Thursday, November 11, 2010

Шинэчилсэн бүртгэл болон тооллогод хамрагдлаа, Та бүхнийг мөн тоолуулаарай гэж уриалах байна

Зун амралтаараа харих үедээ хороо хорин дээрээ хоёртоо очиж шинэчилсэн бүртгэлд хамрагдан арван хурууны хээгээ үлдээсэн юм. Энэ талаар бяцхан тэмдэглэл блогтоо бичнэ хэмээн санаж байсан ч тэгээд цаг хугацаагаа гүйцэлгүй олон ч хоножээ. Нэг мэдэх нь ээ, тооллого гээд бас нэгэн бүртгэлд хамрагдах хэрэг ч гарсан байна. Уржигдар шөнө хэрэг болгон суун байж тооллогод хамрагдав. Ингээд энэ хоёрыг хамсаргаад нэг блогдоюу.

Энэ хоёр бүртгэл тусдаа, өөр өөр байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагаа юм билээ. Гэхдээ нэг дор зангилагдаж, нэгдсэн мэдээлэл үүсгэж буй нь бол ажиглагдсан. Шинэчилсэн бүртгэл нь УИХ-с батласан, овоо ч төсөвтэй, давгүй ч техник технологи хэрэглэсэн ажил болсон. Цуглуулж буй мэдээллийн хувьд ч гэсэн сайн бодсон байна лээ. Иргэний бүртгэл мэдээллийн газар тухайн иргэн бүрээ бүртгэж, сонгууль, татвар, эх орны хишиг/эрдэнийн хувь гээд олон зүйлд баталгаатай эх үүсвэр болох ёстой. Энэ утгаараа ч асуултууд нь оновчтой байж, арван хурууны хээгээр баталгаажиж байх шиг байна лээ. Харин энд маний боловсролын төвшин, байр сууцны мэдээлэл аваад байвал сонин болоод явчих биз.

Технологийн хувьд мэргэжлийн нүдээр бяцхан ажиглахад үнэхээр нааштай, тэр зарцуулсан хөрөнгөд харуусахгүй зүйлс олон байна лээ. Мэргэжлийн гэхээр сайн аппаратаар зураг авч байсан. Бүртгэл хийж буй лаптоп нь гэхэд өнөө үед юунд ч хэрэглэхэд нүүр улайхгүй, үзүүлэлт сайтай, орчин үеийнх юм билээ. Хурууны хээ авах төхөөрөмж нь лав АНУ-д өдгөө ид хэрэглэдэг, гадаадын иргэд болон хилээр орж гарч буй улсуудыг бүртгэхэд ашигладаг зүйл мөн байна лээ. Програм хангамжийг нь хальт харахад манайхан өөрсдөө зохиосон эд байсан. Хэр алдаатай ажилладаг вэ, гацаж эд нар элдэв юм болдог уу, хэрэглэх сурахад хэр амар байв гэсэн асуултуудад бүртгэл хийж буй бүсгүй сэтгэгдэл өндөр, ам сайтай хариулж байна лээ. Ингээд одоо юутай ч миний нэр, миний регистерийн дугаараар хэн нэгэн хуурамч баримт бий болгох магадлал эрс буурсан биз гэж бодогдсон доо.

Хүн ам орон сууцны тооллого буюу сүүлийн үед онлайнаар шургуу сурталчилаад буй http://www.toollogo2010.mn тооллого нь харин Статистикийн газраас НҮБ-н хүрээнд дэлхий даяар хийгдэж буй үйл ажиллагаатай холбоотой юм байна. Тооллогын түүх, ач холбогдол, онцлог, хууль эрх зүйн үндэслэл гээд дэлгэрэнгүй мэдээлэл вэб дээр нь байна лээ. Үүний Интернэт тооллогод нь гадаадад оршин суугаа Монголчууд оролцох хэрэгтэй юм билээ.

Вэб сайтуудаар энэ талаар өргөн мэдээлж, бас ч улсууд санал бодлоо их бичиж байна. Саяхан АНУ дахь Монголчуудын гол мэдээлэл авдаг сайтуудын нэг Даяар Монгол сайтад таван ч иргэн саналаа илэрхийлж, хэд хэдэн байгууллага холбоодоос уриалга гаргасан байна лээ. Энэ талаар өөрийн бодол, санал сэтгэгдэлийн талаар бичиж нэмэрлэж буй нь энэ билээ.

Онлайн хуудас нь дөрвөн жижиг алхамтай юм билээ. Эхлээд имэйл хаягаа бүртгүүлнэ. Бүртгүүлсэн имэйлээр ирэх мэдээллээр системд нэвтэрнэ. Эдгээр нь түргэн саадгүй ажилласан. Дараагийн алхамууд болох үндсэн бүртгэл, асуулга нь ч цаг авахааргүй байсан. Үндсэн бүртгэл нь бүртгүүлэхээр оруулсан улсуудын регистерийн дугаар, нэрээр нь иргэний бүртгэл мэдээлэлд хандаж баталгаажиж байна лээ. Өмнө өгүүлсэн хурууны хээгээ үлдээдэг нь зөв болжээ гэж бодогдсон. Тооллогод нийтдээ 20 минут зарцуулсан гэхээр тун давгүй. За сайн талаас нь, хэрэгтэй гэсэн өнцгөөс олон хүн бичсэн байсан тул давталгүй орхиж, өөрт бодогдсон жаал саарал талаас нь өгүүлье.

Үндсэн бүртгэл хийгдэх гуравдугаар алхамын дараа систем нь гацаад таг болчихно лээ. Өөр төрлийн интернэт браузерээр дахин системд нэвтрэхэд харин асуулга шууд гараад ирсэн. Гэхдээ асуулгад хариулаад баталгаажуулах алхамд алдаа гарч ирж байна лээ. Миний мэдээлэл эхнэрийнх рүү эхнэрийнх арагшаагаа хүүхдүүд рүү гэх маягаар нэг нэг баганаар хойш гүйчихсэн байсан, тэгээд миний мэдээлэл байхгүй, заавал бөглөх талбар хоосон байна гэсэн алдаа өгч байна лээ. Үүнийг иймэрхүү элдэв форм бөглүүлэх код олонтаа нухсан мэргэжлийн өнцгөөс харвал их бүдүүлэг том алдаа л даа. Тэгээд ч энд тэнд зөндөө онлайн форм бөглөдөгийн хувьд анхны оролдлогоороо дутуу мэдээлэл оруулдаггүй болж сурсан нэгэнд код нь алдаатай байна даа гэж бодогдсон. Мэдээллээ засварлаад дахин хадгалах товчлуур дарахад харин болоод явчихна лээ. Гэхдээ таны оруулсан мэдээлэл ийм байлаа гэж хэлэлгүй шууд л их эелдэгээр баярлалаа гэсэн тул яг зөв орсон эсэхийг бас бүү мэд. Талархлын имэйл мөн ирж байна лээ, гэхдээ миний асуулгын хариу зөв орсон эсэхийг мэдэж чадаагүй үлдсэн дээ.

Мэдээллийн технологийн мэргэжлийн нэгэн, элдэв форм ихээхэн зохиодог, бөглөдөг тулдаа нэг их ажил бололгүй дээрх алдаануудыг давж орхисон. Хэрэв ийм мэргэжлийн нэгэн бус, ер нь компьютер дээр тэр бүр мэдээлэл оруулаад форм бөглөөд байдаггүй нэгэнд бол иймэрхүү алдаа хамаг цагийг, нервтэй нь авчихдаг юм шүү хэмээн анхааруулахад гэмгүй биз ээ.

За энэ ч яахав, жижиг зүйл. Хамгийн гол, хамгийн том гэж санагдсан болгоомжлол бол харин за энэ оруулсан мэдээлэл тэгээд олон түмэнд хэзээ ил тод болчих бол доо гэсэн бодол байлаа. Нууцлал, хамгаалалтын талаар хөндөж байна л даа. За миний овог нэр, регистерийн дугаар бол ойлгомжтой нууцлагдах асуудал. Үүнээс гадна манай ам бүлийн тоо, бидний боловсролын байдал, байгаа газар орон гээд олон зүйл нь миний хувийн мэдээлэл, олон нийтэд тэр бүр өгүүлээд байх эд биш юм. Энд бид ийм л соёл, заншил, сэтгэлгээнд хэдийнээ суралцжээ. Эндэхээр жишээлбэл, Гоогл компани айлуудын байшинг газрын зургаар хайгаад хаягаар нь харуулж буйн төлөө буруудаж 8,5 сая долларын төлбөрт орсон гэх мэт.

Манай мэргэжилтнүүд нь өндөр зэргээр хамгаалагдсан, найдвартай л гэж байна лээ. Тэдэнд итгэхгүйдээ биш, нөгөө л мэргэжлийн нүдээр харахад ийм абсалют баталгаа байдаггүй бөгөөд тухайн үүрэгт улсууд нь хэр сайн ажиллахаас л хамаарах юм. Нутагт маань энэ талаар хангалтгүй жишээ дэндүү олон. Наад захаас нь үзэхэд, хуучин иргэний мэдээллийн бүх мэдээлэлд манай энэ хавийн АйТи гайгүй гадарлах хүүхдүүд чөлөөтэй давхиж ороод тантай адилхан нэртэй хүн улсад тэд байна, энэнийх нь регистрийн дугаар эд, тэрнийх нь төрсөн өдөр тэдэн гээд хэлчихдэг. Тэгээд хуучин гэлтгүй тэр мэдээлэл нь үнэн байх юм билээ.

За ингээд дээр өгүүлсэн шүүмж, болгоомжлол байгаа ч мэргэжил нэгт нөхөддөө итгээд, улс эх орны хөгжилд бас өчүүхэн ч тус нэмэр байгаа юм болов уу гээд, бас ч хууль дүрэм элдэв зүйлийг нь дагаж мөрдөе гээд тооллогод хамарчихлаа. Та бүхнийг ч гэсэн хамраасай хэмээн уриалж байна. Юутай ч албан журмаар тоолуулчихаад, бид энд байна шүү гэж албан ёсоор бүртгүүлж улсынхаа санд баталгаажчихаад дараа нь жинхэнэ сонгуулийн эрхээ нэхэх юм шүү хэмээн бодож байна даа.

Friday, September 24, 2010

Телефон утсаар анх ярьсан минь

Мэдээлэл холбооны технологийн анхдугаар чуулган гэж Монголд 1999 онд зохион байгуулах ажлын хэсэгт оролцон, чуулганы бэлтгэл ажлыг амжуулж явахдаа хүүхдүүдэд мэдээллийн технологийн мэдлэг олгох зорилгоор жаал бичиж эхэлсэн юм. Тааруухан өгүүлэл маягийн зүйлс л дээ, өмнө нэгийг нь блогдсон, одоо бас нэгийг нь толилуулья. Урьд өмнө энд тэнд нийтэлж, гаргаж байсангүй ээ. Блогчид уншаад шүүн тунгааж элдэв сэтгэгдэл үлдээнэ үү.

Телефон утсаар анх ярьсан минь

Өвлийн нэгэн хүйтэн орой өвөө ээжийг дуудаж нагац ахтай түргэн холбоо барьж дууд гэлээ. Нагац ахынх Сансар хороололд байлаа. Есөн давхарт амьдардаг тэднийд зочилж, цахилгаан шатаар өгсөж, уруудах, өндөр дээрээс алсыг харах, түннэл гээч гоё том хөндий дээгүүр алхах нь хашаанаасаа нэг их холдохгүй надад туйлын жаргалтай явдал болно. Өвөөгийн хэлэхийг хагас хугас сонсож, ээж нагац ахынх руу явах нь хэмээн ойлгосон би гадаах хүйтнийг ч умартан,

- Ээж ээ, би тантай явъя гэж гуйлаа. Ээж ч дор нь зөвшөөрөхөд би бөөн хөөр болж хувцсаа солих гэтэл ээж “За миний хүү, ээж нь яарч байна, ингээд энэ хувцастайгаа явчих” гэлээ. Ихэнх үед хувцсаа сольж, цэвэрхэн хувцас өмсүүлж авч явдаг ээжийг ийн хэлэхэд яарч баярласан би нэг их гайхсангүй, гадуур хувцсаа өмсөж, ээжийг даган гэрээс гарав.

Ээж автобусны буудал байдаг зүг бус эсрэг тал руу манийг хөтлөн салхи сөрөн алхахад багагүй гайхаж билээ. Удалгүй бид хороо хорин байрлах Чингэлтэйн клубт хүрлээ. Хорооны сахиул айлд очиж утсаар ярья хэмээн гуйхад би өөр зүгт явсан, миний хувцсыг солиулаагүй нь учрыг олж нагацынд очих бөөн баяр алга боллоо.

Нагацындаа зочлох бүр хаалганы орчим байх үе үе хөгжилтэй чанга дуугардаг, нагац аваад ганцаараа ярьдаг хар өнгөтэй, дугуйвтар хэлбэртэй зүйл үргэлж анхаарал татна. Түүнийг утас гэж нэрлэнэ. Хүүхэд биднийг барагтай бол хүргэхгүй дээ. Яг ийм зүйл хорооны сахиул айлд байна. Зөвхөн өнгө нь улаан, хэлбэр нь ялимгүй өөр хурц өнцөгтэй, дөрвөлжин маягийн. Аль аль нь дугуй хүрдтэй, хүрд дээр тоонууд бичээстэй. Нэгээс эхлээд дэс дараалсаар ес, ард нь тэгээр дуусна. Тэг нь нэгээс бага байхад яагаад есийн ард байгаад би бодоод бодоод олдоггүй байлаа.

Сахиулынх утсаар ярихыг зөвшөөрч нохой хорьж биднийг оруулаад утсаа ээжид өгөв. Ээж хуруугаараа таван дугаар эргүүлж,

- Байна уу, байна уу гэв. Тэгээд залгуулаад нагацтай ярилцаж өвөө түргэн ир гэснийг дуулгаад Та манай хүүтэй ярь даа гээд утсаа надад өглөө.

- Байна уу, миний хүү юу, утсаар ярьж үзмээр санагдаа юу? (нагац намайг миний хүү, би нагацыг Сүхээ аав гэж дуудна)

- Байна, байна, та хаана байгаа юм бэ? Та ойрхон байгаа юм уу? Би таны ярихыг яагаад сонсоод байгаа юм бэ? Та намайг сонсож байна уу?

- Гэртээ, би гэртээ байна. Чи намайг сонсож байгаатай адил би чамайг сонсож байна аа. Бид утсаар ярилцаж байна шүү дээ.

- Та нөгөө хар утсаараа ганцаараа ярьж байгаа шиг ээ ярьж байгаа юм уу?

- Ха ха, юун ганцаараа гэж би чамтай ярьж байна шүү дээ.

- Яаж ингэж ярьж болж байгаа юм бэ?

- Чиний яриаг дуу авиа гэдэг юм. Наад харилцах утасны ярьж байгаа хэсэг дуу авиаг цахилгаан болгож хувиргана. Тэгээд тэр цахилгаан хананд залгаатай утас, шонгийн модны утас, холбооны газраар дамжсаар манай гэрийн утсанд ирээд буцаад дуу авиа болж хувирахаар нь би сонсож буй юм. Эргээд миний яриа яг ингэж чамд очиж буй.

- Цахилгаан тэгээд төөрдөггүй юм болов уу?

- Буруу залгавал төөрнө өө төөрнө. Замыг нь зааж өгч, зөв явуулдаг хүмүүсийг холбоочин гэдэг юм. Тэр улсууд холбооны газар ажилладаг юм шүү дээ.

- Аа тэгвэл том болоод би холбоочин болно оо. Утас ёстой гоё юм. Холбоочин хүүхэд гэж байх уу?

- Байлгүй яахав, хурдан том болж, сургуульд сайн сурвал холбоочин болж болно. Утас холбоо яаж ажилладаг, яавал сайн холбоочин болох вэ гээд ааваасаа сайн асуугаарай, аав чинь физикийн багш хүн, чамд сайхан тайлбарлаад өгнө. За одоо ээжтэй нь ярья гэв.

Амьдралдаа ийнхүү харилцах утсаар анх удаа ярилцаж үзлээ. Нөгөө нагацынх руу явахгүй нь гэсэн гомдол алга болжээ.

Sunday, September 19, 2010

Э.Жагдагдорж: Лотус Нотус Домино Монголд хэрэгтэй байлгүй яахав

"Зуны лекц - 2010" дараахан буюу наймдугаар сарын есөнд Зууны мэдээ сонинд хэвлэгдсэн ярилцлагаа нэг блогдчихоё. Тэр өдөр миний төрсөн өдөр л дөө, төрсөн өдрийн сонин бэлэг барьчихсанаа сэтгүүлч Н.Маралмаа мэдээгүй биз ээ.

Ийн Зуны лекцийн холбоотой өдөр тутмын гурван сонинд ярилцлага өгч хэвлэлийн баатар болсоноо блогдох нь зөв ч юм уу, буруу ч юм уу ... бодсоор нилээд удав. Ингээд блогтоо оруулж л орхилоо. Эндэхийн ойлголтоор бол уул нь, цаад хэвлэсэн сонин нь зохиогчийн эрхийг хариуцдаг болохоос ярилцсан нь бичсэн нь, за ярьсан хэлсэн нэгэн бол бүр ч болохгүй ээ, хуулж тэр чигээр нь энд тэнд давтахгүй гэдэг юм билээ :-). Нэгэнт энд тэндгүй элдэв онлайн гарчихсан болохоор нь блогтоо ч мань тууж л орхив. Мөн тэр олон онлайнуудаар элдэв шүүмж, санал, сэтгэгдэл цөөнгүй харагдахаар нь магадгүй маний блог дээр сэтгэгдэл бас бичигдээд ирвэл харж ойлгоход ойр ч биз хэмээн бодогдлоо.

Үндэсний шуудан (2010.08.09)

Э.Жагдагдорж: Лотус Нотус Домино Монголд хэрэгтэй байлгүй яахав
Н.МАРАЛМАА

Э.Жагдагдорж нь "Ай Би Эм"-ийн мэргэшсэн мэргэжилтэн. Монголын хэвлэл мэдээллийн салбарын эх бэлтгэх системийг анх компьютержүүлсэн нэгэн. Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хорооны гишүүн, тэргүүлэгчээр ажиллаж байжээ. Тэрээр одоо Америк дахь Монголчуудын худалдааны танхимын тэргүүний сонгуультай. "Симко Инкорпорэйт" компанид Лотус Нотус Домино хөгжүүлэгчээр 2000 оноос ажиллаж байна. Мөн Аргамаг Инкорпорэйтэд компанийн дэд захирлаар 2004 оноос ажиллаж байна.

