Tuesday, November 26, 2013

Алдаа онооны торгон мөчөөс сурахуй буюу Энтрэпрэнур болон инновац шинэ хичээл


МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн магистр оюутнууд болон залуу багш нарт Энтрэпрэнур болон инновац хичээлийг онлайнаар энэ удаа заахаар боллоо. Хамгийн анх тус сургуулийн оюутнуудад заасан эхний танилцуулах хичээлдээ ярьсан, хичээл яагаад заах болсноо блогтоо бичлэг болгосон бөлгөө ( http://argamag.blogspot.com/2011/10/blog-post.html линкээр үзэж болно.)

Өмнөх хичээлүүдээс нэлээд олон зүйл өөрчиллөө. Бакалавр оюутнуудад зориулсан үндсэн суурь ойлголт болон онол, нэр томъёоны хэсгүүдээс хасах, үндсэн сурах бичгийн хувьд хуучнаа хэрэглэж дээр нь монголоор орчуулагдсан хэдэн номыг нэмэлт уншлагаар оруулах, АНУ болон Цахиурын хөндийн жишээ болгосон бизнес хэргүүдтэй дүйх монгол бизнес, эдийн засгийн агуулга нэмж харьцуулах чигийг барилаа. Түүнчлэн өмнөх хичээлүүдэд оролцоогүй шинэ зочин багш урьж видео ярилцлага авч баяжууллаа.

Хичээл практик амьдралаас илүүтэй суралцах тул бизнесийн алдаа, онооны торгон мөчөөс юуг зааж сургаж болохыг хайж олох шинэ сорилтыг өмнө минь нээсэн тул гарчигт өгүүлснээр хичээлээ нэрлэж болмоор санагдсан бөлгөө. Ингээд анх хичээл эхлэхдээ асуулт хариулт өрнүүлж байсны жишгээр дахин асуулт хариулт блогдов.

Ямар төрлийн бизнесүүдээс суралцахад хамгийн сонирхолтой байх вэ?

Үнэндээ алдаа гаргаж байгаа, сүйрч дампуурч болох бизнесүүдээс маш ихийг сурч болдог ажээ. Өмнө нь ихэнхдээ амжилттай яваа өчнөөн олон бизнесүүдээс суралцах санаа, арга боломж хайдаг байлаа. Гэтэл хүндрэлд орох үе илүү сургамж өгдөг. Яаж хэрхэн шийдэж болж байна, хүндрэлээс хэрхэн гарч байна гээд зөндөө суралцах зүйл бий болдгоос гадна юуг хэрхэн хийж болдоггүй юм байна гэдгийг олж харах боломж бий болдог. АНУ дахь ийм бизнесийн сонгодог жишээгээр Энрон (Enron), Женерал Моторс (General Motors), Детройд хот (City of Detroid) зэргийг дурдаж, Монгол бизнес жишгийг бид хичээл дээрээ ярилцах, хэлэлцэх болно. Арван хэдхэн жилийн өмнө Энрон цоо шинэ хөгжлийг авчирч буйн жишээ болж байсан бол өдгөө огт байгаагүй мэт, хөрснөөс арчигдсан мэт сураггүй болжээ. Монголын хөрөнгийн биржийн компаниудын дээгүүр жагсаж байсан, 90-д онд компьютер болон электроникийн бүтээгдэхүүн угсарч, үйлдвэрлэж байсан Монел хаачив, юу тулгарав? Энэ бүгд юунаас болов, ямар сургамж өгөв? – энд болсон үйл явдлууд ахиж давтагдахгүй, хайгаад олдохгүй биз ээ.

Өөр ямар бараан бизнесийн жишээ хичээлд орж байгаа вэ?

Энтрэпрэнурын бүтэц зохион байгуулалтын талаар үзэхдээ ЮуБиЭсийн (UBS) том скандалаар барууны хөгжингүй зах зээлийн жишээ болгож шүүхийн шийдвэр хэрхэн нөлөөлдөг талаар авч үзнэ, мөн бусад зарим банкны үйл ажиллагаанаас жишээлнэ. Монгол жишээ болгон шүүхийн шийдвэр гарахаас өмнө мөрдөн байцаах шатанд олон бизнес эрхлэгчдийг удаан хугацаагаар хорьж байгаагийн сайн муу нөлөөний талаар хэлэлцэнэ. Юу буруу болов, ямар алдаа гарав гэдгийг тайлбарлах эдийн засгийн энгийн зарчмуудтай холбоотой бодит бизнес жишээнүүдийг олноор хамруулан үзнэ. Эдгээр зарчмууд хэчнээн гайхалтай болохыг тайлбарлахыг хичээнэ.

Тэгвэл амжилттай бизнесүүдээс юу сурч болох уу?

Агуу амжилт гаргаж буй технологийн бизнесүүдийн жишээ болох Гүүгл (Google), ЛинкэдИн(LinkedIn), Твитэр(Twitter) – хэрхэн орлого олж, ашиг үйлдвэрлэж буйг үзэж судлах үнэхээр сонирхолтой. Бараг сүйрч алга болохын даваан дээрээс хэрхэн сэргэн босож болохын тод жишээ бол Эппл (Apple). 100 гаран жилийн турш салбарынхаа, зах зээлийнхээ тэргүүнд яваа АйБиЭмийн (IBM) үндсэн гурван үнэт зүйл, түүнийгээ хэрхэн өдөр тутмын үйл ажиллагаа болгож буй чадвараас сурах зүйл маш их. ЭмСиЭс, Мобиком гэх мэт Монголын амжилттай яваа бизнесийн үйл ажиллагаанаас авах сурах зүйл их бий. Гэрэгэ партнерс, Нью медиа групп, БизНэтворк гэх мэт олон бизнес Монголын зах зээлд өөрсдийн орон зайг эзлэн тодорхой амжилтад хүрснээс сурч мэдэх зүйл их.

Оюутнуудаа хэн бэ гэдгийг товч тайлбарлавал

Урам зориг дүүрэн, маш их идэвхтэй, зааж бас өөрөө суралцаж хамтран ярилцахад үнэхээр хөгжилтэй хүмүүс.

Яагаад?

Тэднийг өөдөө түлхэх тутам тэд бүр илүү их эерэг хүч үүсгэн бий болгодог. Товчдоо, физикийн энерги хадгалагдах энгийн хууль биелэгдэхийг хардаг. Хичээлдээ бэлтгэж би маш их хөдөлмөрлөдөг, энэ таван асуултыг хариулах гэж бичих гэж үнэхээр их хөдөлмөрлөсөн. Миний зүгээс байнга хөдөлж кинетик энерги ихээр зарцуулдаг, оюутнуудад үүнтэй тэнцэх потенциал энерги үргэлж байдаг. Энергийн энэ шилжилтээс их ажил бүтэж эдийн засагт, хувь хүний амьдралд эерэг нөлөө гарна гэж итгэдэг. Итгэлийг ажил туршлага болгон хувиргадаг, манай оюутнууд. Дээр нь нэг зүйл нэмэхэд оюутнууд миний [монгли] хошигнолыг яагаад ч юм ойлгоод, хүлээж аваад байдаг нь ер бус гэж болно.


