Хүн болон тооцуурын* харилцан нөлөө (human-computer interaction) – мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байх оюутан үеэс энэ зүйл маш их анхаарал татаж билээ. Яг ийм нэртэй хичээлийг Петр Васильевич Терещенко гээд оюутнуудад олон таван үггүй, ширүүхэн мэт санагдах хууз сахалтай, өтгөн хөмсөгтэй залуу багш ордог байлаа. Дагаж уншин суралцах сурах бичиг байхгүй, миний лекц ганц аврал чинь болно, тасалбал бусад оюутнуудаасаа нөхөж авах хэрэгтэй, өмнөх жилүүдэд үзэж байсан номын санд байгаа сурах бичиг хоцрогдсон, одоо энэ салбар дэндүү хурдтай өөрчлөгдөж байна, мэргэжлийн сэтгүүлүүдээс лекцээ бүрдүүлдэг тул эх материал нь та бүхэнд хүртээмж муутай гэнэ. Мань хүнтэй нэг өрөөнд цугтаа суудаг өөр багш нартай уулзахаар өрөөгөөр нь шагайх үед Петр Василивьевич ямар нэг сэтгүүл уншиж эсвэл нээсэн сэтгүүлээсээ хараа салгалгүйгээр бусадтай хөгжилдөн инээд хөөр болсон яриа өрнүүлж сууна. Эхэндээ багшаас жаал жийрхэж, асуулт гаргахгүй удсан, лекцийг нь хэдэнтээ тасалсан би бээр шалгалтдаа тааруухан дүн “эх орны алт” авчихсан нь оюутан болж дандаа онц сурч байсан миний эхний “бүдрээ” болж, дургүйхэн болсон хэдий ч энэ сэдвээр дахин оролдох хүсэл хожим төрсөн юм.
Манийг төгсөх дөхөж байхад үед босоо монгол бичгийг сэргээхээр барахгүй төрийн бичиг болгоно гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Тооцуурын дэлгэц монголоор гардаг, монгол уямж** олноор зохиож хэрэглээнд нэвтрүүлэх сонирхол ихтэй байсан тул дипломын ажлаа эргэцүүлж бодолгүй босоо бичгээрээ үүлэн уямж зохиох боллоо. Үүлэн гэдэг маань тухайн үед нортон гээд цэнхэр дэлгэц бүхий уямж нь хэрэглэгчид их боломж нээж хэрэглээнд нь ихэд ойртуулдаг, бас тооцуур сурахад ихэд дөхөмтэй зүйл байсантай ижил бүлэглэлийн хэрэглээний талын зүйл юм. Нортоноос гадна дос-шэлл гэж бас гайгүй өргөн хэрэглэгддэг үүл байлаа. Өнөөгийн бидний мэдэх график суурьтай хэрэгсэл виндоус, линукс төрөөгүй байсан үе. Диплом удирдагч багш Владимир Сергеевич Поздняков “Зөв санаа байна, хуучин монгол бичиг танай төрийн бичиг буцаж болж буй тул яг цаг үеэ олжээ, агуулга талаасаа. Гэхдээ зөвхөн уямж зохиож сургууль төгсөхгүй, дипломын ажил онолын хэсэгт суурилж судалгаанд үндэслэнэ. Ийм төрлийн уямжийг үүлэн бүлэгт авч үздэг бөгөөд онол нь хүн тооцуурын харилцан нөлөөг ойртуулж, сайжруулж буй асуудал юм” гэснээр өгүүлж буй сэдвээрээ жинхэнэ судалгаа өрнүүлж хичээлдээ дахин суусан шиг суралцаж билээ. Ингэж энэ сэдэвтэй анх гүнзгий танилцаж дур сонирхолтой болсон бөлгөө.
Монголын мэдээллийн технологи 2010 баримт боловсруулахаар Г.Алтан-Оч, С.Ганбаатар, Д.Энхбат нараар манлайлуулан мэргэжил нэгт олон хүмүүсийн хамтаар ажиллах завшаан 1998-99 онд гарч билээ. Өнгөрсөн жил нутагт ажлаар хэдэнтээ явж байгаад энэхүү “ICT Vision 2010” баримтад тулгуурлан гүйцэтгэсэн олон ажлаа дүгнэх хуралд сууж улмаар салбарын 2020 он хүртэлх бодлогын талаарх баримтын саналтай танилцах боломж гарлаа. Сайхан ном болгон хэвлэснийг тухтай уншиж танилцаад ерөнхийлөн заасан тэр салбарт тэгнэ, ингэнэ гэсэн төсөөллийг нь задлан яг хэрэглээнд, яг технологи нь, мэдээлэл холбооны технологийн хэрэглээ болон хүмүүний харьцаа харилцаа нь ямар зүйл байх вэ хэмээн товч задлан хэдэн жишээ дурдаж бид арав хүрэхгүй жилийн хожим ийм ийм зүйлсийг амьдралдаа бүрэн хэрэгжүүлсэн байна биз ээ хэмээн багаахан цуврал бичихийг зорилоо.