АМЬДРАЛЫН МЭДЛЭГЭЭР "А" Ч БАЙХГҮЙ НӨХӨР ШУУД ХӨДӨЛМӨРИЙН ТАЛБАРТ ҮЗЭЖ ТАРСАН

-Та АНУ-д удаж байна уу. Мэдээлэл технологийн салбартаа яг ямар чиглэлээр ажиллаж байна?
-Мэдээллийн технологи гэдэг их өргөн ойлголт. Би энэ салбарын нэгхэн хэсэг болох тооцуурын код бичдэг мэргэжилтэн. Новосибирскт энэ мэргэжлээрээ сурч төгссөн. Тухайн үед техник технологийн дэвшил нэвтэрсэн сайхан боломж таарч орчин үеийн шинэ нарийн технологийг багш нартайгаа зэрэгцэж сурсан. Тэр үеийн оюутнуудад тохиогоогүй алтан боломж байсан юм. Сургуулиа төгсөөд эх орондоо зургаа, долоон жил мэргэжлээрээ ажиллаад 1999 оны сүүлчээр АНУ-ыг зорьж одоо ажиллаж байгаа Симко Инкорпорэйтэд компанид ажилд орсон.

-Мэдээллийн технологийн салбар хэл мэдлэгийн өндөр чадвар шаарддаг. АНУ-д очоод ажиллахад хүндрэл их байсан уу?
-Хүндрэлтэй зүйл олон байсан. Тооцуурын кодыг англи хэл дээр бичдэг болохоор хэлний ерөнхий мэдлэг, яриа, бичгийн чадвар өндөр байхыг шаарддаг. Гэтэл миний мэдлэг хаана нь ч хүрэхгүй. Тиймээс англи хэлийг анхан шатнаас нь эхэлж сурсан. Хэлний мэдлэгийг хэн нэгэн хүн "май" гээд бэлдээд өгчихдөггүй зөвхөн өөрөөс шалтгаална. АНУ-ын компанид ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхдүүдтэй харьцуулахад би тэс өөр боловсролын системээр сурсан, амьдралын мэдлэгээр "А" ч байхгүй нөхөр шууд хөдөлмөрийн талбарт үзэж тарсан. Энэ нь үнэхээр хүнд байлаа. Ямар нэг асуудлыг төвөггүй шийдэж чадсан үедээ мэргэжлийн суурь тавьж өгсөн орос багш нартаа, биеэ даан сурах чадварт сургасан аав ээж, арван жилийн багш нар ялангуяа анги дааж "Гар ганзаганд,хөлийг минь дөрөөнд" хүргэсэн Д.Пүрэвдорж багшдаа хамгийн их баярлаж явлаа. Би уг нь элгэмсэг, очсон газартаа бусадтай амархан хэл амаа ололцоод нөхөрлөчихдөг зантай. Гэсэн ч анх америкуудтай хэл амаа ололцох, найзлах, нөхөрлөх гэдэг үнэхээр хүнд байсан. Хөршүүдтэйгээ танилцах амаргүй байж билээ. Нэг сайхан инээсэн нөхөр машиныхаа цонхоор эелдэгхэн дохичихоод шууд гараашдаа ороод хаалгаа хаачихна (инээв). Тэгээд байгаа, үгүй, амьд эсэхийг ёстой чөтгөр бүү мэд. Эхэндээ энэ бүхнийг нь сайн ойлгохг үй их ганцаарддаг байлаа.

-Америк, Монгол сэтгэлгээний ялгаа эхэндээ их гардаг байсан байх. Одоо ялгаж салгаад дасал болсон биз дээ?
-Одоо энэ хоёр сэтгэлгээний адилхан талыг нь амархан олж хардаг болсон. Анх америк сэтгэлгээг ойлгоход хэцүү байж билээ. Монголчууд удирдлагаа ихэд үнэлдэг, өгөх үүрэг даалгаврыг нь зааврыг хүлээгээд суудаг. Бүр юуг яаж хийх дарааллыг нь бичиж аваад санаанд нь тааруулахыг хичээдэг. Гэтэл америк дарга юу хэрэгтэй, хэдийд бэлэн байлгахыг л даалгана. Түүнээс ажилтан хэрхэн ажиллаж багаа нь хамаагүй. Нэг үгээр хэлбэл хүн өөрөө биеэ дааж асуудлаа шийднэ гэсэн үг. Тэдний биеэ даасан байдал нь өөртөө итгэх итгэлээр өндөр байдаг. Ингэхлээр америк хүн ямар ч хүнд байдалд орсон өөрийн хүчээр гарчихдаг, асуудлаа шийдэж сурчихдаг. Гэтэл Монголд бол хамт олноо түшиж, хамаатан садандаа найдаж, ах дүүгээрээ бүх асуудалд туслаад гүйчихдэг шүү дээ. Мөн америкчууд эрсдэл хүлээх чадвар сайтай болохоор элдэв өөрчлөлтөд амархан дасчихдаг. Аливаа зүйлийг эерэг талаас нь харж, хүлээж авдаг. Татгалзсан тохиолдолд аятайхан үг хэлээд араас нь учир шалтгаан дурддаг. Бас зүйлийг сонирхуулахад дарга ажлын байрандаа л дарга. Бусад тохиолдолд өөртэй чинь ижилхэн, тэгш эрхтэй хүн болдог. Үүнийг дагаад төрөө үнэлж, дээдэлж байгаа иргэний ойлголт өөр болдог юм шиг. Монголд бүх зүйлийг төрөөс хамааруулж, төр зохицуулна гэж үздэг. Тэгвэл АНУ-д төр зайлшгүй оролцох нийгмийн томоохон асуудал, хөгжлийн чухал зүйлээс бусдад хол байхыг хичээдэг. Ялангуяа бизнесийн салбарт төр оролцох ёсгүй гэж үздэг юм билээ. Тиймээс бизнес эрхлэгчид нь төрөөс элдэв татаас, тэтгэлэг, элдэв дэмжлэг зохицуулалт нэхээд байдаггүй. Энэ мэтчилэн сэтгэлгээний ялгаа нэлээд их. Гэхдээ нэг нь зөв, нөгөө нь буруу гэх гэсэнгүй.

-Манай хоёр улс соёлын асар их зөрүүтэй. Хүмүүс соёлын шоконд орлоо гэж ярьдаг. Танд тийм зүйл тохиолдож байв уу?
-Өмнө ярьсан бэрхшээл, бас тэр сэтгэлгээний ялгаа зэрэг чинь яах аргагүй соёлын шоконд оруулж байгаа юм. Анх очиход нэг их инээсэн улс таарна, тэр нь хуурамч, хиймэл юм шиг санагдана. Инээж хөөрөөд найрсаг мэт боловч яг тулахаар ихэмсэг, хөндий улс гэж мэдрэгдээд, муу золиг америк зан гаргаад гэж бодно. Гэтэл цаад нөхрийн нүдээр манийг харвал нэг тийм ууртай, харьцахад эвгүй, ширүүн харцтай, элдэв зүйлд инээж хөөрч дэмжлэг өгөхгүй "харийн" амьтан харагдан аа даа (инээв). Ингэхээр яаж найзлах вэ дээ. Тэгээд үргэлж гадаа хүүхдүүд гүйлдээд, хөгшид тоглоод сууж байсан орчноос ирсэн хүн гэнэт чимээгүй, амар тайван орчин угтаад гудамжаар хүн явахгүй болоод ирэхээр бас эвгүйрхэнэ. Энэ мэтээр соёлын ялгаа, соёлын шоконд туучихна даа. Харин хаа очиж үүнийг нь гадарласан, тайлбарласан зүйлс элбэг, шокноос түргэн гарах боломж өргөн газар.

БАРУУНД ХОЁРХОН И-МЭЙЛ СИСТЕМ БАЙДАГ

-Танай салбарынхан Лотус Нотус Домино гэж их ярьдаг. Үүнийг мэргэжлийн бус хүмүүс мэдэхгүй. Сонирхогч, хэрэглэгчдэд энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Хамгийн сонирхолтой, бүр сэтгэлээ зориулдаг зүйлийг нь асуухаар хүн нүд нь сэргээд, цаг хугацааг умартдаг байх. Энэ асуултад чинь би яг тэгж хандаж байна. Тооцуурын нарийн ойлголт, технологийн хэллэг, техникийн гадаад үгсийг Монголчлох тун ярвигтай. Дээр нь мэргэжлийн бус хүмүүс ойлготол нь ярих чадвараар би таг. Тэгэхээр аль болох товчхон, энгийнээр тайлбарлахыг хичээе.

Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд интернэт, и-мэйл жирийн хэрэглээ болж. Тэгвэл имэйлүүдийг түгээж байдаг систем буюу серверийн програм хангамж гэж байдаг. Лотус Нотус Домино нь энэ төрлийн цогц програмуудын нэг юм. ”Барууны орнуудын бизнесийн хүрээнд ердөө хоёрхон имэйл систем байдаг. Нэг нь АйБиЭм Лотус Нотэс (IBM Lotus Notes), нөгөө нь Майкрософт Эксчэнж (Microsoft Exchange). За яах вэ, Гоогл Мэйл (Google Mail) араас ойртож байгаа, бусад нь зүгээр л тоглоом.” хэмээн АНУ дахь мэдээллийн технологийн имэйл сүлжээний нарийн мэргэжлийнхэн “шутка” хийдэг юм. Банк санхүү, даатгал, хуулийн фирм үүд, нэгдсэн улсын болон муж улсын Засгийн газрын байгууллагууд, Майкрософтын технологиос чөлөөтэй байх сонирхолтой томоохон бизнесүүд. Мөн олон улсын байгууллагууд гээд дандаа санхүүгийн чадавхи өндөртэй газрууд ихэвчлэн хэрэглэдэг. Нууцлал хамгаалалт нь өндөр, найдвартай ажиллагаагаар баттай хангадаг, гар утасны сүүлийн үеийн технологийг дэмжихдээ үргэлж түрүүлж байдаг зэрэг олон чанар нь үүнд нөлөөлдөг.

-Та АНУ дахь Монголчуудын худалдааны танхимын тэргүүний сонгуультай юм байна. Танай танхим Монголчууддаа хандан ямар ажил хийж байна?
-Манайд сургалт, хурал, бизнесмэнүүдийг холбох, нэг нэгээсээ суралцах боломж болгох, АНУ-д мэргэжлээрээ тогтвортой ажиллаж буй нутаг нэгтнүүдээсээ суралцах, бизнес эрхлэгчдээ урамшуулах гэх зэргээр олон төрлийн ажил зохион байгуулдаг. Мөн тухайн орон нутгийнх нь бизнес дэмжих байгууллага, засаг захиргааныхантай холбох ажиллагаа явуулна. Монголыг сурталчилж, Монголд хөрөнгө оруулагч нэмэгдүүлэх талаар чармайна. Танхимын эрхэм зорилгод энэ бүхнээ тусгасан, дагаж мөрдөж ажилладаг юм. Эрхэм зорилгоо Америкт бизнес эрхлэгч Монголчуудыг дэмжих, олшруулах, тэдний бизнесийг өргөжүүлэх, хамгаалах, хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, түүнчлэн Монгол уруу орох хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж тодорхойлсон. Их л өөдрөг сэтгэлтэй нөхөд бий.

Ирээдүйд танхимаа Америкт бизнес эрхлэгч Монголчуудын эрх ашгийг хамгаалах “Дээвэр”, тэднийг хооронд нь болон Америкийн төр засаг, бизнес, олон нийтийн байгууллагуудтай харилцах “Гүүр”, Монгол Улсад гадаадын хөрөнгө орох “Гарц” болно гэж төсөөлдөг.

-Монголдоо эргэж ирсэн сэтгэгдэл. Юм үзэж нүд тайлсан хүний нүдээр харж жишвэл?
-Сэтгэгдэл их өндөр байгаа. Ээж минь эрүүл саруул, дүү нар гэр бүлээрээ амар тайван, ажил төрөл нь өндөр сайхан байна аа. Орон нутгаар явлаа. Хамаатан садангууд сайхан зуншиж байна. Тахиж шүтдэг овоондоо очлоо, Хийморь сэргээдэг хайрхандаа гарч нар мандахыг үзлээ. Хээр ч цөөнгүй хоносон. Олон сайхан найз нөхөдтэйгөө уулзаж, санаа сэтгэл нийлж ярилцлаа. Ийм байхад өөдрөг сайхан байлгүй яах вэ. Монгол сайхан хөгжиж, нийслэл хот мөн дэвжиж байна. Зайсан толгойд гараад харахад шинэ шинэ хороолол нэмж баригдаад, танигдахгүй болжээ. Энд тэнд кран зоолттой, бүтээн байгуулалт өрнөх аяс байна. Дэлхий нийтийн эдийн засгийн хямрал дагасан уу, хөгжлийн жижиг саатал тулсан уу, сүүлийн жилүүдэд ялимгүй хурд буурчээ. Гэхдээ тэгээд уул уурхайгаас авахуулаад эдийн засгийн өсөлт авчрах ирээдүй, томоохон хөрөнгө оруулалт хаяанд иржээ. Зөвхөн уул уурхай гэлтгүй хүнээ хөгжүүлнэ, эдийн засгийн чадавх, өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ, өндөр технологи хөгжүүлнэ гээд магнай тэнийлгэх олон мэдээ дууллаа.

Гадна байгаа Монголчууддаа анхаарал хандуулаад тэднийгээ овоо тоох болжээ. Дуудаж даллаад, буцаад ирэх арга чарга юу байна, юуг хэрхэн хэрэгжүүлж, хөгжилд хамтдаа хүрэх вэ гээд төр засаг, бизнес гээд шат шатандаа анхаарч хэлэлцэж байгаа нь үнэхээр баярлуулж байна.

-Илиной мужид бүртгэлтэй Аргамаг Инкорпорэйтэд компанийн дэд захирлаар ажилладаг юм байна. Ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
-Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Найз П.Амгаабаатарын хамтаар 2001 онд байгуулж, АНУ-н Илиной мужид бүртгүүлэн корпорэйт үүсгэсэн. Анхлан хоббигоороо, чөлөөт цаг, заваараа хийж байсан зүйлсээ базаж мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэхүү америкийн зах зээлд бизнес хийх гэдэг утгаар хөл тавьж үзсэн нь энэ. Америкийн мэдээлэл холбооны технологийн зах зээлд хөл дүүжилж туршлага хуримтлуулж буйдаа дулдуйдан энэхүү алхмыг хийсэн билээ. Хэн хэн нь мэргэжлээрээ үндсэн ажилтай байсан тул Аргамаг багагүй хугацаанд хавсарга, хобби хэвээр байсан. АНУ-д байгаа Монголчууд Аргамагийг Монгол руу ярьдаг утасны картаар сайн мэддэг. Энэ бол бидний анхны бизнес. Бүх хэрэгцээт програм хангамжуудаа үндсэн ажлынхаа хажуугаар бид өөрсдөө зохиосон. Аргамагийн хэрэглэдэг програмууд бүгд манай өөрсдийн бүтээл, Монгол хүний оюунаар бүтсэн. Эндээс цөөнгүй бүтээгдэхүүнийг америк компаниуд одоо хэрэглэдэг. Аргамагийн холбооны технологийн үйл ажиллагаа утасны картаар хязгаарлагдаагүй, өнөөдөр Америк болон бусад улсыг хамарсан утсан холбооны сүлжээг бий болгож байна. Өдгөө Америкийн цөөнгүй байгууллагуудад Амгаа энэ чиглэлийн үйлчилгээг үзүүлж байна. Мань хүний хувьд бүтэн цагийн ажлуудынх нь нэг болсон.

Аргамагийн бас нэг хийдэг бизнес бол Америкийн зах зээлээс бага хэмжээний програмчлалын ажил олж Монголд байгаа мэргэжил нэгтүүдээрээ хийлгэдэг явдал. Энэ нь гэхдээ амаргүй л дээ. 2004 оноос эхэлсэн хэдий ч, өдгөө тодорхой бүрэн цогц үйл ажиллагаа энэ талаар эрхлээгүй. “Далайд дусал” гэгчээр энэ хугацаанд арваад жижиг төсөл гүйцэтгэсэн. Жижиг төсөл гэхээр зургаан сараас хоёр жил хүртэл үргэлжилдэг. Цогц төсөлд хүрвэл хэдэн арван жилээр хийх байх. Өнөөдөр “Аутсорсинг” гээч нэр томьёо маш эрчимтэй хөгжиж байна. Аргамаг энэ чиглэлээр Монгол Америкийн хооронд бий болгох гүүрийг босголцож байна. Алдаа оноо ихтэй ч амжилт бүтээл багагүйгээр алхаж байгаа энэ жимээ “Аргамаг”- ийнхан томоо, өргөн дардан зам болгохын төлөө хамаг хүчээ дайчлан ажилладаг.

-Та хоёр ч мэргэжлээр магистр хамгаалсан юм байна?
-Эхнийх нь өмнө дурдсан хойно Новосибирскээс систем техникийн инженер мэргэжлээр төгссөн сургалтаар магистр авсан. АНУ дахь ойлголтоор бол компьютерийн шинжлэх ухааны мастер гэх юм билээ. Энэ нь намайг ажилтай болгож хоолонд хүргэснээс гадна, би өөрөө дур сонирхолтой мэргэжил болсонд их баяртай байдаг. Нөгөөхийг нь энд Колумбиа коллеж гээд хувийн сургуулиас бизнесийн удирдлагаар мастер болсон нь манай Симкогийн ажилтнууддаа олгодог боловсролын дэмжлэгийн хөтөлбөр буюу нэгэн төрлийн хангамжийн хүрээнд суралцсан. АНУ-ын компани бүр ижил хангамжийн хөтөлбөр хэрэгжүүлж чаддаггүй. Ингэхээр би өөрийгөө их азтайд боддог. Бизнесийн чиглэлээр сурсан нь Аргамагийн болон АНУ дахь Монголчуудын худалдааны танхимын үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцох урам олгосон.

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛ ХҮҮХДИЙН ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛГЭЭ, МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, ХЭЛ СОЁЛД ХАА ХААНАА АНХААРЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ

-Гэр бүлээ танилцуулаач. Гэр бүлийн хүн тань ямар мэргэжилтэй хүн бэ?
-Өөрийнхөө хувийн амьдралыг эрхэлж буй ажлаасаа, явуулж буй олон нийтийн элдэв үйл ажиллагаануудаас ангид байлгадаг ойлголтын талд би зогсдог. Америкжаад хувийн үзэлд автаж бөөрнөөсөө жаал ягаарсан юм болов уу (инээв). Нөгөө талаас хүний хийдэг ажлыг би төлөөлөөд тодорхой ярьж мэдэхгүй. Мань хүн өөрөө түүнийгээ өгүүлбэл илүү зохилтой. Товчдоо, эхнэрийг Борчулуун гэдэг, энд их сургуульд ажилладаг.

