Энэ сарын 15-аас эхлээд Аргамагийн Дэнвэр дэх холболтын дугаар шинэчлэгдлээ. Шинэ холболтын дугаар: 303/785-6167. Хэрэглэгчидээ хамгаалах зорилгоор хуучин дугаараа хэсэг хугацаанд давхар ажлуулахаар тогтов. Юутай ч энэ сарыг дуустал хадгалчихна даа. Давхар төлбөр төлөөд байгаа хэрэг л дээ. Уул нь хэмнэлт гаргах гээд л Колорадогийн холбооны компаниа сольсон нь энэ. Гэхдээ хэрэглэгч гэж бас байна аа, гэнэт дугаараа солиод л та одоо өөр долоон оронт тогтоочих гэж хараахан хэлж зүрхлэхгүй юм. Бизнес этик, хэрэглэгч хаан, хэрэглэгч үргэлж зөв гээд баахан ном дуулаад, уншчихсан байдаг.
Бид үйл ажиллагаа явуулж буй гурван жил хагасын хугацаанд Колорадо мужийн холбооны харилцагч компаниа гурвантаа солиж байгаа ч урд нь дандаа хуучин дугаараа хадгалж байлаа. Энэ нь америкийн харилцаа холбооны нэг онцлог. Америкт утсан холбооны үйл ажиллагаа эрхэлдэг, суурин, үүрэн ямар ч холбооны үйлчилгээгээ сольж өөр нэгнээр үйлчлүүлэхэд хэрэглэгч хуучин дугаараа авч явж болох хуультай. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан хууль гаргаад мөрдөж чадаж байгаагийн жишээ юм. Монголд маань бол огт өөр шүү. Мобикомын хэрэглэгч Скайтел эсвэл Унител руу гүйхдээ мобигийн хуучин дугаараа хадгална аа гэвэл их л инээд тохуу болох байх даа. За бараг огт боломжгүй гэж ирээд маргах хүн элбэг биз. Технологийн хувьд бол энэ боломжтой эд л дээ, харин хэрэгжүүлэх эсэх нь монголын холбооны бодлого баригчдын асуудал биз ээ.
Аливаа хүний болон бизнесийн утасны дугаар бол тухайн хүн, бизнесийнх нь "айдентити" болчихсон, бараг хэрэглэгчийн өмч шиг болчихлоо гэж үзээд байгаа юм шиг судалгаа уншиж байсан юм байна. Бодоод үзэхэд бас ч үнэнтэй шүү. 573/268-5312 гэсэн дугаар олон хүнд Жагдаг гэдэг хүнийг л илэрхийлдэг, төлөөлдөг болоод их удаж байна. Анх Спринтээс гар утас авахдаа энэ дугаарыг авсан. Спринтийн үүрэн утасны технологи Монголын Скайнэт хэрэглэдэгтэй ижил төрлийнх. ЭсДиЭмЭй гэдэг байх аа, гэхдээ энд ямар технологи вэ гэдгийг нэг их тоодоггүй, ямар компанийн үйлчилгээ вэ гэдэг нь бранд болно. За тэгээд гурван жил болоод ТиМобайлын үйлчилгээ авч гар утсаа сольсон юм. Технологи нь ЖиЭсЭм гээч болсон. Манай монголд бол Мобикомынтой ижил юм уу даа. Жил болоод, дараа нь хоёр жил ардаа үдээд бас л утсаа сольж орхисон. Энэ бүх хугацаанд би ганц л дугаартай, тэр нь огт өөрчлөгдөөгүй болохоор энэ л дугаар намайг илэрхийлдэг, намайг таниулдаг, миний айдэнтитиний нэг болжээ.
За хөө, Дэнвэрийн дугаар солигдсон талаар бичих гэсэн чинь утасны дугаар бол identity мөн, америкийн телефон хэрэглэчийн эрхийг хамгаалсан хуулийн зах зухаас гээд сэдэв далийгаад бурж өглөө. Бичлэг ч блог гэхэд урт болох нь. Гэхдээ энд нэг зүйл тодруулахад, утасны дугаар өөрчлөгдлөө гэчихээд дугаараа сольдоггүй юмаа гэсэн юм шиг болжээ. Дараа блогтоо яагаад бид дугаараа солих болсон, ер нь ямар тохиолдолд хэрэглэгч дугаараа хадгалаад аваад явчихаж болдоггүй талаар тайлбарлан бичнэ гэж өр тавиад энэ удаадаа өндөрлөе!
Дахин сануулахад Дэнвэрийн холболтын дугаар 303/785-6167 шүү, Колорадогийн хэрэглэгчид ээ!
Friday, November 30, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment