Sunday, July 26, 2009

Мөнхбаатарын сэтгэгдэлд хариулах нь

Мөнхбаатар аа,

Блогт сэтгэгдэл үлдээсэнд байрлалаа. Нээлттэй эхийн талаар өргөн ярилцах хэрэгтэй гэж чи зөв хэлсэн байна. Монгол мэргэжилтнүүдийн хувьд энэ нэг ч их шинэ зүйл бус хэдэн жилийн тэртээгээс энэ талаар ярилцаж, санал солилцож байгаа. Өдгөө нээлттэй талаас ч хаалттай байгаа салбарт ч аль алинд нь монгол хүний ажил гэж хэлчихээр зүйл зөндөө бий болжээ. Ялангуяа нээлттэй эхийн талд монгол гэх зүйлс элбэгшиж, элдэв программ, системийн монгол хувилбар бий болж, орчуулж хөрвүүлсэн ном, сайтууд ч олширч буй нь үнэхээр сайхан. Жишээ нь, Гомбо (Уул нэр нь Ганболд л доо, оюутан цагаас ийм нэрлээд заншчихаж. Бид нэг сургуульд Гомбо маниас хоёр курсийн ард сурч байсан, эртний найзууд) маань уржигдар мессэнжерээр холбогдлоо. 10-д жилд нээлттэй эхийн талаар маш их юм хийжээ. Ялангуяа freebsd-р үнэхээр ихийг амжуулсан байна.

Гэхдээ нээлттэй эхийнхэнээс жингийн нөгөө талыг эрс эсэргүүцэгчид маш их байна. Тэгэж туйлширч болохгүй л дээ. Та бүхний наад болохгүй, үгүй, таарахгүйд чинь хэрэгтэй авчихаар зүйл их бий туйлшрахгүйгээр хослуулж байж амжилтад хүрч байна аа гэдгийн газар дээр нь үзэж хараад, амталж амьдараад буй туршлагаасаа хуваалцаж хүмүүст хүргэх гэж байгаа нь энэ.

Урьд өмнө маний санаж харж байгаагүй сонин цэгээс харж ажиглаж бичсэн зүйлсийг чинь унших таатай байлаа. Microsoft-д дургүй талаас хэлсэн санаа чинь миний хувьд их сонин санагдлаа. АНУ-с бусад газар зүгээр л энэ нэрийг дуулаад “No” гэх нь нээрээ элбэг шүү дээ. Миний бодож байгаагаар энэ нь глобалчлал ( даяарчлал гээд байгаа байх аа)-г эсэргүүцэж буйгаас гарч байдаг биз. Ихэнх газар глобалчлал гэхээр америкчлал гэж хардаг л даа. Энэ ч үнэн талтай. Дэлхий даяар Кола ууж, Макдоналдс гээд нэг тааруухан тосонд тааруухан мах татаж шараад тааруухан талханд хавчуулчихсан идэж суух. Сая хөөрхий Жэксоныг өөд болоход хичнээн ч хүн гашуудав. Нэг хар Ерөнхийлөгчтэй болоодохсон чинь дэлхий даяар сүйд боллоо. За тэгээд кофе гэж мэдэхгүй япончуудыг, цайнаас өөрийг үл тоох асан англичуудыг, кофе уух хэдэн зуу, мянган жилийн зан заншилтай арабчуудыг хэн одоо Старбакс уудаг болгочихов оо? Юу хэлэх гээд байна вэ гэхээр McDonald's, Coca Cola, Hollywood, MTV, Starbucks дэлхийг америкчлагдаж буйд гол нөлөө үзүүлж буй. Microsoft ч яг ижил. Ажлын арга барилаа дасал болсон франц, англи, итали, испани маягаараа биз америк сэтгэлгээгээр сольчих гээд байна аа энэ европчууд.

Тэгэхээр одоо яах уу? Оюуны хөдөлмөрийг дээдлэнэ, хүний өмчийг хамгаална гэдэг улсууд Майкрософтийн коре бизнесийг хуулбарлаж болохгүй дээ. Өөр технологи, өөр санаа хайх нь аргагүй. Үүнд нь нээлттэй эх их дус дэм болж байгаа. Нээлттэй эх АНУ-с гаралтай ч гэлээ хүний гайгүй сайн боловсорсон зүйл дээр суурь хийгээд өөрсдийн бүтээгдхүүн бий болгох нь хэрэгтэй байдаг биз. Хятадууд, европийнхон бүгд л хошуураад зүтгэж буй биз. Магадгүй нэгэн цагт Майкрософт мэт гиганттай мөр зэрэгцэх бизнестэй болно ч гэж буй биз ээ.

Мөн хүмүүсийг хоёр хэсэгт хувааж байгаа чинь ч бас л өвөрмөц сэтгэлгээ болжээ. Би лав ингэж ангилж үзээгүй юм байна. Ер нь миний аливаа ангилал хоёр дээр зогсож чаддаггүй, заавал олон ангилал үүснэ эсвэл нөгөө хоёрын чинь дунд холион бантан үүсчээд байдаг юм. Тухайлбал, чиний хоёр ангилалын алинд нь мань багтахыгаа тогтоож барсангүй.

Мань одоо тооцуурыг хэрэглэдэг нэгэн. Миний ажлыг хөнгөвчлөөд, хэрэгтэй зүйлийг хийж байвал дотор нь юу байгаа, яаж ажиллаж байгааг үл тооно. За яг үл тоох ч биш ээ, ерөнхий зарчмыг нь гадарлаж буй ч тэр бүр дотогшоо ороод байх цаг зав, боломж үгүй. Тухайлбал, мань гэртээ Windows Home Server хэрэглэдэг. Хэдийгээр өмнө нь Suse, RedHat хэрэглэж байсан, одоо ч ажиллаж байгаа ч Windows нь хэрэгцээг минь илүүтэй хангаж байгаа болохоор зүгээр л аваад хэрэглэчихсэн хэрэг. Одоо гэрт минь байгаа бүх компьютер автоматаар шөнө бүр бэкап (backup) хийгдчихнэ. Аль нэг компьютер ямар нэг шалтгаанаар эвдрэхэд уг сервэрээс бүх мэдээллийг сэргээчихнэ гэсэн үг. Мөн вирус, хорхой энээ тэрээс хамгаалах програмууд мөн ижил маньгүйгээр шинэчлэгдээд ажиллаж л байна. Xbox 360 тоглоом мөн үүгээр холбогдоод элдэв шинэчлэл нь хийгдэнэ, вэб харна, дуу татаад авчихна, элдэв кино үзчихнэ. Зөвхөн тоглоом биш жинхэнэ энтэртайнмэнт гээч чинь болно. Бусдын ижил мөнгөний гачлантай амьдардаг хойно, мөн хар багаас сурсан хааяа хүний юм зөвшөөрөлгүй туучих зангаа ч бас тавиагүй тул хулгайн кино нэтээр тэнэж явахад нь олоод үзчихнэ.

За эдгээр нь манийг нэгдүгээр ангилалд хамрахыг үзүүлэх байх. Тэгээд ч чиний дүгнэснээр Windows хэрэглэхийг илүүд үзэж буй биз ээ :-).

Гэтэл хоёрт бас ормоор санагдаад байх. “Компьютерийн хөгжилд өөрийнхөө амьдралыг зориулж амьдарж байгаа хүмүүс” гэдэг дэндүү гоё, маньд илүүтэй ойр санагдаад байх. Нэгэнтээ Баатар ах (баруун эргийн, цахим өртөөний гэхээр хүн бүр андахгүй дээ. Блог нь http://shbaatar.blogspot.com/) “бид чинь одоо дэлхийн хэмжээний шийдэл хийж яваа улс шүү дээ” гэсэн нь маньд их таалагдаж үе үе хамраа сөхөхөд хүргэнэ. Америкийн хамгийн том даатгалын бизнесийн мэдээллийн технологийн асуудлыг шийдэлцэж буй Баатар ах, Майкрософтын Өлзий нарын зургаан нөхөд, Яахоогийн Сувдмаа, Илиоснэтворкийн Амгаа, Тэмпл их сургуулийн Ундрах, Мизурийн их сургуулийн Бороо гэх мэтчилэн Гүүгл, Амазон, Эдоби-д буй монголчууд нараар бахархал ч төрдөг. Би эдний дунд гэхээр зүрх ч огшоод ирнэ дээ.