-Хэдэн хүүхэдтэй вэ. Гадаадад төрж өссөн хүүхдүүд эх хэлээ мартах гээд байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Гурван охинтой. Охид эх хэлээрээ ойлгодог, ярьдаг, уншдаг байх талаар ер нь ихийг амжуулна шүү. Энэ нь гадаад дотоодод байгаа, эх нутгаасаа хол байгаа гэхээсээ илүүтэй яг амьдрал өрнөж буй орчин хир бүрдэж байгаагаас их хамаарна гэж санагддаг. Эцэг эхээс нь шууд шалтгаална гэсэн үг. Бид Монголчууд олноор суурьшсан газраас зайтай тул бусдаас боломжоор бас тааруу, гэхдээ тэгээд үзэж тарна. Гэртээ зөвхөн Монголоор ярина. Эмээ нар нь, бас өвөө нь ирэхээр байдал эрс сайжирна. Энэ жил нутаг яваад тасалчихлаа, түүнээс зун бүр “Монгол хэл соёл” зусланд явуулдаг. Нийслэл Вашингтоноос Монгол соёлын төвийнхөн М.Саруул-Эрдэнэ нар ажиллуулдаг. Гадаадад байгаа Монгол хүүхдийн Монголоо гэсэн сэтгэлгээ, Монгол ёс заншил, хэл соёлд хаа хаанаа анхаарч байх хэрэгтэй гэж боддог.

-Хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаарч байна. Монголд жирийн айлын хүүхдүүд улсын төлбөргүй сургууль цэцэрлэгт явдаг. Харин боломжийн айлын хүүхдүүд өртөг өндөртэй сайн сургуульд сурах нь элбэг явдаг. Харин АНУ-д ямар байдаг вэ?
-Аав минь багш байсан. Ээж мөн багш, одоо тэтгэвэртээ гарсан хэдий ч гэртээ сууж чадахгүй хүүхдүүдийн дунд бужигнадаг хүн. Хадам ээж бас багш. Энэ бүгд биднийг хар багаас боловсрол шүтүүлж, эрдэм мэдлэг хүндлэн өсгөх орчинг бий болгосон. Тэрийг нь эхнэр бид хоёр бас үргэлжлүүлэн эрдмийн “галыг нь манаж” суугаа. Охидынхоо боловсролд хамгийн их анхаардаг. За тэр боломжтой айлынхан төлбөртэй сургуульд явдаг нь энд тэнд ялгаагүй дээ. АНУ-д нийтийн суурь боловсрол үнэгүй, хүүхдийн сургууль давгүй сайн чанартай байдаг ч гэлээ төлбөр өндөр хувийн сургуулийнхан илүү гарна аа. Гэхдээ зөвхөн мөнгөөр шийдэх бус хувийн болон нийтийн сургуулиудыг харьцуулбал илүү дутуу аль аль нь байдаг юм билээ, Төлбөртэй бол заавал илүү гэсэн үг бас биш.

-Гадаадад суралцахыг олон залуус хүсч мөрөөддөг. Тэдэнд хандаж юуг зөвлөх вэ?
-Бэлэнчлэхгүй, өөрөө аливааг ойлгож сурдаг чадварт сур гэж хамгийн түрүүнд хэлнэ. Боловсрол гэдэг чинь заавал заалгаж сурдаг биш. Өөрөө хайж олоод, өөрийн болгож байж мэдлэг болно. Залуу чиний мэдлэг бол чиний өмч, чиний бүтээгдэхүүн тул өөрөө бий болгох хэрэгтэй. Биеэ дааж, бүтээлч хандаж сурч байж гадаадад амжилттай суралцана. Хүний нутагт хөл алдахгүй эрдмийн далайд сэлнэ шүү хэмээн зөвлөе.

-АНУ-д амьдардаг Монголчуудын нийгэмлэгт хэр олон хүн байдаг вэ?
-20-30 мянга бий гэж ярьдаг. Яг таг тоолсон зүйл алга. Америк газар нутгаараа өргөн том улс. Монголчууд олноор суурьшдаг хэсгүүд тус бүр өөрсдийн холбоотой. Чикагогийн, Калифорнийн Бэй Эйриагийн, Лос Анжелосын, Дэнвэрийн, Сиатлийн, Сакрамэнтогийн, Вашингтоны гээд нийт хорь гардаг. Хамгийн дөмөг нь Бэй Эйрийгийнхан. Өнгөрсөн зургаан сард нийслэлд удирдлагууд нь цуглаж нэгдсэн нэг альяанс байгуулсан. Дээвэр нэг том байгууллагатай боллоо гэсэн үг. Холбоодууд ээлжлээд удирдаад явах юм. Монгол сургуулиуд бий болсон. Мэдээллийн вэбүүд, сонин, телевизүүдтэй болсон. Баяр наадам, цагаан сарыг бусдын гар харалгүй өөрсдөө тэмдэглэж Монгол соёлоо хадгалаад, сурталчлаад буй. Урлагийн хамтлагууд, спортын тэмцээнүүд зөндөө бий болсон гэх мэтээр холбоодууд сайн дурын үндсээр бий болж, идэвхтэй, давгүй сайн ажиллацгаадаг.

-Монголдоо ирж ажиллах уу. Төлөвлөсөн зүйл байгаа юу. Олон хүмүүс ингэж асуудаг байх.
-Монголдоо ажиллалгүй яах вэ. Төлөвлөх байтугай одоо хийгээд буй ажил цөөнгүй. Яг үнэндээ биеэ гадаадад байх ч сэтгэл санаа, үйл ажиллагаа минь эх нутагтаа байдаг. Мэдээллийн технологийн ачаар Монголдоо алсаас маш ихийг амжуулчихдаг болжээ. Монголд байгаа хоёр найз маань цаадах чинь яасан бэ, сайн уу гээд хаа хол байгаа маниас лавлах үе зөндөө. Өмнө өгүүлсэн код бичүүлэхээс эхлээд Монголд хэдэн жижиг бизнес болон элдэв байгууллагуудтай гайгүй орооцолдчихсон байдаг. Тэдний яг дунд хуралдаад сууж байдаггүй болохоос миний санал, миний нэмэр тусгагдаад ажил болоод тодруулбал алсаас нутагтаа ажиллаж байгаа. Ерөнхий сайд Монголд Цахим хөндий байгуулах талаар хэлж, холбогдох ажлууд урсаж байна. АНУ анхлан цахим хөндий бий болгосон, тэнд нь мэргэжлээрээ ажиллаж амьдардаг Монголчуудаа төлөөлөөд баримт бодлого боловсруулах ажлын хэсэгт нь би орчихсон тууж яваа. “Цахим өртөө” холбоо төрийн бус байгууллагад би нэлээд идэвхтэй нэгэн, алсаас санаа оноогоо тусгачихдаг, бүр удирдах зөвлөлийнх нь гишүүн гэж байгаа. Сая төрийн ордонд болж өнгөрдөг гадаадад байгаа Монголчуудын анхдугаар чуулганы зохион байгуулалтад эхэнд нь алсаас, төгсгөлд нь нутагтаа биеэр оролцов гэх мэтээр.

-Цалин хэдийг авдаг вэ. Энэ нь тухайн нийгмийнхээ өртөгтэй харьцуулбал амьдралд хангалттай юу?
-Аан, тэр цалингийн хэмжээг хэлж болдоггүй юм аа. Зэргэлдээ суудаг нөхөртөө мэдэгдэж болохгүй, тэр бүү хэл бараг эхнэрээсээ нуух хэрэгтэй шүү (инээв). Нийгэмтэйгээ орчинтойгоо харьцуулахад амьдрал болоод байх хэмжээний хөлс авна аа. Бусдын жишгээр, мэргэжил нэгтнүүдээсээ нэг их илүү гараад байхгүй, нэг их дутахгүйг авдаг юм билээ. Ер нь тэгээд хүн юм хойно, ухаалаг үрлэгтэй байхгүй бол цалингаас цалинд, өрнөөс өрөнд туучих үе гарна.

-Ер нь та эх орныхоо талаар ямар бодолтой явдаг вэ. Ах дүүсээсээ мэдээлэл авдаг байх?
-Их өөдрөг бодолтой байдаг. Шүүмжлэх, санаа зовох зүйл байлгүй яах вэ, гэхдээ дэлхийн хөгжилтэй эн зэрэгцээд дэвшиж дээшилж байгаа гэж боддог. Тусгаар тогтносон улс гүрэн, ардчилсан төр, засагтай гэдгээрээ их бахархдаг. Мэдээллийг зөвхөн ах дүүгээр хязгаарлахгүй бүх л сувгаар авдаг. Улаанбаатарт байгаа нэгнээс нэг их хоцроод байхгүй шүү. Мэдээллийн технологийн ачаар одоо бид эндээ гэртээ Монгол телевизүүд үзэцгээж байна. Яах вэ дүрс чанар нь эндэхийн бусад тв-ээс бол ялимгүй дутмаг, үе үе жаахан гацна. Гэхдээ дуу бол саадгүй. Сонинг интернэтээр онлайн уншчихаж байна. Хэрэгтэй бол утсаар залгаад шууд ярьчихаж байна. Долоо найман жилийн өмнөхтэй харьцуулахгүй, мэдээлэл сайжирсан.

-Нутгаа санадаг уу?
-Нэгэнт биеэрээ нутагтаа байхгүй юм хойно саналгүй яах вэ. Бас соёл харилцааны ялгаатай өөр орчинд амьдарч буйн хувьд өссөн дассан нутаг орноо, орчин соёлоо санахаас өөр арга байхгүй.

-Монголдоо энэ хугацаанд хэр олон ирж, очдог байв?
-Эхэндээ нэлээд ойр ойрхон ирдэг байсан. Яваандаа хугацаа жаахан холдоод байгаа нь мөнгө санхүүтэй холбоотой. Мөн сүүлийн жилүүдэд болж буй эдийн засгийн өөрчлөлтөөс болоод ажлын ачаалал эрс ихэссэн тул тэр бүр хүссэн цагтаа хүссэн хугацаагаар амралтаа авч нисээд байхгүй болжээ. Монгол явахад бас хөөрхөн хугацаа хэрэгтэй шүү. Охидоо жилдээ нэг явуулчих санаатай, амжихгүй бол өвөө эмээ нараас нь ирүүлдэг.

-Энэ хийж байгаа ажлаа Монголд хэрэгжүүлэх үү?
-Лотус Нотус мэтийн АйБиЭмтэй холбоотой ажлаа бол хэрэгжүүлэхийг мөрөөддөг. Гэхдээ энэ нь Монголын эдийн засгийн байдал, АйБиЭм манайхыг хэр зах зээл гэж үзэх, Монголын бизнесүүд ямар төрлийн технологи сонгох вэ? гээд надаас биш удирдлагын шийдвэр гаргах улсуудаас хамаарна. За бусад ажил бол угаасаа Монголтой холбоотой, одоо эх нутагт хийгдэж буй зүйлс.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаад ирсэн залуус ирээд залхаж цөхөрч буцаад явлаа гэдэг. Таны хувьд юу нь анхаарал татав?
-Ирж болохгүй гэсэн ямар нэг саад байхгүй. Миний хувьд Монголд тийм зүйл алга, болохгүй байна гэсэн ойлголт байдаггүй, ямар нэг зүйл өөрчлөгдөхийг сайжрахыг хүлээж суудаггүй. Хүрч ирэхэд амьдарч байсан сууц, гэр орон минь бэлэн, ээж ах дүү нар байна, найз нөхөд олон, ажлын байр олох тийм хүнд биш. Олдохгүй бол өөрөө бий болгоод ажиллачихна гэж санадаг. Голж шилэх биш, хаана байсан байрлал орчноосоо хамаарахгүйгээр, өөрөө амьдарч чаддаг байх хэрэгтэй. Боломжоо өөрөө олж хардаг, бололцоондоо итгэдэг байх хэрэгтэй гэж санадаг.

Thursday, September 9, 2010

Э.Жагдагдорж: Би даяаршиж буй дэлхийд Монгол гэсэн нэрийг гаргалцаж яваа жирийн нэг “хорхой”

"Зуны лекц - 2010" дараахан буюу наймдугаар сарын 4-нд Өнөөдөр сонинд ярилцлага өгсөнөө нэг блогдчихоё. Гарчигийг нь Ж.Солонго сэтгүүлч "Амьдрал бол тоолж баршгүй олон боломж, бололцоо" гэж өгсөн хэмээн мэссэждэж байсан ч сонин хэвлэгдэхэд солигдсон байлаа, бодвол уншигчдын анхаарлыг олох гэсэн олон аргын нэг байх. Мөн хэвлэгдэхдээ Монгол Ньюстэй холбогдож асан үеийг минь дурссан өгүүлбэр нэмсэнд мань лав хувьдаа ихэд талархсан.

Өнөөдөр (2010.08.04 178(4041), ЭХ ОРНЫ ЭЗЭД ХААНА ЯВНА ВЭ)

Э.Жагдагдорж: Би даяаршиж буй дэлхийд Монгол гэсэн нэрийг гаргалцаж яваа жирийн нэг “хорхой”

Ж.СОЛОНГО

Мэдлэг боловсролоороо дэлхийн энд хүрч, эх орныхоо нэрийг гарган эзэмшсэн мэргэжлээрээ гадаадад ажилладаг монголчууд олон бий. Тэдний зарим нь нэгдэж өнгөрсөн сард эх орондоо “Зуны лекц 2010”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор зохион байгуулсныг уншигч та санаж буй биз ээ. Тэдний нэг нь Эрхэмбаярын Жагдагдорж. Түүнийг АНУ-руу буцаад удаагүй байхад нь цахим шуудангаар холбогдож ярилцлаа. Тэрбээр “Монгол ньюс” группийн анхдагчдын нэг юм.

-Та одоо АНУ-д ямар ажил хийж байгаа вэ, үндсэн мэргэжлээсээ гадна өөр олон талын ажил алба эрхэлдэг гэж сонслоо?
-Би их олон ажил хийдэг хүн. Энд хүнийг эзэмшсэн мэргэжил, эрхэлдэг ажлаар нь дүгнэдэг. Энэ талаас нь харвал надад их олон янзын “ачаа” бий. Мэдээллийн технологийн мэргэжилтэй боловч бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ АНУ дахь монголчууд болон оршин суугаа газрынхаа жижиг бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгдөг. Эдгээр нь Америк дахь Монголчуудын худалдааны танхим, АНУ-ын жижиг дунд бизнесийг дэмжих “Скорэ” байгууллага болон “Аргамаг Инкорпорайтэд” компанитай холбогддог. Үүний зэрэгцээ сайн аав болох гээд хүүхдийн сургуулийн элдэв ажлуудад оролцож, оршин суугаа хотынхоо захиргааны дэргэдэх зөвлөх байгууллагуудад ажилладаг. Энэ бүгд сайн дурын ажил учраас цалин авдаггүй. Товчдоо, би амьдралаас суралцаж байгаа “оюутан”. Үндсэн ажил маань “Симко Инкорпорайт” компанийн АйБиЭм Лотус Нотус Домино хөгжүүлэгч. Их сүртэй, урт нэртэй боловч, товчоор бол тооцоолуурын код “нухдаг” гэсэн үг.

-АНУ-д хэчнээн жил ажиллаж байна вэ?
-АНУ-д 1999 оны сүүлчээр ирж, 2000 онд “Симко Инкорпорайт”-д ажилд орсон.

-Энэ байгууллагад ямар шалгуураар ажилд орсон бэ, гадаадад мэргэжлээрээ ажиллана гэдэг амаргүй санагдах юм.
-АНУ-д ажилд ордог жишгээр ажлын зар үзээд, хүсэлт гаргасан. Тухайн үед ажилд хэрхэн орох болон хүсэлт гаргах талаар сайн мэддэггүй байсан учраас бүгдийг нь өөрийн биеэр туулж, туршлага суусан.

Энд ямар ч ажилд орохын тулд хүсэлт гаргахдаа хувийн тодорхойлолт болох CV-гээ тун сайн бэлтгэх хэрэгтэй. Хүмүүс нэг л CV бэлтгэчихээд төрөл бүрийн салбарын байгууллагад ажилд орохдоо өгч алддаг. Уг нь тухайн ажлын онцлогт тохируулаад хэд, хэдэн өөр CV бэлтгэх шаардлагатай. Тухайлбал, системийн програм зохиогч, онлайн веб програм зохиогчийн ажилд орохын тулд аль алинд нь програмчлалын талаар чадварлаг гэдгээ ойлгуулахаас гадна эхнийхэд нь тооцоолуурын систем талаас болон сүлжээний мэдлэг ихтэйгээ тодруулж, нөгөөд нь веб дизайн, веб юзабилити мэдлэг туршлагатайгаа мэдрүүлэх хэрэгтэй. Мөн тэр байгууллага нь ямар технологи ашигладаг болон цаашид юуг хэрэглэх төлөвлөгөөтэй зэрэгт тохируулах нь чухал. Энэ захидал, CV ажил олгогчдын анхаарлыг татаж, хүчтэй сэтгэгдэл төрүүлэхгүй бол ярилцлагад орох боломжгүй.

Намайг ажилд авахдаа ажлын туршлага, ялангуяа ccMail-н админ хийсэн, их сургуульд багшилсан зэрэг үзүүлэлт CV -нээс ихээхэн анхаарал татсныг нь хожим хувийн хэрэгтэйгээ танилцаж байхдаа мэдсэн.

Ямар ч байгууллага ярилцлагад оруулахын өмнө хүсэлт гаргагчийг судалдаг. Үүний зэрэгцээ хэр их өртөгтэй амьдардаг, үнэнч эсэх, хүсэл, сонирхол, мөрөөдөл гээд миний тухай бүгдийг мэдчихсэн байх нь бий. Мөн өөрийг тань сайн мэдэх гурван хүнээр тодорхойлолт гаргуулдаг. Би тэр үед АНУ-д цоо шинэ хүн байсан учраас энэ шатыг алгассан байх. Харин хожим нь гэрээгээ сунгахдаа ийм шалгуурт өртсөн. Өмнөх удирдлага болох Ц.Балдорж эрхлэгчийн захидлыг захирал маань надад үзүүлээд “Энэ захиа чамайг ажилтай болгосон, чиний дарга хүнээ таньдаг, мэддэг, итгэдэг, тодорхойлж чаддаг жинхэнэ менежер хүн юм байна” гэж билээ.