Өнгөрсөн хавар МШХХТГ-ын Ж.Бат-Эрдэнэ, Үндэсний дата төвийн О.Золбаяр, Майкрософтийн Л.Бат-Өлзий нарын хамтаар Майкрософтийн төв оффисоор зочилж, удирдах төвшний уулзалтад оролцож байхдаа тэдний урьдчилан төсөөлөх лаборатори үзэсгэлэн буюу Microsoft Home & Envisioning Lab үзэх завшаан гарч жирийн айлын гэрт ойрын ирээдүйд мэдээллийн технологийг хэрхэн хэрэглэж байх төсөөлөлтэй танилцаж билээ. Үүний талаар бичнэ гэж бодож байснаа мөн энд нийлүүлэн баяжуулахаар шийдлээ.
---
* тооцуур – компьютер буюу англиар computer гэсэн үгийг Ч.Эрдэнэ гуайн орчуулах саналыг дагав. Дэлгэрэнгүйг http://argamag.blogspot.com/2009/09/blog-post_17.html үзээрэй.
** уямж – компьютерийн програм хангамж гэж бид орчуулж хэрэглэдэг англиар software гэсэн үгийг А.Отгонбаярын орчуулах саналыг дагав. Бүрэн мэдээллийг http://gobigobi.blogspot.com/2007/06/software-hardware-adware-spyware.html үзээрэй.
МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!
8 months ago
14 comments:
Тооцох гэдэг үг нь to consider, to suppose гэх мэт үгстэй ойролцоо утгатай. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг юм болох вий. Тооцоолох гэдэг язгуураа гээлгүй аваад явбал илүү ойлгомжтой мэт. Магадгүй тооцуур гэдэг үгийг to calculate гэдэг утгаар хэрэглэх.
Дуу, шүлэг, яруу найраг, уран баримал, уран зураг гээд урлагын бүтээлүүд байдаг. Нэхмэл, хамтгамал, сийлбэр гэхчилэн гар урлалын бүтээлүүд бас бий. Уран зохиол гэвэл дотроо роман, найраглал, тууж, өгүүлэл гэхчилэн задарна.
Software бол art юмуу craft гэж их ярьдаг. Хийсвэрлэж сэтгэдэг гэдэг утгаараа бол урлаг, эвлүүлж угсардаг гэдэг утгаараа бол урлал.
Яг энэ үүднээсээ, туурвил гэж хэлбэл хамгийн тохиромжтой. Бүтээх, туурвих гэж ярьдаг даа.
Утга зохиолын бөөсийг уншиж байж илрүүлнэ, харин туурвилын бөөсийг ашиглаж байж илрүүлнэ. Бүтээл гэхээр оюунлаг талдаа, туурвил гэхээр урлал талдаа жин дарах мэт.
Уямж гэсэн үг нь оюуны бүтээл, оюуны өмч гэсэн санаа агуулахгүй байна. Отгонбаярын тайлбараас software биш харин middle ware гэсэн санаа илүү их цухалзаж байна.
үз:
http://en.wikipedia.org/wiki/Computer_software
http://en.wikipedia.org/wiki/Middleware
erka,
хэрэв би андуураагүй бол:
to consider - үйл үг нь ихээ олон утгатай: эргэцүүлэх, анхаарах, хэлэлцэх...тооцох ч бас дотор нь бий.
to suppose - үйл үг нь бас олон утга илэрхийлнэ: таамаглах, төсөөлөх, шаардах.
би ч сүрхий хэлний хүн биш, гэхдээ хэлийг түүхийг маниас илүүтэй сайн мэддэг, уулзаж ярилцаж байсан хүндэтгэдэг нэгэн ийн нэрлэсэн тул түүнийг нь даган баясдаг бөлгөө.
уямжийн хувьд мөн л хүндэтгэдэг нэгэн ийн нэрлэсэн нь таалагдаад даган баясав.
энэ хоёр үгийн аль аль нь бүтсэн санаа бас их гоё, шууд үгчилэн утгачилан олон үг болгоогүй сэтгэж бүтээлч хандсан нь үнэхээр гоё байгаа юм. яах аргагүй үг бүттэг монгол сэтгэхүй бол тэнд бий.
