Хасаа,
Блогт минь дахин дахин олонтаа сэтгэгдэл үлдээж, Дөлөө бид хоёрын талаар бичлэг өөрийн блогтоо оруулсанд их баярлалаа.
Нэгэн сэтгэгдэлдээ чи өөрийгөө хоёрдугаар курсдээ ч ороогүй хэмээн голонгуй бичсэн ч хөтлөж буй блог, limnux группэд илгээж байгаа зөвлөгөө имэйлүүд болон Linux InstallFest 2009 өдөрлөгийг зохион байгуулалтад хувь нэмрээ оруулж буй зэргээс ажихад хэдийнээ мэргэшсэн, мэдлэг чадвар өндөртэй нэгэн болох замдаа эргэлтгүй оржээ гэдэг нь харагдах бөлгөө.
Мөн тэр сэтгэгдэлдээ “Гэхдээ Монгол шиг төлбөрийн чадваргүй хүмүүст үүнийг яаж энгийн үгээр ойлгуулах вэ?” хэмээн асуусан байна. Өөрийн хувийн бодлоор асуултад хариулая. Хөндлөнгөөс харахад Монголд амьдрал харьцангуй сайжирч байна, орлого мөнгө ч нэмэгдэж байх шиг байна. Хүмүүсийн захиж эндээс авахуулж буй хэрэглээний зүйлс машин унаанаас авахуулаад тооцуур, гар утас хүртэл ихэнхдээ л нилээд “тансаг” талын зүйлс байдаг болжээ. Мөн зардал өндөр гарч буй ч олон сайхан сургалт, зөвлөгөөн, хуралд ирээд оролцдог болчихожээ. Иймд асуудал төлбөрийн чадвартаа бус мэдээллийн технологийн хэрэглээний ойлголт, мэргэжилтнүүд болон байгууллагуудын удирдлагын арга барил, бараа бүтээгдхүүн үйлчилгээний үнэ хөлс тодорхойлох зарчим, бизнесийн этик, оюун ухааны бүтээлийн үнэлгээ, ойлголтын талаар болж хувирна. Мөнгөөр шийдэх бус бизнес явуулах арга барил тооцоогоо өөрчлөх замаар шийдэх хэрэгтэй байх гэж бодож байна.
Windows илүү юу, Linux илүү юу гэдгийн шууд харьцуулаад хэлчих ер нь амаргүй. Би Microsoft-н бүтээгдхүүнийг өмөөрч хамгаалаад, шүтэн бишрээд суудаг нэгэн ч биш. Давтан, давтан хэлэхэд Монголд байгаа улсууд дэндүү туйлширч зөвхөн нээлттэй эх л бүгдийг аварна гээд буйд шүүмжлэлтэй ханддаг, “Мэдэхгүйгээ битгий ад үз ээ! Тэнд илүү зүйл байгаа болоод зон олон хэрэглэж буй юм. Хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ зүгээр орхиж бай, өнөөдөр чиний худлаа гэсэн чинь үнэн болж хувирах үе бий. Одоо муу нөхөр гэж бодсон нэгэн амийг чинь амарсан сайн найз байх нь элбэг” хэмээн өвөөгийнхөө хэлж ярьдаг байсныг дагаж амьдардагын хувьд мөн Microsoft, IBM-н хаалтай бүтээгдэхүүнүүд нээлттэй эхийхнээс илүүтэй тохирдог нөхцөлд амьдарч ажиллаж буйн хувьд нийтэд зөв ойлголт өгөх үүднээс маргаан мэтгэлцээн өрнүүлж байдаг юм. Нээлттэй эхийг бүрэн үгүйсгэсэн нэгэн таарвал мань нөгөө талд гарчихсан бас элдэв баримт дурдаад зогсох л байх :-).
