За би бичгийн хүн биш гэж "рекламдаж" байгаад блогдож эхлэсэн санагдана. Одоо бас л энэ аргыг урдаа барина даа :-). Би хуульч хүн биш, энэ мэргэжлээс хол хөндий нэгэн, гэхдээ америк оронд хууль, эрх зүйн энгийн ойлголт мэдлэг байхгүй бизнес эрхлэх дэндүү эрсдэлтэй хэрэг болдог гэнэ. Тэгээд ч бизнес эрхлэгч хүн хэзээ нэгэн цагт заавал шүүхэд дуудагдана, тэр бүү хэл хэд хэдэн удаа ч шүүхийн хаалга татна гэсэн бичигдээгүй гэхдээ амьдралд батлагдсан зүйл байдаг ажээ. Ингээд өөрийн мэдэж ойлгож авсан, сурч байгаа зүйлүүддээ тулгуурлаад жаал зүйл блогдоё. Хувийнхаа туршлагаар олж авсан, практик талдаа юм шүү. Үүнийг элдэв зөвлөгөө гэж ойлгов доо!!!
Америкийн хуулийн систем нь Английнхад суурилсан гэнэ. Энэ талаар ч урьд өмнө цахим өртөөнөөс олонтаа уншиж байсан юм байна. Санаж байгаагаас Боннын Алтангэрэл Английн систем, Германых гэж байгаад их олон удаа тайлбарлаж цуврал имэйл, нийтлэл бичдэгсэн.
Америкт Common Law гэсэн ойлголт байх. Шүүхийн шийдвэр нь хууль болдог юм уу даа. Урьд өмнө болж байсан ижил төстэй хэргийг шүүх юу гэж шийдсэн байна тэр нь тухайн үед шүүх шийдвэр гаргах үндэс болдог.
За бас Statutory Law гэсэн ойлголт байх. Шүүхээс гадна хууль тогтоох байгууллагуудын батласныг дагаж мөрдөнө. Конгресс энд том жишээ болно. Конгресс хууль батладаг шүү дээ. Монголтой зүйрлүүлвэл УИХ хууль батлана, түүнийг бүгд сахидагтай ижил юм уу даа.
Америк өөрийгөө давхар системтэй гэдэг юм байна. Энэ нь нэгдсэн улсын болон мужийн систем юм.
Нэгдсэн улсын систем нь хэрэг таслах шүүх (trail court), дотроо хоёр түвшинтэй давж заалдах шүүх (appellate court) болон АНУ-н дээд шүүх гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдсэн улсын системийн шүүгчдийг (judge) Ерөнхийлөгч бүх насаар нь сонгодог. Энэ системийн давуу талыг жагсаавал:
- Улс орон даяар үйлчилдэг. Тодруулбал, Калифорни муж дахь нэгдсэн улсын шүүхэд хандсан хэрэг хаа хол Алабама мужид шийдэгдсэнтэй ижил байна. Энэ нь мужийн системээс ялгарах гол зүйл бөгөөд тухайн муж, орон нутгийн улс төрчдийн тоглолтоос ангид байлгадаг гэнэ.
- Хэргийг түргэн шийддэг. Хэрэг шийдэх хатуу тогтсон хугацаатай тул хэрэг сунжирдаггүй ажээ. Мужийн системийн хувьд хэргийн асар удааж болдог тул энэ нь нэгдсэн системийн томоохон давуу тал юм байна.
- Шүүгчдийн (jury) бүрэлдхүүнийг сонгох боломж их, томоохон нутаг дэвсгэрийг хамарч ялгаатай үзэл бодол бүхий өргөн сонголттой бүрэлдэхүүн бий болгох боломжтой.
За энд нэг зүйл тодруулахад, judge болон jury нь монголоор буухаар аль аль нь шүүгч гээд байгаагаас америк ойлголтоор бол шал өөр утга, үүрэг бүхий хоёр өөр ойлголт юм. Товчдоо, judge нь мэргэжлийнх бөгөөд хууль тогтоох байгууллага, шүүхийн орон тооны ажилтан, jury нь жирийн иргэдээс маргалдагч талууд сонгосон хэрэг шийдвэрлэх бүрэлдэхүүнд орсон хүн юм.
Дээр дурдсан нэгдсэн улсын хэрэг таслах шүүхийг нэгдсэн улсын дүүргийн шүүхүүд ч гэдэг. Эдгээр шүүхүүд мужийн системийн хэрэг таслах шүүхтэй ижил төстэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Дүүрэг гэдэгт муж тэр чигээрээ эсвэл мужийн тодорхой хэсэг хамрагддаг юм байна. Эдгээр шүүхээр бүхэл улс орныг хамрах хэргийг авч хэлэлцдэг. Түүнчлэн тусгай үүрэг бүхий хязгаарлагдмал эрх бүхий шүүх буюу төрийн агентлаг энэ ангилалд хамрагдана. Жишээ нь, нэгдсэн улсын татварын шүүх, нэгдсэн улсын дампуурлын шүүх, олон улсын худалдааны шүүх.
Тэртээ нэгэнтээ "Шүүх болон зөрчил шийдвэрлэх аргууд" гэсэн хоёр цагийн сургалтад сууж байсны power point гараад ирснийг эргэн харж сэргээнгээ ийнхүү блогдов. "Үг олдож, үхэр холдох нь" гэдэг билүү. Одоогоор блог нийтлэлээ үүгээр өндөрлөе! Үргэлжлэл бол бий.
МЕГА БИШ МИНИ ШИЙДЭЛ РҮҮ ЯВАХ ЦАГ!
8 months ago
2 comments:
Дахиад нэг хүнд мэнд хүргэчихье. Хи хи.
Уул нь "Агшин" тэмцээнд оролцож байгаа. Тэгэхдээ гол зорилгоо баг, сум, аймаг, эхнэр, хүүхэд, хадам ээждээ мэнд хүргэх явдал гэж андуурсан нэг тоглогч шиг.
Бентли докторт мэнд хүргээрэй. Зун бас л Хэвлэлийн Хүрээлэнгээр ирээд явсан.
Амараа,
блогоор зочилж байгаад баярлалаа. Мэндийг тань дамжуулаад имэйлдчихлээ. Ер нь бол чи өөрөө имэйл бичвэл цаадах чинь уншчих байх аа :-).
Хэвлэлийн хүрээлэнгээр эндэхийн сэтгүүл зүйн их олон багш нар очдог доо. Бентли хоёр ч удаа монгол явсан. Сүүлд саяхан хэдэн салбараас нийт найман багш хэд хоночихоод ирсэн гэнэ.
Сарын өмнө вийкэндээр нэг багшийнх нь гэрт тэд цуглаж монголын талаар жаал ярилцсан. Хотын ганц монгол гэр бүл очоод жаал бүлтэрч эх нутгаа магтсан даа. Гэхдээ золигууд нилээд жуумалзаад байна лээ, газар дээр нь очиж үзээд "мэдчихсэн" юм шиг байна лээ шүү.
Юутай ч ахиад хэдэн нөхөд зун монгол явахаар болж л байх шиг байна лээ. Очихоор нь тэгээд битгий "гэрэл цохиулаад" үргээгээд байгаарай даа, найзууд минь :-)
Post a Comment