Tuesday, August 10, 2010

Гадаадад байгаа Монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц - 2010: албан бус тайлангийн эхний хэсэг

За нэг ийм үйл ажиллагаа санаачлаад, зохион байгуулалцаад, нэг мэдсэн болж өнгөрөөд одоо чамгүй олон хүн үр дүнг нь, үргэлжлэлийг нь нэхээд … дуусчихдаггүй ажил юм аа. Уг арга хэмжээ тун сайхан боллоо гэсэн хэмээн урам хайрласан нь их олон. Анхных л юм хойно, алдаа оноо байсан биз. Шүүмж, сануулга, хүсэлт мөн тасрахгүй. Зохион байгуулсан байгууллага нь тайлан мэдээ, хэвлэлийн мэдээ бэлтгээд тарааж байна лээ. Миний хувьд өөрийн хувийн зүгээс элдэв санасан бодсоноо блогдое.

Юуны өмнө бидний хэсэг нөхдийн саналыг хүлээн аваад зогсохгүй бүрэн дэмжих болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархаж байна.

Төрөө дээдэлдэг, дээрээс ихийг хүлээдэг сэтгэхүйтэй Монголчууд лекцийн сонсогчид болж буйн хувьд энэ үнэхээр том асуудал, том дэмжлэг байсан. Ерөнхийлөгч туйлын зөв зүйл сэджээ, ингэж монголчууд монгол хүнээ сонсох, үнэлэх цаг болсон, эднийгээ эргүүлж дуудаж эх орныхоо хөгжилд оролцуулбал гэх улс олон таарсан.

Дарга бид хоёр ажил дээр ялгаатайгаас гараад яг ижилхэн хүн, бид тэгш эрхтэй гэсэн сэтгэхүйтэй Америкчууд, америк байгууллагуудад мөн дээрх шийдвэр тун нааштай ойлголт төрүүлсэн. Жирийн нэгэн мэргэжилтнээ ихэд өндөрт хүлээн авч, Ерөнхийлөгч нь дэмжээд үйл ажиллагааг нь ивээлдээ авна гэдэг нь нэг зүйл хэлээд буй юм. Америк ойлголтоор бизнес томрохоороо засагтай харилцдаг, хувь хүн чадварлаг байх тусмаа төрийн хэмжээнд үнэлэгдэнэ гэж үздэг. Энэ харилцана, үнэлнэ гэдэгт эрх тэгш хамтын ажиллагааг ойлгодог.

Дээрхтэй холбогдоод хамтран зохион байгуулъя гэсэн санал маш ихээр ирсэн. Энэ талаар санаачилга гаргасан нөхдүүд, Америк дахь Монголчуудын худалдааны танхимын зүгээс “Бид нэг зохион байгуулагчтай харилцана, бусад байгууллага үйл ажиллагааг дэмжих, ивээн тэтгэх, мэдээллийн түнш болох зэргээр хамтарна” гэсэн тогтсон байр суурьтай байлаа. Хожим хүлээх хариуцлага гарвал ганц зохион байгуулагч үүрнэ, түүнээс хэн нэг уруугаа түлхээд байх асуудал гарахгүй байх шаардлага байсан. Мөн ерөнхий үйл ажиллагаа нь ганц лекцээр дуусахгүй, цаашид үргэлжилж, тасрахгүй байх талыг бодож үзсэн. Монголын байгууллагууд, бизнесүүд бүгд үүнийг ойлгож дэмжлээ. Бидний тогтсон ангиллаар хамтран ажиллаж, тодорхой дэмжлэг үзүүлсэн.

Америк байгууллагуудын хувьд лекц анхаарлыг нь татаж, сонирхлыг нь төрүүлж чадсан хэдий ч миний хувийн зүгээс, танхимын зүгээс дараагийн алхмуудад цаг хугацаа, орон зайн асуудлууд тулгарч боломжоо тааруухан зохицуулсан даа. Уул нь, Хойд америк монголын бизнесийн зөвлөлийн Стив “Сайхан арга хэмжээ болох нь ээ. Бид дэмжиж байна. Гол нь үйл ажиллагаа канад америктай хэрхэн холбогдож байгааг тодруулна уу” гэх зэргээр харилцаж байв. Энэ холбоог тайлбарлах уул нь амархан, лекц уншигчдын дөрөв нь хойд америкт мэргэжлээрээ ажилладаг, мань хүн таних мэдэх, уулзаж учирч явсан улс. Гэвч би нь “таг”. Монголд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулчихсан, цөөнгүй үйл ажиллагаа манайд явуулж буй, цаашид томоохон санал тавьчхаад байгаа Пибодигоос “Сонирхолтой хэрэгтэй ажил байна, дэмжиж болох байх, УБ дэх оффистоо хандлаа. Эргээд холбогдъё” хэмээсэнд нь өнөөх Жааг бас “таг”. Америкийн Монгол судлалын төвийнхөн хамтрах сонирхлоо илэрхийлэх үед манай үйл ажиллагааны танилцуулга хэвлэгдчихсэн, хэвлэл мэдээллээр зар явчихсан байлаа. Хариуг нь мань бас “таг”.

За эхний алдаа оноо эндээс эхлэх … Юм нэгээр дуусахгүй гэдэг дээ, цаашид анхаарч, алдаанаасаа сурч дэмжигч бүрд хүрч ажиллахыг хичээнэ дээ. Блогч та бүхэнд мөн аливааг зохион байгуулахдаа ийнхүү алдаа гарахаас, харилцаа холбоогоо санаснаараа авч явж байхыг сануулж буй нь энэ ээ. Нээлттэй сургалт юм аа даа, бас :-).

Үргэлжлэл бий.

3 comments:

munkhu said...

Taniar baharhdag shuu. Ulam iluu ihiig hiij buteegeed bid nartaa duulgaj baigaarai. Amjilt husie

Дeстини said...

Лекцийн хөтөлбөр, хураангуйг тавьж болох уу? Идэвхтэй сайн ажилласан байна. Монголд байхад залуу эрдэмтдийн хурал гэгч юм болж ерөнхийлэгч дэмжиж бид ордонд хуралдаж байлаа.

jagdag said...

munkhu:
урам өгсөн үгэнд их баярлалаа. өөрт тань мөн амжилт хүсье!

Дестини:
Лекцийн хөтөлбөр, товч хураангуй, болон лекторуудын танилцуулга http://summer.monamerchamber.org/ сайтад бий. Харин илтгэлийн презэнташионийг дараах холбоос руу орж PDF хэлбэрээр татан авч болно оо http://www.mongolcampus.org/mek/ .