Monday, October 31, 2011

Интернэт биднээс юуг нууж байна вэ?

Интернэтийг нээлттэй, бүх төрлийн мэдээлэл олж болдог, агуу их боломжтой бөгөөд дэлхийг харах уудам цонх, дэлхийд гарах үлэмж хаалга хэмээх ойлголтоор бид тодорхойлж хардаг. Гэтэл энэ үнэнд өнөөдөр энэ хир ойрхон бэ? Чөлөөтэй сэтгэх, санамсаргүй санаа, нээлт, мэдлэг олж авах, бүтээлч уран сэтгэмжээр хандах мэтийн ойлголтуудыг боогдуулсан үйл ажиллагаа энэ цаг үеийн Интернэтийн жинхэнэ төрх болжээ гэвэл уншигч та мэдээж санал зөрөх байх. Энэхүү блог бичлэгийг уншаад та нэгийг бодох биз ээ...

Арван жилийн тэртээ цахим өртөө сүлжээгээр “www 10 нас хvрлээ” хэмээн бичихдээ 1991 оны арван хоёрдугаар сарын 12 буюу яг өнөөдрөөс арван жилийн өмнө Stanford Linear Accelerator Center (SLAC) Америкийн хамгийн анхны веб сэрвэрийг ажиллуулсан талаар өгүүлж эхэлсэн имэйл илгээжээ. Тодруулбал, Интернэт жинхэнэ утгаараа нэг байгууллагын хэрэгцээнээс буюу Европт, Женев хотод байрлах European Organization for Nuclear Research (CERN) веб сэрвэрийн хүрээнээс хальж жинхэнэ world wide нэрдээ тохирохоор "дэлхийн" хэмжээний болсон өдгөөгөөс 20 жилийн өмнө ажээ. Тодруулбал, 40 гаруй хоногийн дараа Интернэтийн 20 жилийн ой болох ажээ.

Тээр жил цахим өртөөгөөр цахим худалдаа - коммэрс (commerce) нь интернетийн агуу боломжийг алга болгож “Бараг яг л телевиз шиг идэвхгүй эд” болгож хувиргасан талаар харамсан ярилцах зөвлөгөөн, яг тэр үеийн Интернэт - эдийн засгийн уналт нь сүлжээний жинхэнэ үнэ цэнийг үзүүлэх алтан боломж олгож буй хэмээн Интернэтийн пионерууд дүгнэсэн зэргийг бичиж байжээ. Тэгвэл одоо онлайн реклам сурталчилгаа саад болж, хувь хүн бүрд зохицуулан тохируулах нь нээлттэй байдлыг үгүйсгэнэ, удирдан чиглүүлсэн мэдээллээр хангах нь бүтээлч боломжуудыг хаана хэмээн дахиад шүүмжтэй өнцгөөс харчихлаа.

2009 оны арван хоёрдугаар сарын 4-ний өдөр Гүүгл корпорацын блогт нийтлэгдсэн зүйл тун цөөхөн хүний анхааралд өртжээ. Силикон Вээлий маягийн сүртэй хүчтэй зар гараагүй, хайлтын системийн долоо хоногийн тайлан болон Гүүглийн санхүүгийн уямжийн шинэчлэлийн тухай мэдээллийн дунд хавчуулсан сэндвич лугаа байсан бөлгөө. Би лав тухайн үедээ үүнийг анзаараагүй, олон хүн тоогоогүй боловч цөөн тооны мэргэжилтнүүд “хайлтын системийн хувьд хамгийн том огцом өөрчлөлт хийгдлээ”, ”тухайн хүний онцлогт тохируулсан хайлт хүн бүрт” зэргээр тэмдэглэж байсан аж.

