Saturday, August 21, 2010

Зааж сургаж, заавал хэрэгжүүл гэхгүй, мөн сүрхий шүүмжлэх ч үгүй

"Зуны лекц - 2010"-г бэлтгэж байх үедээ зургадугаар сарын 28-нд Саруул бид хоёр МонЦаМэ-д нэг ярилцлага өгсөн нь тэдний сонин дээр хэвлэшдсэнээс онлайнаар энд тэнд харагдаагүй юм байна. Үүнийг нэг блогдчихоё.

Гадаадад байгаа Монгол мэргэжилтнүүдийн зуны лекц 2010:

Зааж сургаж, заавал хэрэгжүүл гэхгүй, мөн сүрхий шүүмжлэх ч үгүй

Гадаадад байгаа монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц - 2010 Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хэвлэлийн мэдээлэл гарсантай холбогдуулж уг үйл ажиллагааг санаачлагчдыг төлөөлүүлэн АНУ-ын Миссури мужаас Э.Жагдагдорж, Вашингтон хотоос М.Саруул-Эрдэнэ, нартай онлайнаар холбогдов.

Та бүхэн ямар учиртай, юун сургалт явуулж байгаа билээ?

Сүүлийн үед Монголд олон сайхан үйл явдал болж, уул уурхайн салбарын идэвхжилтэй холбогдоод ирээдүйд эдийн засгийн ач холбогдолтой байх ямар төсөл, аль салбарт юу хэрэгжүүлэх талаар өргөн хэлэлцэж байна. Одоо нөгөө “баялгийн хараал” гээчийг нь хүртэхгүйн тулд оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо чиглүүлэх болон гадаадын зах зээлд, ялангуяа санхүү эдийн засаг, хөрөнгө босгох арга хэлбэр, оюутан сургахад ихээхэн анхаарч ярилцаад байгаа. Тухайлбал, АНУ-ын засаг захиргаанд жил бүр 1000 гаруй оюутан сургах хамтарсан тэтгэлгийн саналыг тавиад жил хэрээтэй болж байна. Эдийн засгийн үр өгөөж өгөх тодорхой салбаруудын улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд гадаадын мэргэжилтэн өндөр хөлсөөр урьж залж ажиллуулсан хэвээр байна. Зарим аж ахуйн нэгжийг гадныханд мэнэжмэнтийн хувьчлалаар өгөх тэндэр ч зарласан байгаа. Эндээс манай улс оюуны хөдөлмөр, хөрөнгө оруулалтад анхаарал их хандуулж байгаа ч басхүү нарийн мэргэшсэн боловсон хүчнээр дутмаг хэвээр болох нь харагдана.

Мөн гадаадад байгаа иргэдээ буцаан татах талаар арга хэмжээ авах уриа, дуудлага гарч эхэлж байна. УИХ-ын гишүүн С.Баяр Ерөнхий сайд байхдаа АНУ-д айлчлал хийхийн өмнө нэгэн захидал бичсэн нь нилээд шуугиулсан. Тэрбээр гадаадад байгаа иргэдтэй харьцах нэгж байгуулсан нь одоогийн засгийн газарт үргэлжлээд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлжээ. Зөгийн үүр гээд хөтөлбөр боловсруулчихаж, энэ жилийн хүн амын тооллогод гадаадад байгаа Монголчуудаа хамруулж чухам хэдэн иргэн байгааг тоолж тогтооно гэх мэтээр эх нутгаасаа алсад байгаа зон олонд ихээхэн анхаарал хандуулж байна.

Ингэхээр бидний зүгээс басхүү сонирхолоо илэрхийлж, мэдсэн сурснаа эх орондоо хүргэе, мэдлэг дамжуулж нутагшуулья, улс оронтойгоо холбоо хэлхээгээ сайжруулья, нутагтаа байгаа мэргэжил нэгтнүүдтэйгээ улам ойртож, биеэ биеэсээ харилцан суралцья гэсэн зорилго өвөртлөөд байгаа учиртай юм.

Монголд болдог, хийгддэг семинаруудаас юугаараа онцлог байх вэ?

Сүрхий онцлоод байх юу байхав дээ, олон сургалт семинартай төстэй биз ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай үйл ажиллагааг бүрэн дэмжиж, зуны лекц Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдан, Ерөнхийлөгч нээлтийн үг хэлэх нь гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа Монгол эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санаачлагаар бий болсон ажлын нэг онцлог байх. Лекц унших бүрэн бүрэлдэхүүн нь барууны хөгжингүй орнуудад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа Монголчууд гэдгээрээ анхаарал нилээд татах байх. Багш төвтэй системээс шавь төвтэйд шилжиж буй өнөөгийн Монголчуудын хувьд зөвхөн нэг нь ярьж бусад нь дагадаг сургалтын тун танил системээс арай өөр зүйлийг олж харах болов уу. Зөвхөн багш заадаг биш, багш ч өөрөө бас суралцаж, мэдлэгээ солилцож байдаг системийн үнэр эндээс ханхална хэмээн итгэж буй. Бид энэ барууны нийгмээс жаал суралцаад, эндээ амьдралаа аваад явчих ажил хөдөлмөр эрхлээд багагүй цаг хугацааг өнгөрөөлөө. Одоо тэгээд энд юу хийдэг, юу мэддэгээ өгүүлж ярих санаатай. Бид юу санаж, яаж ажиллаж, хэрхэн дүгнүүлдгээ л жишээлнэ. Түүнээс зааж сургаж, заавал хэрэгжүүл гэхгүй, мөн сүрхий шүүмжлэх ч үгүй.

