Friday, November 30, 2007

Дэнвэрийн холболтын дугаар өөрчлөгдлөө

Энэ сарын 15-аас эхлээд Аргамагийн Дэнвэр дэх холболтын дугаар шинэчлэгдлээ. Шинэ холболтын дугаар: 303/785-6167. Хэрэглэгчидээ хамгаалах зорилгоор хуучин дугаараа хэсэг хугацаанд давхар ажлуулахаар тогтов. Юутай ч энэ сарыг дуустал хадгалчихна даа. Давхар төлбөр төлөөд байгаа хэрэг л дээ. Уул нь хэмнэлт гаргах гээд л Колорадогийн холбооны компаниа сольсон нь энэ. Гэхдээ хэрэглэгч гэж бас байна аа, гэнэт дугаараа солиод л та одоо өөр долоон оронт тогтоочих гэж хараахан хэлж зүрхлэхгүй юм. Бизнес этик, хэрэглэгч хаан, хэрэглэгч үргэлж зөв гээд баахан ном дуулаад, уншчихсан байдаг.

Бид үйл ажиллагаа явуулж буй гурван жил хагасын хугацаанд Колорадо мужийн холбооны харилцагч компаниа гурвантаа солиж байгаа ч урд нь дандаа хуучин дугаараа хадгалж байлаа. Энэ нь америкийн харилцаа холбооны нэг онцлог. Америкт утсан холбооны үйл ажиллагаа эрхэлдэг, суурин, үүрэн ямар ч холбооны үйлчилгээгээ сольж өөр нэгнээр үйлчлүүлэхэд хэрэглэгч хуучин дугаараа авч явж болох хуультай. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан хууль гаргаад мөрдөж чадаж байгаагийн жишээ юм. Монголд маань бол огт өөр шүү. Мобикомын хэрэглэгч Скайтел эсвэл Унител руу гүйхдээ мобигийн хуучин дугаараа хадгална аа гэвэл их л инээд тохуу болох байх даа. За бараг огт боломжгүй гэж ирээд маргах хүн элбэг биз. Технологийн хувьд бол энэ боломжтой эд л дээ, харин хэрэгжүүлэх эсэх нь монголын холбооны бодлого баригчдын асуудал биз ээ.

Аливаа хүний болон бизнесийн утасны дугаар бол тухайн хүн, бизнесийнх нь "айдентити" болчихсон, бараг хэрэглэгчийн өмч шиг болчихлоо гэж үзээд байгаа юм шиг судалгаа уншиж байсан юм байна. Бодоод үзэхэд бас ч үнэнтэй шүү. 573/268-5312 гэсэн дугаар олон хүнд Жагдаг гэдэг хүнийг л илэрхийлдэг, төлөөлдөг болоод их удаж байна. Анх Спринтээс гар утас авахдаа энэ дугаарыг авсан. Спринтийн үүрэн утасны технологи Монголын Скайнэт хэрэглэдэгтэй ижил төрлийнх. ЭсДиЭмЭй гэдэг байх аа, гэхдээ энд ямар технологи вэ гэдгийг нэг их тоодоггүй, ямар компанийн үйлчилгээ вэ гэдэг нь бранд болно. За тэгээд гурван жил болоод ТиМобайлын үйлчилгээ авч гар утсаа сольсон юм. Технологи нь ЖиЭсЭм гээч болсон. Манай монголд бол Мобикомынтой ижил юм уу даа. Жил болоод, дараа нь хоёр жил ардаа үдээд бас л утсаа сольж орхисон. Энэ бүх хугацаанд би ганц л дугаартай, тэр нь огт өөрчлөгдөөгүй болохоор энэ л дугаар намайг илэрхийлдэг, намайг таниулдаг, миний айдэнтитиний нэг болжээ.

За хөө, Дэнвэрийн дугаар солигдсон талаар бичих гэсэн чинь утасны дугаар бол identity мөн, америкийн телефон хэрэглэчийн эрхийг хамгаалсан хуулийн зах зухаас гээд сэдэв далийгаад бурж өглөө. Бичлэг ч блог гэхэд урт болох нь. Гэхдээ энд нэг зүйл тодруулахад, утасны дугаар өөрчлөгдлөө гэчихээд дугаараа сольдоггүй юмаа гэсэн юм шиг болжээ. Дараа блогтоо яагаад бид дугаараа солих болсон, ер нь ямар тохиолдолд хэрэглэгч дугаараа хадгалаад аваад явчихаж болдоггүй талаар тайлбарлан бичнэ гэж өр тавиад энэ удаадаа өндөрлөе!

Дахин сануулахад Дэнвэрийн холболтын дугаар 303/785-6167 шүү, Колорадогийн хэрэглэгчид ээ!

Wednesday, November 28, 2007

Иракт байгаа цэргүүдээ дэмждэг

За үүнийг жаал эртний явдалаас түүх болоод хэдэн жил болчихсон хэргээс эхлэх нь зүйтэй байх. Миззури мужийн Вашингтон хотод амьдардаг манай нэгэн найзын дүү нь Ирак явсан Монгол цэргийн анхны ээлжийн багт орсон байлаа. Эхний багийн цэрэг эрсэд интэрнэт - "яахоог" эс тооцвол нутагтаа тэр бүр хэл хүргээд эцэг эх, эхнэр хүүхэд, ах дүүдээтэй холбоо барих амаргүй байлаа. Энхийн цаг бус дайн тулаанд мордсон тул ойлгомжтой хэрэг. Харин тэдэнд америк руу утсаар ярьчих боломж байсан байна. Ингээд хүргэн ахынх руугаа залгах нэгэн тохиолдолд найз Лутаа маань дүүдээ манай картаар дамжуулаад монгол залгаж өргсөн байна.

Энэ талаар хожим Лутаа надад нэг удаа хэлэхээр нь Амгаа бид хоёр ярилцаад Иракт энхийг сахиулж буй цэрэг эрсээ дэмжих санаачлага гаргаж тэдэнд үнэгүй карт өгч байхаар тогтсон юм. Зүгээр л сэтгэлийн бэлэг байлаа. Бид ямар нэг ашиг сонирхол энд өвөрлөөгүй, маркетинг болгож хэрэглээгүй юм. Цэргүүдийн хэд хэдэн ээлж солигдсон байх, тэгээд нэг өдөр Флорида мужид алба хааж байсан Ганхуяг утас цохиж байна. Бидэнд талархаж байгаагаа илэрхийлж, Аргамагийн хэрэглэгчдэд Иракт алба хайж буй цэргүүдийн мэндчилгээг дамжуулсан юм. Цэргүүдийн зураг бүхий энэхүү мэндчилгээг бид вэб дээрээ тухайн үед байрлуулж, улмаар Замдаан сэтгүүлд өгсөн ярилцлага дээр дурдаж байлаа. Ингээд дэд хурандаа Д.Ганхуягтай зөвлөж байгаад бид өөрсдийн вэб дээрээ Ирак дахь цэргүүдээ дэмждэг баннер тавьсаар гурван жилийг үджээ.

Одоо ч бид тэнд байгаа цэргүүдээ дэмжиж тодорхой минут үнэ төлбөргүй өгдөг. Цэргийн багийн ээлж ч солигдсоор энд Америкаас хариуцан холбодог офицерүүд ч өөрчлөгдсөөр Аргамагийнхан Ганхуяг, Өлзийбаяр, Ганбат, Амарбаясгалан гээд нүүр тулж уулзаж үзээгүй олон танилтай болжээ. Энэ нэр дурдсан улс бүгд цэргийнхэн бөгөөд Иракт байгаа цэргүүдтэй биднийг холбож карт дамжуулж байсан, олонх нь өөрсдөө Иракт дарийн утаа үнэрлэсэн бахархалт эрс билээ.

Муу эр дайнд хөөрнө гэдэг билүү. Бид тэгэж хөөрч буйд бус Иракт энхийн сахиулж буй цэрэг эрс эх орныхоо даалгаварыг биелүүлж байгаа, Монгол хэмээх нэрийг дэлхийн тавцанд бодитоор дуурсгаж байгаа, улс эх орондоо тодорой эдийн засгийн тус өгөх үйлсэд гар биеэ оролцож байгаа болохоор бид дэмжих, боломж байвал туслах ёстой гэж үздэг юм. Энд Монголын засгийн газар, батлан хамгаалах яам, АНУ дах элчин сайдын яамнаас ямар нэг санаачлага, оролцоо байхгүй зөвхөн цэрэг эрс болон Аргамагийнханы сайн дурын асуудал бөгөөд бидний зүгээс ямар нэг өөр давхар ашиг сонирхол байхгүй гэдгийг дахин дурдаж өнөөдрийн блогоо өндөрлөе!

Monday, November 26, 2007

Улс тунхагласаны баярын мэнд хүргэе!

Өнөөдөр Монгол Улс тунхагласаны баяр - арваннэгдүгээр сарын 26-ны өдөр. Блог уншигчиддаа, Аргамагийн хэрэглэгчиддээ баярын мэнд хүргэе! Олон хүн энэ өдөр улс тунхагласан баяр биш, Монгол Улс 1924 оноос өмнө тусгаар байсан гэдэг юм билээ. Миний хувьд тэдэнтэй маргаад байхгүй ч гэлээ энэ л өдрийг тэмдэглэсээр ирсэн. Ялангуяа Новод оюутан байх үед бүр хамгийн сайхан өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Хэн бүхэнд хамгийн дурсгалтай үе мөч оюутан цаг гээд бодохоор ойлгомжтой биз ээ. Тэгээд ч манай НЭТИ-гийнхэн энэ л өдрийг жил бүр сэтгэлд хамгийн дурсамжтай байхаар ёстой янзын, тансаг тэмдэглэдэг байлаа. Тэр үеийн ЗХУ, ОХУ-н бусад хотын оюутан найзууд хүртэл мэддэг, ярилцдаг болтол нь баярлана гээч. Одоо ч "тэдэн оны халхын баяраар" гээд л бид их дурсдаг. Жил бүр өвөрмөц, жил бүр онцгой, үнэхээр "юник".

Өнөөдөр Монголд амралтын өдөр болохоор улсууд сайхан амраад л ... гэхдээ яг одоо ч бас үнэндээ шөнө болоод унтаж байгаа. Америкт байгаа монголчуудын хувьд өнөөдөр сэтгэлд нэг сайхан баяр ч гэлээ амралтын бус ажлын өдөр. Өдийд хүн бүр ажлаа тун залхуутай эхлэж байгаа биз ээ. Учир нь даваа гариг, дээр нь талархалын баяр гээд веекэндтэйгээ нийлээд дөрөв хоног амарсан улсад бүр ч аргагүй. АНУ-д талархалын баяр арваннэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гаригт болдог. Маргаашийнх нь өдрийг энд "Хар баасан гариг" хэмээдэг билээ. Ихэнх дэлгүүрүүд үүрээр үүдээ нээж "доорбастэр" гэж нэрлэдэг нэгэн төрлийн маркетинг хийдэг. Энэ үеэр тодорхой тооны барааг алдагдалтай үнээр худалддаг. Залгуулаад шинэ жилийн баярын хямдралын үе нээгдэнэ. Алдагдалтай үнийн буюу хямд барааг авах зорилгоор олон хүн урд шөнө нь ирж дугаарт зогсдог. Манай Миззури мужийн монголчууд ч цахилгаан барааны дэлгүүрийн гадна зогсож хоносон байна лээ. Сайнт Луйс, Сприйнгфиелд, Колумбиагийн монгол оюутанууд бүр өмнөх өдрийн хоёр гурван цагаас зогссон гэсэн шүү. Бүгд хямд лаптоп, пи си авцгаасан байна лээ. Энэ жил миззуригийнхэний хувьд урьд өмнө болж байгаагүй хүйтэн талархалын баяртай золгосон болохоор эр зориг гаргасан найз нөхдөөрөө бахархан бичиж буй нь энэ юм аа.

Аргамаг ч талархалын баяр, улс тунхагласаны баяраар зүгээр суусангүй. Хямдралтай үнээр ярих карт өнгөрсөн даваа гаригт худалдаанд гаргасан билээ. Хоёр долоо хоногийн хугацаанд зөвхөн онлайн худалдагдах Индепендэнс нэртэй энэхүү картын гүйлгээ тун сайн байна. Яг одоо ийм ангилалын карт ердөө 143 худалдаанд үлджээ. Бэстбая дэлгүүрт дугаарлаж зогсоод эхний 15-д багтаж хоёр зуу гарангийн үнэтэй нотебүүк авсантай зэрэгцүүлэхгүй ч амралтын өдрүүдээрээ тэр бүр компьютерийн дэлгэц хардаггүй манайхандаа үнэхээр сайн борлуулалт юм. Бидний төлөвлөж байснаас түргэн худалдагдаж буй бөгөөд энэ долоо хоног дуусахаас өмнө бүх карт эзэнтэй болох шинжтэй.

Энэ удаагийн хямдралын картын анхны онлайн худалдан авагчаар нарлаг Калифорния мужаас Анармаа болсон бол уг ангилалын картаар хамгийн анх Висконсины Нарантуяа монгол руу залгаж ярилаа. Анармаа, Нарантуяа нарт Аргамагийн сюрприз удахгүй хүрнэ ээ. Энд нэмж тодруулан бичихэд Аргамагийн онлайн хэрэглэгчийн товчоонд бүртгүүлэхдээ нэр, шуудангийн хаяг, имэйл, утасны дугаар, төрсөн сар өдрөө зөвөөр оруулж байна уу гэж хүсэх байна. Энэ нь бидний ажилд тустай бөгөөд хэрэглэгч Танд ч мөн саадгүйгээр мэдээлэл хүрэх, нэмэлт шагнал сюрприз бэлэг хүрэхэд тун хэрэгтэй юм аа.

Tuesday, November 13, 2007

Утасны картын ханш рекламдсанаасаа 87% илүү байдаг гэнэ үү

Өглөө ажилдаа явж байтал фм-р дээрх гарчиг дээр байгааг ярьж байна. Цагаачид, утасны карт гэхээр нь, тэгээд ч Ай Пи мэдээлсэнээр хэмээхийг дуулаад нилээд үнэн зүйл байгаа гээд их идэвхтэй сонслоо. Өрөөндөө орж ирээд интернэтлэлгүй яахав. АйПи-гийн сайтаар орлоо, тэгээд мэдээж гүүглэдэв. Гараад ирж байна шүү, бүр Чикаго Сан Тимес дээр нийтлэгдсэн байхыг оллоо. Ингээд уншсанаасаа тун их товчлоод, өөрийн бодол нэмэлтийн хамт блогдов.

