Аргамагийн хэрэглэгчид болон Америкийн мэдээлэл холбооны технологийн талаар бичиж байх блог нээж байгаадаа их баяртай байна.
Намайг Эрхэмбаярын Жагдагдорж гэдэг. Аргамаг Инкорпоратэдийг найз Пүрэвжалын Амгаабаатарын хамтаар 2001 онд байгуулж, АНУ-н Илиной мужид бүртгүүлэн корпорате үүсгэсэн. Бид хоёр анхлан хоббигоороо, чөлөөт цаг, заваараа хийж байсан зүйлсээ базаж мэдээллийн технологи өндөр хөгжсөн энэхүү америкийн зах зээлд бизнес хийх гэдэг утгаар хөл тавьж үзсэн нь энэ. Бид америкийн мэдээлэл холбооны технологийн зах зээлд хөл дүүжилж туршлага хуримтуулж буйдаа дулдуйдан энэхүү алхамыг хийсэн билээ. Хэн хэн нь мэргэжлээрээ үндсэн ажилтай байсан тул Аргамаг Инк. нийлээдгүй хугацаанд хавсарга, хобби хэвээр байсан. Энэ ч Америкийн хуулиар зөвшөөрөгдсөн зүйл.
Бид ч туршлага хуримтлуулсаар ... АНУ, муж улсуудын бизнесийн хууль дүрэмд танилцсаар, нягтлан бодох бүртгэл, маркетинг, хэрэглэчидтэйгээ харьцах, тэднийг дэмжих, харилцагч бүрийг сэтгэл хангалуун үлдээх, бизнес ёс суртахуун гэх мэтээр үй олон зүйлд бид суралцсаар ... Аргамаг үйл ажиллагаагаа явуулсаар ...
АНУ-д байгаа монголчууд Аргамагийг монгол руу ярьдаг утасны картаар сайн мэддэг. Энэ бол бидний анхны бизнес. Технологийн шийдэл, програм хангамж зохиох, веб сайт хийх, хэрэглэгчдээ онлайнаар бүрэн дэмжих, Монголд бизнес хамтрагчидаа зөв сонгох, гэрээгээ сайн хийх, бүх төлбөрөө цаг хугацаанд нь барагдуулах гэх мэтээр бид энд маш их цаг зарцуулсан, цаашид ч үүнд цаг заваа зориулсаар байна. Бүх хэрэгцээт програм хангамжуудаа бид өөрсдөө зохиосон. Аргамагийн утсан холбооны систем, хэрэглэгч холбогдох, хэрэглэгч онлайн дэмжлэг авах, онлайн болон автомат утсаар худалдаа хийх, санхүү нягтлан бодохийн иж бүрэн шийдэл гээд Аргамагийн хэрэглэж програмууд бүгд манай өөрсдийн бүтээл, монгол хүний оюунаар бүтсэн. Бид хэд хэдэн технологийн шийдэл хийж олон зүйл туршсаар өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн шийдлүүдэд хүрч чадсан. Үүгээрээ бид зөвхөн бизнес хийгээд зогсоогүй, мэдээлэл холбооны технологийн орчин үеийн хөгжилд хөл нийлүүлэн алхаж, өөрсдийн хувиа нэмэрлэж технологийг хөгжүүлэлцэж байгаа хэмээн бахархаж явдаг. Аргамагийн цөөнгүй бүтээгдэхүүнийг америк компаниуд хэрэглэдэг. Бид энэ чиглэлээр олон зүйл монголчууддаа болон америкийн зах зээлд түрүүлэн хэрэглэсэн. Энэ талаараа блогтоо үргэлжүүлэн бичнэ ээ.
Аргамагийн холбооны технологийн үйл ажиллагаа утасны кардаар хязгаарлагдалгүй, өнөөдөр Америк болон бусад улсуудыг хамарсан утсан холбооны сүлжээг бий болгож байна. Америкт байгаа айлууд, албан байгууллагуудад бид интернэт технологи дээр суурилсан утас туршилтаар тавьж байгаа. Америкийн холбооны улсын харилцаа холбоо зохицуулах зөвлөлөөс үйлчилгээний зөвшөөрөл ирмэгц бид албан ёсоор уг үйлчилгээг эхлэнэ. Мөн бид Солонгос, Их Британид өөрсдийн утсыг тавих туршилтыг хийж байгаа. Монголд хийсэн туршилт маш амжилттай болсон ч харамсалтай нь Монголын хуулийн дагуу ийм үйлчилгээ эрхлэх эрхийг цор ганц компанид өгөх тэндер зарлагдан ялагч нь тодорсон байгаа. Бид бүх үйл ажиллагааг тухайн улс бүрийн бизнесийн хууль дүрмийн дагуу хийж эхлэж байгаа бөгөөд цаашид ч зөвхөн хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлнэ.
