Thursday, September 17, 2009

Компьютерийг тооцуур гэвэл эвтэйхэн

Даяар Монгол дээр Японоос Ч.Чимэгбаатар "Компьютерийг Монгол vгээр хэлбэл" гээд нийтлэл бичжээ. Нөгөө загтасан газар маажлаа гэгчээр уншсан даруйдаа нэг сэтгэгдэл бичиж үлдээснээ блогтоо бичлэг болгохоор орууллаа.

***

Компьютер нь тооцоолуур мөн үү гэвэл мөн. Утга нь ч тэгэж таарах байх. Compute буюу тооцоолох гэсэн үгтэй үндэс нэгтэй ч биз. Гэхдээ ингэж урт үг хэрэглэх нь үнэндээ зохистой биш болоод л улсууд тоогоогүй байх.

Тооцоолуурт гээд үзье л дээ. Эвсэл муутай гийгүүлэгчүүд дээр гурвын гурван урт эгшиг нэмэгдэхээр эвцгүй болно гэнэ. Энэ нь байгаль, нийгэмд байх вариацын арвич зарчимтай тэрсэлдэж буй тул хэл соёлд нэврээгүй талтай ч гэнэ.

Тоолуур гэж монгол үг байдаг даа. Хэн ч үүнийг шууд ойлгоно. Оросоор орчуулбал счётчик гэх байх. Тоолуур байгаа бол тооцуур бас байна аа гэж тайлбарласан Ч.Эрдэнэ баавайн сонголт надад хамгийн их таалагддаг.

Энэ нь үг-үсэг-үзэг гээд монгол үгс бүтсэнтэй ижил зарчимтай гэнэ. Математикт байдаг инвариант буюу хадгалагдах чанар гээч ойлголт энд монгол хэлдэнд үйлчилж буй нь энэ. цас-цаас-цааз ч ийнхүү аргаар үүссэн ажээ. Их гурвалжин номны 161-162 хуудаснаас будаа идэв :-)

Үг үүсдэг, хэлний чадварыг нэмэгдүүлдэг бас нэг аргыг л жишээлэв.

6 comments:

Мөнхбаатар said...

Тооцуур ч уг нь их таалагдаад байгаа шүү. Харин одоо нэгэнт компьютер гэж хэрэглээд их удчихсан болохоор хэр нутагших бол гэдэг л байна? Яахав эхний ээлжинд албаны юманд дандаа тооцуур гэж хэрэглээд явж болох юм. Тэгэж байтал яваандаа яриа болон албан бус ярианд хүртэл тооцуур гэж хэлэгддэг болчих ч юм бил үү :P

Бас нөгөө талаас компьютерийг хэвээр нь хэрэглэе гэсэн санал их хүчтэй байгаад байгаа. Хэрвээ ингээд хэвээр нь хэрэглэнэ гэвэл надаа бас нэг жижигхэн санал байгаа юм :P
компьютер гэдгийг компьютер гэдгээр нь хэрэглэх боловч бичихэд арай хялбар болгож хэрэглэвэл яах бол? "компютэр" ч гэдэг юм уу :D

jagdag said...

Мөнхбаатар аа, компьютер гэж хэрэглээд заншчихлаа гээд орхичихвол их дутагдалтай л даа. Өнгөц харахад энэ бол ердөө л ганц үг, монголчууд ингэж бичээд ингэж хэлээд байхад гадныхан бас ойлгоод явчих, бид даяарчлагдаад буй асуудал мэт. Гэтэл үүгээр зогсохгүй гадаад үг бүр яг ийм маягаар ганц үг, ганц үг гэж орж ирээд байвал монгол хэл маань юу болох билээ. Хэлээ дагаад бидний сэтгэлгээ, зан заншил, үндэсний бахархал, түүх маань юу болох билээ. Боломж байвал монголоороо л илэрхийлж байх хэрэгтэй гэж бодоод байдаг юм аа.

Нутагшуулах нь бол биднээс өөрсдөөс л хамаарна. Олон арга байж болно. Үсэглэж сурч байгаа хүүхдийн цагаан толгойд оруулах санал байдаг. Энэ бол их сайн арга. Мөн төвийн хэвлэл мэдээллийнхэн маш их үүрэгтэй. Тэд нэг мөрөөр бичээд байвал хүчтэй арга. Мэргэжлийн улсууд бас үүнд анхаараад ингэж хэрэглэвэл болж байна. Ном сурах бичгүүдэд тусгагдана. Улсын нэр томьёоны ажлын хэсэг гэж бас байдаг байх. За тэгээд чи бид хоёр блогтоо бичихдээ үүнийгээ дагах шиг жижиг асуудлаас бараг эхлэнэ шүү дээ.

D.Sainbayar said...

Sanal neg baina. Tootsuur ch ug ni ih onoson saihan orchuulga baina shuu. Ug ni anh ter technology nevtreh uyed ni anhnaas ni zuv heregleed yavah tal deer helzuin ner tomiyond nemegdsen ugsiin tailbar, toli bichgiin huraanguig jil bolgon hevlej public awareness hiij baival zugeer baigaa yum. (500 ugtei baisan ch bolno)

Burka said...

Хэл гэдэг өөрөө амьд амьтан лугаа төрөөд, өөрчлөгдөж хөгжиж, мөхөж байдаг гэж би ойлгодог. Тэгэхээр тухайн хэл хэр их хэрэглэгдэж байна тэр хирээр хэл хөгжиж, өөрчлөгдөж явдаг гэж ойлгодог. Тэгэхээх хүмүүс янз бүрээр аливаа зүйлийг орчуулаад зөв гэж баталахыг хичээдэг гэхдээ амьдрал өөрөө сонголтоо хийгээд хүмүүс хоорондоо юу гэж ярина тэрийг нь сонгосон зөв гэж бодож байна. Зохиомлоор хүчээр хэлэнд нэвтрүүлэх гээд бүтэхгүй л болов уу...

Burka said...

Жишээлбэл манай том хүү одоо "комп" гэж яриад байдаг. Найз нар нь болохоор ойлгоод байх жишээтэй. Харин бидэнд болохоор...

jagdag said...

buree,
тийм, санал нэг байна, хэл нь хөгжиж байдаг...гэхдээ харин нь тэр мөхөх-жаахан онцгүй юм, ялангуяа өөрийн хэлээ мөхүүлэхгүй байх талаас бодож үзвэл...
за тэр хүчээр нэвтрүүлэх ч харин маньд хэр зохих юм, би чинь тийм "хүчтэй" нэгэн биш. зүгээр л танай хүү шиг хүрээлэн байгаа орчиндоо ойлгогдохоор тэгээд өөрийнхөөрөө ярьж буй нь энэ.