Аан тийм, Сантаймс дээр байсан нийтлэлийн хаяг
http://www.suntimes.com/news/nation/644508,CSTNWScall11.article шүү. Энд клик хийхэд тэгээд инглишээр эхийг нь уншчихна. Гэхдээ мэдээж би мэдэмхийрч, саналаа нэмэрлэсэн нь миний блогд л байх. Иймд Та дараахыг уншаарай, өөрийн бодол санал сэтгэгдэлээрээ блогод коммент хийвэл би талархана аа.

Нийтлэлийн гарчиг блог дээр байгаагаас өөр өө. Цагаачид утасны картад саяар нь хулхидуулдаг гээд монголчилчиход болох байх. Надад энэ 87% гэсэн статистик тун содон харагдсан тул нийтлэлээ ийнхүү гарчиглав. Уг тоог Жеоржийн их сургуулийн профессор Жулий Марлов судалж гаргасан гэхээр бүр ч анхаарал татлаа. Ер нь би эндэхийн их сургуулиудын эрдэмтэн судлаачдад их итгэдэг нэгэн л дээ. Тэгээд утасны карт судладаг хүн гарч ирэхээр баярлаж байна гэж жигтэйхэн :-).

Нийтлэлд гарсанаар улсууд жижиг дэлгүүр, бензин колонкоос картаа авдаг, хүн бүрийн бага жижиг оролцоотойгоор хэдэн саяыг жилдээ хэрэглэгчид алддаг. Олон картууд амласан минутаа яриулдаггүй, яриулдаг нь хэрийн хүн ойлгоход бэрх олон төрлийн жижиг үйлчилгээний төлбөртэй байх. Дийлэнх картууд яриаг гурван минутаар нарийвчилж ( эсвэл бүдүүвчилж ч гэх юм уу :-) ) тооцдог. Энэ мэт утасны карт хэрэглэхэд ямар зовлон бэрхшээл байдаг талаар бидэнд монголчуудад байдаг зүйлийг дурдсан байна.

Аугусто Реворолио гэдэг нөхрийн ярьсан үнэхээр олон монголчуудад тохиолддог. Кубээс ирсэн Норберт Домингус ч амласан минутанд хүрдэггүй, гэхдээ л энэ нь утасны шууд залгаж ярьдаг үйлчилгээнээс хамаагүй хямд тусдаг гээд мөн л манайханд байдаг зүйлсийг хэлсэн байна.

Америкийн харилцаа холбооны хороо (fcc) энэ талаар тун их анхаарал тавьж, нуугдмал төлбөрүүдийг ил болгох, төлбөрийн нэгдсэн стандартад орох, амласан хугацаагаа бүрэн яриулах гэх мэтээр зохицуулалт хийж байгаа юм байна. Ай Ди Ти гээд холбооны томоохон гигант компани хүртэл шүүхэд дуудагдаж, нэг сараас өдий хүртэл хэрэг нь хэлэлцэгдэж байгаа ажээ. Удахгүй нэгдсэн улсын болон мужуудын хүрээнд зохицуулах хуулиуд гарч ирэхээр хэлэлцэгдэж байгаа юм байна.

Дийлэнх худлаа картууд Мексик, Хэйти, Гуватемал, Энэтхэг рүү байж боломжгүй супер хямд үнээр яриулна гэдэг ажээ. Монгол руу ч гэсэн ийнхүү худлаа хямд ханш зарласан, манайханы унадаг гэж нэрлэж заншсан картууд олон байдаг шүү дээ.

Нэмж тодруулахад Монголын харилцаа холбооны зохицуулах зөвлөлөөс гарсан шинэ стандарт, үнийн зохицуулалт бий болоод нилээд удаж байгаа билээ. Энэ талаар удахгүй блогдоно оо. Мөн fcc-с гаргасан Америкийн зах зээлд "хулхи" карт эрхлэгчдийн талаар гомдол хэрхэн тавих зааварыг удахгүй блогдоно оо. За хөөрхий хулхи гэж дээ, ер нь утасны картууд амласан минутаа гүйцээхгүй байгаа болон бусад гомдолоо хааш нь яаж хэрхэн тавьж барагдуулах талаар мэдээлэл юм л даа.

Monday, November 12, 2007

PinLess данс

За нөгөө зөвхөн монголоор, эх хэлээрээ гээд байсан нөхөр ингээд "будаа", гадаад үг бүр инглишээр бичээд унасан шүү :-). Үнэндээ би эх хэлээрээ ярих дуртай, монгол хэлэнд хайртай л даа, даанч харийн нутагт чамгүй бадарчилсан би хэлний мэргэжилтэн ч бус болохоор мэдлэг нимгэдээд хэр баргийн үгийн орчуулж дөнгөхгүй, хачин галиглаж байснаас хэн нэг нь оноод хөрвүүлтэл нь англиар нь туучихсан нь зөвдөх шүү.

Манай картны нууц дугаар 12 оронтойг Та бүхэн мэдэх байх. Энэ нь хэр барагийн хүн таагаад олчихгүйгээр нууцлаж хааснаас болсон хэрэг. Тэрнээс 1 эсвэл 23 гээд ярьчих бол хэрэглэгчид хичнээнр амархан, эвтэйхэн байх билээ. Энэ л энгийн хялбар хэрэглээг хангах үүднээс бид PinLess ангилалыг бий болгосон юм. Олон оронтой тоо тогтоох, оруулах хэрэггүй боллоо гэсэн үг. PIN гээч нь уг 12 оронтой тоог хэлсэн хэрэг, less гэхээр тэгээд бага, богино гэж ойлгох. Эндээс энэ гадгаад нэрний утга гараад ирнэ.

Анх бид энэ ангилалыг ямарч тоо оруулахгүйгээр зохицуулж хийсэн юм. Уг ангилалын хэрэглэгч манай холболтын дугаарт залгамагц систем картны дугаарыг нь асуулгүйгээр ямар картаар ярих гэж байгааг тодорхойлно гэсэн үг. Утасны дугаараар нь холбочихож байгаа юм л даа. Картны дугаар 12 оронтой тоо огт хийхгүй гэсэн үг. Одоо олон картны үйлчилгээ үзүүлэгчид ийм зүйл хийдэг болжээ.

Биднийг энэ ангилалыг гараад нэг улирал болоогүй байхад л эхний проблем гарч ирсэн. Зүүн эргийн Балтимор хавьд амдардаг манай нэг хэрэглэгч уг ангилалаар үйлчлүүлдэг байлаа. Мань хүн гэртээ их олуул арван хэдүүл рүүммате хийдэг байж. Энэ ч томоохон хотод амьдардаг олон монголчуудын дүр л дээ. Мань хүний утсыг өрөөнийх нь улсууд аваад л залгаж яриад байж. Заримыг нь мэднэ, тэгээд мэдсэн ч чи боль гэж хэлж зүрхэлсэнгүй, заримд нь май ярь гээд утсаа өгнө, зарим үед мэдэхгүй л цаадуул нь туучихна. Ингээд хязгааргүй юм шиг л аашлаад байлаа. Минут ч дороо дуусна, дахиад цэнэглэчихнэ. Нэг л өдөр мань хүн ингэмээргүй байна гээд над руу утасдлаа. Би дөрвөн оронтой нууц дугаар хийж өгсөн юм.