* (Тодруулбал, монгли гэдэг нь монгол англи гэдгийн товчлол бөгөөд бибээр эндээ өдөр тутмын ажлын найз нөхдөдөө my [Monglish] sense of humor хэмээдэг юм. Monglish = Mongolian + English)

Saturday, June 1, 2013

Манайхан Америкт: Хөлбөмбөгийнхөн (8-13хуудас)

Хэдхэн хоногийн өмнө АНУ-н нийслэл Вашингтон хотноо Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах наймдугаар тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Чикагогийн баг гуравдахиа түрүүлж аваргын цомыг мөнхөд хадгалан авч үлдэхээр болжээ. Олон жил ширэн бөмбөгөөр нөхөрлөсөн андууд минь өнөөхөө хөөж, тэмцэн уралдаж, хөгжилдөн баясаж явахад бибээр хойшлуулашгүй хувийн чухал асуудлаар оршин суугаа хотдоо хэд хоног догдлон суув. Ингээд хөлбөмбөгчин найзууддаа болон блог уишигчиддаа ноднин бичилцсэн номын хэсгээс хуваальцья...

Зохиогчдын тухай


Аливаа номын зохиогчийн тухай товч өгүүлэх нь тухайн бүтээлийн утга санаа, чанар чансаа, сэдэв сонирхол гээд олон зүйлийн бодрол уншигчид төрөх боломжийг бүрдүүлдэг талтай. Энэ удаа бичгийн талын боловсрол, туршлага, мэдлэг хамгийн нимгэн нэгэнд энэ чухал үүрэг таарчихжээ. Тэгээд яах вэ дээ, ямар энд тэндээс хуулаад жагсаачихсан техникийн тодорхойлолт эсвэл ажлын намтар зохиомолтой биш, өөрийн санаанд төсөөлөгдөж буйгаар энгийн нэгэн бичлэг гэхдээ жаахан нөхөрсөг хошин шогийн аястай өгүүлэхээр шийдэв.

Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж нэгэнтээ “Зуны халуунд бөмбөг өшиглөн тоос шороо манаргаж, өвлийн хүйтэнд хоккей тоглож цас мөсөн дээр өнжөөд үдшийн бүрийгээр гэрийн бараа харж явсан дал наяд оны Улаанбаатарын халтар жаалууд бид бүгдээрээ спортын хэнээтнүүд” хэмээн ихэд оновчтой хэлсэн байдаг. Тийм ээ, номын зохиогч бид гурав яг энэ үеийнхэн. Ялгаатай нь манай хоёр циркийн хажуугийн байранд амьдарч өсөх наснаасаа Зико, Зофф, Бэкэнбаурын найзууд, Бразил, Герман, Итали, Францаар тэнэсэн шиг хотын төвд шороо, цемент дээр ширэн бөмбөг ширүүхэн хөөсөн шиг байсан бол би бээр хотын захад хашаанд өсөнгөө Ногоон нуурын намаг дээр хальтарч, хий өшиглөж, заримдаа дэгээ ороолгуулж, за ер нь яаж унасан зөөлхөн газардаж ширэн, резинэн, заримдаа бүр даавуун бөмбөг элдэж, Пелегээс өөр танилгүй Америкийн сармагчин, Английн хорио мэтийн домгоос хэтрэлгүйгээр хөлбөмбөг хэмээх агуу ертөнцөд хөл тавьсан шигээ байжээ.

Зохиогчдоо нэг нэгээр нь танилцуулахгүй өдий хүртэл бид гээд байгаа нь бас учиртай. Оюутан болж алсыг зорин “Хээрийн галуу нисэн үл хүрэх Сибирийн хүйтнээс эрдэм өвөртөлж ирэхээр” одтолоо аав ээжтэйгээ нэг гудамжинд, хашаанд, нэг гэрт, нэг байшинд, нэг өрөөнд цуг байх аз тохиосон надад давхар од гийсэн нь эмээ өвөөгийнхөө өврөөс гаралгүй эгэл амьдралын их сургуулийн алтан босгыг анхлан алхсан бөлгөө. Эмээ өвөө минь нэг зүйлд санал нэгдэж, нэг зүйлд ихэд маргадаг байж билээ. Санал нэгддэг нь, хүнтэй сайн танилц, зүгээр танилцаад зогсохгүй өөртэйгөө хамт яваа нэгнийг өрөөл бусдад танилцуул гэх. Харин зөрдөг нь, өөрийгөө эхэлж танилцуулах уу эсвэл эхлээд цуг яваа нөхдөө танилцуулах уу гэх асуудал юм. Өөрийгөө эхэлж танилцуулаад цуг яваа андуудаа танилцуулах нь эхлээд өөрөө танил болж байж өрөөлийг танилцуулах эрхтэй болно хэмээн тайлбарлагдана. Маргаж буй нь юун сагсуу, ойворгон юм өөрөөсөө эхлээд, олигтойхон хүн өрөөл бусдыг эхэлж боддог юм гэх. Энэ удаадаа уншигч авхайн өмнө өөдгүй царайлаад өөрөөсөө эхэлчихье дээ. Нэрсийн цагаан толгойн дарааллаар бас ингэж таарах ч юм байна.


Эрхэмбаярын Жагдагдорж

Спортын Таван цагариг сонины анхны дугаарыг бэлтгэж, Толя ахын зурсан сонины толгойг янзалж суух гэх мэт тээр жилийн явдал юм даа, Олимпийн хорооны Ото-той анх танилцаж байх үед нээг их олон хүн хөлбөмбөг ярьж билээ. Бид нэг тэмцээн сонингууд дотроо хиймээр ч болсон бил үү, ямар төрлөөр үзэлцэх үү гээд эхэлсэн яриа хөлбөмбөг уруу халтирахад Ото гэнэт “За, Жагдаг аль багийг дэмждэг вэ?” гэж асуухад торолгүй “Швейцар” гэтэл “Хм, тэгж л таараа, за чиний хөлбөмбөгийн мэдлэгийн төвшинг тогтоочихлоо. Чи нэг “тийм” хөлбөмбөгчин юм байна, мэдлээ” гээд инээж билээ. Хөлбөмбөг огт мэдэхгүй юм байна гэж тодорхойлж буй хэрэг, 90-д оны дунд гэхээр аргагүй дээ, дэлхийн аваргын “отборочный” даваад шигшээ тоглолтод явдаггүй багийн фэн байх даа яах вэ дээ. Хөлбөмбөгт хоккейн оноогоор хожигддог баг байж шүү дээ тэр үед, юун өнөөгийн дэлхийд 18д эрэмбэлэгдэж, дэлхийн шилдэг 32т удаа дараа шалгаран дэлхийн цол хүч үзгээ группээсээ шалгарчихдаг, нутаг дээрээ Европын аварга зохион байгуулдаг гэх мэт амжилттай баг билээ. Тэр үед зүүд мөрөөдөлд хүртэл ийм зураг харагдаагүй байсан үе.
Арван жилд байхад бид цаасан дээр хөлбөмбөг бас тоглоно оо. Дөрвөлжин шугамтай цаасан дээр гурав гурван нүдээр нүүнэ, өрсөлдөгчөө нүүдэлгүй мад болговол зургаан нүдээр цохилт хийнэ. Ингээд хүүхэд бүр нэг баг авна, тэрийгээ өмчилчхөөд бас хуваалцахгүй ээ. Гайгүй сайн нэр хүндтэй багууд мэдээж эхлээд дуусна, тэр бүр аливаад би би гээд эхэнд нь гүйхгүй бас булаацалдаж маргаад байхгүй, юманд жаахан хойрго хандаж сүүл мушгих надад яаж сайн баг үлдэх билээ, улаан дэвсгэртэй цагаан нэмэх тэмдэг надад хуваарилагдсан нь тэр. Болоогүй ээ бас хөлбөмбөгийн боссууд манайд амьдардаг болохоор хэрэндээ би их догь. ФИФА-г мэдэх үү, Ньонд УЕФА байдаг ш дээ, Цюрих хотоос зохицуулна аа гэх мэт болно.