ингэхэд уямжийн тэр "бөөсийг хэрэглэж байж илэрүүлдэг" биш харин аль болох өмнө нь илэрүүлчихээд засчихсан, эсвэл тодорхой хугацаанд засахгүй байх бизнесийн шийдэл хийчихсэн байдаг.
Software гэх нэр томъёо харьцангуй орой үүссэн. Анхны workstation үүссэн 50-иад оны эцэс, 60 оны эхээр, ахуйн хэрэглээнд нэвтрэхийн өмнөхөн. Ингэх хэд хэдэн шалтгаан байсан. Гол шалтгаанууд гэвэл:
1. үнэ, өртгийн асуудал
2. эдэлгээ даах чанарын асуудал
3. бөөнөөр үйлдвэрлэх бүтээмжийн асуудал
4. хуулбарлахаас хамгаалах зохиогчийн эрхийн асуудал
5. тоноглолоос (hardware) бүрэн тусгаарлах виртуалчлалын асуудал
Туурвил гэх нь оюуны өмч гэсэн санаагаа бүрэн хадгална. Аливаа оюуны өмч, аливаа оюун санаа, аливаа ухаан мэдлэг ямар ч тоноглолоос хамаарах ёсгүй.
үз:
http://en.wikipedia.org/wiki/History_of_software_engineering
Software нь зөвхөн урлаг, урлал төдийгээр хязгаарлагдахгүй. Уран бүтээл гэж ярихаас арай өөр. Энэ бол бүтээгдэхүүн. Ашиглалтын явцад гадаад, дотоод элдэв өөрчлөлийн үйлчлэл дор элэгдэнэ, хорогдоно, өтөлнө, эвдэрнэ.
Чанар муутай бүтээгдэхүүн эдэлгээ даахгүй маш хурдан урагдана, цоорно. Оёдол, залгаасаараа ханзарна, сална, Халуун хүйтэнд агшиж, сунана. Хэлбэр, хэмжээ нь алдагдаж хийдэл үүснэ гэх мэт. Үүнийг ашиглалтын явцад илрүүлж засах нь маш хэцүү, Цаг хугацаа, зардал их гарна.
Тиймээс бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахын өмнө янз бүрээр сорьж үздэг. Шатаана, хөлдөөнө, Оёдлоор нь угзарна, сэгсэрнэ, Хүнд ачаа үүрүүлнэ, хурц хутгаар зүснэ гэх мэт. Гэлээ ч бүх ослыг урьдчилан харж чадахгүй. Яагаад гэвэл юмс маш хурдан хувьсан өөрчлөгдөж, хөгжиж байна. Тиймээс ашиглалтын явцад сэлбэг, хэрэгслэлүүдээ байнга сольж шинэчилж, сайжруулж байдаг.
Энэ бүхнийг уямж гэдэг үгээр илэрхийлнэ гэхэд маш хол, хөндий сонсогдож байна. Харин туурвил гэвэл урлаг гэсэн санаа ч бий, урлал гэсэн санаа ч бий, Дээр нь бүтээгдэхүүн гэсэн санаа нэмэхэд хэцүү биш. Уран зохиол гэдэг үг бас л шинэ үг. Үүн лүгээ уран туурвил гэж хэлсэн ч болно.
үз:
http://en.wikipedia.org/wiki/Software_testing
Англиас монгол руу мэргэжлийн өгүүлэл, нийтлэл орчуулах замаар нэр томъёоны чанарыг шалгаж болно.
Жишээ:
Хөтөлбөрлөл нь ухааны ур сорих асар их тэсвэр, тэвчээр, зориг, эрмэлзлэл шаардсан амаргүй даалгавар хэмээн тооцогдож байлаа. Иймэрхүү ухаан сийлэх ажлыг тэтгэхийн тулд томъёолбор тэмдэглэлүүд бүтээв. Өнөөдөр бид тэднийг хөтөлбөрлөлийн хэлүүд гэж нэрлэдэг. Уг санаа нь тусгай зааварлагч кодын дарааллуудыг математикийн томъёонуудаар орлуулах явдал байлаа. Хамгийн анхны өргөн тархсан Фортран хэлийг IBM (Backus, 1957) гаргаж удалгүй Алгол (1958) болон түүний залгамжлагч нь 1960 онд мэндлэв. Тэр цагт тооцоолуур нь хадгалах, дамжуулах бус зөвхөн тооцоолох зориулалттай байсан тул тэдгээр хэл нь цэвэр математик тоогоор дагнана. 1962 онд Америкийн батлан хамгаалах хэлтсээс эрхлэн бизнесийн зориулалт бүхий Кобол хэлийг гаргажээ.