Семинар удирдах багш нараа танилцуулахгүй юу?

Лекторууд нь АНУ-ын Миззурийн Их Сургууль, Конгрессийн Номын Сан, Финландын Аабо Академи Их Сургууль, Майкрософт компани, Симко Инкорпорайтэд компанид мэргэжлээрээ тогтвортой ажиллаж байгаа монгол эрдэмтэн, мэргэжилтнүүд. Лекц бүтэн өдөр үргэлжилж, таван илтгэгч найман лекц уншина. Эрдэм шинжилгээ, судалгаа, технологийн чиглэлээр үдээс өмнө, нийгмийн чиглэлээр үдээс хойш илтгэнэ. Бидний дөрөв нь барууны орнуудад ажиллахаасаа өмнө эх орондоо мэргэжлээрээ тодорхой ажил хийж, бүтээл арвинтай хөдөлмөрлөж сурсны хэрэг гарч шалгуур өндөр, өрсөлдөөн ихтэй энэ орчинд ажиллаж, амьдарч байна. Хоёр нь эндээ их дээд сургуульд багшилж, гурав нь докторын зэрэг энд хамгаалсан. Нэг нэгээр нь танилцуулбал нилээд урт болох тул товчлоод лекцийн вэб сайтаас лекторуудын бүрэн танилцуулгийг аваарай гэе.

Ийм томоохон арга хэмжээ зохиоход хөрөнгө мөнгө их гарах нь мэдээж. Тэрийгээ хэрхэн зохицуулж байна вэ? Ивээн тэтгэж байгаа байгуулагууд байна уу?

Олны хүч оломгүй далай гэдгийг баталж байгаа даа, энэ талаар. Гадаадад төгсөөд нутагтаа хариад мэргэжлээрээ ажиллаж байгаа олон хүний хүч хөдөлмөрөөр хэрэг бүтэж байна. АНУ-д төгссөн Я.Болд-Эрдэнэ, Г.Ганзориг, А.Мэнд-Орших, Б.Номинчимэд, Ц.Оюундарь, Я.Өлзийболд, Д.Сайнбаяр, С.Эрдэнэболд, Германд төгссөн Б.Даваадорж, Ч.Отгочулуу гээд нэрлэвэл барахгүй урт жагсаалт гарна. Хамгийн гол ажлыг зохион байгуулагч Цахим Мэдлэг ТББ-н Я.Цэцэг-Өлзий (УЗД), Б.Оюундарь (зохицуулагч) тэргүүтэй хамт олон амжуулж буй. Цахим Өртөө холбоо ТББ-ынхан ч дэмжлэг үзүүлэхээр шийдсэн. Лекторуудын гурав нь Цахим Өртөөний гишүүн, тэдний хоёр нь өртөөний УЗГ юм. Хамгийн чухал ивээн тэтгэгчдийн асуудал нилээд нээлттэй, санхүүгийн дэмжигчдээ хайсан хэвээр буй. Зохион байгуулагч Цахим Мэдлэг ТББ энэ талаар маш их зүтгэлтэй, ачаалалтай ажиллаж байгаа. Мэдээллийн ивээн тэтгэгчид олноор бий болж байгаа. Ерөнхий ивээн тэтгэгч, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэгчдийн хувьд Хаан Банк, Мобиком, Скайтэл, ЭмСиЭс мэнэжмэнт, Грэйп Сити Монгол, Мигма Электроникс гээд жар гаран байгууллагад хандаад буй. Эндээс манай бизнесийнхэн гадаадын шалгуур, босго давсан, тэндээ үнэлэгдээд ажиллаж буй Монголчууддаа хэр хандах нь мэдэгдэнэ биз ээ. Зөвхөн лекцийг дэмжиж буй бус, харилцан дэмжилцсэн, хэн хэндээ тустай сайхан ажил тал талаасаа гар нийлж босгож чадна хэмээн бүрэн итгэж байгаа.

Зохион байгуулагч байгууллага гээд Цахим Мэдлэг ТББ-г хэдэнтээ дурдлаа. Олон хүн уг байгууллагыг сайн мэдэхгүй байх. Тус байгууллагыг товч танилцуулж, яагаад та бүхэн энэ байгууллагыг сонгох болсон талаар өгүүлнэ үү?