1986 оны дэлхийн аваргаас эхлээд цэнхэр дэлгэцээс салахаа байж, гарсан тоглолт бүрийг үзэж, тоглогчдыг нэрээр нь таньж, цэц булаалдан таамаг дэвшүүлж мэтээр хөлбөмбөгийн амьдралаар бүрэн амьсгалж эхэлсэн юм. Сонинд хэвлэгдсэн мэдээллийн хөтөлбөрт тусгагдаагүй ч, шөнө дөлөөр Оросын ямар сувгаар хэзээ хэн тоглохыг тагнаж мэднэ. Сансар хорооллын орос мэргэжилтнүүд, цэргийн ангийн ТВ сувгаас барих гэж байшин дээрээ их өндөр антен босгож билээ. Төв шуудангаар өдөр бүр эргэлдэнэ. Футбол и хоккей, Советский спорт сонингийн бүх дугаарыг худалдаж аваад, элэгдтэл нь эргүүлнэ, дамжуулж уншина. Эндээс Оросын телевизээр хэдэн цагт аль сувгаар юу гарах хуваарийг Москвагийн цагаар мэдээд авна. Тэгээд шөнө дөлөөр нөгөө муу гар аргаар хийсэн антенаа эргүүлж өгнө дөө. Хүүхдүүд их асууна аа, хуваарь юу билээ, за урд шөнө юу гарав, барьж үзэв үү, яав ийв, юу болов ... заримдаа зохиож залаад долоо хоногийн дараа хэвлэл ирэхээр баригдаж баларна. ТВ, антен гээд техник сэтгэлгээ задарч байна гээд муу аав минь бүр баяртайгаар дэмжинэ, хэрэгтэй хэрэггүй сэлбэг деталь, Юный Техника сэтгүүл элдэв зүйл авчирч өгдөгсөн.

Кэпш, Стадиум, Панорама зэрэг хэвлэлүүд Улаанбаатарт цөөн ирдгээс олж авах гэж өрсөлдөнө. Шилдэг баг, тамирчдын зураг хөрөг гарахаар нь үнэ хүргэж зарах гэж байгаа нь тэр. Хөлбөмбөгийн багууд, тамирчдын зураг хамгийн их үнэд орох дээр нь зүгээр зураг зарна гээд зогсож байх биш тэр багийн, тамирчны, ер нь улсууд бага мэдэх үзэж хараагүй тоглолтын талаар мэдлэг ихтэй байвал найраа түргэн бас илүү үнэд хүрнэ. Өнөөгийн бизнесийн ойлголтоор бол нэмэгдүүлсэн өртөг шингээсэн бараа бүтээгдэхүүн болж буй юм уу даа. Капиталист арга ухаанд өөрсдөө мэдэлгүй, чимээгүйхэн суралцаад байсан байгаа юм, хөлбөмбөгийн хүчээр.

Орос хэвлэл их уншиж, орос мэдээлэл түлхүү авсных юм уу, тэр үеийн ЗХУ-ын багийг их дэмждэг байлаа. Дасаев, Чивадзе, Сулаквелидзе, Блохин, Хидятулин гээд хуучин ЗХУ шүтээн олонтой. Клубүүдээс бол Динамо Тбилисийн фэн байсан ч баг маань тэгс гээд жаал унтарчихсан, харин оюутан болоод Спартакийг чамгүй дэмжиж билээ, гэхдээ үе үе эсрэг багийг балиашиглана аа. Улсын шигшээ Лобановскийн хүүхдүүдээр дүүрээд Динамо Киев, улсын шигшээ хооронд ялгаагүй юм шиг болоод ирэхээр эсэргүүцэж буй нь тэр. Москва орохоороо Олимпийский стадионд тоглолт үзэх үнэхээр сайхан. Нэг удаа найзуудынхаа хамтаар Спартак Румыны Стяуагийн тоглолтыг үзэж байхдаа Спартакийн үе үеийн тоглогчид, Оросын шигшээгийн талаар ярьсаар хажууд суугаа оросуудтай сайхан танилцаж, гялгар уутлаад бариад ороод ирсэн гоожуурын пивоор дайлуулж билээ. Гэхдээ Спартакийгаа биш Румынуудыг дэмжин орилж суухдаа тэр хавьдаа бараг ганцаар бархирч сууж билээ. Тоглолт 2:0 болж “манайхан” илт давуу болтол оросууд нөгөө гоожуураа хуваалцахаа байгаад бүр илт уурлаад ирэв. Тэгтэл гэнэт хоёр туйпуу нисэж ирэхийг үл мэдэн хөөрч суутал шинэ орос найзууд цуг явсан нөхдүүдэд “Наадахыгаа одоо жаахан дагуу чимээгүй болгоо, бид сайхан танилцсан улс, энэ залууг сайн ойлгож байна, гэхдээ хаана юу үзэж байгаа билээ, бодож биеэ авч яв гээд зүгээр зөвлөж байна. Адаглаад энэ тоосго энээ тэр нь байндаа бус бидэн дээр буучихвал...” гэж билээ. Одоо санахад хөлбөмбөгт санаа сэтгэлээ өгөөд юун амь нас болох үе бас таардаг ажээ.

Бичээд санаад байвал олон сайхан дурдатхал буух, гэхдээ эхлэл нь нэг иймэрхүү. Жаал Оросуудыг жишээлж дээ, бусдаас ялгарах өөрийн бодлоо илэрхийлсэн нь энэ. Ер нь бол бусдын ижлээр Марадонад биширч, Платиниг шүтэж, Гранчигийн тухай номыг тэврэн унтаж, Соратесийг финалтаас алдаж Бразил Францад хожигдоход доголон нулимстай ТВ ширтэж, Зикогийн бэртлийг эдгэрэхийг сэтгэл догдлон хүлээж, Францын Фернандэс бараг голын шугамаас маш хүчтэй цохиж гоол хийхэд хашхиран босож, Ван Бастэн Гүллит нарын уран тоглолтыг ам мэдэн бурж, ангийнхандаа болон оюутан цагийн андууддаа “манай Шумайхар” хэмээн нэрлүүлж явжээ.