үз:
http://helleg.blogspot.com/2011/10/1960.html
Erka,
үз тушаалуудаас сүүлийнхийг нь биелүүлж харлаа, боломжийн сайхан орчуулга хийж буй юм байна. keep going...
laptop/notebook аль алиар нь нэрлээд нэг зүйлийг ойлгочихдог, заавал энэ нь тэр нь зөв гээд маргаад байдаггүй орчинд амьдарч буйн хэрэг юу билээ, уямж/туурвил/софт дуудаж л байг. заавал нэгийг нь илүү гэж хүчлэх юу билээ, тэгээд цаг хугацаа харуулах биш ээ.
мэргэжлийн хэллэг, орчуулга гэснээс би бээр түүнд нэг их шамддаггүй. бүтэн өдөржингөө тэр үг хэллэгийг шагайна, заримдаа бий болгоно ... блог мэдтээ орчуулгаас аль болох холуур тойрч зугтаж буй нь тэр. гэхдээ тэгээд эхлэн бичигч юм хойно, маний үеийнхэний "монцамэ-гийн модон хэл" үйлдвэрлэж л сууна.
товчдоо, орчуулна гэснээс өөрийн үзсэн, харсан, хийсэн зүйлээр өөрийн туршлага, өөрийн ойлголт маягаар блогдох тул нэг их айхтар нарийн хэмжүүр тавиад байдаггүй бөлгөө.
орчуулгыг бол үгчилсэн дагасан сайхан зүйлсийг ч, алтан загасны үлгэр лугаа монголчлон нутагшуулсаныг нь ч даган баясна аа, миний хувьд.
erka, их идэвхтэй блогдож санал солилцож буйд баяртай байна. цаашид олон санал үлдээж байгаарай, бас орчуулах талын "хэллэг" мэт ажилд тань амжилт хүсье ээ.
Тооцуур нь тооц гэсэн язгууртай байна. Гэтэл тооцох гэсэн үг нь ямар нэгэн нөхцөл, болзлыг хүлээн зөвшөөрөх тунхаглалын чанартай үг. Жишээ нь х гэдэг хувьсагч бол бүхэл тоо юм гэж тооцоод энэ нь зөвхөн бүхэл тооны хуульд захирагдана, өөр хуулинд захирагдахгүй гэсэн санааг хувьсагчийн мэдэгдэл юмуу тунхаглал, эсвэл тодорхойлолтоор дамжуулан урьдчилан зарлаж болно. Үүнээс хойш, түүнээс цааш энэ хувьсагчийг өөрөөр ашиглахыг хориглоно гэсэн болзол. Мэдээж энэ мэт болзол нь тухайн хэлнийхээ онцлогоос хамаарна. Хамгийн гол нь энд ямар ч үйлдэл хийх тухай санаа агуулагдахгүй байна. Ийм санаа байлаа гэхэд салаа утгатай болно. Тунхаглах, үйлдэх хоёр нь тус, тусдаа өөр ойлголт.
Тооцоолуур нь тооцоол гэсэн язгууртай. Энэ нь ямар нэгэн үр дүн шаардаж, хариу нэхсэн үйлдэх хэв шинжийн үг. Тэгвэл иймэрхүү тооцоолох үйлдэл хийдэг багаж, хэрэгслэлийг тооцоолуур гээд нэрлэхэд элдэв будилаан гарах нь бага. Дашрамд хэлэхэд, computer гэдэг үг нь анх санхүүч, нягтлан бодогч, эдийн засагч гэдэг шиг ажил, мэргэжлийн нэр байсан. Тооцоолох ажил буюу тооцоолол хийдэг ажилтан. Энэ өнцгөөс нь үзвэл тооцоолуур биш тооцоологч гэмээр.
Ер нь үг товчлоно гэдэг осолтой бөгөөд эрсдэлтэй. Хаашаа ч гуйвж, дайвж, хазайж болно. Төстэй үгнүүд олон байна. Ялангуяа монгол хэлний нэг язгуураас олон үндэс салаалах боломжтой байдаг нь энэ асуудалд туйлын болгоомжтой хандахыг сануулдаг. Тиймээс үгийн сонголт, оноолт хийхдээ тухайн гадаад үгийг толь бичигт хэрхэн тайлбарласныг харж судалж байх хэрэгтэй мэт. Өнөөдөр тооцоолуурын хурд, хүчин чадал ямар хурдан сайжирч байна гээд харвал үг товчлох, хэмнэх ямар ч шаардлага харагдахгүй байна. Гол нь оновчтой үг олоод түүнийгээ хүчтэй сурталчлах хэрэгтэй. Нэг арга нь орчуулга.