Энэ бүх шалгуурыг давсны дараа “ажилд авлаа” гэж хэлдэггүй. Харин “Танд ийм цалин өгч, тийм нөхцөлд ийм хангамж олгоно оо, та манайд ажиллана уу” гэсэн урилга илгээдэг юм билээ. Энэ нь ажлын байрны санал гэсэн үг л дээ. Ингээд эцсийн шийдийг хувь хүн өөрөө гаргана. Хүмүүс хэд хэдэн газраас ийм санал авч байж сонголтоо хийдэг.

-Та хаана ямар, ямар сургууль дүүргэсэн бэ?
-Нийслэлийн нэгдүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч, төгссөн. Бидэнд наймдугаар ангид байхаас тухайн үеийн их дээд сургуулийн багш нар нэмэлт хичээл заадаг байлаа. Д.Ламжав, Чулуундорж, Ц.Дашдорж, А.Мекей, Р.Гончигдорж, А.Ганбаатар, В.Адьяасүрэн, С.Баясгалан гээд МУИС, УБДС-ийн багш нарын “гараар орж” аравдугаар ангиа төгссөн. Ингэснээр оюутан болж суралцах арга барил, сэтгэлгээ, суурь мэдлэг, логиктой болдог юм билээ. Дараа нь Эрхүүд нэг жил хэлний бэлтгэл хийгээд Новосибирскийн Цахилгаан техникийн дээд сургуульд орсон. Намайг төгсөх үед сургууль маань Новосибирскийн техникийн улсын их сургууль нэртэй болсон юм. Систем-техникийн инженер мэргэжлээр төгсөж, АНУ-н жишгээр бол компьютерын шинжлэх ухааны мастер болж, мэдээллийн технологийн салбарт зүтгээд “хоолонд хүрээд” байна. АНУ-д ажиллаж байхдаа байгууллагынхаа боловсролын дэмжлэгийн хөтөлбөр буюу нэг төрлийн хангамжийн хүрээнд Бизнесийн удирдлагын мастер зэргийг Колумбиа коллежээс авсан.

-Өдийг хүртэл “хоолоо олж идэхийн” тулд багагүй бэрхшээлтэй тулгарч байсан байх...
-Бэрхшээл бол зөндөө зөндөө, тоолж барахгүй олон асуудал гарна. Тэр бүгдийг туулаад өнгөрөөнө. Тэгэхгүй бол “ирсэн газар руугаа буцах” болно. Энэ өгүүлбэрийг дунд сургуульд байхад Люба багш маань хэлдэг байсан юм. Бид “Өө монголоор зөв ярихгүй байж загнаад” гэж ярьдаг байсан ч эргээд бодоход анх хаанаас ирсэн тэр газартаа гэсэн логик гараад ирдэг юм байна. Энэ нь орос, монгол сэтгэлгээ, хоёр хэлний бүтцийн ялгааны асуудал л даа. АНУ-д ажиллахад яг энэ бэрхшээлийг эхлээд туулсан. Товчдоо, англи хэл хамгийн том бэрхшээл байлаа. Хэлээ дагаад санаагаа илэрхийлэхэд элдэв өөр утга гарчихна. Одоо хамт лекц уншиж байгаа доктор М.Саруул-Эрдэнэ “Хар хүзүүний ороолт гэдгийг хар өнгөтэй хүзүү гэж ойлгох уу, хар ороолт гэж бодох уу” гэсэн жишээ авч ярьдаг. Мөн мань хүн “Улсын их дэлгүүр гэхийг тэр чигээр нь үгчилж орчуулаад дээр нь хадчихсан байгааг Америкчууд лав төрийн яамны агуулах гэж ойлгоно доо” гэдэг юм. Энэ мэтийн бэрхшээлийг давахад байгууллагын зүгээс хэлний хичээлд явуулж тусална. Тэгээд цаг хугацааны явцад сураад гайгүй бололгүй яах вэ.

Харин америк монгол сэтгэлгээний онцлог, ялангуяа хүмүүсийн харилцааны соёл, нэлээд амаргүй байдал үүсгэдэг. Монголчууд элэгсэг, хамт олонч үзэлтэй. Бидэнд гэр бүл, хамаатан садан, аав ээж, ах дүү маш чухал. Харин америкчуудын хувьд хувь хүний үзэл санаанд л тулгуурладаг. Өөрийн үзэл санаа, өөртөө итгэх итгэл, өөрийн чадварт найдах нь давуу байдаг. Үүнээс болоод эхний үед америкчуудтай найзлахад тун бэрх байсан. Монгол хүний хувьд тэр орчинд их ганцаарддаг юм билээ. Бүх зүйлд зөвхөн өөрийн байр сууринаас хандаж, шийдвэр гаргана гэхээр хөл алдмаар үе олон тохиодог.

Мөн удирдлага дарга, ахмад хүмүүсийг үнэлэх үнэлэмж тун өөр. Монголд бол даргын нөлөө хаана ч өндөр байдаг. Айлд зочлоход “Дарга дээшээ, хойморт суу“ гэнэ. Ахмад хүнийг ч адилхан. Автобусанд суудал тавьж өгдөг хүмүүжилтэй хүн тэнд очоод айлд сууж байгаад ахмад хүн ороод ирэхэд нь “Та энд суу” гээд ухасхийвэл “Чи хүнийг насаар нь ялгаварлаад байна уу” гээд хөмсөг зангидан аягүйцнэ. “Дарга хамаагүй ээ, тэр ажил дээр, оффист дарга болохоос биш бусад газарт бид ижил, тэгш шүү” гэнэ.

-Монгол залууст таных шиг ирээдүй нээлттэй бий юү?
-Байлгүй яах вэ, энэ чинь ер нь ирээдүй биш, өнөөгийн бодит боломж шүү дээ. АНУ бол зөвхөн Монголоос гэлтгүй дэлхийн хаанаас ч ирсэн хүн бүрт, тухайн боломжийг зөв, үр бүтээлтэй ажил болгож чадвал нээлттэй байдаг хаалга гэсэн үг. Босго нь жаахан өндөр. Даваад орчихсон ч өөр олон шалгуураар шүүгдэж, мөнхийн өрсөлдөөн дунд ажиллах орчин үүсгэж чадаж байгаа нь хөгжингүй байгаагийн нэг түлхүүр байх. Надтай адилхан мэргэжлээр АНУ-д миний сайн мэдэх, байнгын холбоотой байдаг 20 гаруй монгол залуу бий.

-Яагаад “Зуны лекц 2010”-ыг зохион байгуулах болсон бэ?
-Барууны хөгжингүй орнуудад ажлаа яаж хийдэг, сэтгэлгээ, арга барилын зөрүү, тогтвор суурьшилтай ажлын байраар хангахын тулд хэрхэн хөдөлмөрлөдөг болон хүний нөөцөө хадгалж байхын тулд юу хэрэгжүүлдэг зэргийг товч ярьж сонирхуулахын тулд зохион байгуулсан. Нэг цагийн хугацаанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, бүх сэдвийг хамарч чадахгүй. Тэнд байдал ямар байдгийг бодитоор өгүүлснээс биш үүнийг дага, хуулбарла, байгаагаа өөрчил гэж зааж сургаагүй. Мөн тэг ингэ гэсэн бэлэн шийдэл хэлэхгүй. Аливаа шийдлээ өөрсдөө олох хэрэгтэй. Монголд бэлэнчлэх сэтгэлгээ газар авч “Заагаад өг, стандартыг шууд хуулбарлая” зэргээр ярих болсныг шүүмжилмээр санагддаг.

-Та АНУ-д гэр бүлийнхэнтэйгээ хамт байдаг гэсэн.
-Би гурван охин, эхнэрийнхээ хамт амьдардаг. Гэр бүл хамт энд байна гэдэг нь тухайн хүний чадвар, боломжоос хамаарахын зэрэгцээ амжилт гаргах нэг үндэс нь болдог. Саяхан Индианагийн их сургуулийн зочин судлаач доктор П.Увш багш гадаадад байгаа Монголчуудын гэр бүлийн байдлын талаар судалгаа хийсэн. Багш судалгаагаа “Гадаадад амьдарч байгаа монгол хэв шинжийн гэр бүлийн гишүүн бүр Монгол Улсынхаа иргэний эрх, үүргээ хамгаалуулах эрхзүйн баталгаатай гэдгээ мэдэрч, зориг бардам ажиллаж амьдрахад нь төрөөс бага ч болов дэмжлэг үзүүлэх, ямар бодлого барих нь дээр бол гэдгийг харьд суугаа монголчуудынхаа санаанд тулгуурлан тойм төдий боловч гаргаж, болбол одоо ид яригдаад байгаа гадаадад байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, улс орныхоо хөгжилд тэдний мэдлэг, боловсролыг дайчлах хоймсон үүрэг бүхий “Зөгийн үүр” хөтөлбөртэй холбож, хилийн чанадад суугаа монгол гэр бүлийн талаар бага ч болов хүч, анхаарал хандуулаасай гэдгийг дамжуулах гэсэн юм” хэмээн дүгнэсэн байна лээ.

-Хүүхдүүдийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Ирээдүй нь “Ийм байгаасай, тэгээсэй” гэж нэг их боддоггүй. Ирээдүйгээ тэд өөрсдөө л бий болгоно. “Хүнд хоол өгөх биш, хоолоо олох аргыг нь заа” гэсэн үг байдаг шүү дээ. Миний хувьд охидоо ялимгүй газарчилж, чиглүүлж л чадна, цааш нь өөрсдөө амьдралаа босгоно гэж итгэдэг.

Гэртээ монголоор ярихыг охидоосоо шаарддаг. Эхнэр маань энэ тал дээр маш их цаг зарцуулж, хичээл хийлгэж, ном уншуулдаг. Заримдаа монгол маягаар алганы амт үзүүлэх үе бий. АНУ-д монголчууд олонтой газар монгол сургууль байдаг. Өөрсдийн боломжоор, сайн дураараа, үнэ төлбөргүй үндэсний соёл, бүжиг, хэл гээд олон талаар зааж сургаж ажилладаг юм. Энэ нь сайхан санагддаг. Мөн “Мэдлэг чадвар бол та нарын өөрсдийн бүтээгдэхүүн. Өөрийн чинь бүтээгдэхүүнийг хэн нэгэн булааж авч, хуулбарлаж чадахгүй. Иймд бүтээлч бай, өөрсдөө учрыг нь олоод олон зүйлийг сур” гэж захидаг. Захихаас илүүтэй шаарддаг гэхэд болно.

-Өндөр хөгжилтэй улс оронд амьдардгийн хувьд Монгол Улсынхаа талаар санаа зовних зүйл гардаг байх. Энэ талаарх санал бодлоо хэлбэл?
-Дээр хэлсэнчлэн бэлэнчлэх сэтгэлгээ давамгайлж буйд их эмзэглэдэг. Мөн аливааг эерэг талаас нь хүлээж авахаас илүүтэй үгүйсгэх, шүүмжлэх хандлага байдаг нь жаахан дутагдалтай. Өөрөөсөө хамаарах зүйлийг хийчихгүй заавал гаднаас бусдаас тус дэм, шийдэл хайх байдал газар авсан нь амаргүй санагддаг. Хамгийн гол нь монгол хүн гэж хэн бэ, онцлог нь юу юм бэ гэсэн тодорхой ойлголт байхгүй, монгол хүний бахархал, онцлох шинж нь алдагдчихсан юм шиг ээ.

Хүн бүр өвөрмөц, хоорондоо давтагдахгүй ялгаатай ч нэгдмэл үзүүлэлт бий. Ингэвэл засаг төр хүмүүсээ мэддэг болно, бизнесменүүд нь ажилчдаа хэрхэн сайн ажиллуулж, юугаар яаж урамшуулахаа тогтоож чадна. Ингэж хүн нь хөгжөөд хүчтэй болбол бизнес, эдийн засаг, иргэний төр сайжирч, амьдрал улам сонирхолтой болно гэж боддог. Гэтэл ийм ойлголт бага, энэ талаар авч буй арга хэмжээ дээд, доод аливаа төвшинд дурсагдахгүй байгаад эмзэглэх юм.

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Телевиз харах, кино үзэх, тооцоолуур дээр тоглох гэх мэтээр электрониктой нэлээд зууралддаг. Үүнийг гэр бүлийнхэн маань их шүүмжилдэг. Анх энд ирээд нэг хэсэг шатар овоо тоглодог байсан. Хааяа гольф цохино, мөн үе, үе покердохоос буцахгүй. Алхах нэлээд дуртай болохоор гэрэл зураг авах хообийтой болчихдог юм байна. Элдэв ном энд тэнд үргэлж дэлгээтэй байдаг. Уншихаа дагаад бас бичмээр санагдаж, өөрийн блогтой болсон. Чөлөөт цагийнхаа ихэнхийг гал тогоондоо өнгөрүүлдэг. Амьдралдаа хоол хийж үзээгүй, гурил ганц хоёр удаа зуурч үзсэн хүүхэд орос руу сургуульд явж байснаа бодвол одоо хэр баргийн тогоочоос дутахааргүй болсон. Үүнийг дагаад хоолны элдэв ном, гал тогооны хэрэгсэл зөндөө цуглараад хообий маягтай болжээ.

-Цаашдаа монголд ирж ажиллах бодол бий юү?
-Тэгэлгүй яах вэ. Нэлээд олон зүйлээс хамаарч гадаадад амьдарч байгаа ч нэг сайхан өдөр нутагтаа очоод сурсан мэдсэнийхээ хэргийг гаргана даа. Яг одоо хаана байх нь зөвхөн надаас хамаарахгүй бүхэл бүтэн гэр бүлийн томоохон асуудал болсон. Гэр бүлийн бүх гишүүдийн сонирхол нэгдэх гэдэг амаргүй зүйл шүү.

-Та одоо болон ирээдүйд юу хийхийг хүсэж байна вэ?
-Өмнөх ажлаа сайн хийхийг хүсэж байна. Тооцоолуурын кодоо алдаагүй зөв ажиллуулж, охидынхоо сайн аав байж, дүү нар, найз нөхөддөө тус дэмтэй байж, ханьдаа түшиг болж, эх нутагтаа бага болов ч хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Ирээдүйд ч үүнийгээ хийсээр байхыг мөрөөддөг.

-Амьдралыг та юу гэж боддог вэ?
-Амьдрал бол тоолж баршгүй олон боломж, бололцоо. Мөн хүний амьдрал бол түүний бүтээл. Амьдралаа бараанаар дүрсэлж буй хүн боломжоо олж харахгүй, амьдралаа гэгээнээр хүлээж авч байгаа хүн бололцоондоо итгэлтэй байгаа нь тэр. Хүн бүхэн бусдаас бага хамаарч, өөрийнхөө амьдралыг өөрөө цэцэглүүлж чаддаг байгаасай гэж хүсдэг. Өөрийн амьдралын түүхээ өөрөө л бичнэ шүү дээ.

-Даяаршлын тухай ямар бодолтой явдаг вэ, эсвэл үндэстний бие даасан соёлыг илүүд үздэг үү?
-Даяаршил, дангааршил аль аль нь чухал. Даяаршлаас зугтах боломж одоо байхгүй. Хэдийгээр бие маань гадаадад байгаа ч сэтгэл, ажил минь нутагтаа үргэлжилсээр байгаа нь даяаршлын нэг жижиг жишээ. Доктор Ш.Баатар ахын “Бид одоо дэлхийн хэмжээний шийдэл хийгээд дэлхийн хүн болжээ” гэдэг гоё үг бий. Би үүнтэй санал нийлдэг. Миний бичсэн код Европ, Ази, Африкт хэрэглэгдэж, тэдний ажил хөдөлмөр, бизнес, амьдралын хэв маягийг өөрчилж байгаа гэхээр бахархах сэтгэгдэл төрдөг. Хүн цагаа тулаад ирэхээр нэлээд бардам амьтан юм билээ.

Гэхдээ охидоо монголоор яриулах, уншуулах гэж хичээгээд, хаа байсан энэ Америкт монгол соёл, зан заншил гэж сурталчлаад, монгол хүн гэж хэн бэ гэдгээ бид дотроо тодорхойлъё гээд уриалаад, манай эх оронд хөрөнгө оруулаач гээд байгаа нь үндэсний талаа баримталж, дангааршлаа дэмжиж буйн жишээ. Энэ дэлхий хэдийгээр даяаршиж, хавтгай болж буй хэдий ч би Монгол гэсэн нэрийг гаргаж яваа жирийн нэг “хорхой”.

Заавал нэг талыг баримталж туйлшралгүй, аль алийг нь хослуулан тухайн үед асуудалд хаанаас нь харж хандахаа өөрөө сонгож шийдэж явдаг даа.

Tuesday, August 31, 2010

Э.Жагдагдорж: Хүмүүс Америкийг мөнгө олдог газар биш гэдгийг ойлгосон байх

"Зуны лекц - 2010" болохын өмнөхөн буюу долдугаар сарын 19-нд Үндэсний шуудан сонинд нэг ярилцлага өгсөнөө нэг блогдчихоё.

Үндэсний шуудан (2010.07.19 №168(882))

Э.Жагдагдорж: Хүмүүс Америкийг мөнгө олдог газар биш гэдгийг ойлгосон байх

Л.МӨНХЗАЯА

Ирэх баасан гаригт гадаадад байгаа Монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц-2010 Кэмпински зочид буудалд болохоор болжээ. Эхний удаад алдарт Майкрософтын толгой программист, Миззүри их сургуулийн судлаач гээд Америкт бүү хэл дэлхийд “том” ажил хийж байгаа таван залуу найман төрлийн лекц уншихаар болжээ. Тэдний нэг Э.ЖАГДАГДОРЖТОЙ ярилцлаа. Түүнийг товч танилцуулбал Симко Инкорпорэйтэд компанид Лотус Нотус Домино хөгжүүлэгчээр 2000 оноос ажиллаж байгаа. АйБиЭмийн мэргэшсэн мэргэжилтэн. АНУ-д бүртгэлтэй Америк дахь Монголчуудын худалдааны танхимын тэргүүний сонгуультай. Монголын хэвлэлийн ертөнцийг компьютертэй “танилцуулсан” хүний нэг юм.