Яг ийм тохиолдол олон удаа гарлаа, Чикагогоос, Бэй ареагаас ижил зовлон хэлсэн улс олширсон. Ингээд бид PinLess ангилалын хэрэглэгчдээ дөрвөн оронтой нууц кодоор хамгаалдаг болсон. Уг тоог мэдэхгүй бол утаснаас нь залгаад ярихгүй. Энэ нь тухайн хэрэглэгчийн тухайн утсыг хамгаалж байгаа болохоор өөр утаснаас үг дөрвөн оронтыг оролдоод холбоглохгүй.

Яг л банкны дебит, ATM картны пин кодтой ижил. Таны банкны картыг тоншчихсон нөхөр пин кодыг чинь мэдэхгүйгээр автомат мөнгөний машинаас моние тууж дөнгөхгүй. Харин Та пин кодоо, банкны карттайгаа цуг алдчихвал тухайн банкны нууцлалын албанд мэдэгдэх хүртэлээ 600 ногоон дансаасаа будаа болгочих аюултай. Ихэнх банк 600-с илүүтэйг нэг өдөрт автомат машинаар гаргадаггүй болохоор тэр л дээ. Түүнээс Та банкиндаа дуулгаж сэргийлж амжихгүй бол өдөр тутам ийм хэмжээний мөнгөн хохирол амсана.

Манай PinLess ангилал яг үүн шиг зарчимтай. Тодруулбал, Таны утсаар 4 оронтой тоог чинь мэдэхгүй хэн ч ярихгүй, хэрэв Та нууц хамгаалалтаа алдчихвал Таны карт дуустал эсвэл Та бидэнд хандаж пин-ээ шинэчилтэл хүнийг үнэгүй яриулна даа. Бидэнд мэдэгдэлгүйгээр онлайнаар, аргамагийн вебээр бас нууц үгээ өөрчилж бас болно оо.

Энэ ангилалынханд өөр олон нэмэлт үйлчилгээ бий. Тэр бүгдийг би дараа дэлгэрэнгүй блогдоно оо. Нэг жишээ дурдахад, speeddial гэгч үйлчилгээ бий. Бас л орчуулж дөнгөөгүй болохоор инглишдчихэв. Түргэн цагаан гэж нэрлэх ч дөхсөн шүү :-). 011976... гээд нэг олон дугаар хийхгүй дандаа ярьдаг утасны дугаараа 1, 2 гээд товчлууруудад сануулчих юм. Тэгээд "Та утасны дугаараа оруулаад чагт дараарай" гэж манай утасны хүүхэн хэлмэгц олон тоо даралгүйрээр ганц дугаар хийхэд ээжийн гар утас "дрррр" шүү дээ. Би энэ үйлчилгээг хамгийн их хэрэглэдэг. Анх 19 хүний утас нэг нэгээр нь сануулсан, сүүлдээ хэн нь хэд дээр байгаа билээ андуураад байх болсон тул ээжийнхээ, хадмынхаа, дүүгийнхээ гээд тавыг нь үлдээсэн дээ :-). Та энэ боломжийг хэрэглээд үзвэл над шиг л дуртай хүлээж авна даа. Оролдоорой, заавал үзээрэй! Онлайнаар буюу манай вэбээр дамжуулж дугааруудаа сануулдаг юм шүү!

Sunday, November 11, 2007

Утасны картаа цэнэглэх

Аргамагийн карт хэрэглэгчид дууссан картаа дахин цэнэглээд хэрэглэж болно. Картыг тэдэн удаа цэнэглээд илүү болохгүй гэсэн зүйл байхгүй. Та картаа хэдэн ч удаа цэнэглүүлээд ярьж болно. Ингэдэг хэрэглэгч манайд их олон бий. 12 оронтой тоо дахин дахин тогтоох, дугаарыг нь цээжилчихсэн карт дуусахад тэрнийгээ мартаад дахин шинэ тоо санах хүндрэлтэй л дээ. Энэ мэт асуудлыг ийнхүү шийдэхэд олон хэрэглэгч дуртай байдаг.

Энд нэг муу тал байгаа. Тогтоож цээжилсэн дугаарыг өөр хүн мэдчихвэл картаар чинь яриад байж болох. Ийм тохиолдол цөөн удаа гарч байсан. Үүнийг хэрэглэгч өөрөө хянаж, хэн нэгэн өөр хүн хэдийд ямар утаснаас, хаашаа залгасныг мэдэх арга бий. Манай хэрэглэгчийн товчоонд хандаж болно. Мөн хэрэглэгч өөрөө ч манай вебээр дамжуулан элдэв саадгүй үзчих боломж бий.

Карт цэнэглэх гурван арга бид санал болгодог. Эхнийх нь хамгийн энгийн - манай кастомер сервис руу, эсвэл над руу утас цохиж болно. Гэхдээ шөнө дунд би унтаж л таарах байх, бас надад гэр бүл, гурван хүүхэд бий. Цаг их авдаг хөдөлмөр шүү, энэ хүүхдүүд гэдэг чинь. Дараагийн хоёр арга бол бас амархаан! 24 цагаар ажиллана шүү дээ!

Онлайнаар картаа сунгаж болохыг хэлж байна л даа. Гэхдээ энд бас л жаахан но гараад ирэх нь хэрэглэгчид тэр бүр компьютерийн цагаан толгойд сайн байгаад байхгүй байна шүү. Дээр нь энэ америк гээч улсад амьдарч, ажиллаж байгаа олон олон монголчууд нийтийн номын сангийн компьютерээр л интернэтлэх. Гэтэл номын сан золиг шөнө орой болохоор хаачихдаг, гэрээдээ ярих чухал хэрэг байдаг, бас л хяслантай яа.

За тэгвэл энд гурав дахь, мөн л тун амархан арга байна аа. Аргамаг автомат утас ажлуулдаг. Амардаггүй, уцаарладаггүй, хэзээд бэлэн энэ ачтаны утасны дугаар 773/902-1139 шүү. Залгаад үзээрэй! Монголын радио сонсож буй мэт уянгалаг мэндлэхээр нь 1 товчлуур дараад араас нь картны дугаараа оруулаад # дараарай. Энэ нөхөр Таныг эелдэгхэн хөтлөөд асуух зүйлээ нэхээд явчихна. Эцэст Та цэнэглэгдсэн карттай сална. Дээр нь нэмж хэлэхэд картыг тань сунгасан гээд шагналын оноо өгөхөө цаадах чинь мартахгүй ээ. Уг оноог зөвхөн онлайнаар шалгах ба энэ талаар би өмнө дурдаж бичиж байсан тул Та мэдэж байгаа даа.

Saturday, November 10, 2007

Яриа үргэлжлэх хугацаа

Утасны картуудаас дийлэнх нь Таны яриаг зургаан секундээс гурван минутын алхамтайгаар тооцдог. Тодруулбал, нэг минутын алхамтай гэвэл яриаг чинь минут тутмаар тэгшитгэнэ гэсэн үг. Та 11 минут 6 секунд ярилаа гэж санахад 12 минут гэж тооцно. Энэ нь 54 секунд буюу бараг минутын үнээ Та зүгээр алдана гэсэн үг. Алхам нь гурван минут байхад Та яриа болгондоо нэг секундээс хоёр минут 59 секунд хїртэлх ярианы үнэ алдах боломтой.

Өмнө бичиж байсан даа, унадаг карт гээд. Картын минут унадаг нэг шалтгаан үүнд байдаг бөгөөд үүнийг нь бас хэрэглэгчээ хулхидаад, хуураад байгаа явдал ч гэж үзэж болохгүй юм. Ярианы минут хэмжих алхамыг ийнхүү зөрүүтэй байж болохыг америкийн харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрдөг. Тухайн карт эрхлэгчийн маркетингийн асуудал хэмээн үздэг. Хамгийн гол нь энэ талаараа хэрэглэгчдээ хэлж анхааруулсан байх хэрэгтэй хэмээн зааварчилдаг юм билээ. Хэрэв Та анзаарвал хэвлэсэн картны ард эсвэл худалддаг вэб дээр тун жижиг үсгээр өөр бусад үйлчилгээний толгой эргүүлсэн төлбөрүүдийн хамтаар бичсэн байдаг юм билээ.

Аргамагаас эрхлэдэг картуудын хувьд Та ярьсан секунд бүрээр тєлбєрєє хийнэ, нэг ч секундын хоосон тєлбєр хийхгүй. Картын боломжит ярих хугацаанаас Таны тухайн үед ярьсан нийт секундыг өөр ямар нэг шилжүүлэлт, суутгалтүйгээр хасаж тооцдог. Энд ямар нэг адлаа гарч Таны ярьсан минутыг буруу бодсон бол алдсан хэмжээгээ гурав дахин ихэсгээд картанд нэмж хийх "баталгаат" үйлчилгээ үзүүлдэг болохоо би өмнө бичиж байсан билээ.

Friday, November 9, 2007

Карт ашиглалтын хугацаа

Утасны картанд ашиглалтын хугацаа гэсэн ойлголт байдаг. Энэ нь хэр удаан ярихыг бус хичнээн урт хугацаанд картаа хэрэглэж болохыг заадаг. Биднийг анх карт эрхлэж эхлэж байхад нэг сараас зургаан сарын ашиглалтын хугацаатай картууд зах зээл дээр байлаа. Ухаан нь Та нэг карт худалдаж авлаа гэхэд анх залгаж эхлэсэн үеэс хойш ашиглалтын гээд заагдсан хугацаа өнгөрөхөд уг карт чинь хэдий хэр үлдэгдэл минуттай байсан нь хамаагүй хүчингүй болно гэсэн үг.

ЭйТи Энд Ти, Спринт шиг акулуудад бол ойлгомжтой л доо. Тодорхой хугацаа зааж өгөхгүй бол хэдэн зуун сая хэрэглэгчтэй, хэдэн сая карт өдөрт гаргаж байгаа газарт тэр бүр мэдээллээ хадгалж, хамгаалж, кийп хийх зардал ихтэй байлгүй яахав. Утасны карт бол зардал багатай, хямд төсөр байх ёстой зүйл. Үүнд зориулаад зохих мэдээлэл боловсруулаад, хадгалаад байх олон компьютер, сервэр тоног төхөөрөмж ажлуулаад, тэрнийгээ дагаж мэргэжилтэн уяад байж болохгүй. Хугацаа тавиу байх тутам нэмэлт зардал илүүтэй. Мөн маркетинг гэж байна, хэрэглэгчииг хугацаагаар шахаад аль болох яриулж шинэ карт, шинэ бүтээгдхүүн борлуулах талаар юу гэж бодохгүй байх билээ. Ийнхүү заагдсан тодорхой нөөцөд баригдан картууд ч оршин тогтнох өөрийн хугацаатай байна гэсэн үг.

Аргамагийн хувьд бүх боломжит хэрэглэгчдийн хязгаар, зах зээлд гаргах нийт картын хугацаа, тоо, сүлжээний даац, маркетингийн бодлого зэрэг олон зүйлээр судалгаа шинжилгээ хийсний дүнд үндсэн картуудын ашиглалтын хугацааг хязгааргүй байхаар тогтсон билээ. Тийм ээ, Аргамаг Инкорпоратэдээс эрхлэн гаргадаг Омега картыг хэдийд ч худалдан авсан бай, бид энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Таны картад ярих минут байгаа л бол Та саадгүй холбогдож, картаа ашигласаар байх болно.

Аргамагаас эрхэлдэг үндсэн карт хэмээн дээр бичсэнийг уншигч Та анзаарсан байх. Энэ нь бид ч бусдын ижил хязгаарлагдсан хугацаанд хүчинтэй байх картыг баяр ёслолын үеэр тухайлбал наадам, шинэ жил, цагаан сараар болон давхар хямдрал - дабле дискаунт, 3x10% буюу гурван давхар 10% зэргээр маркетингийн зориулалтаар хоёр долоо хоногоос нэг сарын хугацаатай картуудын нийлүүлж байсан.

Ийм төрлийн манай картууд үндсэн ангилалаас хөнгөлттэй худалдагддаг, эсвэл илүү олон минут яриулдаг болохоор үнэ ханшаа барьж байх үүднээс тодорхой хугацаа заадаг юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд ийм тусгай карт бид гаргаагүй, тэмдэглэлт баяр ёслолын үеэр үндсэн ярих хугацааг сунгаж байсан билээ. Харин одоо энэ ирж буй талархалын баяр, улс тунхагласаны баярыг тохиолдуулан бид хэрэглэгчиддээ сюрприз бэлтгээд байгаа нууцаас жаахан нээхэд маш хөнгөлттэй үнээр ярих, тодорхой хугацаа заасан тусгай карт онлайнаар худалдаанд гарна.

Thursday, November 8, 2007

Шагналын оноо

Шагналын оноо яаж авдаг вэ?
Манай веб сайт болон автомат утсаар холбогдож шинэ карт авах, хуучин картаа дахин цэнэглэх бүрт бид нэмэлт шагналын оноо өгдөг. Мөн хэдий хэмжээний худалдаа манай сайтаар дамжуулан хийнэ, нийт үнийн дүнгийн долларын хэмжээтэй тэнцүү оноогоор бид хэрэглэгчдээ шагнадаг. Тодруулбал, Омега20 карт онлайн худалдаж авахад 20 оноо авна. Дээр нь нэмэлт шагналын 60 оноо өгдөг. Нийтдээ 80 оноо нэг Омега20 картаас авна. Өмнө хэрэглэж байгаад дууссан картаа сунгахад мөн л ийм оноо өгнө. Оноо олголт автоматаар хийгдэх бөгөөд хэрэглэгчийн зүгээс ямар нэг нэмэлт зүйл шаардахгүй. Аргамагийн зүгээс ч аливаа тохиргоо гараар хийх хэрэггүй.

Ингэж цуглуулсан оноогоор яах вэ?
Цуглуулсан шагналын оноогоороо утасны карт үнэгүй авна. 200, 400, 800 оноогоор Омега5, Омега10, Омега20 карт тус бүр үнэгүй авч болно. Ингэснээр 3/5/10 Омега20 карт худалдан авч эсвэл цэнэглүүлсэнээр $5/$10/$20 карт үнэгүй авах боломж бий болж байгаа юм. Шагналын оноогоороо ямар карт хэдийд авах нь хэрэглэгчийн сонголт бөгөөд манай вебээр дамжуулан авна.