үз:
http://en.wikipedia.org/wiki/Declaration_%28computer_programming%29
Анхандаа тооцоолуурын хөтөлбөрийг сийлж бичдэг байсан. Энд сийлнэ гэдгийг шивүүр хуудас (перфо карт) юмуу шивүүр хальс (перфо лент) нүхлэн цоолборлох, эсвэл шивэх гэдгээс илүү өргөн утгаар хэлж байна. Жишээ нь цахилгаан зуухан дээр өндөг шарах ажлын дараалал буюу хөтөлбөр аваад үзье. Уг цахилгаан зуухны галын тохиргоо нь зөөлөн, хэвийн, ширүүн гэсэн гурван хувилбартай гэж тооцъё. Өндөг шарахдаа ширүүн галаар 1 хором тосоо халаана, дараа нь 10 хором хэвийн галаар өндгөө хайраад, эцэст нь 5 хором зөөлөн галаар өндгөө болгоно гэсэн хөтөлбөр боловсруулжээ. Мэдээж яг энэ зуухан дээр энэ хөтөлбөр ямар ч өө сэвгүй гайхалтай сайхан хэрэгжинэ.
Гэтэл яг энэ хөтөлбөр өөр загварын цахилгаан зуух эсвэл богино долгионы зуух юмуу хийн зуух, магадгүй нүүрс түлдэг, мод түлдэг юмуу аргал түлдэг зуух зэрэг өөр төрлийн зуухан дээр амжилттай хэрэгжих ямар ч баталгаа байхгүй. Өндөг түүхийрэх юмуу түлэгдэх эрсдэл бий. Тиймээс өндөг шарах хөтөлбөрийг зуух болгонд өөр, өөрөөр бичнэ. Тос халаахдаа 10 хором, өндөг хайрахдаа 3 хором, өндөг болгохдоо 8 хором гэх мэт. Зарим тохиолдолд агаарын хэм, чийгшил, даралт гэх мэт орчны нөлөөллийг тооцон нэмэлт арга хэмжээ авахыг үгүйсгэхгүй. Богино долгионы зууханд орчны хэлбэлзэл нөлөөлөхгүй. Товчхондоо, зуух болгон өөр, өөр мөрийн хөтөлбөртэй.
Яг өнцгөөс хөтөлбөр сийлнэ гэж хэлээд байгаа хэрэг. Хөтөлбөр нь тоноглолтойгоо салшгүй нягт холбоотой. Үүнийг англиар кодлоно гэж ярьдаг. Энэ жишээнээс ургуулан бодоод үз. Иймэрхүү тайлбарыг англи, эсвэл орос гэх мэт ямар нэгэн гадаад хэлээр унших нь ойлгомжтой юу, эсвэл эх хэлээрээ унших нь илүү ойлгомжтой юу?
Хөтөлбөрлөнө гэдэг нь сийлбэрлэхээс илүү өргөн ойлголт. Жишээ нь өндөг шарах хөтөлбөрийг арай өөрөөр, тосоо 30 хэмийн халуунаар 1 хором халааж, өндгөө 50 хэмийн халуунаар 10 хором хайраад 10 хэмийн халуунаар 5 хором болгоно гэхчлэн өөрчилж бас болно. Ингэсэн тохиолдолд энэ хөтөлбөрийг ямар тоноглол дээр хэрэгжүүлэх вэ гэдэг чухал биш. Хөтөлбөрт тодорхойлсон хэмийг мөрдөж л байвал ямар аргаар хэрэгжүүлэх нь падгүй. Нүүрс түлнэ үү, цахилгаан хэрэглэнэ үү, гэрлийн туяа ашиглана уу, хэрэгжүүлэгчийн дурын хэрэг. Тоноглолоос хамааралгүй болно.
Бүр цаашилбал заавал өндөг гэлтгүй мах, ногоо, жимс гэхчилэн юуг ч шарах чадвартай болгон энэ хөтөлбөрийг баяжуулж бас болно. Өгөгдлөөс, бүр тодруулбал өгөгдлийн төрлөөс хамааралгүй болно. Улам давраад зөвхөн шарах гэлтгүй чанах, жигнэх, хуурах зэрэг хос мэргэшсэн чадвартай болгож болно. Ажлын төрөл буюу ажилбараас хамааралгүй болно. Ажилбаруудаа хооронд нь угсраад төрөл бүрийн хоол хийх чадвартай болгон хөгжүүлэх боломж бас бий.