“IBM Red Hat хоёр нийлээд дундаасаа бас дажгүй систем санал болгодог” хэмээсэнд чинь тодруулга хийхэд IBM хаалттай системийг илүүтэй хөгжүүлдэг ч нээлттэй эхэд их анхаарал хандуулдаг бөгөөд Red Hat-г худалдаад авчихсан билээ. Эх код нь нээлттэй ч гэлээ үйлчилгээ нь төлбөртэй байдаг бөгөөд Power процессортой серверүүддээ илүүтэй хэрэглэх боломжийг өгч байгаа. Гэхдээ уг серверийн үндсэн үйлдлийн систем болох хаалттай AIX үүнтэй зэрэгцүүлэшгүй илүү байдаг. Одоогоор RISK төрлийн Power процессорыг ажлуулах талаар AIX-д өрсөлдөгч байхгүй. Intel-P төрлийн процессортой сервэрүүд, тоолууруудын хувьд үнэндээ “том цэнхэр”-н зах зээл биш ч гэлээ Red Hat-н үндсэн хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс тэднийг үйлчилгээнд хамруулж улмаар нээлттэй эхээ хөгжүүлсээр байх биз ээ.
Red Hat-г IBM эгнээндээ элсүүлсний ижлээр Suse-г Novell, MySQL-г Oracle худалдаж авсаныг бид бүгд мэдэж байгаа. Microsoft-г жишээлэхэд хэдийгээр яг одоо нээлттэй эхийн бүтээгдэхүүн зах зээлд гаргахгүй байгаа ч нээлттэй эхийг хөгжүүлж, хэрэглэхээ нэмэгдүүлж буй. Хэдэн жилийн өмнө Hotmail Linux дээр ажиллаж байна гэж нилээд шуугиж Microsoft-г шүүмжилсэн нь өдгөө чимээгүй болжээ. MSN Passport системд нэгдсэнээрээ бодвол одоо бүх сервэр нь Windows болсон биз. Гэхдээ Microsoft 2007 онд 240 сая долларын хөрөнгө оруулж худалдаж авсан Facebook миний мэдэхээр лав PHP дээр бичигдсэн, одоо ч home.php гээд нүүр хуудас нь гараад ирдэг юм. Ийнхүү хаалттай эхийнхэн нээлттэй эхэд хөрөнгө зарцуулж, хөгжүүлж байгаа нь нээлттэй эхийг залгиад алга болгочихно гэвэл их том эндүүрэл. Мөн яваандаа хаалттай эх хаагдаж нээлттэй эх үлдэх хувьсгалын тохироо ч биш юм аа. Зах зээл гээч нь байгаа цагт гигантууд хаалттай эхийн системээ сайжруулсаар байх болно.
Товчдоо мэдээллийн технологид нээлттэй хаалттай системүүд зэрэгцэн оршсоор, хорвоо дэлхий дээр үнэн худал хосолсоор, Плато - Аристотлийн эсвэл Адам Смит -Карл Маркс нарын хэн нь зөвийг мэтгэлцсээр, улс төрийн баруун зүүний талынхан үзэлцсээр, АНУ-д ардчилсан нам, бүгд найрамдахчууд ээлжилж төр атгасаар, магадгүй тахиа өндөгний аль түрүүлж бий болсон эсэхийг маргасаар байх биз ээ. Хамгийн гол нь нэг талд бид туйлшралгүй зөвийг нь хослуулах нь чухал бөгөөд нээлттэй эхийг ч хөгжүүлж хаалттай системээс ч суралцаж дэвших бөлгөө.
Хасаа, найз нөхдийн хамтаар нээлттэй эхийг хөгжүүлэхийн зэрэгцээ windows-ийг зөвхөн ашгийн төлөө, мөлжлөгийн машин гэж боддог нь бурууг ойлгож, хаалттай эхийн системийн давуу талуудаас хүлээн зөвшөөрч буйд бүр их байртай байна.
Ингээд мэдээлэл холбооны технологийг Монгол хөрсөнд шингээж буй ажил үйлсэд болон Linux InstallFest 2009 өдөрлөгт оролцогчдод амжилт хүсье! Дэлхий даяар тэмдэглэх чөлөөт болон нээлттэй эхийн програм хангамжийг (Free ad Open Source Software) сурталчлах, таниулах Software Freedom Day энэхүү өдөрлөг зохиогдож буйд тун баяртай байна.
МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!
8 months ago
5 comments:
Бичлэгтэй холбоогүй сэтгэгдэл оруулж байгаад хүлцэл өчье. Би боддог юм. Олон Монгол залуучууд, ах нар маань нэр хүндтэй гадны компаниудад ажиллаж, их туршлага сууж байгаа нь баярлууштай. Харин тэр үзэж харсан зүйл, туршлагаасаа Монгол мэргэжил нэгт нөхөд, залуустайгаа хуваалцаж байвал их хэрэгтэй юм шүү. Цаг зав муу байдаг ч хэдэн сардаа нэг ч гэсэн мэргэжлийн талын бичлэг оруулж байвал их тустайсан. Өөр блог нээсэн ч болно шүү дээ. За таньд ажлын амжилт хүсье.
