Өчигдөр хамгийн завгүй, цаг наргүй зүтгэсэн веекэнд байлаа. Үүрээр тав хагаст босож тооцуур дээрээ суучихав. Тооцуур гэж копьютерийг хэлж байгаа нь. Нэрт эрдэмтэн, судлаач, сэтгүүлч Эрдэнэ гуай "Алтан гурвалжин" номондоо компьютер гэхийг ийнхүү орчуулж болох тухай бичсэнийг 99 онд байхаа уншсанаас хойш ийн нэрлэх болсон билээ.
Нэгдсэн улс болон муж улсуудад төлөх Аргамагийн татвараа бодож цэгцлэн хэдэн тайлан шагайлаа, хуульч Г.Ганзориг ахад Америкийн монголчуудын худалдааны танхимын удирдах зөвлөлийн ажлын талаар имэйл бичлээ. Бас хэдэн хэрэглэгчдээс хүсэлт, санал, гомдол ирсэн байна, шалгаж үзлээ, хариу тайлбар бичлээ ... За тэгээд хийх ажил, код, имэйл юу мундах билээ ... нэг мэдсэн хажууд хань болоод оюутан дүү сууж харагдах ... ес ч болоод хүүхдүүд шуугиад явчихлаа. Веекэндээр аав нь "бреакфаст" бэлтгэж өгдөг томоо ажилтай л даа. Харин энэ удаа жанжин босчихсон кофе, өндөг, бэкон, оутмиэл бэлэн болчихож. Цагаан сарын өмнөх веекэнд тэгээд супер завгүй байсан болохоор ийнхүү сүртэй зураглан бичиж байгаа нь энэ.
Цайлчихаад бөөн цэвэрлэгээний ажил пландаж бөөн үүрэг охидуудад оногдлоо. Ингээд аав ээж мэдээж дэлгүүрдсэн дээ. Мах, гурил авлаа. Бууз хийх гэж байгаа нь тэр. Аа тийм бас боорцог боов маягийн зүйл хийж таваг засахаар шийдсэнийх зөндөө л юм авсан. Хамгийн гол нь тоос сорогч авлаа. Ганц хоёр долоо хоногийн өмнө аав нэг их мундаг тусч болох гээд тоос сорогчоо "чад" хийлгээд авсан. Мундаг л юм чинь засах гэж хаа сайгүй хэдэн боолт тараав. Мэдээж амар олдохгүй сэлбэг эвдэрсэн байлгүй яахав. Долоо хоног энд тэнд боолт гүйж харайгаад хэрэггүй илүү боолт байсан нь мэдэгдэж байгаа юм. Буцаагаад угсрах үед хэдэн боолт хэмнээд эсвэл сорчихсон хэдэн сул боолт олдсон доо.
Шинэ тоос сорогч лут байна лээ, нөгөө мундаг аав өөрийн унтлагын өрөөгөө аргалсан байх, үлдсэнийг нь өрөө бүрийн эздийн, гал тогоо, коридор шат мэтээс авахуулаад нийтийнх нь охидуудын ажил. Дүү нар ч бас юу гэж зүгээр суухав, хүн бүр л завгүй.
Өглөө сайн бреакфастай байсан хэрэг юу билээ, өдөр хайдардчихав. Хайдар ахыг санаж байгаа биз дээ. Яагаав нөгөө социализмын үед цагаан ордоны өмнө өлсгөлөн зарладаг америк эрдэмтэн. Монголд зурагт, сонингоор ёстой баатар болж байсан даа. Тэрнээс хойш хайдардах гэдэг нэр томьёо үүссэн юм даг. Оюутан байхад Эрхүү, Новод ч олон хайдардсан даа :-). Хайдар ахынхаар зочилсоных бууз, боорцогны ард ч гарчихлаа. Оройн хоол ч эртхэн бэлэн боллоо. Шарсан загас, сийфоод салад, шримп ... за за муу хүн идсэнээ гэж ...
Ингэж яаравчлаад ажлаа шахаад байсан хамгийн гол зүйл, блогийн энэ нийтлэл бичигдэх гол шалтгаан бол "СУПЕРБОУЛ" байсан юм. Тоглолтын үер гэр бүл тэр чигээрээ тв-ны өмнө, аав бүр ухаангүй суух юм хойно яаралгүй яахав.