Энэ өдрийн өглөөнөөс Гүүгл хүн бүрийн интернэтэд холбогдон нэвтрэхээс эхлээд хайлт хийх, үзэх унших гээд бүх мэдээллийг урьд өмнө орж үзэж байсан түүх, дуртай сэдэв, сайттай холбоод гэх мэтээр боломжит бүх талаар нийт тавин долоон шинж тэмдэг хэрэглэх болжээ. Та өөрийн тодорхой нэрийн холболтоос гарч (sign-out/logged-out) нэр нь үл мэдэгдэх байдлаар холбогдож байсан ч хамгийн боломжит магадлал өндөр байхаар таныг мөн хэмээн таамаглаж хэрэгцээт мэдээллээ цуглуулж, юунд дуртай, юу сонирхдог, ямар дадал заншилтай гээд өчнөөн олон зүйлээр таныг тодорхойлж чаддаг болох эхлэл бүрэн тавигдсан бөлгөө.

Хамгийн өргөн хэрэглээний, хамгийн олон сонгогдсон материалууд түрүүлж гарч ирдэг, хүн бүрд ижил харагддаг нөгөө алдарт хуудас эрэмбэлэх алгоритм (page rank algoritm) энэ мөчөөс алга болж, үйлчлэхээ больжээ. Өөр тооцуур дээр өөр найзынхаа дэлгэц дээрх үр дүнг яг ижил хугацаанд харьцуулан харахгүй бол анзаарагдахгүй энэ үйл явдал нь хүн бүрд өөр өөр үр дүн өөр өөр жагсаалт үзүүлдэг болсныг өдгөө биднээс мэддэг нь ховор. Товчоор тодруулбал, Гүүглийн стандарт гээч байхгүй болсон.

Туршилт хийж үзэхэд яг ижил үгээр хайлт хийгээд 180 сая үр дүнгийн жагсаалт гарч байхад өөр тооцуур дээр 139 сая үр дүн өөр дарааллаар гарч ирж байв. Эндээс харахад АНУ-д буюу үргэлж шинэ технологийн хүчтэй өөрчлөлт, инновацийн дунд байгаа нэгэн, Монголд байгаа технологийн инновацийн үр дүнг харж хэрэглэдэг хүний хооронд ямар ялгаа гарч тэд биеэ биеэ шууд ойлгох хэмжээнд хэр саад бий болох бол гээд бодоод үзээрэй.

Уол стрийт жорнал (World Street Journal) сэтгүүлийн судалгаагаар CNNээс эхлээд Yahoo тэгээд MSN мэтчилэн Интернэтийн толгой тавин сайт тус бүр дунджаар 64 күүки (cookie) суулгаж хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулдаг ажээ. Dictonary.com сайтыг би их хэрэглэдэг юм, гэтэл энэ сайтаар “depression” гэх ганц үг хайхад 223 күүкий суулгаж гуниг гутралыг эмчлэх талын мэдээллээр бөмбөгдөх вэбсайтуудад манийг дамжуулчих жишээтэй. ABC News-с үе үе санаанд таарсан хоолны жор их имэйлддэг маньд мөн Teflon сав суулга дандаа сурталчилдаг юм. Эндээс Интернэтийн өнөөгийн агуу бизнесүүд Гүүгл, Фэйсбүүк, Эппл, Майкрософт, Сэйлсфорс, АйБиЭм (энэ бүх газар монгол хүмүүс ажилладаг нь бас сонин тохиолдол шүү) бүгд хувь хүнийг чиглэн өрсөлдөж, хувь хүний мэдээлэл, үүнийг уншигч та тулааны гол цэг болжээ.