Мод хагалахад сийлбэрийн хутга хэрэггүй, сийлбэрийг сүхээр хийвэл утгагүй гэчихвэл яажийна. хэхэ
SoftMN-д:
Бичээд буй минь мэргэжилтэй жаахан холбоотой л доо. Ухаан нь чиний энэ сэтгэгдэл үлдээсэн бичлэгээс Microsoft хэдийн хэрийн хөрөнгө зарцуулж Facebookе-г өөрийн болгосныг мэдээгүй нэг нь мэдээд авна. Facebook-тэй ижилхэн функцтэй програмыг бол манайхан одоо хийчихэж дөнгөх л байх. Монголд ойр зуурд хэрэглэгдэх гээд буй social networking, cms зэрэг нь ихэд төстэй. Энд зах зээлд түрүүлж гарч ирэх маш их том боломж олгодог. Энэ л Facebook-г ийнхүү үнэд хүрсэн хэрэг. Ингээд мэдээллийн технологи, бизнес үнэ цэнэ гэдгээрээ миний хийж буй ажилтай холбоотой болчихож л байгаа юм :-).
Гэхдээ чиний хүсэлтийг өдөр тутам ажиллаж байдаг нарийн технологийн асуудлаасаа хуваалцах уу гэж ойлгож байна. Энэ талаар бол English-ээр маш их блог вебүүд бий шүү дээ. Мань тэндээс нь будаа идэх нь бас элбэг. Тухайн блог, формуудад бас зөвлөгөө энээ тэр бичээд ганц нэгэнд тусалчих нь ч бий. Тэр бүгдийг монголчлоод бичнэ гэхээр дэндүү "хол" болчихоод байх юм билээ. Тухайлбал, AIX system-д IBM C compiler хэрэглэх, мөн ижил кодыг Linix compiler хэрэглээд програм үүсгэх хоёр маш их ялгаатайг үзүүллээ гэхэд энэ нь үнэндээ Монголд хэнд ямар өгөөж өгөхийг мэдэхгүй юм. Харин яагаад заавал ингэж ялгаатай байхад тэр тааруухан linux compiler AIX-д хэрэглэж байгааг тайлбарлавал хэрэгтэй байж болох юм. Энэ талаар дараа нэг цаг зав гарахаар нь бичье дээ. Гэхдээ шалтгаан нь нарийн технологи биш шүү гэдгийг урьдчилаад дуулгая :-)!
Сэтгэгдэл үлдээсэнд, блогоор орж уншиж буйд их баярлалаа.
Эрхэмээд:
Сайхан зүйрлэл байна. Түлээ хагалахад гэвэл нүдэнд бүр илүү дүрслэгдэх юм байна.
Надад зорилж бичсэн постыг одоо л уншиж байгаад уучлаарай. Бас маш их баяртай байна. Үнэхээр эдийн засаг, философи, хэрэглээ, боловсрол болон байр суурь талаас нь буюу бүх талаас нь харж үзээд, аль нь дутуу, юу нь юунаасаа илүү вэ? гэдгийг харж сурах нь чухал болохоос туйлшрах нь бас муу гэдгийг ойлгосон. Хаалттай эх ямар давуу талтайг би энэ хүртэл ойлгоогүй явсанаа хэлсэн, гэвч би одоо сурч байна, өшөө илүү их зүйлийг мэдэхийг хүсч байгаа учраас нээлттэй эх надаа илүү үр өгөөжтэй санагддаг. Нэгэнт ийм бодолтой юм чинь ажил дээр гарсан ч нээлттэй эхийг давамгай хэрэглэхийг эрмэлзэнэ, аль болох хууль журмын дагуу бүхнийг ашиглаж програм бүрийн лицензийг нягтлан уншиж олон монголчуудад үлгэр дууриал болно гэж боддог. Баярлаа.
Шалгуургүй хөгжүүлэлтийн орчин. Мэргэжилтнүүдийн чадвар үнэлэмжгүй.
Мөнгө,байр суурь,цэцэрхэл,алжаал тайлалт - өөр зүйл харагдахгүй байна.
Post a Comment