Мягмарын Саруул-Эрдэнэ

Энд тэнд Германы баг тоглож байхыг хараад, хар улаан шар алаг туг үзээд, хар захтай улаан эгэмтэй шар ташаатай цагаан фудволка бүхий тамирчид хараад хамгийн түрүүнд М.Саруул-Эрдэнийн төрх буудаг юм. Даяар Монгол онлайнд хамтран зүтгэдэг андыгаа ийн Германы үнэнч фэнээр төсөөлж суухад үнэхээр Германаас өөр үг амнаас нь унадаггүй, хожигдож байсан ч Герман гэх анд минь Саруул бөлгөө. Саяхан хүртэл Америк дахь Монголчуудын хөлбөмбөгийн удирдах зөвлөлд Германы фракц байгуулая хэмээн уриалж суусан хүн нь Саруул юм.

Саруултай анх оюутан байхдаа танилцсан юм, гэхдээ эчнээ танилцсан гэж болно. Саруулын хоёр ахтай танилцан нөхөрлөж, алаг бөмбөг эргүүлэн хөөлцөж, олонтаа цугтаа “поезд тосож”, зах гарч байжээ. Советский спорт, Футбол/Хоккей, Спорт экспрессийн олон ч дугаар дамжуулж уншсан, цөөнгүй Жегуловский хуваан хүртсэн юм. Оюутан цагийн дотны анд агсан Соёлоо маань уншсан сонин хэвлэлийг эвтэйхэн эвхээд хураадаг сан. Нутаг илгээж орчуулагчид явуулахаар хадгалж буй нь тэр. Спортын улаан орчуулагч нь манай Саруул юм. Эчнээ танил бид хоёр хожим Америкт ирж нүүр тулж уулзан нөхөрлөж, гэр орноор орж гардаг андууд болжээ.

Нийслэл Вашингтон хот орчмоо ажиллаж амьдардаг, тэр орчмын Монголчуудын хөлбөмбөгийн лигийн идэвхтэй тоглогчдын нэг, олон ч удаа хамгийн олон бөмбөг оруулсан шилдэг мэргэн буучаар шалгарсан манай Саруулыг ДиСигийн багт тоглодоггүй гэхээр олон хүн гайхдаг байх. Муж дундын гэх, хааяа тоглоом шоглоомоор гологдогсодын гэх, гоёор бол “Нэгдсэн Монгол” буюу МонЮнайтэд багийг анхлан байгуулалцаж Америкийн Монголчуудын тэмцээнд хүч үздэг нэгэн билээ. Мужийнхаа багт багтаагүй ч биш, тэр үед ДиСид биш Индиана мужийн Блүүмингтон хотноо суралцаж байсан тул яах аргагүй Мон-Юнайтэд баг мөн юм. Товчдоо, яах вэ өмнө өгүүлсэн Германы урваагүй фэн Зико лугаа Нэгдсэн Монгол багийн ДиСи дэх “тагнуул” гэх юм уу даа. Америкийн аваргаар ийм болохоос бусад энгийн үед ДиСигийнхээ лигэд хүч үзэж бүр өөрийн Соёмбо багийг зохион байгуулж, спонсорлож, тамирчин рэкрүүт
амжуулж, хамаг гоолыг нь хүртэл хийдэг гэж байгаа. Хүүдээ бас гайгүй багш шиг билээ, энд тэнд дагуулж авчраад их тоглоно оо. Ноднин Чикагод болсон зургадугаар аваргаар хүүгээ дагуулаад ирсэн, Мон- Юнайтэд багтаа хүчин зүтгэж байсан. Саяхан хэдхэн сарын өмнө манай энд, Мизури мужийн Сэнт Лоуйс хотноо зохиогдсон америкийн Монголчуудын заалны хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнд мөн л хүүгээ дагуулаад медалийн ногт ганзагалаад ирэхээр төлөвлөсөн ч амжаагүй юм.

Нэмж тодруулахад Америкийн Монголчуудын хөлбөмбөгийг Америкийн Монгол туургатны болгож өргөтгөх гол санаачлагч, манлайлагч нь манай Саруул бөлгөө. ДиСигийн тэмцээнд халимагуудыг анх урьж тоглуулаад хариутай аваргаа алдчихаагүй ч, “Орос школоор тоглодог халимагуудад хожигдохгүй юм байна өө” гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн гэж байгаа. Тэгээд НьюЖэрсид болсон халимагуудын хоёрын зэрэг тэмцээнд баг “зодоглуулсан” эр ээ. Энд тэнд алаг бөмбөгөө хөөнгөө “өвөрлөгч нар бас гайгүй тоглож байна шүү”, “энэ буриадууд байхгүй юу”, “хөөе, энэ залууг таних уу, хазара ш дээ” гээд хээв нэг инээгээд мөрлөн зогсох нь нэг л сүртэй, улс аймгийн цолтой том бөх засуулынхаа дэргэд буй мэт. Ийн Монгол туургатны болгон хөгжүүлж дэвшүүлж чадаж буй гол хүч нь мань хүн өөрийн мэргэжил сонирхол болох монгол хэл, монгол судлал, монгол соёлоо спорттой хамт зөв сайхнаар зохицуулж амттайхан холимог хуурга хийж чадаж буйд юм. Эндээс манай хүнийг их чадварлаг “тогооч” гээд тодорхойлж болмоор...

Саруулын ухааныг тодорхойл гэвэл бас нэртэйгээ ижил гэж болно. Ялангуяа хошин өнгө гаргахдаа үнэхээр агуу. Аливаа хүнд хэцүү бэрхшээл сорил бүхий асуултыг хөнгөхөн аргалаад гараад явчихад гайхах зүйл огт үгүй. Жишээлбэл, “Чи одоо монгол бичиг, хөлбөмбөг, Нараа гурваас хамгийн чухал нэгийг нь сонго” гэхэд огтоохон торолгүй “Монгол заншлаар бол тоо чинь гурваас эхэлдэг гэж байгаа. Ертөнцийн гурав гэдэг шүү дээ, гурав гурваараа цогц тоолол үүсгэдэг байхгүй юу. Эрдэнэ гуай хэлдэг ш дээ. Эртний монголчууд нэгийг тоо гэж үздэггүй. Нэг юм гэж огт үгүй, заавал хосолж байж биеэ биеэ нөхнө. Хос гээд хоёр ч бас тооллын эх биш, гурав болж байж нэг цул болж тооллын эх болно. Тэгэхлээр наад гурваа салгалгүй цогцоор нь миний хамгийн гээд бодчих” гэх маягийн хариу барьчих хүн дээ.

Цэрэнсодномын Энхтүвшин

Бидний нэрлэж заншсанаар ФРГ буюу Холбооны Германы шигшээ багийг даган баясаж, Европын аваргыг авч өгснөө гэнэт санаа буцаж, дахин хувиршгүйгээр, эргэж буцалтгүйгээр Бразил гэх болж үүрдийн үнэнч фэнээр тодорч бүтэн 13 жил дэлхийн аварга цол зүүдэлсэн спортын “өвчтөн” бол манай Түвшээ билээ. “Замбуулингийн наран дор зах хязгааргүй тархсан, хамгийн түгээмэл өвчтөн бол спортын хорхойтон бөлгөө. Би тэдний нэг ээ” хэмээн омог бардам зарлан тунхагласан, хэдийд халдвар туссанаа хэлж бол мэдэхгүй гэж өөрөө өөрийгөө оношилсон гэж байгаа. Тэгэхээр бас гайгүй онош тавьчихдаг эмч ч юм шиг байгаа юм.