Энэ 2007 он гарсаар өнөөг хүртэл манай хэрэглэгчид ийнхүү шагналын оноогоор 416 карт авч 30247 минут үнэгүй ярьсан ажээ. Уг боломжийг хамгийн гаргуун хэрэглэсэн нь naemts нэрээр бүртгүүлсэн Оакланд, Калифорнияд амьдардаг хэрэглэгч юм. Хэрэглэгчдийн 55% нь шагналын оноогоо 200 болмогц хэрэглэдэг бол 19% нь тэвчээр гарган хүлээсээр 20 долларын карт үнэгүй авдаг байна.

Цаашид хэрхэн өргөжүүлэх санаа байгаа вэ?
Цуглуулсан шагналын оноогоороо утасны карт үнэгүй аваад зогсохгүй өргөн сонголттой үйлчилгээнээс өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэгчиддээ олгохоор бид ажиллаж байна. Тухайлбал, Монголд байгаа хүмүүст бэлэг үнэгүй хүргүүлэх, онлайнаар худалддаг дуу хөгжим үнэгүй татаж авах, Монголын үүрэн телефоны хэрэглэгчид руу мессэж илгээх гэх мэт. Аргамагийн хэрэглэгчдийн гарт энэ шинэ үйлчилгээнүүд удахгүй очно гэж миний зүгээс бүрэн найдаж байгаа.

Мөн тэмдэглэлт баяр ёслолын үер, хэрэглэгч бүрийн дурсгалт өдрүүдэд зориулж гэнэтийн бэлэг бид барьдаг. Энэ үер ихэвчлэн шагналын оноо нэмж өгдөг. Энэ үйлчилгээгээ ч өргөжүүлэн олон шинэ боломж бий болгоно. Хэрэглэгч Та заримдаа тогтоосон хэмжээнээс бага шагналын оноогоор үнэгүй үйлчилгээ авах болно. Нэр хүнд бүхий сайхан зоогийн газар ресторан, дэлгүүрийн гифт карт ч Та авч магад. Тухай бүрт өөр өөр төрлийн янз бүрийн "unique" бэлэг сюрприз хэрэглэгч Таныг хүлээж байгаа.

Wednesday, November 7, 2007

Минут унана гэсэн ойлголтыг бүрэн халсан

Утасны карт анх авч байгаа олон хүн надад энэ асуултыг одоо ч тавьдаг. Аргамагийн хувьд минут унана гэсэн ойлголт анхнаасаа байгаагүй. Технологио анхлан сайтар тогтоогүй туршиж тестэлж байх үед болон програмаа сайжруулах, технологио өөрчлөх үеэр минутын тооцоо алдагдах үе байсан. Энэ бол хаана ч байдаг зүйл биз ээ. Үүнийг бид манай картны минут унасан гэж үзэлгүй, манай тооцооллын алдаа, үйл ажиллагааны дутагдал гэдгийг ухамсарлан ийнхүү хохирсон хэрэглэгч бүрээ сэтгэл хангалуун байлгах зорилгоор дутуу тооцоологдсон хугацааг нь 2-3 дахин ихэсгэн буцааж олгодог байсан. Одоо ч ийм алдаа гарвал бид гурав дахин ихэсгээд алдагдсан минутыг нь буцааж өгдөг.

Зөвхөн гомдол ирэхэд бус бид өөрсдийн санаачлагаар шалгалт хийж, хаана ямар алдаа гарав, хэрэглэгч хэрхэн гомдолтой байж болохоор байна хэмээн үзэж шалгаж байдаг. Ингээд алдаа байвал засаж залруулан дээр бичсэнчлэн хэрэглэгчдээ хамгаалдаг. Энэ талаараа хэрэглэгч нартаа тогтмол мэдээлж, вэб дээрээ нийтлэж, масс имэйл тараадаг.

Америкаас Монгол руу яриулдаг ижил бизнес эрхэлдэг нөхөд маань өнөөг хүртэл хэрэглэгчдээ хүндэтгэж, сэтгэл хангалуун үлдээх алхам хийн адлагдсан минутыг нь нөхөн олгохгүй байгаад бид эмзэглэж явдаг. Маш олон монголчууд минут уналаа, ингэдэг л юм, хэл ам хийх заргалдах газар юу билээ, би хэн билээ, миний инглиш ямар билээ хэмээн хандаж хохирч явдагт үнэхээр сэтгэл эвгүйрхэдэг. Аргамагийн хувьд ийм асуудал үүсгэхгүй гаргахгүй Та нарт үйлчилнэ гэдэг замаар анхнаасаа алхсан.

Хэнээр үйлчлүүлэх, манай картаар ярих нь хэрэглэгчдийн өөрсдийнх нь сонголт оо. Таны сонголтыг бид хүндэтгэнэ. Бидэнд, Аргамагт итгээд манай үйлчлүүлэгч болж байгаа улсын итгэлийг дааж тээхийг би хичээнэ. Аа мэдэхгүй гэж байгаад нь би хүчээр ойлгуулж чадахгүй. Байгаа ажлаа, хийсэн зүйлээ байгаагаар нь элдэв нэмэлт хачиргүйгээр ил тавина. Ямар сонголт хийх нь Таны хэрэг.

Нэмж нэгэн жишээ дурдахад, өнөөгөөс жилийн өмнө билүү дээ, нэг вийкэндээр манай монгол дахь харилцагчийн интернэт хаяг өөрчлөгдөөд бидэнд тэр талаараа урьдчилж байтугай тэр даруйд нь ч мэдэгдээгүй юм. Ер нь монголд маань иймэрхүү өөрчлөлт дандаа л баасан ахын төрсөн өдрөөр болчихно шүү. Бид ч энэ үер эзгүй амарч таарлаа. Нэгдэхэд ажилдаа иртэл утсанд арваад мессэж үлдсэн байна. Системээ шалгатал хоёр хоног нэг ч яриа монгол руу яваагүй байдаг. Тэгээд лавлуулаад үзтэл тэр үед ч манай систем монгол руу холбогдохгүй байлаа. Өөр улсууд руу холболт зүгээр. Ингээд л монгол руу яахоодож өглөө. Шинэ хаягаа мэдэж авлаа. Америкт байгаа бусад яриулдаг газрууд ч ижил доголдсоныг мэдлээ. Миний хамгийн түрүүнд авсан арга хэмжээ нь манай руу холбогдоод монгол руу ярьж чадаагүй хүмүүсийн тоог гаргалаа. Тэгээд тэр улсууддаа болон тэгж оролдоогүй бүх хүмүүст хоёр, хоёр долларыг карт тус бүр дээр нь нэмж олголоо. Ингээд хэрэглэгч бүртээ имэйл илгээж, вэб сайтаараа зар тараасан юм. Нэлээд хэд хоногийн дараа миний нэг ресэллэр утасдаж байна аа. Жагдагаа, 20 долларын кардууд чинь 22 гэж хэлж байх юм, чи надтай энэ хэлж байгаа үнээрээ тооцохгүй биз, би мэдэлгүйгээр хүмүүст үндсэн үнээр нь бодоод тооцоо хийчихсэн шүү дээ гэж байна. Би болсон явдалыг тайлбарлаад, санаа зовох явдалгүйг хэлэхэд мань хүн аан, за сайхан юм байна, баярлалаа гэж билээ. Удалгүй дахин утасдаад чи ер нь ямар сүртэй юм бэ, тэр үед чинь бүгд л тасарсан ш дээ, нэг нь ч уучлаарай ч гэж хэлээгүй, монголоос болсон, холбоонд ийм явдал байх л гэж байна лээ, чи тэгж минут нэмэх хэрэгтэй юм уу, нийт хэдий хэмжээний нэмэлт зардал чи гаргачихав аа гэж билээ. Мань хүн манайхаас гадна олон карт худалддаг л даа. Тэгээд цаадуулдаа Аргамаг ингэсэн байна, та нарт юу байна гэхэд нь хариу өгөөгүй юм билээ. Миний ийнхүү үе үе минут нэмж өгдгийг ч манай хэрэглэгчид тэр бүр мэддэггүй, мэдсэн ч азны юм алдчихаж л хэмээн ханддаг шиг байна лээ. Тэгээд энэ талаар боломж олдохоор бичнэ дээ л гэж бодож явлаа, энэ удаа жаахан боломж гарч ээ :-).