Энд хэдэн жил болсоных гэх бидний хэлж заншсанаар бол америк хөлбөмбөг, одоо миний нэрлэж сурсанаар бол зүгээр л фудболд орсон шиг байна шүү. Уул нь би жинхэнэ хөл бөмбөгийн улаан фэнүүдийн нэг л дээ, гэхдээ одоо фудболд ч бараг ижилдээ, юутай ч дуртай спортуудын айргийн тавд багтана аа. Хөлбөмбөгийн дэлхийн аварга, европийн аварга, европын багуудын цомууд, америкийн монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэгээд энэ супербоул гэвэл тэцээн талаасаа мөн айрагийн тавд юм шиг байна шүү.
Америк хөлбөмбөгөөр энд АНУ-д мэргэжлийн хоёр том лиг байдаг, Америкийн хөлбөмбөгийн лиг, үндэсний хөлбөмбөгийн лиг гээд. Тус тусдаа багуудтай, тамирчидтай, хоёр лиг хоорондоо холилдож тоглохгүй, тамирчид багаа солилцохгүй. Хоёр лигийн аваргууд хоорондоо тоглох тоглолт нь "супербуол" гээд байгаа юм. За үүнийгээ эд дэлхийн аварга шалгаруулах л гэж нэрлэнэ ш дээ.
"Супербоул - сандэй" бараг л үндэсний албан бус баярын өдөр болсон гэхэд болно. ТВ өмнө хамгийн их үзэгчид суудаг цорын ганц нэвтрүүлэг. Тоглолтын завсарлагаар америкийн хамгийн нэр нөлөө бүхий дуучид, хөгжимчид тоглолтоо хийнэ. Энэ үед Америкчууд хүнсний зүйл хэрэглэх хэмжээгээрээ талархалын баярын дараа хоёрт ордог. Энэ үеэр хүмүүсийн ярих, үзэх хамгийн гол зүйлүүдийн нэг нь тв реклам байдаг. Рекламийн үнэ ч тэнгэрт хадна. 1984 онд Макинтошийн амжилттай рекламаас хойш үнэ нэмэгдсээр, энэ жил 30 секундын реклам 2.7 сая доллар болсон.
1967 оны нэгдүгээр сарын 15-нд анх удаа болсон энэ тэмцээн өчигдөр 42 дахь удаагаа болж Нью Ингландын Патриот Нью Иоркийн Гиганттай Аризона мужид тоглолоо. Манайханаас Чука Гигантыг дэмжиж бусад нь надтай хамт Патриотын фан байлаа. Патриот бол үндэсний лигийн хамгийн агуу баг л даа, хөлбөмбөгөөр бол бразил юм уу даа :-). Энэ жилийн хувьд огт ялагдаагүй баг байлаа.
Тоглолт үнэхээр өрсөлдөөнтэй, сонирхолтой төгссөн. Төгсгөлийн үед хашгирсаар байгаад одоо хоолой хөндүүр болж, сөөжээ. Гэртээ байж ямар стадионд биш дээ, галзуу юм шиг :-), спорт гэдэг ийм л агуу байгаа юм. Сүүлчийн хоёр секунд хүртэл найдвар үнэндээ буурахгүй балиашигласан гэхээр аргагүй биз. Нэг секунд үлдэхэд Патриотын дасгалжуулагч нар талбайд гарч ирж эсрэг багийнхандаа баяр хүргэсэн нь "тугаа өргөн" бууж өгч байгаа явдал байлаа. Яг л 80 оны өвлийн олимпоор дэмжиж байсан ЗХУ-н хоккейчид АНУ-д ялагдахад нэг тийм харамсмаар ч тоглолтыг агуу гэж хүлээн зөвшөөрсөн сэтгэгдэл төрж байж билээ. За ингээд тоглолтын эхнээс биш төгсгөлөөс нь бичээд байгаагийн учир нь эхний үеүүд нэг их сэтгэл хөдлөх зүйлээр бага, багууд хамгаалалт сайтай тоглож оноо огт авахгүй нилээд уйтгартай байснаас юм аа.
Тоглолт эхлээд эхний үед ганц фиелдгоол орсон нь энэ үеийн тоглолт дуусахаас бараг таван минутын өмнө Гигантын Лавронс өшиглөсөн юм. 3:0 Гигант тэргүүллээ. Хоёрдугаар үе дуусахад 14 минут 57 секунд дутуу байхад Патриотын Лауранс тоачдавн хийлээ. Патриот довтолсоор нэгдүгээр шугам хүргэж чадсаны дүнд мань хүн нэг яард зүтгэчирхсэн хэрэг. Ийнхүү тоглолт 7:3, Патриот давуутай боллоо. Өмнөхөн нь Гигантууд сүрхий довтолж гоол хийчих боломжтой байсан ч боломийг ашиглаж чадаагүй.
