За энэ ч миний бичсэн зүйл биш ээ :-), гэхдээ блогдоо оруулчихад болохгүй гэх газаргүй юм. Уул нь анх бичээд МН-Өнөөдөр сонинд илгээсэн ч хэвлэгдээгүй л дээ. Харин Америкийн монголчуудын хоёр ч онлайн мэдээллийн сайтууд нийтэлсэн.
“Эрт урьдын цагт Миззурийн Коламбиа хотод сэтгүүл зүйн анхны сургууль байгуулагджээ. Тэр жил 1908 оны есдүгээр сарын 14 байлаа. Тэр үед Америк Мексикийн дайн болж, хээл хахууль газар авсан, сэтгүүлчдийн ёс зүй унасан замбараагүй үе байжээ. Волтер Уильямс болон Миззурийн хэвлэлийн клуб Америкийн сэтгүүл зүйг өөрчлөхийн тулд сэтгүүлчдийг мэргэжлийн түвшинд сургах зайлшгүй шаардлагатай гэдгийг ухаарч, ийм мэргэжлийн сургууль байгуулсан юм” гэж доктор Бэтти Уинфийлд сэтгүүл зүй судлаачдын симпозиумыг нээсэн үгээ эхэллээ. Миззурийн Их Сургуулийг төгсөгчдийн байр Рэйнолдс Алумнай төвд болсон энэ симпозиум 100 жилийн өмнө сэтгүүл зүй ямар түвшинд байсныг улс төр, нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчин зэрэг тал бүрээс нь судалсан олон эрдэмтэдийн бүтээл болох “Сэтгүүл зүй-1908: Мэргэжил үүссэн нь” номыг албан ёсоор танилцууллаа. Уг номыг сэтгүүл зүйн анхны сургуулийг төгсөгчид хамтран бичиж, сэтгүүл зүйн түүх судлаач доктор Бэтти Уинфийлд хянан эмхэтгэжээ. Тэрбээр өөрөө 1908 он хэвлэл мэдээлэл улс төрийн ямар чухал үйл явдлуудыг хамран бичиж байсан тухай бүлэг бичжээ. “Сургуулийнхаа 50 жилийн ойг тэмдэглэхэд би оюутан байлаа. Одоо 100 жилийн баярт нь ирж, бичсэн номныхоо талаар илтгэл тавьж байгаадаа баяртай байна” гээд 1908 онд эмэгтэйчүүдийн сэтгүүл зүйд эзэлж байсан байр суурины талаар дээрх номын нэг бүлгийг бичсэн Маурин Бисли ярьж байв.
“Манай сургууль үе үеийн олон сэтгүүлчдийг бэлтгэж, Америкаар зогсохгүй дэлхийн сэтгүүл зүйн боловсролыг анхдагч болсон билээ. Сэтгүүлчийн мэргэжлийг шууд дадлага хийх замаар сургах аргыг эхнээсээ нэвтрүүлснээр Миззурийн хэмээн нэрлэгдсэн өвөрмөц аргыг буй болгосон” хэмээн тус сургуулийн захирал Дин Миллс бахархалтай ярьж байв. 2008 оны есдүгээр сарын 10-14-нд болсон дэлхийн анхны сэтгүүл зүйн сургуулийн 100 насны ойн баярт 2000 гаруй зочин, түүний дотор Солонгос, Хятад, Сингапур, Орос, Австри зэрэг гадаад орнуудын төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
“Энэ бүх хүмүүс бүгдээрээ сургуультай маань ямар нэгэн сэжмээр холбоотой улсууд. Сургуулийнхаа ойн баярт ирсэн хамгийн ахмад төгсөгч нь 1938 оны төгсөгч байна. Ийм олон хүмүүс сургуулийнхаа ойд цугларсан байгааг харвал Волтер Уильямс баярлах байсан байх“ гэж Дин Миллс “Эрх чөлөө дуулж байна” концертын нээлт дээр хэлэв. Агуулгаасаа болж тухайн үедээ хяхагдан боогдож байсан Америкийн дуу хөгжмийг энэ хамтлаг хуран цугларагсдад дуулж сонирхууллаа. Эрх чөлөөний орон гэдгээрээ алдартай Америк оронд үг хэлэх, хэвлэн нийтлэх, дуулж хөгжимдөн, өөрсдийгөө илэрхийлэх зам шулуун дардан байаагүйн гэрч энэ байлаа. Садар самуун, хар тамхи, арьсны үзэл, үр хөндөлтийг сурталчилж байна хэмээн сэжиглэж, олон арван дууг Холбооны Мөрдөх Товчоо радио станцуудаас хэрхэн хааж, дууны үгийг мөр мөрөөр нь шалгаж байсан тухай сонирхолтой тайлбарыг “Эрх чөлөө дуулж байна” хамтлагийн гишүүн байгаад, гурван жилийн өмнөөс Юү Эс Эй Түдэй сонины орлогч эрхлэгч болсон Каплан том дэлгэцэн дээр дүрс зурагтай нь үзүүлэн хоёр цагийн турш тайлбарлалаа. Тэрбээр Миззурийн сэтгүүл зүйн сургуулийг 1975 онд төгсчээ. Элвис Прэслиг бүтэн биеэр нь гаргахыг хорьдог, Бетховений бүтээлүүдийг дайсан Германы хөгжим гээд нэг хэсэг хааж байсан зэрэг түүх их сонин байлаа.