Нээрээ Аргамагийн олон ажил, олон зүйлс түүх болоод үлджээ Заримыг нь хэрэглэгчид тэр бүр мэдээгүй байдаг. Энэ бүгдээс хэрэглэгч нартайгаа хуваалцаж блогтоо бичиж байна аа.

Tuesday, November 6, 2007

Америк байгаа монголчууддаа эх хэлээр нь үйлчилдэг

Биднийг анх утасны карт гаргаж эхлэх үед АНУ-д 15000 орчим монголчууд ажиллаж, суралцаж, амьдарч байлаа. Эх орон руугаа эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхэд, ах эгч дүү нартаа гэр бүлийнхэн рүүгээ утсаар ярих хэрэгцээ хүн бүхэнд гарах нь дамжиггүй. Олонх улсууд утасны карт худалдаж авна. Картны холболтын үйлчилгээ мэдээж англи хэлээр, худалдаж байгаа нь өөр өөрсдийн брокен инглиштэй, за кастомэр сервис буюу хэрэглэгчийн товчооныхон бүр дор арабаар эсвэл энэтхэгээр ярьж байгаа юм шиг болно. За тэгээд ярианы чанар тааруу үе олон гарна, минутын тооцоо буруу бодогдох тохиолдол элбэг, минут унана гэж ёстой үзүүлж өгнө. Энэ бүрт хүндрэл, асуудал гарна.

Иймд бид технологийн дагуу чанартай бүтээгдэхүүн монголчууддаа хүргэхийн зэрэгцээ бүх үйлчилгээгээ монголоор явуулахаар шийдсэн юм. Манай анхны хэрэглэгч 2003 оны гуравдугаар сарын сүүлээр Чикаго дахь холболтын дугаарт залгаад "Та Аргамаг компанийн сүлжээнд холбогдлоо. Картны дугаараа оруулаад чагт товчлуур дарна уу" хэмээн эх хэлээрээ дуулснаас хойш өнөөг хүртэл энэ мессэжээр манай хэрэглэгч бүр холбогддог. Ийнхүү монголоор хэлж холбогддог систем АНУ-д хараахан гараагүй өнөөг хүрлээ.

Аргамагийн хэрэглэгчийн товчоо руу залгахад миний утсанд холбогддог. Би монголоороо л ярьдаг, мэдээж. Амгаа руу ч залгагдах үе бий. Амгаа мөн л төрөлх монгол хэлээрээ харилцах дуртай. Ямар асуудал, хүндрэл гарч байна, бид газар дээр нь боломжоороо шийдэж өгдөг. Хааяа бид утсаа авах боломжгүй үе гарах үед манай хэрэглэгчид бидэнд монголоороо мессэж үлдээхэд хангалттай.

Аргамаг утасны картаа автомат утсаар дамжуулан борлуулдаг, сунгадаг. Энэ утас ч мөн л монголоор хэлж, ярьж, тайлбарладаг.

Аргамаг утасны картын үйлчилгээ явуулж эхлэсэн цагаасаа онлайнаар хэрэглэгчдээ дэмжсээр ирсэн. Онлайнаар карт худалдан авч, картаа сунгаж, карт яриагаа хянаж, шагнал авч ... олон зүйлийг манай хэрэглэгчид онлайнаар хүртдэг. Энэ бүгд монголоор.

Намайг нэгэнтээ Аргамагийн үйлчилгээний талаар пресентэшн хийж байхад хэрэглэгчдээс ингэж монголоор харилцах нь зөв үү, АНУ-ын албан ёсны хэл англи хэл биз дээ хэмээн асууж билээ. Тэгэхэд хэлсэн хариултаар энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе!

- Их сайн асуулт байна. Тийм ээ, АНУ-н албан ёсны хэл англи хэл. Бизнесийн болон албан ёсны олон зүйл англи хэлээр явагдах ёстой, хуультай энэ улсад. Аргамаг Инкорпоратэд АНУ-д бүртгүүлсэн, Америкийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж. Энэ утгаараа бид дээрх хууль журмыг баримтдах ёстой, бид баримталдаг. Нэгдсэн улсын болон муж улсуудын татварын газар, засаг захиргааны байгууллагуудтай харилцах, хуулийн дагуу тэдэнд гаргаж өгөх тайлан, бичиг хэрэг болон захидал хүсэлт бүгд англи хэл дээр явагдана. Харин хэрэглэгчид үйлчлэх, хэрэглэгчийн шаардлагыг хангах үүднээс малти буюу хэд хэдэн хэл дээр хэрэглэгчтэйгээ харилцахыг хаана ч зөвшөөрдөг. Одоо ЮуЭсЭй банкаар ороод лавлавал танд солонгос хэлээр бичсэн заавар, анкет өгнө. Ямарч томоохон үйлчилгээний автомат утсанд хандахад испани хэлний сонголт бий. Та Мобайл руу утасдаад би монголоор яримаар байна гэж хэлэхэд тэд, тэр дор нь орчуулагч олоод л өгнө. Яг энэ маягаар монголоор хэнээс ч илүү ойлгодог, сэтгэдэг, ярьдаг монгол хэрэглэгчдээ хүндэтгэж, төрөлх хэлээр нь үйлчилдэг.

Өндөрлөхийн өмнө нэг зүйл нэмэхэд ингэж үйлчилгээний бүх салбар, цэг бүртээ монголоор хэлж ярьж, тайлбарладаг холбооны байгууллага, утасны үйлчилгээ өнөөг хүртэл энэ АНУ-ын зах зээл дээр гараагүй л байна.

Monday, November 5, 2007

Аргамаг Инкорпоратэд юунаас эхлэдэг вэ?

Аргамагийн хэрэглэгчид болон Америкийн мэдээлэл холбооны технологийн талаар бичиж байх блог нээж байгаадаа их баяртай байна.

