Есдүгээр ангийн сүүлийн хагаст мэргэжлийн хичээлээр хүрээлэнд аялснаас хойш аравдугаар ангийн хоёрдугаар улирал дундаа ортол өөрөө мэдэлгүйгээр тооцоолох техникийн хойноос чамгүй гүйсэн байдаг юм. Мэргэжлийн хичээлийн, дадлагын ажлын болон Пионер компьютерийн талаар өмнө өгүүлсэн билээ. Мөн үүнтэй ойролцоо цаг хугацаанд хамаатан садны болон аав ээжийн танилуудын тус дэмээр чамгүй олон байгууллагын компьютерийг үзэж, товчдоо эх орныхоо компьютержилтийн нэгэн үеийн хөгжлийн талаар дурсах зүйл багагүй хуримтлуулжээ.
Улаан бар жилийн сар шинээр өвөөд золгохоор Чинбат ахынхан ирэх үед би гэртээ байж таарлаа. Чинбаа ахын эхнэр Хишгээ эгч Улсын төлөвлөгөөний комиссын тооцоолох техник дээр ажилладаг байсан бөгөөд тэр жил Материал техникийн улсын хангамжийн хороонд шилжсэн, одоо миникомпьютер дээр ажилладаг болсон гэж байна. Өвөө эгчээс “Хүүхдэд аргалаад барааг нь харуулчихаж болох уу, тэрийгээ” хэмээн асууж, зөвшөөрсөн хариу аваад надад “За эгчийнхээ ажил дээгүүр очиж тэр шинэ Унгар машиныг нь үз, зөвхөн орос гэлтгүй газар газрын элдвийг олон талаас нь зэрэгцүүлэн үзэж харж юу нь хаагуураа илүүг олж сураарай” гэлээ. Ингээд бага тойруу, шилэн дэлгүүрийн өмнө байрлах ажлын газрын хоёр давхрын хоолойд олон жижиг ногоон дөрвөлжөөс тогтох тусгай шалтай танхимд ЕС-1011 миникомпьютертэй танилцаж билээ. Мөн Улсын төлөвлөгөөний комиссын ЭВМ тэнд байлаа.
Сар шинээс хойш овоо хэд хоноод нагац ах Сүхээ ирлээ. Аавдаа оройхон ирж золгож байгаа нь гадаадад томилолтоор ажилласнаас тэр. Хөрөнгөтөн орнуудтай тун бага хэмжээгээр худалдаа хийж эхэлсэн, хамгийн гол нь шинэ технологийн зүйлс авч байгаа, цаанаас нь тавих хориг саадаас болоод маш өндөр өртөгтэй ирж байгаа гэх мэтээр Монгол Улсын гадаад худалдааны байдал болон бусад олон зүйлээр ярилцлаа. Миний хамгийн сонирхол татсан хэсэг нь компьютер олноор худалдаж авсан, удахгүй бүх яамдад өгнө. Яам бүр тооцоолох төвтэй болно гэлээ. Хүүхэд залуусыг олноор гадаадад сургах юм хэмээсэн нь ээжид их таалагдаж, “Ямар мэргэжлээр сурвал тэнд чинь ажилладаг юм, инженер үү?” гэж асуув. Эндээс надад АСУ - автоматизированная система управления буюу удирдлагын автоматжуулсан систем гэсэн нэр томьёо санаанд тогтож үлдсэн юм.
Хаврын нэгэн орой, гуравдугаар улирлын дүн гарах дөхөж байхад аав “Чи жаахан сагсуураад тоогоо оролдохгүй, цагаа тэр компьютер, шатар хоёрт үрээд байна гэнэ үү, гол зүйлдээ анхаарна шүү. Би сая районы багш нарын хурлаар Пүүжээ багштай тааралдаж уулзлаа” гэж яриа хатуухан эхэлсэн боловч, “Тэгээд чи тэр компьютер их сонирхоод байгаа юм уу?” гэж зөөлрөөд “Маргааш хичээл тараад УБИС дээр Данзан багшийнхаа өрөөнд хүрээд ирээрэй. Нөгөө хэдийгээ бүгдийг нь дагуулчхав аа, ганц хоёр нь байхад болно” гэлээ. Нөгөө хэд гэдэг нь манай ангийн олимпиадын гээд оровч гаравч цугтаа арав гаран хүүхдийг хэлж буй юм.