Тээр жил, Ардын эрх сонинд ажиллаж байхдаа Түвшээтэй танилцаж билээ. Нэг их олон сонингуудын эх бэлтгэдэг байх үед нэг оюутан залуу спортын сонин гаргаж байна гээд эхээ бэлтгүүлэхээр ирсэн юм. Тэр үед мань мэтээр эхээ бэлтгүүлэх олон алаг, адал явдалт, шар гэх сонингууд ирдэг байснаас харьцангуй хямдаар хийж өгөхийг зааварчлаад эрхэлж байгаа залуутай нь жаал ярилцлаа. Спортын тухай л бичих хүсэл сонирхолтой, түүнээс сонингоороо мөнгө олох нь юу л бол гэх. Тэр үед манай сонины бараг өглөө бүрийн ярианд спортын сэдвээр сайн бичдэг хүн олох тухай яригддаг байсан бөгөөд тэнд элдэв тайлан тавьдаг Ц.Батбаатарт гайгүй хүүхдүүд байх шиг байна, оюутан гэнэ, бэлтгүүлсэн эхээ авахаар ирэхэд нь уулзуулъя гэлээ. Мэдээж үүний өмнө сонины эхээс материалуудыг нь уншиж үзээд бас ч гайгүй бичлэгүүд байгааг анзааралгүй яахав. Ингээд ТЦ-н өрөөнд дагуулж орсон оюутан хүүтэй хожим сайн анд болох нээ сэтгүүл зүйн ангийн буюу мэргэжлийн сэтгүүлч, насаар бол маниас хоёр ах “бацаан” байсан нь сэтгүүлч, спортын мастер Ц.Энхтүвшин байлаа.
Таван цагаригт сурвалжлагчаар орсон Түвшээ маань Монголын шинэ цагийн спортын сэтгүүл зүйд эргэж харагдахуйц түүх, туршлага, мөр гаргаж хариуцлагатай нарийн бичгийн дарга, ерөнхий эрхлэгчээр ажиллаж, өдгөө үзэг цаас нийлүүлэн, вэб сайт эрхлэн Америкийн Монголчуудыг спортын амьдралтай, Монгол эх орноо Америкийн болон дэлхийн спортын мэдээтэй холбох эрхэм үүргийг гүйцэтгэн сурвалжилсаар, бичсээр, ном хэвлүүлсээр, спортын оргил болсон алдарт тамирчдын тухай ном орчуулсаар, уран бүтээлээ туурвисаар байна.

Түвшээ маань сэтгүүлч төдийгүй маш сайн тамирчин, хөлбөмбөгийн спортын мастер хүн. Өдгөө бол Америкийн Монголчуудын түүхэнд спортын манлайлагч болж чадаж буй нэгэн. Түвшээг анх Калифорнид нүүж очиход алаг бөмбөг хөөх эрс тун цөөхөн байж, Америкийн Монголчуудын удаа дараагийн тэмцээнд Колорадогийн Алтан бөмбөг багт зүтгэжээ. Тэгээд нарлаг Калифорнид Монголчуудын хөлбөмбөг хөгжүүлэх үйлсэд эргэж буцалтгүй зүтгэж яг л цорын ганц Бразилийн алтан балиашиг болсон шигээ сэтгэл хувиралгүй Бэй Эйриачин болжээ. Өдгөө тэр хавийн Монголчууд 6-8 баг торолгүй гаргаж, жилийн дөрвөн улирлын үйл ажиллагаатай тэмцээн уралдаан хийж, лиг маягийн зохион байгуулалтад орсон нь Түвшээгийн санаачилга, манлайлал, зүтгэлийн үр дүн юм.

“Анх хүмүүсийг тоглуулах гэж сүйд болдог байсан. Амралтын өдөр нь гадаа нь очиж сигналдаж сэрээнэ, гарч ирэхгүй бол ойр орчмынхон нь эгдүүцэж уурлах хүртэл нь чимээ шуугиан болж дуудна. Заримдаа загнаж зандарна, заримдаа гуйж, адаглаад эрүүл мэндэд чинь хэрэгтэй гэж сэхээрүүлнэ. Бүр мах зах шарж хоолоор дуудаж даллах үе зөндөө байсан. Одоо бол талбайд ирснийг нь бараг хөөгөөд явахгүй хэмжээнд хүрсэн шүү. Энэ бүгд Түвшээгийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн” хэмээн Бэй Айриагийн Монголчуудын холбооны Болдбаатарын ярихад муу найзаараа бахархах сэтгэл төрж билээ.

Номын нэг зохиогч Саруул маань андынхаа талаар “Өгөөмөр сайхан сэтгэлтэй, өөрөө мэддэг, хичээллэдэг, бас уран хошин бичлэгтэй Ц.Энхтүвшиндээ сэтгэл туйлаас хангалуун” гэж дүгнэсэн байдаг.

Monday, May 20, 2013

Америк дахь Монголчуудын амьдрал, Монгол коммунитийн хөгжлийн багаахан хэсгээс өгүүлэхүй

Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн амарга шалгаруулах наймдугаар тэмцээн болоход ердөө тав хоног үлджээ. Ингээд ноднин хэвлэлээс гарсан "Манайхан Америкт: Хөлбөмбөгийнхөн" номын оршил болгон бичсэнээ блогдое...

Америкийн Монголчууд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээ зохиосоор, Вашингтон Ди Си, Дэнвэр, Чикаго, Сан Франциско хотуудад ээлж дараалан, заримд нь бүр давтан болсоор, энэ жил алдарт Лас Вегас хотноо буухиалах гэж байна. Америкийн булан бүрээс тэр байтугай бүр элгэн нутаг Монголоос, будант Альбионоос, алдарт Бонноос ирж цуглах энэ тэмцээнд нутаг нэгтнүүд маань тасралтгүй тэгээд долоон удаа тэмцэлдсэн гэхээр тамирчин, баг, хөлбөмбөгийнхний гэр бүлийнхэн, үзэгч хөгжөөн дэмжигч, санхүүгийн болон үйл ажиллагаагаар ивээн тэтгэгч гээд маш олон хүний хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн үйл ажиллагаа болох нь мэдрэгдэнэ.

Америкийн хөлбөмбөгчид гэхээр ер нь жилдээ нэг удаа болдог тэмцээнээр зогсохгүй нутаг нэгтнүүд олноор суурьшдаг хот муж тус бүрээр байнгын үйл ажиллагаатай лиг маягийн зохион байгуулалтад орж ширэн бөмбөгөө тогтмол элдэж байдаг юм. Тэд хэдийнээс хэрхэн хөлбөмбөгтэй нөхөрлөсөн, хэрхэн нийлж нэгдэж ямар тэмцээн уралдаан болсон талаар Америкийн Монголчууд сонин, Даяар Монгол, Замдаан, Мэдээлэл, Орлоо гэх мэт Америкийн монголчуудын мэдээллийн хэрэгслүүдээр түүх болон бичигдэж үлдсэн байдаг бөлгөө.
Цаг хугацаа, он жил гялалзан одох цагийн эргэлтэд бөмбөгөө ч хөөж, ажил амьдралаа ч амжуулах зуураа үзэг барьж үг холбон, өндийн дээшилж, боловсрон хөгжиж явдаг, өмнө дурдсан сайтууд дахь нийтлэл, бичлэгийн эздийн хамтаар хуучран шарлаж амжаагүй байгаа шинэхэн түүхийг нэгтгэн нэгэн ном болгохоор зорив.