Дээр гүүглээр нэлээд жишээлсэн, ер нь гүүгл хэрэглэгчийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй, зөвхөн өөрсдөө хэрэглэнэ гэсэн баталгаа гаргаж өгч байгаа, ямартаа ч өнөөдөртөө. Гэтэл kayak.com болон тэдний AddThis үйлчилгээнээс авахуулаад чөлөөтэй хуваалцана гэх чиглэл маш их газар авлаа. BlueKai, Acxiom мэтчилэн мэдээллийн бизнесүүд хэрэглэгчийн хувийн асар их мэдээлэл цуглуулчихжээ. Жишээ нь, АНУ-н хүн амын 96%-ийн төлбөр зээлийн оноо мэдээллээс авахуулаад эмнэлэг, эмчилгээ, эрүүл мэндийн түүх гэхчлэн мэдээлэл хүн тус бүрээр 1500 гаруй үзүүлэлтээр бий болжээ. Эндээс “зан байдлын зах зээл” (behavior market) дээр тоглогчдын танаас хүлээх “click” дохио отох явдлыг улам хөгжүүлж буйн зах зухаас харах биз ээ.

Худалдан авагчийн хувийн сонирхол, хүсэл, хэрэгцээтэй холбоотой мэдээлэл цуглуулаад түүгээрээ тоглолт хийж элдэв бараа, үйлчилгээ санал болгон аль болох борлуулах зорилгыг Интернэт том бизнесүүдэд бий болгож байна. Amazon.com-ын худалдан авагчид мөн энэ талын мэдээллээр бялхаж буй. Худалдаж авсан ном, бараатай, үзэж сонирхсон зүйлтэй чинь холбоотой мэдээлэл, дараагийн худалдан авалт уруу чинь чиглэсэн маш олон үйл ажиллагааг амазоноос мэдэрдэг шүү дээ. Netflix видео түрээсийн 60 хувь нь хэрэглэгчийн хувийн сонирхолд чиглэсэн таамгуудын үр дүн байдаг ажээ.

Гүүгл, Амазон зэрэг нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулж, хүсэл сонирхлыг тодорхойлохдоо өнгөрсөн сонголтууд, сонирхон уншсан, үзсэн, худалдаж авсан мэдээлэл дээр үндэслэдэг. Харин фэйсбүүк өнгөрсөн түүхийг нь биш товшлуур – click тоолж, бас эргэн хүрээлсэн холбоотой хүмүүсээр баримжаалж, хаана юуг дуртай – like хийж байгаагаар баримжаалдаг ажээ.

НьюИорк таймс сонин news.me гээд шинэхэн эхлэн (start-up) бизнесийг дэмжиж хөрөнгөжүүлэн бидний уншиж сонирхож буй мэдээ, мэдээлэл, нийтлэл, санал сэтгэгдлийг түүнчлэн youtube дээрээс үзэж буй видеонуудын агуулгаар түүвэрлэн судалж бидний сонирхол, хүсэл мөрөөдлийг тодорхойлох оролдлого хүн тус бүрээр хийж байна.

Эцсийн хэрэглэгч буюу бидний хувьд дээр өгүүлсэн судалгаа, тоо бүгд юуг харуулж байна вэ гэхээр Интернэт дэх асар их мэдээллээс танд зориулсан шүүлтүүр бий болгож буй юм. 900,000 блог бичлэг, 50 сая жиргээ, фэйсбүүкийн 60 сая гаран статус апдэйт, 210 тэрбум имэйл өдөрт сүнгэнэж буй өнөө үед шүүлтүүр байх нь аргагүй биз ээ, гэхдээ шүүлтүүрийг хэн тодорхойлж байна вэ? Юу унших, юу үзэх, юуг худалдаж авах, юуг дэмжиж тэтгэх гээд олон зүйлийн шийдвэрийг гаргахад хамгийн түрүүнд хэн юу ямар аргаар нөлөөлж байна вэ? Савангийн хөөс мэт олон энэ их мэдээллийн шүүлтүүрийг та өөрөө хийдэг гэж санаж байна уу? Энэ мэт олон асуулт гарч болно, харин хариулт нь ердөө ганц – Та биш, Интернэт шүүлтүүр тавьж, шийдэж байна.