-Америк дахь Монголын худалдааны танхимын тэргүүн гэхээр сонирхмоор санагдлаа л даа. Таны тэргүүлж буй Худалдааны танхим ямар ажил яаж хийдэг вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Америкт амьдарч байгаа монголчууд сурдаг нь сураад, ажилладаг нь ажиллаад байхын хажуугаар олон хүн тэнд жижиг бизнес эрхэлдэг болсон. Эдгээр жижиг бизнес эрхэлдэг байгууллагууд нэгдсэн холбоо байгуулъя гэж хоорондоо ярилцаад гурван жилийн өмнө худалдааны танхимаа байгуулж байсан юм. Америк олон шат давхаргын хуулиудтай. Нэгдсэн улсын хууль гэж том хууль байна, тэгээд муж болгон тус тусдаа хуультай, доошоогоо орон нутгийн хууль гэж бас бий. Энэ олон хуулиудад зохицохын тулд бизнесийн байгууллагууд нэгдсэн chamber байгуулдаг. Монголоор худалдааны танхим гэж орчуулаад байгаа юм. Америк бизнесийн бүртгэлийн системээс эхлээд бүх юм нь худалдааны танхимд төвлөрөхөөр зохицуулагдаж, олон нийтийн байгууллага ийм ангиллаар бүртгүүлнэ, татварт ингэж тусгагдана гээд бүгдийг заагаад өгсөн байдаг. Бид нар л өөрсдийгөө Америкт хийж байгаа Монголын бизнес гэж нэрлээд байгаа болохоос бүртгэж авч байгаа газар америкийн жижиг бизнес гэж нэрлэнэ.

-Заавал монголчуудын худалдааны танхим гэж онцлохгүй тухайн орныхоо ийм төрлийн байгууллагад хамрагдаж болдог биз дээ?

-Мэдээж болно. Америкийн төлбөрийн систем, үйл ажиллагаанд нь хүрэхэд худалдааны танхимаар дамжих нь ашигтай. Жишээ нь Америкт явуулж буй монгол эзэнтэй жижиг бизнес тухайн орон нутгийнхаа танхимуудад гишүүн болж ороод тэр шугамаараа сонирхлоо илэрхийлээд, янз бүрийн хөтөлбөрт хамрагдаад явж болно. Гэхдээ төлбөр нэлээн өндөр. Нэгдсэн улсын худалдааны танхимын гишүүн болохын тулд 600 доллар төлж байх жишээтэй. Миний амьдардаг Мизүри мужийн худалдааны танхимын гишүүн боллоо гэхэд үндсэн 600 доллар, дээр нь ажилчдынхаа тооноос хамаарч татвар нь өсдөг, зардал ихтэй. Тэнд нэгдсэн хэдэн мянган бизнесүүдээс энэ ганц монгол юм аа гээд ялгах хэцүү. Тэгэхээр тэнд байж байгаа хүмүүс яадаг вэ гэхээр арай өөр хэлбэрээр Америк дахь Монгол, Солонгос, Тайландчуудын гээд тус тусдаа худалдааны танхимууд байгуулсан байдаг. Монголын худалдааны танхим гэхэд дийлэнх гишүүд нь монгол эзэнтэй америк бизнесүүд гэж хэлж болно. Ингээд гишүүн болчихоор янз бүрийн хөтөлбөр, есөн шидийн юманд холбогдоход амар болоод эхэлнэ. Байгууллага дотроо олон чиглэлийн зорилгууд тавьчихсан байдаг юм. Энэ дотор Америкт бизнес эрхэлж байгаа монголчуудаа дэмжихийн тулд тэднийг сургаж боловсруулах зорилго байдаг. Бизнесменүүд Америкийн сургалтын байгууллагууд руу, бизнесийг дэмжих төвүүдтэй харьцаад сургалтад явж болно л доо. Саад нь нэг бол зардал өндөр, эсвэл хэлний бэрхшээл, ажил хийж байгаа хүмүүс англи хэлийг бүрэн төгс эзэмшиж чадахгүй шүү дээ. Бас бичил бизнес эрхэлж байгаа юм болохоор завгүй байна. Хэзээ сургалтдаа явж, хэдийгээр нь бизнесээ эрхлэх вэ гээд. Тэгэхээр иймэрхүү мэдээлэл, сургалтаа монголоор авдаг болчихвол хамаагүй илүү.

-Энэ сургалтыг нь тэгээд ямар хүн явуулах уу?

-Сургалтуудаа америкуудаар хийлгэхээс гадна тэнд мэргэжлээрээ ажиллаж байгаа монголчуудаар хийлгэдэг юм. Гурван жилийн хугацаанд нэлээн олон сургалт хийсэн байна. Америк Монголтой харьцуулах юм бол газар нутаг нь том, хол хол хотуудтай. Нэг хотоос нөгөөрүү явахад машинаар арван хэдэн цаг давхина, онгоцоор тав, зургаан цаг ниснэ. Тийм болохоор монголчууд элбэг амьдардаг хотуудад сар жилээр ээлжлээд сургалт хийнэ. Америкийн мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаа монголчуудыг жижиг бизнес эрхэлж байгаа монголчуудтай танилцуулахаар хоорондоо мэдлэг солилцох систем үүснэ. Бизнесийн чиглэлээр сурч байгаа оюутан гэхэд практик мэдлэг байдаггүй. Сайн сургууль төгссөн байлаа ч гэсэн цаас бариад энд тэнд дугаарт зогсч үзээгүй хүн төгсөнө шүү дээ. Гэтэл бизнес эрхэлж байгаа хүн цаасаа бариад зөв буруу нь мэдэгдэхгүй бөглөөд л гүйгээд байдаг тэгж, тэгж нэг зөвшөөрөл авдаг. Гэтэл бизнесийн харилцаа бизнесийн соёл гэж өргөн ойлголт бий. Ресторан ажиллуулдаг монгол компьютер сурах гээд л, вэб сайт хийх гээд гүйж байхын оронд компьтерийн чиглэлийн компанид ажилладаг нэгэндээ хандаж зөвлөгөө тусламж авбал дээр биз дээ.

-Энд байгаа монголчууд тантай ижил монголчуудаа эх орондоо ирээд ихийг бүтээгээсэй гэж хүсдэг. Гаднын оронд хөрөнгө оруулж байхаар уг нь монголдоо хөрөнгө оруулбал?

-Монголын төр гадаадад байгаа монголчууддаа их анхаардаг болсон байна. Нэг их урт нэртэй байгууллага бий. Нэг дэх өдөр хурал хийх гэж байгаа. Гадаадад байгаа монголчуудыгаа хамаарах юу ч билээ. Тэр байгууллага Зөгийн үүр гээд төсөл боловсруулаад байх шиг байна. Хоёр жилийн өмнө бил үү, С.Баяр ерөнхий сайд байхдаа Америкт очихдоо айхтар сүрхий захиа бичээд олон хүний сэтгэл хөдөлгөсөн. Гадна байж байгаа монголчууд монголоо гэж байна, энд байгаа хүмүүс нь ч эргэж дуудаад байх шиг байна л даа. Тийм болохоор бид Америкт зааж сургадаг монголчуудаа Монгол руу явж сургавал ямар вэ гэсэн санаачлага гаргасан. Бид энэ лекцийг зохион байгуулж буй хүмүүс биш. Энэ лекцийг зохион байгуулж чадах байгууллагыг монголоос сонгосон. Бид зөвхөн Америкт мэргэжлээрээ тогтвор суурьшилтай удаан ажиллаж байгаа монголчуудыг лекц уншуулж оролцуулах санаачлага гаргаж байгаа юм.

-Энд ямар байгууллага сонгосон юм бэ?

-“Цахим мэдлэг” гэдэг байгууллага сонгосон. Эд онлайнаар хүмүүст хичээл явуулдаг юм байна. Энд монголоор ер нь юу зааж байна гээд хичээлд нь сууж үзээд аятайхан санагдаад сонголоо. Бид энд нэг лекц уншчихаад буцаад нөгөө л ажлаа хийнэ шүү дээ. Монголоос хүмүүс би ийм юм хиймээр байна, яаж хийдэг юм гэх зэргээр асууж сураглавал ажлынхаа цаг заваар энэ байгууллагынхаа онлайн сисмемийг ашиглаад юмаа зааж өгөх гээд байгаа юм. Зааж өгнө гэдэг нь багш зааж өгөөд сурагч сурна гэсэн маягаар биш. Эндээс асуугаад байгаа юмыг тэнд яаж хийдэг юм гэдэг мэдээллийг л өгнө. Бид өөрсдөө бас их юм сурна шүү дээ. Хоорондоо мэдлэг солилцож байгаа юм. Бидний ажил хийж байгаа орчноос олон хүн сурч төгсөөд ирж байна. Тэр хүмүүсийн сурсан арга барил нь юм заалгаж биш, өөрсдөө ухаж олж сурсан байдаг. Юу гэж нэрлэх юм бэ дээ, Боловсролынхон үүнийг шавь төвтэй сургалт гэж нэрлээд байгаа. Тэдний гол онол нь мэдлэг гэдгийг сурч, хүлээж авдаг юм биш, мэдлэг гэдгийг өөрөө бий болгож бүтээдэг, хүний бүтээгдэхүүн юм байна л даа. Тэрнээс нэг хүний заасныг сураад л мэдлэгтэй болоод байдаг юм биш. Мэдлэгийг өөрөө хайж олж, энэ чинь ийм байдаг юм байна, тэр чинь тэгж холбогддог юм байна гэж эхлэхээр өөрийнх нь бүтээгдэхүүн болж гардаг. Энэ л мэдлэг байдаг юм байна. Хүн болгон өөрсдийн бүтээгдэхүүнээ хоорондоо солилцъё л гээд байгаа юм. Би жишээ нь мэдээллийн технологийн чиглэлээр ажил хийдэг хүн. Тэнд өөрийнхөө ажлын мэдлэгийг ажиллаад, сураад олж авсан байдаг. Монголд байж байгаа мэргэжил нэгт хүмүүс маань ажлаа ер нь яаж хийж байна, тэдэнд юу хэрэгтэй байна, надад юу хэрэгтэй байна гэдгийг сургалт дээрээ олон хүмүүстэй харилцаж мэднэ, мэдлэгээ солилцоно. 30 минутын хугацаанд боломжийн мэдлэг олоод авчихна, тэд ч нэлээн юм мэдэх байх.

-Одоо болох уулзалтад ямар хүмүүс лекц унших юм бэ?

-Яг энэ удаа таван хүн найман лекц уншина. Монголд ирэх цаг хугацаа нь давхцаагүй бараг 20-иод хүн байгаа. Үзэл бодлоороо нэгдэнэ гэдэг шиг бүгдээрээ ингэе, Монголоо хөгжүүлэхийн тулд тэгье, би энэ сэдвээр тийм юм ярьж өгч болно гээд хоёр гурван жилийн хугацаанд нэгдэл маягийн юм үүссэн л байгаа юм. Тэндээс таван хүн л ирээд байгаа юм. Тэр барууны өндөр хөгжсөн газар чинь Монголд байдаг шиг за би амралтаа авлаа, нутаг явлаа гээд явчихаж болохгүй л дээ. Ажил дарамт ихтэй, өрсөлдөөнтэй, амралтаа зохицуулахын тулд зарим нь бүр жилийн өмнө төлөвлөгөө гаргана, ер нь таван хүн нэг дор цуглана гэдэг би хувьдаа олон хүн цуглачихлаа гэж бодоод байгаа юм.

-Лекц унших хүмүүүсийн нэг нь та, нөгөө дөрөв нь?

-Финляндын Аабо академийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтан И.Цэрэн-Онолт гээд доктор залуу байгаа. Мань эр өмнө нь Испанид докторын зэрэг хамгаалсан л даа. АНУ-ын Мизүри их сургуулийн Боловсролын сургуулийг нь төгссөн, тэндээ эрдэм шинжилгээний ажилтан, судлаач хийдэг, бас багшилдаг Я.Борчулуун гээд доктор байгаа. АНУ-ын Конгрессын номын сангийн судлаач М.Саруул-Эрдэнэ гээд доктор залуу ирсэн. Тэгээд Майкрософтын ахлах програмчлалын инженер хийдэг Л.Бат-Өлзий гээд залуу байгаа. Майкрософтод 11 жил ажиллаж байна уу даа. Би өөрөө Симко Инкорпорэйтэд гэдэг компанид ажилладаг.

-Америкийн бичил бизнесийн аль салбарт монголчууд түлхүү байна вэ. Өөрөөр хэлбэл хэн илүү орлого олж байна вэ?

-Ер нь салбар болгонд монгол хүн байна. Гурван жилийн өмнө хэчнээн монгол жижиг бизнес байдаг юм бэ гэж тоолоход 200 гэсэн тоо гарч байсан юм. Тэр үеийнхээс одоо бол арай өөр болсон. Сүүлийн үед том машинаар тээвэр хийдэг монголчууд бараг 100 гаруй болсон байх. Бид тракны жолооч гэж нэрлэдэг. Даруухан монгол зангаараа л тракны жолооч гэж хэлээд байгаа болохоос үнэн хэрэгтээ тэд чинь бүгдээрээ жижигхэн бизнесүүд л дээ. Цаад америк байгууллагууд нь хувь хүнтэй биш нэрээр нь нэрлэгдсэн бизнесүүдтэй харьцана. Хувь хүнд өгч байгаа биш, жолоочид нь биш, компанид нь ачаа өгч зөөлгөнө. Нэлээн сүрхий олон машин жолоочтой болсон монгол компани хүртэл бий. Тэд чинь л монголд америкийн том том машинуудыг одоо оруулж ирж байна шүү дээ. Бас монгол таксинууд, монгол ресторанууд бий. Бид чулууныхан гэж нэрлээд байдаг юм. Үнэт чулуу байдаг шүү дээ. Чулуугаар гал тогоо, ариун цэврийн өрөөний тавилга хийж, тааруулж тавьдаг бизнесүүд нэлээн олон бий. Энэ нэлээн сайн том бизнес байх. Хойд Виржиния гэдэг мужийн нэг дүүрэг тэр чигтээ монгол жижиг бизнесээр ажлаа хийлгэдэг болсон. Дүүрэг гэхээр нэг аймаг шиг том л доо. Төв аймаг шиг том аймгийн шинэ хуучин барилгуудыг монголчууд л засч янзалж байна гэсэн үг. Тэр хэсэгтээ л манай эдийн засгийн хөгжилд монгол бизнесүүд үр ашигтай ажиллаж байна гэсэн нийтлэл хүртэл хэвлэл дээр нь гарсан байдаг.

-Гадаадад байгаа монголчуудыг бусад орныхонтой харьцуулахад ажилсаг, тэсвэр тэвчээртэй, юм сурахдаа амархан гээд л ярьдаг. Яг гадаадад ажиллаж, амьдарч буй монгол хүнээс энэ талаар асууя?

-Ажиллахын хувьд хангалттай гайгүй л ажиллаж байгаа байх. Сайн ажиллаж чадахгүй бол тэр зах зээл дээр өрсөлдөөд бизнес хийгээд байж чадахгүй л дээ. Үйлчлүүлэгчгүй бол би мундаг бизнестэй гэж хашгираад ямар ч нэмэргүй. Зах зээлийн хууль гэдэгт чинь захирагдаж л өрсөлдөнө. Тэрнээс энэ Жагдаг гэдэг гайгүй монгол залуу байна лээ. Энэ нөхрийн бизнесээр дандаа үйлчлүүлнэ гэж сонгохгүй. Өөрийгөө таниулах, өөрийнхөө төлөө ажиллах л хэрэгтэй болж байгаа юм.

-Эх орондоо буцах талаар хэр ярьдаг вэ. Бид болохоор хүний нутагт хөрөнгө оруулахаар эх орондоо ирээч ээ гээд уриад байгаа. Таны өөрийн хандлага ямар байгаа вэ?

-Нийтийн хандлагыг бол сайн мэдэхгүй юм, хүн бүр өөрийн бодолтой, өөрийн сонголтоо олсон байдаг юм. Ер нь бол Монголд байгаа хүмүүс, Америкт очоод удсан монголчууд хооронд сэтгэлгээний зөрөөтэй болж эхэлнэ. Үүнийг харилцааны соёлын ялгаа гэж нэрлэх байх. Бид энд бол хамаагүй хамт олонч хүмүүс шүү дээ. Би ажилгүй болчихвол аав ээж дээрээ л очно. Аягүй бол хойморьт нь гараад суучихна. Нөгөө хэд аягүй бол үүдний өрөөнд унтана. Тэгэхээр би ажилгүй болохоос айхгүй. Бас нэг сайхан юм нь хамт олонч. Ах юу гэж бодож байгаа бол, найз юу гэх бол, дарга ер нь юу гэж дуугарах бол гэсэн бодлууд их. Америкт бие даасан чадвар амьдралд хэрэг болдог. Өөрөө л асуулаа шийдэж, амьдралаа авч явж чадахгүй бол юун аав ээж дээрээ очих. Аав ээж нь 18 хүргээд л баяртай гэнэ. Тийм нийгэмд амьдрахаар сэтгэхүй нь өөрчлөгдөнө, тэрнээс ч өөр арга байхгүй болно. Тэгэхээр тэнд байгаа хүмүүс буцах уу үлдэх үү, бүр үү, түр үү гэсэн хувийнхаа сонголтыг хийж байгаа юм. Хүн болгон явна аа л гэж хэлдэг юм, амаараа бол. Ер нь сүүлийн гурав, дөрвөн жил их олон хүн буцаж байгаа. Одоо энэ лекцийг зохион байгуулахад туслаж байгаа хүмүүс дандаа Америкт сурч, ажиллаж байсан хүмүүс. Ямар ч гэсэн тэнд байгаа олон монголчуудаас буцаж ирээд л байна. Буцъя гэсэн бодолтой хүн ч олон байна. Зарим нэг нь яах нь вэ гэж харж байгаа байх. Монголоос ч гэсэн одоо ир, улсаа хөгжүүл их дуудах л юм. Үүний хажуугаар эндээс явъя гэсэн бодолтой хүмүүс хэвээрээ л байх шиг байна л даа. Хүүе явах юмсан, яах вэ гэсэн хүмүүс зөндөө. Би өөрөө Америкт амьдраад л байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ мэдээллийн технологийн тусламжтай яг л Монголд байгаа шиг байна шүү дээ. Энд байгаа миний хоёр найз надаас нэгнээ асууж байна. Цаадахь чинь сайн уу, юу болсон гэнэ гээд л. Биеэрээ л тэнд байгаа болохоор оюун санаа, харилцаа хамаг юм даяарчлалын аясаар нэг болж. Цагийн зөрөөнөөс болж намайг унтаж байхад тэд надруу мессеж бичсэн байгаа юм бусдаар бол яг л монголд байгаа шиг л амьдарч байна. Зарим төрийн байгууллагын ажилтан хүртэл боловсруулж байгаа бичиг цаасаа мэргэжлийн экспорт маягаар уншаадахаач гэж явуулна. Цахим хөтөлбөр, Ерөнхий сайдын яриад байгаа Цахиурын хөндий гээд нэг хөтөлбөр байна. Монгол чинь Америк шиг Цахиурын хөндийтэй болно гэж яриад байгаа. Тэрэнд хүртэл бид холбогдчихсон санал бодлоо өгөөд, зөвлөлд нь хүртэл орчихсон “тууж” яваа. Монголд байсан бол дунд нь ороод зангиа засч хуралд суух байх. Тэндээс бол орон дотроосоо би бичиж байна уу, хаанаас бичиж байна бүү мэд, ямар ч гэсэн холбогдоод л байгаа

-Ингэж яриад байх юм. Америк руу гарах явцгүй болсон байна лээ, ер нь гадаад гарч мөнгө хийх амаргүй болсон гэж. Америкт мөнгө олох тийм явцгүй болсон юм уу?