90-д оны дундуур Балгаа нарын нөхдүүдтэй нийлж Микрософтод захиа бичиж “ө”, ”ү” үсэг нэмүүлчих санаатай, Боролдой, Гээеэ нарын хамтаар Микрософтийн Москва, Бээжингийн салбаруудын хаалга татаж явсан үе ч дурсагдах. Тэр үед юун юникод байлаа шүү дээ. Юникодтой болоод харин сайхан болсон доо. Хуучин монгол үсэг ч үүнд хамарсанд их баяртай байдаг. Микрософт дэлхийг амерчлахдаа бас маниусийг хамруулаад манай бичгийг мөнхөлж буй хэрэг л дээ. Энэ ажилд харин Эрдэнэчимэг (блог нь http://erdeelym.blogspot.com/) багшийн үүрэг хамгийн өндөр байсан. Дахин дахин давтахад энэхүү ажлын тань төлөө Эрдэнэчимэг багш Танд их баярлаж явдаг шүү. Хэзээ нэгэн цагт нүүр тулж гар барин танилцах үе ирнэ ээ гэж санаж байгаа.

Тооцууртай, програмчлалтай мань холбогдсон нь энэ бичээд байгаагаас өмнөх явдал л даа. Есдүгээр ангид байхад Цэрэнбат багш бэйсик хэл манай мэргэжлийн хичээлээр зааж тэр зун нь бид математик, тооцоолох мэдээллийн хүрээлэнд Мексикт болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийн хамтаар дадлага хийснээс эхлэх байх. Дараа жил нь Бадарч багш, Эрдэнэбаатар багш, Сүхээ ах нарын нөхөд манай сургуулийн нэг өрөөнд “Пионер” гээч тооцуур угсарсан нь яах аргагүй их дэм болсон. Гэхдээ яг үнэндээ би энэ багтай нэг их ажиллаагүй юм. Тоонд илүү татагдаж, улсын, олон улсын олимпиад, бэлтгэл гээд цаг зав таарахгүй цөөн удаа хулгана могой тоглохоос хэтрээгүй санагдана. Хожим нь НЭТИ-д суралцаж төгссөн нь амьдралыг минь яах аргагүй тооцууртай холбосон доо. Оюутан байхдаа элдэв код нухаж, оюутаны эрдэм шинжилгээний багуудад хоёрдугаар курсээсээ хамрагдаж, си хэлийг багш нартайгаа цугтаа судлаж, үе үе багшдаа зааж зааж сагсуурч явжээ. Сүүлийн жилүүдэд нь DOS, RSX, Windows 2.0-д кирил үсэг хэрэглэх талаар сүрхий ажилласан нь сургууль төгсөөд эх орондоо амжилттай хөдөлмөрлөхөд үнэхээр их тус болж билээ. Дипломын ажлаараа маань хуучин монголоор DOS-д ажилладаг програм бичсэн нь нэг чулуу болгочихоор одоо ч санааны мухарт зүүгдээстэй хэвээр явдаг. Тухайн үед Norton Commander гээд нэг цэнхэр дэлгэц хаа сайгүй хэрэглэдэг байлаа. Windows гарч ирээд энэ алга болсон доо. Мань үүнтэй ижил гэхдээ хуучин монголоор гардаг эд си дээр хийсэн нь тэр.

За ер нь тооцуур, мэдээллийн технологитой холбогдох хорхой төрсөн үе минь бүр үүнээс ч өмнө хаа тэртээ тав зургаан настайд анх удаа тооны машин үзсэнээс ч эхэлсэн байж магад. Энэ талаараа хүүхдүүддээ зориулж жижиг тааруухан өгүүллэг тэрлэсэн нь ч бий. Ер нь блогтоо нэг тавих юм байна даа.

Ингэхээр мань хоёрдугаар ангилалд мөн хамрагдаж болохоор байгаа биз, Мөнхбаатар аа?

5 comments:

Jasper said...

Сонирхолтой нийтлэл байна.

Чухам тэр үед МТ ямар байсан нь их сонирхол татдаг. Орчин үеийн мануус дээр үеийн амьдарлыг кинондээр гардаг шиг нь хар цагаанаар төсөөлж, өнгөтөөр төсөөлөхөд бэрх байдаг. Харин таны балчир үед МТ гэж ихэд сонирхолтой, дөнгөж эхлэж байсан болохоор бас ч гэж их болхи байсан байх.

Харин одоо Амерки гэдэг орон олон нийтийг, дэлхийг тэр чигээр нь энгийн нэг зүйлээр хийрхүүлж, өвчлүүлэхдээ их сайн болжээ. Ингэж хийрхэж өвчилөхдөө цаад учирыг нь ч мэдэлгүй өөрийг эрхгүй өвчилж орхидог. Дээр үеээс авхуулаад л жирийн нэг хамтлаг Beatles, жирийн нэг хүүхэн Marylin Monroe, жирийн хиамтай талх Hanburger, жирийн нэг... Маш энгийн зүйлээс эхлүүлээд л одоо ч гэсэн дэлхийг худлаа амтаараа хий хоосон байлдаг дагуулсаар байгаа Coka Cola, жирийн нэг хар нөхөр Jackson Гм. Эдний нэг адилаар Windows-оор ч өвчлөхдөө бид нэг мөр туйлшран өвчилдөг. Тэд яг л Linux гэж байхгүй мэт аашилж, хүн болгоныг зөвхөн энгийн нэг гоё PR-аараа байлдаг дагуулдаг. Гэвч Монголд энэ нь жинхэнэ гоё утгаараа хэрэгжилхгүй л байна. Ядаж мөнгөөрөө авч хэрэглэхдээ түүнээс нь кайф авхуулаад сургачих юмсан.

Anonymous said...

Jagdagiin heleed baigaa yumny golyg zaluuchuud bas sain oilgohgui baih shig baina.
Neelttei esvel haalttai ali ch software nevtruuleheer shiidsen bailaa gesen companiud, huvi hunii huvid ch ter TCO buyu Total Cost of Ownership gedeg asuudal garch irdeg. Uunees neg talaasaa songolt hamaarch baigaa yum. Nugoo talaasaa support/surgalt geh met songoltod shiidverleh uureg guitsetgej baigaa yum. Ooroor helbel companiud tsoo shineer daraa ny yamar ch demjleggui, batalgaa baihgui, neelttei ehiin programuud sudlaad suulgaad turshaad shiidlee gargaad ajillagaand oruulj hamgiin naad zah ny tsag hugatsaa aldaj baihyn orond torol buriin support avch boldog, naidvartai ajillagaa ny batlagdsan, olon tom companiud ashigladag, surgalt avah bolomjtoi, ergeed todorhoi hariutslaga huleedeg companiin haalttai program hangamjiig avch ashiglasan ny iluu ashigtai, TCO bagatai shiidel gej uzdeg.
Gadnyn tomoohon software companiudyn demjleg manai orny huvid ter bur hurch chaddaggui bolohoor manai zaluuchuud neelttein sain talyg medeed baigaa bolovch haalttain sain talyg bas ter bur medehgui, olj harahgui baigaa bolov uu.

Алмас said...

хэхэ нээрээ анх Tank гэдэг тоглоом дараа нь Монстуднетийн чат, асуул.нэт самбар зэргээс л компьютерт дуртай болж, хэрэглэгч болсон доо.
Програмистуудын хувьд ямар байдгийг мэдэхгүй ч хэрэглэгчдийн хувьд бас дуртай болох эхлэл нь төстэй л юм. Нээрээ ч магадгүй л тооны машинаас ч эхэлсэн ч юм билүү :)

xvv said...

Anon:
Магадгүй л юм. Гэсэн ч хаалттай системийг нээлттэйгээс support, зөвлөгөө талаараа илүү энэ тэр гэвэл өрөөсгөл болох байх. Бага зэрэг Англи хэл гадралдаг бол л компьютерын гүнзгий мэдлэггүй байсан ч үнэгүй тусламж аваад хэрэглэх боломж нээлттэй ихэд илүү өндөр санагддаг. Магадгүй том том компаниудын хувьд өөр ч байж магадгүй л юм.
Тэгээд ч өөрөө хэлсэн байна. Том компаниудын суппорт Монголд хүрдэггүй гэж. Тийм байхад юугаараа хаалттай нь ашигтай гэж? Миний бодлоор Монголын нөхцөлд нээлттэй нь хамаагүй илүү л гэж бодож байна.
Харин ч зарим талаар нээлттэй системүүд нь хаалттайгаасаа илүү хөгжилтэй болж байгаа шүү дээ. Хаалттай програм хөгжүүлж байгаа хүмүүсээс маш олон хүн сонирхлоороо нээлттэй програм хөгжүүлж байгаа байх. Анон та ч, Жагдаг ч магадгүй нээлттэй хөгжүүлэг хийхэд оролцдог ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Ямартай ч хүн байгаад, сүүлийн жилүүдэд нээлттэй эх хөгжөөд, бас бага багаар тодорхой хэмжээнд зах зээл дээр ч, хэрэглээнд ч илүү гарч эхэлж байгаа. Гэсэн ч Европи ч биш АНУ-д ч бас сүүлийн үед нээлттэй эх рүү шилжих хандлагууд бас гарсаар л байгаа. Бага багаар боловч нээлттэй эх ялж эхэлж байгаа. Саяхны нэг судалгаагаар лав Windows 7 -г 10 компани тутмын 6 нь худалдаж авахгүй гэсэн судалгаа байсан. XP-ээс хойш олигтой сайжирч чадаагүй, бас маш ойлгомжгүй л болсоор байгаа. Нөгөө их мундаг суппортоороо бас мөнгө олох гэдэг ч байж болох. Маш их зүйлсийг Vista дээр хэтэрхий ойлгомжгүй болгосон. Харин нээлттэй эхийг хэрэглэж байхад тиймэрхүү зүйл байхгүй. Учир нь сонголт бүрэн таны гарт байна гэдгийг санах хэрэгтэй. Ер нь бол адилхан гээд байгаа ч Монголын нөхцөлд маш том, тусгай мэдээлэл технологийн бизнес л биш бол нээлттэй эх нь аль ч талаараа илүү л болов уу. Харин үнэхээр тийм том шаардлага, хариуцлага тавих том компани бол нээлттэй, хаалттайг сонгохдоо өөрсдөө тэр талаараа судлаад, алийг нь өөрийн компанид илүү ашигтай гэдгийг бага хэмжээний судалгаа, тооцоон дээр үндэслэж байж сонгох нь зөв байх.
Харин тиймгүй тохиолдолд Манай орны нөхцөлд бол нээлттэй эх нь хамаагүй илүү байгаа байх. Limnux google group гэхэд л өнөөдөр жирийн хэрэглээний бараг ихэнх асуудлыг өнөөдөр нь асуугаад 24 цагийн дотор хариугаа авч байна шүү дээ ;) Үүнээс илүү хаалттай эхийн суппорт одоогоор Монголд байхгүй байх ;)

Мөнхбаатар said...

Их хожуу сэтгэгдэл бичиж байгаад өршөөгөөрэй.

Тэр 2 ангилдагийн хувьд мэдээж жаахан туйлтай ойлголт л доо. Таны 1, 2-рт 2ууланд нь багтаж байгаа тань та тооцуур, МТ-г хэрэглэх, бүтээх тал дээр аль ч талд нь туйлшрахгүй хандаж чадаж байгаа сайн тал гэж бодож байна. Ихэнх хүмүүс аль нэг рүү нь хэт явчихаар нөгөө талынх нь сайн талыг хүртэж чадахгүй болчихдог юм шиг санагдсан.

Тухайлбал компьютерийн тухай хэр ихийг мэднэ тэр хэрээрээ компьютерийг зүгээр л жирийн хэрэглэчихэж чадахаа байдаг ч юм уу :p эсвэл компьютерийг зөвхөн дагалдах хэрэгцээ, IT бол "хэрэгсэл" мэтээр хандсанаасаа болоод IT-гийн олгож байгаа ихээхэн боломжуудыг олж хардаггүй ч юм уу тээ? :)

anon-н хэлж байгаа TCO-гийн тухайд дахин бодож үзлээ. Total Cost гэдэгт мэдээж маш олон зүйл орох юм байна.
Тухайлбал Алмас:
Харин нээлттэй эхийг хэрэглэж байхад тиймэрхүү зүйл байхгүй. Учир нь сонголт бүрэн таны гарт байна гэдгийг санах хэрэгтэй.
гэж бичсэн байна. Сонголтыг түүхий хийж болохгүй байх. Тиймээс сонголт бол амар биш. Тиймээс сонголт хийхэд хүртэл ямар нэг "Cost" орно. Энэ мэтчилэн олон жижиг асуудлуудыг Хаалттай эхийн вэндорууд хэрэгчдийн өмнөөс шийдчихсэн байдгаараа давуу талтай болов уу?