Нью Йоркийн Бэст Бай дэлгүүрийн алдарт цогцолбор болон мөн хотод сүндэрлэн асан Дэлхийн худалдааны төвийн дизайныг зохиосон, миний унших дуртай авторуудын нэг Эдвин Шлосбэрг нэгэнтээ “Бичлэгийн чадвар гэдэг нь бусад хүмүүс үргэлжлүүлэн бодох агуулга бий болгоход чиглэдэг” хэмээн хэлсэн байдаг. Ийм чадвар, боломж бидэнд яг одоо, өнөөдөр хэчнээн их хэрэгтэй байгаа билээ. Ялангуяа түр, бүр, учраа хараахан олоогүй янз бүрийн байдлаар эх орноосоо алс хол “ширэн бөмбөг” хөөж буй бидний монголчуудад ихэд чухал юм. Зөвхөн хөлбөмбөг гэлтгүй Монголын олон хүмүүний амьдрал, Америкийн Монголчуудын үүх түүх, дурсгал дурсамжийн чухал хэсэг үргэлжилсээр түүний өчүүхэн хэсгийг бид энд тэмдэглэн үлдээхийг зорилоо.

Хаа очиж санаснаа амжуулахад хачин их аз таарч спортын амьдрал болон уран бүтээлийн туршлагатай хоёр анд таарлаа. Хөлбөмбөгийн спортын мастер Ц.Энхтүвшин, хар нялхаасаа ширэн бөмбөгийн хойноос гүйж өссөн М.Саруул- Эрдэнэ гэхээр үнэндээ намайгаа дагуулахгүй спортын хүмүүс. Дээр нь тэд маань намайг хэд нугалсан бичгийн улс. Сэтгүүл зүйн салбарт Монголдоо урдаа барьдаг МУИС-г сэтгүүлч мэргэжлээр төгсөж, спортын Таван Цагариг сонинд сурвалжлагч, эрхлэгчээр ажилласан, УБИС-г хэл шинжлэлээр төгсөж, эрдэмтэн доктор цолыг нь омог бардам өвөртөлж оломгүй эрдмийн далайд багш хэмээн алдаршсан улсын тухай өгүүлж буйг ойлгож буй биз ээ. Мөн манай хоёр хоёул Ган үзэгтэн шагналтай, хэд хэдэн номын зохиогч хүмүүс бөлгөө.

Би бээр бичгийн хүн бус, дээр нь спортын ялангуяа хөлбөмбөгийн талаар чадвар маруухан энгийн нэгэн дэмжигч, алаг бөмбөг хөөсөн ч өшиглөөд араас нь гүйдэггүй эгэл жирийн залхуу хүн. Мэдээ орох үеэс ном, дэвтэр, үзэгнээс салалгүй өссөн ч өгүүлбэр холбох ид шидээс хол явжээ. Гэхдээ Монголын үндэсний сонин Ардын Эрх (тухайн үеийн ойлголт тодорхойлолтоор бол төрийн төв хэвлэл), Өнөөдөр (Монголын хамгийн анхны чөлөөт өдөр тутсын сонин) болон дагалдах сонин сэтгүүлүүдийн тогоонд нэрт сэтгүүлчид, зохиолчид, яруу найрагчидтай ажиллах хувь тохиож, алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр уран үгийн эрдэмийг бишрэх, оролдох хүсэлтэй болж бөөрнөөсөө ягаарчээ. Хар багаасаа тооны хичээлдээ шамдаж улмаар дурлан сонирхож эзэмшсэн, хоолоо олж иддэг мэргэжил минь мэдээллийн технологи. Оюутан байх үеийн мөрөөдөл болсон мэргэжлийнхээ хамгийн өндөр зах зээлд хүрэхдээ багагүй мэдлэг туршлага хуримтлуулж, чамгүй ажил амжуулж гэх мэтээр мэргэжлээрээ багагүй бардам нэгэн. Үүндээ дулдуйдаад үзсэн харсан, сурсанаараа ном бүтээх мөрөөдөлд автаад буй хүн. Оросууд “Юугаараа баян түүгээрээ дайлна” гэдэг дээ, яг түүн шиг би бээр мэдээллийн технологиор ганц хоёр өгүүлбэр холбохыг хичээдэг, блог бичдэг болжээ. Бас бизнесийн чиглэлээр эрдэм ном жаал хөөснийх энтэрпрэнуршип сэтгэлгээг дэмжиж хөгжүүлнэ гээд буйнх энэ талаараа бас ялимгүй блогдоно. Гэтэл анхны ном, анхны бүтээл минь анд нөхдийнхөө хамтаар Америкийн Монголчуудын хөлбөмбөгийн тухай бичсэн болчихлоо. Юун мэдээллийн технологи, юун програмчлал, юун бизнес, юун вэнчур ... “хөлбөмбөг” үнэхээр хүчтэй юм аа.

“Алтан Олимпийн мөнгөн дурсамж буюу Америкт тэрлэсэн мөрүүд” номдоо Түвшээ маань мутраа хайрлаад маньд дурсгах 2008 онд анх удаа Америкийн Монголчуудын амьдралын түүхээс ном болж хойч үедээ хадгалагдан үлдэх хэрэгтэй, бидний түүхийн нэг хэсэг энэ номд бий юм хэмээн бодож билээ. “Манайхан Америкт” номоо хэвлүүлэх гээд Саруул имэйл бичиж байх 2009 онд бодол мөрөөдөл минь итгэл үнэмшил болж билээ. Эдүгээ ингээд хоёр найзтайгаа хамтарч, гар нийлж ийн Америкийн Монголчуудын амьдралын хэсгээс бүр тодруулбал хөлбөмбөгийнхний сэтгэл зүтгэл, хөдөлмөр амжилтыг өгүүлэн сэтгүүлч Л.Болормаагийн өгүүлсэнчлэн “дэлхийн хэмжээнд сэтгэж, бусдын энд хүрчих бас нэгэн алхам” хийж буйг минь хүлээн авна уу?

Friday, May 17, 2013

ЭС-1011 миникомпьютер, Apple Machintosh болон IBM Personal System/2 компьютертэй танилцсан минь

Есдүгээр ангийн сүүлийн хагаст мэргэжлийн хичээлээр хүрээлэнд аялснаас хойш аравдугаар ангийн хоёрдугаар улирал дундаа ортол өөрөө мэдэлгүйгээр тооцоолох техникийн хойноос чамгүй гүйсэн байдаг юм. Мэргэжлийн хичээлийн, дадлагын ажлын болон Пионер компьютерийн талаар өмнө өгүүлсэн билээ. Мөн үүнтэй ойролцоо цаг хугацаанд хамаатан садны болон аав ээжийн танилуудын тус дэмээр чамгүй олон байгууллагын компьютерийг үзэж, товчдоо эх орныхоо компьютержилтийн нэгэн үеийн хөгжлийн талаар дурсах зүйл багагүй хуримтлуулжээ.

Улаан бар жилийн сар шинээр өвөөд золгохоор Чинбат ахынхан ирэх үед би гэртээ байж таарлаа. Чинбаа ахын эхнэр Хишгээ эгч Улсын төлөвлөгөөний комиссын тооцоолох техник дээр ажилладаг байсан бөгөөд тэр жил Материал техникийн улсын хангамжийн хороонд шилжсэн, одоо миникомпьютер дээр ажилладаг болсон гэж байна. Өвөө эгчээс “Хүүхдэд аргалаад барааг нь харуулчихаж болох уу, тэрийгээ” хэмээн асууж, зөвшөөрсөн хариу аваад надад “За эгчийнхээ ажил дээгүүр очиж тэр шинэ Унгар машиныг нь үз, зөвхөн орос гэлтгүй газар газрын элдвийг олон талаас нь зэрэгцүүлэн үзэж харж юу нь хаагуураа илүүг олж сураарай” гэлээ. Ингээд бага тойруу, шилэн дэлгүүрийн өмнө байрлах ажлын газрын хоёр давхрын хоолойд олон жижиг ногоон дөрвөлжөөс тогтох тусгай шалтай танхимд ЕС-1011 миникомпьютертэй танилцаж билээ. Мөн Улсын төлөвлөгөөний комиссын ЭВМ тэнд байлаа.

Сар шинээс хойш овоо хэд хоноод нагац ах Сүхээ ирлээ. Аавдаа оройхон ирж золгож байгаа нь гадаадад томилолтоор ажилласнаас тэр. Хөрөнгөтөн орнуудтай тун бага хэмжээгээр худалдаа хийж эхэлсэн, хамгийн гол нь шинэ технологийн зүйлс авч байгаа, цаанаас нь тавих хориг саадаас болоод маш өндөр өртөгтэй ирж байгаа гэх мэтээр Монгол Улсын гадаад худалдааны байдал болон бусад олон зүйлээр ярилцлаа. Миний хамгийн сонирхол татсан хэсэг нь компьютер олноор худалдаж авсан, удахгүй бүх яамдад өгнө. Яам бүр тооцоолох төвтэй болно гэлээ. Хүүхэд залуусыг олноор гадаадад сургах юм хэмээсэн нь ээжид их таалагдаж, “Ямар мэргэжлээр сурвал тэнд чинь ажилладаг юм, инженер үү?” гэж асуув. Эндээс надад АСУ - автоматизированная система управления буюу удирдлагын автоматжуулсан систем гэсэн нэр томьёо санаанд тогтож үлдсэн юм.

Хаврын нэгэн орой, гуравдугаар улирлын дүн гарах дөхөж байхад аав “Чи жаахан сагсуураад тоогоо оролдохгүй, цагаа тэр компьютер, шатар хоёрт үрээд байна гэнэ үү, гол зүйлдээ анхаарна шүү. Би сая районы багш нарын хурлаар Пүүжээ багштай тааралдаж уулзлаа” гэж яриа хатуухан эхэлсэн боловч, “Тэгээд чи тэр компьютер их сонирхоод байгаа юм уу?” гэж зөөлрөөд “Маргааш хичээл тараад УБИС дээр Данзан багшийнхаа өрөөнд хүрээд ирээрэй. Нөгөө хэдийгээ бүгдийг нь дагуулчхав аа, ганц хоёр нь байхад болно” гэлээ. Нөгөө хэд гэдэг нь манай ангийн олимпиадын гээд оровч гаравч цугтаа арав гаран хүүхдийг хэлж буй юм.

Хичээл тараад нөгөө хэдээсээ “Цуг явах уу?” гэж асуулаа. “Физикийн Данзан багш дээр очих юм бол сонирхолтой зүйл бага дөө, бид Батхишигийнд очиж шатар нүүлээ” гээд цуг явах хүн олдсонгүй. Намайг УБИС-ийн гол байрны хажуугийн нэмэлт шинэ байрны гуравдугаар давхарт очиход аав, Данзан багш, мөн Чойжооваанчиг багш нар сууж байв. Тэд УБИС-ийн нэг ангийнхан бөгөөд төгсөөд аав дунд сургуулийн багш, Данзан багш физикийн тэнхимд, Чойжоо багш математикийн тэнхимд багшаар үлдсэн, үе үе уулздаг найзууд юм. Аав намайг тэнд дууддаг нь Америкаас УБИС-д ирсэн хоёр шинэ компьютерийг үзүүлэх гэсэн ажээ. Ингэж Монголд анх ирсэн Эппл Макинтош компьютертэй танилцсан маань миний үзсэн анхны өнгөт дэлгэцтэй компьютер байлаа. Мөн хулгана хэмээх дагалдах төхөөрөмжтэй тэнд анх танилцсан билээ.

УБИС дээрээс МУИС-д бүр олон, анги дүүрэн америк компьютер ирсэн гэж дуулаад тэндээс гараад шууд гуравдугаар хороолол явлаа. ПТДС-ийн физикийн багш Хэнмэдэх ахынх уруу явж байгаа нь тэр. Мэдэхээ ахынхаар би маш их очдог байлаа. Мэдэхээ ах намайг хар багаас минь харж хандсан, дураараа өссөн миний цор ганц эмээдэг, үгийг нь авдаг байсан нагац эгчтэй минь суусан хүн дээ. Харин тун харамсалтай нь нагац эгч минь хар залуугаараа, хорин тавхан настайдаа, хоёр охин, хайрт ханиа орхиод нөгөө ертөнцөд явчихсан юм. Ахынд очтол ажлаасаа ирээгүй байсан бөгөөд нэлээд хүлээлгэж оройхон ирээд компьютерийн хөгжлийн талаар цаг хэрхэн урсахыг ч анзааралгүй ярилцаад, сүүлчийн автобусаар нэгдүгээр дэлгүүр хүртэл явж амжаад цааш гэрээдээ алхсан явдал санаанаас огт гардаггүй юм.

Тооцоолох техник, мэдээллийн технологи болон тухайн үеийн шинжлэх ухаан техникийн ололтуудын талаар тэгэхэд ёстой нүд нээсэн юм. Хөрөнгөтөн орнууд компьютерийн хөгжлөөр илүү гарсан, бүр энгийн хэрэглээнд нэвтэрсэн, социалист улсуудад КОКОМ гээд хатуу хориг тавьснаас манайд ирж буй компьютерүүд тэнгэрт хадсан үнэтэй байдаг. ЗХУ болон бусад соц орнууд америк, японы системийг хуулбарлаад нэрийг нь сольчихдог. IBM гэдэг нь компьютер хийдэг фирмийн нэр, компьютер үйлдвэрлэгч дэлхийн хамгийн том газар. Минск ЭВМ нь IBM-360 мэйнфрэм системийн хуулбар, Правец нь Эпплийн хуулбар, Эппл компьютерүүдийг Моторолла гэдэг фирмийн микропорцессороор хийдэг. МУИС-д ирсэн нь бол IBM-н Personal System хэмээх Интел фирмийн микропроцессороор хийдэг, хоорондоо огт тохирохгүй, таардаггүй компьютерүүд. Хулгана гээд байгаа төхөөрөмжийг уул нь “өнхрүүш” гэж орчуулмаар байгаа юм гэх мэтээр маш их ойлголт олж авсан билээ.