-Хувь хүнээс л хамаарах байх. Америк бол юу ч өөрчлөгдөөгүй. 30 жилийн өмнөх Америк яг тэр хэвээрээ. Мэдээж хөгжил бол явагдаж л байгаа. Би хүмүүсийг Америк руу мөнгө олох гэж явдаггүй байх гэж боддог. Мөнгө олох гэж явсан хүмүүс мөнгө олдог газар биш байна даа гэж ойлгосон байх. Тэндээ дасаад, санаа нь нэгдээд мөнгө олохгүй юм байна гэдэгтээ эвлэрсэн үү, зарим нь эвлэрэхгүй буцаад гэр рүүгээ туучихсан уу сайн мэдэхгүй л байна. Миний хувийн амьдралаас харж байхад Монголд байгаа хүн илүү мөнгөтэй байдаг юм байна лээ.

Sunday, August 29, 2010

“Зуны лекц - 2010”: Нэтворкинг буюу танилын хүрээлэл

Хэдэн жилийн тэртээ АНУ-н санхүүжилттэй нэгэн төслийн хүрээнд Монголын авилгын талаар тайлан бичигдэж, энэ хавиар сүрхий яриа болсон юм. Англиар бичигдсэн уг тайланд “танил тал” хэмээн оруулгагүйгээр хэрэглэсэн нэр томьёон дор манайхны жаал будлианыг овоо гаргасан байж билээ. Үндсэн санаатай жаал санал нэгдсэн боловч яг үнэндээ бидний сэтгэхүй, уламжлал, соёлын ойлголтыг чамгүй ороож эсэргүүцсэн санагдсан тул уг тайланг ашиглан энд тэнд Монголын авилгал хэрээс хэтэрсэн, тэнд бүх асуудал зөвхөн танил тал, арын хаалгаар бүтдэг хэмээн хэлж, ярьж, бичдэг америкчуудтай хэдэнтээ тулж билээ. Багагүй цаг зарцуулж, цөөнгүй имэйл, факс, захидлын ард гарч нэгдсэн ойлголтод хүрч, миний танилын хүрээ тэднээр, тэдний нэтворкинг надаар өргөжиж, товчоор бид чамгүй сайн найз нөхөд болсон.

Хамт олонч үзэл санаатай, элгэмсэг зантай Монголчуудын хувьд гэр орныхон, хамаатан садан, найз нөхөд гэдэг их чухал шүү дээ. Хувь хүний үзэл дээр тулгуурласан нийгмийн тогтолцоотой харьцуулахад энэ танил тал нь авилгыг өөгшүүлж болох хэдий ч бүхэл бүтэн ард түмний сэтгэлгээ, соёлыг үгүйсгэж, тэр чигээр нь өөрчилж шинэчилнэ гэж болохгүй. Энэ талаар давхар стандарт (double standard) хэмээх ойлголтыг өргөн авч үзэх хэрэгтэй. Та бүхэн манай орны байдлыг сайтар мэдэрч, нүүдэлчдийн үе дамжиж ирсэн сэтгэлгээг ойлговол сайн хэмээн маргаж, хэлэлцсэн ухаантай. Үнэндээ эд нарт бас нэтворкинг гэсэн ойлголт байдаг, коунтри клаб (country club) хэмээн хүрээлэл бий шүү дээ. Дээр нь рекомэндэшион буюу тодорхойлолтоос хамаг хувь заяа шийдэгдэх нь бий. Мэддэг, таньдаг, найддаг нэгний санал ихээхэн нөлөөлдөг гэх мэтээр манайхны “Танилтай хүн талын чинээ” үг жинхэнэ биеллээ олдог газар. Энэ нь эдэнд хөгжил авчирдаг, найдвар төрүүлдэг, харин манай танилын хүрээлэл бол эсрэгээр байдаг байж болохгүй биз дээ.

Танилын хүрээлэл гэсэн уг ойлголт Зуны лекцтэй хэрхэн холбогдов, яагаад лекцийн талаар өгүүлэхдээ үүнийг бичив гэхээр санаачлагч бидний олон зорилгын нэг нь оролцогчдын танилын хүрээллийг өргөтгөх явдал байсан. Лекцийн вэбсайтны Боломж буланд “Оролцогчид нь хэн байх вэ?” гэсэн асуулт тавиад жагсаалтаар хариулснаа “Өдгөө барууны орнуудад их яригдаад буй networking гэгч ойлголт буюу танилын хүрээгээ тэлэх боломж бий болж буйд та өөрөө хамрагдаж, шинэ боломж олох юм” хэмээн дүгнэсэн билээ. Ингээд 250 гаруй сонсогчид, зохион байгуулагчид, лекторуудаас олон нь хоорондоо танилцаж, анд, найз, хамтран зүтгэгч, багш/оюутан, ажил олгогч, итгэлт ажилтан зэргээр ирээдүйн харилцааны суурь тавьсан гэдэгт итгэлтэй байна. Улс орны хөгжил дэвшилд хүний хүчин зүйл хамгийн нөлөөтэй бол хүмүүний хөгжилд багийн, хамтын хүч үнэлж баршгүй их хэрэгтэй биз ээ.

Бизнесийн (business networking), сошиал (social networking), хувь хүний (personal networking) танилын хүрээний талаар энд их яригддаг юм. Эдгээр ойлголтыг лекцтэй холбож товч тайлбарлая. Лекцийг ивээн тэтгэсэн, дэмжсэн, мэдээллийн түншээр ажилласан олон байгууллага, бизнесийг өмнө дурдсан билээ. Эдний дийлэнх нь лекцийн зохион байгуулагч Цахим мэдлэг ТББ-н бизнесийн хүрээнийхний хэсэг юм. Цахим сургалт нэвтрүүлж, мэдлэгийн менежмент хийдэг байгууллагын хувьд цахим сургалтын кампус байгуулж, цахим сургалт хэрэгжүүлэх ур чадвар олгох сургалтууд онлайнаар зохион байгуулж, Монголын их дээд сургууль, бизнесийн болон төрийн бус байгууллагуудын сургалтын албадын 100 гаруй багш, мэргэжилтнүүдийг сургаж төгсгөсөн зэргээр ашгийн бус үйл ажиллагаа эрхэлнэ гэдэг нь гадаад дотоодод бизнесийн чамгүй хүрээлэл үүсгэж чадсаны үр дүн биз ээ.

Лекц зохион байгуулах талаар цахим өртөөгөөр хэлэлцэгдэж байх үед Цахим Өртөө холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ЮуЭсАй компанийн Ц.Буянцогтоо анд 100 ам доллароор ивээн тэтгэхээ илэрхийлсэн юм. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороон дээр өндөр технологийн талаар нэгэн семинарт суугаад орой нь андтай нүүр тулан танилцаж, санаа нийлэн ярилцаж, санал нэгдэн хөөрөлдөж, жаал шар айраг зооглов. Нэг их олон хонолгүй анд уруу залгаад, “гар бариад бугуй барина” гэх явдал болж, чи хөө нөгөө зуугаа нэмээд нэг лекц даачих, Онолт андын лекцийг ивээн тэтгэгч хэрэгтэй байна, шинжлэх ухаан технологийн хөгжлийн талаар ярих нь танай үйл ажиллагаа, чиний хүсэл мөрөөдөлд яг таарна хэмээв. И.Цэрэн-Онолт доктор тун идэвхтэй цахим өртөөчин төдийгүй, холбооны гишүүн, мөн лекцийн өмнөхөн гадаадад буй Монголчуудын анхдугаар чуулганд Буяагийн хамтаар салбар хуралдаанд илтгэл хийсэн бөгөөд тэд эртний онлайн (social) танилууд. 1999 онд байгуулагдсан цахим өртөө давгүй сошиал танилын хүрээг үүсгэсэн нь эндээс харагдана. Мөн энэ явдал сошиал танилын хүрээний давгүй жишээ ч биз.

Оюутан цагаа хамтдаа өнгөрөөж, халбага ногоотой шөлөө хуваалцаж байсан алтан сайхан найзуудтайгаа хөгжилтэй явдлаа санан дурсаж, өнөөгийн ажил, амьдралаа хуваалцан хэлэлцэж, яриа өрнүүлж Майхан толгойн зусланд суух нь ээ, бид бүгд их дээд сургуульд дахин суралцаж шинэ мэдлэг олжээ. АНУ, Солонгосын доктор тус бүр нэг, магиструуд гэхэд АНУ-с гурав, Тайванаас нэг, дээр нь мэргэжлээрээ Японд найман жил ажилласан нэг, АНУ-д 10 гаран жил ажиллаж буй хоёр гээд … сайхан хамт олон ширээ тойрон суугаад нэг мэдсэн лекцийн талаар ярилцаж байна аа. Эндээс лекцийн хоёр дэмжигч гарч ирсэн бөгөөд үүнийг мань хувь хүний танилын хүрээний сайн жишээ хэмээн бодож байна.

Tuesday, August 24, 2010

“Зуны лекц - 2010”: Лекцийн танхим

Анхандаа лекцийн төгсгөлд ганц удаа санал асуулга бөглүүлэхээр төлөвлөхөд нь улсууд өглөөний ярианы талаарх санал бодлоо мартчихсан байдаг, ер нь бол лекц бүрээр санал асуулга байвал тун зүгээр гэхэд сонсогчид будилчидаг, уйдчихдаг талтай гээд хоёр лекц өнгөрөх тутам сонсогчдоор санал асуулгын анкет бөглүүлэхээр зохион байгуулсан. Цөөнгүй сонсогчдод танхим сэтгэлд нь хүрээгүйгээ санал асуулгад тусгасан нь танхимын бүгчимээс болсон биз ээ.

Лекц болсон танхим миний хувийн бодлоор тухайн үеийн хамгийн сайн сонголт байсан. Кэмпински Хаан Палас зочид буудал шиг төвийн эйркондишнтой (central air conditioning system) барилга Улаанбаатарт тун цөөхөн шүү. Чингис зочид буудал, Улаанбаатар зочид буудал, драмын театр ингэж халахгүй гэх хүмүүс гарч байсан хэдий ч зуны тэр халуун өдрүүдэд 270 орчим хүн бүтэн өдрөөр сууна гэхэд ялгаагүй л амаргүй байдал үүсэх биз ээ.

Лекц анх санаачлах үед бид Мэдээллийн технологийн үндэсний паркийн хурлын танхим, МУИС-н дугуй заал, ШУТИС-н хурлын танхим гэсэн сонголтууд зохион байгуулагчид санал болгосон ч паркийн танхим засвартай таарч, МИУС-тай холбогдож амжилгүй оюутны амралт эхлүүлж, ШУТИС зөвшөөрч ойр зуурын засвар хийлгэж байхад нь газар дээр нь үзэж танилцаад халуун бүгчим болон нойлын өрөөний байдлаас хамаарч өөр танхим хайхад хүрч билээ. Энэ үеэр драмын театрыг санал болгосон ч арга хэмжээ лекц сургалт гэхээсээ шоу маягтай болчих гээд татгалзаж билээ.

Кэмпински зочид буудал олон улсын чанартай хурал, сургалт зэрэг үйл ажиллагаа өргөнөөр зохион байгуулдаг нь ихээхэн анхаарал татсан. Мөн лекцийн өмнөхөн, нэг хоногийн хугацаатай ажлын айлчлал хийсэн, АНУ-н Хэритэж сангийн мэргэжилтэн Антонитой америк дахь монголчуудын худалдааны танхимын шугамаар хэдэн үйл ажиллагаа амжуулахад мань хүн тус буудалд буусан, манай лектор Өлзий Улаанбаатарт хэд хонохдоо мөн энд өрөө авсан зэргээс олж анзаарсан хувийн туршлагаасаа үзэхэд тус буудлын үйлчилгээ, өрөө танхимын зохион байгуулалт, хөргөлтийн систем нь ихэд таалагдсан. Интэрнэтээр гадаадаас захиалга шууд авдаг тун цөөхөн буудлын нэг болох нь мөн нөлөөлсөн. Хойд Америк Монголын бизнесийн зөвлөлийн сүүлийн хоёр жилийн хурал энд болоход манай танхимаас оролцож байсан хүмүүсийн санал бас ихээхэн нөлөөлсөн гэхэд болно.

Танхимын техник хангамж, аудио боломж, микрофонийн хүрэлцээ, мэргэжилтний туслалцаа, дэмжлэг, чадвар, засалт, цэвэрлэгээ бүгд үлгэр жишээ сайн байсан. Бидний хувьд зөвхөн гурван самбар өлгөх, лаптопоо авчрах ажил оногдож бусдыг нь буудлынхан бүрэн бэлтгэсэн нь үнэхээр том дэмжлэг байсан. Гол танхимаас гадна, бүртгэлийн өрөө, мөн цайны зориулалттай хоёр өрөө гэх мэтийг өөр газар бий болгох амаргүй биз ээ.

Түүнчлэн завсарлагаар өгсөн цай, кофе, нарийн боов олны талархал ихээр хүртэж байна лээ. Мэргэжлийн өндөр төвшинд гэж болохоор тийм сайхан үйлчилгээг амтлаг бүтээгдэхүүний хамтаар бий болгоно гэдэг амар бүтэх ажил бус. “Хөөх, энэ кофе, кэйкийг ингээд хоёр удаа энэ буудлын зоогийн газраас худалдаж авахад танай лекцийн тасалбарын үнэ хүрэхгүй” хэмээн тоглоом хийх нэгэн таарч байв. Аяга, таваг, халбага яг цагтаа хэрэгтэй газраа бэлэн, цэвэрлэгээ олны хөлд дарагдахгүй хийж байгаа нь мэдэгдэхгүй түргэн шуурхай гээд ер нь магтах зүйл мундахгүй нь дээ.

Яг хурал болоход анзаарах нь ээ, хурлын танхим нь үндсэн барилгаасаа ялимгүй гадна нэмж залгаж барьсан байдалтай, төвийн хөргөлтдөө холбогдоогүй бөгөөд өрөөний зориулалттай гурван төхөөрөмжөөр хөргөдөг юм байна. Энэ нь өдөржин танхим дүүрэн суух олон хүний хөргөлтийн хэрэгцээг бүрэн хангаж дийлэхгүй цөөнгүй хүнээс бүгчим гэсэн үнэлгээ авчээ. Байдал нэгэнт ийм болсон тул зочид буудлынхан нэмэлт сэнснүүд байрлуулж, зохион байгуулагчид хангалттай тооны ус танхимд тавьж, сонсогчид тэвчээртэй сууж гэх мэтээр хамтын чармайлт ихээр гаргасан нь үр дүн сайтай болсон.

Танхимтай холбоотой бас нэгэн зүйл тэмдэглэгдсэн нь хойгуур дуулдахгүй байна хэмээсэн гомдол юм. Эхний лекторын ярианы байдал, олон монголчуудын өмнө гараад биеэ барих болон өмнө нь Ерөнхийлөгчийн зарлигийг сүрлэгээр дуудсантай харьцуулсан гэх мэтийн шалтгаанууд бий байх. Тухайн үед би өөрийн биеэр хойгуур алхаж, сонсож үзсэн билээ. Дээр өгүүлсэн гурван хөргөгч төхөөрөмжийн хажууд яригчуудаа байрлуулсан юм билээ. Ингэхээр тэр жижиг нарийн зурвасын дор суугаа улсад арай сул дуулдаж байна лээ. Голоор байх сул зайнуудад шахаж суухыг зөвлөж билээ. Мөн лекторууд ч микрофонтойгоо ажиллаж дасаад ирсэн.

За бас нэг зүйл нь телевизийнхэн урдуур хаагаад байна гэсэн нь яах аргагүй бид өөрсдөө эхнээс нь бодох зүйл байсан. Алдаанаасаа сурна аа гэж, ингээд дараа жил юутай ч хэвлэл мэдээллийнхэнд тусгайлсан зай засах хэрэгтэй гэж санасан. Мөн тэдний олон микрофон лекторт зүүчихээр ярихад амаргүй юм билээ. Бусад маань яасан юм, миний хувьд ядаж алхаад авж болохгүй, олон утас хөлд тээглээд, баруунаас нэг мик, зүүнээс бас өөр мик гэх мэтээр эргэхэд ч амаргүй юм билээ. Дээр нь мань улсуудын дундуур явж ярьдаг, нааш цааш холхидог, гараа хөдөлгөдөг мэтээр илтгэгчийн тааруу чанартайг хэлэх үү … Бас л сургамжтай юм билээ ... Дараа жил өөр шийдэл олсныг тэр үед нь үзээрэй :-).

За ингээд анхны лекцийн танхимаас авах юм ихтэй, санах юм ихтэй байлаа. Хойтон жил дахин уулзахдаа танхимд ямар шинэлэг зүйл, өөрчлөлт хийгдснийг харцгаая.

Saturday, August 21, 2010

Зааж сургаж, заавал хэрэгжүүл гэхгүй, мөн сүрхий шүүмжлэх ч үгүй

"Зуны лекц - 2010"-г бэлтгэж байх үедээ зургадугаар сарын 28-нд Саруул бид хоёр МонЦаМэ-д нэг ярилцлага өгсөн нь тэдний сонин дээр хэвлэшдсэнээс онлайнаар энд тэнд харагдаагүй юм байна. Үүнийг нэг блогдчихоё.

Гадаадад байгаа Монгол мэргэжилтнүүдийн зуны лекц 2010:

Зааж сургаж, заавал хэрэгжүүл гэхгүй, мөн сүрхий шүүмжлэх ч үгүй

Гадаадад байгаа монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц - 2010 Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хэвлэлийн мэдээлэл гарсантай холбогдуулж уг үйл ажиллагааг санаачлагчдыг төлөөлүүлэн АНУ-ын Миссури мужаас Э.Жагдагдорж, Вашингтон хотоос М.Саруул-Эрдэнэ, нартай онлайнаар холбогдов.

Та бүхэн ямар учиртай, юун сургалт явуулж байгаа билээ?