Завсарлагаар соёлын арга хэмжээ болж дуучид дууллаа. Дуу хөгжимөөс хол хөндий надад ч хэлэх зүйлээр бага даа :-). Хүүхдүүд л харин дагаж дуулж, хөөрч гоёо, сайхан байна, үүү ... болцгоож байв. Тоглолтын эхлэл, төгсгөлд ч алдартай дуучид дуулж байна лээ. Өмнө сонсож, уншиж байснаар Бон Жови л тоглочихмоор сонирхолтой байсан нь миний мэдэх ганц юм уу даа. Тэгээд гарч ирсэнгүй, ер нь нэг том үйл ажиллагааны өмнө элдэв цуу гардаг дөө. Мэдээж урлагын тоглолтын үер өнгөрсөн жилүүдийн болон хэн хэн дуулж тоглох сураг байсан талаар манайхан ярилцаж байлаа. Тээр жилийн Жанэт Жаксоны "бүүб" ч дурсагдсан шүү, нээрээ хүүхдүүд том болж байна даа. Хориотой сэдэв рүү яриа хазайх дөхөж байна лээ :-).
Гуравдугаар үе нилээд уйтгартай, оновчтой пасс цөөн, довтолгоо үүсэхгүй, багууд ээлжлэн амжилтгүй зүтгэсээр, бөмбөгөө цөлсөөр ... ТВ рекламууд ч олигтой гоёо юм байхгүй байлаа. Дийлэнх реклам лосал компаниудынх гарсан. Дахин давтахад, уул нь тв реклам супербоулын үзэх чухал эд байдаг, хүмүүст ч их хүрдэг, дараагаар нь хэд хоногоор зогсохгүй хэдэн жилд рекламыг санаж дурсаж ярилцаж байдаг юм. Энэ жил санаанд хүрэх реклам ховор байлаа. Урд өмнө жилүүдийн рекламыг гоё байж, тэгэхэд тэгээд ингээд хэмээн дурсамж яриа л манайханд байлаа. Кока Кола нилээд рекламдаж байсан ч бид реклам ойлгохгүй болсон уу, реклам тэгэж айхтар амархан хараад мэдэрчихдэггүй нарийн урлаг болоод байна уу, нэг л олигтой бууж өгсөнгүй. Би үнэндээ супербоулын рэкламуудаас их кайф авдаг л даа. Энэ жилийн хувьд жаахан сэтгэл дундуур үлдэжээ. Хамгийн гайгүй нь гэвэл Сэнт Луйст байдаг Бадвайзэрийн брэнд пивнуудынх байсан юм шиг ээ. Гэхдээ одоо тэгээд хүүхдүүдийнхээ дэргэд согтууруулах ундаа яриад суултай биш дээ. Тухайн үед сайхан хүйтэн "бээр" нүдэнд харагдах нь харагдсан шүү :-). Доритоны хулганатай, Фэдэксын буруу яваад төөрчихдөг, бас тэр дугуйны Брижстонын рекламууд гайгүй гэж болох л юм, дандаа яаж юм болгоныг муулах билээ.
Эцсийн, дөрөвдүгээр үе ёстой сайхан болсон доо. Тоглолт эхэлмэгц Гигантынхан маш амжилттай довтолж урагшилсаар таван яард дээр ирэх үед Эли тун амжилтай паас хаяж, Давид тоачдавн хийлээ. Нөгөө Лавранс ч амжилттай өшиглөж байна. Оноо 10:7, Гигант дахин тэргүүллээ. Тоглолт дуусахад 11 минут хэдэн сэкунд гэж ТВ дээр гарч байлаа. Хоёр талаас ширүүн хамгаалж өрсөлдсөөр ... Сакраментогоос Лхагва ах залгаж байна, хөлбөмбөг үзээд ухаан алга, орой эргэж залгая гэж хэлж амжлаа ... Патриот амжилттай довтолж зургадугаар яардаас Том сайхан пасс хийж Ранди тоачдовн хийчихлээ. Араас нь Стефан оновчтой өшиглөж оноог 14:10 болгов. Гэрээр дүүрэн хашгиралдаан ... Тоглолт дуусахад хоёр минут 42 секунд үлдлээ. Ингээд Патриот бөмбөг өшиглөж тоглолтод оруулсаны дараа Гигантын тоглогчийг өөрийнх нь талбайн 14-р яард орчимд таклдаад унагачихлаа. Бас л гэр дүүрэн хашгиралдаан ... за ингээд одоо хамгаалаад цаг дуусах нь гэж хүн бүр бодсон байх.