Шүүлтүүрийн талаар тодорхой жишээ дурдахад, Fox news эсвэл The Nation унших мэдээний шүүлтүүрээ та өөрөө зохицуулдаг гэж санах хэрэггүй. Та ердөө чиглэл гаргаж байгаа бөгөөд тэр дотор чинь юу байж, юуг нь эхэнд нь харуулж, юуг олдохгүй эсвэл залхаад олж үзэхгүйгээр тээр хол байрлуулахыг тэд шийднэ, та биш. Харин Монголд өнөөдөртөө Монгол Ньюсийн өнөөдөр сонин, Ньюс МН, Гого ньюс уншихад ингэхгүй байгаа ч Интернэтийн хөгжлийг дагавал хүн бүр ижил дэлгэц харахгүй мөч ойрхон байгаа биз ээ. Энэ нь технологи хэр хурдан нэвтэрч буй асуудал болохоос монголчууд хүний хувийн мэдээлэлд сонирхолгүй байгаа хэрэг биш биз ээ.

Өөрийн нэрээр холбогдохгүйгээр нэргүй буюу anonymous байдлаар Интернэтэд хандахад хэнийг ч танихгүй гэсэн байр суурь байдаг талаар өмнө хэдэнтээ дурдсан. Үнэндээ бол өдийд том акулууд өөрийг тань холбогдсон ч, нэргүйгээр нуугдсан ч шууд таних боломжтой чадвартай болчихсон юм. Гүүгл гэхэд бүх хэрэглэгчийн бүх хандалтыг алдаатай, буруу зөрүүгээс эхлээд санамсаргүй эсвэл санаатайгаар хамааралгүйгээр бүгдийг үг үсэг зассантай нь хадгалж байдаг. Нэгэнтээ Эрик Шмидт ийн хадгалсан өгөгдөл нь 2003 онд 5 тэрбум гигабайт болж байсан бол өдгөө ердөө хоёр өдөрт энэ хэмжээнд хүрсэн хэмээжээ.

Төр засаг мөн Интернэтээр бидэнтэй харьцаж байдаг, бидний сонирхол, дуртай мэдээлэл, аюулгүй байдал гээд олон талаар анхаарал тавьж байдаг ажээ. Нэг жишээ дурдахад, Эйти энд ти-гийн Сан Франциско хотод байрлах Интернэтийн холболтын гол төвөөр дамжих мэдээллийг хуулдаг өгөгдлийн төвийг үндэсний аюулгүй байдлын агентлаг (national security agency) ажиллуулдаг бөгөөд тэдний хамгийн гол асуудал нь өдгөө цахилгааны хангамж гэжээ. Ингээд 2014 онд шинэ цахилгаан станц ажилд оруулахад энэ асуудал бүрэн шийдэгдэхээр төсвийн зарцуулалтад тусгагдаж байна.

За ингээд өнөөгийн Интернэтийн биднээс нууж, ил тод бус байгаа зүйлсээс голчлон хувь хүний мэдээлэл цуглуулах, гол нь түүнийг хэрхэн яаж мэдэж байгаа, тэгээд хамгийн чухал нь түүгээрээ бидэнд нөлөөлж чадаж буйг олон жишээгээр илэрхийллээ. Нээрээ, өөрийг нь өөрөөс нь илүү сайн таньж, ойлгож, мэдэгдэхгүйгээр өөрт нь хамгийн их нөлөөлж чадаж буйд хэн дуртай байх бол?

Үүнээс гадна ингэж цаанаас нь их чиглүүлээд, бэлтгэж өгөөд, олж үзэх мэдээлэлд нь шүүлт тавиад байхаар хувь хүний serendipity буюу санамсаргүй нээлт хийх боломжийг хаадаг ажээ. Үнэхээр бэлэн хоолон дунд буй юм чинь өөрийн бүтээлч сэтгэлгээ алга болчих гээд байдаг талтай. Одоо хийж байгаа зүйлийнхээ яг үргэлжлэл, дараагийн алхам юу вэ гэдгийг Интернэт өөрт чинь хэлж өгөөд байвал амьдрал чинь хир сонирхолтой баймаар байна?