Сүүлийн үед Монголд олон сайхан үйл явдал болж, уул уурхайн салбарын идэвхжилтэй холбогдоод ирээдүйд эдийн засгийн ач холбогдолтой байх ямар төсөл, аль салбарт юу хэрэгжүүлэх талаар өргөн хэлэлцэж байна. Одоо нөгөө “баялгийн хараал” гээчийг нь хүртэхгүйн тулд оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо чиглүүлэх болон гадаадын зах зээлд, ялангуяа санхүү эдийн засаг, хөрөнгө босгох арга хэлбэр, оюутан сургахад ихээхэн анхаарч ярилцаад байгаа. Тухайлбал, АНУ-ын засаг захиргаанд жил бүр 1000 гаруй оюутан сургах хамтарсан тэтгэлгийн саналыг тавиад жил хэрээтэй болж байна. Эдийн засгийн үр өгөөж өгөх тодорхой салбаруудын улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд гадаадын мэргэжилтэн өндөр хөлсөөр урьж залж ажиллуулсан хэвээр байна. Зарим аж ахуйн нэгжийг гадныханд мэнэжмэнтийн хувьчлалаар өгөх тэндэр ч зарласан байгаа. Эндээс манай улс оюуны хөдөлмөр, хөрөнгө оруулалтад анхаарал их хандуулж байгаа ч басхүү нарийн мэргэшсэн боловсон хүчнээр дутмаг хэвээр болох нь харагдана.

Мөн гадаадад байгаа иргэдээ буцаан татах талаар арга хэмжээ авах уриа, дуудлага гарч эхэлж байна. УИХ-ын гишүүн С.Баяр Ерөнхий сайд байхдаа АНУ-д айлчлал хийхийн өмнө нэгэн захидал бичсэн нь нилээд шуугиулсан. Тэрбээр гадаадад байгаа иргэдтэй харьцах нэгж байгуулсан нь одоогийн засгийн газарт үргэлжлээд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлжээ. Зөгийн үүр гээд хөтөлбөр боловсруулчихаж, энэ жилийн хүн амын тооллогод гадаадад байгаа Монголчуудаа хамруулж чухам хэдэн иргэн байгааг тоолж тогтооно гэх мэтээр эх нутгаасаа алсад байгаа зон олонд ихээхэн анхаарал хандуулж байна.

Ингэхээр бидний зүгээс басхүү сонирхолоо илэрхийлж, мэдсэн сурснаа эх орондоо хүргэе, мэдлэг дамжуулж нутагшуулья, улс оронтойгоо холбоо хэлхээгээ сайжруулья, нутагтаа байгаа мэргэжил нэгтнүүдтэйгээ улам ойртож, биеэ биеэсээ харилцан суралцья гэсэн зорилго өвөртлөөд байгаа учиртай юм.

Монголд болдог, хийгддэг семинаруудаас юугаараа онцлог байх вэ?

Сүрхий онцлоод байх юу байхав дээ, олон сургалт семинартай төстэй биз ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай үйл ажиллагааг бүрэн дэмжиж, зуны лекц Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдан, Ерөнхийлөгч нээлтийн үг хэлэх нь гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа Монгол эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санаачлагаар бий болсон ажлын нэг онцлог байх. Лекц унших бүрэн бүрэлдэхүүн нь барууны хөгжингүй орнуудад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж байгаа Монголчууд гэдгээрээ анхаарал нилээд татах байх. Багш төвтэй системээс шавь төвтэйд шилжиж буй өнөөгийн Монголчуудын хувьд зөвхөн нэг нь ярьж бусад нь дагадаг сургалтын тун танил системээс арай өөр зүйлийг олж харах болов уу. Зөвхөн багш заадаг биш, багш ч өөрөө бас суралцаж, мэдлэгээ солилцож байдаг системийн үнэр эндээс ханхална хэмээн итгэж буй. Бид энэ барууны нийгмээс жаал суралцаад, эндээ амьдралаа аваад явчих ажил хөдөлмөр эрхлээд багагүй цаг хугацааг өнгөрөөлөө. Одоо тэгээд энд юу хийдэг, юу мэддэгээ өгүүлж ярих санаатай. Бид юу санаж, яаж ажиллаж, хэрхэн дүгнүүлдгээ л жишээлнэ. Түүнээс зааж сургаж, заавал хэрэгжүүл гэхгүй, мөн сүрхий шүүмжлэх ч үгүй.

Семинар удирдах багш нараа танилцуулахгүй юу?

Лекторууд нь АНУ-ын Миззурийн Их Сургууль, Конгрессийн Номын Сан, Финландын Аабо Академи Их Сургууль, Майкрософт компани, Симко Инкорпорайтэд компанид мэргэжлээрээ тогтвортой ажиллаж байгаа монгол эрдэмтэн, мэргэжилтнүүд. Лекц бүтэн өдөр үргэлжилж, таван илтгэгч найман лекц уншина. Эрдэм шинжилгээ, судалгаа, технологийн чиглэлээр үдээс өмнө, нийгмийн чиглэлээр үдээс хойш илтгэнэ. Бидний дөрөв нь барууны орнуудад ажиллахаасаа өмнө эх орондоо мэргэжлээрээ тодорхой ажил хийж, бүтээл арвинтай хөдөлмөрлөж сурсны хэрэг гарч шалгуур өндөр, өрсөлдөөн ихтэй энэ орчинд ажиллаж, амьдарч байна. Хоёр нь эндээ их дээд сургуульд багшилж, гурав нь докторын зэрэг энд хамгаалсан. Нэг нэгээр нь танилцуулбал нилээд урт болох тул товчлоод лекцийн вэб сайтаас лекторуудын бүрэн танилцуулгийг аваарай гэе.

Ийм томоохон арга хэмжээ зохиоход хөрөнгө мөнгө их гарах нь мэдээж. Тэрийгээ хэрхэн зохицуулж байна вэ? Ивээн тэтгэж байгаа байгуулагууд байна уу?

Олны хүч оломгүй далай гэдгийг баталж байгаа даа, энэ талаар. Гадаадад төгсөөд нутагтаа хариад мэргэжлээрээ ажиллаж байгаа олон хүний хүч хөдөлмөрөөр хэрэг бүтэж байна. АНУ-д төгссөн Я.Болд-Эрдэнэ, Г.Ганзориг, А.Мэнд-Орших, Б.Номинчимэд, Ц.Оюундарь, Я.Өлзийболд, Д.Сайнбаяр, С.Эрдэнэболд, Германд төгссөн Б.Даваадорж, Ч.Отгочулуу гээд нэрлэвэл барахгүй урт жагсаалт гарна. Хамгийн гол ажлыг зохион байгуулагч Цахим Мэдлэг ТББ-н Я.Цэцэг-Өлзий (УЗД), Б.Оюундарь (зохицуулагч) тэргүүтэй хамт олон амжуулж буй. Цахим Өртөө холбоо ТББ-ынхан ч дэмжлэг үзүүлэхээр шийдсэн. Лекторуудын гурав нь Цахим Өртөөний гишүүн, тэдний хоёр нь өртөөний УЗГ юм. Хамгийн чухал ивээн тэтгэгчдийн асуудал нилээд нээлттэй, санхүүгийн дэмжигчдээ хайсан хэвээр буй. Зохион байгуулагч Цахим Мэдлэг ТББ энэ талаар маш их зүтгэлтэй, ачаалалтай ажиллаж байгаа. Мэдээллийн ивээн тэтгэгчид олноор бий болж байгаа. Ерөнхий ивээн тэтгэгч, санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэгчдийн хувьд Хаан Банк, Мобиком, Скайтэл, ЭмСиЭс мэнэжмэнт, Грэйп Сити Монгол, Мигма Электроникс гээд жар гаран байгууллагад хандаад буй. Эндээс манай бизнесийнхэн гадаадын шалгуур, босго давсан, тэндээ үнэлэгдээд ажиллаж буй Монголчууддаа хэр хандах нь мэдэгдэнэ биз ээ. Зөвхөн лекцийг дэмжиж буй бус, харилцан дэмжилцсэн, хэн хэндээ тустай сайхан ажил тал талаасаа гар нийлж босгож чадна хэмээн бүрэн итгэж байгаа.

Зохион байгуулагч байгууллага гээд Цахим Мэдлэг ТББ-г хэдэнтээ дурдлаа. Олон хүн уг байгууллагыг сайн мэдэхгүй байх. Тус байгууллагыг товч танилцуулж, яагаад та бүхэн энэ байгууллагыг сонгох болсон талаар өгүүлнэ үү?

Цахим Мэдлэг нь Монгол улсад цахим сургалтыг нэвтрүүлэх, мэдлэгийн менежмент хийх зорилгоор 2006 онд байгуулагдсан ашгийн бус, бие даасан төрийн бус байгууллага юм билээ. Цахим сургалтын өөрийн кампус байгуулж, цахим сургалтыг хэрэгжүүлэх ур чадвар олгох хоёр төрлийн сургалтыг онлайнаар зохион байгуулан, одоогоор их дээд сургууль, бизнесийн болон төрийн бус байгууллагуудын сургалтын албадын 100 гаруй багш, мэргэжилтнүүдийг сургаж төгсгөсөн.

Бидний зүгээс эдний сургалтад хамрагдан сууж үзсэн. Лекцээ залгуулаад онлайн хэлбэрээр сургалт үргэлжүүлэхэд тун дөхөмтэй, боломжийн сайн байгууллага гэж үзсэн тул зохион байгуулагчаар сонгож авсан. Мөн эдний ажлын арга барил, оюуны өмчийн үнэлгээ нь их зөв зүйтэй санагдсан юм. Хичээлийн аргачлал, онлайн сургалтын орчноо Германы болон АНУ-ын сургалтын байгууллагуудтай холбогдож зохих гэрээ, лицэнзийг нь авч, албан ёсоор орчуулах зэргээр гадны арга барилыг жинхэнэ нутагшуулж буй байдал мэдрэгдсэн нь их нөлөөлсөн. Түүнчлэн саяхан Германд төвтэй Олон улсын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ИнВЭнт байгууллага, Филиппиний Нээлттэй Их Сургуультай хамтран “Электрон сургалтыг хөгжүүлэх ба хэрэгжүүлэх нь” олон улсын сургалтыг Монголд анх удаа амжилттай зохион байгуулсан нь бидний санаачлагын лекцийг сайн зохион байгуулж чадах итгэлийг төрүүлсэн юм.

Байгууллага, хувь хүмүүс хэрхэн оролцож болох вэ? Жишээ нь манай сониныг уншиж байгаа жирийн нэг албан хаагч, эсвэл оюутан хувиараа орж, мэдлэгээ арвижуулъя гэвэл болох уу? Хэнд хандах вэ?

Лекц нь их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан, хэвлэл мэдээллийн ажилтан, мэдээлэл холбооны технологийн мэргэжилтэн, төрийн албан хаагч, оюутан, бизнес эрхлэгч, хүний нөөцийн ажилтан болон сонирхсон бүх хүнд нээлттэй. Илтгэгчид барууны хөгжингүй орнуудын сургалт, шинжлэх ухаан, нийгмийн асуудлыг төрөлх Монголынхтойгоо хослуулан илтгэж, энэ мэдлэгийг хэрхэн нутагшуулах талаар оролцогчидтой чөлөөт ярилцлага хийнэ. Түүнчлэн барууны хөгжингүй орнуудад мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллахын тулд ажлын ямар шаардлага, стандарт, босго шалгуурыг давж, улмаар өндөр өрсөлдөөн дунд хэрхэн ажиллаж амьдардаг тухайгаа сонирхуулах юм.

“Мэдлэг хэрхэн төрдөг вэ?”, “Мэдээллийн технологийг хэрэглэх, нутагшуулахад юуг анхаарах вэ?”, “Түншүүд яавал урт хугацаанд амжилттай ажиллах вэ?” болон бусад олон сонирхолтой асуултуудын хариуг оролцогчид лекцээс олж авахын зэрэгцээ олон хүнтэй танилцаж, хамтран ажиллах боломжийг өөртөө нээнэ.

Олон нийт урьдчилсан бүртгэл хийгдэж оролцох юм. Лекцийн вэб сайтаар дамжуулан бүртгэл хийгдэнэ. Ивээн тэтгэгч байгууллагуудын боломж, сонирхол, нийт тэтгэлгийн хэмжээ зэргээс хамаарч лекцийн билетийн үнийн хэмжээ тогтоогдоно. Одоогоор бүртгэл онлайн хийгдэж байгаа. Төлбөрийн хэмжээ бүрэн тогтмогц бүртгүүлсэн жагсаалтын эхнээс нь зохион байгуулагчид холбогдоно.

Дэлгэрэнгүй танилцуулга вэбээс аваарай, бүртгэлээ вэбээр хийлгээрэй гээд хэдэнтээ лекцийн вэб сайтын талаар дурдчихлаа. Яг онлайн хаяг нь юу билээ?

http://summer.monamerchamber.org гэсэн хаягаар холбогдоод дээд талын хөндлөн цэсүүдээр дамжуулан олон төрлийн дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Тэнд бүртгүүлэх хуудас, асуулт гарвал холбогдох хаяг, имэйл, утас бий. Мөн ивээн тэтгэх, хамтран ажиллах байгууллага, хувь хүн байвал вэбд байгаа харилцах хаягаар хандаарай.

Ярилцсан МонЦаМэ агентлагийн сурвалжлагч Э.Адьяасүрэн

Wednesday, August 18, 2010

“Зуны лекц - 2010”: Дэмжигчид та бүхэндээ их баярлалаа

Лекцийн үйл ажиллагааг дэмжих, ивээн тэтгэх, мэдээллийн түнш болох зэрэг ангилал бий болгосон талаар өмнөх бичлэгтээ дурдсан. Уг ангиллын хаана нь ч хамаарахгүй, гэхдээ хамгийн чухал, хамгийн өндөр дэмжлэг, хамгийн сайн энерги өгсөн дэмжигчид бол лекц дуусан дуустал танхим дүүргэн суусан 250 гаруй эрхэм сонсогчид билээ. Лекц эхлэхээс хоёр хоногийн өмнө манай тасалбар бүрэн дууссан, гадуур эрэлт бий болж, энд тэндээс утас нэлээд цохиж буй талаар зохион байгуулагчид дуулгаж байсан нь, за ер нь үүнээс бүр өмнө тасалбар хэвлэгдээгүй байхад онлайнаар бүртгүүлсэн хүний тоо 200 дөхөөд ирэх үе буюу зарим нэг ивээн тэтгэгчид эцсийн шийдээ өгөөгүй байхад сонсогчид хамгийн том дэмжигчид болж, асар их урам зориг олгож буй юм байна хэмээн бодож, мань хувьдаа талархаж эхэлсэн билээ. Тийм ээ, танхим дүүрэн нүд өөдөөс тань хараад, идэвхтэй гараа өргөөд, инээж хөөрөөд, шинэ мэдээлэл, мэдлэг олж авах гээд сууж байх шиг сайхан үе ховор биз ээ. Лекцэд хүрэлцэн ирсэн сонсогчид доо их баярлалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологийн үндэсний парк, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам лекцийн дэмжигчээр зохион байгуулалтад оролцсонд хувиасаа маш их талархаж буйгаа илэрхийлье. АНУ-д хөрөнгө мөнгөөр тусалсан, ажил үйлчилгээ төлбөргүй хийж дэмжсэн, ажлаар хангасан, хууль санаачилсан гээд дийлэнх тохиолдолд тухайн үйл явдлыг спонсорлосон гэх томьёолол хэрэглэдэг. Энэхүү спонсорлохыг монголд ивээн тэтгэсэн гэж орчуулаад байх, гэхдээ ихэвчлэн эхний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн утгаар илэрхийлдэг юм байна. Ингээд төрийн байгууллага, төрийн өмчид бизнес аливаа ажиллагааг ивээн тэтгэхийг хууль тогтоолоор хориглосон, гэхдээ өөрсдөө зохион байгуулж мөн дэмжиж болох юм байна. Эндээс үйл ажиллагаагаараа дэмжлэг үзүүлсэн дээрх байгууллагуудыг спонсор хэмээн нэрлэж болохгүй гэдэг гаргалгаа гардаг ажээ.

Таван Богд, Юнител компанийн миний утас үйлчилгээ, Петровис, Кэмпински Хаан Палас, Хаан Банк, Говь, ЮүЭсАй, МайСофт, болон Миско компани лекцийг ивээн тэтгэж дэмжлэг үзүүлсэнд маш их баярлалаа. Мөн зарим лекторуудын замын зардалд нэмэр үзүүлж томилолтын зардлаас даалцсан Майкрософт, Аргамаг Инкорпорайтэд, Илиос Нэтворкинг компаниудад талархал илэрхийлэх нь зүйтэй.

Анхны имэйл, утас цохилт, уулзалтаар саналыг эерэгээр хүлээн авч, асуудлыг түргэн, шуурхай шийдэж, зохих шийдвэр гарган дэмжлэг туслалцаа үзүүлсэн С.Алтанцэцэг, Ч.Андаа, Ц.Баатарсайхан, Ж.Баянмөнх, Ц.Буянцогтоо, Ё.Сүхбаатар, Д.Хулан, Э.Цогтгэрэл нарын захирлууд болон УИХ гишүүн Н.Ганбямба, А.Ганбаатар зөвлөх, Г.Ганзориг зөвлөх, Х.Бэхбат сайд, А.Ариунаа, Л.Алтангэрэл, Б.Болдбаатар, Ц.Оюундарь, С.Эрдэнэболд нарт их баярлалаа.

Өнөөдөр сонин, Өдрийн сонин, Ардчилал, Монголын мэдээ, Бизнес таймс сонингууд, Монголын Олон нийтийн ТВ, NTV ТВ, Эх орон ТВ, Ийгл ТВ, МонЦаМэ агентлаг, Хэвлэлийн хүрээлэн, Датаком компани, Цахим Өртөө Холбоо ТББ болон gogo.mn, davalgaa.mn, inet.mn,medee.mn, mix.mn, news.mn, olloo.mn, sonin.mn онлайн сайтууд, Компьютер Таймс сэтгүүл, Цаг төр сэтгүүл, түүнчлэн АНУ-д бүртгэлтэй, АНУ-с үйл ажиллагаа явуулдаг Даяар Монгол Онлайн, Орлоо Онлайн мэдээлэл, Замдаан Онлайн зэрэг хэвлэл мэдээллийн түншүүдгүйгээр лекц амжилттай болж чадахгүй байсныг дурдъя. Зуны лекц гээд энэ тавдугаар сард Гүүглээр хайлт хийхэд тэг үзүүлэлт гарч ирж байсан бол өнөөдөр уг хайлтын үр дүн 111 мянган давж байгаа нь манай мэдээллийн түншүүдийн ажлын үр дүнг үзүүлэх биз ээ. Хэвлэл мэдээллийн дэмжигчиддээ их баярласнаа илэрхийлье.