Хэрвээ загасны махыг өндөгтэй хамт идвэл хоолны хордлого болно. Энэ мэтийн харшлууд олон бий. Үүнээс зайлсхийхийн тулд өгөгдлийг харшлаас ангид ивээл ажилбаруудтай нь хамт нэг саванд хийж битүүмжилнэ. Ингэж битүүмжилсэн савыг тусагдахуун буюу обьект гэж нэрлэдэг. Уран зохиолын хэлээр бол зохиолын баатар буюу дүр. Гол дүр, туслах дүр, эерэг баатар, эсрэг баатар гээд ярьдаг шүү дээ. Үүнтэй яг адилхан. Хамгийн гол нь заавал мэргэжлийн гэлтгүй мэргэжлийн бус дурын хүн дурын хоол, хүсвэл цоо шинэ хоол ч хийх бололцоо үүснэ. Тусагдахуунуудыг хүссэнээрээ хооронд нь хольж хутгаж, угсарч эвлүүлж, залгаж салгаж болно. Нэг нэгэндээ ямар ч харшил өгөхгүй, бие биедээ ямар ч муу нөлөө үзүүлэхгүй.
Энд орчин үеийн хөтөлбөрлөлийн аргачлалуудаас дурдаж байна. Өгөгдлийн элдэв төрлүүд, ажилбар, тусагдахуун гэхчилэн хөтөлбөр бичихэд хэрэглэгдэх дэвшилтэд арга, хэрэгслэлүүд. Эндээс харвал, хөтөлбөрлөнө гэдэг нь хөтлөх, жолоодох, удирдах, залах, чиглүүлэх тухай асуудал огт биш. Сийлбэрлэнэ гэхээсээ илүү өөрчлөх, хувиргах, сайжруулах, боловсронгуй болгох тухай ойлголт.
Илэрхийлэх арга, хэлбэр нь өөр болохоос бус орчин үеийн хөтөлбөр, уран зохиол хоёр хоорондоо маш төстэй. Тиймээс бүх төрлийн хөтөлбөрүүдийг нийтэд нь туурвил гэж нэрлэлээ гэхэд ямар ч салаа утга, будилаан төөрөгдөл үүсэхгүй. Гол нь хэрэглэж занших асуудал бий. Мэргэжлийн үг, хэллэгүүдийг монголоор нь зөв оноож хэрэглээд явбал эх хэлээрээ ном унших нь харь хэлээр уншихаас хавьгүй дээр, илүү ойлгомжтой байх болов уу гэсэн санаа сэдэл өгөхийн тулд үүнийг тэрлэлээ. Үгийг буруу сонговол буруугаар ойлгох эрсдэл маш их бий. Үүнийг л анхаараарай. Миний хувьд бол орчуулга хийх цаг зав байхгүй. Мэргэжлийн багш, сургуулиуд үүнийг анхааралдаа авна биз. Та өөрөө ч энэ салбарын хүний хувьд энэ асуудлыг бодож явахад илүүдэхгүй бизээ. Жаахан буруу зүг явж буй мэт харагдаад тэсэлгүй үүнийг бичлээ.
үз:
http://en.wikipedia.org/wiki/Programming_paradigm
erka,
дэлгэрэнгүй олон сайхан санал үлдээсэнд баярлалаа. Таныг завгүй мөртлөө маньд заах зав гаргасанд many thanks :-) Бас давтахад үз, үз хэмээн тушаах үйлдэлээр харьцах сэтгэлгээнээс холдоод уджээ.
Мөн тэр сүүлд өөрийн тань буруу замаар яваад эхлэх гэж тодорхойлсоныг жаахан засварлавал эхлэх биш бүр удаж буй, угширсан бараг 20 гаран жил болж буй явдал дөө :-) Одоо засрахгүй зөрүүд этгээд болсон биз ээ, мань :-)
ҮЗ: гэхийн тухайд байнга харсаар байгаад бараг дасчээ, тэр тусмаа англиар see: гэсэн үгтэй байнга л тааралдах юм. Тушаал гэж яриад байхаар чинь юун тушаал яриад байгаа юм бол гайхаж байлаа, ийм учиртай байсан юм бий. Үүнийг асуудал болгож харахгүй байлгүй дээ. Надад л лав энэ үгийг хараад юм бодогдож байгаагүй. Үйл үг биш харин нэр үг гэж харагддаг.
Би хувьдаа нэр томъёоны асуудлыг мэргэжлийн хүмүүс нь ярих ёстой болов уу гэж боддог. Эрдэнэ бол мэдээлэлзүйн салбарын хүн биш. Computer гэж үг хэзээ хэрхэн үүссэн түүхийг мэдэхгүй. Хэзээ нэгэн цагт энэ түүхийг англиас монгол руу орчуулахад тооцуур гээд орчуулбал салаа утга үүсч болзошгүй. Хөтөлбөр бичихэд тооцох асуудал алхам тутам тулгарна. Орчин, нөхцөл, нөлөөлөл урьдчилан тооцохоос авахуулаад. Тооцоолол хийх асуудлыг тооц гэсэн язгууртай тооцуур гэдэг үгээр яриад эхэлбэл эргэлзээ үүснэ. Гэтэл үнэхээр урьдчилан тооцох үүрэгтэй төхөөрөмж бий болоод түүнийг нь тооцуур гэж нэрлэх хэрэгцээ гарвал яахав?
Хэн нэгэн хүн хэдэн сургууль төгссөн байна, хэдэн диплом авсан байна, хэдэн жил ажилласан байна гэх ч юмуу эсвэл хэдэн жил багшилсан байна гэдэг нэг асуудал. Үүнийг нэр томъёотой холбож ойлгох хэрэггүй боловуу гэж би бодож байна. Хамгийн найдвартай нь толь бичиг сөхөж хараад тухайн үг өөрийн агуулга, тайлбартайгаа нийцэж чадаж байна уу гэдгийг гүйлгэж хармаар. Бүр найдвартай нь орчуулга хийж үзэх. Угаасаа мэргэжлийн үг хэллэг, нэр томъёог жирийн хүн хараад ойлгохгүй. Үүнийг жирийн хүмүүс болон мэргэжлийн хүмүүст зориулан тайлбарласан тайллууд олон бий. Ийм тайлбаруудаас ганц, хоёрыг ч юмуу хэд хэдийг сугалж аваад монгол руу орчуулга хийгээд үзвэл утга нь алдагдаж байна уу гэдэг нь аяндаа мэдэгдэнэ.
Ийм мэдрэмж мэдэгдэх л юм бол шууд маргаад эхлэх хэрэгтэй. Тэр үгийг хэн бодож олсон нь чухал биш. Зөвхөн өөртэйгөө юмуу нэр томъёотой бус болж өгвөл олны дунд мэтгэлцээн үүсгэх. Ингэж байж юм зөв замдаа орно. Би аргачлал, зарчмын талаар яриад байна л даа. Анзаараад байхад манайхан эх сурвалж сайн ашиглахгүй байна. Тийм болохоор санаа аваасай гэдэг үүднээс ҮЗ гэсэн холбоос хэрэглэсэн юм.
Дахиад нэг санаа
Уямж гэдэг үг нь УЯ гэсэн язгууртай байна. Холбох, зангидах, нэгтгэх, хамрах, хамаатуулах гэхчилэн санаа байна. УЯН гэх үг нь өөрчлөмтгий, хувирамтгай, урвамтгай, цаашилбал зөөлөн гэсэн утгатай. Хэрвээ англи хэлэнд туурвил гэдэг үг байсан бол уян гэдэг үг хэрэглэхгүй байсан болов уу. Туурвил гэдэгтэй төстэй англи үг байхгүй. Тийм болохоор одоо дуу, киног хүртэл нэг төрлийн software гэж нэрлэж байна. Яваандаа ном зохиол, манайхны ярьдаг элдэв уран бүтээлүүдийг бас software гэж нэрлэх биз. Ийм хандлага хэдийнэ эхэлчихсэн. Яг энэ зарчмаар жишээ нь кино, ном зохиол, шүлэг найргийг уямж гэж хэлбэл ямар бол? Бүтээл туурвил гэж хэлбэл ямар байна?
Middleware, link, coupling, dependency гээд маш олон үг уях, холбох, нэгтгэх, зангидах, цаашлаад уян зөөлөн гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл уямж гэдэг үг маш олон салаа утгатай байж болохоор байна. Энд тэнд янз бүрийн өөр, өөр үгнүүдтэй утга давхцаж холион бантан хутгаж мэднэ. Гэтэл туурвил гэсэн үгэнд утга төөрөлдөх, давхцах асуудал гарахгүй. Туурвил гэдэг үгийг андуураад Бүтээл гэж хэлсэн ч утга нь хадуурахгүй. Харин уямж гэдэг үгийг жишээ нь middleware юмуу coupling гэдэг үгтэй андуурвал шал өөр утгатай болоод төөрнө. Хүмүүст ингэж төөрөлдөх магадлал маш өндөр.
