Тээр жил 1985 онд буюу есдүгээр ангийн сурагч байхдаа анхны жижигхээн кодоо бичсэн юм байна. Тэр үед компьютерын програм зохиогч мэргэжилтэй болж мэдээллийн технологитой амьдралаа холбоно гэж санаж явсангүй. Мэдээллийн технологийн тэргүүлэх фронтод зүтгэж сууна гэсэн төсөөлөл бүр байгаагүй боловч амьдрал минь энэ салбартай холбогдоод чамгүй хугацааг элээж дэлхийд тэргүүлэх томоохон компанийн ажилтан болжээ. Ингээд хүүхэд наснаасаа хэрхэн компьютертой холбогдож, яагаад мэдээллийн технологийн мэргэжил сонгож, хаана хэрхэн юунд суралцаж, төгсөөд эх орондоо юуг бүтээж мэргэжлийнхээ мэдлэг чадвараа гарган ажил амьдралын туршлага хуримтлуулж улмаар орчин цагийн хамгийн хөгжингүй зах зээлд өрсөлдөх, даяарчлагдсан өнөө цагийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний хэсгээс үзүүлэх болсон талаар өөрийн чадах ядахын хэмжээнд хэдэн өгүүлбэр холбов.
Эхний бүлгээс зарим хэсгийг толилуулж уншигч таны үнэт саналыг авахаар шийдэв. Нэгдүгээр бүлгээр хүүхэд насны үеийн дурсгалтай явдлыг өгүүлэхээс гадна мэдээллийн технологи, компьютерын эргэн тойрон тухайн үед Монголд юу болж, ямар үйл явдлыг бибээр өөрийн нүдээр харж, чихээр сонсож, гараар барьж буюу бяцхан амьд гэрч болсон талаар өгүүлэхийг хичээв. Энэхүү бүлгийг редакторлаж өгсөн М.Саруул-Эрдэнэ докторт талархал илэрхийлэх хэрэгтэй.
Есдүгээр ангийн мэргэжлийн хичээл
Анх есдүгээр ангид байхад мэргэжлийн хичээлээр тооцоолон бодох электрон машин гээч зүйл үзэх болж билээ. Одоогийнхоор бол мэдээлэлзүйн хичээл юм. Тэр үед дунд сургуульд ийм хичээл ордоггүй байж. Лаборатори гэх манай сургуулийн тооны хэмээх есдүгээр ангиудын хүүхдүүдийн талд нь заадаг байсан болов уу. Тодруулбал, намайг есөд байх жил манай ангийн тэн хагасаас бусад хүүхдэд олдоогүй боломж гэх үү дээ.Шинжлэх ухааны академийн физик математикийн хүрээлэнгээс Цэрэнбат багш ирж, бидэнд энэ хичээлийг заасан юм. Тухайн үед дөрвөн улирлаар дүн гардаг байж, харин мэргэжлийн хичээлийг хагас жилээр дүгнэнэ. Эхний хагаст бид алгоритмын тухай үзсэн. Баахан блок схем зурахаас эхэлсэн дээ. Шугам зургийн хичээл ч юм шиг, ноднин жил нь Ламжав багшийн ордог байсан логикийн хичээлтэй ч холбоотой юм шиг... нэг л сайтар ухаарахгүй, эхэндээ жаал сонирхолгүй мэт санагдана. Гэтэл тооны дээд ангийнхан болохоор тэгж байгаад гоё болно оо, үнэн сонирхолтой гэх.
Удалгүй ч хичээл нээрээ сонирхолтой болоод ирлээ. Элементар математикийн сонгодог аргуудаас их өөр сэтгэхүйгээр бодлого бодож байгаа нь бүр ч их таалагдана. Тэр үед автобусанд зургаан оронтой дугаар бүхий билет өгдөг байлаа. Тэгээд эхний гурван оронгийн нийлбэр дараагийн гурван оронгийн нийлбэртэй тэнцүү байвал азтай билет гэдэг байсан юм. Нэгэн удаа бүх боломжит азтай билетийн тоог олох блок схем зурж, алгоритм зохиосон бодлого бодсон маань санаанд хамгийн тод үлдсэн жишээ болжээ. Бид бодлогоо уралдаж боддог байсан учраас би ч тэр дор нь зургаан давхар цикл хийгээд тоолчих блок схем зурж, багшаа бэлэн гээд үзүүлэв. Багш инээгээд бодолт нь зөв л дөө, гэхдээ яг энэ алгоритмаар бодвол өчнөөн удаан юм болно, тэгээд ч машины нөөц хүрэхгүй гэлээ. Яагаад? Юун нөөц хүрэхгүй гэж, электрон тооцоолох машин чинь санаанд багтахгүй их тоо тооцоолдог гээ биз дээ гэтэл инээгээд "За, за, одоо доо бол чиний зөв. Гэхдээ хэл үзээд код бичээд ирэхээр аяндаа ойлгоно. Бодлогоо чи хамгийн түрүүнд бодсон" гэдэг юм. Манай ангийн Сайнбаяр харин хамгийн сайн шийдлийн алгоритм зохиож билээ. Дараа нь квадрат тэгшитгэл боддог алгоритм бичлээ, тэрийг харин ёстой хамгийн түрүүнд элдэв засваргүйгээр хийсэн дээ.
Цэрэнбат багш үе үе томилолтоор гадаад явна. Тэр үед нь манай өмнөх тооны ангид орж байсан Даваасүрэн багш орлоно. Даваасүрэн багш өмнөх жилүүдэд Фортран хэл заадаг байсан, гэхдээ та нарт багш чинь ирээд Бэйсик хэл заана хэмээнэ. Тухайн үед би орос хэлэндээ ёстой таг, Люба багшийн үйлийг үздэг байлаа. Мөн монгол хэлний хичээлдээ тааруухан, Пунцаг багшийн аргыг бардаг нэгэн байж. Иймд бас нэг шинэ хэл үзнэ гэхээр нэг л хулгах талдаа.
No comments:
Post a Comment