Олны хүч оломгүй далай гэдгийг баталсан бас нэгэн зүйл нь гадаадад төгсөж нутагтаа хариад мэргэжлээрээ ажиллаж байгаа олон хүний хүч хөдөлмөрөөр лекц бүтсэн билээ. АНУ-д төгссөн Я.Болд-Эрдэнэ, Г.Ганзориг, А.Мэнд-Орших, Б.Номинчимэд, Ц.Оюундарь, Я.Өлзийболд, Д.Сайнбаяр, С.Эрдэнэболд, Германд төгссөн Б.Даваадорж, Ч.Отгочулуу, Солонгост төгссөн Н.Баатархуяг, Э.Цэрэнцоодол гээд нэрлэвэл барахгүй урт жагсаалт гарна. Мөн онцолж нэрлэх нэгэн эрхэм анд бол өдий хүртэл нүүр тулж уулзаж амжаагүй яваа С.Дөлмандах юм.

Хамгийн гол ажлыг амжуулсан зохион байгуулагч Цахим Мэдлэг ТББ-н хамт олон Я.Цэцэг-Өлзий (УЗД), О.Золзаяа(захирал), Б.Цацрал (мэргэжилтэн), Б.Оюундарь (зохицуулагч) болон Австрали, Германы хоёр мэргэжилтэн Франсис, Ионас нарт талархаж буйгаа илэрхийлье.

Ингээд санаа нэгдэж, сэтгэл гаргасан лекторууд доктор Я.Борчулуун, доктор М.Саруул-Эрдэнэ, доктор И.Цэрэн-Онолт болон Л.Бат-Өлзий нартаа их баярлалаа.

Tuesday, August 10, 2010

Гадаадад байгаа Монгол мэргэжилтнүүдийн Зуны лекц - 2010: албан бус тайлангийн эхний хэсэг

За нэг ийм үйл ажиллагаа санаачлаад, зохион байгуулалцаад, нэг мэдсэн болж өнгөрөөд одоо чамгүй олон хүн үр дүнг нь, үргэлжлэлийг нь нэхээд … дуусчихдаггүй ажил юм аа. Уг арга хэмжээ тун сайхан боллоо гэсэн хэмээн урам хайрласан нь их олон. Анхных л юм хойно, алдаа оноо байсан биз. Шүүмж, сануулга, хүсэлт мөн тасрахгүй. Зохион байгуулсан байгууллага нь тайлан мэдээ, хэвлэлийн мэдээ бэлтгээд тарааж байна лээ. Миний хувьд өөрийн хувийн зүгээс элдэв санасан бодсоноо блогдое.

Юуны өмнө бидний хэсэг нөхдийн саналыг хүлээн аваад зогсохгүй бүрэн дэмжих болсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархаж байна.

Төрөө дээдэлдэг, дээрээс ихийг хүлээдэг сэтгэхүйтэй Монголчууд лекцийн сонсогчид болж буйн хувьд энэ үнэхээр том асуудал, том дэмжлэг байсан. Ерөнхийлөгч туйлын зөв зүйл сэджээ, ингэж монголчууд монгол хүнээ сонсох, үнэлэх цаг болсон, эднийгээ эргүүлж дуудаж эх орныхоо хөгжилд оролцуулбал гэх улс олон таарсан.

Дарга бид хоёр ажил дээр ялгаатайгаас гараад яг ижилхэн хүн, бид тэгш эрхтэй гэсэн сэтгэхүйтэй Америкчууд, америк байгууллагуудад мөн дээрх шийдвэр тун нааштай ойлголт төрүүлсэн. Жирийн нэгэн мэргэжилтнээ ихэд өндөрт хүлээн авч, Ерөнхийлөгч нь дэмжээд үйл ажиллагааг нь ивээлдээ авна гэдэг нь нэг зүйл хэлээд буй юм. Америк ойлголтоор бизнес томрохоороо засагтай харилцдаг, хувь хүн чадварлаг байх тусмаа төрийн хэмжээнд үнэлэгдэнэ гэж үздэг. Энэ харилцана, үнэлнэ гэдэгт эрх тэгш хамтын ажиллагааг ойлгодог.

Дээрхтэй холбогдоод хамтран зохион байгуулъя гэсэн санал маш ихээр ирсэн. Энэ талаар санаачилга гаргасан нөхдүүд, Америк дахь Монголчуудын худалдааны танхимын зүгээс “Бид нэг зохион байгуулагчтай харилцана, бусад байгууллага үйл ажиллагааг дэмжих, ивээн тэтгэх, мэдээллийн түнш болох зэргээр хамтарна” гэсэн тогтсон байр суурьтай байлаа. Хожим хүлээх хариуцлага гарвал ганц зохион байгуулагч үүрнэ, түүнээс хэн нэг уруугаа түлхээд байх асуудал гарахгүй байх шаардлага байсан. Мөн ерөнхий үйл ажиллагаа нь ганц лекцээр дуусахгүй, цаашид үргэлжилж, тасрахгүй байх талыг бодож үзсэн. Монголын байгууллагууд, бизнесүүд бүгд үүнийг ойлгож дэмжлээ. Бидний тогтсон ангиллаар хамтран ажиллаж, тодорхой дэмжлэг үзүүлсэн.

Америк байгууллагуудын хувьд лекц анхаарлыг нь татаж, сонирхлыг нь төрүүлж чадсан хэдий ч миний хувийн зүгээс, танхимын зүгээс дараагийн алхмуудад цаг хугацаа, орон зайн асуудлууд тулгарч боломжоо тааруухан зохицуулсан даа. Уул нь, Хойд америк монголын бизнесийн зөвлөлийн Стив “Сайхан арга хэмжээ болох нь ээ. Бид дэмжиж байна. Гол нь үйл ажиллагаа канад америктай хэрхэн холбогдож байгааг тодруулна уу” гэх зэргээр харилцаж байв. Энэ холбоог тайлбарлах уул нь амархан, лекц уншигчдын дөрөв нь хойд америкт мэргэжлээрээ ажилладаг, мань хүн таних мэдэх, уулзаж учирч явсан улс. Гэвч би нь “таг”. Монголд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулчихсан, цөөнгүй үйл ажиллагаа манайд явуулж буй, цаашид томоохон санал тавьчхаад байгаа Пибодигоос “Сонирхолтой хэрэгтэй ажил байна, дэмжиж болох байх, УБ дэх оффистоо хандлаа. Эргээд холбогдъё” хэмээсэнд нь өнөөх Жааг бас “таг”. Америкийн Монгол судлалын төвийнхөн хамтрах сонирхлоо илэрхийлэх үед манай үйл ажиллагааны танилцуулга хэвлэгдчихсэн, хэвлэл мэдээллээр зар явчихсан байлаа. Хариуг нь мань бас “таг”.

За эхний алдаа оноо эндээс эхлэх … Юм нэгээр дуусахгүй гэдэг дээ, цаашид анхаарч, алдаанаасаа сурч дэмжигч бүрд хүрч ажиллахыг хичээнэ дээ. Блогч та бүхэнд мөн аливааг зохион байгуулахдаа ийнхүү алдаа гарахаас, харилцаа холбоогоо санаснаараа авч явж байхыг сануулж буй нь энэ ээ. Нээлттэй сургалт юм аа даа, бас :-).

Үргэлжлэл бий.

Sunday, August 1, 2010

Диаспорагийн хүрээнд бичил ба жижиг бизнесийг дэмжих нь

Хилийн чанад дахь Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, Цахим Өртөө Холбооноос "Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо" сэдэвт гадаадад байгаа боловсрол, мэргэжлээрээ манлайлагч монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор амжилттай зохион байгуулагдлаа.

Эдийн засаг, санхүү салбар хуралдаанд хэлэлцүүлсэн илтгэлийн товчлолыг блогтоо тавья.

Wednesday, April 28, 2010

Дэлхийд хоёр төрлийн л машин байдаг

Манайхан зах зээлд орж байх үед Монгол өвгөн Бэнз гээчтэй сайтар танилцсан. За арай өмнөхөн нь, манийг арван жилийн сургуульд байхад МАХН-н хэддүгээр ч их хурал билээ болох гээд Бал даргын гадаа гялалзсан жижиг хар, шинэ тэрэгнүүд олноор бий болж билээ. Хүүхэд л болсон хойно бид гуйж гувшаад, пиджак зангиатай жолооч ах нарын сайхан занг хөдөлгөж дөнгөвөл “За суу” болж сургууль нэг тойрдог байж билээ. Ийн Бэнзтэй танил болсон манайхан бичлэгийн гарчиг бүхий утгатай онигоо их ярьдаг сан. Тодруулбал, “Дэлхий дээр хоёрхон төрлийн машин байдаг. Бэнз болон бусад машинууд.”

Энэ удаа би авто машины тухай бичих гэсэнгүй. Дээрхтэй төстэй зүйл мэдээллийн технологийн АНУ-н корпорэйт ертөнцийн хэрэглээнд буюу имэйлийн системд олонтаа сонсогддог тул энэхүү онигоог оршил болгов. Товчдоо, бидний өдөр тутмын хэрэглээ болсон имэйлийг түгээж байдаг систем буюу сэрвэрийн програм хангамжийн талаар жаал өгүүлье.

“Барууны орнуудын бизнесийн хүрээнд ердөө хоёрхон имэйл систем байдаг. Нэг нь АйБиЭм Лотус Нотэс (IBM Lotus Notes), нөгөө нь Майкрософт Эксчэнж (Microsoft Exchange). За яах вэ, Гоогл Мэйл (Google Mail) араас ойртож байгаа, бусад нь бол зүгээр л тоглоом.” хэмээн АНУ дахь манай мэргэжлийнхэн ярьдаг юм. За ингэхээр манай Монголын АйТичид өөдөөс “нээлттэй эх” гээд галлаад унадаг тал бий :-). Оракл, Новел, Сан болон бусад компаниудын зах зээлд нийлүүлдэг нээлттэй эхийн имэйл системүүдэд маш их ирээдүй бий, гэхдээ эндэхийн бизнесийн хүрээнд ялангуяа имэйл буюу нууцлал бүхий мэдээлэл дамжуулах, солилцох тал дээр одоогоор дээрх хоёр ноёрхдог нь бол үнэн.

Технологийн талаасаа аль нь илүү, ямар боломжоор хангагдаж, хэрхэн ажилладаг талаар мэргэжлийнхэнд зориулсан мэдээлэл маш их байдаг. Адаглаад Гоогл ахаас лавлахад хэлээд өгнө. Харин мань жаахан технологи биш талаас нь мэргэжлийн бус хүмүүст ойлгогдохоор мөн өөрийн хувийн мэдлэг, туршлагад тулгуурлан блогдохыг хичээе. Аан тийм, бас би зөвхөн Домино буюу Лотус Нотэс-н талаар л өгүүлнэ. Түүнийг нь л мань илүүтэй гадарладаг юм, бусдыг нь мэдэхгүй ш дээ.

1980-аад оны төгсгөлд СиСиМэйл, Лотус123 гэж програмууд их хэрэглэдэг байлаа. Монголд ч гэсэн олон улсын байгууллагуудаар энэ програмуудын сурах шаардлагатай байна, зааж өгөөч гэх улс ч цөөнгүй байсан. Энэ үед юун Майкрософт Эксэл, юун Оффис, юун Эксчэнж байжээ. Лотус123 нь үндсэндээ эксэл гэж болно. Монголд СупэрКалк нэлээд газар авч байж, гэхдээ олон улсын болон гадаадын байгууллагуудад Лотус нь давамгайлна. Энэ л програмууд хөгжөөд, уруудаж, өгсөөд, АйБиЭм худалдаж аваад өдгөө Домино болчихоод буй юм.

Маний хувьд 1997 оноос энэ СиСиМэйл-тэй холбогдож эхэлсэн. Европийн нэгэн корпорацын Монгол дахь төлөөлөгчийн газарт үүнийг нь нухаж, Англи уруу үе үе утсаар залгаж мэргэжилтэнтэй яриад элдэв тохиргоог нь тааруулж имэйл сэрвэр ажиллуулдаг байж. Админ буюу техник талын ажил юм даа. АНУ-д ирээд үүнийгээ СиВи-ндээ бичсэн нь өдгөөгийн ажилд ороход их нөлөөлсөн гэж босс нэгэнтээ хэлж билээ.

2000 оноос харин Доминотой програмчлал талаас нь буцалтгүй холбогдсон доо. Домино гэдэг нь дээрх СиСиМэйл өөрчлөгдөөд АйБиЭм худалдаж аваад хөгжөөд байсан үе. Гэхдээ тухайн үед Лотус гэдэг биеэ даасан аж ахуйн нэгж байж. 2002 оны үед билүү дээ, нэг айхтар давлагаа болоод олон мянган айтичид ажилгүй болдог чинь. Тэр үед татан буугдаад толгой компанийхаа хэлтэс болж бид Лотус Нотес хөгжүүлэгчид биш, АйБиЭм Домино хөгжүүлэгчид болж хувирсан юм.

Анх Домино 4.5 хувилбарын сургалтаар холбогдож, Домино аР 5 хувилбараас нь ажиллаж эхлээд, өдгөө Домино 8.0.2 хувилбарын засварууд дээр тууж явна даа. Уул нь хамгийн сүүлчийн хувилбар нь 8.5.1 л дээ, гэхдээ маний хувьд шинэ 8.5.2 хувилбарыг тэстлэх, өмнөх хувилбарын FP4 засвар (IBM засвараа fix pack гэдэг бол Microsoft засвараа service pack гэнэ) дээр ажиллах үүрэг л оногдох. Уул нь энэ 8.5 нь хувьсгал хийгдсэн гэж болох цоо шинэ замаар бүтээгдсэн эд.

Домино ер нь юугаараа Эксчэнжээс давуу вэ гэж маниас асуух улсууд олон гардаг. Тоглоом болгоод би хөгжүүлдэг болохоороо хамаагүй давуу шүү гээд хариулчих үе гарна :-). За энэ тоглоом ч яах вэ, үнэндээ Эксчэнж бол зөвхөн имэйл систем юм, ямар ч өөр аппликэшион буюу програм хангамж дангаараа хийх боломжгүй. Интэрнэт веб сайт ч ажлуулж дөнгөхгүй. Заавал АйАйЭс (IIS) буюу интернэт информашион сэрвисэс гэдэг програм давхар ажиллаж байж интернэтэд бэлэн болно, дот нэт хэмээн технологиор өөр хэл дээр програм бичиж байж нэмэлт үйл ажиллагаа хийгдэнэ гэх мэт. Харин Домино бол зөвхөн имэйл бус нэлээд цогц систем юм. Өөрийн өгөгдлийн сан агуулна, өөр дээр нь програмчлах боломжтой, өөрөө интернэт сэрвис болж ажилладаг гэх мэтээр боломж бол маш өргөн. Иймд үнэндээ энэ хоёрыг харицуулна гэхээр манайханы хэллэгээр бол тэмээ ямаа шиг, америкуудын ойлголтоор бол алим жүрж шиг ялгаатай болно.

Бас хэдэн зүйл нэмэхэд, Домино нь Аутлоок буюу Эксчэнжийн клиенттэй ажиллаж чадна, харин нөгөөх нь тэгэж өрсөлдөгчийн клиэнтийг дэмжиж чадахгүй. Нууцлал хамгаалалтын талаар гэхэд Домино сэрвэр вируснээр болоод уначихлаа гэж тэр бүр дуулдахгүй, харин Микрософтийн хувьд энэ үргэлж хамгийн том асуудал байсан, байдаг, цаашид ч байх болно. Хэрэглэгчид нэгэн зэрэг хамтран ажиллах буюу коллабратион (collaboration) талд дахиад давамгайлна даа, зөвхөн имэйл солилцохоор зогсохгүй файл хуваалцах, веб конфэрэнс хийх, мэдээллийн урсгал (workflow) буюу мэдээлэл дамжуулах систем, мэдлэг удирдах систем, мэссэнжэр гээд маш олон зүйл Доминод бий.

Доминогийн хэрэглэгч ашигладаг програмыг Лотус Нотэс гэдэг (Экхчэнжийнхийг Аутлоок гэдгийг дээр дурдсан). Лотус Нотэсийн дизайны багийг сүрхий моодны, айхтар хямсгар зантай Мари Бэфф Равэн Атлантагаас удирддаг. Нэг жижиг нарийхан зураас нэмчихсэнийг агуу ажил гэж харуулж чаддаг, нэлээд гайгүй цаг хөдөлмөр зарцуулсан томоохон кодын дэргэдүүр харц ч чулуудахгүй өнгөрч мэдэх мань хүнээс ширүүн зан ч нэлээд гардаг гэсэн, гэхдээ түүнийг нь мань мэтийн даргадаа чичүүлж өссөн хүмүүжилтэй нэгэн бол тоохгүй л дээ, цагаанууд л хөөрхий нэлээд нервтдэг гэсэн шүү. Эд Брил гээд тун эелдэг нэг нөхөр бас Чикагод байх. Эцсийн хэрэглэгчид Доминог энэ л хүн хүргэдэг гэхэд болно. Дандаа хурал зөвлөгөө хэсэж, хот хот дамжин илтгэл тавих энэ нөхрийн бүхэл амьдрал нь твитэр, АйБиЭм Лотус, тэгээд гэр бүл нь гэхэд болно. За өөр бусад дарга цэргийг мань мэдэхгүй дээ, тэд ч маньтай “Hi”-с илүүтэй харьцаж хэтрэхгүй ч биз. Монгол Майкрософттой гэрээ энээ тэр байгуулж байгааг хэдэнтээ дуулсан тул АйБиЭм аваргатай бас гэх бодол мөн бий бий. Иймд дээрх хоёрын ядаж нэгтэй нь Монголдоо зэрэгцэж суугаад Доминогоор танилцуулга хийжээ байх юмсан гэсэн “мөрөөдөл” бол байдаг аа, байдаг

За энэ бичлэг блогтоо бичих болсон нь, үе үе таардаг ч сүүлийн гурав хоногт дараалан нийт найман удаа чи яг юу хийдэг юм бэ, АйБиЭм Лотус Нотэс Домино хөгжүүлэгч гэж юу юм бэ хэмээн асуулт ирснээс үүдэлтэй. Миний яг юу хийдгийг нэг бичлэгээр илэрхийлж барахгүй биз. Блогийн бүх бичлэгүүд нэгдээд нэг гайгүй ойлголтыг бол хүргэх байх. Харин тэр лотус девелопэр гэдэг нь энэхүү бичлэг жаахан суурь өгөх байх аа хэмээн бодов.