Цахим Мэдлэг нь Монгол улсад цахим сургалтыг нэвтрүүлэх, мэдлэгийн менежмент хийх зорилгоор 2006 онд байгуулагдсан ашгийн бус, бие даасан төрийн бус байгууллага юм билээ. Цахим сургалтын өөрийн кампус байгуулж, цахим сургалтыг хэрэгжүүлэх ур чадвар олгох хоёр төрлийн сургалтыг онлайнаар зохион байгуулан, одоогоор их дээд сургууль, бизнесийн болон төрийн бус байгууллагуудын сургалтын албадын 100 гаруй багш, мэргэжилтнүүдийг сургаж төгсгөсөн.

Бидний зүгээс эдний сургалтад хамрагдан сууж үзсэн. Лекцээ залгуулаад онлайн хэлбэрээр сургалт үргэлжүүлэхэд тун дөхөмтэй, боломжийн сайн байгууллага гэж үзсэн тул зохион байгуулагчаар сонгож авсан. Мөн эдний ажлын арга барил, оюуны өмчийн үнэлгээ нь их зөв зүйтэй санагдсан юм. Хичээлийн аргачлал, онлайн сургалтын орчноо Германы болон АНУ-ын сургалтын байгууллагуудтай холбогдож зохих гэрээ, лицэнзийг нь авч, албан ёсоор орчуулах зэргээр гадны арга барилыг жинхэнэ нутагшуулж буй байдал мэдрэгдсэн нь их нөлөөлсөн. Түүнчлэн саяхан Германд төвтэй Олон улсын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ИнВЭнт байгууллага, Филиппиний Нээлттэй Их Сургуультай хамтран “Электрон сургалтыг хөгжүүлэх ба хэрэгжүүлэх нь” олон улсын сургалтыг Монголд анх удаа амжилттай зохион байгуулсан нь бидний санаачлагын лекцийг сайн зохион байгуулж чадах итгэлийг төрүүлсэн юм.

Байгууллага, хувь хүмүүс хэрхэн оролцож болох вэ? Жишээ нь манай сониныг уншиж байгаа жирийн нэг албан хаагч, эсвэл оюутан хувиараа орж, мэдлэгээ арвижуулъя гэвэл болох уу? Хэнд хандах вэ?

Лекц нь их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, хэвлэл мэдээллийн ажилтан, мэдээлэл холбооны технологийн мэргэжилтэн, төрийн албан хаагч, оюутан, бизнес эрхлэгч, хүний нөөцийн ажилтан болон сонирхсон бүх хүнд нээлттэй. Илтгэгчид барууны хөгжингүй орнуудын сургалт, шинжлэх ухаан, нийгмийн асуудлыг төрөлх Монголынхтойгоо хослуулан илтгэж, энэ мэдлэгийг хэрхэн нутагшуулах талаар оролцогчидтой чөлөөт ярилцлага хийнэ. Түүнчлэн барууны хөгжингүй орнуудад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллахын тулд ажлын ямар шаардлага, стандарт, босго шалгуурыг давж, улмаар өндөр өрсөлдөөн дунд хэрхэн ажиллаж амьдардаг тухайгаа сонирхуулах юм.

“Мэдлэг хэрхэн төрдөг вэ?”, “Мэдээллийн технологийг хэрэглэх, нутагшуулахад юуг анхаарах вэ?”, “Түншүүд яавал урт хугацаанд амжилттай ажиллах вэ?” болон бусад олон сонирхолтой асуултуудын хариуг оролцогчид лекцээс олж авахын зэрэгцээ олон хүнтэй танилцаж, хамтран ажиллах боломжийг өөртөө нээнэ.

Олон нийт урьдчилсан бүртгэл хийгдэж оролцох юм. Лекцийн вэб сайтаар дамжуулан бүртгэл хийгдэнэ. Ивээн тэтгэгч байгууллагуудын боломж, сонирхол, нийт тэтгэлгийн хэмжээ зэргээс хамаарч лекцийн билетийн үнийн хэмжээ тогтоогдоно. Одоогоор бүртгэл онлайн хийгдэж байгаа. Төлбөрийн хэмжээ бүрэн тогтмогц бүртгүүлсэн жагсаалтын эхнээс нь зохион байгуулагчид холбогдоно.

Дэлгэрэнгүй танилцуулга вэбээс аваарай, бүртгэлээ вэбээр хийлгээрэй гээд хэдэнтээ лекцийн вэб сайтын талаар дурдчихлаа. Яг онлайн хаяг нь юу билээ?

http://summer.monamerchamber.org гэсэн хаягаар холбогдоод дээд талын хөндлөн цэсүүдээр дамжуулан олон төрлийн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Тэнд бүртгүүлэх хуудас, асуулт гарвал холбогдох хаяг, имэйл, утас бий. Мөн ивээн тэтгэх, хамтран ажиллах байгууллага, хувь хүн байвал вэбд байгаа харилцах хаягаар хандаарай.

Ярилцсан МонЦаМэ агентлагийн сурвалжлагч Э.Адьяасүрэн

2 comments:

A.Амарсайхан said...

Манай мундаг залуучууд гадаадын том сургуулиудад багшилдгийг хараад бахархсан шүү

jagdag said...

Баярлалаа, Амараа
Биеэ тэнхээ давгүй юу? Шинэ кино хэр болж байна, гарч эхлэх төхөж байна уу?