Намайг Эрхэмбаярын Жагдагдорж гэдэг. Аргамаг Инкорпоратэдийг найз Пүрэвжалын Амгаабаатарын хамтаар 2001 онд байгуулж, АНУ-н Илиной мужид бүртгүүлэн корпорате үүсгэсэн. Бид хоёр анхлан хоббигоороо, чөлөөт цаг, заваараа хийж байсан зүйлсээ базаж мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэхүү америкийн зах зээлд бизнес хийх гэдэг утгаар хөл тавьж үзсэн нь энэ. Бид америкийн мэдээлэл холбооны технологийн зах зээлд хөл дүүжилж туршлага хуримтуулж буйдаа дулдуйдан энэхүү алхамыг хийсэн билээ. Хэн хэн нь мэргэжлээрээ үндсэн ажилтай байсан тул Аргамаг Инк. нийлээдгүй хугацаанд хавсарга, хобби хэвээр байсан. Энэ ч Америкийн хуулиар зөвшөөрөгдсөн зүйл.

Бид ч туршлага хуримтлуулсаар ... АНУ, муж улсуудын бизнесийн хууль дүрэмд танилцсаар, нягтлан бодох бүртгэл, маркетинг, хэрэглэчидтэйгээ харьцах, тэднийг дэмжих, харилцагч бүрийг сэтгэл хангалуун үлдээх, бизнес ёс суртахуун гэх мэтээр үй олон зүйлд бид суралцсаар ... Аргамаг үйл ажиллагаагаа явуулсаар ...

АНУ-д байгаа монголчууд Аргамагийг монгол руу ярьдаг утасны картаар сайн мэддэг. Энэ бол бидний анхны бизнес. Технологийн шийдэл, програм хангамж зохиох, веб сайт хийх, хэрэглэгчдээ онлайнаар бүрэн дэмжих, Монголд бизнес хамтрагчидаа зөв сонгох, гэрээгээ сайн хийх, бүх төлбөрөө цаг хугацаанд нь барагдуулах гэх мэтээр бид энд маш их цаг зарцуулсан, цаашид ч үүнд цаг заваа зориулсаар байна. Бүх хэрэгцээт програм хангамжуудаа бид өөрсдөө зохиосон. Аргамагийн утсан холбооны систем, хэрэглэгч холбогдох, хэрэглэгч онлайн дэмжлэг авах, онлайн болон автомат утсаар худалдаа хийх, санхүү нягтлан бодохийн иж бүрэн шийдэл гээд Аргамагийн хэрэглэж програмууд бүгд манай өөрсдийн бүтээл, монгол хүний оюунаар бүтсэн. Бид хэд хэдэн технологийн шийдэл хийж олон зүйл туршсаар өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн шийдлүүдэд хүрч чадсан. Үүгээрээ бид зөвхөн бизнес хийгээд зогсоогүй, мэдээлэл холбооны технологийн орчин үеийн хөгжилд хөл нийлүүлэн алхаж, өөрсдийн хувиа нэмэрлэж технологийг хөгжүүлэлцэж байгаа хэмээн бахархаж явдаг. Аргамагийн цөөнгүй бүтээгдэхүүнийг америк компаниуд хэрэглэдэг. Бид энэ чиглэлээр олон зүйл монголчууддаа болон америкийн зах зээлд түрүүлэн хэрэглэсэн. Энэ талаараа блогтоо үргэлжүүлэн бичнэ ээ.

Аргамагийн холбооны технологийн үйл ажиллагаа утасны кардаар хязгаарлагдалгүй, өнөөдөр Америк болон бусад улсуудыг хамарсан утсан холбооны сүлжээг бий болгож байна. Америкт байгаа айлууд, албан байгууллагуудад бид интернэт технологи дээр суурилсан утас туршилтаар тавьж байгаа. Америкийн холбооны улсын харилцаа холбоо зохицуулах зөвлөлөөс үйлчилгээний зөвшөөрөл ирмэгц бид албан ёсоор уг үйлчилгээг эхлэнэ. Мөн бид Солонгос, Их Британид өөрсдийн утсыг тавих туршилтыг хийж байгаа. Монголд хийсэн туршилт маш амжилттай болсон ч харамсалтай нь Монголын хуулийн дагуу ийм үйлчилгээ эрхлэх эрхийг цор ганц компанид өгөх тэндер зарлагдан ялагч нь тодорсон байгаа. Бид бүх үйл ажиллагааг тухайн улс бүрийн бизнесийн хууль дүрмийн дагуу хийж эхлэж байгаа бөгөөд цаашид ч зөвхөн хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлнэ.

Аргамагийн бас нэг хийдэг бизнес бол Америкийн зах зээлээс бага хэмжээний програмчлалын ажил олж монголд байгаа мэргэжил нэгтүүдээрээ хийлгэдэг явдал юм. Энэ нь амаргүй ажил ч гэлээ, одоо ч бид тодорхой бүрэн үйл ажиллагаа энэ талаар эрхлээгүй байгаа ч "далайд дусал" гэгчээр гурван жилийн хугацаанд зургаан жижиг төсөл гүйцэтгэж дуусгасан. Өнөөдөр "аутсорсинг" гээч нэр томьео маш эрчимтэй хөгжиж байна. Манай энэ ажил энэ л аутсорсинг монгол америкийн хооронд бий болгох гүүрийг босголцож, монголчууд эх нутгаасаа америкийн зах зээлд ажиллаж, америкт авдаг цалинг монголдоо авах үйлсийн эхлэл юм аа. Алдаа оноо ихтэй ч амжилт бүтээл багагүйгээр алхаж байгаа энэ жимээ Аргамагийнхан томоо, өргөн дардан зам болгохын төлөө хамаг хүчээ дайчлан ажиллах болно.

Аргамаг бас нэг хийдэг ажил бий нь монголчуудад хараахан хүрээгүй, монголчууд руу хараахан чиглээгүй байгаа үйлс юм. Энэ нь "вэб юзабилити" буюу вэб сайт хэрэглэгчиддээ хэр амархан ойлгогдож байна, хэрэглэгчид хэрэгтэй мэдээллээ хэр амархан олж байна, вэб сайт хэр энгийн байдлаар хэрэглэгчиддээ хүрч байна гэх зэргийн судалгаа хийх үйлчилгээ юм. Өндөр хөгжилтэй барууны орнуудад PhD хамгаалсан, Америкийн их сургуулиудад PhD суралцдаг судлаачид энд ажиллаж, хийж гүйцэтгэсэн судалгаанууд нь Америкийн бизнесийн болон олон нийтийн олон байгуулагуудад өндрөөр үнэлж байгаагаар бид бас бахархадаг.

Аргамаг Инкорпоратэд эндээс л эхлэдэг. Тодруулбал, Америкт, Солонгост, Лондонд байгаа Таны эх нутагтаа залгаж байгаа утаснаас тань эхлэдэг. Манай олон үйлчлүүлэгчийн гэр, ажил оффисийн ширээн дээрх интэрнэт утаснаас, Таны өмнө дэлгээтэй байгаа компьютер интернэтээр холбогдохоос, Улаанбаатар, Сөүлд байгаа ч Америкийн компанид код бичиж буй залуучуудын оюун ухаанаас, Миззурийн их сургууль, Тайваны их сургууль, Хонгонг, Тайланд, Хорватын их сургуулиудад түшиглэсэн судалгааны төвийн ширээн дээрээс, америкийн олон бизнес, олон нийтийн байгууллагын онлайн хэрэглэгчдээс Аргамаг Инкорпоратэд эхлэдэг билээ.