Эцэст нь нэр томъёо оноох логикийн тухайд. Буруу зүйл хийх маш амархан. Жишээ нь буруу орчуулга хийлээ гэхэд үүнд нэг их хүч хөдөлмөр орохгүй. Харин буруу гэдгийг нь тайлбарлах амаргүй. Зөвхөн тооцоолуур, туурвил гэдэг хоёр үгээр жишээлэхэд би энд хэлэх үгнийхээ дөнгөж арав, хорин хувийг л хэллээ. Нууцлал, хамгаалал, зөвшөөрөл, эрх мэдлээс авахуулаад өөр олон өнцгөөс дүн шинжилгээ хийж болно.
Янз бүрийн өнцгөөс харахад утгын давхардал, хийдэл гарч байна уу гээд шинжих жишээтэй. Уямж гэдэг үгээр жишээлэхэд л маш олон үгтэй утга давхцах, утга шилжих гэх үү шилрэх гэхүү нэг тийм шинж төлөв шууд анзаарагдаж байна. Уул нь мэргэжлийн хүн бол шууд хараад л иймэрхүү давхцал, хийдлийг мэдрэх ёстой баймаар. Магадгүй салбар, салбарын хүмүүс мэтгэлцэх хэрэгтэй биз.
Миний хувьд тооцуур, уямж гэх мэт үгнүүдтэй ноцолдох, зууралдах шаардлага огт байхгүй. Ийм үг байсан, байгаагүй би өөрийн мэдэх зүйлээ мэднэ, ойлгох зүйлээ ойлгоно. Ямар ч будилаан байхгүй. Ямар ч төөрч хадуурах асуудал гарахгүй. Гагцхүү шинээр сурах хүмүүст л санаа зовж байна. Ялангуяа шинээр суралцагсад нэр томъёог англи, орос, монголоор нь харьцуулаад маргаан үүсгэж баймаар. Англи дээр ингэж тайлбарласаар байтал монголоор яагаад ингэж хэлээд байна, ингэх нь зөв үү, буруу юу гэх мэт. Эс тэгвэл ганц уншаад ойлгох зүйлийг хэд хэд дахин уншиж ойлгох, бүр ойлгохгүй хадуурч ч бас мэднэ. Үүнээс болоод хөдөлмөрийн бүтээмж эрс доошилж байгаагаа мэдэхгүй хэдэн жил ч өнгөрөөж болно. Хэрвээ үүнийг эртхэн ойлгосон бол энэ ажлыг тавхан минутын дотор хийх байжээ, гэтэл би хэдэн цаг, хэдэн өдөр зарцуулсан байдаг гээд хэдэн жилийн дараа харамсаад сууж байвал хэцүү еэ.
Нэр томъёог монголоор зөв орчуулаасай гэж хүсэх гол шалтгаан энэ. Ажил дээр хичнээн жилийн арвин баялаг туршлагатай байлаа гээд зөв онолгүй, зөв ойлголтгүй, зөв баримжаагүй бол хүч, хөдөлмөрөө хий дэмий баахан үрэхийн нэр болно. Хөндлөнгөөс харж байхад ийм явдал их л ажиглагдах юм.
Энэ мэт зүйлсийг эх хэлээрээ ярилцаж, мэтгэлцэж, тайлбарлаж байвал гадаад үг хэрэглэснээс хамаагүй дээр, хамаагүй ойлгомжтой гэж харагдаад байгаа юм. Энэ бол зөрүүдлэх, эс зөрүүдлэх тухай яриа огт биш. Төөрөгдөлтэй холбогдуулан хэлэхэд hard - hardware, soft - software гэсэн үгнүүд огт өөр утгатай өөр үгнүүд. Англи хэлэнд hard, soft гэсэн утгатай хэдэн арван үг бий, харин hardware, software гэсэн утгатай ойролцоо утгатай үг бараг л байхгүй болов уу. Оросууд техник хангамж, программ хангамж гэж хөрвүүлсэн нь нэлээд дөхөж очсон үг. Хэлбэрийг нь биш агуулгыг нь голлож байна. Ийм энгийн үгэн дээр будилахаар цаашаагаа мэргэжлийн нарийн үг, хэллэг яах вэ? Өөлөх үй олон шалтгаан байсаар байтал дуугаа хураан амаа хамхиад байвал хэрхэн урагшлан хөгжих билээ? Ингэж л хараасай.
Энд дахиад нэг холбоос тавилаа. Хэн нэгэнд хэрэг болох ямар нэгэн санаа оноо төрж юуны магад. Харь үгнээс аль болох зайлсхийх гэж оролдсон оролдлого байгаа юм.
үз:
http://helleg.blogspot.com/2011/10/blog-post_20.html
Post a Comment