Аргамагийн бас нэг хийдэг бизнес бол Америкийн зах зээлээс бага хэмжээний програмчлалын ажил олж монголд байгаа мэргэжил нэгтүүдээрээ хийлгэдэг явдал юм. Энэ нь амаргүй ажил ч гэлээ, одоо ч бид тодорхой бүрэн үйл ажиллагаа энэ талаар эрхлээгүй байгаа ч "далайд дусал" гэгчээр гурван жилийн хугацаанд зургаан жижиг төсөл гүйцэтгэж дуусгасан. Өнөөдөр "аутсорсинг" гээч нэр томьео маш эрчимтэй хөгжиж байна. Манай энэ ажил энэ л аутсорсинг монгол америкийн хооронд бий болгох гүүрийг босголцож, монголчууд эх нутгаасаа америкийн зах зээлд ажиллаж, америкт авдаг цалинг монголдоо авах үйлсийн эхлэл юм аа. Алдаа оноо ихтэй ч амжилт бүтээл багагүйгээр алхаж байгаа энэ жимээ Аргамагийнхан томоо, өргөн дардан зам болгохын төлөө хамаг хүчээ дайчлан ажиллах болно.
Аргамаг бас нэг хийдэг ажил бий нь монголчуудад хараахан хүрээгүй, монголчууд руу хараахан чиглээгүй байгаа үйлс юм. Энэ нь "вэб юзабилити" буюу вэб сайт хэрэглэгчиддээ хэр амархан ойлгогдож байна, хэрэглэгчид хэрэгтэй мэдээллээ хэр амархан олж байна, вэб сайт хэр энгийн байдлаар хэрэглэгчиддээ хүрч байна гэх зэргийн судалгаа хийх үйлчилгээ юм. Өндөр хөгжилтэй барууны орнуудад PhD хамгаалсан, Америкийн их сургуулиудад PhD суралцдаг судлаачид энд ажиллаж, хийж гүйцэтгэсэн судалгаанууд нь Америкийн бизнесийн болон олон нийтийн олон байгуулагуудад өндрөөр үнэлж байгаагаар бид бас бахархадаг.
Аргамаг Инкорпоратэд эндээс л эхлэдэг. Тодруулбал, Америкт, Солонгост, Лондонд байгаа Таны эх нутагтаа залгаж байгаа утаснаас тань эхлэдэг. Манай олон үйлчлүүлэгчийн гэр, ажил оффисийн ширээн дээрх интэрнэт утаснаас, Таны өмнө дэлгээтэй байгаа компьютер интернэтээр холбогдохоос, Улаанбаатар, Сөүлд байгаа ч Америкийн компанид код бичиж буй залуучуудын оюун ухаанаас, Миззурийн их сургууль, Тайваны их сургууль, Хонгонг, Тайланд, Хорватын их сургуулиудад түшиглэсэн судалгааны төвийн ширээн дээрээс, америкийн олон бизнес, олон нийтийн байгууллагын онлайн хэрэглэгчдээс Аргамаг Инкорпоратэд эхлэдэг билээ.
Monday, November 5, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Сайн байна уу, намайг С.Баттөр гэдэг. Зуны лекцийн арга хэмжээг сонирхон сонссон хүмсийн нэг байна. Газар зүйн байрлалаас шалтгаантайгаар мөн ажил хэрэг, танилын холбоо төдийлөн байгаагүйгээс АНУ дахь Монголчуудын ажил хэрэг, арга хэмжээнээс нэлээд хол явж иржээ. Гэхдээ танилцах үйлс таны блогоос эхэлж байгаад их билэгшээж байна.
Миний судлаж, сонирхдог сэдэв бол хөгжүүлэлтийн арга барил, технологиос авахуулаад хүний нөөц, бизнесийн ёс зүйг хүртэлх IT бизнестэй холбоотой бүх сэдэв. Хэрэгжүүлэх хэлбэр, ашиглах технологи нь ондоон байж болох ч яг л таны адилаар Америк хэмээх оронд азаа үзэж, бизнес хөгжүүлнэ гэсэн дэврүүн бодолтой явдаг. Олон оймс элээж, хүндрэл бэрхшээл, ололт амжилтыг бүгдийг туулаад гарсан ветеранаас буюу танаас блогоор тань дамжуулан олон зүйлийг сурч, сэхээрч авна гэдэгтээ итгэлтэй байна. Сурсан мэдлэг, сэрсэн ухааныг нээлттэй хуваалцаж байгаад тань их баярлалаа.
Таны цаашдын ажил хэрэгт өндөр амжилтыг хүсье.
Battur@SequeList
Сайн уу, Баттөр өө
Зуны лекцид ирж оролцсонд их баярлалаа. Энэ талаар блогтоо хэдэн зүйл бичнэ ээ.
Судладаг сонирходог сэдэв чинь их өргөн юм байна. Дэврүүн бодол тань биелэнэ хэмээн итгэж байна. Ажилд чинь амжилт хүсье!
Post a Comment