Хичээл тараад нөгөө хэдээсээ “Цуг явах уу?” гэж асуулаа. “Физикийн Данзан багш дээр очих юм бол сонирхолтой зүйл бага дөө, бид Батхишигийнд очиж шатар нүүлээ” гээд цуг явах хүн олдсонгүй. Намайг УБИС-ийн гол байрны хажуугийн нэмэлт шинэ байрны гуравдугаар давхарт очиход аав, Данзан багш, мөн Чойжооваанчиг багш нар сууж байв. Тэд УБИС-ийн нэг ангийнхан бөгөөд төгсөөд аав дунд сургуулийн багш, Данзан багш физикийн тэнхимд, Чойжоо багш математикийн тэнхимд багшаар үлдсэн, үе үе уулздаг найзууд юм. Аав намайг тэнд дууддаг нь Америкаас УБИС-д ирсэн хоёр шинэ компьютерийг үзүүлэх гэсэн ажээ. Ингэж Монголд анх ирсэн Эппл Макинтош компьютертэй танилцсан маань миний үзсэн анхны өнгөт дэлгэцтэй компьютер байлаа. Мөн хулгана хэмээх дагалдах төхөөрөмжтэй тэнд анх танилцсан билээ.
УБИС дээрээс МУИС-д бүр олон, анги дүүрэн америк компьютер ирсэн гэж дуулаад тэндээс гараад шууд гуравдугаар хороолол явлаа. ПТДС-ийн физикийн багш Хэнмэдэх ахынх уруу явж байгаа нь тэр. Мэдэхээ ахынхаар би маш их очдог байлаа. Мэдэхээ ах намайг хар багаас минь харж хандсан, дураараа өссөн миний цор ганц эмээдэг, үгийг нь авдаг байсан нагац эгчтэй минь суусан хүн дээ. Харин тун харамсалтай нь нагац эгч минь хар залуугаараа, хорин тавхан настайдаа, хоёр охин, хайрт ханиа орхиод нөгөө ертөнцөд явчихсан юм. Ахынд очтол ажлаасаа ирээгүй байсан бөгөөд нэлээд хүлээлгэж оройхон ирээд компьютерийн хөгжлийн талаар цаг хэрхэн урсахыг ч анзааралгүй ярилцаад, сүүлчийн автобусаар нэгдүгээр дэлгүүр хүртэл явж амжаад цааш гэрээдээ алхсан явдал санаанаас огт гардаггүй юм.
Тооцоолох техник, мэдээллийн технологи болон тухайн үеийн шинжлэх ухаан техникийн ололтуудын талаар тэгэхэд ёстой нүд нээсэн юм. Хөрөнгөтөн орнууд компьютерийн хөгжлөөр илүү гарсан, бүр энгийн хэрэглээнд нэвтэрсэн, социалист улсуудад КОКОМ гээд хатуу хориг тавьснаас манайд ирж буй компьютерүүд тэнгэрт хадсан үнэтэй байдаг. ЗХУ болон бусад соц орнууд америк, японы системийг хуулбарлаад нэрийг нь сольчихдог. IBM гэдэг нь компьютер хийдэг фирмийн нэр, компьютер үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том газар. Минск ЭВМ нь IBM-360 мэйнфрэм системийн хуулбар, Правец нь Эпплийн хуулбар, Эппл компьютерүүдийг Моторолла гэдэг фирмийн микропорцессороор хийдэг. МУИС-д ирсэн нь бол IBM-н Personal System хэмээх Интел фирмийн микропроцессороор хийдэг, хоорондоо огт тохирохгүй, таардаггүй компьютерүүд. Хулгана гээд байгаа төхөөрөмжийг уул нь “өнхрүүш” гэж орчуулмаар байгаа юм гэх мэтээр маш их ойлголт олж авсан билээ.
Улирлын амралтаар Мэдэхээ ах намайг дагуулж МУИС орлоо. Хаалганы өмнө том багана бүхий гол байрны хаалгаар ороод зүүн тийш эргэж нэг давхрын булан руу үүдэндээ нууцлал код бүхий электрон цоожтой, цөмийн физик, электроникийн тэнхимийг зорьж IBM PS компьютерүүдийг үзүүлсэн юм. Энэ нь яамдад ирсэн PC компьютерүүдтэй төстэй, хоорондоо таарч тохирохоор ижил Intel 8088 гэсэн микропроцессороор хийгдсэн, гэхдээ яг ижилхэн бас биш, хооронд нь элдэв төхөөрөмжийг нь сольж болдоггүй. PS гэдэг нь зөвхөн IBM таардаг, тусдаа нэг төрлийн персонал компьютер гэдгийг мэдэж авлаа.
МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!
8 months ago
1 comment:
Сайхан дурсамж байна. Хүүхэд насанд минь компьютерийг үнэн сэтгэлээсээ сонирхож байсан ч түүнийг харах, ажиллах боломж хомс байжээ. Таны дурсамжинд танил багш нарын нэр дурдагдсан нь сайхан байлаа.
Post a Comment