Гигантууд өөрийн 17 яардаас тоглоом эхэллээ. Цаг 2:39 дутуу. Таклдаач, унагаач, бариад ав, хөөе, зөв , гүүджооб, өөө тэнэг юм ... миний амнаас зогсоо зайгүй унах үгс. Гигантууд бөмбөгөө маш амжилттай эзэмссээр, 10 10-н яардаар урагшилсаар ... хэд хэдэн аюултай пасс хийгдэх дөхөв. Цаг ч явсаар, гэхдээ Гигантууд маш амжилттай ахисаар ... Гигантууд бүх тайм аутаа ээлж дараагаар авлаа, минут хүрэхгүй хугацаа үлдлээ. Тавхан минутад 83 яард ахиж чадсан Гигантууд айлын талбайн 13-р яардаас Эли галзуу гоё пасс хийж Плаксико Бурэсс гээч 17 дугаартай тоглогч хожлын тоачдавн хийлээ. Гэхдээ тоглолт дуустал хүн бүр үүнийг хожлын гэж зөвшөөрөөгүй байлаа. Лауранс ч алдаагүй өшиглөж гоол хийсэнээр 17:14 Гигантууд тэргүүллээ. Цаг дуусахад 29-хөн секунд үлдлээ. Патриотууд гурван удаа таймаут авах боломжтой, ердөө фиелдгоол хийхэд л тоглолт цаашид үргэлжлэх болохоор байдал үнэхээр эгзэгтэй.
Иймэрхүү байдал тав зургаан жилийн тэртээх супербоулаар болж, манай Сэнт Лоуис Рамс үзэлцээд бид хамтадаа Мөнхөөгийндөө үзэж байж билээ. Мөнхөөгийнх болон манай гэр бүлийнхэн нутгаас анх хамт нэг онгоцоор нүүж ирсэн, нэг байрны дээд доод давхарт амьдарч, цаашид өөр өөр байшинд нүүсэн ч ёстой "оров ч, гарав ч цугтаа" байжээ. Олон ч супербоул хамтадаа үзсэн дээ. Тэд энэ жил Сиатл нүүчихсэн юм. Энэ талаар ч манайхан дурсаад л авлаа. За тэгээд бас сагс, гайхалт Жордан ч дурдагдаж байна.
Тоглолт эхэллээ, Гигантууд үнэхээр сайн хамгаалсан, тэд тэссэн. Патриотууд бөмбөг тоглолтод оруулсан секунд бүрт л тав, зургадугаар яард руу дамжуулалт шидэгдэж байлаа. Тоглолт дуусахад ХОЁР секунд үлдлээ. Найдвар ч байсаар байлаа, Патроитууд довтлох эцсийн оролдлогоо хийлээ. Пасс амжилтгүй болж НЭГ секунд үлдсэнээр фиелдгоол хийх боломж байхгүй болсон гэж үзсэн үү Патриотын дасгалжуулагч талбайд гүйн гарч ирж эсрэг багийнханд хүрлээ. Баяр хүргэж, тоглолтыг дуусгаж байгаа нь энэ аж. Гигантын зарим тоглогч тоглолт дууссанд итгэхгүй, эсрэг багийн дасгалжуулагч руу алсаас гайхан харж байснаа гэнэт хөөрөн хашгирч гүйн одох нь зурагтын дэлгэцнээ харагдлаа.
Зөндөө тайлбар хөвөрч, ярилцлагууд дараа дараагаараа хийгдэж байна. Гигантын дасгалжуулагч Том Кохлин "Бүх баг л хожигддог. Хэн ч урьдчилж хэлж мэдэхгүй, хэрэгтэй цаг үед, хэрэгтэй моментэд ямар ч агуу баг хожигдоно" ("You never know. The right moment, the right time, every team is beatable.") гэж хэлж байгаа нь эсрэг багтаа өгч буй үнэлгээ байх.