Гурван өдрийн турш болсон дэлхийн сэтгүүл зүйн ууган сургуулийн 100 жилийн ойн баярын үеэр сэтгүүл зүйн чиглэлээр 35 хуралдаан, технологийн чиглэлээр 27 төрлийн хэлэлцүүлэг, 11 төрлийн үзэсгэлэн гарлаа. Сонгуулийн талаарх хошин зургийн 100 жилийн түүхийг харуулсан үзэсгэлэн, шилдэг фото зургийн үзэсгэлэнгийн үзмэрүүд олны сонирхлыг ихэд татаж байлаа. Өөр нэг онцлог бүтээл нь сэтгүүл зүйн сургууль, мэргэжил албан ёсоор үүсэх тэр үеийн нийгэм, сэтгүүлчдийн байдлыг тод томруунаар дүрсэлсэн “Тэргүүн нүүр” жүжиг байв. Энэ нь 80 жилийн өмнө Бэн Хэкт, Чарльз Мас Артур хэмээх хоёр сэтгүүлчийн зохиосон сэтгүүлчдийн талаарх Бродвэйн хошин жүжиг ажээ. Энэ алдарт жүжгийг сургуулийнхаа 100 жилийн ойгоор Монголын сэтгүүлчдийн танил профессор Байрон Скот, Ли Уилкинс нар найруулан Коламбиагийн театрын тайзан дээр үзэгч олны хүртээл болголоо.
Цал буурал үстэй өвгөн профессор Жон Мэрриллээс эхлээд шинээр сэтгүүлч болох гэж буй оюутнууд бүгд шар цаасан дээр төгссөн он, авсан зэргээ бичсэн нэрийн хуудас хүзүүнээсээ зүүжээ. Энгэр дээрээ “Сэтгүүлчдийн тангараг” гэж хараар гарчиглаад ар нуруун дээр нь тэрхүү тангарагийг мөр мөрөөр нь бичсэн шар өнгийн цамцаар оюутнууд ижилдсэн нь их өвөрмөц харагдаж байв.”Сургуулийг үүсгэн байгуулагч Волтер Уильямсын санаачилгаар зохиогдсон сэтгүүлчдийн энэхүү тангараг өдгөөг хүртэл сэтгүүлчдийн ёс зүйн залуур болсоор байна” хэмээн доктор Ли Уилкинс илтгэлдээ дурдаж байлаа.
Хуралд оролцогч сэтгүүлчид, судлаачид орчин үеийн сэтгүүл зүйд тулгарч буй бэрхшээлүүд, эдийн засгийн уналт болон технологийн дэвшил хэвлэл мэдээлэлд хэрхэн нөлөөлж байгаа талаар хэлэлцэн ярилцлаа. Тэд орчин үед иргэд мэдээллээ хаанаас хэрхэн олж авдаг нь ойлгомжгүй байгаа талаар саналаа солилцож, цаашид сэтгүүл зүйг, сонин хэвлэлийг хэрхэн аврах тухай ухаан бодлоо уралдууллаа. Хүн бүр Интернэтээр дамжуулан мэдээлэл цацаж, блог бичих болсноор мэргэжлийн сэтгүүлч, мэргэжлийн сонин хэвлэлийн нэр нөлөө буурч байгаад олон хүн эмзэглэж явдгаа илэрхийлж байв. “Блог бол шар хэвлэлтэй адил” гэж нэг хэсэг сэтгүүлчид үзэж байхад өөр нэг хэсэг нь “Бид үүнийг хаах ямар ч боломж байхгүй. Харин түүний оронд олон түмний хэвлэл мэдээллийг үнэлэх үнэлэмжийг, ямар эх сурвалж илүү найдвартай, мэргэжлийнх вэ гэдгийг зааж сургах хэрэгтэй” хэмээн маргалдаж байлаа.
Ойн баярын сүүлийн өдөр Рэйнолдс Сэтгүүл Зүйн Институтыг албан ёсоор нээв. Миззурийн сэтгүүл зүйн сургуулийг төгсөгч Рэйнолдсын сургуульдаа гурван жилийн өмнө бэлэглэсэн 31 сая доллараар боссон энэ институт дэлхийн сэтгүүл зүйн ирээдүйг тодорхойлох технологийн судалгаа, туршилт, шинжилгээний төв болох юм. Энд байрлах Прайм төв сэтгэл зүй, физиологийн түвшинд хэвлэл мэдээлэл, түүгээр дамжиж байгаа мэдээлэл хүнд хэрхэн нөлөөлдөгийг судалдаг гэнэ. Уг төвийн ажилтан доктор Кевин Уайз онлайн мэдээлэл, уншигчдад хэрхэн нөлөөлдөг талаар хийсэн судалгаагаа, доктор Глэн Лешнер тамхины сурталчилгаа хүнд сайн, муу сэтгэгдлийн алийг илүү өгч байгаа талаар хийсэн судалгаагаа таницлууллаа. Өрөө болгон пиг дүүрэн, оюутнууд, зочид төлөөлөгчид хана налан шалан дээр суугаад илтгэгчдийн ярьж байгааг хичээнгүйлэн сонсож байлаа. Манай Монгол багш нар бол ирсэн зочид, багш нар, ахмад сэтгүүлчдэдээ суудлаа өг гээд босгох байх даа гэж бодогдмоор. Харин Америкт бол тийм ёс байхгүй, хэн түрүүлж ирсэн нь суудлаа тухлан эзлээд зогсохгүй, аль хэдийнэ зөөврийн компьютерээ асаагаад и-мэйлээ шалгах нь шалгаж, Интернэтээс мэдээлэл үзэх нь үзэж суух юм.