Улирлын амралтаар Мэдэхээ ах намайг дагуулж МУИС орлоо. Хаалганы өмнө том багана бүхий гол байрны хаалгаар ороод зүүн тийш эргэж нэг давхрын булан руу үүдэндээ нууцлал код бүхий электрон цоожтой, цөмийн физик, электроникийн тэнхимийг зорьж IBM PS компьютерүүдийг үзүүлсэн юм. Энэ нь яамдад ирсэн PC компьютерүүдтэй төстэй, хоорондоо таарч тохирохоор ижил Intel 8088 гэсэн микропроцессороор хийгдсэн, гэхдээ яг ижилхэн бас биш, хооронд нь элдэв төхөөрөмжийг нь сольж болдоггүй. PS гэдэг нь зөвхөн IBM таардаг, тусдаа нэг төрлийн персонал компьютер гэдгийг мэдэж авлаа.

Wednesday, May 15, 2013

Есдүгээр ангийн мэргэжлийн хичээл


Тээр жил 1985 онд буюу есдүгээр ангийн сурагч байхдаа анхны жижигхээн кодоо бичсэн юм байна. Тэр үед компьютерын програм зохиогч мэргэжилтэй болж мэдээллийн технологитой амьдралаа холбоно гэж санаж явсангүй. Мэдээллийн технологийн тэргүүлэх фронтод зүтгэж сууна гэсэн төсөөлөл бүр байгаагүй боловч амьдрал минь энэ салбартай холбогдоод чамгүй хугацааг элээж дэлхийд тэргүүлэх томоохон компанийн ажилтан болжээ. Ингээд хүүхэд наснаасаа хэрхэн компьютертой холбогдож, яагаад мэдээллийн технологийн мэргэжил сонгож, хаана хэрхэн юунд суралцаж, төгсөөд эх орондоо юуг бүтээж мэргэжлийнхээ мэдлэг чадвараа гарган ажил амьдралын туршлага хуримтлуулж улмаар орчин цагийн хамгийн хөгжингүй зах зээлд өрсөлдөх, даяарчлагдсан өнөө цагийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний хэсгээс үзүүлэх болсон талаар өөрийн чадах ядахын хэмжээнд хэдэн өгүүлбэр холбов.
Эхний бүлгээс зарим хэсгийг толилуулж уншигч таны үнэт саналыг авахаар шийдэв. Нэгдүгээр бүлгээр хүүхэд насны үеийн дурсгалтай явдлыг өгүүлэхээс гадна мэдээллийн технологи, компьютерын эргэн тойрон тухайн үед Монголд юу болж, ямар үйл явдлыг бибээр өөрийн нүдээр харж, чихээр сонсож, гараар барьж буюу бяцхан амьд гэрч болсон талаар өгүүлэхийг хичээв. Энэхүү бүлгийг редакторлаж өгсөн М.Саруул-Эрдэнэ докторт талархал илэрхийлэх хэрэгтэй.

Есдүгээр ангийн мэргэжлийн хичээл


Анх есдүгээр ангид байхад мэргэжлийн хичээлээр тооцоолон бодох электрон машин гээч зүйл үзэх болж билээ. Одоогийнхоор бол мэдээлэлзүйн хичээл юм. Тэр үед дунд сургуульд ийм хичээл ордоггүй байж. Лаборатори гэх манай сургуулийн тооны хэмээх есдүгээр ангиудын хүүхдүүдийн талд нь заадаг байсан болов уу. Тодруулбал, намайг есөд байх жил манай ангийн тэн хагасаас бусад хүүхдэд олдоогүй боломж гэх үү дээ.


Шинжлэх ухааны академийн физик математикийн хүрээлэнгээс Цэрэнбат багш ирж, бидэнд энэ хичээлийг заасан юм. Тухайн үед дөрвөн улирлаар дүн гардаг байж, харин мэргэжлийн хичээлийг хагас жилээр дүгнэнэ. Эхний хагаст бид алгоритмын тухай үзсэн. Баахан блок схем зурахаас эхэлсэн дээ. Шугам зургийн хичээл ч юм шиг, ноднин жил нь Ламжав багшийн ордог байсан логикийн хичээлтэй ч холбоотой юм шиг... нэг л сайтар ухаарахгүй, эхэндээ жаал сонирхолгүй мэт санагдана. Гэтэл тооны дээд ангийнхан болохоор тэгж байгаад гоё болно оо, үнэн сонирхолтой гэх.

Удалгүй ч хичээл нээрээ сонирхолтой болоод ирлээ. Элементар математикийн сонгодог аргуудаас их өөр сэтгэхүйгээр бодлого бодож байгаа нь бүр ч их таалагдана. Тэр үед автобусанд зургаан оронтой дугаар бүхий билет өгдөг байлаа. Тэгээд эхний гурван оронгийн нийлбэр дараагийн гурван оронгийн нийлбэртэй тэнцүү байвал азтай билет гэдэг байсан юм. Нэгэн удаа бүх боломжит азтай билетийн тоог олох блок схем зурж, алгоритм зохиосон бодлого бодсон маань санаанд хамгийн тод үлдсэн жишээ болжээ. Бид бодлогоо уралдаж боддог байсан учраас би ч тэр дор нь зургаан давхар цикл хийгээд тоолчих блок схем зурж, багшаа бэлэн гээд үзүүлэв. Багш инээгээд бодолт нь зөв л дөө, гэхдээ яг энэ алгоритмаар бодвол өчнөөн удаан юм болно, тэгээд ч машины нөөц хүрэхгүй гэлээ. Яагаад? Юун нөөц хүрэхгүй гэж, электрон тооцоолох машин чинь санаанд багтахгүй их тоо тооцоолдог гээ биз дээ гэтэл инээгээд "За, за, одоо доо бол чиний зөв. Гэхдээ хэл үзээд код бичээд ирэхээр аяндаа ойлгоно. Бодлогоо чи хамгийн түрүүнд бодсон" гэдэг юм. Манай ангийн Сайнбаяр харин хамгийн сайн шийдлийн алгоритм зохиож билээ. Дараа нь квадрат тэгшитгэл боддог алгоритм бичлээ, тэрийг харин ёстой хамгийн түрүүнд элдэв засваргүйгээр хийсэн дээ.


Цэрэнбат багш үе үе томилолтоор гадаад явна. Тэр үед нь манай өмнөх тооны ангид орж байсан Даваасүрэн багш орлоно. Даваасүрэн багш өмнөх жилүүдэд Фортран хэл заадаг байсан, гэхдээ та нарт багш чинь ирээд Бэйсик хэл заана хэмээнэ. Тухайн үед би орос хэлэндээ ёстой таг, Люба багшийн үйлийг үздэг байлаа. Мөн монгол хэлний хичээлдээ тааруухан, Пунцаг багшийн аргыг бардаг нэгэн байж. Иймд бас нэг шинэ хэл үзнэ гэхээр нэг л хулгах талдаа.