Мөн уншиж буйг чинь залаад, мэдэхээр сурахаар хөөцөлдөж буйг чинь урд чинь бэлэн буй мэт болгоод, сонирхолгүй мэт зүйлээс холдуулаад хэрэггүй мэт мэдээллийг төөрүүлээд өөрт чинь хүргэхгүй байгаа зэрэг нь үнэхээр тийм сайн зүйл үү, магадгүй нөгөө “тархиа угаалгана” гэгч болчхож буй санагдахгүй байна уу?

Энэ мэт олон зүйлийг Интернэт биднээсээ нэг л нуугаад байх шиг … товчхондоо, хөөсөн шүүлтүүр буюу the filter bubble гээч ойлголтын талаар бичлээ.

9 comments:

mootsoo said...

Сонирхолтой нийтлэл байна.
Сүүлийн дүгнэлт чинь байж болох ч хувьдаа санал тийм ч их нийлэхгүй нь.
Учир нь үүний хүчээр хүнд өөр илүү дутуу юм бодож цаг заваа үрэх бус, нэг зүйлдээ анхаарал хандуулах боломж бий болгох болов уу? Ингэснээр бүтээлч байдал нэмэгдэж, дэлхий ертөнцийн хөгжил бидний төсөөлөх ч үгүй хурдан явагдах байх.

gerel said...

Интернэт бидний амьдарч байгаа цахим талбар шүү дээ. Энд бараг ганц Гүүглээр хаашаа явах замаа заалгаж байгаа нь үнэн. Бас сайн өрсөлдөхүйц зам заах систем ч гарч ирэхийг үгүйсгэхгүй. Орон зай, цаг хугацаа, санхүүгийн саадыг багасгах, үгүй болгох боломжийг эндээс олж авч байгаа ч хувийн юм, нууц гэж яваандаа байхгүй болох шинжтэй.

sambuu said...

маш сонирхолтой байлаа

Anonymous said...

Gaihaltai bichleg.Jagdag ahdaa amjilt husiye. Iimerhuu l bichleg tanias udur bur husej huleej suudag shuu. Urgeljlel uur olon olon soniholtoi bichlegeer bidendee beleg bariarai

Unknown said...

Их гоё бичлэг байна. Баярлалаа.

Ben said...

Сонирхолтой, сайхан нийтлэл уншлаа. Зөндөө уншиж, судласны дүнд ийм нийтлэл гарч байгаа байх. Блокбастерийн эрин шувтарч, рекомендаци, зан хэвд суурилсан үе залгаж байгаа нь энэ юм болов уу. Сонин юм шүү. Дараагийн дугаартаа Жагдаг ах ямар зүйлсийн талаар нийтлэх бол оо? Хүлээж байя ;)

Anonymous said...

Ингэж бодож, эргэцүүлж байгаагүй юм байна. Чадах ч үгүй байх.
Маш их юм уншсан, мэдсэн% судалсан, эргэцүүлж ойлгох чадалтай хүн л бичсэн байх.
Танд баярлалаа.

Anonymous said...

Жагдаг ах гэнээ. NEWS.MN дээр чинийхээс авсан гээд http://argamag.blogspot.com/ гээд эх үүсвэрийг нь биччихсэн байдаг. гэтэл Жагдаг ах олохоор Тэдийг яриаг орчуулчаад эх үүсвэрээ бичихгүй өөрөө бичсэн юм шиг юм ярина түүгээр ч барахгүй гол хэсэгийг нь алдаатай ойлгоод зангилаа хэсгийг нь буруу гаргаад ирчихсэн байх жишээтэй. http://www.youtube.com/watch?v=bOE1HFEL8XA энэнээс ч болхноо сайн үз. Англи хэлээ сайжруул. "Хамгийн тэнэг хүсэл бол бусдад таалагдах"

Anonymous said...

bolomjtoi bol yahoo id gaa ogooch. lotus notesiin talaar asuuh zuil baigaa yumaa. bayarlalaa.