“Уншигч анхаарлаа хандуулан унших тутам зүрхний цохилт нь удааширна. Онлайн мэдээг инвертэд пирамидаар бичих, өгүүлэл маягаар бичихийн алинд нь видео дагалдвал илүү үр дүнтэй вэ гэдгийг бид иймэрхүү физиологийн үзүүлэлт дээр суурилж судалсан” хэмээн Кевин Уайз ярилаа.
Америкийн алдар хүндтэй томоохон сонин хэвлэлүүдэд ажилладаг ахмад сэтгүүлчид төгссөн сургууль дээрээ эргэн ирж, ирээдүй үе болох оюутан дүү нартайгаа мэргэжил, сэтгүүл зүйн чиг хандлагын талаар илэн далангүй ярилцаж, эрдэмтэн багш нартаа орчин үетэй хөл нийлүүлэн алхах сэтүүлчдийг бэлтгэхэд юуг анхаарах талаар зөвлөгөө өгч, санал солилцдог уламжлал энэ том ойн баярын үед ч гэсэн давтагдаж байлаа. 100 жилийн ойн баярын гурван өдрийн арга хэмжээ сэтгүүлчдийн хувьд өнгөрсөн үеэ дурсаж, одоо байгаа байдалдаа дүгнэлт хийж, ирээдүйд хэрхэн хөгжихөө хэлэлцсэн үр өгөөжтэй үйл явдал боллоо.
Миззурийн сэтгүүл зүйн сургууль дэлхийн олон оронд сэтгүүл зүйн боловсролыг шинэчлэн өөрчлөх ажилд оролцдог. Түүний дотор манай Монгол улсад сэтгүүл зүйн боловсрол хөгжихөд ч энэ сургуулийн хувь нэмэр тодорхой хэмжээгээр орсон билээ. 1999-2001 онд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн санхүүжилтаар монголын сэтгүүл зүйн сургалтыг шинэчлэх төслийг Монгол улсын Их сургуулийн сэтгүүл зүйн тэнхим, Хэвлэлийн Хүрээлэн, Миззурийн сэтгүүл зүйн сургуультай хамтран хэрэгжүүлсэн билээ. Энэ төслийн хүрээнд манай сэтгүүл зүйн олон багш мэргэжилтнүүд тус сургууль дээр зочлон туршлага судалж, Миззурийн олон багш нар манай улсад очиж, сэтгүүл зүйн сургалт явуулсан. 1999-2002 он дэлхийн сэтгүүл зүйн ууган сургуульд Монголчуудын даллага авсан жилүүд байсан гэхэд болно. Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Монголын Мэргэжилтнүүдийг дэмжих тэтгэлэгээр сэтгүүлч А.Оюунгэрэл, Б.Баясгалан бид гурав энд сэтгүүл зүйн магистрын зэрэг горилон суралцаж, сэтгүүлч Д.Гантуг, Б.Одсүрэн нар судалгаа хийх зочноор ирж ажиллаж байлаа.
Я.Борчулуун
Коламбиа, Миззури
3 comments:
Сайхан юм. Манай сургуульд нэг монгол оюутан ирсэн сурагтай, уулзаагүй л байна. Би энд ганцаараа гэх үү дээ
Дестини,
Блогод минь сэтгэгдэл оруулсан их баярлалаа. Нээрээ ганцаараа байх нилээд "тиймхэн" шүү!
Азаар харин бид шинэ хүнтэй болсон. Өнгөрсөн ням гаригт гэнэт утас залгаад нэг залуу өөрөө гараад ирсэн шүү. Тэр дор нь уриад үдээс хойш давхиж очоод гэртээ дагуулаад ирсэн. Биологийн чиглэлээр судалгаа хийдэг, мэдлэг боловсрол өндөр, харьцаа сайтай залуу пост докторт нэг жилийн хугацаатай ирсэн байна лээ. Чамд ирсэн оюутантайгаа түргэн танилцаж, хань айлтай болохыг ерөөе!
Аан тийм, чиний блогийг би өөрийнхөө андууд хэсэгт дур мэдэн нэмж орхисон шүү! Болно биз дээ :-).
Би бас постдоктор ш дээ. Би бас биологич.
Post a Comment