалалт бол ерөнхийдөө цахим орчин болсон хэмээн эхлүүлжээ. Уг хурлын илтгэлүүд үнэхээр мэдээлэл холбооны технологийн зүйлс байв. Илтгэгчдийн дийлэнх нь төрийн байгууллагуудын төлөөлөгчид харагдсан. Эндээс Монголын мэдээллийн аюулгүй байдал төртэй их холбоотой юм гэсэн санаа төрлөө. Мөн энэ чиглэлийн хууль санаачилж, барууны орнуудын энэ чиглэлийн стандарт байгууллага CERT-г төрийн мэдэлд бий болгох санаачилга бий юм байна хэмээн ойлгов. Буруу ч юу байх вэ, тийм туршлага олон оронд бий. Мэдээллийн технологийн мэргэжлийн хүний хувьд хамгийн гол нь энэ чиглэл эх нутагт яг одоо идэвхтэй хэлэлцэгдэж анхаарлын төвд байгаад их талархалтай байна.
Мэдээллийн эх сурвалжаа хамгаалах талаар бол мэдээж энэ ойлголт ихэнхдээ сэтгүүл зүйтэй холбогддог. Ойрмогхон Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл олонтаа яригдсан. Хэвлэлийн консул байгуулах талаар нэлээд дурдсан харагдана лээ. Хуулийн энэхүү төсөлд мэдээллийн эх үүсвэрээ хамгаалах талаар зайлшгүй байгаа гэж найдаж байна. Глоб Интернэйшнл ТББ-с мэдээллийн сурвалжаа хамгаалах талаар орчуулж гаргасан сайхан гарын авлага гурван жилийн өмнө үзэж билээ. Эднийхэн дээрх хуулийн төсөлд идэвхтэй оролцогчийн хувьд, бас салбартаа мэргэжлийн мэдлэгтэй хувьд заалтыг тусгаа биз ээ. Одоо хүчин төгөлдөр байгаа хэвлэлийн эрх чөлөөний хуульд энэ заалт байхгүйгээс олон сэтгүүлчид өнөөг хүртэл хохирч ирсэн хэмээн Иргэдийн танхимын хэлэлцүүлэгт яригдаж байсан юм байна. Гэхдээ бас “Нууц эх сурвалжийг хамгаалах улс төрийн хүсэл, зориг алга” ярилцлага Зууны мэдээ сонинд харагдсан.
Уг хоёр ойлголтын талаар Монголын өнөөгийн байдал товчдоо иймэрхүү. Мэргэжлийн улсуудын хүрээнд хэлэлцэгдэж, мэтгэлцээн ид өрнөж буй энэ үед олон нийтийн ойлголт сул болох нь ажиглагдсан. Цахим өртөө холбооны сүлжээгээр лав “энэ хоёрыг харьцуулж болохгүй ш дээ. эсрэг сөргүүлэн харьцуулах боломжгүй” гэх өртөөчид байсан. Жиргээгээр “Мэдээллийн аюулгүй байдал илүү. Ямар ч нөхцөлд суурь хүчин зүйл чухал байлгүй” хэмээсэн байв.
Миний хувьд ингэж харьцуулах шаардлага гарвал мэдээллийн эх сурвалжаа хамгаалах нь илүүтэй жин дарах ёстой гэж санадаг. Учир нь мэдээллийн аюулгүй байдал гэдэг төртэй их холбоотой, ялангуяа төрийн нууцын хэмжээнд хуулиар хамгаалсан байдаг. Энэ мэдээж зөв. Хар хайрцаггүй, нууцгүй төр гэж юу байх билээ. Хэчнээн ил тод, ардчилсан засаглал байлаа ч нууц бол тодорхой хэмжээнд заавал байсан, байдаг, байх ч ёстой. Үүнийгээ хамгаалах хэрэгтэй, хэрэв алдагдвал гоожсон нүхийг олж бөглөхийг хичээх нь ойлгомжтой. Ингэж чадахгүй бол их аюултай, нэг талаас. Манай Монголд төрийн нууц алдагдсан тохиолдол цөөнгүй гарсан. УИХ-н нэр бүхий гишүүн буцаан татагдсан үе ч бий. Нөгөө талаас энэ нууцыг мэдэх албан тушаалгүй сэтгүүлчид, дөрөвдэх засгийнхан эрэн сурвалжлага хийдэг. Тэдэнд ямар нэг замаар мэдээлэл хүрнэ, тэгээд хэвлэл гарна. Ингэхээр нууц задарсан асуудал үүснэ дээ. Хэрэв сэтгүүлч хаа нэгтэйгээс мэдээлэл аваагүй, эх сурвалжгүй байвал нууц хулгайлсан хэрэгт орно. Эх сурвалжтай гээд тэрийгээ хэлчихвэл хожим хэн ч дахин мэдээлэл өгөхгүй, дамжуулахгүй болно. Үр дагавар нь нууц улам их болно, төр улам хүчтэй болно, төр ил тод биш болно, дөрөвдэх засгийн боломж хумигдана, хэвлэн нийтлэх эрх чөлөө бага болно. Улмаар ардчилал алга болно. Ингэхээр мэдээллийн эх сурвалжийг хамгаалах нь мэдээллийн аюулгүй байдлаас илүүтэй чухал юм.
Гэхдээ амьдрал дээр, ардчиллын үлгэр жишээ болсон АНУ-д мэдээллийн эх сурвалжаа хэлээгүйн төлөө хоёр сэтгүүлч шоронд суусан, гарч ирээд тэднийг ажлаар хангах хэвлэл мэдээллийн хэрэгсэл Америкт гараагүй явдал хэдхэн жилийн өмнө болсон юм. Шат дараалан олон шүүхээр дамжсаар эцсийн шатанд асуудал дээд шүүхэд хүрч бүх насаараа сонгогддог шүүгч нар мэдээллийн аюулгүй байдлыг илүүтэй гэж үзсэн нь тэр. Мөн энэ нь улсын нууц, үндэсний аюулгүй байдалд хортой, сэтгүүлчид хууль зөрчсөн гэх шийдвэр бөлгөө. Америкийн хуулийн тогтолцоогоор жишиг шийдэл гэсэн ойлголт байдаг бөгөөд хожим ижил төрлийн хэргийг яг ингэж шийднэ гэсэн үг юм. Ийнхүү үндсэндээ үндэсний аюулгүй байдлыг ардчиллаас илүүтэй, мэдээллийн аюулгүй байдлыг эх сурвалжаа хамгаалахаас илүүтэй үзчихлээ гэж дүгнэсэн хэрэг болж билээ.
Америкийн практик жишээ нэг иймэрхүү, харин Монголд эдгээр ойлголтуудыг хэрхэн шийдэх хуулиудыг, тогтолцоог яг одоо хэлэлцэж байна. Иргэд мөн үүнд идэвхтэй, хариуцлагатай хандаж, ялгаа заагийг тодруулж, санал бодлоо хууль боловсруулагчдад хүргэж байх хэрэгтэй юм.
Friday, May 20, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment